Намрыг налаад л суугаад баймаар...
Амьд ахуйдаа алга ташуулж амжаагүй Эмили Дикинсоныг Америкийн хамгийн шилдэг яруу найрагч гэдгийг дэлхийн утга зохиолын ертөнц эдүгээ нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Хүлээн зөвшөөрөгдөхийн төлөөх амьдрал байгаагүй ч өөрийнхөө өмнө хожим дэлхий нийт мэхийнэ гэдгийг мэддэг тэргүүнээ өргөсөн ихэмсэг амьдрал түүнийх байв.
Амьд ахуйдаа ердөө зургаахан шүлгээ сонинд хэвлүүлсэн хэт ихэмсэг энэ найрагч орчлонгийн хий хоосон, шальдар бульдар ахуйлаг оршихуйд аймшигтай том цохилт өгсөн бүтээлүүдээ зүгээр л шүүгээндээ үлдээгээд буцаж чадсан. Түүний бүтээлүүдийг сураг ажиг төдийхнөөр, энд тэндээс олсон ганц нэг мөрөөр мэддэг байсан надад бөөн баяр таашаал авчирсан явдал одоогоос хэдэн жилийн өмнө болсон юм. Бас нэгэн нууцлаг авхай Г.Лхагвадулам Эмили Дикинсоны шүлгүүдийг “Орчлонд илгээх захидал” нэртэйгээр хөрвүүлж монгол уншигчдын хүртээл болгосон нь тэр. Эмили Дикинсоныг заримдаа би үхлийн дууч гэж боддог. Үхэл бол хайр дурлалаас дутуугүй урлагийн чансаа сорьдог том сэдэв. Зүгээр ойлголтынхоо хувьд ч оньсого мэт тааварлашгүй, тайлшгүй энэ сэдэв уран зохиолчдын хүч, оюуныг сорьдог аварга зүйл.
Эмили надад бас хайрын агуу том дуулагч юм шиг санагддаг. Энэ орчлонгийн бүхий л уран бүтээлчид энэ сэдэв дээр өөрийгөө тунхаглах гэж оролддог. Гэвч бүгдээрээ зүрхийг базлуулж, шигдээс мэт чимхлэн өвтгөж, дур тавилт мэт халууруулан мансууруулан тавирааж чаддаг хүчирхэг бүтээлийг хийж чаддаггүй.
Эмили Дикинсон надад цаашид хэний ч атганд базуулж чадахгүй тэрсэлж явах зоригийг өгсөн. Бас сул зоргоороо хэсүүчлэн тэнэх агуу их хүслийг бадрааж өгсөн. Ийм хэмжээний нөлөөллийг авсныхаа хувьд би азтай...бас азгүй ч байж мэдэх юм .
Намрыг налаад л суугаад баймаар санагдана. Зүрхнийхээ хөндүүрийг зүгээр л энэ хуйлралдан, сүрэглэлдэн нисч буун гансарч байгаа буцах шувуудад өгөөд явуулчихмаар...Тийм их амар тайвныг хүснэ. Ямар ч мөрдлөг хавчлагагүй, ямар ч хүсэл тачаалгүй, юунд ч адгахгүй ер бусын намуун үлдэхийг хүснэ.
Би ойлгодог,
Орчлон давчууг,
Зовлонгийн туйлыг,
Олны тарчлалыг...
Гээд яах вэ?
Би ойлгодог,
Бүгд л үхэхийг,
Амьдралын сайхан
Арван жил ч хүрэхгүйг...
Гээд яах вэ?
Би ойлгодог,
Энэ бүхэн тэнгэрт
Эцэстээ ялгаагүйг,
Шинэ төөрөгдөл үүсэхийг.
Гээд яах вэ?
Би байн байн утга учиргүй алга болохыг хүснэ. Би байн байн бүх зүйлээс залхана. Би үргэлж эндээс явахыг мөрөөднө. Би байнга л ийм өвдөлтөнд тэлчлэн зовно.
Хэрвээ чи намар ирэхээр бол
Айлын эхнэрүүд шиг
Хуурамч инээмсэглэл, дүр эсгэлтээр
Зуныг би элээж чадна.
Хэрэв жилийн дараа чамайг харахаар бол
Сар бүрийг эвхээд
Цаг нь болтол тэднийг
Салангид шургуулганд хийж орхино.
Бид хоёрын амьдрал жамаараа
Төгсөх нь гарцаагүй цагт
Би үртэс шиг энэ амьдралыг
Тээр тэнд чулуудаад мөнхөд хүрнэ.
Манайхны зарим шиг алтлаг үгээр жиргэдэг уран зохиолчид уншигчдадаа яагаад юуг ч өгдөггүйг ойлгох хичнээн өр өвдөм. Оюун сэтгэлгээний чөлөөлөлтөд хүрэх арга замууд хэлбэрийн хувьд өөр хоорондоо эрс ялгаатай, олон янз ч дэндүү болхи цүлх бидний явж буй зам зовлонтой дорой санагдах нь хэцүү.
Бидэнд хүртээсэн тэсч өнгөрүүлэх шөнө,
Дараа нь өглөө.
Бидний л дүүргэх ёстой
Жаргал болоод нүглийн хоосон.
Энд од, тэнд ч од...
Зарим нь төөрөх.
Энд манан, тэнд ч манан...
Төгсгөлд нь өдөр ирэх.
Яруу найргийг өнөөг хүртэл зарим нь манай ард түмнийг хүмүүжүүлэх гэгээрүүлэх ч гэнэ үү, үүрэгтэй гэж хашгирах юм. Яасан их мунхаглал, ямар хачин тэнэгрэл гэдэг нь энэ вэ гэж би харуусан шагширдаг. Өөрийн дотоодод болж буй энэ үймрэлээ ганц нэг ойр дотны анд нөхөдтэйгөө хуваалцаж тайвширдаг. Тэнэгүүд рүү тэрсүү үг чулуудчихдаг адарсан зангаасаа болж “мөнгөн тэвнэ” гэх мэтээр заримд нь хоч хорсол хоёрын аль нь тодорхойгүй чимхүүлж үзсэн.
Одоо миний ертөнц хагас чөлөөлөгдсөн, хагас эрх чөлөөтэй ч урлагаас авч буй таашаал минь бүтэн, зовлон шаналалаас хүртэж буй шагнал минь дүүрэн, хэлтэлж мэрсээр туулж буй тавилан минь зарим талаар хангалттай санагддаг болжээ. Үүнийх нь төлөө орчлон хорвоод би талархана.
Нэл нойтон мананд нэвчүүлээд л зогсоод баймаар санагдана. Урсан, шуугин, сэрүү татуулан холбирч буй гол мөрний урсгалд өөртөө шүгэлсэн бүх донг дайгаад урсгачихмаар бодогдоно. Тэгээд ойн захад, гаднаа моддын гунигт найгаантай, дотроо галын үнэртэй даруухан байшинд ертөнцийн төвөгтэй чимээ шуугианаас нуугдан суухыг хүснэ. Эмилигийн энэ мөрүүдтэй хамт...
Үнэт эрдэнэс гартаа атгаад би
Унтахаар явав.
Дулаахан өдөр, намуухан салхи...
Үлдэнэ гэж бодов.
Сэрээд үнэнч хуруугаа шалгаавал
Гялалзах эрдэнэс үгүй.
Одоо надад үлдсэн өмч
Талст дурсамж.
Би судлаач, шүүмжлэгч биш. Идэвхитэй уншигчийнхаа хувьд хүртэн цэнгэж, тэрэндээ сүлэлдэн манарч, өөрийнхөө тэндээс олсон додлолыг ойрын хүрээний хэдтэйгээ уудлалцан хуваалцаж явах дуртай л хүн. Миний сэтгэлийн жаргал, таашаал маань энэ зүгийн мэдрэмжээр минь бүтдэг.
Чамайг үргэлж хайрласны минь
Баталгаа
Чамаар хайрлуултлаа би
Хайрлаж ханаагүй.
Чамайг үргэлж хайрласаар л байх
Энэ хайр
Энэ амьдралд
Мөнх нас бий.
Үүнд чи эргэлзэнэ үү? Энхрий минь
Тэгвэл надад
Үзүүлэх нотолгоо
Цовдлуулсан шаналалаас өөр үгүй.
Ай..гайхамшигт Эмили....
Сэтгэл зүрхээ угаан тарчин тамаа гадагшлуулах цорын ганц арга зам минь энэ ч байж мэдэх юм... Дотоод ертөнцдөө анирлаж буй зүйлээрээ дамжуулан амьдарч байгаа эргэн тойрноо өөрийнхөө хувьд сэтгэл татам, амтлаг болгох бас цорын ганц боломж минь байж мэдэх юм.
Миний анд, эрхэмсэг бардам хатагтай Намсангийн Пагмын надад хараал шиг шүгэлсэн шүлгүүд амьдралын минь хань байдаг.
Урт зам дээр чи
Уйтгар гунигаа тайлж хаяад
Гүйн оджээ.
Урагдаж ноорсон хуучин цамцаа би
Түүгээр сольж өмссөн.
Гүн их гунигаа юүлж
Гүц хумхыг дүүргэжээ, чи
Гоёмсог хумхыг би олсон
Түүнээс ууж даруй хөлчих минь
...Бороо орох нь байна, шүхрээ ав
Босоо захтай хүрмээ ч бас мартав...
Ингэж би чамдаа сануулан хэлээд
Урт зам дээр хөлчин сатаарч
Уяхан хумхын дотор
Гуниг уйтгараа юүлнэм. Энэ бол Пагмын яруу найргийн дотроос миний хайрлан галзуурдаг шүлгүүдийн нэг. Пагма бол ерээд оны монголын яруу найрагт гадсаа зоосон найрагч, хожим түүний өмнө надтай адилхан “өвчтөнүүд” бөөн бөөнөөрөө мэхийнэ гэж би боддог. Аяа аа, Пагма минь альхан газар алхаж яваа бол...
Чи бол миний зовлон
Зовлондоо би яасан их хайртай юм
Чи бол миний зогсоол
Зогсоолдоо би яасан гүн шигдчихсэн юм
Чи бол миний төөрөгдөл
Төөрөгдөлдөө би хичнээн их
автчихсан юм
Чи бол миний сүйрэл
Сүйрэлдээ би хичнээн их дасчихсан юм
Чи бол миний нүцгэрэл
Нүцгэрэл минь чи миний төгсгөл
Чи бол миний ялалт
Ялсны дараахь их хоосрол. Энэ бол өнөө цагийн нэрт найрагч Л.Өлзийтөгсийн шүлэг. Сэтгэлийн минь мухарт шигдчихээд дотроос минь гэгээхнээр нурааж байдаг түүний яруу найраг миний хайр билээ. Хайр...
Амьдраад л баймаар яруухан гэгээгээр даллан дуудаж, эсвэл үхээд холдчихмоор хоосролоор хорсгож байдаг гайхамшигт хатагтай нар...хайртай та бүхэндээ....
Сүүлчийнх байгаасай энэ бороо...нойтон үстэй алхаад л баймаар. Сүүлчийнх байгаасай энэ хайр… Сүнсийг нь хүртэл өөртөө урвуулчихмаар тийм их шунал шүгэлсэн байгаа шүү, надад ... Тэгээд л хэнд ч ойлгогдож өгөхгүй, хэзээ ч тайтгарч чадахгүй өвдөн шаналж байгаа.