Монголын нийгэм хоёр хуваагдаад байна. Мэдээлэл харилцааны технологи ашиглан цахим ертөнцөд нэвтрэн орж, хэрэгцээт мэдээллээ олж ашиглаж чадаж буй эсэхээр ялгарч байгааг цахим хуваалт (digital divde) гэж нэрлэдэг. Энэхүү цахим хуваагдал цаг ахих тусам эдийн засгийн эрх тэгш бус байдлыг хөөрөгдөж, хүн амын тодорхой хэсгүүдэд нийгмийн хөгжлийн ялгааг өсгөх болсон тул олон орны төр засаг энэхүү харьцангуй шинэ хүчин зүйлд онцгой анхаарч, цахим хуваагдлыг арилгахын төлөө тусгай хөтөлбөр боловсруулж ажиллахад хүргээд байна. Цахим ялгааг арилгах ажил нь нийгмийн үйлчилгээг хүн бүрт өгөөжтэй хүргэж, бизнесийн орлогыг нэмэгдүүлэн, эдийн засгийн өрсөлдөх чадварыг өсгөж, улс орны хөгжилд нөлөөлөх хүч чадлыг дотроо агуулдаг.

ДЭЛХИЙ ДАХИНАА

Бага, буурай хөгжилтэй орнуудад интер нет технологийн нэвтрэлт маш доогуур байдгаас дэлхий дахины хөгжлөөс хоцрох боллоо. Нөгөө талаас хүн амын интернет ашиглах боломжийг хангахын хэрээр нийгэм, эдийн засгийн дэвшилд ахиц гарах бөгөөд амжилт нь тухайн орны ядуурлын шалтгаан, дэд бүтцийн хөгжил, бичиг үсэг тайлагдсан түвшнээс хамаарч байна. Интернет хөгжиж эрч хүчээ авч эхэлснээс хойш нийгмийн цахим хуваагдлын сорилыг шийдэх зорилгоор Нэгдсэн үндэсний байгууллагын (НҮБ) хүрээнд Цахим эв санааны нэгдлийн дэлхийн санг 2005 онд байгуулжээ. Мэдээлэл, харилцаа холбооны компаниуд орлогынхоо нэг хувийг энэ санд хандивлаж, сангийн бэлэг тэмдгийг ашиглах эрх авдаг бөгөөд цугларсан хөрөнгөөр “Нэг хүүхэд, нэг компьютер” нэртэй төслийг буурай хөгжилтэй орнуудад хэрэгжүүлдэг жишээ бий.

Нийгмийн хариуцлагаа ухамсарладаг компаниуд цахим ялгааг арилгахын тулд асар их өгөөжтэй санал, санаачилга гарган урт хугацаанд хэрэгжүүлэх боллоо. Жишээ нь, “Ericsson” компани Африкийн олон орны сургууль, эмнэлэгт 3G, GPS, GSM зэрэг холбооны технологийг суурилуулж өгчээ. Хүн амын бүх хэсгийг интернет ашигладаг болгохын тулд АНУ-д Орон нутгийн их сургуулиудыг (Community Colleges) татан оролцуулж байна. Их сургуулийн эхний хоёр жилийн сургалтын зардлын хагасыг нь орон нутгийн төсвөөс гаргаж, ахмад хүмүүст бүх насаараа боловсрол авах боломж олгон, нийт иргэд нь компьютерийн анхны мэдэгдэхүүн, өргөн хэрэглээний программ ашиглах чадвартай болдог. Хувь хүний амьдралын хэв маяг өөрчлөгдөж, нийгмийн хөгжлөөс хоцрохгүй байх боломж бүрддэг. Хүмүүс шинэ нөхөдтэй, шинэ ажилтай болж идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлж буй нь цахим хэрэглээ бодит ертөнцөд үлэмж нөлөөлөх болсныг гэрчилж байна.

Өмнөд Солонгос интернетийн нэвтрэлтээр дэлхийн тэргүүлдэг. Айл бүр интернеттэй, бүх программ нь төрөлх хэлээр нь тул цахим хуваагдал хамгийн бага оронд тооцогддог. Өндөр настнууд хөргөгч дээрх дэлгэцийн тусламжтайгаар цусны даралт, зүрхний цохилт зэрэг био үзүүлэлтээ хянан, эмчээс зөвлөгөө авч, хүнсний гол нэр төрлийн бараагаа хажуу дэлгүүрээс зөөлгөн авчруулдаг болоод байгаа. Тухайн дэлгүүрийн утасгүй сүлжээ айл бүрийн хөргөгчийн доторх мэдээллийг авч, ямар хүнс дуусах гэж буйг эзэнд нь сануулан мэдээлэл өгч байна. Эдүгээ дэлхий даяар алслагдсан нутагт эмнэлгийн үйлчилгээг хүргэн, теле-эмчилгээний хүрээ өргөжиж, эмч нар агаарын долгионоор үйлчилгээ үзүүлэх нь ихэсчээ. Эрүүл мэнд, боловсрол, номын сан, аялал жуулчлал, жижиглэнгийн худалдаа, нийтийн захиргааны үйлчилгээ, сонгогчдын бүртгэл, кино, жүжиг, концерт үзэх зэрэг олон салбарт чанарын өөрчлөлт гарч буй. Цахим хуваагдлыг арилган, интернетэд холбогдох боломжийг айл нэг бүрт хүргэх нь өнөөдөр улс орон бүрийн амин чухал зорилгын нэг болоод байна. 1996 онд АНУ-ын бүх нутагт интернетийн үйлчилгээг харьцангуй бага үнээр хүргэх хууль гаргаж байсан тул эдүгээ энэ улсын нутаг дэвсгэрт гар утастайгаа яваа л бол нийгмийн бүх үйлчилгээ авах, аюулгүй байдлаа хамгаалах боломжтой аж.

МОНГОЛЫН АЛТАН БОЛОМЖУУД

Эдийн засаг нь хурдсан хөгжиж буй, хүн амын 97 хувь нь бичиг үсэг тайлагдсан Монгол орон цахим хуваагдлаа түргэн шуурхай арилгах ажлыг хөгжлийн олон асуудалтай давхар шийдэх алтан боломжийг цахим ертөнц олгож байна. Эдийн засгийн бололцоо, оршин суугаа байршил, интернетийн холболтын хүртээмж, насны ялгаа зэргээс хамаарч Монголын хүн амын цахим хуваагдал улам тод болж байна. Интернет мэддэггүй, ухаалаг гар утас, компьютер ашигладаггүй хэсэг нь өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох, орлогоо нэмэгдүүлэх боломжийг ашигладаг хэсгээсээ бага болсоор байна. Гэтэл хүн амын бүх давхрааг компьютерийн боловсролтой болгож, интернеттэй холбох техникийн боломж манай оронд үндсэндээ бүрдсэн гэхэд болно. Монгол Улсын бүх суманд гар утасны сүлжээ хүрснийг бүрэн ашиглаж, гар утас, компьютерийг яаж, юунд, яагаад ашиглах тухай бүх хүнийг хамарсан сургалт хийх цаг болжээ. Тэгээд ч нарны зайгаар цэнэглэн ашигладаг компьютер, гар утас бий болсон учир айл бүрт цахилгаан хүрэхээс өмнө Монгол айл бүр техникийн хувьсгалын үр шимээс хүртэх бололцоо бүрджээ.

Хот, хөдөөгүй хүн бүр интернет ашигладаг болчихвол манай улсын хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ. Малчин гэрээсээ GPS суулгасан мал, нохойны тусламжтайгаар мал сүргээ яг хаана бэлчиж байгааг мэднэ. Шинэ зеландчууд шиг нохойдоо хэлж, хонио гэртээ авчруулж чадна. Манайд цаг агаарын байдлыг олон хоногоор урьдчилан мэдэх тул байгаль, цаг агаарын бэрхшээлийг бага гарзтай удирдаж чадна. Малчид арьс шир, мах, сүү хаана, ямар үнэтэй борлогдож байгааг хүссэн үедээ мэдэж, хаана, хэнтэй ч, хүссэн үедээ дүрстэй ярилцлага хийж, зурагт үзэж болно. Бүх хүн интернет ашиглах боломж бүрдвэл нас хүйс, гарал үүсэл, боловсролын ялгаа бага болно. Тэтгэврийн насны, ажил мэргэжлийн арвин их туршлагатай хэдэн зуун мянган иргэн өөртөө таарсан ажил олж, идэвхтэй амьдралаа үргэлжлүүлэх боломжтой. Ганцхан сая хүний хөдөлмөрийн нөөцтэй атлаа залуучуудаа гадаадад ажилуулдаг, тавьхан настай иргэдээ хөгшин гэж үздэг гажиг тогтолцоотой манай орны хөдөлмөрийн нөөц ашиглалтын өгөөж эрс нэмэгдэнэ. Жишээ нь, далан нас хүрээд компьютер сурч, интернет ашиглах болсон иргэн Б.Загдаа таван жилийн дотор гурван ч ном бичиж, хорвоо ертөнцөөр аялах дуртай болжээ.

Найдвартай интернетийн холбоотой бол тогтмол гаргадаг олон мянган тайлан мэдээг улс орон даяар хүн явахгүйгээр, богино хугацаанд нэгтгэн хөдөлмөр, бензин тос хэмнэж, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулна. Төрийн бүх үйлчилгээг иргэд гэртээ суугаад авдаг, яваандаа сонгуулиа хүртэл гэрээсээ өгөх боломжтой. Хэл ам дагуулсан хэдэн тэрбум төгрөгийн, санал тоолдог машин авчирч сонгуулиа явуулчихаад, дараа нь хэдэн жилээр хэрэлдэж суух шаардлагагүй болно. Хэвийн хараатай хүн интернетэд аялах боломжтой бол өдөр тутмын олон ажлаа гэрээсээ гаралгүй амжуулна. Худалдан авах, ажил хайх, бүх төрлийн толь бичиг, лавлагаа ашиглах, очих газрын байршил, явах замаа тогтоох, банкны үйлчилгээ авах, төлбөр тооцоо хийх, цаг агаар шалгах, мэдээ сонин авах, харилцан захиа шуудан солилцох зэрэг ихэнх ажлыг бага зардлаар, шуурхай гүйцэтгэх боломж гарч хэмнэсэн цагаа бусад дуртай зүйлдээ зориулна.

БОЛОМЖОО ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Хийх шаардлага, хийх ажил нь тодорхой, үр дүнг нь хэмжиж болохуйц богино хугацаатай цахим хуваагдлыг арилгах ажлыг Шинэчлэлийн Засгийн газар хийвэл яасан юм бэ. Цахим ертөнцөд хийх ажил ийм их байхад аль нэг цахим хуудсанд хэн нэг этгээдийн бичсэн сэтгэгдлийг хянаж, бүртгэх зэргээр хэтэрхий жижиг, нялх тугалын аргамжааны уртаар ажиллахаа зогсооё. Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байхад томоор бодож, томыг бүтээе. Бүх нийтийг компьютержүүлэх ажлыг хийхдээ үйлдлийн бүх систем монгол хэл дээр гаргах ажлыг хурдасгах хэрэгтэй байна. Харилцаа холбооны компаниудыг бүх нутгаар хямд үнэтэй тоон мэдээлэл дамжуулах сүлжээг бүрдүүлэх чиглэлээр ажиллуулъя. Хөрөнгө оруулалтыг хүний яриаг сонсоход биш, сүлжээг өргөтгөх, хэрэглэгчээ мэдлэгжүүлэхэд хандуулъя. Тэгээд ч аймаг сумдын удирдлагууд интернетээр хурал хийж болоод байхад адилхан газарт амьдарч буй малчид яагаад интернет ашиглаж болохгүй гэж.

Засгийн газар 100 хоног боллоо гээд концерт тавихын оронд төдөн айлыг цахим сүлжээ ашигладаг болгосон, төдөн айлыг орон сууцанд оруулсан, төдөн км зам тавьсан, зассан гэх мэт тодорхой үр дүнг тэмдэглэж байя. “Хэмжиж чадахгүй бол удирдаж чаддаггүй” гэдэг шиг хэмжилт нь байж л үр дүнг нь харна. Солонгосын Ерөнхийлөгч асан Парк дайны дараа эдийн засгийн амин судас болох СөүлПусаны хооронд бариулж байсан авто зам хэдэн км-ээр нэмэгдэж байгааг өдөр бүр нисдэг тэргээр очиж шалгаж байсан шиг тодорхой үзүүлэлт ярьцгаая. Засгийн газар хэдэн цагаар ажиллаж байгаагаас илүү ямар үр дүн гарч буй нь илүү чухал байна. Интернет айлын гэрт орсноор улс орон үсрэн хөгжихгүй юм аа гэхэд хүн бүрт эрх тэгш боломж олгоно. Тэгээд ч харилцаа холбоо нь хүний эрх учраас ардчилсан төр засгийн хийх ёстой ажлын нэг бол цахим ялгааг арилгах явдал юм.