“Гэгээрсэн мэргэдийн цадиг түүх бол жирийн нэг түүх биш. Энэ бол үгээр илэрхийлж, үзгээр зуршгүй үнэмлэхүй чанадыг заасан ёгт дохио юм. Сар луу заасан хуруутай адил. Хурууг биш, хурууны заасан зүг рүү харж бай!” гэж хорьдугаар зууны Энэтхэгийн их мистик Ошо хэлсэн байдаг.

Түүнчлэн Шагжамүни Будда “Би бол эхний болоод эцсийн ч будда биш. Надаас өмнө тоолшгүй будда тодорсон. Надаас хойш ч тоолшгүй будда заларна” гэжээ. Тэдний нэг нь гарцаагүй Бадамжунай багш юм. Түүхэн он цагийн хувьд нийтийн тооллын наймдугаар зуун буюу одоогоос 1200 гаруй жилийн тэртээх гэж үздэг. Гэвч гэгээрэлд ердийн орон зай, цаг хугацааны хэмжүүр хүчингүй болдог. Тэрбээр өнөөдөр ч үнэмлэхүй номын агаарт амьд сэрүүн заларч буй.

Бадамжунай гэдэг нь Бадамлянхуа цэцгээс мэндэлсэн гэсэн утгатай үг. Ариун Кайлас уулын дөрвөн талаас дөрвөн их мөрөн эх аван урсдгийн нэг нь Синдхү мөрөн билээ. Синдхү мөрөн баруун зүг Удияна (Үржин) орон руу урсан лянхуа цэцгээр дүүрэн нуур далайг үүсгэснийг эрт цагт Данагоша буюу Сүүн далай хэмээн нэрийдэж байжээ. Энэ нуурын дунд нэгэн үлэмж том, гуа сайхан бадмаараг мэт улаан бадамлянхуа ургасан аж. Түүний дээр улаан өнгийн Хри хэмээх тарнийн үсэг агаарт гэрэлтэж байгаад мөнөөх лянхуа цэцэгт шингэжээ. Энэ гэрлийг Замбутивийн зовсон амьтныг нигүүлсэн болгоосон Энхжингийн орны эзэн Цаглашгүй гэрэлт Амитаба (Авид) бурханы зүрхнээс цацарсан хэмээн домогт өгүүлжээ. Амитабагийн гэрэл шингэсэн агшинд бадамлянхуа цэцгээс найман настай хүүгийн дүрээр нэгэн бодгаль хувилан төрөв. Биеийн гэмийг тэвчсэн лагшин найраг төгөлдөр, хэлний гэмийг тэвчсэн эсэруагийн яруу дуут, сэтгэлийн гэмийг тэвчсэн билгийн мэлмий тунгалаг тэр хөвгүүн Бадамжунай багш юм.



Тэр үед Үржин орны хаан Индрабоди хэмээх эрх хүч, эд баялаг үлэмж нэгэн байжээ. Олон зуун хатантай боловч угсаа залгах нуган үргүй юмсанж. Зуны нэгэн сар нуган үрийн хутаг гуйж, гурван эрдэнэд тахил өргөн, “Номын үүлэн” хэмээх судрыг ядам болгон уншжээ. Түүнчлэн буян үйлдэхийн тулд гурван мянган эрдэнэсийн сангийн үүдийг нээж, ядуу зүдүү бүхний эгээрлийг хангахыг зарлиг буулгав. Эрдэнийн сан дундрах атал хүмүүсийн эрэл хүсэл үл дундрахыг харсан хаан эзэн гутарч, хамаг хүслийг сэтгэлчлэн бүтээх лусын дагинын зэндмэнэ эрдэнийг олохоор шийдэж, их дарвуулт хөлгийг бэлдэн далайд аялсан гэнэ. Долоон зүйлийн эрдэнэ олсон ч зэндмэнэ эрдэнийг олоогүй хаан арга мухардаж, хөлгийн жолоог нутгийн зүг эргүүлжээ. Гэтэл Сүүн далайн дунд бадамлянхуа цэцгийн дээр суух нэгэн ер бусын хүүг шадар түшмэл Триназин олж хараад, хаанд авчирчээ. Хаан тэр хүүгээс удам судар, нэр усыг нь асуухад хүү:

    Миний эцэг бол Өөрөө гарсан гэгээ.
    Миний эх бол Үнэмлэхүй номын агаар.
    Миний угсаа бол Үхэшгүй мөнхийн арга, билиг.
    Миний нэр бол Бадам цэцгээс мэндэлсэн (Бадамжунай)
хэмээн хариулжээ. Хүүд сүслэн биширсэн хаан эзэн түүнийг тэнгэрээс заяасан агь хэмээн болгоож, ордондоо авчирчээ.Тийнхүү Үржин орны угсаа залгах ханхүү болж, эрийн цээнд хүрээд Гэрэлтэн хэмээх гүнжтэй гэрлэсэн юмсанж.Энэ үед Бадамжалбу буюу Бадам хаан хэмээгдэв. Ханхүү ордонд амьдраад байвал бодь номын гэгээгээр хорвоог гийгүүлж чадахгүй хэмээн ухаарч, алтан гинж мэт хааны ордноос чөлөөлөгдөх арга саам эрэлхийлж, ордонд үлэмж нөлөөтэй чивэлт түшмэдийн хүүг хөнөөж, сүнсийг нь дээд төрөлд илгээжээ. Төрийн хатуу цаазаар ханхүүг шийтгэж, ордноос хөөн Сэрүүн цэцэрлэг хэмээх аймшигт үхээрийн газар цөлжээ.Тэнд тэнүүлчин байдлаар даяанчилдаг нууц тарнийн шидтэн (сиддха) нартай учирч, авшиг хүртэн бясалгал хийснээр эрдэм шид нь тодорч Хилэнт очир хэмээн алдаршив. Хойч үеийн шавь нартаа бодь мөрөөр замнах үлгэр дуурайл болгох үүднээс Бурхан багшийн гэгээрсэн Бодигаяагийн зүг явж, нийтийн буюу судрын ёс, нийтийн бус очирт хөлгөний сургаал номыг олон эрдэмт багш нараас өвлөн авчээ. Хачир цогцын ууланд биеийг батлах хас чулууны ёог, билгийг тунгаах усан мандлын ёог, дулаан амгаланг төрүүлэх галын бясалгал, хөнгөн хөдлөхүйн хийн бясалгал, орон зайн чанадад уусах огторгуйн дияан бясалгалыг гүйцээсэн байна. Сахилын алдар нь Шагжаасэнгэ буюу Шагжаан арслан, тэрс буруу номтныг ялан дийлсэн тул Сэнгэдадог буюу Арслангийн дууг дуурьсгагч, оюун билиг нэвтэрхий тул Лоданчогсрид буюу Оюун төгс дээд хүслэнт хэмээх алдар хүртжээ.

Улмаар дорно зүгийн Захор орноо морилж, Шастрадхара хааныг номд оруулж, түүний охин дагинасын билэг төгөлдөр Мандарва гүнжтэй гэрлэжээ.Тэр гүнжийн хамт Балбын нутагт буй Маратика уулын агуйд гурван сар очир биеийн бясалгал хийснээр үхэлгүй хутгийн үрийг бүтээсэн гэнэ.Тэндээс Үржин оронд хэрмэл бадарчин дүрээр эргэн ирэхэд урьдын өш санасан чивэлт түшмэд танин барьж, түүдэг галд амьдаар нь шатаажээ.Гэтэл галын мандлыг усан мандал болгон хувиргаж, дунд нь лянхуа цэцгийн дунд Бадамжунай багш очир суудлаар заларч байв.Үүнийг харсан хар санаатан ч уяран биширч, харанхуй дотортон ч айн сүрдсэнээр цөм номын мөрт дагаар оржээ.

Их багш дараа нь Балба руу аялж, Янлашодын агуйд даяанчлан суулаа.Тэр үед Цаст Төвдийн оронд Тисрэндэвзэн хэмээх хаан төр барьж байв.Бурханы шашинд чин бишрэлт тэрбээр их хөлгөний номыг судлан бясалгаж, дэлгэрүүлэх их хийд байгуулахыг хүсч, Энэтхэг орноос таван ухаанд мэргэшсэн Шантарагшита хамбыг залжээ.Хамба багш, хаан хоёрын хичээл зүтгэлээс хэтийдсэн гадна, дотны барцад саад байсан тул Балба оронд даяанчилж буй нууц тарнийн их шидтэн Бадамжунай багшийг залагтун гэж хамбын зөвлөсөн ёсоор заллага айлтгасанд гүрү багш морилжээ.Энэ нь их хөлгөний шашин умраас умарт дэлгэрэх Бурхан багшийн бошго ёсоор хожим Монгол нутагт Бадамжунай багшийн нууц тарнийн сургаал дэлгэрэх угтал болсон юм.Тэрбээр Төвдөд морилж лус савдаг, тэнгэр зэтгэрийг номхотгож, Самъяа хийдийг байгуулав.Хаан, харц, хар шар олонд тус тусын оюун билгийн саванд нь тааруулж зүйл бүрийн ном сургаал заав.Мөн хүний хөл хүрээгүй цаст оргил, аглаг уулсаар бядан явж, олон газар орныг бясалгалын төвхөн болгон адислаж, хожим нээх эш лүндэн бүхий нандин номыг нууц санд битүүмжилсэн гэдэг.

Бадамжунай багшийн төгс гэгээрэлд хүрсэн хорин таван шавь, солонгон биеийг олсон наян шавь бий. Хорин таван шадар шавийнх нь нэг Согбу Ишбал буюу Монголын Билгүүнцог хэмээх байсан гэж түүх шастирт өгүүлдэг.Их багш үйлс бүтээлээ гүйцээгээд Мүтизанбу хааныг ширээнд суусны дараа Үржин хандын оронд морилсон гэдэг. Тэрбээр Бурханы шашныг гадаад гурван хөлгөн буюу Бага, Дунд, Их хөлгөн; дотоод гурван хөлгөн буюу Үйлийн үндэс, Явдлын үндэс, Ёогийн үндэс; нууц гурван хөлгөн буюу Маха ёог, Ану ёог, Ати ёог хэмээн есөн хөлгөнд задлан номложээ. Тэдгээрийн оргил Үлэмж төгс Ати ёог (Зогчин) нь Бадамжунай багшийн хүн төрөлхтөнд бэлэглэсэн оюун санааны гайхамшигт өв, дээд бясалгалын сургаал хэмээн олон мэргэд биширдэг юм.

“Ум аа хум базар гүрү бадма сиди хум” бол Бадамжунай багшийн зүрхэн тарни. Уг тарнийн утгыг тайлбарлавал:

Ум аа хум нь гурван очирын тарни гэгддэг. Ум нь хамаг бурхдын лагшин буюу биеийн очир.Аа нь хамаг бурхдын зарлиг буюу хэлний очир.Хум нь хамаг бурхдын таалал буюу сэтгэлийн очирыг бэлгэддэг.Түүнчлэн Ум нь амьсгал авах анир, Аа нь амьсгал шингээх анир, Хум нь амьсгал гаргах анирыг агуулдаг.Амьсгал бүрээ ийнхүү мэдэрч бясалгавал түүний цаана орших амьдралын аугаа их эрчим бурханлаг чанарыг ононо гэж үздэг.

Базар нь очир гэсэн үг бөгөөд эвдэршгүй мөнх, халиршгүй бат гэсэн утгыг илтгэдэг. Тэгш хэмт очир эрдэнэ нь хоосон чанар – гэгээн гэрлийг бэлгэддэг.Бүх юмс хоосон чанарын агаараас төрж, хоосон чанарын агаарт оршиж, хоосон чанарын агаарт уусдаг.Зүйрлэвэл, тэнгэр огторгуйд байгаль ертөнц бүхэлдээ хамаарах мэт. Байгалийн тоо томшгүй үзэгдэл хэлбэр үүсч замхрах боловч тэнгэр өөрөө үүсэл, устлаас ангид мөнхөд орших. Түүнчлэн үнэмлэхүй гэгээн гэрлийн огторгуйг танисан бодгаль түүн лүгээ нэгдэж, хязгааргүйг эрхшээх нь очирын хутаг юм.

Гүрү бол гэгээрлийн замч багш гэсэн үг. Их хөлгөний ёсонд гүрү багш нь бурхан, бурханы хутаг олох ном, номын мөрөөр одсон хутагт гурван эрдэнийн хураангуй болдог.Мөн нууц тарнийн ёсонд ид шидийг соёрхогч ядам бурхан, бясалгалын замд хань болдог ханд дагинас, барцад саадаас хамгаалдаг номын сахиус хэмээх гурван дээд хүчний нэгдмэл цогц болдог.

Бадма нь бадамлянхуа цэцэг юм.Балчиг шавраас ургах атлаа үл хиртэх лянхуа цэцэг нь эгэл орчлонгийн амьдрал дундаас цэцэглэх атлаа шунал, хорсол, мунхгийн хирийг үл халдаах гэгээрлийг бэлгэддэг.Бурхан бүгд бадамлянхуан дээр залардгийн учир энэ.

Сиди нь ид шид гэсэн үг, Хум нь адистид хурайлсан тарни.Хүний оюун санаа хязгааргүй бөгөөд нөөц боломж нь шавхагдашгүй гэж Бурханы номд өгүүлдэг.Хамаг амьтныг нигүүлсэх бодь сэтгэл, үнэнийг таних билгүүн ухаанаар жигүүрлэн гэгээрлийн ертөнцөд халиваас ид шидийн гайхамшиг улам улмаар нээгдэх ажээ.

Энэхүү тарнийн тус эрдэм, утга учрын талаар Ханд Ишцожил хэмээх бүсгүй шавийнхаа асуултанд Бадамжунай багш ийн хариулсан байдаг:

“Энэ тарни эргэх дөрвөн цаг, амьдрах гурван мөчлөг аль ч үед өмөг түшиг чинь болно.Бодь сэтгэлийг өвөрлөж, ариун тангаргийг хичээж, чин зүрхний бишрэлээр урин дуудах аваас зүүдэн, сэрүүн алинд ч Бадамжунай би өөрийн биеэр заларч адислах болно.Харш муу бүхнээс хөө хуяг мэт хамгаалж, гундах үед чинь цог жавхлан нэмж, гуних үед чинь баяр баясгалан хайрлаж, харанхуй дунд гэгээн гэрлийг ургуулна.Хэдий чинээ гүн бясалгаж, чин сүжиглэнэ төдий чинээ тарнийн хүчийг мэдэрнэ.Дээд хүч нь энэ төрөлдөө солонгон биеийг эрхшээнэ.Дунд зэрэг нь үхэх агшинд эх, үр гэрлийн учралаар мөнхийн хутгийг олно.Адаглаад, зуурдын төрөлд одовч намайг танин учирч, дагшин оронд төрөх болно.

Базар гүрү хэмээх энэ тарни бол ганц миний зүрхэн тарни биш, дөрвөн тантар, есөн хөлгөний зүрхэн тарни. Наян дөрвөн мянган номын хураангуй.Гурван цагийн багш, ядам, бурхад, баатар дагинас, номын сахиусны зүрхэн тарни юм...” гэжээ.

Монголын их соён гэгээрүүлэгч Ноён хутагт Данзанравжаа очир хөлгөн нууц тарнийн их бясалгагч байсан бөгөөд оюун санааны багш нь Бадамжунай байжээ. Амин зүрхний чандмань эцэгтээ зориулсандууллаас ньөлзийт энэ өдөр мянган галвын тоосыг нэгэн агшинд гөвөхийн ерөөл болгон толилуулъя. Ум аа хум базар гүрү бадма сиди хум.

Баруун зүгийн огторгуйгаас
Бадам гэсрийн хүйснээс
Бадамжунай багш минь
Бадрангуй гэрлээр мишээмүй.

Эртний үйлсийн ерөөлөөр
Элэг зүрх минь долгисно.
Энэрсэн ачийг тань санаад
Эрхгүй сэтгэл тэмүүлнэ.

Төрөл цаг тутамдаа
Түгээмлийн эзэн таныхаа
Төгс гайхамшигт үйлсийг
Түгээн дэлгэрүүлэхийг хүснэм.    

Өдөн дэвэлгээт шувуунд
Өндөр юуны даваа вэ.
Өөрийгөө шинжсэн хүнд
Орчлон юуны хол вэ.

Сайн, муу хэлэх нь
Хүний зоргоор байвч
Жаргал, зовлон хоёр нь
Өөрийн сэтгэлээс үүснэ.

Үнэнээр явж гэмээ нь
Үйлийн үр мэдэм зээ.
Хилэнц үгүй явбал
Хэн муулаад чадах вэ.

Тас шувууны дэвэлгийг
Тахиа яаж гүйцэх вэ.
Тангараг ариун дээдсийг
Тэмцэж хэн дийлэх вэ...

Аврал эрсэн амьтны
Аврал өмөг нь болоод
Агшин ч марталгүй таныгаа
Ашид зүрхэндээ саная.

Үхэх, төрөх юу боловч
Үржин богд минь болгоо.
Улигт сансраас гэтлээд
Удиянад учран жаргая.