Тэмээн тэрэгтэй Цагаан сар
Жил бүрийн Цагаан сараар хотын утаа тортогноос зугтааж төрж өссөн нутаг уул, усаа эргэж нэг ирдэг. Бөөрөлжүүтийн их талаар уруудаж Ёлхорсүрэн хангай, Эрэгнэгийн булагийн уулсыг дамжин цөөхөн үлдсэн нутгийн хэдэн бууралдаа золгоно. Буцахдаа Наран, Элгэний рашаан авах. За миний Цагаан сар ч ингэсхийгээд л болоо доо.
Бид хоёр уг нь морьдоо амжилттай барьсан. Хадан дээр гарч байгаад унаа морьдондоо мордчихоод бас гурав, дөрвөн морь хөтөлчихөөд гэрийн зүг цогилоо. Бүх юм Ёоноогоос болсон. Хоёулаа Дарьбазар болж тоглоё. Чи миний ардаас буудаад хөөгөөд байгаарай. Би давхил дундаа хөтөлгөө морин дээрээ мордоно гэж гайхуулав. Би ч буудаад л хөөв. Тэгсэн чинь Ёоноо унаа мориныхоо давхил дунд хөтөлж яваа морин дээрээ мордох санаатай мундаан дээр нь дараад үсэртэл нөгөө морь зайлчихлаа. Ингээд алцайгаад тэрээ хадан унав. Яах ийхийн зуургүй Ёоноод миний морь тулж ирээд гэнэт зогстол би дэлэн дээгүүр нь даваад Ёоноогийнхоо дэргэд цасан дунд духаараа шаагаад унах нь тэр. Эздээ гээсэн арваад морь цас манарган хаа хол оторт яваа адууныхаа зүг саагчуулаад алга болов оо. Ёоноо “За чи бид хоёр ч алууллаа даа. Чи ч яахав аав, ээж хоёр чинь юм хэлэх биш. Намайг Ажаа, Гүндэг хоёр ёстой өвчинө. Чи энэ хэргийг хүлээгээрэй. Аавдаа би Дарьбазар болъё гэх санааг гаргасан юм гээрэй” гэв. Би толгой дохилоо. Шинийн нэгэнд мордож зүг чигээ гаргах, Дараа нь айл хэсэх ажил ингээд будаа боллоо. Манайхны өвөлжөөнөөс нэг явган хүн ирж байна. Манай аав байлаа. Бид хоёрыг бүтэлгүйтнэ гэж мэдээд урд хөтөл дээрээсээ дурандаад байж л дээ. Ёоноо гүйж очоод тайлбар хийж байна. Энэ Маацай чинь Дарьбазар болъё гээд байсан юм. Тэгээд тэгээд гээд ээрнэ. Аав юм хэлсэнгүй. Дондог агентын тэрэгний хар буурыг гуйхаас яахав гээд ууцаа үүрээд алхчихав. Цагаан сарын шинийн нэгэнд гурван айлын бүх хүнийг явгалсан хоёр “хэрэгтэн” гэртээ ирлээ. Моринд явсан хоёр хүн явган гараад ирэхэд манай хот айлынхан бүгд ойлгожээ. Ээж үглэнэ. Би энэ хоёрыг бүтэхгүй гэж мэдээд байсан юм. Манай өвгөн хүү тусд орж байна гээд байсан юм. Ингэж л тусд орно доо. Сар шинээр маарийтал явган явцгаа гэж янших нь түвэгтэй. Гэтэл Ёоноо маань бид хоёрын хийсэн хоёр дахь гэмт хэргийг сануулав. Би таг мартчихаж. Цагаан сараар ууна гээд аавын хадгалсан, ваартай нэрмэл архи манай орны хөндийд байсан юм. Бид хоёр ваартай архинаас шанаганд хийж уугаад л уусныхаа хэмжээгээр дээрээс нь ус хийгээд байлаа. Сүүлдээ шал ус болчихоод бид хоёр ч голоод уухаа болив. Би аавыг гэртээ орохоос нь өмнө амдаж хэргээ хүлээхээр зэхэв. Шинийн нэгэнд хэргээ хүлээчихвэл аврагдана гэдгийг тооцоолсон ухаантай юмуу. Аав маань агентын тэмээн тэргийг аваад ирж байна. Би явж очоод шууд л хэргээ хүлээв. Орны хөндийд байгаа ваартай архи чинь ус болсон шүү. Ээжид битгий хэлээрэй гэв. Аав маань гайхаж нэг харснаа инээсэн нь учрыг ойлгож манай талд орсны шинж. Удалгүй нөгөө ваартай монгол архиа тэврээд гарч ирснээ оготнын нүх рүү хийж байна. Ээж. Манай өвгөн архиа асгаад ухаан мэдрэл нь зүгээр байгаа даа гэх. Шинийн нэгэнд хэрэлддэггүй, хүүхдээ загнаж зоддоггүй хуулийг манай гэрт бол ээж л зөрчиж мэдэх хүн байлаа. Хотоороо явгарсан манайх хар буур хөллөсөн тэмээн тэргэнд суугаад айл хэсэх албандаа гарлаа. Гэмт хэрэг хийсэн бид хоёр тэмээн тэргээ ээлжилж явган хөтлөх шийтгэлтэй. Айл хэсэхээс ичиж байлаа. Ичиж ядаж байхад тэмээн тэрэгтэй болохоор өнөө муусайн нохойнууд нь хүртэл дагачихсан айлын хотонд очно. Хажуугаар үеийнхэн тарган морь уначихсан, торгон дээл өмсчихсөн дайрчих шахан давхилдаад л. Айлд ороод золгосны дараа л бид хоёрын морьдоо алдаж явгалсан адал явдлыг Елхорсүрэн хангайн өвөлжөө бууц болгоноор ярих. Аав л ярьсан байх. Архи удвал ус болдгийг ч бас л мэдчихэж. Хар буур хөлөглөсөн шинэлээчид анхны хоёр гурван айлаар орж золгоод л Сүхээ гуай тасраад, аав маань халамцаад ирэв. Тэмээн тэргэн дээр сууж яваа ч гэсэн манай аав,
Цэвцгэрий хурданаа аа шаргаараа аа ий
Цээжний инагханаа аа чамтайгаа ий өө гээд уртын дуу эхэлнэ.
Ээжийн уцаарлаж байгаа гэж жигтэйхэн. Буур хөллөсөн тэмээн тэргэн дээр суучихаад “Цэвцгэр хурдан шарга”ыг дуулдаг хүн байдаг юм уу. Тусд орсон хүүтэй хүн сайхан юмаа гээд намайг давхар хийнэ. Одоо бодоход, аавдаа үүрүүлчихсэн, аавтайгаа сундалчихсан, морьтой, машинтай мөн ч олон Цагаан сар өнгөрөөж дээ. Хамгийн сайхан нь аав ээж хоёрыгоо, айлын хүүхэд хөгшидгүй тэмээн тэргэн дээр суулгачихаад өөрөө хөтлөөд айл хэссэн тэр жилийн Цагаан сар байлаа.
bayaraa
Чука
Ò¿âøýý
Ò¿âøýý
ur muutai
Зочин
Зочин
Бурхантын бурхангүй
Анхааруулга
Tsetsee
Нараа
Нараа
Зочин
Зочин
зочин
Зочин
бҮРНЭЭ
бҮРНЭЭ
Зочин
Зочин
News.mn yaalaa gene uu
Зочин
Зочин
Зочин
Deegii
ariuka
Öýðýíäîðæ
Зочин
Òººãèé
Зочин
зочин
Зочин
uls torgui
зочин
Зочин
Зочин
hodoo er
Ганаа
Bek
Зочин