УИХ-ын дарга хэлж байна. Дөрвөн уулын дундах Улаанбаатарыг дэд бүтцээр хангах гэж байхаар Төв аймгийн сумдыг дэд бүтцээр нь хөгжүүлчих, их нүүдэл чинь бизнесийн орчин тохилог дэд бүтцэд татагдан ирж байгаа юм.

Хотын дарга хэлж байна.  Их нүүдэл дэд бүтцэд л татагдаад ирж байгаа нь үнэн. Түүнээс илүүтэйгээр төр засгийн байшингууд нь төв талбайгаа тойроод шаваад байхаар иргэд нь төв рүүгээ түрээд байгаа юм. Ядаж Улаанбаатар хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэг рүү аваачиж  тэнд бүх үйлчилгээг төвлөрүүлэх жишээтэй.

Ерөнхийлөгч хэлж байна. Ус, агаар, хөрс нь бохирдож “Гамшгийн хот” болсон Улаанбаатарт иргэд минь битгий нэмж ирээсэй. Нэмж битгий ирүүлээрэй.  Монгол оронд газар мундаагүй шүү дээ.

Нэг УИХ-ын гишүүн хэлж байна. Төрийн зарим байгууллагуудыг, их дээд сургуулиудыг хөдөө явуулах хэрэгтэй гэхэд бас нэг гишүүн хөдөөнөөс шилжин ирэгсдийг хот оруулалгүй замд нь тосон суурьшуулах  юмсан гэв.

Хотын иргэд ярьж байна. Хувийн газартай, дулаан тохилог сууцтай бол заавал хот руу шаваад байх хэрэг алга. Хотоос холдож утаанаас зайлах минь.

Одоо Улаанбаатарт нэг сая иргэн өөрт нь хуулиар оногдсон 0.07 га газраа аваагүй байна. Гэтэл Улаанбаатарын төвд байтугай уул овоон дээр нь метр газар олдох нь өнгөрсөн. Яаж байгаад утаа гаргахгүй тохилог сууцтай болгох талаар иргэдээсээ авахуулаад парламент хүртлээ бүгд ярьж байна. Газрын тухай багц хууль хэлэлцэж, Засгийн газар нь том төслүүд уралдуулж, Бат-Үүл баатар гэр хорооллыг барилгажуулна. Шинэ Улаанбаатарыг цогцлооно гэж том амласнаа хэрэгжүүлэх гэж бөөн асуудал. Их ажил ч эхэллээ дээ. Улаанбаатарын иргэд болгон чаддаг мэддэгээрээ оролцож эхэллээ. Сэтгүүлч бидний хувьд хуруу нэмэх биш дээ. Хошуу нэмэрлэе.

Улаанбаатарын түүхээс

Халхын Түшээт хааны хүрээг хаана байгуулах вэ гэж олон сайн мэргэд газар шинжсэний эцэст “Хан уул, Хатан туулыг арлаж  дөрвөн уулын дундах хүн чулууны хонхорт” Түшээт хан аймгийн “ХҮРЭЭ”-г байгуулав. Богд хан уул таван ханы  хараачтай. Богд хан уул, Нагал хан уул, Батхан уул, Уулын хан уул, Хүүлэй хан уул. Энэхүү Халхын таван Хан уулын дундах хишиг буян хурсан алтан тэвш шиг нутаг……. хэмээн 374 жилийн тэртээ газрыг нь шинжин, эдүгээгийн нийслэлийг маань байгуулжээ. Түүнээс хойш одоог хүртэл дөрвөн уулын дундаа  хүн чулууныхаа хонхорт даанч багтахаа болилоо доо. Нэг хүнд оногдох нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх Монгол орны хувьд газар олдохгүй гэж ярихааргүй буурлын үлдээсэн буянт их газар нутаг минь байна даа. Халхын түшээт ханы хүрээ хожмоо нийслэл Улаанбаатар хот болж, Төв аймгийн төв  1944 онд Улаанбаатараас хөөгдөн Богд уулын өвөрт Зуун мод буюу Манзушир хутагтын зуны өргөө байсан газар төвлөрчээ.

Газаргүй нэг сая хүнд Төв аймагт газар олгож хаяа хот байгуулбал


Хэнтийн нуруунаас эх авсан Туул гол Төв аймгийн Мөнгөн морьт, Эрдэнэ, Батсүмбэр сумын нутаг дахь их  уулсын  горхиор тэжээгдэн Улаанбаатар хот, Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Лүн Заамар сумын нутгаар урссаар Сэлэнгэ аймгаар дамжин хил гардгийг бид мэднэ. Туул голын энэ үржил шимт хөндийгөөр Улаанбаатар хотын маань хаяа хотууд баригдан тэлэх цаг болсоон. Төв аймаг Улаанбаатар хотыг тойрсон 27 сумтай. Зүүн хойд сум нь Мөнгөнморьт сум Улаанбаатараас 200-гаад км. Багануур дүүргээс чанх хойно 60-70-аадхан км-т оршино. Хачин нь Улаанбаатар хотын Багануур дүүргийн наана хар замд Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр жаахан зүүн урагшаа Нагалхан уулын дэргэд Архуст сум оршдог. Төв аймгийн хамгийн зүүн урд сум нь Төв аймгийн Баянжаргалан сум хотоос 170 км. Хэнтий аймагтай Хэрлэн голоор хиллэж байдаг. Хэрлэн гол Мөнгөнморьт сумаас урагшаа урсч Багануур дүүрийн цаахнуур Баянжаргалан сум өнгөртөл урд зүг урсч байгаад зүүн тийшээ эргэн зүүн хязгаарыг зорино. Хэрлэн гол дагасан энэ сайхан талд хэдэн ч Улаанбаатар ёстой “Ганнам дүүрэг” баригдаж болноо доо. Богд уулыг л давчих тунилдчих  юм бол урагшаа хар зам, төмөр замаар Чойр хүртэлх их тал Төв аймгийн нутаг. Энэ их талд үйлдвэр барихад  хөрөнгө нь дутна уу гэхээс газар нь дуусахгүй.  Тал нутаг ч харин байнаа. Төв аймгийн хамгийн  урд, баруун?? баруун урд зах нь дэндүү уудам. Дундговь, Өвөрхангай аймагтай хиллэн Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан сумууд бий. Эндээс Өвөрхангайн Батхаан уул хүртэлх их тал нутаг цэлийнэ. Улаанбаатараас баруун тийшээ хар зам үржил шимт хөндийгөөр Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сумын үзэсгэлэнт сайхан нутаг бий. Элсэн тасархай хүртэл нийслэлийн нутаг болно гэж бод доо. Хойгуураа бол Заамар, Угтаал, Баянцогт, Баянчандмань, Жаргалант, Борнуур, Батсүмбэр сумын алттай бол алттай, уултай бол уултай, устай модтой бол модтой, тариатай бол тариатай эрдэнийн сайхан хангай байхад энэ дөрвөн уулынхаа дунд утуулаад сууж байх ч гэж дээ. Монгол Улсын иргэн та ийм нутагт амьдар,  өөрт оногдсон газар ав гэхэд хэн үгүй гэх юм бэ. Товчхон дүгнэж хэлбэл Төв аймгийн одоогийн нутаг дэвсгэрийг Улаанбаатарынх болговол хааш хаашаагаа 100-250 км-ээр тэлнэ.

Төв аймгийн сумдууд балгас болж байна


Төв аймгийн 27 сум Улаанбаатарыг бүслэн оршдог. Хотоос хойш 72 км оршдог Баянчандмань суманд Төв аймгаас сонгогдсон нэг эрхэм гишүүн уулзалт хийгээд асуух юм байна уу гэв, Сонгогч “Бид даанч хотыг алгасаад аймгийн төв орох хэрэг алга. Мань мэт нь шоронд орох гэж   аймаг орох юм. Манай дарга нар дэвших гэж аймгийн төв орох юм. Биднийг энэ зовлонгоос салгаж өгөөч” гэв. Мань гишүүн Мөнгөнморьт суманд уулзалт хийвээ. Нэг сонгогч “Бид  хаяандаа байгаа Багануурын эмнэлэгт үзүүлэх гэхээр хаа хол 200 км газар байгаа аймгийнхаа эмнэлэгт очиж үзүүл гэх юм. Ядаж энэ дүүргийнхээ эмнэлэгт үхэх эрх олгооч ээ. Унаа унаш, бензин тосны гарз болгомооргүй байна” гэлээ. Төв аймгийн 27 суманд долоон хүүхэдтэй ерөнхий боловсролын дунд сургууль, ердөө хоёрхон өвчтөнтэй эмнэлэг, зам дагуу хуушуурын гуанз гаргахаас өөр орлогогүй сумын төвүүд балгас болж байна. Гэтэл Улаанбаатараас 50-100 км газар очоод хот тосгон төлөвлөөд, бариад өгчихөж чадахгүй эрх баригчид нь хэрэлдэнэ. Үүнийг утааны бохирдол биш сэтгэлгээний бохирдол, машины түгжрэл биш тархины түгжээ гэдэг юм. Хотын хаяанд байгаа Төв аймгийн сумдын төвүүд балгас болж байна.

Нийслэлийн Тамгын газрыг Төв аймгийн төвд барихын учир

Хотын мэр Бат-Үүл баатарт тулгарсан хамгийн том асуудал бол жилд нэг жижиг аймгийн дайны хүн хотод шилжин ирж байна. Улаанбаатарт нэг сая хүн хуулиар оногдох газраа хувьчилж аваагүй байна гэв. Гэтэл хотод газар байхгүй гэж зүрх муутайхан шиг халган байж хэлэв. Хэрэв Төв аймгийн одоогийн нутгийг Улаанбаатарын шинэ суурьшлын хоёрдугаар бүс болговол бүх асуудал нь шийдэгдэх юм шиг ээ. Төв аймгийн сумдыг ядаж 20-30 мянган хүнтэй хот тосгон болгож чадвал хот руу тэмүүлээд байх иргэн байхгүй дээ. Дэлхийд хамгийн цэвэр  сайхан хот тосгон 20-30 мянган хүнтэй л байдаг. Үүнээс цөөхөн хүнтэй бол өөрийгөө тэжээж чадахгүй балгас болдог. 30 мянган хүнээс олон бол хот бохирддог гэдгийг судалгаагаар тогтоосон байна. Улаанбаатар хаяагаа хааш хаашаагаа 150-200 км тэлэхэд юун хотын нэг сая иргэнд маань газар дутах, Монголчууд бүгдээрээ ирээд суусан ч хүрэлцээтэй газар нутаг Улаанбаатарыг хүрээлж  гоё сайхан хот байгуулах удирдагч, газраа өмчилж авах эздээ хүлээж байна. Бат-Үүл дарга  бас ингэж хэлэв. Энэ барилгын бизнесийнхэн чинь шинэ газар барилга барина, хуучин гэр хорооллынхон дунд барилга барихад дургүй байна гэв. Халгаад хэрэггүй ээ. Харин ч сайн биз Тэр дурлаад байгаа олон зуун мянган айлын орон сууц барих, бүх төрлийн үйлчилгээтэй тосгон байгуулах барилгачдаа  хөрөнгийг нь өгөөд Төв аймгийн сумд руу хөөгөөд явуулчих. Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг хоёрын хооронд Сонгинохайрхан дүүрэгт барина гэж байхаар шууд Богд уулын энгэрт Зуунмодод барьж Улаанбаатарыг  дөрвөн уулын дундах хонхороос гаргаач. Төв аймаг маань яах вэ аймгийн төв нь унаган нутаг Улаанбаатартаа ирнэ биз.