В.Ганзориг: Нэлээд хэд хоногийн өмнө Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гуай криптовалютыг хориглох нь зүйтэй, одооны залуус амар хялбар аргаар мөнгө олох хүсэлтэй болсон гэх утгатай үг хэлсэн. Энэ тухай та бүгдийн сэтгэгдлийг сонсмоор байна.

О.Баттулга: Монголчууд цөөхүүлээ, хоцрогдсон учраас крипто бизнес явахгүй, тэр утгаараа ийм үйл ажиллагаа луйврын шинжтэй гэж ярьж байх шиг байсан. Түүхэнд манай өвөг дээдсийг мулгуу, зэрлэгүүд гэж бичсэн байдагтай цөөнгүй таардаг. Үүнийг нь манайхан соёл иргэншилтэй, ухаалаг үндэстэн байсан гэж хамгаалдаг. Харин одоо бид өөрсдийгөө ингэж дорж үзэж ярих хэрэггүй. Факт ярьвал биднээс цөөхөн хүн амтай Люксенбург, Лихтенштейн улсууд санхүүгийн бизнесээр л амьдарч байна. Энэ улсуудыг та нар амар хялбар аргаар мөнгө олж амьдраад байна гэж мэтгэлцэхэд хэцүү шүү дээ. Тэртэй тэргүй санхүүгийн хөгжлийн дараагийн шат болох криптогийн хөгжил Монголд явагдана. Бид үүнийг тойрч чадахгүй. Иймээс тэр шүүмжлэл агуулгын хувьд их буруу байсан.

Ч.Ганзориг: Санал нэг. УИХ-ын гишүүн хүн ард түмэнд үг хэлэхдээ зөв мэдээлэлтэй байж, ярьж буй зүйлээ сайн судалж мэдсэн байх ёстой. Буруу мэдээлэл түгээх нь сөрөг үр дагавартай. Ялангуяа компанийн нэр зааж хэлнэ гэдэг нь түүний цаана байгаа олон мянган хувьцаа эзэмшигч, харилцагчдад сөрөг байдлыг үүсгэдэг. Энэ салбарыг хуульчлах тухай яриа явж байгаа. Үүний шалтгаан нь Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын шаардлага юм. Үүнийг ярьж байгаад тэр яриа руу орчих шиг болсон.

Г.Лхамсүрэн: Хүн төрөлхтний түүхээс харахад аливаа өөрчлөлтийг эхлээд дандаа сөргөөр хүлээн авдаг. Трактор анх гарахад үхэр тэрэгтэй анжисаар газар хагалдаг хүмүүс биднийг ажилгүй болгож, өлсгөж үхүүлэх нь хэмээн эсэргүүцэж, шинэ технологи бидэнд олигтой зүйл авч ирэхгүй гэж бослого хөдөлгөөн хүртэл гарч байв. Гэтэл өнөөдөр трактор ХАА-н салбарт ямар өндөр хөдөлмөрийн бүтээмжийг бий болгосон билээ дээ. Яг үүнтэй адилхан мэдэхгүй хүмүүст криптовалют, блокчэйн гэхээр сөрөг зүйл мэт сонсогдож, уламжлалт санхүүгийн салбарт аюул мэт санагддаг. Гэтэл энэ технологи бидний өнгөрсөн 70 жилийн хоцрогдлыг арилгах асар том боломж юм.

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!


М.Хатанбүүвэй: Философи яагаад гэдэг асуултанд хариулдаг. Гишүүний хийсэн сайн юм нь яагаад гэдэг асуултыг олон нийтэд гаргаж ирсэн. Тэр утгаараа иргэд яагаад крипто гэж асуух тусам зөв хүмүүс нь зөв мэдээ, мэдээллийг өгөх болно. Эцсийн дүндээ олон нийтийн ойлголт зөв болно гэсэн үг. 

В.Ганзориг: Дөрвөн жилийн өмнө манай нэвтрүүлэг анх удаа криптовалютын сэдвийг хөндөж ЭНЭХҮҮ ярилцлагыг хийж байв. Үүнээс хойш Монгол Улс криптовалютын дөрвөн биржтэй болжээ. Эдгээр биржийг байгуулсан та бүхний зорилго юу вэ? Тулгарч буй асуудал юу байна?

Ч.Ганзориг: Бид уламжлалт санхүүгийн үйлчилгээг финтек ашиглан цогцоор нь харилцагчид хүргэх зорилготой. Ард апп 1.3 сая харилцагчтай болсон. Крипто бирж байгуулсан нь дэлхий дээр тренд болж буй, шинэ гарч ирж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчиддаа хялбар байдлаар хүргэх, амар байдлаар хэрэглүүлэх, хөрөнгө оруулж үр өгөөжийг нь хүртэх боломжийг нээж өгч буй хэрэг. Нөгөө талаар хувьцаа эзэмшигчид манайд хөрөнгө оруулснаар шинэ зах зээлээс өгөөж хүртэхээс гадна олон улсын зах зээл рүү хамтдаа гарах боломж нээгдэж байгаа. 

Г.Лхамсүрэн: ICT групп технологийн компани. Бид блокчэйн технологийг ашиглан санхүүгийн салбарт өөрчлөлт хийхийг зорьсон. Крипто зах зээл дээр монголчууд монгол хэлээрээ үйлчилгээ авч, монголын мөнгө Монголдоо үлдэх ёстой гэж үзсэн. Технологийн хөгжлөөр дэлхийгээс хоцроогүй гэдгээ нотлон харуулахыг хүссэн. Бид Binance-аас өмнө буюу 2017 Trade.mn биржээ нээж, анхны арилжаагаа хийж байлаа. Одоо Binance дэлхийн хамгийн том крипто бирж болсон байна. Монгол залуусын ур чадвар, технологийн компаниуд дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа шүү гэдгийг олон улсад харуулах, монголчууддаа дэлхийн шинэ технологийг таниулах зорилгоор биржээ байгуулсан. Дөрвөн жилийн турш 24/7 горимоор тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд энэ салбарын боломж, эрсдэл, цаашдын чиг хандлагын талаар нэлээд туршлага хуримтлууллаа. Криптовалют блокчэйн технологийг таниулах голлох бүтээгдэхүүн. Энэ салбарт цаашаа хөгжих том боломж бий. Тухайлбал, монгол компани олон улсын зах зээлд гарах, Монгол Улс энэ чиглэлийн санхүүгийн төв болох гэх мэт. Бид аль хэдийнэ дөрвөн крипто биржтэй болсон нь энэ зорилго эхнээсээ биелээд явж байна гэж боддог.

М.Хатанбүүвэй: CompleX сардаа тэрбум орчим төгрөгийн гүйлгээ хийгддэг, 100 мянга давсан хэрэглэгчтэй бирж болсон. Mongol Chat-тай холбогдож, төлбөрийн картаа ашиглан арилжаанд орох боломжтой. Mongol Chat өөрөө 460 мянган хэрэглэгчтэй. Эдгээрийн 20 гаруй хувь нь манай бирж дээр бүртгэлтэй. Манай биржийн онцлог хүн бүрт крипто арилжааг туршиж үзэх боломж олгохын тулд гүйлгээний доод үнийн дүнгийн хязгаар тогтоогоогүй. Үүгээр дамжуулан Stable coin нэг ам.доллартай тэнцдэг юм байна гээд хүмүүс ойлголт аваад явж байгаа. Бидний дараагийн зорилго олон улсын бирж дээр монгол компани, уул уурхай, оюуны бүтээлийг экспортлох юм. Bittrex манай дээр хөрөнгө оруулагчаар орж ирсэн. Манай дээр койн гаргахад Bittrex дээр давхар гарна гэсэн үг. Bittrex-ийн Монгол дахь дэд бүтэц нь CompleX гэсэн үг. Заавал олон улс руу гарах албагүй. Тэгвэл олон улсын дэд бүтэц дээрх функцийг ажиллуулахгүй байж болно.

О.Баттулга: Coinhub бирж сарын өмнө нээгдэж одоогоор 15 мянган хэрэглэгчтэй болоод байна. Нэг өдөрт нэгээс 1.5 сая ам.долларын арилжаа тогтмол хийгддэг болсон. Энэ дүнгээрээ Монголдоо нэлээд дээгүүр орох байх. Бидний бирж нээсэн зорилго энгийн. Нэгт, крипто шинэ салбар тул тоглогчид одоогоор цөөхөн байна. Дэлхий даяар олон улсын стандарт, шаардлага хангасан 300 хүрэхгүй крипто бирж идэвхтэй ажилладаг. Гэтэл 10 гаруй мянган арилжааны банк дэлхий дээр байдаг. Ирээдүйд мөнгө крипто, хөрөнгө виртуал болох үед дор хаяж 5-10 мянган крипто бирж үүсэх шаардлагатай болно. Хоёрт, манай бүс нутаг болох төв азид асар том боломж байна. Нэмээд Хятадад энэ чиглэлийн биржийг хориглож байгаа ч зах зээлийн эрэлт асар өндөр байна. Өмнөд Солонгос санхүүгийн хатуу чанга зохицуулалттай улс хэдий ч криптог хаяж чадахгүй байна. Саяхан бид солонгосуудтай уулзсан. Бусан хотдоо криптогийн чөлөөт бүс байгуулж байгаа бөгөөд тэнд манай салбарыг нээхийг урьж, хөрөнгө оруулах санал тавьсан. Тэгэхээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хэлсэн үг худлаа болж таарч байна.

В.Ганзориг: Койн, стэйбл койн, криптовалют, токен, цахим мөнгө, NFT, ухаалаг гэрээ ба түүний төрлүүд, ялгааг маш энгийнээр тайлбарлаж өгнө үү.

Ч.Ганзориг: Өөрсдийн блокчэйн дээр байдаг криптовалютыг койн гэж ойлгож болно. Үүнийг жишээ нь биткойн, этериум. Цаашилбал жишээ нь, этериумын ухаалаг гэрээн дээр бичсэн бүтээгдэхүүнийг токен гэж хэлж болно. 

Г.Лхамсүрэн: Койн, токен гэдгийн ялгаан дээр дэлхий нийт нэг их ач холбогдол өгөхгүй байна. Учир нь нийтдээ 9000 орчим койн ч юм шиг, токен ч юм биш бүтээгдэхүүн зах зээлд эргэлдэж байна. Хүмүүс ярьж сурснаараа тайлбар хэлдэг. Койны үнэ өслөө гэдэг болохоос биш токен өслөө гэж хэлдэггүй. Мөнгө, төгрөг гэж ярьж бичдэгтэй ялгаагүй зүйл. Монголд хараахандаа койн байхгүй, токенууд байгаа. STO (Security token offering) буюу токеноор хөрөнгө босгох гэдэг нь хувьцаа, хөрөнгөөр баталгаажсан, блокчэйн технологи ашиглан уламжлалт санхүүгийн хэрэгслийг крипто зах зээлтэй холбосон нэршлийг хэлнэ. Дөрвөн жилийн өмнө ICO (Initial coin offering) халуурал гэж болж байсан. Энэ үед маш олон алдаа гарч, олон хүмүүс хохирч, тухайн үед гарч ирсэн технологи, компани, баг, хамт олон алга болсон. Тэрний цаана албажсан компани, хуулийн этгээд, хариуцлага хүлээх тогтолцоо байхгүй байв. 

Улмаар 2019 оны сүүлээр АНУ-д STO буюу хувьцаагаар баталгаажсан токенын хувьсгал гарч, блокчэйн дээр суурилсан бүртгэлийн систем нэвтрүүлсэн. Гэсэн ч энэ шинэ зүйл. Америк, Швейцарт гарсан хэдий ч Азид STO хийгдээгүй байсан. Энэ үед манай ICT групп технологийн компани учир зориглоод өөрсдийнхөө хувьцаагаар баталгаажсан токен гаргасан. Шинэ зүйлийг туршин, технологидоо итгэн, зах зээлийг манлайлах нь бидний хийх ёстой ажил. Нэг токены ард нэг ширхэг хувьцаа байгаа гэдгийг одоо хүмүүс бүр их ойлгож байгаа. Цаашдаа олон STO, ICO, IO гарна. Монголд ид хэлэлцэгдэж байгаа Виртуал хөрөнгийн хууль энэ бүх нэршлийг ялган хуульчилж, ирээдүйд биднийг виртуал мөнгөтэй байх эсэх, ямар хөрөнгө эзэмшихийг шийдэх чухал зохицуулалт юм. Энэ бүхэн өнөөдөр шинэ зүйл мэт боловч 10 жилийн дараа өдөр тутмын хэрэглээ болно. Trade.mn бирж 170 мянган харилцагчтай, өдөрт 200-300 хүн шинээр данс нээлгэдэг. Том улсуудыг бодвол бидний хурд том давуу тал болдог. Виртуал хөрөнгийн зохицуулалтыг зөв хийвэл ковидын энэ хүнд үед эдийн засгаа солонгоруулж, оюун ухаанаа ашиглан технологиор дамжуулан гадаадаас мөнгө босгох, хөрөнгө татах бүрэн боломжтой. 

О.Баттулга: Хуулийн орчин зөв байвал манай дундаж крипто биржүүд жилдээ 100-200 сая ам.долларын ашигтай ажиллах боломжтой. Үүний цаана бий болох татвар, нийгмийн даатгалын шимтгэл, улсад орж ирэх валютын урсгалыг тооцоод үзээрэй. Өдөрт тэрбум ам.долларын арилжаа хийгдэхэд гайхах зүйлгүй. 

Г.Лхамсүрэн: Крипто бирж байгуулсан биднийг мөнгө олох ганц зорилгоор хүмүүс хараад байж магадгүй. Монголчууд өөрсдөө ч мэдэхгүй кибер халдлага, залиланд асар ихээр өртдөг. Америкт байдаг компанид мөнгө шилжүүлээд алддаг. Канадад жишээ нь дөрөв, таван цахим бирж алга болсон. Энэ үед иргэд л хохирдог. Буух эзэн, буцах хаягтай дотоодын биржтэй байна гэдэг нь монголчуудад том давуу тал төдийгүй блокчэйн дээр өөрсдийгөө хамгаалах суурь юм. Энэ хэрээр бид монголынхоо зах зээлийг хамгаалж буй хэрэг. Бид Швейцар улсаар жишээ их авдаг. Тэнд уламжлалт санхүүгийн итгэлцэлийн төв байдаг бол бид Монголдоо крипто зах зээлээр тэднийг гүйцэх боломжтой. Тухайлбал, криптогийн чөлөөт бүс болж чадвал, Хятад, Солонгос, Төв азийн мөнгө энд эргэлдэнэ. Ингэж чадвал бид уул уурхай биш технологид суурилсан улс гэдэг нэршлийг хэдхэн жилийн дотор олж авч чадна. Бид тэр зэргийн үйл ажиллагаага явуулж чадаж байгаа.

О.Баттулга: Цэнхэр, ягаан тасалбарыг тэгчихгүй яав даа гэж хүмүүс халаглаж ярьдаг. Тэгвэл үр ашигтай, ирээдүйд үнэ цэн нь өсөх хөрөнгийг технологи ашиглан эзэмших боломжийг крипто биржүүд олгож байна. Увсын хязгаарт байгаа малчин ухаалаг гар утас, Хаан банкны дансаа ашиглан дэлхийн дурын компанийн хувьцаа, криптовалютыг худалдан авч, үр хүүхэддээ үлдээх боломжтой болсон. Мэдээлэлтэй, мөнгөтэй хүмүүс хувьцаанд хөрөнгө оруулдаг. Гэтэл дундаж давхаргын, мэдээллээс хол хүмүүсийн цалин, хуримтлал өдрөөс өдөрт инфляцид идэгдэж, өөрсдөө мэдэхгүй ядуурлын түвшинд рүү явдаг. Үүнийг өөрчлөх боломж крипто, блокчэйн гэдэг зүйл юм. 

М.Хатанбүүвэй: NFT (Non-fungible token) гэдгийг ойлгохын тулд ухаалаг гэрээг ойлгох ёстой. Биткойны блокчэйн комплекс ухаалаг гэрээг дэмждэггүй. Харин этериум дээр өөр. NFT-ийн зах зээлийн багтаамж 20 гаруй тэрбум ам.доллараар хэмжигддэг. NFT–г энгийнээр хэлбэл блокчэйн дээр оршиж буй уран бүтээл юм. Уран бүтээл нь юу ч байж болно. ERC20 ухаалаг гэрээ бол бидний яриад байгаа токен бөгөөд худалдан авч, зарж, бусдад шилжүүлж болно. ERC721, 1122 ухаалаг гэрээг NFT гэж нэрлэдэг. Эдгээр гэрээн дээр уран бүтээл нэмэгдсэн гэсэн үг. Уг уран бүтээлийг эзэмшиж буй хүн блокчэйн дээр бүртгэгддэг. Ингэснээр гурван давуу тал үүснэ. Нэгт, ухаалаг гэрээ гуравдагч этгээд, дундын зуучлагчийг алга болгодог. Нотариат хэрэггүй болно гэсэн үг. Хоёрт, блокчэйн дээр бүртгэгдсэн уран бүтээл цааш дамжин зарагдах болгондоо 10 хувийн роялтиг тухайн үүсгэн байгуулагчид өгөөд явдаг. Өнөөдөр бүртгүүлсэн уран бүтээл чинь 30 жилийн дараа нэг сая ам.доллараар зарагдвал хувь авна гэсэн үг. Ийм учраас тоглолтын билетүүд NFT дээр хийгддэг боллоо. Учир нь шагийн бизнесийг бүртгэн үнэлгээжүүлэхийн тулд. Гуравт, Монголын бүхий л уран бүтээлчид дэлхийн зах зээл рүү шууд гарах боломжтой. Одоо бол хэлний бэрхшээл, ковид, экспо зохион байгуулагчидтай холбогдох гээд түмэн бэрхшээл туулдаг. Блокчэйн энэ бүхнийг шийднэ. Крипто бирж бол дөнгөж эхлэл. Цаашаа NFT, DeFi гээд хөгжөөд явна. 

Г.Лхамсүрэн: NFT болгоно гэдэг нь энгийнээр хэлбэл дэлхийн оюуны өмчид бүртгүүлж байна гэсэн үг. Энэ бүртгэл хэзээ ч устаж үгүй болохгүй. 

В.Ганзориг: Тэгвэл патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг, оюуны өмч гэдэг ойлголт байхгүй болох юм байна шүү дээ.

Г.Лхамсүрэн: Байхгүй болно. 

Ч.Ганзориг: Бодит уран бүтээлийг блокчэйн дээр код болгоод, дижитал бүртгэлээр хадгална. Үүнийг хэн ч өөрчилж чадахгүй. NFT гэдэг бол хуваагдаггүй, дахин давтагдахгүй ганц ширхэг токен гэсэн үг. Энэ токеныг цаашаа зарж, арилжиж, шилжүүлж болно. 

В.Ганзориг: Монголд шинэ койнууд шил шилээ даран гарч эхэллээ. Эдгээрийг харахад олон нийтээс мөнгө татах, эсвэл маркетингийн үйлдэл буюу харилцагч нэмэх, хадгалах зорилготой байна. Шинэ койн гаргаж байгаа компаниудад биржийн захирлуудын хувиар ямар зөвлөгөө өгөх вэ?

О.Баттулга: Яг үнэндээ бизнесийн орчин л өөрчлөгдөж буй болохоос шинэ койн гарч байгаа хэрэг биш юм. Энгийн жишээ бол ЛэндМн. Монголын 500 ББСБ-аас нэг нь апп-аар дамжуулан зээл өгч эхэлсэн. Одоо хэдэн арван зээлийн апптай болсон. Бүр зээлийн аппгүй ББСБ байж болохгүй болчихлоо шүү дээ. Үүнийг хэтэрхий олон зээлийн апптай болж байгаа юм шүү гэж ярьж болох ч уламжлалт хуучин байсан бизнес шүү дээ. Энэ бол шилжилтийн процесс. Койн яг адил. Хувь хүн болон байгууллагууд хоорондын санхүүгийн харилцаа койноор дамжиж эхэлсэн. Нэмэх нь компаниудын маркетинг, урамшуулал, мэдээлэл солилцох харилцаа ухаалаг болж, блокчэйн, крипто гээд технологи ашиглаад эхэллээ. Энэ шилжилт зах зээлд олон шинэ койн гарч буй мэт харагдаж байгаа болов уу. Энэ бол бизнес загвар өмнөхөөсөө хямд, найдвартай, ил тод, аюулгүй болж өөрчлөгдөж буйн жишээ. 

Г.Лхамсүрэн: Хувьцааг хөрөнгийн биржээс авдаг, төлбөр тооцоог нь төгрөг эсвэл бартераар хийдэг, худалдан авалт хийсний хариуг урамшууллын оноо өгдөг байв. Энэ бүхэн уламжлалт зах зээл дээр гурван өөр зүйл байсан. Харин одоо энэ бүхэн буюу төлбөр тооцоо, хувьцаа, урамшуулал гурав нэг бүхэл зүйл болж байна. Нэг байгууллагаар байнга үйлчлүүлж цуглуусан оноогоороо тухайн байгууллагаас бүтээгдэхүүн, үйлчилгээ бид худалдаж авдаг. Энэ нь тухайн урамшууллын оноо төлбөр тооцооны хэрэгсэл болж байна гэсэн үг. Тэгвэл энэ оноогоор тухайн компанийн хувьцааг худалдаж авч болдог боллоо. Энэ хэрээр бидний санхүүгийн харилцаа улам хялбар болно. Ингэснээр зардал буурч, энгийн болж, гадаад, дотоодын ялгаа байхгүй болдог. Койн олноор гарч байгаа нь бидний амьдрал технологижиж буйн хэлбэр. Ингэснээр дараагийн үсрэнгүй хөгжилд бэлдэж байна гэсэн үг. Тэрнээс биш койн цоо шинэ зүйл огт биш. 

Ч.Ганзориг: Цаашдаа дуртай болгон нь койн гаргаад, мөнгө босгоод яваад байж болох уу гэдэг асуулт гарна. Энэ асуулт хууль тогтоогчдод том сорилт болж байгаа. Миний бодлоор энэ асуудлыг хуулиар зохицуулах ёстой. Гэхдээ зах зээлээ эвдэлж, нураахгүй зөв хуулийн зохицуулалт бий болгож, технологийн энэ том боломжийг ашиглах ёстой. Ингэж чадвал эдийн засгаа утгаар нь солонгоруулж, гаднаас их хэмжээний валют, хөрөнгө оруулалт, ноу хау, мэдлэг, хүний нөөц орж ирнэ. 

М.Хатанбүүвэй: Манай биржид Bittrex хөрөнгө оруулсан. Манай бирж дээр койн гаргах олон хүсэлт ирдэг ч харамсалтай нь дийлэнх нь олон улсын стандарт, шаардлага хангаж чаддаггүй буцаагддаг. Манайх өөрийн гэсэн койнгүй бирж. Гэхдээ бусдын койныг бид шууд олон улсын зах зээлд гаргах боломжтой. Манай хөрөнгө оруулагч Bittrex олон улсын хуулийг л дагадаг тул шаардлага маш өндөр. Тухайлбал, 30 гаруй хуудас гэрээ хийхээс гадна, KYC буюу харилцагчийн бүртгэлтэй холбоотой бүгдийг нарийн шалгаж, хувьцаа эзэмшигчдээс эрсдэл, хямралын үеийн төлөвлөгөө, хууль, аудитын фирмээр мэргэжлийн дүгнэлт гаргуулна. Энэ амар процесс биш. Ард койн энэ бүхнийг даваад олон улсад гарсан. Харамсалтай нь Ард шиг компани Монголд цөөхөн байна. Сайн тал нь бидэнд олон улсын зах зээлд гарах гарц, дэд бүтэц, ноу хау нь байна. Харин манай дотоодын компаниуд олон улсын шаардлага хангаж, чанаржих хэрэгтэй байгаа.

В.Ганзориг: Яг одоо Виртуал хөрөнгийн хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа. Та бүхний койнууд хоорондоо хөрвөх, бодит хөрөнгө, дурын валют руу шилжин баталгаажих зүйл хэр яригдаж байгаа вэ?

Г.Лхамсүрэн: Үүнийг хуульчлах гэж оролдож байгаа улс орон зөндөө байгаа ч яг яаж хуульчлахаа тодорхойлсон нэг ч улс байхгүй. Англид жишээ нь Sandbox-ийн журмаар явж байгаа бол АНУ-ын конгресс энэ асуудлыг одоо хүртэл хэлэлцэж байна. Гэтэл бид энд хэт яараад, Дэлхийн банк, ФАТФ-ийн шаардлагын дагуу хууль батлах гээд байна. Дэлхий дээр тодорхой болоогүй зүйлийг бид ойлгоод хуульчлах нь хөгжил дэвшлийг зогсоох эрсдлийг үүсгэнэ. Хятад жишээ нь дөрвөн жилийн өмнө 1500 математикчдаа дуудан цуглуулж блокчэйн лаборатори байгуулсан ч одоог хүртэл ямар нэг шийдвэр гаргаагүй байна. Учир нь юуг хориглох уу, юуг нь огт хориглож болохгүй вэ гэдгээ одоо хүртэл тогтоогүй гэсэн үг. Бид энэ зах зээлийг хөгжих талаас нь харах хэрэгтэй. Хууль боломжийг үгүй хийх ёсгүй. Манай Виртуал хөрөнгийн хуулийн төсөлд токен хувьцаанд хөрвөж болохгүй гэдэг заалт явж байгаа. Энэ бол ирээдүйд Монгол Улс виртуал хөрөнгөгүй байна гэсэнтэй ямар ч ялгаагүй. Улмаар дотоодын том компаниудын гаргах гэж байгаа койн, токены бүх үйл явцыг энэ хууль зогсооно.

Ч.Ганзориг: Биткойн анх гарч байхад хулгайч дээрэмчдийн мөнгө гэх мэтээр янз бүрийн мэдээлэл гарч, үнэ нь нэг өсч, нэг буугаад, америк, хятадууд хориглоо гээд явж байсан. Тэд хориглож хязгаарлах оролдлого хийсэн ч чадаагүй. Дэлхий даяар интернэт, цахилгааныг таслахгүй л юм бол үүнийг хааж хориглох ямар ч боломжгүй. Монголчууд буруу хууль гаргавал энд үйл ажиллагаа явуулж буй компаниуд Монголоос шууд гараад явна. Эстони мэтийн таатай орчинтой улсад очиж компаниа бүртгүүлээд, бүх харилцагчид мөнгөө татаад явчихна. Үүнийг маш сайн ойлгож хууль эрх зүйн орчиндоо хандах ёстой. Бид төвлөрсөн биржүүд. Гэтэл DeFi (Decentralized Finance) буюу төвлөрсөн бус, ухаалаг гэрээ, блокчэйн дээр бичигдсэн кодоор ажилладаг биржүүд гараад ирсэн. Тэдгээрийг яаж хянаж удирдах юм бэ? Үүнийг зохицуулах ямар ч боломжгүй. Саарал жагсаалттай холбоотой ФАТФ-ийн шаардлагыг ойлгож байгаа. Үүний тулд энэ хуулиар эхний ээлжинд криптовалтын зах зээл дээр мөнгө угаах эрсдлийг хааж харилцагчдаа бүртгэлжүүлэх, орлогын эх үүсвэрийг нь судлах, их хэмжээний болон сэжигтэй гүйлгээний тухай мэдээллийг төв банкинд мэдээлэх ажлуудыг хийх ёстой. Түүнээс биш өөрсдийнхөө мэдэхгүй, чадахгүй зүйлийг хуульчлах хэрэггүй. 

В.Ганзориг: Онолын хувьд танай биржүүдийн дэд бүтцийг ашиглан мөнгө угаах боломж байгаа юу?

М.Хатанбүүвэй: Харьцангүй гайгүй. Учир нь Монголд манай биржүүд банктай харьцаж ажилладаг. Арилжааны банк мөнгө угаалтыг зогсоох эхний шүүлтүүр болдог. Банкнаас бохир мөнгө орж ирэхгүй. Мөнгө гарахдаа буцаад банк руу гардаг. Крипто талдаа мөнгө угаахтай холбоотой зохицуулалтыг хийх ёстой. Олон улсын энэ талын шийдлүүд гарсан байгаа. Тэдгээрийг бид хэрэгжүүлээд явж байгаа. 

Г.Лхамсүрэн: Энэ дэд бүтцийг ашиглаад мөнгө угаах нөхцөл боломжийн талаар дүн шинжилгээ хийх бүрэн боломжтой. Тэр талаас нь харахгүй айдас дээрээ суурилаад хууль баталбал энд сууж байгаа дөрвөн бирж Сингапурт бүртгүүлэхэд 1 цаг 30 минут л хангалттай. Одооны нөхцөл байдал дээрээ сайтар судалгаа хийж, манай дөрвөн биржийг үйл ажиллагааг бүртгэлжүүлээд цаашдын эрсдлээ хумиад авах боломж нь байгаа. Монголд үйл ажиллагааг хориглосон ч гэсэн монголчууд онлайнаар Binance руу мөнгө шилжүүлээд арилжаагаа хийнэ. Монголын хууль эрх зүйн орчин Binance крипто биржийн үйл ажиллагааг барьж чадахгүй шүү дээ. Иймээс судлах хэрэгтэй. Юу юугүй хууль гэхээс илүү бүртгэлээ эхлээд сайн хийгээд авъя. Үе шаттай цаашаа явъя. 

О.Баттулга: Дэлхий дээр гарч байгаа хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн үйлчилгээг эх хэл дээрээ, дотоодын банкны дансаа холбосон дэд бүтцээр санхүү, хөрөнгө оруулалтын үйлчилгээг манай биржүүдээр дамжуулан хэрэглэгч авч байгаа. Гэтэл нөгөө талд хөдөө нутагт малаар Onecoin зэрэг луйврын койн сольж авдаг пирамид сүлжээ зөндөө явж байна. Үүнийг улс зохицуулж өмнө нь чадаагүй, цаашид хэзээ ч чадахгүй. Албан ёсны бүтээгдэхүүнийг хүчээр үгүй хийвэл зах зээл дээр түүнийг орлох хулхи бүтээгдэхүүн гарч ирдэг. Харин явах ёстой бүтээгдэхүүнийг нь илүү сайн хөгжүүлбэл иргэдийн санхүүгийн боловсрол тэр хэрээр өсдөг. Ямар ч сонголтгүй хүн луйврын бүтээгдэхүүний олз болох нь элбэг байдаг.

В.Ганзориг: Крипто хэт хөгжөөд, Монголд төгрөгөөр арилжаа хийх нь багасаад, банкаар гүйлгээ дамжихаа байгаад, төв банкны хяналтгүй төлбөр тооцооны хэрэгсэл болчих вий гэдэг айдас байх шиг байна. Энэ тал дээр та нарын бодол?

О.Баттулга: АТМ, ПОС банкны хүүнд нөлөөлж байна гээд үе үе УИХ дээр ярьдаг. Visa International-ийн хийсэн судалгаагаар бэлэн мөнгөний хэрэглээ өндөр улсуудад бэлэн мөнгөтэй харьцах зардал асар өндөр буюу ДНБ-ний нэг хувьтай тэнцдэг. Манай улсын хувьд 50 хувь нь бэлэн мөнгө байдаг. Монголын ДНБ-ийг 30 орчим ихнаяд гэж бодвол 300 тэрбум төгрөг гэсэн үг. Энэ зардал баланс дээр буудаггүй атлаа үйлдвэрийн нэмэлт зардал гэх мэт олон зүйлд шингэдэг. Хэд гарсныг нь хэн ч мэддэггүй. Бэлэн мөнгөний энэ зардлыг багасгах нэг шийдэл нь ПОС төхөөрөмж. Гэхдээ л үүнийг үнэтэй гэдэг. Тэгвэл хэрэв бид төгрөгийг Stable coin буюу криптовалют болгож төлбөр тооцоонд ашиглавал дээрх зардал 100 дахин буурна. Нөгөө 300 тэрбум төгрөгийн зардал 3 тэрбум болно. Үүнийг мэдээд бусад улсууд төв банкны криптовалют буюу Central bank digital currency хийгээд эхэлсэн. Дэлхийн улсуудын төв банкуудын 80 хувь нь үүнийг хийж байна. Сая Хятадынх дууслаа. Орос удахгүй гаргалаа, Япон эхэлсэн. Хаа байсан Уругвай хоёр жилийн өмнө туршаад дуусчихсан. Манай улс үүнийг судалж эхлээгүй байх. Нэгэнт ингээд хоцорсон бол төр хувийн хэвшилтэй хамтраад төгрөгийн stable coin гаргаж зохицуулаад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашигламаар байна. Биткойн болохгүй гэж байгаа бол төгрөгийн эсрэг нэгийг харьцах нэгтэй тэнцдэг койн гаргахад асуудал гарахгүй. Сая гарсан Цахим мөнгөний журам хэд хэдэн улсад гараад амжилтгүй болсон. Учир нь тэртэй тэргүй банкны дэд бүтэц байхад банкинд мөнгө хийгээд тэрний эсрэг цахим мөнгө гаргаад яах юм бэ? Тэгээд нэг шилжүүлгийн хязгаар гээд бага дүн тавьсан байдаг. Энэ бол маш хоцрогдсон журам. Үүнийг дагаж компаниуд хөрөнгө оруулаад шатаж байгаа.

Г.Лхамсүрэн: Цахим (Electron) гэдэг нэршил 2010 оноос өмнөх үйл явц. Дижитал гэдэг нь бидний яриад байгаа крипто, блокчэйн, үйл явцын хурдасгуурыг тодорхойлдог. Компьютер дээр тавын тоог дөрөв болгодог нь цахим үйл явц бол блокчэйн дээр бүртгэл хийгээд төлбөр тооцооны хэрэгсэл болж буй нь дижитал үйл явц. Энэ бол зайлшгүй үйл явц. 

Ч.Ганзориг: Дэлхийн улс орнууд мөнгөний бодлогоо алдчих вий гэдэг айдас, сорилттой тулаад байна. Гэхдээ дэлхийн банкнаас криптовалют тийм хэмжээнд очихгүй гэдэг мэдэгдлийг хэд хэдэн удаа хийсэн. Бид жижиг улсын хувьд боломжоо хараад, энэ технологийг ашигтайгаар яаж эргүүлэх вэ гэдгийг олж хармаар байна.

В.Ганзориг: Монгол Улс уул уурхай, ХАА-н бүтээгдэхүүнүүдээ токенжуулахад олон улсын зах зээлд зарахад ямар ч асуудалгүй биз дээ? Үүнийг дагаад дундын зуучлагч, авилга, хээл хахууль, хүнд суртал гээд асар том асуудлыг шийдэж болмоор харагдах юм.

О.Баттулга: 8 сарын 25-нд манай бирж дээр алт арилжигдаж эхлэнэ. Лондонгийн цэвэршүүлсэн алтаар баталгаажсан койн орж ирнэ. Тэгвэл яагаад монголчууд бид Лондонд байгаа алтыг авах ёстой юм бэ гэдэг асуулт гарна. Монголын алт, мөнгө, зэс, газрын ховор элемент зэргийг койн болгоод олон улсын хөрөнгө оруулагчдад зарах бүрэн боломж бий. Энэ ажлыг хийж эхлэх шаардлагатай. 

Г.Лхамсүрэн: 2019 онд Чили улс байгалийн баялаг болох лити дээрээ суурилсан койн гаргасан. Литигийнхээ одоо байгаа нөөцийг койн болгоод урьдчилаад хөрөнгө оруулагчдад зарсан. Дараа нь литиг заавал нөгөө койноороо худалдаж авна. Манай Эрдэнэтийн зэсийг ес дамжуулж зардаг. Тэгвэл бидэнд худалдагч, эцсийн худалдан авагч хоёрыг шууд холбох бодит боломж байна. Энэ олон дамжлагыг алга болговол манай зэс дэлхийд өрсөлдөх том давуу талтай болно. Ингэж уул уурхай дээр суурилсан тоонуудаа блокчэйн дээр бүртгэж, крипто болговол татвараа бүрэн авч чадна. Бид өнөөдөр уул уурхайн салбараас авах ёстой татварынхаа дөнгөж 30 хувийг л авдаг. Учир нь тэнд бүртгэлийн асар том асуудал, авилга байдаг. Блокчэйн бол ухаалаг бүртгэл. Хүн төрөлхтөн сүүлийн 70 мянган жилийн туршид шийдэж чадаагүй байсан бүртгэлийн асуудлыг блокчэйн шийдээд өгсөн. Бүртгэж чадвал авилга устаж, бүх зүйл үнэ цэнтэй болж, шударга нийгэм цогцлоно. Яваандаа тэртэй тэргүй ийм болно. Гэхдээ бидэнд хурд хэрэгтэй байна.

М.Хатанбүүвэй: Нэлээд олон жилийн өмнө мөнгөний ба хөрөнгийн зах зээлийн харьцаа 95:5 байна гээд ярьдаг байсан. Энэ харьцаа одоо хүртэл нэг их өөрчлөгдөөгүй. Банкууд мөнгө нь гараад үнэт цаас болох гээд байна гээд айгаад байсан. Үнэн хэрэгтээ брокерийн данс нь монголын аль нэг банк дээр байгаа шүү дээ. Харин ч мөнгөний хяналт улам сайжрахгүй гэж үү? Мөн хэдэн жилийн өмнө гадны банк орж ирээд зах зээлээ булаах гэлээ гэж шуугисан. Дотоодын дөрвөн крипто биржээ хаавал урд хөршийн иргэний эзэмшилтэй Binance руу монголчуудын ихэнх нь шилжинэ дээ. Тэр бүх мөнгө монголын ямар ч дансаар дамжихгүй, бас хянагдахгүй.

Ч.Ганзориг: Алтыг яагаад заавал газар шороо ухан байгал сүйтгэн гаргаж, гаргасан хойноо асар их зардал гарган цэвэршүүлээд банкны сейфэнд хадгалах ёстой юм бэ? Нөөц нь тогтоогдсон бол газар доороо байж л байг. Харин нөөцийг нь токен болгоод арилжиж болно шүү дээ. 

В.Ганзориг: Та хэд яг энэ саналаа Оюу толгой, Таван толгой дээр очиж тавиач ээ!

Г.Лхамсүрэн: Яригдаж буй зүйлс зөндөө байгаа. Нөгөө хуулиас болоод яриа төдий л байгаад байна. Ний нуугүй хэлэхэд шинэ хуулиар зэс бол хөрөнгө биш гэж хэлэх гээд байна шүү дээ. Виртуал хөрөнгийн хуулиар хувьцааг хөрөнгөд тооцохгүй гэж байгаа. Тэгэхээр Оюу толгойн эзэмшиж буй зэсийн нөөц дээр суурилсан токен хөрөнгө биш болж таарах гээд байгаа юм. Анх бид шилэн кабелиар нүүрс экспортлоно гэж хэлээд их шоолуулдаг байсан. Багануур нүүрсээ Дөрөвдүгээр цахилгаан станцад өгөөд, уг ДЦС iTools компанийг цахилгаанаар хангаад, бид япончуудын датаг хадгалаад Японоос төлбөр авч байна гэдэг нь Багануурын уурхайд Японоор дамжуулан мөнгөө өгч буй хэлбэр шүү дээ. Виртуал хөрөнгийн хууль Монголын Улсын байгалийн баялаг, оюуны бүтээл, үл хөдлөх хөрөнгө, уран бүтээл зэрэг бүх зүйлийг бүртгэлжүүлэх чухал хууль. ФАТФ-ын шаардлага гэдэг байдлаар энэ хуулийг харж болохгүй. Өнөөдөр энд дөрвөн хүн ярьж байгаа ч 10 жилийн дараах 3.2 сая монголчуудын хувь заяаны асуудал юм. Хууль буруу гарвал Оюу толгойн хувьцаа Канадад гардаг шиг крипто нь Binance дээр гарах болно.

В.Ганзориг: Криптовалют худалдан авч, хөрөнгө оруулж, анх удаа арилжаанд орох гэж байгаа хүмүүст өгөх та бүхний зөвлөгөө юу байх вэ? Юуг заавал анхаарах ёстой вэ?

Ч.Ганзориг: Энэ зах зээл, хөрөнгө оруулалтын хэрэгслийг амархан бас хурдан мөнгө олох боломж гэж битгий хараарай. Хөрөнгө оруулах гэж байгаа бол тухайн төслөө маш сайн судлаарай. Өөртөө итгэлтэй болж байж арилжаанд ороорой. Хэн нэгнийг хоосон дагаж, дутуу судалгаатай арилжаанд орсноос болж хаа сайгүй маш их мөнгө алддаг. 

Г.Лхамсүрэн: Криптовалют болон блокчэйн бол хүн төрөлхтний ирээдүй. Иймээс их, бага ямар нэг ойлголттой заавал болох ёстой. Сайн судалж чадах юм бол том боломжийг эндээс олж харж чадна. Бусдын үгээр битгий яваарай. Өөрөө маш сайн судалж, зөвхөн мөнгө олдог, хөрөнгө өсгөдөг гэдэг зүйлээс салгаж ойлгоорой.

М.Хатанбүүвэй: Арилжаанд орохоосоо өмнө хүн өөрийгөө ойлгох ёстой гэж ярьдаг. Өөртөө цаг гаргадаггүй, өөрийгөө ойлгодоггүй хүн байж болохгүй. Жишээ нь, та улаан алим байхад хэн нэгэн та ногоон алим л байна шүү дээ гэхээр өөрийгөө ногоон гээд бодчихдог. Иймээс авах гэж буй зүйлээ сайн судлах ёстой. Миний мэдэж байгаагаар хөрөнгийн зах зээлд оролцож, хувьцаа авч буй хүмүүсийн дийлэнх нь аудит, үнэлгээ, хуулийн фирмийн дүгнэлт гаргасан, ирэх жилүүдийн орлого, зардал, ашгийн бүх тооцоог нь хийж нэгж хувьцааны үнийг нь гаргасан компанийн үнэт цаасны танилцуулгыг бүрэн уншдаггүй. Гэсэн атлаа шар мэдээ, сошиал сэтгэгдэлийг маш сайн уншдаг. Ийм битгий байгаарай. Блокчэйн, ухаалаг гэрээ, NFT-г сайн судлах ёстой. Саяхан нэг хос блокчэйн дээр гэрлэлтээ батлуулж, бие биедээ NFT-ээр очир эрдэнийн бөгж өгсөн. Хүмүүсийн ярианаас илүү бусдаас бас өөрөөсөө яагаад гэдэг асуултыг асууж заншаарай. Үүний дараа өөрийн бодол өөртөө зөв болдог.

О.Баттулга: Огт эрсдэл хийхгүй байх нь өөрөө хамгийн том эрсдэл болдог. Энэ бол маш аюултай. Сая шатахууны үнэ өслөө. Анзаарахгүй байхад бага багаар тогтмол ядуурсаар байна. Иймээс огт эрсдэл хийхгүй суухын оронд жижиг ч гэсэн үйлдэл, жижиг ч гэсэн эрсдэл хийж үзээрэй гэж хэлмээр байна. 

В.Ганзориг: ARDX, CHB хоорондоо шууд хөрвөж арилжаанд ордог болох уу?

О.Баттулга: Төгрөгөөр дамжаад хөрвөнө. Шууд хөрвөх боломж бол байгаа. 

Ч.Ганзориг: Шуур хөрвүүлдэг болж болно. Ямар ч асуудалгүй. Төгрөгөөр дамжиж байгаа тул эцсийн дүндээ нэг их ялгаа байхгүй. 

В.Ганзориг: Технологийн сэдвээр нэлээд хэдэн цуврал нэвтрүүлэг хийсэн тул би технологийн ач холбогдлыг маш сайн ойлгож байгаа. Энэ нэвтрүүлгээс блокчэйн, криптовалютын хөгжлийг зөв чиглүүлж чадвал манай нийгмийн хамгийн том ужиг өвчин болсон авилга, хээл хахууль, далд эдийн засгийг бараг тэр чигээр нь алга болгох том боломж гэж дүгнэгдэж байна.