Энэ оны энэ сарын 21-нд манай дэлхийд нэг айхавтар юм болох бололтой. Зарим нь дэлхий сөнөнө гэх. Зарим нь болохоор дэлхий зүгээр ээ, хүний иргэншил соёл мөхнө гэж байна. Илбэ жатгатай, эх орондоо хайртай зарим мэргэдийн өгүүлж буйгаар Монгол ганцаараа босоогоороо үлдэх гэнэ. Өөр бас нэлээд шинжлэх ухаанч тайлбар ч байна. Галт уул дэлбэрнэ л гэнэ, газар хөдлөх юм болоод явчихлаа. Дэлхийн соронзон туйл бүтэн эргэж байраа солино гэсэн оргиналь санаа ч байна. Гэхдээ дандаа хар мууг зөгнөгсөд ч байгаа юм биш, шоонд нь сайн сайхан буусан хүн олон таарч байна. Эрин дуусч мөнхийн диваажин айлчлан ирж буй нь энэ гэнэ. Энэ өдрөөс хойш ирээдүйг авч явах дан ухаантан төрнө хэмээн өөрөө ч бас их ухаалаг царайтай нэгэн олон удаа ярилаа. Гэгээрлийн эрин үе эхлэнэ, бумбын эрин мэндлэнэ гэх мэтийн маш итгэл үнэмшилтэй аксиом ч гарч ирсэн. Юутай ч гэсэн хэд хоноод их сонин л юм заавал тохиох бололтой. Ийм олон янзын яриа хаанаас хэзээ хэнээс гарч яаж хөгжиж буйг сонирхон баахан лавлах, ном, интэрнэт шүүрдэн байж нэлээд материал олж үзсэнээ нэгтгэн энгийнээр тайлбарлая.

Хэргийн эзэн хэнгэргийн дохиур, өөрөөр хэлбэл жинхэнэ эх сурвалж нь Төв Америкт хэдэн мянган жил амьдарч байгаа маяа үндэстнээс үүдэлтэй юм байна. Манайд тавдугаар ангид үздэг Эртний дэлхийн түүхийн сурах бичигт мезоамерикийн эртний соёл иргэншлийн тухай огт байдаггүй болохоор үгүйдээ л миний үеийнхэн тухайлан сонирхож байгаагүй бол саяхи шуугианаас өмнө маяагийн талаар огт сонсож байгаагүй байх. Мезопатам буюу Тигр, Ефрат мөрний дундуур зургаан мянга орчим жилийн өмнө анхны иргэншил үүссэн гэж үздэг байсан бол мөн тэр үед Америк тивд Инк болон Маяагийн иргэншил бас үүсчээ гэдгийг ХХ зууны дундаас зөвшөөрөх болсон. Маяагийн иргэншил лавтай одоогоос дөрвөн мянган жилийн өмнө үүсч. Хамаарах хүрээ нь өнөөгийн өмнөд Мексик, Гондурас, Сальвадор, Гватимал, Бэлизийн нутаг болой. Х зууны үед буюу хуучин тивд Лалын иргэншил, Тангийн соёл оройлж байх үед алс Америк тивд Маяагийн соёл дээд цэгтээ хүрчээ. Цааш нь улам уруудан доройтсоор 1500 орчим онд испаничууд ирэхэд бүрэн мөхсөн байна. Одоо энэ хавиар зургаан сая орчим маяачуудын удам амьдардаг гэнэ.

Маяа нар одон орны судлал, зурхайг нэлээд хөгжүүлсэн гэнэ. Тэд нарны болон сарны аль аль тоололтой байж. 365 хоногтой нарны тоололдоо өндөр жил оруулж өгсөн нь европчуудаас өмнөх явдал. Цифр гэхэд тэгийг тэд уг нь энэтхэгчүүдээс өмнө бодоод олсон гэнэ. Эртний шүмэрийн тоолол 12-тын системтэй. Тиймээс 12 сар, 12 цаг, 60 хэм, тойргийн 360 градус зэрэг бидний өнөөгийн тооллын систем ийм байдаг. Маяачууд хорьтын систем хэрэглэдэг байж. Иймээс тэдний нэг сар нь 20 хоногтой. Бид долоо хоногоор долоо хоногийг гаргадаг нь таван гариг дээр нар, сарыг нэмдэг бол тэдний долоо хоног 13 хоногтой аж. Ингээд энэ хоёроо үржүүлэхээр 260 өдөр болно. Энэ бол маяагийн тооллын нэг жил. Тэд 360 хоногтой нарны тоолол давхар ашиглана. 52 жил тутамд  энэ хоёр тоолол давхцана, үүнийгээ эрин гэж үзнэ. Европ тооллоор зуун жилийг нэг эрин гэж үздэг тул одоо бол 21-р зуун. Монгол тооллоор 60 жилийг нэг эрин гэх учир одоо бол 17-р жаран. Маяачууд нэг эрин дуусч дараагийнх нь эхлэхээр шинээр пирамип босгон тэнгэрт тахил өргөдөг байж. Энэ тухай нь Мил Гибсоны хийсэн нэг кино байдгийг зурагтаар бишгүй нэг үзээ биз. Яг тэрэнтэй нь давхцаад нар хиртдэг шүү дээ. Маяа нар урт ба богино календарь хөтөлдөг байжээ. Мэдээж өдөр тутмынх нь богино. Манайд шинэ жилээр дараа жилийн календарь худалдаанд гардаг шиг. Харин урт буюу хэдэн зуунаар бичсэнийг нь зурхайчид хөтлөнө. Мэрэг төлөгт л ашигладаг байсан юм байгаа биз. Одоо манай ердийн каландарийг хийх ажилгүй бол хэдэн он хүртэл үргэлжлүүлэн хөтөлж тэмдэглэж болно. Тэрэн шиг маяагийн бөө нар мянган жилээр үргэлжлүүлэн хөтөлж. Магадгүй бичиж байсан чулуу нь дууссан юм уу, эсвэл зохиогч нас барсан ч байж болно. 2012 он хүртлэхээс гадна 2400 он хүртлэх календарь ч олдсон юм байна. Эрин дуусахаар сандралддаг явдал элбэг. 1000 ог гарахад бүх Европ үхлээ хүлээж байсан гэдэг. 2000 онд Христийг дахин ирэхийг олон хүн хүлээж шараа болж байсан.Тооллыг хүн зохиодог, тэр нь тэнгэр орчлонд ямар ч хамаагүй. Христ МЭӨ 4 онд төржээ, харин хожим буруу тооцоо гаргаж зөрүүлсэн, зөв тооцсон бол одоо 2016 он билээ.

1957 онд одон оронч Макэмсон бичсэн өгүүлэлдээ “Маяагийн 13-р бакатун эрин төгсөхөд их сонин учрал болно гэж тэд тэмдэглэжээ” гэсэн үг оруулсан аж. 1966 онд Коу гэгч энэ өгүүлбэрийг бүр хөгжүүлэн “Маяа” гэсэн номдоо 13-р эрин төгсөх үед дэлхий сөнөнө гэж авсан байна. Коу цааш нь энэ өдрийг өнөөгийн нийтийн тоололд тохируулж олох гэж бөөн юм болж, энэ нь ч тухайн үедээ зарим саваагүй хүмүүсийн анхаарлыг татсан бололтой. Маяа нар цаас болон папирус дээр ном бичих арга олоогүй учир шавар болон чулуун дээр “ном” биччихдэг аж. Шуугиан тариад байгаа урт календарь олсон Гватималын тэр орчимд жаран оны эхээр цементийн үйлдвэр баригдсан нь түүхийн дурсгалыг тоосоор хучиж, дараа дараагийн археологичид эртний номыг янз янзаар уншиж хоорондоо маргах шалтгааны үүд болжээ. Зарим нь эрин дуусахад тэнгэрээс аймаар юм унана гэж тайлж байхад, өөр эрдэмтэд тийм юм огт алга, зүгээр л хуанли байна гэх мэт. Хамгийн их маргаж буй нь тухайн нэг тэмдэгтийг “9” гэж тайлбарлахад нөгөө нь ”бурхан” гэж байна гээд л үүнээ цааш нь хар цагаан зөн болгож хөгжүүлдэг юм байна л даа. Дэлхийн сөнөлийн өдрийг өнөөгийн нийтийн тоололд тохируулах гэж бөөн маргаан. Сөнөлийн онолыг дээр өгүүлсэн Майкл Коу бүр том сенсаци болгосон учир яг тодорхой өдөр нь хүмүүст маш сонин байсан хэрэг. Вотэрс гэгч үүнийг 2011.12.24 гэж тогтоосон бол Маккэн гэгч тодорхой огноо хэлэлгүй 2012 он гэжээ. 1983 онд Морли, Шэрэр нар энэ огноог 2012.12.21 гэж анхлан зарласан юм байна. 3113 оны 8-р сарын 13 гэж яг таг хэлсэн судлаач ч бий. Юутай ч 2012 он ойртох тутам Маяагийн зөн улам алдаршиж мэдээллийн хавтгайрал болсон манай дэлхийн долоон тэрбум хүний 14 тэрбум чихэнд хэдийнээ хүрчээ. Өөрийнхөө мөхлийг зөгнөн хэлж чадаагүй маяачууд дэлхийн сөнөлийг яг таг таасан болж таарав аа.
   
Ер нь энэ огноог гаригуудын жагсаал хэмээх үзэгдэлтэй зориуд тааруулсан байх магадлалтай гэнэ. Гаригийн жагсаал буюу коньюнкци гэдэг нь манай нарны аймгийн гаригууд нэг шугам дээр давхцахыг хэлнэ. Бага жагсаал гэдэг нь дэлхийг оруулалгүй дөрвөн гариг нэг шугамд очино. Их жагсаал гэдэг нь дэлхий ороод буд, сугар, ангараг, санчир, бархасвадь, тэнгэрийн ван гариг нэг шугамд. Цагийн хоёр зүү өдөртөө маш олон, гурван зүү өдөртөө цөөн удаа давхцдаг шиг л юм. Сүүлчийн их жагсаал 2002 оны 4-р сард, сүүлчийн бага жагсаал 2008.12.1-нд тохиожээ. Элбэг тохиолдол боловч манай дэлхийгээс ажиглагдэх нарны байрлал оддын аль бүлэгтэй давхцахаар нь бас өөр дүн гаргаж болно. Үхэр жил 12 жилд нэг тохиох авч цагаагчин үхэр жил 60 жилд нэг тохиолдоно гэдэгтэй дөхүүлэн ойлгож болох аж. Ийм тооцоогоор 2012.12.21-ны их жагсаалыг 2160 жилд нэг тохиох ч гэж бас хэлж болох. Оддын бүлэглэл гэдэг нь бидний ихэр, арслан, харваач, хилэнц гээд байдаг өрнийн зурхай ба нар 72 жилд нэг хэмээр бүлэг оддыг тойрох байдлаар хөдлөх ба 25 800 жилд 360 градус бүтэн тойрдог аж. Гэхдээ энэ нь манай дэлхийгээс ажиглагчийн л харагдах өнцөг шүү дээ. Би сайн мэдэхгүй, түрүүн одны нэр андуурч зөрүүлж бичсэн хэргээр нэг “эрдэмтэнд” цаазлуулах шахсан. Гэхдээ бүдүүн тойм нь иймэрхүү бололтой. Ер нь энд астрономын тухай биш шуугиан яаж үүсэв, тэр нь ямар учиртайг л ойлгосноороо тайлбарлах гэсэн юм.
   
Хүн айх дуртай байдаг, энэ нь бас нэг зүйлийн даавар ялгадаг бололтой. Түүнээс гадна энэ дэлхийд итгэмтгийн, гэнэн, тэнэг, боловсролгүй хүмүүс хангалттай олон. Энэ бол их хэмжээний мөнгө хийх бололцоо. Энэ нүх рүү юун түрүүн уран зохиол, утга зохиол, кино урлаг шунгинан дайрч орлоо. Маяагийн иргэншил мөхөхийн эхлэл үе 1500 оныг Гибсон “Апаколипто” кинондоо үзүүлсэн нь их амжилт олдог. Испаничууд ирж байгаагаар кино төгсдөг. Араас нь дэлхий хөлдөж, мөргүүлж, хайлж сөнөж байгаа зөндөө кино үйлдвэрлэгдсэн. 2009 онд дэлгэцэнд гарсан “2012 он” кино маш их амжилт олсон. Кино гарахаас өмнө “12 оны дэлхийн сөнөлд бэлдэцгээ” гэсэн реклам их гарчээ. Энэ нь киноны далд суртчилгаа байв. Реклам кинотойгоо ямар ч холбоогүй. Тэгэж байгаад кино гэнэт дэлгэцэнд гарангуут ийм өдөөлтөд бэлтгэгдсэн байсан хүмүүс театр руу урсаж өгөх нь тэр. Энэ кино 700 сая долларын орлого олсон нь галзуурмаар үзүүлэлт. Уран зохиол замаа алдсанаас гадна мэрэг төлөг, шинжлэх ухааны нөмрөгтэй судалгаа, таамаглалын олон ном гарч амжилттай борлогдлоо. Дэлхий хавтгай болсон өнөө үед инернэт кино, урлаг, ном, гээд бүхий л төрлөөр мэдээлэл янз бүрийн хувилбартайгаар тарав. Салвадорын аялал жуулчлалын сайдын бодож олсон нь бүр ориг. Маяагийн соёл сонирхогчид зөвхөн Мексикт очоод байсан тул тэрээр Салвадор, Гватималд байдаг жижиг пирамид руу жуулчид даллахын тулд дэлхий сөнөх цуурхлыг төрийн бодлого болгожээ. Ингээд тэр хавийн улс орнуудын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр энэ ажлын олон улсын утгатай болгон идэвхижүүлэх болов.  Дэлхий сөнөх өдөр хүртэл явах асар том цагийг Мексикийн нэгэн маяа пирамид дээр зоосон нь жуулчдыг татах зорилготой.
   
2012.12.21-нд яг юу болох тухай маш олон таамаглал бий, замбараагаа алдсан. Маяачууд их ухаантай, бас зөнтэй, тэд одон орон судлалыг өнөөгийн биднээс илүү мэдэж байсан. Энэ бол нэлээд доод төвшнийхөнд зориулсан цуу. Дэлхий сөнөх боловч Монгол ганцаараа үлдэнэ гэдэг бол ориг монгол хувилбар нь. Гэхдээ Францад нэг тосгон үлдэх тухай яриад байгаа, тэгэхээр ориг биш ч юм болов уу? Газар хөдлөх, галт уул дэлбэрэх тухай таамаг байна. Магадгүй тэр өдөр хаа нэгтээ ингэж болох л байх, гэхдээ тэр нь маяагийн зөгнөлтэй холбоогүй байхаа. Дэлхийн соронзон орон тэр өдөр гэнэт эргэж туйлаа солих гэнэ. Шинжлэх ухаан хэлэхдээ туйл солигдох явц мянгаас 10 мянган жил үргэлжилдэг урт процесс гэнэ. “Цагийн долгионы тэг цэг”, “галактикийн эквадор”, “нарны хүйтэн зогсолт”, “галактикийн тэнцэл” гэх мэт зөндөө олон нэр томъёо шинээр гарч ирлээ. Үүнийг гол төлөв сонирхогч сайн дурын, нэр барьсан гэх мэтийн “шинжлэх ухаанчид” гаргаж ирсэн ба тэд аль болох шинжлэх ухаанчаар дэлхийн сөнөлийг тайлбарласан байна. Харин шинжлэх ухааны аль ч байгууллага одоогоор нэгийг нь ч зөвшөөрөөгүй аж. Мэдрэлийн согогтой, өвчин зовлонтой улс энэ нээлтэнд бас өргөнөөр хамрагдсан байх юм. Мэдээж хэрэг луйварчдын арми тэр чигээрээ жагссан. Шашны зарим байгууллага, тодорхой санваартан ч нэгдсэн. Тэр байтугай төрийн хариуцлагатай албатан оролцсон мэдээ байна. Бразилийн Сан Франсиско дэ Паулуо хэмээн нэг жижиг хотын дарга иргэдээ хоол хүнс базааж хээр гадаа энэ өдрийг хүлээх талаар албан ёсны анхааруулга өгсөн гэнэ.
   
Дэлхий сөнөнө гэдэгт хүмүүс хэр итгэж байгаа талаар 2007 онд 21 оронд судалгаа явуулжээ. Дэлхийн хүн амын найм орчим хувь нь итгэж байгаа юм байна. Гэхдээ тухайн орны хөгжил боловсролын төвшин, хот хөдөө зэргээс хамаарч байна гэнэ. Мэдээж хэрэг энэ тоо ойртох тусам нэлээд өсөө биз.
   
Дэлхий сөнөх сургаар аврагчид олон төрснөөс гадна эерэг өөрчлөлт гарахыг нэвт хардаг удган, бөө, лам, хувраг, хэнээтэн, өвчтөн, ашиг завшаан хайгч бишгүй нэг тодорч байна. Энэтхэгийн гуру Шри Бхагаван гэгч 2012 оныг хүн төрлөхтний шинэ гэгээрлийн эрин эхлэнэ гэж зарлав. Вишна бурхан ер нь маяачуудаас өмнө ингэнэ гэдгийг захиж байсан аж. Харин маяачууд Вишнагаас яаж хулгайлсныг нуугаад хэлэхгүй байна. Бибилид гардаг Шүүлтийн өдөр маяагийн тоололтой тохирч байгаа талаар Данил Пинчбэк гэгч санваартан зарлан энэ талаар хөдөлгөөн ч өрнүүлж байгаа. Харин саяхан оросууд хууль гаргаж шуугианыг далимдуулан хүмүүсийн толгой эргүүлж сандрал бужигнаан зохион байгуулж байгаа этгээдүүдэд хариуцлага тооцохоор болжээ.

Нэг л юм тодорхой. Ямарч байсан бид 12 сарын  22-нд уулздагаараа л уулзаж бие биеийнхээ царайг харна, харин төлөгч үзмэрч нар “ямар ч байсан энэ удаад аварч чадлаа,  2013 онд баларна даа” гэх л болов уу.

2012.12.12