НЭГ. Хэнри Форд Америкийг автомашинжуулсан. “Америкчууд дөрвөн дугуйн дээр амьдардаг” гэсэн ч хэлц үг гарч байсан юм. Кино бол Америкийн үндэсний урлагийн нэг адил автомашин бол Америкийн үндэсний үйлдвэрлэл юм. Энэ хоёр бол Америкийн соёл, үндэсний бахархал. 1960 он гэхэд тэд жилд 10 сая машин үйлдвэрлэлээс гаргаж дэлхийн бүх эргэлтийн хагасаас илүүг хангадаг болжээ. Хоёр иргэн тутамд нэг машин ноогдох хэмжээнд далан он гэхэд хүрсэн. Форд, Жэнарал моторс, Крайслэр гурвын үйлдвэр Дэтройд хотод төвлөрсөн учир дэлхийн хамгийн аж үйлдвэржсэн хотоор шалгарч байв. Америкийн хөгжлийн бэлэг тэмдэг, ХХ зууны ажилчин ангийн төв.

Ямар ч сайхан юм төгсгөлтэй байдаг нь харамсалтай. 1965 онд “Ямар ч хурдтай явсан аминд халтай” гэсэн ном худалдаанд гарч бараг бүх америкчууд худалдан авав. Учир нь автомашины үйлдвэрлэгчдийг будаа болгож хэрэглэгчдийг анхааруулсан энэ ном иргэн болгон нь жолооч энэ оронд бүх хүнд хамаатай аж. Зохиогч нь Ливанаас цагаачилсан араб гаралтай Ральф Нэйдэр гэгч. Хуульч мэргэжилтэй тэрээр зах нутагт өмгөөлөгчөөр ажиллаж байснаа алдрын оргилд хүрэхээр шийдэн Вашингтонд суурьшиж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалагч жагсаалчин, цуглаанчин, илтгэгч – нэг үгэндээ чангаар ярьдаг нийгмийн зүтгэлтэн болсон аж. Ард түмний хайртай баатар болов. Крайслар хэрэглэгчдийг ингэж хохироосон, Форд эгэл борчуудыг тэгэж хулхидсан, үхэх гээгүй юм бол Жэнэрал моторсын машиныг авч унаваа, ер нь ямар ч хурдаар явсан америк машин шууд л осолд оруулдаг гэх мэт. Аймшгийн кино! Автомашины үйлдвэрүүдийн брэнд нэрийг нь улсад хураах ч санал гаргаж байж. Ард түмэн дэмжээд л, мань хүн халимаг үсээ сүгсэлзүүлээд л нүдэндээ доголон нулимстайгаар цахирдсан хоолойгоор илтгэн тэднийгээ хэрхэн хулхидуулж байгааг өрөвдөн уйлагнана.

1975 он гэхэд Японы автомашин үйлдвэрлэл Америкийнхтэй тэнцээд ирэв. Хачирхалтай нь Америкийн үйлдвэрлэл жил тутам хурдтай буурч эхэлжээ. Хүмүүс америк машин авахаасаа татгалзаж хямд мөртөө аюул заналгүй найдвартай гэж суртчилагдаж байгаа япон машин руу хуйлрах болж. Сулраад ирсэн Америкийн автомашины зах зээл рүү 1990 он гэхэд германчууд довтлон хэд хэдэн үйлдвэрээ нутаг дээр нь байгуулав. 2000 оноос Солонгосын довтолгоо орж ирлээ. Дэлхийн аж үйлдвэрийн төв гэгдэх Дэтройд 2000 он гэхэд хамгийн ядуу хотын нэг болсон ба саяхан Тайм сэтгүүлд гарснаар энэ хотыг чөтгөрийн хот гэх болжээ. Ажилгүйдэл, ядуурал нөмөрч оршин суугчид нь хаяж зугтаасаар нурж унасан эзэнгүй байшингуудад нь гуйлгачид, гэмт хэрэгтнүүд мэтийн “чөтгөр” үүрлэх болсон байна. Америк мөрөөдөл өөрийн төгсгөлтэй гэдгийг энэ хотоос харж болно гэж тэмдэглэсэн байх юм. 2008 оны хямралаас үүдэн Обама Америкийн автомашины үйлдвэрлэлийг сэргээх гэж оролдох боллоо. Нэгэнт зах зээлээ эзлүүлээд хамаг тоглоом яваад өнгөрсөн болохоор тэрээр тун бохир, шудрага бус тоглолт хийх болов. Ерөнхийлөгч Обама мань Нэйдэрийн олхиогүй аргыг хэрэглэх болж. Япон, Солонгосын машины осол доголдлыг нэг бүрчлэн бүртгэж аваад хэдэн сая автомашиныг эргүүлж татахыг Тоёото, Мицубиши, Хьюндай, Хондо компаниудад тулгах болжээ. Том зах зээл эзлээд авсан япон солонгосчууд номхон нь аргагүй хүлээн зөвшөөрч сая саяар нь машинаа татан авч уучлал гуйгаад засаад эргүүлээд өгч байна. Гэлээ ч америк машин үйлдвэрлэл сэргэж өгөхгүй л байна. Үйл явдал болдгоороо болоод өнгөрсөн шүү дээ. Никсоноос авахуулаад Ерөнхийлөгч болгон АНУ-Японы худалдааны тэнцвэр алдагдсанд гомдол гаргаж байгаа боловч ямар ч үр дүн гараагүй.

Нэйдэр хэсэгтээ үндэсний баатар байж хэдэн жил сүгсэлзсэн дээ. Тэрээр дараа нь нефть үйлдвэрлэгчид рүү дайрч, тэдний шулж мөлжиж буйг гайхан баахан толгой сэгсрэн уйлагнасан. Чөлөөт худалдааны эх орон Америк шатахууны үнийг төрөөс хянах болж хямд бензин хэрэглэн сагсалзаж яваад 1973 оны нефтиэс үүдэлтэй дэлхийг хамарсан эдийн засгийн хямралд золтой л цаашаа харчихаагүй. Нэйдэрийн орилж оролцож тэмцээгүй салбар бараг үгүй дээ. Эрүүл мэнд, боловсрол, худалдаа, хүнс, эм, жуулчлал, холбоо, монополийн эсрэг гэх мэт. Үйлдвэрлэгч болгон хулгайч, худалч, луйварчин, мөлжигч, тонуулч харин хэрэглэгч болгон хохирогч, хулхидуулагч, гэнэн аж, түүнийхээр. Тэрээр олон дагалдагч, олон дуурайгчтай болсон. Тэднийг лавлах, толь бичигт “Нэйдэрийн довтлогчид” гэж нэрлэдэг, бүр тийм нэр томъёо бүртгэгдэж. Гэвч асар их хохирлын дараа хүмүүс түүнийг ойлгосны жишээ нь Ерөнхийлөгчид дэвших бүрд нь хичнээн хүн дэмжиж буйгаас харагддаг. 2000 онд “Эгэл борчуудынхаа төлөө” уриатайгаар сонгуульд ороход америкчуудын ганц хувь нь дэмжсэн байна билээ. Гэхдээ Буш, Аль Гор хоёр яг тэнцдэг нь хашир эрээс болсон учир шуугиан их тарьсан. 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа оролцоогүй нь хөгширснийх бололтой. Нэйдэр жилийн гурван сая долларын орлоготой авч бүгдийг нь “Нэйдэрийн довтлогч” багт тараагаад өгчихдөг, өөртөө хувийн машин ч байдаггүй, амьдралдаа гэрлэж үзээгүй нэгэн. Яагаад гэрлэдэггүйг нь сурвалжлагч асуухад “Би өдөржин цуглаан хуралд орж, шөнөжин конгрессийн илтгэл болон шинэ хуулийг уншдаг. Хүн эсвэл ажилдаа эсвэл гэр орондоо биеэ зориулах ёстой. Хувьсгалч хүнд эхнэр хэрэггүй!” гэжээ. Нэйдэрийг хэрэглэгчийн эрх ашгийг цогтой хамгаалагч, түүний ачаар жолооч заавал аюулгүйн бүс зүүхийг шаардах хуультай болсон гэж магтах нэгэн байдаг ч түүн шиг нийт эдийн засагт ийм том хохирол учруулж чадсан дан ганц бие хүн өөр байхгүй.

ХОЁР. Америкийн эдийн засгийг хорлосон үзүүлэлтээр Нэйдэртэй мөр зэрэгцэхүйц ганц өрсөлдөгч нь Америкийн нүүрсний үйлдвэрчний эвлэлийн удирдагч Жон Луис билээ. 1916 онд нүүрсний аж үйлдвэрийн 400 мянган ажилчин ажил хаясан нь түүний од гийх тохиол болсон юм. Тэр бол аугаа илтгэгч. Дороо удирдагч болов. “Нүүрсний уурхайн эрхэм эзэнтээн, би уурхайчдын гэр бүлийн өмнөөс ярьж байна. Тэдний бяцхан хүүхэд өлссөндөө хий л хоосон тавгаа долоож байна. Тэд танаас 100 мянган долларын завин онгоц гуйгаагүй. Тэд таниас Роилс Роис машин гуйгаагүй. Танаас ердөө л зүсэм талх горьдож байна”. Хэдийгээр Америкт өлсгөлөн нүүрлээгүй ч цалин нэмэгдүүлэх иймэрхүү уран цэцэн шаардлага уурхайчдын дэмжлэгийг дороо хүлээлээ. Бас нэг үндэсний баатар.

1929 онд Америк их хямралд идэгдэн иргэд нь толгой дараалан ажилгүй болов. Луис Ерөнхийлөгч Рүзвэльтийг идэвхитэй дэмжсэн нь ажилгүйдлийн тэтгэмж зэргийг өөрийн үйлдвэрчний эвлэлд ахиухан олгуулах зорилготой аж. Гэвч Ерөнхийлөгч бусад үйлдвэрчний эвлэлтэй ч бас хамтарч байсан нь бусдынхаа дээр гарч үйлдвэрчний монопол тогтоох гэсэн түүний эрхэм хүсэлтэй нийцээгүй учир удалгүй муудалцжээ. Тэр үеийн Америк нүүрсний аж үйлдвэрээс хэтэрхий хамааралтай байлаа. Ялангуяа дэлхийн дайн эхэлснээр нүүрснээс чухал түүхий эд үгүй болов. Чухам энэ үед Луис цалин нэмэх ээлжит ажил хаялт зарлав. Дайны үе учир эх орны эрх ашгийн тулд ажил хаяхгүй гэсэн олон ажилчин гарсныг мань эр няц дарсан юм. Үйлдвэр уурхай болгоноор ээлжлэн биеэр очиж ухуулахын зэрэгцээ ажил хаяхаас татгалзсан болгоныг хөлсний нохой, урвагч, тагнуул туршуулаар нь дуудан мохоож байжээ. Луис удалгүй гангийн үйлдвэр, автомашин, цахилгаан бараа, мах үйлдвэрлэлийн үйлдвэрчнийг өөртөө нэгтгэн анхны ерөнхийлөгч нь болсон. Ийм аварга бүтэц нь Америкийн төрийг шахалтанд оруулах хангалттай хүч юм. Энэ хэрээрээ нийт эдийн засгийн хөгжилд асар их хохирол учруулж буйг хүмүүс ажиглах боллоо. Түүний шахалтын үр дүнд олон ч компани хаалгаа барьж тэр хэрээр ажилчид харин ч хохирч байлаа. Ялангуяа түүнд хамаарах үйлдвэрлэлийн салбарын ажилчид бусад салбарынхнаас илүүтэй харж үзэгдэгдэх болсон нь олны дургүйг хүргэх болжээ. Луисыг 1969 онд нас барахад нийтээр үзэн ядах болсон олон нийт гашуудахаасаа илүүтэй баяралжээ. Ардчиласан тогтолцооны сул талыг ашиглаж тодорсон ад зэтгэр алга боллоо гэж үзсэн хэрэг.  

ГУРАВ.
1949 онд ЗХУ атомын зэвсэгтэй болсноо зарлав. Нацист Германаас хойш АНУ-д заналхийлэх болсон газар нь Орос. Бүх дэлхийд коммунизм байгуулахын тулд дайн хийж хүчирхйлэл үйлдэнэ гэдгээ Сталин ил тод зарлах болсон. Ийм аюултай дайсны гарт энэ зэвсгийг атгуулсан эзэд нь америкийн өөрийнх нь урвагчид, тагнуулууд. Цөмийн технологи хулгайлж дамжуулсан хэргээр 1950 онд эхнэр нөхөр Розэнбэргийг цахилгаан сандалд суулгалаа. Цаашид ийм явдал гарахаас сэргийлж хяналт шалгалт чангарлаа.  

Яг энэ үед Америкийн парламетад халимаг үсээ сэгсчүүлсэн бас нэг сүгсэлзүүр тодорсон юм. Түүнийг сэнатч Жозэф МакКарти гэдэг. АНУ-ын төрийн департмэнтэд 205 коммунист сэм шургалсан болохыг тэрээр 1950 онд зарлаж нийтийг цочроов. Хүйтэн дайн эхэлж байсан хардлага айдас бухимдлын жилүүд. Хүмүүс дороо л МакКартиг дэмжин үндэсний баатарт өргөмжилж цогт эх оронч гэж үзэх боллоо. Тэрээр ядах юмгүй Конгрессийн мөрдөн шалгах дэд хороог удирдах болжээ.

Ингээд л дуу шуугиантайгаар шулмын анд мордох нь тэр. АНУ-ын Засгийн газар, шүүх прокурорыг хүртэл айлгадаг байсан мангас. Өөртөө нэр алдар авчрахын тулд түүнд улсын нууц гэх мэтийн ойлголт байсангүй, шууд л радио телевиз дуудан коммунист гэсэн нэгнийг олны нүдэн дээр шахан баривчлуулж бараг л өөрөө мөрдөж, хянаж зарлигдаж байлаа. Араасаа ард түмний дэмжлэгтэй тэрхүү тодорсон эх оронч Америк орныг хөмрөхтэй шахсан юм. Юун түрүүн армид аймшигт ангуучлал явуулан шалгаж хөөж баривчилж, гэмтнийг хэдэн зуугаар нь илрүүлж байв. Хожим мэдэгдсэнээр үй олгоор нь хэлмэгдүүлэн гүтгэсэн байдаг. Мөн тэрээр урлаг руу дайран Холивүүдэд дайн зарласан юм. Америк ийм балмад явдал урьд хожид үзээгүй. Алдарт Чарли Чаплингаас эхлээд өртөөгүй нэгэн ч ховор. Чаплин Америкаас зугтаасан. Төрийн ажилтнаас авахуулаад олон нийтийн зүтгэлтнүүд ч түүний хараанаас мултарсангүй. Мөрдөх, шалгах, хориглох цуцлах бүх үйлдэл нарийн хуульчлагдсан, үүнийг хариуцсан төрийн институциуд байдаг авч ард түмнээсээ дэмжлэг хүлээн хадандаа гарсан МакКартид энэ бүхэн хамаагүй аж. Эцэст нь энэ даварсан явдал жаазнаасаа хальж нийт ард түмнийг айдаст авахуулсан тул түүнийг тушаалаас нь мулталж байж нэг юм салсан. Түүний үйлдлийг маккартизм гэдэг. Энэ бол хүний эрх эрх чөлөөний эсрэг хандсан Америкт болсон хамгийн жигшүүрт үйлдэл гэж өдгөө үздэг. Америкийн хамгийн үнэт зүйл болох үзэл бодлын эрх чөлөө Маккартигийн гараар сөнөх шахсан нэг ийм эмгэнэлтэй түүх байна.

ДӨРӨВ.
Архи бол амьдралын дайсан. Архидалт нь нийгмийн урхаг өвчин. Хүн төрлөхтөн хэдэн мянганы турш архидалт, янхандалт гэсэн нийгмийн өвчний эсрэг тэмцэж ирсэн. Энэ бол хүн бүрийн мэдэх зүйл. Гэхдээ XIX зууны дунд үеийн Америк шиг архины эсрэг нийтийн хөдөлгөөн үүсч, нийгмийн бараг бүх давхрагыг хамаарч байсан нь үгүй. Үүнд шашны байгууллагууд манлайлан, араас нь эмэгтэйчүүдийн олон нийтийн байгууллагууд хошуурав. 1869 онд Архины эсрэг улс төрийн нам байгуулагдлаа. Тэд давалгаалан түрсээр 1881 онд Канзас мужид архийг бүр мөсөн хориглуулж дөнгөв. Шашны болон эмэгтэйчүүдийн байгууллагын удирдагчид үндэсний хэмжээний баатруудаар тодрох нь тэр. Хаа л бол хашгирч гуугачсан, цугласан жагссан хүүхнүүд, санваартнууд. Архи гээч энэ бузар идээг бүр мөсөн байхгүй болгосноор хүн төрлөхтөн диваажинд залрах бололтой. Үүнд гагцхүү төрийн хатуу хууль л байхад болоод явчихана. Ингэж орилж чарлан сүгсэлзэж ард түмнээс оноог боодол боодлоор нь цуглуулах аж.

1916 онд сонгуульд орсон улс төрийн бүх нам архины эсрэг лоозонгоороо хоорондоо уралдаж байв. Ингээд 1917 онд Үндсэн хуулийн 17-р нэмэлт гэдгийг Конгресс батлан АНУ-ын нутагт архи үйлдвэрлэх, худалдаалах тээвэрлэхийг хуулиар хорьсон юм. Энэ бол америкчууд Германтай байлдаж байсан үе. Архины эсрэг хууль зөрчсөн болгоныг Германы тагнуулаар зарлана. Гэвч тун удалгүй уг хуулийн гууль цухуйх нь тэр. Архийг хулгайгаар худалдах, үйлдвэрлэх, тээвэрлэх явдал зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй боллоо. Сицилийн, Неополийн мафи энэхүү цэцэглэж байгаа олзон дээр шаван Италиас тэр аяараа нүүн иржээ. Удалгүй Америк тэр чигээрээ мафижих нь тэр. Аль Капоно, Шүстэр, Багси гээд баатрууд ч төрөв. Аль Капоно гэхэд л жилд 60 сая доллар зөвхөн архины худалдаанаас олж байж. Цагдаа, хүчнийхний ганц хийдэг ажил нь архины эсрэг хуулийн биелэлт. Торхоор нь богооноор нь хурааж аваад л асгаад л. Ингэх тутам гэмт хэрэг тэгэхээс тэгж байгаа юм шиг улам эрчимжиж, улам нарийсах аж. Америк гэмт хэргийн үүр боллоо. Өнөөх сүгсэлзэгсэдийг үзэж байгаагаар төр олигтой тэмцэхгүй байна гэнэ. Бараг л сэжиглэгдсэн болгоныг цахилгаан сандалд суулгаад байвал тун удахгүй нийгэм цэвэрших аж. Архины эсрэг энэ хуулиас болж Америк цэвэршсэнгүй, харин ёстой муухайгаар бузартсан. Ёс суртахууны том гарз авчирсан энэ хуулийг 1933 онд арай гэж нэг юм цуцалжээ. Өнөөгийн эгэл жирийн америкчууд архины эсрэг хууль үйлчилж байсан тэр жилүүдтэй харьцуулахад хамаагүй бага архи уудаг гэнэ.

Төр хуулиар өгөгдсөн үүргээ эс биелүүлэх буюу хагас дутуу гүйцэтгэхээр буй болсон цоорхойгоор нь хэт идэвхитэй, аугаа ихийн хэнээтэй мулгуу хүмүүс дайран орж нийгэмд нөхөж баршгүй хохирол учруулдаг ажгуу. Ийм үндэсний баатрууд дандаа ард түмний нэрийн өмнөөс ард түмнийхээ төлөө л хоолой мэдэн орилдог ч үр дүн нь ард түмний эсрэг гардаг.

2012.12.10