Алив, монгол уншигч та наашаа. Би монгол хүн байна. Хоёулаа аминчилж монгол хүн чанарын тухай сэм ярилцъя. Хоёулаа сайн талаа магтах уу, муу талаа хөндөх үү? Сайныгаа ярьсан ч муугаа ярьсан ч та бид хоёр бусдыг магтах муулах бус, зөвхөн хоёр биеэ л шүүнэ гэсэн үг. Та бид хоёр адилхан монгол юм чинь, хоёр биеэс юугаа нуухав. Ичиж нэрэлхээд яахав, бид бүгдэд адилхан удамшсан муу зан юм чинь, хэн нь хэндээ сайрхах билээ, илэн далангүй хуучлая. 

Эхлээд магтах уу, муулах уу? Эхэлж муугаа шүүгээд эцэст  нь магтаж яриагаа жаргаавал урам төрөх байх. Монгол хүний муу тал гэж юу байна? Бидэнд муу тал гэж бий юү? Монгол хүнд муу тал байхаар барах уу, бүр ноцтой өөдгүй авир зөндөөн бий гэв үү та. Тэгэхээр та бид хоёрт ч гэсэн засууштай эвгүй зан бий гэсэн үг. Бидний гүнд нуугдсан өөдгүй ааш, нийгэм ардчилагдаж, хууль нарийсах явцад огил татагдан илэрч, мөс жудгаа ариусгая, муу зангаа хаяя гэсэн монгол хүн төлөвших янзтай нь олзуурхам.

Өөдгүй монгол зан чанар хөгжиж дэвжихэд тээр саад, гай гамшиг тарьж, ноцтой хохиролд унагаж буйг нийгэм мэдэрч, ухаарч, бухимдаж эхлэв. Өвчиндөө эмзэглэн ёо гэвэл эсэргүүн болдог нийгэм, ардчиллын өнгөн дээр бухимддаг нийгэм болж хувирлаа. Нийгэм бухимдаж байвал нийгэм эрүүлжиж буй үйл явц. Нийгэм эрүүлжиж байна гэдэг чинь иргэд ёс суртхуун, үйл ажилдаа шүүмжлэлтэй хандаж буй хэрэг. Тиймээс хоёулаа сайн талаа магтаж омогшихоосоо урьтаж, муу талаа дэлгэвэл ононо.

Монгол хүн авилга хээл хахуульд дургүй гэх атлаа алгаа тосдог муу зантай. Төрийн албаныхан бол эдүгээ авилгад бүр донтсон гэхэд хилсдэхгүй хэмжээнд ялзарчээ. Монгол дарга нарын нууцыг таньсан хятад бизнесмен манайд үйл ажиллагаа явуулахдаа хээл хахуульд өгөхөөр уут уут мөнгөтэй ирдэг гэнэ. Бид авилга хээл хахууль авдаггүй хатуу хүмүүжилтэй байсан бол авилга өгөх гэсэн хятадыг барьж аваад шийтгэх байсан. Энүүхэндээ монгол хүн монгол хүндээ шивнэхэд, бидэнд хятадууд хүчээр авилга өгөөгүй. Хятад хахуульд амаа үдүүлсэн орон нутгийн дарга нарын гай малчдад, экологид үсрэв. Гол горхи, булаг шанд, ариун дагшин бэлчээр мөхөж, сарны гадарга шиг болжээ. Монгол хүн минь, гар тосдгоо болиоч. Арван лангийн ембүүнд алгаа тосдог нь аав уу даа, хорин лангийн ембүүнд хормойгоо тосдог нь ээж үү дээ гэх дууг энүүхэндээ ярихад оргүйгээс зохиосонгүй. Алга тосдог муу зуршил бүр эртнээс угшилтай гэв үү та. Энэ муу зангаа ХХI зуунд хаяя. Авилгад алга тосдоггүй болчихвол элдэв гацаа аяндаа арилж, Монгол дорхноо үсрэнгүй хөгжилтэй орон болох ирээдүй гэрэлтээд байна. Та авилгад алгаа тосохгүй амьдарч чадах уу? Чадъя гэвэл чадна. Би ч гэсэн бас чадъя гэвэл чадна. Даанч бид хоёрын хэн маань ч чадъя гэж хатуу шийдэхгүй л байх. Ер нь шийдчихвэл яасан юм бэ? Авилгад алга тосохгүй амьдрах зөвхөн санааны зоргоор бүтэх ажил. Чадвал үр дүн нь баталгаатай агаад асар их. Бид яагаад ийм баттай ирээдүйд биеэ дайчлахгүй, алгаа тосдог өчүүхэн шуналдаа бүдчиж ядуурна вэ?      

Монгол хүн монгол хүнийхээ эсрэг ажиллаж мөнгө олдгийг юу  гэх вэ та? Монгол нь монголоо хохироож байж олсон хоол хоолой руу нь яаж ордог байна. Гадаад хөрөнгө оруулттай компаниуд гадаад ажилтан нартаа, ижил ажил үүрэг гүйцэтгэдэг монгол мэргэжилтнүүдээс хэд дахин илүү цалин өгдөг маргаан улиг болжээ. Гадаадынхнаас монголчуудад хэд дахин бага цалин өгөх ёстой гэж урж идчих гэсэн хэдэн монгол гадаадын том жижиг компаний контор хавьд ажилладаг нь ёс мэт. Гадаад эздийн уяаны ноход болсон тэр өөдгүй монголчууд арай өтгөн угаадас долоохын тулд монголчуудынхаа шударга тэмцлийн эсрэг эзнээ таньдаггүй сохор нохой шиг дайрдаг гээд бодчих. Гадны хүнээс нуумаар муухай монгол зан.

Таван толгойн төсөл, төмөр зам барих асуудлыг Орос ахын хүслээр шийдэх, мөн онгоцны түлшинд монополь тогтоох, Улаанбаатарт тэдний 100 шатахуун түгээх колонка барихыг ОХУ-д монгол өөдгүй зан ам алдчихсан юм биш биз. Дэлхийд нефтийн үнэ унаж, ОХУ экспортын татвараа 3-4 хувиар  буулгасан  мөртлөө сарын өмнө нэг тоннд ногдох дизель түлшний үнийг 90 ам. доллар, А92 бензин 44 ам. доллар, А80 бензин 32 ам. доллараар нэмж байсан бол саяхан дахин 50 доллараар төрөл бүр дээр нэмэхээ мэдэгдэв. Монгол яс чанар хөндөх зуураа Оросын улс төр лүү хальтарсанд хүлцэл өчье. Гэхдээ эх орноо ийнхүү хүнд нөхцөлд ороход том тоглоомын гар хөл болж хувьдаа хожоо олох гэсэн монгол залуус гүйлдэж буйг сонсгох гэсэн юм. Оросын талд хөлөө хугалчих гэж яваа монгол залуусыг яалтай. Монгол өөдгүй зан гэж чухамдаа энэ. Батхүү Төмөрхүү хоёрын хэн нь УИХ-ын гишүүн болох нь V цахилгаан станц барьж, дотооддоо нефть нэрэхээс чухал гэж монгол улс төрчдийн эргүү толгойд эргэлдэнэ. Гадаадад ажиллаж, арилжаа наймаа хийхээр шинээр очиж буй нутаг нэгтнээ тосож байгаад дээрэмддэг монгол хүмүүс байдгийг яах вэ? 

Ёо ёо, ичгүүргүй авир аашаа бодохоос сайн талаа магтах дур унтарчихав. Ер нь бидэнд бахархмаар сайхан чанар байгаа юм уу? гэж уншигч та гутарч орхив уу? Монгол хүнд сайн чанар бишгүй бий. Оросын базалтаас мултраад 22 жил монголчууд бие даав. Өнөөгийн нийслэлийн хэдэн хувийг оросын саварт байсан 70 жилд, хэдэн хувийг бие даасан 22 жилд бүтээв? Сүүлийн жилүүдэд сүндэрлүүлсэн өндөр өндөр шилэн байшингаа хар. Зам гүүрээ хар. Туршлагагүйтсэн чанаргүй юм бий. Гэхдээ эд бүгдийг орос сургагчгүй, зөвлөлт мэргэжилтэнгүйгээр монгол хүн өөрөө хийсэн. Дөрвөн давхар барилгыг хэдэн жил барьж, сонин сэтгүүлдээ зургийг нь нийтэлж, ган бат найрамдал, өгөөмөр тусламж гэж яаж худал хийрхэж байлаа. Тэгвэл өдгөө нэг харахад л цоо шинэ модерный байшин босчихсон сүндэрлэж буй. Хотынхон одоо бүр шинэ байшин барилга барихыг эсэргүүцдэг болов. Зах, дэлгүүрийн лангуугаа хар. Хүнс бараа алаглаж байна. Урьд хэзээ ийм байсан юм бэ. Нөгөө урт дараалал, муухай ааштай худалдагч нар зах зээлд хаачив. Орос холдсоноос шууд шалтгаалж, мал маань дорхноо 40-50 сая хүрлээ. Төмс хүнсний ногоо гурилаа дотооддоо хангаад улаан буудай экспортлох гэж байна. Хөрш хэдий сайн ч өөрсдөө бие дааж, өөрсдөө толгой мэдэж хийхээс унацтай нь үгүй. Монголчууд муу зангаа мэдэрч, бүх ажлаа чанарын өндөр түвшинд хийж, зах зээлд өрсөлдөхөөр тэмүүлдэг болсноор өөрийгөө магтах бус, өөрийгөө голж, өөрийгөө өөд татаж эхлэв. Ялангуяа залуус найрамдал-дружбаг шүтэгч биднийг голж, эрэн зууны айзамтай хөл нийлүүлэн хөгжихийг эргэлт буцалтгүй сонгожээ. Баруун-Уртад АТМОР компани гэр хорооллыг халуун хүйтэн устай, цэвэр бохирын шугам бүхий сантехникт холбоод өгчихөж. 3-4 метр гүнд булдаг өртөг өндөртэй орос сантехникийг монгол инженерүүд үдэж, өөрийгөө халаадаг, орчноо мэдрээд халуунаа барьдаг технологи Аляск Канадын туршлагыг үндэслэн зохиожээ. Монгол гэрт хананаасаа халуун хүйтэн усаа авч, шүршүүр, боловсон жорлонгоор хангагдсан айлууд мөнгөө хурааж, дор бүрнээ хаус барихаа төлөвлөж буй гэнэ. Хотыг утаагүй болгох ганц арга чинь энэ. Шахмал түлш элдэв төрлийн зуух бол өөдгүй монгол зангаас угшилтай нүд хуурсан луйвар. Арын хаалга жолооддог зуух шахмалын тендерээр баяжиж байхад, “Эх газар” ХХК-ий ерөнхий захирал Д.Даваасүрэн хотод тулгамдаад буй замын түгжрэлийг бууруулахаар төмөр зам доогуур хос урсгалтай гоёмсог нүхэн гарц хувийнхаа 660 сая төгрөгөөр байгуулсан мэдээ цацагдав.

Гал усны аюул, алан хядагчдын дайралтад хэн эхэлж бодох санах завдалгүй алтан амиа умартан бусдын амийг аварсан билээ. Ийм агшинд талын тархай бутархай, хуулиа биелүүлдэггүй монголчууд тодордог. Аюул тулгарсан эрсдэлтэй үед хөгжилтэй орны соёлтой иргэд хүн чанар гаргахдаа монгол хүнд хүрдэггүй юм билээ. Хүн чанарынхаа угт бусдын төлөө амиа үл хайрлах агуу сайхан зан тээж явдаг атлаа монгол хүн хуулиа мөрдөхийг үл тоомсорлож, “хуулинд захирагддаг жижиг гар би биш” гэж томордог нь өөрсөддөө халтай, харийнханд ашигтай аж. Ийм цагаан мангар араншинтай бүдүүлэг хүмүүс чинь яалтай ч билээ. Хэлэх үг алга. Шинэ төр засаг эрчим хүч, шатахуунаа дотооддоо хангах зорилгоо биелүүлж чадна гэдэгт иргэд-бид итгэж, дэмжиж байна. Том гүрнүүд хавчих тусам монгол хүн улам чадваржих заяатай. Өрсөлдөгч бөх чанга байвал монгол бөх улам чангардаг гэдгээр яриагаа жаргаая даа.

                                                                                                2012-11-05