“Ярилцъя” та бүхэнтэй ахин мэндчилж байна. Миний өнөөдрийн зочин шинэ цагийн хамгийн алдартай зураачдын нэг  Ч.ХҮРЭЛБААТАР. Түүний хэвлэлд өгсөн тоотой хэдэн ярилцлагыг сэтгүүлч миний бие хийж явжээ. Хоорондоо олон жилийн завсарлагатай тэдгээр ярилцлагадаа би хайртай. Зочин нь ховор, дотоод ертөнц нь содон, хувь хүн нь бүр амтлаг болохоор тийм байдаг байх. Ингээд түүний ертөнцөөр хамтдаа аялахыг урьж байна.

-Тантай уулзахаар ирж явахдаа бодож явлаа. Хэдэн жилийн өмнө бид ярилцаж байхад та нэг бу­лан­гийн тухай ярьж байж билээ?

-Санаж байна.  

-Улаанбаатар миний бага нас­ны үеийн бүх шинжээ алдсан. Гэх­дээ нэг булан үлдсэн. Нэг тийм чи­мээ­гүй гоё булан. Би тэр буланг зу­рах юмсан гэж боддог гэж. Тэр бу­лан одоо байгаа юу, та зурсан уу. Өнөө өглөө цас ороод гоё байна. Тэр булан бүр л гоё байгаа даа?

-Байхгүй болчихсоон.

-Өө, хэзээ?

-Ноднин. Дээр нь байшин барь­чихсан.  

-Таны очих дуртай газар байсан болохоор их гунигласан байх даа?

-Нэг  ч их харамсаагүй. Улаанбаа­тарын булан байтугай улс маань алга болчих гээд байгаа юм шиг санагдаад байдаг болчихсон болохоор нэг их харамсаагүй. Одоо ч их олон юманд харамсахаа больж байна шүү дээ.

-Байшин барилга баригдаж байг л дээ. Хот хөгжиж, томорч байх ёстой бус уу. Танаас амьдарч бай­гаа цаг үедээ уурлаад байгаа юм шиг нэг тийм гутрал хааяа үнэртээд байдаг юм. Яагаад вэ?

-Мэдэхгүй. Энэ хүний хувийн амьд­ралтай л холбоотой байх л даа. Түүнээс биш өөр онцгой сүртэй шалтгаан юу байв гэж.

-Зураачийн тань тавилантай холбоотой юм биш үү?

-Бас тэгж ч хэлж болох л юм. Нэг талаар.

-Тийм байх. Та улстөрждөг хүн бол биш. Танай зураачдын зарим нь улс төрөөр бас чамгүй хөөцөл­дөж яваа харагддаг?

-Би одоо зураг зурж сурах гэж үхтлээ зүтгээд сурахгүй байгаа хүн чинь шал өөр мэдэхгүй юмаар хөө­цөлдвөл бүр галзуураад явчихна биз дээ. Тэгэхээр тэр улс төр мөрөөр хөөцөлдөх нь миний ажил биш юм.

-Та манай улсын хамгийн ал­дар­т­ай зураачдын нэг атал өөрий­гөө зураг зурж сурах гэж үйлээ үзэж явна гэж хэлж байгаа нь ямар учиртай юм бэ. Би ойлгохгүй нь?

-Үгүй, тэгээд яахав дээ. Зурах тусам чадал хүч дорой байгаа нь мэдэгдээд байгаа юм чинь. Тэгэхээр чинь одоо хэцүү яа даа.

-Репиний академи гомдмоор үг биш үү, энэ?

-Үгүй үгүй, тэр академитай хол­боотой биш л дээ. Академиас яахав хүн сурах юмаа сураад гардаг. Би ч гэхдээ нэг их сайн оюутан байгаагүй ш дээ.

-Бүгд л нэг их сайн оюутан байдаггүй шүү дээ?

-Хичээл их тасалдаг хэцүү оюутны нэг байсан л даа.

-Та юу хийгээд таслаад явдаг байсан юм бэ. Та чинь архи уудаг­гүй, наймаа хийдэггүй?

-Наймаа хийж үзээгүй. Одоо со­нин уншиж байхад манай энэ том том улс төрийн зүтгэлтнүүд чинь дан­даа л наймаа хийснээ дурс­сан бай­даг юм билээ. Би болохоор най­маа хийж үзээгүй. Наймаа хийнэ гэ­дэг муу юм биш л дээ. Муу талаар нь ярьж байгаа юм биш. Надад байх­гүй л юм байхгүй юу. Юмаа зарчих­даг, борлуулчихдаг, юмны арга эвийг олдог овсгоо самбаатай хүмүүс бай­на шүү дээ. Надад тийм чадвар цаа­наа­саа заяагаагүй.

-Та тэгээд Орост өнгө­рөө­сөн он жилүүддээ юу хийсэн юм бэ?

-Ном уншсан. Музей үзсэн.

-Орос орныг хөндлөн гулд явж үзсэн үү?

-Орос орныг ч нэг их үзээгүй. Тэр үеийн Ленинградад сурч байсан оюутнууд чи тэгэхэд байсан юм уу гээд гайхаад байдаг юм.

-Дурлаж, зугаацсан уу?

-Үгүй.

-Тэр үеийн оюутнууд их тийм романтик үеэ Орост өнгөрөөсөн байдаг шүү дээ?

-Харин тийм, би ер нь яачихсан ч байсан юм. Нутаг орноо санаж сүйд болж байгаагүй. Тэгсэн мөртлөө л нэг тиймэрхүү л амьдралаар амь­дар­сан. Гэхдээ би одоо тэр үедээ ха­рамсдаггүй.

-Ганцаардаж байсан уу?

-Үгүй дээ.

-Ганцаардал, уйтгар гуниг ер нь таны нутаг юм биш үү. Уран бү­тээлээс тань харахад?

-Ер нь бодоход би өөрөө хүн нь нэг тийм хашгичсан хүн биш шиг бай­гаа юм. Би нэг их хашгираад, инээж хөхрөөд явж байвал худлаа л байна гэ­сэн үг. Нэг л юм нь болохоо байчи­хаж дээ л гэж ойлгох хэрэгтэй. (инээв)

-Өөртэйгөө зөрчилдөөд бай­даг юм уу?

-Мэдэхгүй, би юутай зөрчилдөж байгаагаа ч мэдэхгүй. Чи түрүүн на­даас улс төр гээд л хөндөөд өнгөрч бай­на лээ. Би бас эрхбиш бичиг үсэг тайлагдсан хүн юм болохоор хааяа сонин хэвлэл уншина л даа.

-Та чинь ямар ч сонин мэддэг­гүй шүү дээ. Ийм сонин байдаг юм уу, ийм улстөрч бас байдаг юм уу л гэж асууж байдаг хүн шүү дээ?

-”Өдрийн сонин”-г манай ээж за­хиалдаг. Тэрийг нь аваад уншчихна. Танай сонинг уншина. Гэхдээ танай дээр очихоороо л уншдаг юм. Гэхдээ би хүмүүст хэлдэг юм шүү.”Үндэсний шуудан”-г л захиалаарай гэж.

-Яагаад?

-Яагаад ч юм дотно санагддаг л байхгүй юү.



-Баярлалаа. Хоёулаа нөгөө түрүүчийн яриа руугаа оръё?


-Ганаа нэг тийм сайхан хүмүүс байдаг шүү дээ. Зүгээр харахад л сайхан. Бүр юу ч боддоггүй байх даа гэмээр. Сайхан дөлгөөхөн, тайван, тавиухан, зовлонтой юм юу ч байхгүй урсаад л. Тийм улсад атаархана гэж яана. Нэг тийм юунаас ч хамаарал­гүй амьдарч явдаг хүмүүст. Гэхдээ тэр нь бүх юмны оройд гарчихаад хамааралгүй болчихсон улсад би атаархаж байгаа юм биш. Зүгээр нэг сайхан амьдарч байгаа улс байна ш дээ. Юунд ч тачааддаггүй, тэл­чилж зовдоггүй. Хөдөө нутагтаа, на­саараа нэг дэрстэй буланд амьдраад амьд­ра­лыг барж байгаа. Орчлонгийн сай­хан болгоныг мэдэрчихсэн, нэг тийм дүүрэн жаргалтай сайхан хөг­шид бай­на шүү дээ. Тэдний гоёыг ээ. Атаар­хаж үхмээр гоё. Миний таньдаг гүүрний манаач нэг өвгөн байдаг юм. Би хааяа загасанд явахдаа очиж хо­нон өнжиж ярьдаг. Мань хүн гүүрээр нь машин гарахаар 500 төгрөг авдаг. Гэхдээ өөртөө биш шүү дээ. Бас тэр­нээсээ цалинждаг гээд байгаа юм аа. (инээв) Тэр муу гүүрнийхээ хажууд л насыг барж байгаа хүн. Яриа хөө­рөө өргөжөөд явчихаар бас тийм ч тохьтой томоотой хүн биш юм шиг. Тэг­сэн хэрнээ хэний ч өөдөөс хараад юмаа хэлчихдэг өөрийн гэсэн бар­дам­нал тээчихсэн. Сэтгэл хангалуун, аз жаргалтай, нэг тийм дүүрэн шинж дандаа илэрч байдаг. Би тэр хөгшин дээр очих их дуртай.

-Та миний сайн мэддэг нэг хүн­тэй яг ижилхэн атаархалтай юм байна.  Сонин аж амьдрал, сонин хүмүүст атаархах юм. Баян хүмүүс ч уг нь бас атаархмаар шүү дээ?

-Би баян хүнд атаархдаггүй, бас уур­ладаггүй. Юунд нь атаархах юм бэ.

-Баян улс үнэхээр атаарх­маар юм аа. Өвдсөн ч яваад л эмч­лүүл­чих­нэ. Хүссэн болгоноо ху­дал­даад авчихна. Эрх мэдлийг ч ху­далдаад л авчихна. Атаархмаар биз дээ?

-Тэрэнд чинь хүн атаархаж бо­лох­гүй л дээ.

-Бүсгүйг ч худалдаад авчихна. Арай хайр дурлалыг худалдаад ав­чихдаг байх ч гэж бодохгүй бай­на л даа. Гэхдээ аягүй олон юмыг худалдаад авчихаж чадаж байгаа нь тэдний хувьд  аз жаргал байдаг ч юм бил үү?

-Тийм байх л даа. Би нэг их баян улсад хорсдог хүн биш. Тэд­нийг ерөөсөө буруушаадаггүй. Одоо нэг тийм үзэгдэл бас яваад байна. Эд­нүүс яагаад баяжчихав, муусайн хул­гайчуудыг устгая гээд л. Барьсан бос­госон юмыг нь нулимаад л. Тэд чинь бас үйлээ үзэж, нохой гахай чирч явж боссон улс байгаа шүү дээ. Миний таньдаг, мэддэг улс дунд тэгж бүр тэгээс эхэлсэн, олон жил тэрий­гээ хөгжүүлж явж баялаг бүтээсэн нь олон бий. Тэр хүнд үед тэд­нийг тэгээд явж байхад би гэртээ зургаа зураад л сууж байсан. Өөрөө тэгж яваагүй байж буруутгаад яах юм бэ. Хөлтэй болгон Москва, Бээ­жингийн хооронд хөлхөж, хөдөлж байсан. Тэгэхэд би нэг ч удаа  яваагүй.

-Та сортойтой, овсгоотой явж мөнгө олж чадаагүйдээ уурладаг юм биш биз дээ?

-Яалаа гэж.

-Заримдаа Та улс төрд аягүй уур­лачихсан явж байдаг. Таны найз нөхөд дотор улстөрчид зөн­дөө бий. Талийгаач С.Зоригоос ава­хуулаад бүгдтэй нь л найз биз дээ. Одоо С.Зоригийн найзууд за­саг барьж байна. Зарим талаар сэт­гэл ханаж байна уу?

-Үгүй, үгүй. Надад хэн засаг ба­рих нь нэг их сонин биш.

-Эд нар жаахан юм хийчих шинж байна уу. Би зүгээр таныг нийгмийн нэг эд эсийн тань хувьд асууж байгаа юм?

-Үгүй.

-Яагаад, Э.Бат-Үүл дарга гэхэд уулан дээр байгаа айл болгонд дулаан авааччих гээд байх шиг байна ш дээ?

-Тийм үү. Уг нь Э.Бат-Үүл Улаан­баа­тарт хайртай л байх ёстой хүний нэг дээ. Гэхдээ хэн билээ энэ ерөн­хий сайд чинь. Н.Алтанхуяг бил үү, тэр­ний ажлаас жишээ нь, Э.Бат-Үүлийн ажил чинь өөр биз дээ. Э.Бат-Үүл энэ Улаанбаатарыг суга та­таад  ирвэл сайн л биз дээ. Өөрийнх нь л нэр гарна. Гэхдээ Э.Бат-Үүл ч нэрээ гаргах гэж нэг их зүт­гэхгүй байх л даа. Төрсөн хотын­хоо төлөө зүтгэх гэж байгаа хэрэг.

-Гэсэн ч нэг их итгэл найдвар тө­рөхгүй байна уу?

-Одоо энэ байж байгаа царайг нь харахаар төрөхгүй л байна шүү дээ. Би бол зураг зурахаас өөрийг хий­гээ­гүй хүн. Зураг л зурсан. Улс төр мөрд нь оролцоогүй. Зураач яруу най­рагч энэ тэр болж үзээгүй. Шүлэг мүлэг уншиж гүйгээд л, зураач ч байх гэж үзээд явдаг, од ч болох гэж үзээд явдаг, депутат ч болох гээд үзчихдэг олон мэргэжил, мэдлэгтэй янз янзын хүмүүс байна шүү дээ. Би тэгээгүй. Зөв­хөн зураг л зурж яваа. Тийм бо­ло­хоор би нүүр бардам хэлнэ. Зур­гийн өмнө нүүр бардам амьдарсан. Зөвхөн нэг л юманд үнэнч яваа хүн гэж өөрийгөө хэлнэ. Энэ эрлээ улам хэцүү болох бүр мөлхөөд л, хуруу хум­саа хэмлээд л нэг тийм харанхуй газар дор орчихсон шиг явж бай­гаа л хүн. Би нэг их авьяастай биш юм шиг байгаа юм. Байгалаа­саа. Тэгээд л юм хийх гэж зовоод байх­гүй юу даа. Яг өөрийнхөө тэр хэм­жүүрээр л би бусад юманд ханддаг.

-Энэ арай худлаа байх аа. Хэ­рэв тийм бол энэ аягүй том зов­лон шүү дээ?

-Чи миний яриаг битгий тасал л даа. Би өөрийн энэ хэмжүүрээ ал­да­хыг хүсдэггүй. Тийм болохоор л за­рим­даа бухимддаг. Одоо энэ хоёр нам жишээ нь, хэдэн жилийн өмнө яав аа. Өвөр түрийдээ ороод бүр сүйд болоо биз дээ. Тэгсэн чинь одоо дайсан болчихлоо. Ийм хурднаар дай­сан болж, ийм хурднаар нөхөр­лөж болдог юм уу. Улс эх орныг авч явдаг тэр хүч нам байна уу, юу байна эц­сийн зорилгынхоо өмнө л үнэнч байх ёстой. Чигч, шударга, ну­гарш­гүй. Гэтэл үндсэн зорилгынхоо өмнө ин­гэж салж нийлж, үзэн ядал­цаж, ур­важ байхаар юу болох юм. Нэг боло­хоор нэг хүнтэй очоод наалд­чихдаг, тэс­нээ хаяж гүйгээд илүү ашигтай хүнтэй очоод наалд­чих­даг. Ийм юм­нуу­дыг харж байгаа над мэтийн ха­ран­хуй ард түмэн чинь учраа олохоо байж байна шүү дээ. Яасан амархан урвалд ордог улс вэ. Эргээд хэзээ ч нэг танхимд байгаагүй юм шиг ааш аяг гарган бие биесээ үзэн ядалцаж байгаа нь миний хувьд ой гутам яв­дал. Бидний төлөө л ха­маг мөнгөө үрээд сонгуульд орж, өр­сөл­дөж гарч ир­сэн улс гэдэг биз дээ. Эд маань ин­гэж урваж шарваад, дай­сагнал­цаад унахаар хэцүү юм даа. Хөлд нь нөгөө муу ард түмэн үрэгдэж бай­на гэдэгт л миний бухимдал байгаа юм.

-Хоёр сарын өмнө та нэг уул­за­­хад ярьж байсан. Жагдалын Лхаг­ва гуайтай нэг зүйлээс болж маргаж байсандаа харамсч байна гэж?

-Би нэг их ойр байгаагүй л дээ.

-Гэхдээ маргана, мэтгэлцэнэ гэ­дэг хоорондоо мэдрэлцдэг хү­мүүсийн л харилцаа шүү дээ?

-Би залуу, тэнэг л байсан байхгүй юу. Ер нь залуу нас чинь жаахан тийм тэнэгдүү тал руугаа шүү дээ. Тэр бол айхтар хүн байж л дээ. Нуух юу байхав. Би П.Очирбат гуайг өмөөрч, Ж.Лхагва гуай Л.Түдэв гуайг өмөөрч маргахгүй юу. Тэр хоёр ерөн­хийлөгчийн сонгуульд өрсөлдөж бай­сан. Дараа нь би энэ П.Очирбат ерөн­­хийлөгчийг “Алт” хөтөлбөрийг гар­­гахад аягүй их харамссан. Сана­лаа өгсөн сонгогчийн хувьд би ха­рам­­сах эрхтэй л дээ. Тэр хөтөлбөр бол одоогийн энэ их газар нутаг сэн­дийлэлтийн их шав байсан. Одоо бүр хярамцаг болж хувирлаа л даа. Би чинь ардчиллыг их дэмжигч хүн л дээ. Одоо ч гэсэн. Яагаад гэвэл би уран бүтээлч хүн учраас. Намайг 20 нас­тай байхад л хувьсалт намд эл­сүү­лэх гэж оролддог л байсан. Дөн­гөж сур­гууль төгсөөд ирсэн хүүхдийг ор­логч гишүүнээр элсэх өргөдөл би­чээд ир гээд л. Би халгаахгүй. Ер нь би жаахан тийм коммунист чиглэ­лийн бодлого, сурталд дургүй хүн байсан. Харин Э.Бат-Үүл сая зөв юм хийлээ. Лениний хөшөөг аваад хаячихлаа.  

-Хөшөө байж л байна биз дээ. Тэр нэг их сүртэй асуудал биш шүү дээ. Өөрсдөө цагтаа тэр хө­шөө­ний өмнө малгайгаа аваад бө­хийж байсан л улс шүү дээ?

-Долдугаар сарын 1-ний үймээ­нээр би нэг найзтайгаа хамт нүдээ хорс­­тол тэнд бас зогссон. Тэр залуу­чуу­­дад зөндөө хэлээд сонсоогүй. Үгүй, та нар наад нэг байшингаа битгий шатаагаач ээ. Энэ хөшөөг л аваад хаячих гэж хэлээд дийлээгүй.

-Юу хийж та бас тэнд явж бай­даг байнаа. Хөгжилтэй юм. Тэнэ­сэн суманд оногдчихвол яана?

-За, гайгүй биз. Тэгээд нулимсаа гоожтол, хоолойгоо сөөтөл хашги­раад бараагүй. Залуучууд юун тэр хө­шөөг тоох манатай. (инээв) Тэгээд сая тэр хөшөөг авч хаяхад нь би дот­роо их таатай байлаа. Би Ленинийг нэг их аймаар үзэн ядагч биш л дээ. Гэхдээ байж болохгүй юм гэж байдаг байхгүй юу. Би харж л байсан л даа. Э.Бат-Үүл, С.Зориг эд нар эрх чөлөө­ний талбайд болсон цуглаан дээр өнөө­дөр дэлхийн хөдөлмөрчдийн их удирдагч Лениний нас барсан өдөр гээд малгайгаа авч хүндэтгэл үзүүлж бай­сан. Би харж байсан. Маргааш нь С.Зориг дээр очоод үхтлээ уурлаж бай­сан. Чи шинжлэх ухааны комму­низ­мын онолын хичээл заадаг хүн. Чи энэ бүх гай зовлонгийн эхлэлийг тавьсан Ленин мэтийн хүмүүсийн уч­руулсан үйл лайг сайнаас сайн мэд­нэ. Тийм атал яахаараа малгайгаа авч хүндэтгэл илэрхийлдэг юм гээд л. Тэгэхэд манай Зориг тэгэх хэрэг­тэй байсан юм аа гэж хариулсан л даа. Тэгээд л би энэ улс төр гэдэг чинь ихээхэн заваан юм байдаг юм байна даа гэж ойлгосон.

-1996 онд тэднийг засгийн эрх авсны дараа Та найзууд дээрээ очиж нэг их уурлаж зэмлэсэн гэ­дэг.  Тэр юунаас болсон юм бэ?

-1998 он л доо. Товчхон хэлэхэд гал­зуурцгаасан юм. Ихээхэн галзуур­сан шүү. Юун нөгөө хуучин комму­нис­тууд. Тэднээс илүү ярвайсан, бие биедээ нялганасан долигносон ул­с болчихсон байсан. Би бүр ёртой юм шиг тэгж уурлахдаа та нар дараа­гийн сонгуульд ялагдана даа гэж хэлж байсан. Тэгээд ялагдсан ш дээ.

-Ялагдана даа гэж хэлээд байх даа яах вэ дээ. Та нээрээ хөгжил­тэй шүү?

-Тэгээд л хэлчихсэн. Үгүй, ингэ­хэд бид хоёр чинь яагаад энэ заваан сэдэв рүү орчихов оо.

-Уран бүтээлч хүний зүрх сэт­гэлээс гадуур ч сэдэв бас биш шүү дээ. Эргээд Жагдалын Лхагва гуай руу оръё. За, яахав ерөнхийлөг­чид нэр дэвшигчдээс болж та хоёр маргажээ. Харин тэгж маргаж байсандаа яагаад хожим хой­но гэнэт харамссан юм бэ?

-Яахав дээ, П.Очирбат гуай анх­ны Ерөнхийлөгчийн хувьд ард түмэн нь хүндэтгэл илэрхийлж барьж өгсөн байшинг зарчихаар нь миний сэтгэл үнэхээр гутсан. Энэ улс орон ямар хүнд хэцүү үедээ барьж өглөө дөө.

-Зах зээлийн үзлээр бол эзэн нь юмаа зарна уу яана тэр хүний эрх биз дээ. Ёстой нөгөө лаагаа ид­нэ үү, луувангаа иднэ үү гэдэг шиг?

-Тийм биш ээ, Ганаа. Ёс зүйн хэм хэмжээ гэдэг юм энэ улсад үнэхээр ал­дагдчихаад байгаа байхгүй юу. П.Очир­бат гуай арай өлсөөгүй бай­маар. Лангуун дээрээ давснаас өөр юмгүй, өөрсдөө өлөн зэлмэн шахуу амьдарч байхдаа тэр хүнд бариад өг­сөн байшин шүү дээ. Би түүний оронд байсан бол яаж ч ядарч бай­сан ядахдаа ичээд зарж чадахгүй бай­сан. Хүнд яаж ч болохгүй хэцүү үе тохиодог л доо. Ард түмний минь сэтгэл шингэсэн юм энэ тэр гэж бо­дох манатай хүнд байдалд орж хэ­цүүдсэн л юм байлгүй дээ, тэр хүн. Энэ мэдээллээс болж миний дотор их хачин болсон. Тэгээд л Лхагва гуай­тай тэр хүнээс болж маргаж бай­сандаа гэнэт харамссан.

-Таныг зарим нь тасархай авьяаслаг зураач гэдэг. Зарим хүн байгалийн дууч ч гэдэг. Байгаль таны уран бүтээлийн амин сүнс, агуу их хүсэл шунал, цорын ганц хайртай сэдэв тань мөн үү. Миний бодлоор Та энэ улстөрчдөд байга­лиас л болж уурладаг юм шиг ээ?

-Тийм л байх.

-Үнэхээр тийм байх аа?

-Чи бодоод үз л дээ. Би Орхон гол дээр жил болгон очдог. Сайхан очоод гол уснаас гуйж байгаад ганц хоёр загас барьчихна. Тэрэндээ их баяр­лана. Тэгээд зүгээр л голын урс­гал харж, тэр гайхалтай чимээг нь сон­сч сууна. Үнэхээр энэ хормууд бол миний хувьд агуу их жаргал минь байхгүй юу. Нэг их олон загас бариад л галзуураад явахгүй мөртлөө жил­дээ нэг хоёр очоод тэгээд сууж байх сайхан байдаг. Тэгээд би нэг яваад оч­лоо. Орхон гол ямар ч үертэй бай­сан, бүр улаанаараа эргэж байсан ч дандаа загастай байдаг, миний үр­гэлж очдог нэг булан байдаг юм л даа. Тэр рүүгээ л очдог. Очдогоороо очлоо. Орхон гол улаанаараа эргэ­чих­жээ. Гэхдээ үерийн улаан биш.



-Нэг тийм хилэнтэй юү?

-Хилэнтэй биш. Нэг тийм нэг дү­лий улаан. Нөгөө газраа очоод дэгээ шидлээ. Юу ч байдаггүй. Тэгсэн нэг морьтой хүү давхиад ирлээ. Ах аа, наана чинь одоо загас байхгүй ээ гэж байна. Чи яаж мэдэж байгаа юм гэ­тэл. Наадмаар манай голын бүх за­гас голынхоо хоёр эрэг дээр гараад үх­чихсэн шүү дээ. Том, жижиг бүгд үх­сэн. Тийм үү, юу болсон юм бэ гэ­тэл уурхайнхан шороо авчраад асга­чихсан юм аа гэчихээд давхиад яв­чих­сан. Долдугаар сарын 18 л бай­сан юм. Яг тэр жилийн наадмаар тийм явдал болсон гэсэн. Тэгээд л би ахиж Орхон гол дээр очоогүй. Үнэ­­­­хээр бүх юм байхгүй болж байгаа байхгүй юу. Би тэрэнд л бухимдаад байгаа юм. Хамт загасанд миний яв­даг тоо­той хэдэн л найз байдаг. Бид голын эрэг дээр хэзээ ч хог хаяж яв­даг­гүй. Бүг­дийг нь түүгээд уутанд хийж ма­шин­даа ачаад хотод авчирч хаядаг. Бүх явалтынхаа туршид бид тэг­дэг. Миний үхтлээ айдаг юм түймэр тавь­чихвий гэдэг айдас. Муухай там­хи­чин мөртлөө энэ айдас миний тар­хинд гүн суучихсан байдаг. Өөрийн маань хайрлаж, энхрийлж явдаг бай­галь дэлхий маань нүдэн дээр сүй­дээд байхаар бухимддаг. Тэгсэн мөрт­лөө бас учиргүй гүйж очоод но­гоон намд элсчихгүй. Хөөрхий хувь­даа бухимдаад л ард түмнийхээ аж амьдралыг өөд нь татах гээд амиа зо­лиослoж яваа энэ хэдэн улстөрч­дийг ойлгохгүй муулаад байдаг хүн юм уу даа.

-Та өнгөрсөн цаг үедээ их хайр­­тай хүн шиг санагддаг. Тэр нийгмийн намуун тайван шинж, даг­шин тунгалаг байгаль, эвдрээ­гүй орчин, эвдрээгүй хү­мүүс гээд...хайрлан санагалзах зүйлээр дүүрэн байж ч болох юм л даа?

-Хүн болгон өнгөрсөн үедээ хайр­тай.
Хүн болгон залуу насандаа хайр­тай. Тэнэг мангар явсан ч гэсэн тэ­рэндээ хайртай. Алдаагаар дүүрэн байсан ч өнгөрсөн үедээ хайртай. Би ер нь дүгнэлт хийх дургүй. Өөрийн­хөө амьдралд ч дүгнэлт хийх дургүй. Өөрийнхөө зөв гэж бодсоноор амь­дарч яваад л дуусна. Би өнгөрсөн үеэ хайрлана гэдэг нь социализмыг хайр­лаж байна гэсэн үг биш л дээ.

-Тийм байж. Гэхдээ тэр нийг­мийн нэг тийм амар тайвныг, та­нил дотно дүрүүдийг зураачийн хувьд дотроо хайж явдаг юм бо­лов уу гэж хардаг. Хэдэн жилийн өмнө бид хоёрыг нэг ярилцаж бай­­хад та лапаатак Зундуй гэдэг хүнийг зурна гэж ярьж байсан?

-Тийм. Тэгээд зурсан ш дээ.

-Үзэж болох уу?

-Нэг хүн худалдаад авчихсан.

-Та ер нь яагаад заавал тэр хүнийг зурна гэж байгаад зурсан юм бэ?

-Үгүй яахав, миний хүүхэд нас шүү дээ. Тийм улс, тийм дүрүү­дийн дунд л миний бага нас өнгөр­сөн. Одоо манай дөчин мянгатын хойд талд чинь нэг тийм сонин газар бай­лаа ш дээ. Мундаг мундаг архи­чин­гууд цуглардаг. Гэхдээ тэр нь цөө­хөөн. Улаанбаатарт миний мэдэ­хийн арваадхан л архичин байсан юм. Тэд чинь бүр яадгаа алдчихсан архичин­гууд шүү дээ. Гудамжны. Гэр орон­гүй, одоо юу ч болж явсан юм. Хам­гийн муухай нийгмийн хог шаар­нууд гэж сонин дээр бичигддэг. Тийм л ар­хичингууд. Гэхдээ бүгдээрээ оро­соор ярина. Бүгдээрээ гоё шүлэг ун­шина. Гуниглаад гоё гоё орос дуу аялна. Тийм л улс байсан юм. Одоо­ны энэ муухай архичидтай тийм улсыг яаж зүйрлэх юм бэ.

-Тань шиг хүүхэд насаа сана­галз­сан, тийм дүрүүдэд хайртай хүн лапаатак Зундуйн хөргийг ху­далдаж авч л дээ?

-Тийм байх. Одоо нэг хятад то­гооч зурчихсан байж байна. Бас л тэр үед байсан шүү дээ. Хөөрхөн жи­жиг­хэн хя­тад мухлагууд. Нэгээс нь нэг рүү нь ороод л яваад байдаг. Сайхан амт­тай боовтой, сайхан хоолтой. Тийм хөөрхөн мухлагууд байдаг байс­ныг тэр үеийн улс бүгд мэднэ. Хааяа нэг дотроо санагалзахаар нэг тийм жи­жиг­хээн зурвас үе байсан л даа.

-Та одоо би байгаль зурахгүй гэж хааяа хэлдэг болчихсон байна лээ. Гэсэн ч зурсаар л байгаа. Нэг хүн Таны тухай хэлсэн байсан. Ч.Хүрэлбаатар бол авьяастай, зу­раачийн хувьд том зураач. Гэх­дээ сэтгэлгээний зураач биш гэж. Сэт­гэлгээний зураач гэж яг хэн бэ?

-Мэдэхгүй. Тэр хүнээсээ асуухгүй юу. Ганаа, байгалийн зураг зурах чинь нэг талаар маш хэцүү ажил байх­гүй юу. Нэгдүгээрт, их хэцүү. Бай­га­лийг янз янзаар зурж болно л доо. Миний энэ хийж байгаа байга­лийн зургууд нэлээн өндөр техник шаард­даг юм. Мэргэжлийн чадвар гэх юм уу даа. Хоёрдугаарт, би их амар­даг юм.

-Зурсныхаа дараа юу, зурж байх­даа юу?

-Зурсны дараа нэг их сайхан ч юм байхгүй л дээ. Тэр хүний хэлж байгаа нэг талдаа үнэн ч байх. Гэхдээ тэр хүн зураач хүн юм уу.

-Үгүй?

-Тэгвэл ерөөсөө тэр хүний дүг­нэлт надад огт хамаагүй юм байна. Би нэг их элдэв хүмүүсийн хэлсэн үгэнд эмзэглээд байдаггүй. Эмзэг­лэж байсан үе бий. Энэ маань нэг ин­гээд хэлчихлээ гээд. Эмзэглээд, гутарч байсан үе надад бий. Гэхдээ тэр хүмүүс маань одоо бүгд бурхны оронд оччихсон. Миний хүндэлж яв­даг гайхалтай хүмүүс байлаа шүү дээ. Тэд минь үгүй болчихоор нөгөө намайг хэн хэлэх юм, нохойг хэн саах юм гэдэг шиг болчихгүй юу даа. Тэд ч бас надтай адилхан зураг зурах гэж зүтгэж байсан. Одоо ч гэсэн бас зу­раач нар бий л дээ. Үгийг нь сонсох зу­­раач нар байлгүй яахав. Гэхдээ цөөхөн.
 
-Уран бүтээлч хүмүүс хоорон­доо нөхөрлөх гэж байдаг юм уу. Хэцүү биз дээ?

-Байлгүй яахав. Одоо надтай цуг үзэсгэлэнгээ гаргаж байгаа Дэнзэн байна. Бид хоёр 1981 онд танилцсан. 31 жил нөхөрлөж явна. Муудалцаж үз­сэнгүй. Янз янзын ааш гаргаж үз­сэн­гүй. Асар авьяаслаг уран бү­тээлч. Би авьяасыг үнэхээр хүндэлж явдаг. Ямар ч авьяасыг. Авьяас чинь ганц­хан зураг зурах, дуу дуула­хад байдаг юм биш шүү дээ. Авьяас гэдэг чинь хүнд бурхнаас өгдөг зүйл юм боло­хоор тийм бурхнаас өгөг­дөл­тэй, агуу их авьяастай улсыг хэн ч байсан би хүндэлж явдаг. Миний байгаль зурд­гийн тухайд бол би бай­галь ч зурдаг, хөрөг ч зурдаг. Гэх­дээ байгаль нь арай давамгай бай­сан байх. Миний энэ урт удаан зам бага багаар ураг­шилсаар, өөрчлөгд­сөөр байгаад ямар нэг зүйлд хүрнэ гэж би чамд олон жилийн өмнө хэлж байсан даа. Хүрэх гээд л яваад бай­даг. Гэхдээ заавал нэг юм саад бо­лоод байгаа юм аа. Би тэрийг нь өө­рөө хийгээд байгаа юм. Өөрөө өөр­төө дайсан болоод яваад байгаа байх­гүй юу. Ер нь урлаг чинь хартай эмэгтэй хүн шиг  их тийм хэцүү юм шүү дээ.

-Яагаад хартай эрэгтэй хүн шиг биш гэж?

-Хартай эрэгтэй хүнийг би ямар мэдэх биш. Хартай эмэгтэй хүн чинь их хэцүү гэж л ярьдаг ш дээ. Над­тай нэг их таарч байсангүй. Урлаг өөрөө маш их хартай байхгүй юу даа. Жаа­хан тийм нэг хөдөлгөөн хийхийг ан­дах­гүй. Жаахан урвалтыг өршөөх­гүй. Өчүүхэн төдий урвалтыг ч өр­шөө­дөг­гүй байхгүй юу. Би олон тийм жишээг мэднэ. Тэгэхээр ийм тави­ланд ба­ригд­чихсан хүн чинь ингээд л тэнэг ца­райлаад байж байхаас өөр ар­га­гүй. Урвалтууд бол хаа сайгүй байна л даа. Одоо жишээ нь энэ Балх­жав хэ­дэн жилийн турш монгол­чуу­дын тар­хийг солонгос киногоор угаалаа. Энэ бол Монголын ард түм­ний оюун са­наанд дайсан болж бай­гаа хэрэг биз дээ. Өөрөө болохоор дуу зохио­гоод концерт тоглоод яваад байх юм. Тэгсэн мөртлөө улс орон даяар ца­цаж байдаг мэдээллийн  машинаар дамжуулж, улс орны уураг тархийг тэгж хордуулж байдаг. Чи энэ талаар юу гэж боддог вэ.

-Би юу ч гэж боддоггүй. Зүгээр энэ тэнэг асуултаар дамжиж хүс­сэн хариултаа авчихлаа даа л гэж бодож байна?

-Тийм үү. (инээв) Би аягүй дургүй хүрээд байдаг байхгүй юу.

-Би эртээд Тантай хамт нэг най­зын тань урлангаар орсон. Тэнд хэд хэдэн гоё нүцгэн нату­рын зураг үзсэн. Танд яагаад тийм ажлууд байдаггүй юм бэ?

-Зурмаар л байна. Би чинь зур­гаан жил өглөө өдөргүй зурсан ш дээ.  Шалдан, янз бүрийн насны, янз бү­рийн биетэй орос эмэгтэйчүүдийг мөн ч их зурсан. Бүр залхтлаа зур­сан. Гэхдээ том утгаараа залхана гэж байхгүй л дээ. Буруу л ярьж байх шиг бай­на. Одоо ч гэсэн найз нартайгаа ярьдаг л юм. Нэг сайхан натур зурах юм­сан гээд. Тэж байгаад зурна л даа.

-Натуртаа сэтгэлээ өгч, та­таг­даж, дурлаж байж сайн бүтээл болох уу?

-Реалист, сонгодог уран зургийн зураачийн чадал, техник, авьяасыг шалгах шалгуур нь тэр бай­сан юм. Одоо хүртэл тийм. Тэгэхээр тэрийг зурж чаддаггүй хүн бол өөрийгөө мэр­гэж­лийн, өндөр түвш­ний зу­раач гэж бо­дох хэрэггүй.

-Натур эмэгтэйтэй харилцаж байхад сэт­гэл хөдлөлөө дарах дав­хар техник хэрэг болдог уу?

-Би чиний асуултыг ойлгож бай­на. Нүцгэн эмэгтэй зурах тухай ойл­голт дээр жирийн хү­мүүст нэг тийм эротик юм л бодогдоод байдаг шиг бай­гаа юм. Юун тэр. Тийм юм тол­гойд орж ирэхгүй алга болдог.

-Натуртайгаа гэр­лэ­сэн зураа­чид байдаг л юм билээ?

-Тэр ч яахав дээ. Хо­лиод л яв­чихгүй юу. Эс­вэл хүмүүсийн сэтгэ­лийн асуудал болоод явчихаж бай­гаа байх л даа.

-Та зураачийн хувьд өөрийн­хөө аль үед илүү хайртай вэ?

-Ирээдүй үедээ хайр­тай. Бий бол­гох юмаа л хайрлаж, тэрэн­дээ л өөрийгөө авч очих юмсан гэж бодож явдаг.

-Өөрийнхөө зур­ганд дурлах гэж бай­даг уу?

-Байдаг байх аа. Гэх­дээ би нэг их зурсан зургаа шир­тээд, бишрээд санаа алдаад суугаад байдаггүй. Зу­раач нар миний зурсан зураг бол ми­ний хүүхдүүд гэж хэлсэн л байдаг юм билээ. Би дэндүү муу­хай хатуу ханд­даг, зургандаа. Гэхдээ тэр хатуу сэт­гэл минь дуусчихвий гэж айгаад бай­даг юм. Тэгвэл тэгээд л би баларлаа.

-Та өнгөрсөн жил Ховд, Сүх­баа­тар аймаг руу явж зурсан. Тэн­дээс шинэ юм олж үзсэн үү?

-Чи хаанаас олоод үзчихсэн юм.

-Би чинь сэтгүүлч хүн шүү дээ?
-Гайхамшгуудыг үзсээн.

-Тэрийгээ бүгдийг нь гаргасан уу?

-Чадлынхаа хэрээр зурсан. Сүх­баатар аймгийн Шилийн богдын нэг тийм өвлийн өглөөг зурсан байгаа. Ерөн­хий сайд асан С.Батболдод цуг­луулга нь байгаа. Ховдод нэг тийм гай­халтай уул зурсан. Энэ хоёр зур­гийг л чиний хэлдгээр дурлана гэдэг шиг дотроо гайгүй бүтээлүүд бол­сон гэж бодсон.

-Хувь уран бүтээлчийн тань хувьд тухайн үед сэтгэлдээ болж байсан зүйлсийг шингээсэн зур­гууд гэж байх уу. Энэ бол миний тийм үеийн зургууд гэж хэлэхээр?

-Байлгүй яахав дээ.

-Тэгвэл өнөөдрийн энэ үзэсгэ­лэн­гийн зургууд таны ямар үеийнх вэ?

-За, ёстой хэлж мэдэхгүй байна. Нэлээн хэцүү л үе байгаа байх.

-Та тэр бүр зурж байгаагүй зур­гууд ч зурсан байна. Жишээлбэл, “Алтан шөнө”, “Битүүний шөнө” гээд сонин, хүчирхэг зургууд байна?

-Би шөнийг зурдаг ш дээ. Гэхдээ яг иймэрхүү маягаар зурж байгаагүй. Арай өөрөөр хийж байсан. Шөнө заа­вал ч харанхуй байх ёсгүй ч юм шиг бодогддог юм. Яахав ингээд бага ба­гаар явж л байна. Өөрийнхөө бодож явдаг юм руугаа. Гэнэт нэг өглөө ха­шгирч босч ирээд за, одоо сэтгэлгээ­ний зураг зураад алаад өгье дөө гэж болдоггүй байхгүй юу даа. Миний асар их хүндэлж явдаг, найз зу­раач бай­сан юм. Ёндонгийн Өл­зий­хутаг гэж. Тэр бол агуу их зураач байсан. Тэр маань нэг удаа хэлж билээ. Га­даа­дад хоёулаа нэг өрөөнд зураг зу­раад байж байсан юм. Ерөөсөө са­наа­наас гардаггүй юм. Хүрлээ, нүд юм харахаа болиод, гар жаахан сал­га­­­лаад ирэхээр энэ гурвалжин дөр­вөлжингүүдийг чинь зураад өгье өө байз гэж. Тэр бол бурханаас заяасан гайхамшигтай их авьяастай зураач байсан байхгүй юу. Одоо тийм их авьяастай хүн байхгүй л дээ. Би энэ үгийг хэний ч өмнө хэлж чадна. Тэ­гээд яахав, хоцрогдсон, сэтгэлгээний зураг зурж чаддаггүй гэж хэлэгдсээр өн­гөрсөн л дөө. Үнэхээр багтаж шин­гээ­хийн аргагүй их авьяастай хүн байсан.

-Та яагаад Дэнзэнтэй хамтарч үзэсгэлэн гаргаж байгаа юм бэ. Шалтгаан нь?

-Бас их авьяастай зураач. Би хэлсэндээ. Авьяастай хүнд хайртай гэж. Хэчнээн миний найз ч гэсэн асар их авъяастай уран бүтээлч байхгүй юу. Бид үзэсгэлэнд тавих зургуудаа огт үзээгүй. Дэнзэн юу хийж байгааг мэдэх юм алга. Аймаар юмнууд хийж ирээд намайг хөлдөө чирээд баллах юм уу бүү мэд. (инээв) Гэхдээ би найзтайгаа хамтарч үзэсгэлэн гаргаж байгаадаа их баяртай байгаа. Бид хоёр 1993 онд хамтарч нэг үзэсгэлэн гаргаж байсан. Гэхдээ гадаадад. Энэ хоёр дахь нь.