Ард түмэн бол зүлэг ногоон талбай,
харин улстөрчид бол хөлбөмбөгчид юм.


Багууд талбай дээр гарч ирэн байрлалаа эзэлжээ. Баруун талд нь цэнхэр шоорт майкаар ижилссэн багийнхан юу ч болоогүйм шиг тохой мохойгоо эргүүлээд зогсож байна. Тэд үзэгчид рүү хий үнсэлт илгээнэ. Үзэгчид баярлана. Харин зүүн талд нь  улаан сарнай энгэртээ хатгасан ууртай, дүнсгэр эрчүүд тоглолт эхлэхийг тэсч ядан хүлээж бие халаалт хийн наахнуур зогсоо нөгөө багийнхаа хүнээс дэгээдэж унагах гээд байна.

Өвсний толгой халиурна. Тэрхүү толгой болгон нэртэй бөгөөд УБЕГ-ын мэдээгээр хамгийн олон адилхан нэр нь Бат-эрдэнэ аж.

Шүгэл тасхийж багууд улаан галзуу тоглолтод орлоо. Өөрснийгөө “Сөрөг хүчин” хэмээн хип хоп клануу гэлтэй нэрлэсэн улаан сарнайт баг хааяа нэг бөмбөг авах боловч уурандаа юу юугүй холоос буудаж байнд ч гүй банзанд ч гүй болгож байна. Харин алдсан бөмбөгийг нь цэнхэрүүд булааж аван бултаж гүйсээр гоол хийх бөгөөд их баясан алга ташиж, нэгэндээ баяр хүргэн үнсэлцэнэ.

Тоглолт завсарлаж, үзэгчид завсарлага аван нуруу тэнийлгэнгээ хоол хош эргүүлэх гэтэл гэнэт шуугиад явчихлаа. Сарнайт баг талбайд бөмбөг оруулж ирээд бужигнаад эхэлжээ. Өрсөлдөгчөө талбайгаас гарсан хойгуур зүлэг талхлан гүйсэн тэдэнд үзэгчид “та нар баяр болгоныг улстөржүүлэн гутаахаа болиочээ” гэж ундааны сав шидлээ.

Сарнайт баг яахаа мэдэхээ болин мэлийх зуур цэнхэр багийн ахлагч талбайд ганцаараа орж ирэн бөмбөгийг самбаачлан булааж ганцаараа жирийсээр гоолдох гэтэл өөрийнх нь хүн бөмбөгий нь булааж аваад жирийчихлээ. Цэнхэрүүд цэнхэрийн эсрэг тоглолт үзэгчдийг шуугиулж эхлэв. Үүнийг харсан сэлгээний цэнхэрүүд босон харайж, бөмбөгийг аль аль цэнхэрээс булаан зугтаалаа. Үлдсэн сэлгээнийхэн ч дайран ирж гурвуулангаас нь бөмбөгийг бултуулан гүйв. Шүүгч хошногоо түмбийтэл шүгэлдээд ч хэн ч сонссонгүй. Улаан сарнайт баг үүнийг хэсэг гайхан харж байгаад “талбайгаас гары доо яршиг, тэртэй тэргүй автогоол шаахым байна” гэлцсээр эвшээж, бүр хажуулдах шинжтэй болж ирлээ.

Жинхэнэ тоглолтын цаг болж аргаа барсан шүүгч тоглогчдын толгой дээгүүр хий буудаж нэг юм зогсоогоод бөмбөгийг авлаа. Тэрээр сэлгээний сандал руу байн байн харна. Сэлгээний сандал дээр нэгэн туранхай өвгөжөөр эр алга хавсарсан байдалтай ч нүд нь жигтэйхэн гялалзан суух ажээ. Тэр өөр лүүгээ харсан бүх хүн рүү, “зүгээр зүгээр тогло тогло, би зүгээр улсаа хөгжүүлж л өшөөгөө авна” хэмээн базууртайяа инээмсэглэн хэлэх аж.

Харин цэнхэр багийнхан хэт хөөрлийн байдлаасаа болоод юу ч сонсохгүй шуугилдаад л байна. Хэзээнээсээ айлын тоглогчдод уснаасаа илүүчилж ундаа авсаар хөлжсөн MCS фракцын дэмжигчид “шууд нарийн жим гаргаад явчий “ гэснийг эсэргүүцсэн бадриун биетэй ЖЭНКО фракц хоёрын хооронд гол тоглолтууд өрнөж байна. Нарийн жимийн фракцууд бөмбөгийг уран чадамгай залсаар хариугүй гоолддогийн даваан эсрэг багийн тэргүүн бөмбөгийг гараараа шүүрч аваад тэврээд хэвтчихлээ...

Цэнгэлдэх дүүрэн шуугиан болж “дүрмийн бус тоглож байна шдээ”, “зөвөө зөв наад бөмбөгөө хага шаа” гэхчлэн янз бүрийн үгсийг дуу дуугаа авалцан хашгирч байна.

Шүүгч шүгэлдсээр орж ирээд бөмбөг тэврэн хэвтэгчийг өрөөндөө дуудан зурагтын өмнө загналаа. Улаан сарнайтынхан үүнийг дэвэргэж зодолдуулчих санаатай нэлээн үзсэн ч тэгсгээд намжив. Харин  үзэгчид тоглолт цаашаа яаж үргэлжлэхийг тэсэн ядан хүлээнэ.

Бөмбөг ахиад талбайд гарлаа. Загнуулсан баг нэлээн хор шартайхан үзэх шинжийн болоод ирлээ. Цэнгэлдэхэд камерчид, сэтгүүлчид орж ирэв. Гэсэн ч эсрэг фракц урьд урьдахаасаа илүү золбоожжээ. Шүүгчийн шүгэл гарсангүй. Үзэгчид гайхан хартал шүүгч өөрөө нарийн жим багийнхны талд очин бэлтгэл хийж байх нь тэр.

Тиймээ, хүч нэмсэн багийнхан тал талаар нь довтолсоор юу юугүй гоол хийх гэтэл.... талбайд бөөн бөмбөгнүүд орж ирэн алаглаж, үзэгчид аль бөмбөгөөр тоглож байсныг мэдэхээ болилоо. Жэнко багийн камерчид ямар ч хамаагүй бөмбөгний зургийг дагуулан авч дэлгэц дээр учиргүй томоор харуулж байна!

Бүх юм замбараагаа алдах тийшээ болж ирлээ. Улаан сарнайт багийнхан ч нүд нь сэргээд ороод иржээ. Ирэх замдаа ногоон малгайтай нэг авгайгаа цохиж унагаад л наашилж байна. Цаана нь мөнөөх туранхай эрээр удирдуулсан багийнхан гүйлдэж байна. Тэд нэлээд тогломор аядах нь уу гэтэл гэнэт үймж туранхай удирдагчаа тал талаас нь тийрээд эхэллээ. Багийн ахлагчаа өмөөрч уйлах нэг нь байхад, багийн ахлагчаа тийрүүлэхийг хараад дуулах нөгөө нь байх аж. Сарнайт багийнхан тэднийг хараад, “хөөе хэдүүлээ наг баг болоод алах уу” гэтэл туранхай эр “ёооё тэгий л даа” гэж шивнээд Солонгос явчихлаа. Шүүгч түүний араас мярайж байгаад үсэрсэн боловч ам мөлтөс зөрөв .

Булангаас жигтэйхэн цоглог бүрээ хангиналаа. Хартал үзмэн ягаан өнгийн шоортоор ижилссэн охид хөвгүүд, “та нар тоглож дууссан уу, бид нар бас тоглы” гэж жингэнүүлнэ. Гэтэл “Хөөе тэр хүүхдүүд талбайгаас гараачээ, та нар харьцгаа” гэлцэн тоглогч нар ч үзэгчид ч дуугаа авалцан орилолдлоо. Тэдэнд хэн ч бөмбөг өгсөнгүйд өөрснөө халааснаасаа бяцхан бөмбөгнүүд гарган тоглож эхэллээ. Дунд нь Сэрэлт киноны Пүрэвжав шиг нэг зөнөг нөхөр нааш цаашаа гүймэр аядан инээгээд явж байна. Хүмүүс “хөөе энэ хөлбөмбөг шдээ!” гэлцэнэ. Хүүхдүүд гоморхож “бид нар ч бас хүн шдээ” гэж нусаа татав. Үзэгчид өөд өөдөөсөө харан тэднийг өхөөрдөж, “хүүе хүн гэжийнэ...” гэлцтэл тэдний зүгээс “мөн биш мөн биш” гэсэн дуу хадаад явчихлаа. Нөгөөдүүл бүх бөмбөгөө орхиод  хэдийнээ хоорондоо заамдалцжээ. Багачууд гарч тоглоцгоо! гэснээр тэд гарах шиг болоод ахиж орж ирсэнгүй.

Энэ зуур улаан сарнайт багийнхан хувцасны өрөөнд чөргөр эртэй дахин уулзаж “за нийлэх хэвээрээ биз дээ” гэлцэж суулаа. Харин чөргөр эр анх удаа сонсож байгаа мэт ихэд гайхсанаа, “надаа юу ч таалагдахгүй байна” гээд гараад явчихлаа. Тоглолтын нэгдүгээр үе арайхийж дуусав. Үзэгчид хоёрдугаар үеийг тэсэн ядан хүлээж байна.