Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг. Ийм нэг сүрлэг нэртэй шар байшин Төрийн ордны баруун талд байсныг нурааж, буурин дээр нь шинэ эмнэлэг барьж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн үед төсөвт тусгагдаж, барилгын ажил нь эхлээд одоо гүйцэтгэл нь 60 хувьтай яваа гэнэ. Харин Хууль зүйн шинэ сайд Х.Тэмүүжин уг эмнэлгийг Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн госпитальтай нэгтгэж, одоо баригдаж байгаа хоёр барилгыг Дээд шүүх, шинээр байгуулагдах Мөрдөх албаны байр болгоно гэснээс болж эмнэлгийн удирдлага, эмч ажилчид болоод салбарын сайдын хооронд “хар муур” гүйчихлээ. Сайдынхаа шийдвэрийг эсэргүүцсэн эмч, офицерүүд УИХ-ын гишүүдтэй уулзаж, улс төрийн акциуд зохион байгуулснаас болж эмнэлэг ч үгүй, барилга ч үгүй болох нөхцөл рүү ч орж магадгүй болчихоод байна. Төрийн албан хаагчдыг эмнэлэггүй болгох гэж байна хэмээн бослого гаргаж, түр хороо байгуулсан эмнэлгийнхэн УИХ-ын гишүүн Г.Уянга, О.Баасанхүү нараас тусламж хүсээд байгаа. Харин цаадуул нь “Хууль зүйн сайдад эмнэлэг хэрэггүй юм бол энэ эмнэлгийг төрөх эмнэлэг болгочихье, Чингэлтэй дүүргийн эмнэлэг болгосон ч яадгийн” гэж байгаа. Хэрэв тэгвэл эмнэлгийн 200 гаруй эмч, ажилтнууд л ажилгүй болж үлдэнэ. Харин Хууль зүйн сайдын хувьд “Дарга нарт үйлчилдэг байсан эмнэлгийг иргэдэд өглөө” гэж нэг удаа сайхан улс төр хийгээд л өнгөрнө биз.

Ер нь бол энэ эмнэлгийг Цэргийн госпитальтай нэгтгэх санаачилга анхных нь биш. 1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл эрх барьж байх үед төрийн тусгай албан хаагчид буюу мөрдөстэй нөхдүүд хоёр тусдаа эмнэлгээр үйлчлүүлдэг байдлыг халж, Цэргийн госпиталь, ТТАХНЭ хоёрыг нэгтгэх шийдвэр тухайн үеийн Засгийн газраас гарсан ч эмнэлгийн дарга нар бас л эсэргүүцэн өлсгөлөн энэ тэр зарлахдаа тулж, парламентын сөрөг хүчинтэй хавсайдаж байгаад Засгийн газрын тогтоолыг цуцлуулж байсан. “Төрийн тусгай албан хаагч” гэдэг нэрийн цаана цагдаа, шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, хил хамгаалахад ажилладаг 50 гаруй мянган хүний эрх ашиг, тэдний гэр бүл байгаа учраас салбарын сайдын шийдвэр дотроосоо бол дэмжигдэх магадлал угаасаа бага. Харин Монгол Улсын, нийт иргэдийн эрх ашиг гэдэг хүрээнд харвал энэ 50 мянган хүний эрх ашиг жижгэрч л таарна.

Одоо энэ эмнэлгээр дээр хэлсэн хил хамгаалах, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, гадаадын харьяат, онцгой байдал зэрэг төрийн тусгай албан хаагчдаас гадна шүүх, прокурорынхон үйлчлүүлж байгаа. Төрийн нэрийн өмнөөс тусгай үүрэг гүйцэтгэдэг, тушаалаар явдаг нөхдүүдийн хувьд тусгай эмнэлэг шаардлагатай нь үнэн боловч шүүх, прокурорынхон яагаад эдэн дээр нэмэгдэх болсон нь гайхалтай. Төсвөөс бүрэн санхүүждэг, эмч ажилчид нь цэргийн цол зэргийн нэмэгдэл гээд ижил төвшний бусад эмнэлгүүдээс 26 хувиар өндөр цалинждаг тус эмнэлгийнхэн сүүлдээ төрөөс даатгалын мөнгө нэмж авахын тулд “Бид иргэдэд үйлчилгээ үзүүлдэг” хэмээгээд сул орон дээрээ төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг болсон нь нөгөө тусгай үүргийн эмнэлэг гэдэг чиг үргээ ч унагачихаад байгаа. Тиймээс энэ эмнэлгийг Цэргийн госпитальтай нэгтгэж, мөрдөс зүүсэн бүх хүмүүс нэг эмнэлгээр үйлчлүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэрт салбарын сайд нь хүрчээ. Харин шүүх, прокурорынхны хувьд цэрэг, цагдаагийнхантай адил эрсдэлтэй нөхцөлд ажилладаггүй, тэгээд ч шүүх, хуулийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд цалин хангамжийг нь хангалттай хэмжээнд нэмэгдүүлсэн тул жирийн иргэдтэй нэг адил улсын, хувийн бусад эмнэлгүүдээр үйлчлүүлэх ёстой гэсэн байна. 

Гэвч эмнэлгийг бүрмөсөн татан буулгачихаж болохгүй, госпитальтай нэгтгэх, ингэхдээ барилга байшин, орон тоог нь авч үлдэнэ гээд байгаа нь ч бас учир шалтгаантай. Хэдийгээр Батлан хамгаалах яамныхан ТТАХНЭ-ээр үйлчлүүлж байгаа бүх хүмүүсийг одоо байгаа орон тоо, барилга байшингаа нэмэгдүүлэлгүйгээр Цэргийн госпиталь дээр авчих бүрэн боломжтой гэж байгаа энэ хоёр эмнэлэгт аль алинд нь тусгай стандарт бий. Өөрөөр хэлбэл, энэ хоёр эмнэлэг цэргийн тусгай байгууламж, анги нэгтгэл гэдэг утгаараа хүчин чадлаа бүрэн ачаалж болдоггүй журамтай. Байгалийн гамшиг, онцгой байдал үүссэн нөхцөлд, эсвэл “долдугаар сарын 1”-нийх шиг хэрэг явдал гарлаа гэхэд эмнэлгүүдийн байрны 50 хувь бэлэн байдалд байх ёстой. Тиймээс л ТТАХНЭ-ийг татан буулгах бус нүүлгэн шилжүүлэх, Цэргийн госпитальтай нэгтгэх асуудал тавигдаад байгаа.

Харин баригдаж байгаа барилгаасаа хоёр дахин өндөр буюу 20 сая ам.доллараар үнэлэгдэж, Өмнөд Солонгосын хөнгөлөлттэй зээлээр авч байгаа шинжилгээ, оношлогооны иж бүрэн тоног төхөөрөмжийн хувьд хоёр эмнэлгийн дунд нэг л байхад хангалттай. Монгол Улсад байхгүй өндөр төвшний, нарийн мэргэжлийн энэ оношлогооны төвийг хоёр эмнэлэг тус тусдаа захиалчихаад төсвөөс мөнгө нэхэж байхын оронд нэгийг нь жирийн иргэдэд үйлчилдэг улсын бусад эмнэлгүүдийнхээ дунд өгчихөд яагаад болохгүй гэж. Харамсалтай нь эмнэлгийн удирдлагууд асуудлыг энэ талаас нь харж чадахгүйд байгаа юм. Тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Т.Нарантуяагийн телевизэд өгч буй ярилцлагаас үзвэл уг оношлогооны аппаратыг эмнэлэгтэй аваад шинээр баригдаж байгаа барилгаа ашиглалтад оруулчихвал ТТАХНЭ зах зээлийн өрсөлдөөнд тэсч үлдэх боломж гэж харж байгаагаа нуугаагүй. Яг үнэндээ сайдынхаа эсрэг босоод байгаа эмнэлгийн дарга нарын амбици мөрдөс зүүсэн хэдэн цагдаа нартаа найдвартай үйлчилгээ үзүүлэхэд бус, Монголд байхгүй оношлогооны төхөөрөмжтэй энэ эмнэлэг ашигтай ажиллана, төлбөрт үйлчилгээнээсээ маш их хэмжээний мөнгө олж чадна гэдэгт л байна аа гэсэн үг. Тиймээс сайдын гаргасан шийдвэрийг эцсээ хүртэл эсэргүүцнэ гэдгээ хэлнэ лээ. Энэ ажилд нь Эрүүл мэндийн сайд Н.Удвал ч бас татагдан ороод байгаа бололтой юм. Сануулахад ТТАХНЭ гэдэг гэдэг эрүүл мэндийн байгууллага мөн боловч нөгөө талаас Хууль зүйн яамны харьяа тусгай анги нэгтгэл. Тэнд ажиллагсдын 96 хувь нь цэргийн цол зэрэгтэй төрийн тусгай албан хаагчид. Энэ утгаараа тангараг өргөсөн цэргийн албан хаагчид тушаал шийдвэр зөрчин улс төрийн элдэв акци зохион байгуулаад байвал цол зэрэгтэй нь ярина гэсэн сайдын байр суурийг буруутгах аргагүй. “Бид ч гэсэн эрүүл, аюулгүй орчинд амьдармаар байна” гэсэн Т.Нарантуяа захирлын бухимдал яг хэдэн хүний эрх ашгийг төлөөлөөд, цаана нь эрүүл, аюулгүй орчинд амьдарч чадахгүй байгаа хэдэн хүний асуудал орхигдоод байгааг ч бас нэг бүртгээд үзчихэд гэмгүй.

ШҮҮХҮҮДИЙГ НЭГТГЭНЭ

ТТАХЭ-ийг Цэргийн госпитальтай нийлүүлнэ гэх сургаар “Х.Тэмүүжин эмнэлгийн барилгыг нураах гэж байна”, эсвэл “Хууль зүйн яамыг энэ барилга руу нүүлгэх нь ээ” гэсэн хардлага, явган яриаг тус эмнэлгийн удирдлагууд тараагаад байгаа. Гэвч үнэндээ бол нэг эмнэлгийг шилжүүлэх, эсвэл нэг яам барилга байшингаа сайжруулахаас огт өөр, өргөн хүрээний өөрчлөлт энэ салбарт яригдаж эхлээд байна.

Өнгөрөгч хаврын чуулганаар УИХ-ын зарим гишүүд, Ерөнхийлөгчөөс санаачлан шүүхийн шинэчлэлтэй холбоотой таван хуулийг УИХ-аар батлуулсан. Ирэх арваннэгдүгээр сард багтаад дахиад найман хуулийг боловсруулж УИХ-д өргөн барихаар Хууль зүйн яамныхан ажиллаж байгаа. Үүний нэг нь олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж, сэтгэл түгшээдэг Эрүүгийн хууль. Энэ хуулинд орж байгаа хамгийн том өөрчлөлт нь Монгол Улс цаазаар явах ялгүй орон болно. Түүнчлэн хуулиудын давхардлыг арилгаж, хариуцлагыг тодорхой болгох, ялын олон төрлийг бий болгох, хөнгөн болон хүндэвтэр хэргүүдийн ялыг хөнгөвчлөх, хоригдлуудын тоог цөөлөх, гэрч, хохирогчдыг хамгаалалтад авах, хар тамхи, хүн худалдаалах, мөнгө угаах, авлига албан тушаалын хэрэгтэй тэмцэх Мөрдөх албыг шинээр байгуулах гээд олон өөрчлөлт дээрх хуулиудаар хийгдэнэ. Хамгийн түрүүнд Хуулийн тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль хоёрыг яаралтай гаргаж, хууль бичих нэг стандарттай болгох, цагдаагийн албан хаагчдын үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг хүртэл хуульчлах юм байна. Замын цагдаа дүрэм зөрчсөн жолоочийг зогсоохдоо зодож зандарч байгаад шалгах, ёслоод гараа сунгах хоёрт ч бас ихээхэн ялгаа бий.

Эдгээр хуулиудын өөрчлөлттэй холбоотойгоор хууль, шүүхийн байгууллагын дэд бүтэц буюу иргэдэд хүрэх үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах асуудал яригдаж байна. Тухайлбал, Нийслэлийн хэмжээнд жилд дунджаар 40 гаруй мянган иргэд иргэний хэргийн шүүхэд гомдол гаргадаг байна. Үүний цаана хариуцагч нь мөн тооны хүн байна гэсэн үг. Гэрч, хохирогч болон сонирхлын бүлгүүдийг оруулаад нэг нэхэмжлэлийн ард 10 орчим хүн байна гэж тооцвол жилд 400 мянган хүн шүүхээр үйлчлүүлдэг гэсэн үг. Харин нийслэлийн хэмжээнд байгаа шүүх танхимын тоо 16-хан. Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн шүүх тус бүр гурав, Баянгол, Чингэлтэй дүүрэг шүүх хурлын хоёр танхимтай. Шүүх хурлын танхим хүрэлцээгүйгээс шүүх хурал байнга хойшлох, иргэдийг чирэгдүүлэх бас нэг шалтгаан болдог. Тэгсэн хэрнээ дүүрэг болгонд байрлах шүүх, прокурорын байгууллагын байр сав, захиргааны ажилчдын тоогоор улсын төсвөөс мөнгө урсаж байгаа. Нийслэлийн дүүргүүдийн шүүхийн орон тоо 39 байхад яг иргэдэд тулж үйлчилдэг шүүгчийн тоо нь 10-13 л байна. Нэг ёсондоо шүүхийн төсөв иргэдэд хүрч байгаа шүүхийн үйлчилгээг бус, захиргааныхаа бүтэц, барилга байшингаа л санхүүжүүлж байна гэсэн үг.

Тиймээс нийслэлийн дүүрэг бүр дээр байгаа шүүхүүдийг нэгтгэж, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд эрүүгийн болон иргэний тус бүр нэг шүүхийг байгуулах, нэг шүүхийн байшинд 20-25 шүүх танхимтай байхаар шүүхийн дэд бүтцийг бий болгох гэнэ. Мөн эрүүгийн шүүхийн хажууд прокурорын байгууллага заавал байх стандартын дагуу прокурорын байрыг ч бас шинээр барих шаардлага гарч байгаа. Нийслэлийн зургаан дүүргийн шүүхийг ийнхүү нэгтгэж, Улаанбаатар хот бүхэлдээ шүүхийн хоёр тойрогтой болсны дараа аймгуудын шүүхийг тойргийн системд шилжүүлэх ажлыг эхлүүлэх нь. Сум, дүүргийн шүүх, аймаг, нийслэлийн шүүх ижил статустай, орон тоотой байдаг ч дүүргийн шүүхээр шийпдэгдэж буй хэргийн тоо сум дундын шүүхээр шийдэгдэж байгаа хэргийн тооноос даруй 50 хувь илүү, нийслэлийн шүүхээр шийдэгдэж буй хэргийн тоо аймгийн шүүхээр шийдэгдэж буй хэргийн тооноос тав дахин их байна. Тиймээс шүүхийг засаг захиргааны бүтцийг дагуулж биш, гэмт хэргийн ачаалал болон хүн амын тоонд нь харьцуулсан байдлаар тойргийн шинэ системийг бий болгох тухай яригдаж байна. Сангийн сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайдын зүгээс “Ирэх жил эдийн засгийн хямралтай байх учир шүүхийн барилгад шинээр хөрөнгө төсөвлөх боломжгүй” гэсэн тул одоо байгаа дүүргүүдийн шүүх, прокурорын барилгуудыг дуудлагад худалдаанд оруулах замаар шинээр баригдах шүүхийн барилгуудыг төсөвт ачаалал өгөлгүйгээр санхүүжүүлэх боломжийг Хууль зүйн сайд олж харжээ. Иргэний шүүхийн барилга зочид буудал шиг байх ёстой бол Эрүүгийн шүүхийн барилга итгэл, хүндэтгэл төрүүлэхүйц байх ёстой гэдэг олон улсын стандарт ч бас байдаг юм байна. Хоёр шүүхээр үйлчлүүлж байгаа хүмүүс нь хоёр өөр асуудалтай байдаг учраас. Гэтэл манайд сургууль, цэцэрлэгийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа дүүргийн шүүхүүд цөөнгүй. Шуух хуралдааны заал хүрэлцэхгүй нөхцөлд шүүгч нар өөрийнхөө албан өрөөнд шуух хурал явуулах тохиолдол ч байдаг аж. Үүнээс болоод гэрч, хохирогч нарыг яллагдагчаас тусгаарлах, шүүх танхимд өөр өөр хаалгаар орж гардаг байх шүүхийн стандарт, шүүгчийн аюулгүй байдал энэ тэр ч бүрэн утгаа алдаж байгаа юм. Үүнээс болоод “долдугаар сарын 1”-ний хэрэгт шалгагдаж байсан цагдаагийн дарга нарын шүүх хурал болсоны дараа шүүгдэгчийн ар гэрийнхнээс шүүгчийг шүүх танхимд барьж зодсон хэрэг ч гарсан шүү дээ. Ийм тохиолдолд шүүгчийн хараат бус, бие даасан байдал болоод шударга шүүхийн тухай ярихын ч хэрэггүй болж байгаа юм. Жишээ дурьдахад, Улаанбаатараас арав дахин их хүн амтай Токио хот иргэний болон эрүүгийн хоёрхон шүүхтэй, зөвхөн нэг шүүхэд 300 гаруй шүүгч өдөр бүр ажилладаг. Сөүлийн шүүх ч бас 450 шүүгчтэй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл шүүхийн барилга байшин олон, зардал их байх нь шүүхийг үр ашигтай ажиллуулж чаддаггүй. Харин шүүгчдийн тоо хангалттай, шүүх танхим хүрэлцээтэй байх нь шүүхийн дэд бүтцийг үр ашигтай болгодог байна.

ЦАГДААГИЙН ХЭЛТСҮҮДИЙГ НЭМЖ, ХОРИХУУДЫГ ЦӨӨЛНӨ

Давхардсан тоогоор нийслэлийн хүн амын гуравны нэг буюу 400 мянган хүн шүүхээр үйлчлүүлдэг бол цагдаагийн байгууллага нийслэлийн нэг сая 300 мянган хүнд бүгдэд нь хүрч үйлчилж, аюулгүй байдлыг нь хангах үүрэгтэй. Тиймээс 100 мянган хүн тутамд нэг цагдаагийн хэлтэс байх ёстой гэдэг тогтсон стандарт байдаг ч манай зургаан дүүрэгт нэг, нэг л бий. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой цагдаагийн хэлтсүүдийг нэмэгдүүлж, шинээр байгуулагдах хэлтсүүдийг гэр хорооллууд руу түлхүү оруулна гэдгээ Хууль зүйн сайд хэллээ. Ингэснээр “Дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга” гэдэг ойлголт үгүй болж, харин иргэддээ хүрч үйлчилдэг цагдаагийн хэлтсүүдийн тоо нэмэгдэх нь. Дэд бүтэц хөгжөөгүй, авто замын сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын харанхуй гудамжин дахь гэмт хэргийн гаралт, хотын төв гудамжин дахь гэмт хэргийг гаралтаас хэд дахин илүү байдаг нь тов тодорхой зүйл.

Шүүх, цагдаагийн байгууллагад хийгдэж буй энэ өөрчлөлттэй холбоотойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэлд ч бас өөрчлөлт орох нь ээ. Одоо улсын хэмжээнд 23 төвлөрсөн хориход 7000 гаруй хоригдол ял эдэлж байна. Эдгээр хорихуудыг санхүүжүүлэхэд жилдээ 24 тэрбум гаруй төгрөг зардаг. Нэг хориход ял эдэлж байгаа ялтны тоо 54-504 хүртэл хэлбэлзэж байхад ажилчдын тоо адилхан 29, үүнээс 20 нь хянагч байх жишээтэй. Хорихуудад хянагчдын тоо хүрэлцээгүй байгаагаас хоригдол оргох нь хэвийн үзэгдэл болсон. Тиймээс ШШГЕГ-аас цалинжиж байгаа тамирчид, дуучдыг цэвэрлэж, энэ орон тоон дээр хянагчдаа байршуулна. Соёл, спортын яам тусдаа гарсан учраас соёл спортын бодлогыг тэнд гаргана, Хууль зүйн яам тэднийг санхүүжүүлэхгүй гэдгийг сайд хэлж байна.  Харин Хууль зүйн сайдын бодлого үр ашиг багатай, зардал ихтэй олон жижиг хорихуудыг нэгтгэж 1000-1500 хүний багтаамжтай 5-6 хорих ангитай болоход чиглэж байна. Цөөн тооны төвлөрсөн хорих ангиудаа камерын хяналтад оруулахад одоо байгаа 23 хорих ангийг камержуулахаас гурав дахин  зардал гарна, харин урсгал зардал нь тав дахин буурна гэсэн тооцоог ч бас хийсэн байна лээ.

Энэ мэтчилэнгээр шүүх, хуулийн байгууллагуудын дэд бүтцийг бий болгох, иргэдэд үйлчлэх үйлчилгээг сайжруулах бодлогыг Хууль зүйн яам ирэх 2013-2014 онд багтаан хэрэгжүүлнэ. Энэ хэмжээний өөрчлөлтийн дэргэд ТТАХНЭ-ийг шилжүүлэх ажил бол нийт өөрчлөлтийн ердөө тавхан хувь нь. Харин салбарынхан нь үүнийг энэ мэтчилэн эсэргүүцээд эхлэх юм бол цааш цаашдаа хийх олон шинэчлэлийг гацаана л гэсэн үг. Одоо баригдаж байгаа эмнэлгийн барилгыг Дээд шүүх болон Мөрдөх албаны байр болгоно гэдэг нь энэ орчинд хууль зүйн салбарын гол байгууллагуудыг төвлөрүүлэх бас нэг бодлого юм. Түүнээс биш Х.Тэмүүжин гэдэг хүн ганцаараа хоёр байшин дамнаж, хоёр сандал эзэлж суух тухай асуудал байхгүй. Нэгэнт ТЕГ, УМБГ, ШШБЕГ гээд гол гол обьектууд нь Төрийн ордонг тойроод энэ орчиндоо төвлөрч байгаа тул Мөрдөх алба болон Дээд шүүхийн барилгыг энэ бүс дотор байгуулчих нь аюулгүй байдал талаасаа ч үр дүнтэй гэж харагдаж байгаа. Хар тамхи, хүн худалдаалах, мөнгө угаах гэх мэтчилэн олон улс дамнасан хэргийн мөрдлөгийг явуулах мэргэшсэн тусгай алба болохын хувьд Мөрдөх албаны байрны аюулгүй байдал илүү өндөр түвшинд хамгаалагдсан байх ёстой.