“Даварсан хулгай даамжирсаар эх орны минь сүнсийг дуудчих вий дээ” гэж санааширсан нэгэн байхад, “Бүү хэрүүл өдөж улс төрж. Чимээгүй налайгаад сайхан тайвшир” гэх өөр нэгэн бий. Төрийн гэх том тогоотой хоолонд хушуу дүрж амжсан хүмүүсийн үг хоёрдахь нь биз.  Ашигт малтмалаа экспортолж чадахаа болив. Эрчим хүчээр “суух” аюул нүүрлэн айсуй. Импортын шатахуун цахилгаанд улам бүр шулуулж, өрийн данс өдрөөс өдөрт зузаарсаар эцэстээ юу үздэг бол? Эх оронч бус, нэгдмэл бус, хувь хувиа хичээсэн бэртэгчин араншин хотлоороо унах нүхээ ардчиллын хорь гаруй жилд малтаж дөнгөжээ. Өеөдөж унасан нүхнээсээ хамтдаа, улс гүрнээрээ гаръя гэж зүтгэх ухамсар нийт олонд бүрэлдсэнгүй. Өнөө л нэгдмэл оронч хүмүүжил дутмагаас унасан нүхнийхээ ёроолд бие биесийн юмыг хулгайлах, луйвардах “бизнес”-ийг хижиг томуу шиг халдварлуулав. Бие биедээ нэмэр хайрлаж, дэм дэмдээ өөдлөх буяны бизнес, коммунист онол гүн бат шингэсэн тархинд маань орсонгүй. Архи, тамхи, ломбардын бизнес бохир гуанзны жоом шиг үржив. Ирээдүйн залгамж халаа маань хулхи дээд, дунд сургууль төгсөөд дипломтой ажилгүйчүүдийн арми бий болголоо.    

Турж үхэж буй малаа монгол хүн хэрхэн өрөвддөг билээ, эх орноо тэгж өрөвдөхөд хүрээд байна. “Хулгай луйвраа болиоч” гэхээр “захиалгаар шүүмжлэлээ”, “мөнгөөр юм бичлээ”, “хужаагийн эрлийз”, “бөгс долоогч”, “төгцөг минь маани мэгзэм уншаад дуугай сууж бай” гэж уурсах юм. Хулгай луйврын эздийг хөндсөний төлөө энэ айхтар уур хилэгнэл угтаа очоод “бидний хулгайг бүү сөх” гэсэн үг юм аа даа янз нь. Ард түмнийхээ амыг барьчихаад хулгайгаар баяжиж жаргана гэдэг хаанахын хэний ёс вэ? Хуйвалдаан луйврыг хазаарлахгүй аваас бид өөдлөхгүй. Өөдлөхийн төлөө найман настай балчир, наян настай хөгшдөөс эхлээд иргэн бүр хулгай худалтай тэмцэхээс ондоо зам алга. Иймээс өвгөн би бичдэг.

Ардчилал зах зээлийн жилүүдэд манайд хулгай луйвар бүр задчиж. Хулгай луйвар багасах нь байтугай өч төчнөөнөөр үржиж буйг хүн бүр мэдрэвч, үглэж гаслахаас хэтрэхгүй байна. Үглэж гаслахаас илүүг үйлдэх боломж, хүч чадал, хууль эрх зүйн орчин ард олонд монгол ардчилсан Төр олгосонгүй.

Үүнд ардчилал зах зээл буруутай бус гагцхүү монгол хүн бүр буруутай. Яагаад гэвэл монгол хүн бүр ардчилал зах зээлийг ашиглаж сурахгүй байна. Ашиглахын төлөө тэмцэх нэгдмэл ухамсар алга. Хатуу чанга ёс суртхуунгүй үлбэгэр үхээнц монголчууд ардчилал зах зээлийн давуу чанарыг чулуу болгож чадсангүй. Ардчилал зах зээлээр замнасан орнуудаас зарим нь хөгжөөд, зарим нь хөгжсөнгүй. Энэ чинь хүнээсээ, ард түмнээсээ шалтгаалж буй үзэгдэл. Бид аль нь болох вэ гэдэг хувь заяаны шалгуур тулгарав. Хулгай луйврын эсрэг хушуу хуруу хөдөлгөхгүй аваас ямар элэнцгийн чинь ардчилал байх вэ? Ардчилал бол бурууд хурц чанар.

“Хулгай дээр доргүй байна, төгцөг минь чамд хүртээлгүй, дуугай бай. Тэтгэврийнхээ мөнгийг идээд, хулгай хийж буйг харсан ч хараагүй юм шиг зөв өтөл новш оо” гэж сайтад сэтгэгдэл бичигчид сүрдүүлэх юм. Ардчилал гэдэг хүүхэд хөгшид хэн нь ч бай хулгай худлыг яснаасаа тэвчдэггүй хатуу чанга иргэдийн нийгэм байлтай.

Хорооны хэсгийн ахлагч 20 жил хийсэн авгай нар “Бидний ажлыг булаан авч өөр хүмүүст өгч хэлмэгдүүллээ” гэж бухимдан жагсав. Тэд намынхаа даалгавраар сонгуулийг дороос нь жинхэнэ будлиантуулагчид байсан. Хэсгийн ахлагч насаараа хийсэн авгайг хэсгийн ахлагч огт хийж үзээгүй авгайгаар солих юуны нь хэлмэгдэл байх вэ. Доод талдаа ийм байхад дээд талдаа Төр засаг, төрийн албанд насаараа ээлжгүй залрагчид яваандаа ялзарч, тэдний дундаас хэдэн зуун сая, тэрбумаар мөнгө цуслагчид цөөнгүй бойжжээ. Зах зээлийн 20 жилд задарчихсан хулгайг сүүлийн үед зах цухаас нь хумих жаахан оролдлого явагдсан нь хэрүүл хурцдаж, хямрал үүсгэх хонзонг сэдрээв.

Уг нь цагаан захтнуудын хэргээс улбаалан цааш гүнзгийрүүлэн шалгавал нийгэм цэвэрших нигуртай. Хэн шалгах гээд байна, хэн шалгалаа гэж хонзгоноод байна, үүнээс хэн нь хэн бэ гэдгийг аяндаа харах болно. Олон жил өндөр сэнтий эзэгнэж, дураараа дургисан дарангуйлагч нараас мөн ч их юм цухуйна даа гэсэн хүлээлт бий. Энэ хүлээлт тэсрэх жамтай. Төр засгийн шат шатны аппаратад ялзарсан бугшмал идээ бээрийг цэвэрлэх гэсэн эрүүл саруул тэмцэл бүрийг том жижиг гэмтнүүд нугчин дарахаар сэлмээ эргүүлж эхлэв. Олигархиуд аяндаа бууж өгөхгүй нь мэдээж. Хамууд нь баригдаж хоригдож эхэлмэгц тэд бачимдаж эхлэв болтой. Тэднээс зэм долоогч цөөврүүд бялдуучлан худал улих нь юутай зэвүүн бэ. Цөөврүүдийн ой гутам гүтгэлэг сонгууль угтаад гаарна.

Шударга ба бурангуйн дээр дороо оролцсон тэмцэлдээний явцад хөгшид маани мэгзэм уншаад налайж суух бус ямар ч заль мэхэнд хууртахгүй сонор соргог аж төрөх үүрэгтэй. Буурлууд идэвхтэй зарчим, хал үзсэн ухаанаа үр хүүхдэдээ өвлүүлэх ёстой. Энэ бол ардчилсан гэх орны хөгшин залуу иргэд бүрийн үүрэг. Мануухай байхыг хүсээгүй хөгшдөө буруу өтлөлөө гэж юунд ад үзнэ вэ. Амьдрал туулсан хөгшдөд ашигтай сургамж байхыг юунд үгүйсгэнэ вэ. Хулгай луйвраар замнавал улс орноороо уруудаж, буруудна гэсэн өвөө эмээ нарынхаа гэрээслэлд юунд бөхүүрхэнэ вэ. Хөгшдийнхөө үгийг сонсдоггүй улс болох гээ юү.  

Хулгай луйврыг мэдсэн ч мэдээгүй хүн шиг дув дуугай налайж суудаг нохой зантай хөгшид харамсалтай нь бий. Тэднийг “зөв өтлөжээ” гэж  магтаж буй хүнийг хулгайчдын хамсаатан гэж хардах хэрэгтэй.
                                                                                                          
 2013-04-17