Монголчууд бид хахуулийн сэтгэл зүйд ноёлуулж гүйцжээ. Бүх салбарт хүрээгээ тэлэн, ямх ямхаар идсээр нийгмийн дундаж, дундаас доогуур төвшнийхний ядарч алжаасан сэтгэлзүйг эзлэн авсаар байна. Одоо манай улсад ёс горимын дагуухь шударга өрсөлдөөн гэх ойлголт устан үгүй болж, хямдхан, хууль бус, хэрэглэгчдийнхээ ухамсрыг улам газарт унагаж хаясан бохир өрсөлдөөн л цэцэглэж байна. Ийм нөхцөлд дээрээ эрх баригчид нь стандарт ярьдаг, доороо пүүс компани, албан байгууллага, хувь иргэд нь стандарт бус болгоныг үржүүлж байдаг, нийгмийнх нь үндсэн ёс зүй доройтсон улс орон  болон тогтож буй нь аргагүй юм. 
 
Улс орон маань бүхэлдээ даварсан нөхдүүдийн дал­ласан гарын аясаар дагаж ханарсаар, далайсан далайлт болгоны өмнө навталзсаар, өчүүхэн арга залинд нийтээ­рээ хууртагдсаар хаашаа аль зүг рүү даялан одож буй­гаа ч анзаарч, хянаж, анхаа­руулж, цаашилбал тэмцэж байгаа дуу хоолой сонсогдо­хоо болив. Бензин импорт­логч­доос авахуулаад бизне­сийн бүх салбар зөвхөн ашгийн төлөө түрэмгийлэн довтолж, хэрэг­лэгчдээ хөл­дөө чирч байна. Хаа­на шударга бус зүйл явж байна, тэнд ард иргэд үрэгдэж байдаг. Энэ бүхний цаадахь хамгийн гол эмгэнэл нь үрэгдэж буй олонлог нь өөрсдөө үрэгдэж байгаагаа мэдэрдэггүй, дагаж ханарч явсаар урхинд нь гүйгээд орчихдогт оршиж байгаа юм.

Бизнесийн эцсийн зорил­го бол ашиг. Гэхдээ ашиг гэх энэхүү хатуу ойлголт шудар­га, эрүүл өрсөлдөөн дээр суу­рилж гэмээнэ зах зээлийнхээ үндсэн гоо зүйг эвдэж гэм­тээхгүй явдаг учиртай. Гэвч манай харуусал бүх зүйл эсрэгээрээ урсдагт нь, тэр­хүү эсрэг урсгалыг Төр нь эс харсан царайлдагт нь байдаг. 

Бид эхлээд эрүүл өрсөл­дөөн, шударга зарчим, хууль ёсонд нийцсэн бизнесийг дэмж­дэг, тэндээс ирж буй зүйлийг хүлээж авдаг соёлд суралцмаар байна. Нэг хэсэг манайд суга­лаагүй бизнес гэж бараг байхгүй болсон. Бүр сонин хэвлэл нь ч сугалаажиж баларсан. Сонин захиалбал машин хожно шүү гэж хаш­гирсан аймшигтай үзэгдэл гарч ирж өдөр тутмын хэвлэлд  ажилладаг бид хэлэх үггүй гайхширч байсан. Ийм юм зөвхөн Монголд л болж байв. Дараа нь Хадгаламж зээлийн хоршоо гэж айхавтар том шуурга дэгдсэн. Хамгийн их мөнгө хадгалуулбал алтан аяга өгнөө гээд л хошги­руулсан. Яасан ч шуналтай улс юм. Ямар ч гэнэн хүмүүс юм. Хэдэн төг­рөгөө өвөрт­лөөд цөмөөрөө гүйлдэж очоод өгчихсөн. Өгөөд аяга ч үгүй, хадгаламж ч үгүй алдац­гаасан. Өөрсдөө хуйларч очиж мөнгөө санхүүгийн сайн дурын луйварчдад аваачиж өгчихөөд Төр минь одоо бид яах юм бэ, авраач гээд хөлөө жий­гээд өлсч цангаад хэвт­чихсэн. Өгөхдөө асуугаагүй байж, өр ширэнд бариг­дахаараа Төр рүүгээ эргэж ноцоцгоосон. Ийм л бүдүүлэг олонлог манай нийг­мийн дийлэнх хувийг эзэлж байна. Эднийхээ тархиар наадсан бизнесийнхэн одоо бүр дэд давхарга руугаа оров. Сүүлийн үед үүрэн телефоны бизнес эрхлэгчдийн зүгээс сугалаагаар далласан шу­дарга бус давалгааг эх­лүүллээ. Харь­цангуй дээд төвшний бизнесийн салбар шүү дээ. Яаж ийм эх орон­доо, иргэддээ хайргүй хандаж чаддаг байна вэ гэж гайх­маар. Бизнес хийдэг хувь хүн ч бай, пүүс ком­паниуд ч бай үнд­сэн сууриа, дээр нь сууж яваа завиа, цаашлаад өөрсдийг нь завьтай нь хөвүүлж яваа нуураа хайрлах үзэл санааг тээж явдаг. Энэ салбар бол Монголд шинэ тутам салбар. Хөлөө одоо л нэг олж байгаа гэж хэлж болно. Гадна дот­нынхны асар их хэм­жээний хөрөнгө оруулалт татаж, хамжиж дэмнэж байж босгож байгаа салбар. Тэр тусмаа энд өрсөлдөөн шударга, эрүүл, хууль ёсны дагуу явагдах ёстой. Ийм шаард­лага зайлш­гүй тавигдах ёстой эмзэг бизнес ч гэж хэлж болно. 

Сүүлийн үед энэ зах зээл дээрх хэрэглэгчдийн тоо буурах хандлага илэрч байгааг шинжээ­чид хэлж байна. Энэхүү буурал­таас болж зах зээлийнх нь тэлэлт урьдынхаас ялимгүй удаа­­ширч байгаа нь ойлгомжтой. Зах зээлийн зүгээс энэ байтуай дохио ирдэг. Гэвч манай зарим үүрэн телефоны компани, тухайлбал “Мо­биком”, “Юнител” зэрэг компаниудаас хямд үнээр өрсөлдөх, төрөл бүрийн хууль бус арга хэрэгсэл ашиглан хэрэглэгчдийг үймүүлэн татах гэсэн шу­дарга бус өрсөлдөөн явуулах нь хэрээс хэтэрч хараг­дана. Сүүлдээ улам даварч, Харил­цаа холбооны зохицуулах хорооноос тогтоосон тари­фын хязгаарыг зөрчсөн үнэ тари­фаар үйлчилгээ үзүүлэх, оператор компаниуд хямд­рал, урамшуу­лал нэрийн дор өндөр үнийн дүн бүхий эд хөрөнгийн /байр, машин гэх мэт/ сугалаат худал­даа явуулах зэргээр шуударч, цагаандаа гарч байна.

Эдгээр компаниудаас явуулж байгаа байр, машин гэх мэт эд хөрөнгөөр далла­сан башир ажиллагаанууд нь үнэн хэрэгтээ урамшуулал гэсэн нэрийн дор эд хөрөн­гийн суга­лаат худалдаа явуулж байгаа хэлбэр юм. Монгол Улсын бүх хууль тогтоомжийг зөрчсөн эдгээр үйл ажиллагаа руу чухамхүү ийм үзэгдлүүдийг л таслан зогсоох үүрэг хүлээн ажил­лаж байгаа, ноён О.Магнай та анхаарлаа хандуулаач ээ.

Аж ахуйн үйл ажилла­гааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.4-т зааснаар эд мөнгөний хонжворт сугалаа эрхлэх үйл ажиллагаа нь тусгай зөвшөөр­лийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаанд тооцогддог бөгөөд хууль тогтоомжоор тусгайлан заасан сугалааны тоног төхөө­рөмжийн техникийн үзүүлэл­түүд, сугалаат худал­даа явуу­лах процедур журам гэх мэт олон нөхцөл, шаард­лагыг урьд­чилан хангаж зохих байгуул­ла­гаар хя­нуулс­ны үндсэн дээр суга­лаат худалдаа эрхлэх зөв­шөө­рөл олгогддог юм байна. Зөвшөөрөлгүй эрхэл­сэн то­хиол­долд хууль бусаар олсон орлогыг хурааж, торгох арга хэмжээ авахаар хуульд заасан. Одоо эдгээр хуулийн хэрэгжилтийг хянах цаг болжээ.

Урамшуулал нэрийн дор хэрэглэгчдийг төөрөгдүүлэн мэхэлж, тусгай зөвшөө­рөлгүй, хууль бусаар явуулж байгаа хонжворт сугалаандаа иргэдийг  сурталчилгаагаар зодон татан оролцуулж, шударга бус гэнэ­тийн ашиг олж байгаа энэ байдал нь хуулийн тодорхой заалтууд­тай зөрчилдөж байгааг хуульчид түрүүчээсээ ан­хааруулж байна. Гэвч мо­нополь тогтоохыг хүсэмжлэг­чид үл хэрэгссээр. Тэдний энэ­хүү хуульт ёсны дээр сан­дайлж суусан үйлдлүү­дийг хэн хэзээ зогсоох вэ.

Тэдний явуулж буй энэхүү өрсөлдөөний хууль бус хэлбэ­рүүд нь Монгол Улсын холбогдох хууль тогтоом­жуудыг зөрчөөд зогсохгүй, үүрэн телефон хол­бооны хэрэглэгчээс олох дун­даж орлогыг бууруулах, үйлчил­гээ эрхлэгчдийн орлого ашгийн төвшин, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, санхүүгийн чадавхид сөрөг нөлөө үзүүлэх, Монгол Ул­сын харилцаа холбооны салба­рын орлогын өсөлтийг удааш­руулах, салбарын хөгжлийн хурдацад сөрөг нөлөө үзүүлэх зэрэг цаашид уршигтай олон үр дагаврыг бий болгож байгааг Тагнуулын байгууллага ч анхааралдаа авч байгаа биз ээ.

Үр ашиг гэх ойлголт компа­ниудын нэгдүгээр ойлголт гэдэг нь тодорхой. Гэхдээ үр ашгаа хожмын үйлийн үрээ бодож ху­рааж баймаар. Улс орноо, тогтож ядаж байгаа бизнесийн орчноо бодож баймаар санаг­дана. Бид зөвхөн өнөөдрийн өөхний төлөө хэдий болтол явах юм бэ.

Үр ашигтай ажиллахын төлөө ухаан бодлоо уралдуу­лалгүй яахав. Тэр тусмаа мэдээллийн технологи эрчим­тэй хөгжиж буй энэ зуунд. Гагц­хүү хуульд нийцсэн өрсөлдөө­ний арга хэлбэрүүдийг сонгож, үйлчилгээний өндөр чанараар өрсөлдөж сурмаар байна. 

Хэрэв энэхүү алтан дүрмийг үл хэрэгсэн шударга бусаар ашиг олох, хэрэглэгчдийг мэх­лэх, үйл ажиллагаагаа явуул­саар байх юм бол энэ улсад хууль тогтоомж, Төр засаг гэж байдгийг сануулах хэрэгцээ ч гарч мэдэх юм.  Жишээлбэл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсэгт эд мөнгөний хонжворт сугалааны орлогод 40 хувийн албан татварыг ногдуулахаар заасан байна.  Гэтэл Мобиком, Юнител зэрэг компаниуд “Моби лотто”, “5 байр” нэртэй сугалаат худалдааг жил бүр тогтмол хугацаанд, тодорхой давтамж­тайгаар явуулж ирсэн бөгөөд энэ жилийн хувьд мөн л дээрх хонж­ворт сугалааны үйл ажил­лагаа­гаа эхлүүлэн зар сурталчил­гаагаар бөмбөгдөж эхэллээ.

Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч компаниудын хувьд хэрэглэгчдэд зориулсан тодор­хой урамшуулал, хөнгөлөлт, бэлгийн хөтөлбөрийг явуулж болох бөгөөд эдгээр нь жинхэнэ утгаараа тодорхой үйлчилгээний үнэ тарифаасаа үзүүлж буй урамшуулал, хөнгөлөлт, эсвэл өөрийн эд хөрөнгөнөөс хэрэг­лэгчид үнэ төлбөргүй өгч буй бэлгийн шинжтэй байгаа тохиолдолд хууль эрх зүйн хувьд болон өрсөлдөөний арга хэрэгслийн хувьд хүлээн зөвшөөрч болно.

Харин хэрэглэгчдийн дунд сугалаат худалдаа зарлаж хэрэглэгчдээс их хэмжээний мөнгөн хөрөнгийг өөртөө татан төвлөрүүлж их хэмжээний ашиг олон үүнээсээ өчүүхэн бага хэсгийг тодорхой цөөн хэдэн хүнд хонжвор байдлаар олгож байгаагаа бэлэг, урамшуулал, хөнгөлөлт нэрээр халхавчлан хуулиар тогтоосон албан татварыг төлөхөөс зайлсхийж байгааг уучилшгүй юм.

Одоо уучлах, харзнах, анхааруулах, хүлээх гэх мэтийн уужим бодлогоор энэ нөхдүүдэд хандах аргагүй болсон ч байж мэднэ. Энэ улсад Төр, хуульт ёс гэж байгаа л юм бол шударга бус, хууль бус энэ мэт бохир ашиг олох ажиллагааг таслан зог­соох, зах зээлийн хөрс суурийг стандарт өрсөлдөөнөөр хамгаалахын төлөө хөдлөх цаг болсон. Хэрэв давуу эдийн засгийн хүч, давуу улс төрийн нөмөр, давуу дур зоргоор нэг хэсэг нь энэ мэтээр гаарсаар л байх юм бол манайд бизнесийн байгууллагууд эрүүл саруул төлөвшихгүй.