Зальжин Монголчууд

Шинэ жилийн баярын өмнө ядаж нэг удаа ч гэсэн аятай юм бичье л дээ. Шалчигнаж байгаа ч юм биш. Заримдаа бид ололт амжилтаараа бахархаж байх хэрэгтэй. Би хувьдаа нэг зарчим барьдаг юм, ний нуугүй хэлэхэд. “Толгой хагаравч малгайн дотроо, тохой хугаравч ханцуй дотроо” гэгчээр дотооддоо бид нэгнээ яаж ч шүүмжилж, харааж болно. Гээд яахав дээ, дөрвөн уулын дунд л байгаа юм хойно уулзаж учраад эвлэрэхдээ эвлэрээд, муудалцахдаа муудалцаад яваад байна. Харин гадныхны өмнө бид зангидсан гар шиг л байх учиртай. Хэчнээн шүүмжилдэг тэмцдэг байлаа ч ямар ч их гүрний өмнө Монголын л зөв байх ёстой гэж боддог.

Жишээ нь тагнулч Б.Хурц төрөөс өгсөн даалгавраар хүн хулгайлжээ. Гэхдээ түүнийг хөндлөнгөөс үзэн ядах хэрэггүй. Зарчим нь Б.Хурц Монгол хүн учраас Англи, Герман, Франц баривчилж шүүх ёсгүй. Харин Д.Энхбат агсантай холбоотой  асуудлыг тэнд биш, эндээ дотроо л шийдэх эрхтэй тусгаар улс. Хэрэв бид Б.Хурцын асуудал дээр эсрэг байр суурь баримтлаад эвдрэлцээд эхэлбэл гадныхан дундуур шургаад ороод ирнэ. Эрх ашиг биш болоод явчихна. Тиймээс лав л гадаад бодлогын талаар элдэв шүүмж бичихээс татгалздаг, болж өгвөл сайнаар бичхийг боддог.

СаяханХятадад нэг ном гарсан тухай найз маань ярьж байна. Агуулга нь Монголын гадаад бодлого айхтар байгаа тухай гэнэ. Гэрээ хийдэг, Ерөнхий сайдтай нь ч, Ерөнхийлөгчтэй нь ч. Монголд очоод гэрээ унадаг. Яасан? Парламент зөвшөөрдөггүй ээ. Эсвэл Засгийн газар нь унаад өгнө. Дараагийн Засгийн газар, сайдтай уулзахаар өмнөх асуудлаар юу ч мэдэхгүй гэнэ. Ахиад эхнээс нь, гэрээгээ өөрчилж, баталгаажуулахыг оролдох тусам Монголд ашигтай хувилбараар л үргэлжилнэ. Тиймээс Монголчуудтай гэрээ хэлэлцээр хийдээ болгоомжил... Энэ номыг удахгүй орчуулан гаргахаар бэлтгэж байгаа гэнэ.

Саяхан Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д айлчилж, сүрхий гэрээ хэлцэл хийлээ. “Коммерсант” энэ талаар элэг авмаар бичжээ. Ерөнхий сайд нь уулзалт эхлэхэд “Орчуулагч хэрэггүй ээ, бид ойлголцоно” гэж яриагаа эхэлж л дээ. Гэтэл хаширсан Оросууд үүнийг хүндлэл биш “хошгируулж байна” хараад байгааг “Коммерсант” нуусангүй. Монголчууд залины тулам. Оросууд Орос боловсролтой, ОХУ-д элчин сайдаар олон жил ажилласан, Оросод элэгтэй С.Баяраас “их зүйл хүлээж байтал” цаадах нь “гэнэт бие нь муудаад” ерийн парламентийн гишүүн болгож гонсойлгосныг онцолжээ.

Оросууд Монголыг сүүлийн үед их магтдаг, бас хаширладаг болоод байна. Үндэсний асуудлаас гадна Монголчууд биднээс түрүүлж сэтгээд байна, түүхий эдийн экспортод тулгуурласан эдийн засгаас боловсруулах үйлдвэрт тулгуурласан эдийн засагт шилжихээр Засгийн газар нь ихээхэн хүч чармайлт тавьж байгаагаас бид суралцах ёстой гэж байна. Харин өөрсдөө Монголчуудын энэ шалгуурыг хангах болов уу?

Оюу толгойн хувиргалт

Улстөрийн хувьд биш, санхүүгийн талаар ч гадныхантай бид бас овоо үзнэ шүү. Оюу толгойн гэрээ байгуулагдах гэж байхад “Рио Тинто”-г өмнөд хөрштэйгээ муудалцуулж байгаад, өөрөөр нь хэлбэл гарцагүй бүслэлтэд оруулж, шахсан гэрээ батлуулаад авч байгаа юм. Хөөрхий “Рио Тинто” саяхныг хүртэл Хятадад хаалттай байсан. “Рио Тинто” хэдий том компани авч бизнесийн хувьд тэр том зах зээл, том хэрэглэгч хаалттай байх ямар олиг байхав дээ.

Гэрээ байгуулагдсаны дараа хэсэг гайгүй байсан Монголчууд саяхан хөөрхий “Айвенхоу майнз”-ыг мулт шахчихдаг байгаа. Асуудал уг нь Монголтой хамаагүй тэр холоос эхэлсэн. “Айвенхоу майнз”, “Рио Тинто” хоёр хувьцааны асуудлаар маргалдаад шүүхдэлцээд эхэлсэн нь гай болжээ. Монголд уг нь падлийгүй шахам. Монголын 34 байж л байна. Үлдсэн хувийн л маргаан. Төслөө санхүүжүүлэх мөнгө босгоход хүлээх хариуцлагын тухай л маргаан. “Рио Тинто”, “Айвенхоу майнз” хувьцаа шилжүүлэх тусдаа гэрээтэй юм. Санаж байгаагаар бол “Айвенхоу майнз” 5 жаахан гарантай л үлдэх ёстой. Харин “Айвенхоу” арай ахиухныг, нэмээд 2 хувь гаранг л авч үлдэх гэсэн бололтой юм.   

Яг энэ үеэр УИХ-аас тэдэнд шахалт үзүүлж эхлэв. “Бид гэрээг “Рио Тинто”-д итгэж байгуулсан. Олон улсын нэр хүндтэй компани. Гэтэл өнөөдөр “Айвенхоу майнз” төлөөлсөөр байна”... гэлцэв. Тэгээд “Хэрэв хувьцааны асуудал яригдаж байгаа бол бидний хувьд асуудал эвгүйцээд эхэлнэ гэсэн үг биш үү?” гэсэн гаргалгаа гаргаж авчээ. Тэгээд “Оюу толгой” компанийн ТУЗ дахь Монголчуудаас асуулга аваад эхлэв. “Юун хувьцааны маргаан бэ? Монголын эрх ашиг хөндөгдөж байгаа юм биш биз?” Хариу нь “Хувьцааны асуудал Монголд хамаагүй юм аа, гагцхүү анхаарах нь төсөл санхүүжүүлэх зээл авахдаа хэт өндөр хүүтэй авах гээд байна, бид үзэлцээд л байгаа” гэж цаадуул нь “матав”. Тэгсний дараа З.Энхболд гишүүн “Яахаараа хөрөнгө оруулах, хувь эзэмшлийн гэрээ “нууц” гэсэн тэмдэгтэй байна вэ?”  байгаа юм гээд зуугаад авав. Яг нууц нь “Рио Тинто” “Айвенхоу майнз”-д хамаатай болохоор л, тэр нууцад найдаад цаадуул нь нүдэлцээд байсан хэрэг. Тэгээд нөгөө нууц нь задарчихав, Монголд. Ингэхээр шүүхдэлцэх асуудал огт өөр болчихож. Яг үүний дараа Засгийн газар ”парламентаас өгсөн” даалгавраар  асуудалд оролцоод эхэлж байгаа юм.

Тэгээд үр дүнд нь Монголчууд юу хожив. Юуны өмнө төсөл санхүүжүүлэх зээлийн хүүг бараг хоёр дахин буулгаж авчээ. Үүний тайлбарыг Ерөнхий сайд хэвлэлийнхэнд өөрийн биеэр хийсэн нь маш лут ажил амжуулчихаад, хөлсөө арчаад магтуулах л санаатай байсан хэрэг. С.Баяр Оюу толгойн гэрээг байгуулчихаад Австралид айлчлахаас бултчихсан шиг С.Батболд үүнийг нэг тийш болгох гэж Англид айлчлахаа хойшлуулсан юм билээ л дээ. Гэвч Монголчууд юунд магтахав дээ. Хийх ёстойгоо хийсэн чи, илүү сайн болго л гэнэ биз дээ. Уг нь 11 гаран хувийн хүүг маш богино хугацаанд хоёр дахин буюу 6 хагас орчим болж буулгасан амьтан шүү дээ. Үүний дээрээс Монголчуудын нэмээд хожсон нь “Оюу толгой” компанийн удирдлагыг шахсаар байгаад “Рио Тинто”-д бүрмөсөн шилжүүлж өгчээ. Нэг сумаар хоёр туулай. Шахалтад автсан “Рио Тинто”, “Айвенхоу майнз” хоёр хувьцааныхаа маргааныг хагас жилээр хойш тавиад зогсохгүй “Айвенхоу майнз” Оюу толгойн удирдлагыг шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл бид “Рио тинто”-д итгэж гэрээ байгуулсан гэх УИХ-ын “хүсэл” бүрэн хэрэгжив.

Барууныхны зуршлаар “Оюу толгой” компанийн ажлын аппаратыг хуу сольж, 100 хувь өөрчилж орхисон байна. Урд нь “Айвенхоу майнз” зарим нэг “алдаа” гаргасан юм билээ. Оюу толгойг “Эрдэнэт” шиг шахааны газар болгохгүйн тулд УИХ, Засгийн газраас тодорхой эрхмүүдийн “Миний хүн байгаа юм, ажилд аваад тордоод явбал сайн байна” гэж захисан хүн бүрийг бүртгэж байгаад хомроглоод халаад хаячихсан юм байна. Тэгэхээр “Монголын төр” тэр чигээрээ Айвенхоуд дургүй болчихдог юм байгаа биз дээ. Ингээд дотоодын асуудал цэгцрэв. Гэхдээ “Айвенхоу” хомроглож халсан энэ тэр бол жижиг асуудал. Гол асуудал юунд байв.

Орчуулагчгүй айлчлал

Үүний дараа С.Батболд ОХУ-д айлчилж байгаа юм. Монголын Засгийн газар ар талаа найдвартай болгон бэхэлж авсан тул санаа зовохгүй болсон байна. Учир нь удахгүй Таван толгойн гэрээ орж ирнэ. Ийм үед “Оюу толгой”-г жижиг компани удирдаж байх нь “зохимжгүй” байжээ. Тиймээс “Рио Тинто”-д, илүү хүчирхэг компанид эрх мэдлийг шилжүүлжээ. Энэ нь нөгөө талаар энэ хэмжээний том компани л Таван толгойд орж ирнэ шүү гэсэн үг. Оросууд 1000 вагон, 300 саяын зээл амлаж байж арай гэж төмөр замыг маань Орос стандарттай болгосон. Гол нь “Таван толгой”-г сонирхож байгаа тул, сая их л сайхан загнаж, өр тэглэж, хөрөнгө оруулалт амлаж амлаж явуулжээ.

Н.Энхбаярын үед “Их өр” тэглэхэд Оросууд Таван толгойг авах нь гэж хууртаад алдчихсан, тиймээс яаж ийгээд 180 сая ам.долларын өр гаргаад ирсэн юм. Харин сая их өрийг тэглэсэн тэр хэлэлцээрийн дагуу “Монросцветмет”-ийг “Эрдэнэт”-тэй нийлүүлэх замаар зохицуулах болжээ. Дурсахад Н.Энхбаярын их өрийг тэглэх хэлэлцээрт Эрдэнэтийн 49 хувийг Оросод үүрд үлдээх болсон юм. Тэр л үргэлжилж байна. Гэхдээ энэ удаад Оросууд “Монросцветмет”-ийн тэн хагасыг Монголд өгч орхив. Хэрэв Оросууд хатуурхсан бол 180 саядаа “Монросцветмет”-ийг бүгдийг нь авна л биз. Тэгвэл гэнэтхэн хэвлэлүүд шуугиад “Асгат”-аа авна гээд дайрчихна шүү дээ. Асгатгүй “Монросцветмет” бол хэдэн жоншны уурхай л юм. Тэгээд нэмж нэг ч лиценз өгөхгүй бол яахав.

Ерөнхий сайдын айлчлалын өмнөхөн Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт 250 гаруй лиценз цуцлахад Оросын компаниудын 30 гаруй лиценз хамрагджээ. Хэрэв ийм арга хэмжээнд “Монросцветмет” өртвөл юун 180 сая. Тэгэхээр өмнөх гэрээгээр зохицуулсан нь Оросуудад дээр байгаа биз. Бид ч байдал эвгүйцвэл лицензүүдийг цуцлаад бай гээд Засгийн газраа шахчихаа мэдэлгүй яахав дээ. Монголчуудын заль энэ. Нөгөө Д.Зоригт нь айлчлалын үед гэрээнд дөнгөж гарын үсэг зурмагцаа бэх нь хатаагүй байхад Монгол руугаа маш чухал ажлаар нисэж байсан юм билээ.   

Ерөнхий сайд “орчуулагч хэрэггүй ойлгож байна” гэдэг нь Оросуудын ашиг сонирхлыг мэдэж байгаа л гэсэн үг байх даа. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн дараа Ерөнхий сайд В.Путин Монголд ирэхэд Ерөнхий сайд С.Баяр уулзахдаа “Та нар чинь юу болоод л цуваад унав даа” гэж “наргиад” гар барьсан л гэлцэх юм.
 
Тэгэхээр Оросын бодлого ил цухалздаг “Коммерсант” сонинд “Монголчууд яаж ч мэднэ болгоомжтой бай” гээд байгаа нь аргагүй, тус сонин “Нэгтэй байхаас хоёр замтай байх нь мэдээж илүү. Хожим Монголчууд хоёр замтай байхыг илүүд үзэж болох юм. Таван толгойн эрхийг Оросынхоос өөр компанид эрх өгчихлөө гэж болно, эсвэл өнөөдөр УИХ-ын гишүүний хөдөлмөрт зүтгэж байгаа өмнөх Ерөнхий сайд шигээ С.Батболд гэнэт бие муутай болж мэднэ” гэж анхааруулжээ. Давхар одоо бултахгүй шүү л гэж байгаа байх.  Нэгэнт Ерөнхий сайдын айлчлал болоод өнгөрчихсөн тул үүнийг бичиж байна л даа. Оросууд Монгол руу эмчээ явуулдаг юм уу яадаг юм.

Ингээд бид хоёр толгойг хөршүүдээсээ хараат бусаар ашиглаад эхэлбэл тун удалгүй булангийн орон болчихож байгаа юм.