Булган аймгийн засаг даргаар сүүлийн 30 жилд бараг анх удаа АН-ын гишүүн залуу 3,6 жил ажиллалаа. УИХ-ын сонгуульд эрх баригч МАН ялж, харин орон нутгийн сонгуульд АН ялсан учраас улсын хэмжээнд сөрөг хүчнээс аймаг удирдаж хэдхэн залуу ажилласан гэсэн үг. Засгийн газрын зүгээс ч тэднийг сөрөг хүчний хүн гэх яль шаль дарамт, сөргөлдөөн үүсгэлгүй ажиллах шиг болсон.

Манай Булган аймгийн хувьд хөгжлийн үзүүлэлтүүдээр доогуурт явдаг. Тийм болохоор дайраад өнгөрсөн, аялж зугаалаад буцсан болгонд л чичлүүлдэг. Эрдэнэт хэмээх том айлын хажууд болохоор тавилангийн хувьд жаахан хэцүү зүйлс бидэнд байдаг нь үнэн. 

Социализмын үед байгуулагдсан гурилын үйлдвэр, хүнсний үйлдвэр, багсармалын үйлдвэр, модны үйлдвэр гээд хэдэн сайхан үйлдвэрүүд нь өмч хувьчлалтай хамт “нүд аньчихсан” юм. Ажилчид нь ч ид насандаа ажилгүйчүүдийн эгнээ рүү шууд шилжсэн. Өнгөрсөн гучинд гарсан алдаа завхралтай өмч хувьчлалын бодлогын золио Булганы Зүүн түрүүнд очиход үйлдвэрийн хаалттай хашаа, дээвэрт нь амьдрах тагтаа нь ч цөөрсөн анир чимээгүй орчин, хатаж ширгэсэн голын эрэг, эрчмийн хуучин тууринаас хамар нэвт ханхалдаг юм. Энэ бүхэн одоогийн төр засагт ажиллаж буй залуусын буруу биш. Тэд энэ бүхэнд ямар ч хамаагүй. Энэ бол өнгөрсөн үеийнхний асуудал. Ер нь бид гучин жил явж ирсэн буруу эргүүлгийнхээ бурууг гуравхан жил ажилласан, буглаа бээрээс нь салгах гэж чардайж байгаа залуучуудаас хайх, тэдэнд тохох нь тэнэглэл бөгөөд зүгээр л улс төрийн зорилготой муйхарлал юм. 

Булган бусадтай адилхан хөгжиж болох л байсан байх. Ядаж хөгжих гэж оролдож болох байсан байх. Гэхдээ яагаад ч юм улам л нугдайж, улам л бүүдийсээр байсан. Эрдэнэт хэмээх Монголыг төдийгөөс өдий хүртэл чирч яваа үйлдвэр Булган аймгийн нутаг дэвсгэр дээр анх байгуулагдсан. Зууны үйлдвэртэйгээ харин зузаан харилцаа тогтоож, ашиг шимээс нь олигтой хүртэж чадаагүй нь арчаагүйнх биз. Эрдэнэт усны төлбөр, өөр юу ч билээ төлөөс өгдөг. Тэр нь жилээс жилд нэмэгдсээр л яваа. Харин юунд зарцуулдаг нь сонин. 

Б.Ариун-Эрдэнэ харин амжилттай хэлэлцээр хийж, цэвэр усны төлбөрт авдаг мөнгөө 500 сая болгож чадсан. Түүнээсээ залуучуудынхаа боловсролд хөрөнгө оруулалт хийх зоримог шийдвэр гаргаад ажилласан. Одоо Булганы олон залуучууд гадаадад нарийн мэргэжлээр суралцаж байна. Өмнө нь хаашаа орчихдог мөнгө байсан юм, бүү мэд. Хангал суманд хөөрхөн цэцэрлэг бариулчихсан л байна. Нэг нэгээр нь гуйгаад явсан бол өчнөөн жил засаглахдаа өчнөөн цэцэрлэг бариулчих л байсан байх. 

Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ залуучуудтайгаа гэрээ хийж, тэднийг гадагшаа зуучилж, ЕШ-ийн шалгалтдаа өндөр оноо авсан сурагчдаа дотоодын их дээд сургуульд ч тэтгэлгээр суралцуулж байна. Энэ ажлыг эртнээс хийсэн бол юу гэж боловсон хүчний доройтолд орж, ЕШ-ийн үзүүлэлтээрээ хүртэл сүүл мушгиж байх вэ дээ. Тэр боловсролын чиглэлд үнэхээр онцгой анхаарч ажилласан. Ямар ч байсан үр дүн гарч байна. "Шинэ багш", "Шинэ ирээдүй" "Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр" зэрэг үр дүнтэй хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсний үр дүн гарч боловсролын салбарт ахиц дэвшил гаргасан. “Аймгийн Засагдаргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 3 дах жилдээ хэрэгжүүлэн, 102 суралцагчийг хамруулж, орон нутгийн төсвөөс 428.5 сая төгрөгийг зарцуулсан байна билээ. Өмнөх оны тэтгэлэгт хамрагдсан хүүхдийн тоотой харьцуулбал 53 хувиар, олгосон санхүүжилт 52.0 хувиар өссөн дүнтэй байна. Өнгөрсөн 2023 онд гэхэд боловсролын салбарт нийт 11.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс улсын төсвөөс6.9 тэрбум, орон нутгийн төсвөөс 2.7 тэрбум, хандив тусламжаар 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Түүнийг засаг дарга болох үед буюу 2020 онд Булган аймаг Улсын төсвөөс хамгийн бага татаас авдаг байсан. Үндсэндээ 8 орчим тэрбум төгрөг. Ийм нөхцөлд ажил хүлээж авсан тэр хөгжлийн бусад боломжийг хайсан. Тэр бол гадаад харилцаа. Энэ чиглэл рүү өөрөө хүч хаяж ажилласан. Үр дүнд нь өнгөрсөн хугацаанд Япон, Солонгос, Вьетнам, ОХУ, Беларусь, Чех, Унгар, БНХАУ зэрэг орнуудын Элчин сайдын яамдаар дамжуулан тэдгээр улсуудын хот, тосгод уудтай өөрийн аймгийн сумдыг холбох, дадлагажигч ажилтан бэлтгэх, оюутнуудаа сургах, хөрөнгө оруулалт татах гэх мэт олон ажлыг амжуулсан. Тэр төрийн менежерийн хувьд тун давгүй нөхөр болохоо ингэж харуулсан. Аймаг орон нутгийн иргэдээ орлоготой байлгах, өөр өөрсдийн хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр ажиллах боломжит бүх нөхцөл байдлыг тооцож, "Хангинахын шугуйн шагайн тойром", Орхон аймагтай хамтарч "RFC MONGOLIA BULGANKHANGAI 2022" олон улсын бартаат замын уралдаан, "АЙРАГ НААДАМ" арга хэмжээ, "Airagday" арга хэмжээ, "ITM Mongolia 2022" гэх мэт олон арга хэмжээг зохион байгууллаа. Эдгээр эвентүүдийг гадаадын 8500, дотоодын 100.000 орчим аялагчид үзэж сонирхсон байна билээ. 2023 онд гэхэд аймгийн хэмжээнд уламжлалт 5 эвент арга хэмжээг төлөвлөн "Хангинахын шугуйн шагайн тойром”, "АЙРАГ НААДАМ" арга хэмжээ, "Airagday" арга хэмжээ, "ITM Mongolia 2023" арга хэмжээг тус тус зохион байгуулж, эдгээр эвент арга хэмжээнд гадаадын 10860, дотоодын 167.820 орчим аялагчид эвент арга хэмжээнүүдийг үзэж сонирхохоор зорин ирсэн байна. 

Хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого дээр бол үсрэнгүй гэмээр ололтууд гарсан. Төрийн албаны зүгээс гацаадаг, хүнд суртал дагуулдаг асуудлуудыг зогсоож, үр дүнд нь дөрвөн улирлын аялал жуулчлалын орчин үеийн ресортууд нээгдэж, гадаад дотоодын жуулчид байгалийн сайхныг үзэж алжаалаа тайлахаар зорин ирдэг болсон. Ажил хийе гэвэл хийж болдог гэдгийг зохих хэмжээнд харуулж чадсан гэж би хувьдаа үздэг. 

Батбаярын Ариун-Эрдэнэ бол Булганы унаган хүүхэд л дээ. Хутаг-Өндөр суманд төрж өссөн. Аймгийнхаа хоёрдугаар арван жилийг төгсөөд, Их Засаг олон улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, мөн Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг бизнесийн удирдлагаар суралцаж төгссөн юм. 

Тэр сөрөг хүчний төлөөлөл юм чинь би юу хийх вэ дээ, хийлгэх ч үгүй биз гээд эвшээгээд суусангүй. УИХ-ын хоёр гишүүнтэйгээ ч сөргөлдөж, улс төр нэртэй жижиг дайн өрнүүлсэнгүй. Ажил хийх гэж зүтгэсэн, хамтран ажиллах боломжит бүх түвшин дээр уян хатан ухаалаг бодлого баримталж чадсан гэж хардаг. Хувь хүнийхээ хувьд ч тэр олон таван аашгүй, дөлгөөн хүн. Сүр сар, салан палан, энд тэнд гүйсэн, эфир болгон руу толгойгоо хавчуулсан нөхдөөс тэс өөр төлөвшсөн хүн. Тэрний хүн энэний хүн гэх савсаг нүд жоонийлгож, шал худлаа улс төржихийн оронд ТЭР БОЛ БУЛГАН-ы ХҮН гэж хар.