Сонгуулийн мюзикл
“Сонгууль автоматаар явагдана. Гадаадын иргэд саналаа өгнө, 39 оронд салбар байгуулсан” нэгэн телевизээр огт тоглосон шинжгүй, яг жинхнээсээ мэдээлдэг байна. “Монгол дарга нарыг оросууд томилж, монгол ноёдыг минь манж соёрхож асан түүх санагдан сувгаа сольж үзээд тайвшрав. Гадаадын иргэд манай сонгуульд саналаа өгөхгүйг олж мэдлээ.
Саналын хуудсыг гараар тоолдог байхад заримдаа хөл нэмэгдчихдэг байсан тохиолдол олон бий. Хэсгийн хорооны гишүүн, багш эмэгтэй нам нь ялагдаад, өөрийнх нь талын овоолго бухал илт дутаад ирмэгц саналын хуудсыг гэнэт ухасхийн шүүрч аваад тавхай гялалзуулан зугтчихсан асуудал Булганд гарч байсан юм. Бусад нь машин, мотоцикл, мориор элдэхгүй бол багш эмэгтэй хөнгөний зэрэгтэй болохоор гүйцэгдэхгүй жирийж өгсөн байна. Ядаж байхад тэр өдөр их салхитай, унаа тэрэгтэй хүмүүст гүйцэгдээд ирэхээрээ мөнөөх багш саналын хуудсаа ийш тийш нь цацлаад л, идэмхий ямаа хүнтэй барьцсан мэт заримыг нь зажилж сүйд болсон удаатай. Намчирхал хэтийдсэн үе болохоор сонгууль будлиантуулахад бүлэглэн оролцсон нэр бүхий бус ч тодорхой зүс бүхий сэрх, ухна, борлонд ч хариуцлага хүлээлгэж ч мэдэхээр байв.
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ахиц дэвшил гэвэл Ц.Элбэгдоржоос гадна бусад нэр дэвшигчид ч шударга ёсны төлөө тэмцэх нь эхний өдөр тодорхой боллоо. Энэ удаагийн сонгуульд урьд урьдын адилаар шударга ёсны эсрэг өрсөлдөгч бол огт байхгүй юм байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэг Ерөнхийлөгч, хоёр нэр дэвшигч өрсөлдөж эхэллээ. Яагаад гэвэл Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал хоёулаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэж дахин дахин хэлсэнээрээ нэг нь ажлаа үргэлжлүүлж, нөгөө хоёр нь нэр дэвшигчээрээ үлдэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байгаа юм. Нэр дэвшигчид анкетандаа бол бүгд л англи, орос хэлтэй гэж мэдүүлсэн байна. Бодоод үзэхэд, заримд нь ялангуяа орос хэл сурах нөхцөл орчин, боломж нь байгаагүй шүү дээ. Гүн ухааны гэгддэг, их хэцүү хэл, хэр баргийн хүн эзэмшсэн гэж итгэлтэй хэлчихэж болдоггүй эд. Мэтгэлцээн зохион байгуулбал англи, оросоор гурав гурван асуулт тавьж, хариултыг нь сонсвол сонирхолтой бөгөөд бага гэлтгүй үнэн тодорно. Анкетаа бөглөхөөс шударга ёс эхлэх нь зүй.
Анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа нь Монголын ардчилалд нэг алхам нэмж байна. Гэхдээ бөх хүн нэр дэвшсэн болохоор ч тэр үү, барилдаан, наадамтай зүйрлэсэн яриа хэллэг их гарах нь. Гурван хүн зэрэг барилдана, нэг нь бүр эмэгтэй гэхээр санаанд бууж өгөхгүй. Эмэгтэй нь ямар ч зодогтой байхийн, фэйсбүүкээр дарж унагана, шуудагдана, хонгодно ч гэх шиг мэхтэй зүйрлэсэн үг хэллэг их түгж байгаа нь оновчгүй. Хоёр хүн л халз ноцолддог, гурав гурваараа тийм группэлсэн барилддаан үгүй болохоор ядаж хурдан морьтой зүйрлэх нь илүү дээр. Гүү уралддаггүй ч эмэгтэй хүүхэд морь унаж, наадамд оролцдог.
Нэр дэвшигчдийн чансаа тогтоох судалгаа гаргаж болохгүй, энэ удаа социолог ажилгүй учраас оронд нь үзмэрчид оролцож байна. Тааж мэддэг, тамшаалж үнэртдэг үзмэрч төлөгчдийн прогноз нь сегмент нэг бүрээр, мэдээллийн суваг, мессежийн үр нөлөө нь хувь процентоор гарахгүй нарийвчлан гарахгүй “Залуу сэтгэлгээтэй, туршлагатай хүн ялна, төрд зүтгэдэг, хүүхэдтэй нь ялна” гэх зэрэг шууд бус төлөг буулгах агаад энэхүү тааврыг мөн л таах учир жанцантай. Оросын Дагестанаас ирсэн Фатима хэмээх үзмэрч ирэх дөрвөн жилд Монголын төрийг хэн тэргүүлэх талаар прогноз хэлсэн байна. Хөгжилтэй нь, 13 дугаар зуунд яг ийм нэртэй, мусульман шашинт эмэгтэй манай төрийн хэрэгт хутгалдаж байсан түүх тэмдэглэгдэн үлджээ. Үзмэрчид үнэндээ мундаг юм аа. Тэд ямар ч байсан сонгуульд хүн ялна, тэгэхдээ бүр нэг хүн илүү санал авах юм байна, хоёр нь хоцорно гэдгийг яаж мэдэж чаддаг байна аа. Ийм төлөг гартал үнэхээр мэдэхгүй байснаа хүлээн зөвшөөрч байна.
Залуучуудыг саналаа өгөхийг сонгуулийн эхнээс уриаллаа. Эрт уриалах, хариуцлагагүй гэж сургааль айлдах тусам залуучууд үл ойшооно. Бусад оронд ч залуу үе саналаа өгөхдөө харьцангуй хойрго, хөл бөмбөг, рок, кино биш болохоор улс төр уйтгартай, үл ойлгогдох эд боловч Монголын хувьд сонгуульдаа оролцох илүү онцлог хэрэгцээтэй. Учир нь Монгол бол хүүхэд, залуусын орон, 18-35 насныхан нийт хүн амын 34 хувь, сонгогчдын талаас илүү нь болдог. Өвөө эмээ нар одон медалиа зүүгээд саналаа өгчихдөгөөс засаг төрөө байгуулахад идэвхийлсэн, санал нь туссаны хувьд ахмадуудын асуудал түлхүү тусна. Залуучууд сонгуулийн бус үед биднийг анхаарахгүй, олж харахгүй, мэдэхгүй байна гэж бухимдахын оронд саналаа өгч, өөрсдөө засаг төрөө байгуулж, сонгож байвал ашигтай. Хэн нэгнийг биш, өөрсдийнхөө амьдрал хувь заяаг сонгож байгаа, өөрийнхөө ирээдүйд өгч байгаа саналуудаас л сонгууль бүрдэнэ. Нэг санал их үнэ цэнэтэй. Гитлер нэг шатанд ганц саналаар ялж байсан удаатай. Тэр санал Гитлерийн төлөө биш эсрэг байсан бол хожим нь сая сая залуучууд цаг бусаар амь үрэгдэж, мянга мянган хот үнсэн товрог болж, дэлхий үнс нурманд умбахгүй ч байсан юм бил үү? гэдэг асуулт. Манайхан Гиннесийн номонд олон юмаар орж байгаагийн нэг нь монгол залуус саналаа өгсөн хувиараа байж ч болно. Лондонгийн олимпийн үеэр тамирчдаа дэмжсэн хандалтаараа 300 сая хүнтэй Америкийг давж байсан монгол залуучууд нэг доргивол ч доргино доо.
Саналаа өгнө гээд нэг их хөмсөг зангидаад, шалгалт конкурсанд орж буй мэт хуудас хуудсаар нь уншиж судлаад байхаас илүүтэй хэн нь залуу үеийг ойлгох сэтгэлгээтэй, хэрэгтэй зүйл хийх чадвартай вэ гэдгийг 30 секунд бодоод үзчихэд л тодроод ирэх тест. Хэн нь хэдэн насандаа юу хийж, юу бодож, ямар зорилго тавьж, яаж амьдарч ирсэн бэ гэдгийг нь тунгаахад лаг их ухаан орохгүй. Хэн нь залууст тустайгаар төр барихдаа илүү сайн байх вэ, арай дөнгүүр ажиллах вэ гэдгийг бодох нь “Аахаа”-д орохоос амархан. Яагаад гэвэл өртгийг нь өөрсдөө төлнө. Амьдрал бол сонголт. Хань ижлээ, ажил мэргэжлээ, хамт олноо сонгодог, тэр бүхэн нь хувь заяаны сонголт шүү дээ. Сонгуулийн дараа саналаа өгөөгүй байж, эсвэл өөрсдөө сонгочихсон байж янз бүрийн юм яриад яах юм бэ. УИХ-ын сонгуулийн дараа өдрөөс л энэ яах гэж гарч ирэв, тэр юугаа хийж байгаа юм гэж ирээд л гайхацгаах нь шударга бус. Өөрсдөө сонгосон байж гадаадынхан сонгочихсон юм шиг мэлрээд яах вэ гэж. Эрх чөлөөгөө эдэл. Залуучууд аа, зүгээр л Choice.