Улаанбаатарын түүхийн төгсгөл буюу Цагаан хаалга
Өнгөрсөн Ням гаригт Хан-Уул дүүргийн Цагаан хаалгаар өнгөрөхдөө энэ зургийг дарсан юм. Дөхөж очтол замын ажилчид тойруулаад шуудуу ухаж харагдав. Ингэхдээ сууринаас нь хэсэгхэн эмтэлж дээр үеийн хэдэн улаан тоосгыг нүцгэлчихэж. Бас ч яахав, түүхийн дурсгалд хамаа намаагүй хүрч болохгүйг манайхан эрхбиш мэдэхтэйгээ болж, гэхдээ яаж зүгээр байхав гэж бодоод өнгөрч билээ.
Өнгөрсөн Ням гаригт Хан-Уул дүүргийн Цагаан хаалгаар өнгөрөхдөө энэ зургийг дарсан юм. Дөхөж очтол замын ажилчид тойруулаад шуудуу ухаж харагдав. Ингэхдээ сууринаас нь хэсэгхэн эмтэлж дээр үеийн хэдэн улаан тоосгыг нүцгэлчихэж. Бас ч яахав, түүхийн дурсгалд хамаа намаагүй хүрч болохгүйг манайхан эрхбиш мэдэхтэйгээ болж, гэхдээ яаж зүгээр байхав гэж бодоод өнгөрч билээ.
Гэтэл “Нийслэл хүү” киноны Данший гуайн хэлдэгээр ёстой “нохой долоо”. Хоёр хоногийн дараа нураагаад хаячихсан байлаа. Хулгайгаар. Харанхуй шөнөөр. Нэг сэтгүүлч “мэдсэн бол очиж сайхан бичлэг хийх байсан юм” гэв. Муухай явдлын тухай сайхан бичлэг байх биз. Улаанбаатар хотын түүхийн хамгаалалтын сүүлчийн хэдхэн цайзын нэгийг нураачихлаа. Ирэх долоо хоногт Нисэхийн цагаан хаалгыг нураахад саадгүй болжээ.
Тавин таван жилийн өмнө буюу 1957 оны хавар ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга К.E.Ворошилов БНМАУ-д хийх айлчлалд зориулж Нисэхийн ба Үйлдвэр комбинатын гэгддэг хоёр цагаан хаалгыг барьж хүндэтгэлтэйгээр угтсан түүх байдаг.Хэд хоногийн дараа БНМАУ-ын баатар цол зүүгээд бас энэ хаалгаар гарч буцсанаас хойш Ворошиловын, бас Найрамдлын хаалга гэдэг болжээ.ЗСБНХУ ба БНМАУ-ын төрийн сүлдийг товойлгож энхийн тагтаа, бас бус хээгээр чимсэн энэ хаалгыг 1990-ээд оны эхээр шинээр байгуулагдсан Хан-Уул дүүргийн билэг тэмдэг болгож нэрийг оройд нь тогтоогоод хээ чимэг нэмсэн харагддаг.
Ворошилов, ЗСБНХУ, БНМАУ, 1950-иод оны түүхэнд муу муухай юм их, өнгө алдсан энэ хаалга монголын уран барилгын дээж биш гэдгийг хүлээн зөвшөөрнө.Гэхдээ нураасанд дургүй хүрч байна. Их бүтээн байгуулалт оргилж хойт талаас өргөн зам тавигдаж яг энд дөрвөн замын уулзвар гаргах гэтэл Цагаан хаалга тээглэсэн юм байх.
Нураах шийдвэрийг хэн гаргасныг сонирхлоо.Нийслэлийн удирдах ажилтнуудын 2012 оны 9-р сарын 10-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн удирдлагуудын өгсөн үүрэг даалгавар (Засаг даргын хажуугаар нэр нь үл мэдэгдэх удирдлагуудыг хавчуулсан болохоор яг хэн үүрэгдсэнийг мэдэх аргагүй. Зориудаар болов уу) гэсэн жагсаалтын зургаад “Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Соёл, урлагийн газар, Өмчийн харилцааны газар хамтран нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар нийслэлийн өмчид болон Хан-Уул дүүргийн ЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газрын түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсэд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн “Цагаан хаалга”-ыг буулгаж авто зам, гүүрэн байгууламжийн газар чөлөөлөх шийдвэрүүдийг холбогдох газруудаар яаралтай гаргуулах” гэжээ. Энд нэрлэхээс цээрлэсэн “холбогдох газар” бол нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал юм. Нийслэлд түүх дурсгалын хувь заяаг зөвхөн тэр шийддэг номтой. Маш зөв зарчим. Гэтэл Нийслэлийн авто замын газрын шинэ дарга Нанзаддорж Э.Бат-Үүл баатар Японд айлчлахаар 9-р сарын 18-нд мордонгуут тэр шөнөдөө буулгуулжээ.Иргэдийн төлөөлөгчдийн өмнөөс шийдсэн даварсан толгой.
Нөгөө иргэдээ сонсох яасан бэ? Иргэдээс асуух, иргэд хариулж чадах цорын ганц юм энэ байсан юм. Буулгаж магадгүй гэсэн сургаар хүмүүс оволзож, тэг дундаа Цагаан хаалгатай дөрвөн замын уулзвар болгох, ядахадаа эвтэйхэн хураагаад өөр газарт босгох зэрэг саналууд гарч эхэлтэл май чи. Одоо өөр асуух юм үлдээгүй. Айлын цонх таглаж, хүүхдийн тоглоомын талбайг булааж барилга барих уу, үгүй юу гэдгийг асууж шоудах шаардлага байхгүй. Иргэд болно гэж хэлсэн ч барилгын дүрэм нормоор болохгүй.
Асуудал Цагаан хаалганд биш, харин эргэн тойрны газарт, ялангуяа зүүн хот хэсэгт зай үлдээхгүйгээр газар олгож барилга бариулсанд байгаа юм.Тэгсэн ч дөрвөн замыг сэлүүхэн уулзуулах зай хангалттай байсан.2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд Цагаан хаалга байж л байсан. Энэ уулзварыг лав ноднин төлөвлөж зураг төслийг боловсруулж, энэ жил тендер зарлаж шалгаруулж байхдаа Цагаан хаалгыг мэдээгүй гэж байхгүй.Зориудаар тулгаж байгаад “бүтээн байгуулалт”-нд садаа болсон ял тулгаж шууд гүйцэтгэжээ. Шүүх байсангүй. Ёстой нөгөө “Тунгалаг тамир” дээр “хамтралын бухыг мөргөсөн эсэргүү бух”-ыг бууддаг шиг.
2012.09.30
9-р сарын 25-нд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж Хан-Уул дүүрэг дэх Цагаан хаалгыг ИТХ-ын албан ёсны шийдвэр гараагүй байхад дур мэдэн нураасан Авто замын газрын дарга Д.Нанзаддоржийг дахин нийслэлийн өмчийг устгахгүй байхыг анхааруулж шийтгэсэн байна. Санаа амар юм болжээ.
Би сүүлийн үед нийслэлийн гудамжаар алхахдаа хуучны хөшөө дурсгал бүү хэл ердийн барилга байшин тааралдсан ч зургийг нь дарахыг хичээдэг болсон. Яагаад гэвэл нэг мундаг “бүтээн байгуулагч” гарч ирээд ганц шөнийн дотор эд бад хийчихдэг учраас. Өнгөрсөн зун Цагаан хаалганы зургийг авснаа санаж хайсаар байгаад оллоо.
2012.10.01
Өнөөдөр Дэлхийн архитектурын өдрийг “Архитекторууд хотыг шинэчлэгчид” гэсэн уриатайгаар тэмдэглэж байгааг зарласан самбарыг харлаа.
Би архитекторуудыг уран гоё барилгын зураг зохиохоос гадна хотыг зөв төлөвлөх ажилтай хүмүүс гэж ойлгодог. Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, зураг төслийн хүрээлэн зэрэг байгууллагууд аль аль үүргийг нэгтгэж хүлээдэг. Архитекторч, хот төлөвлөгч хоёрыг ШУТИС-ын нэг л сургууль бэлтгэдэг. Тэгвэл сүүлийн арваад жил тэд хаачив аа?
“Харин тийм ээ… дарга нар цаагуураа шийддэг … бидний үгийг авдаггүй”. Энэ бол архитекторуудын амиа хоохойлдог үг. Тэгсэн хэрнээ Улаанбаатар хотын төлөвлөлт эвдэрч эмх замбараагаа алдаж байгааг ил тод хэлснийг би санахгүй байна. Тэрүүхэндээ ганц нэгээрээ шүүмжлээд нуга даруулдаг байж мэдэх. Тэгвэл Монголын Архитекторуудын Эвлэл гэж мэргэжлийн байгууллагаараа нийлээд дуугардаг болов уу гэтэл бас үгүй. Тэдний их хурал, чуулганыг харахад өөрсдийгөө энд тэндээс хуулсан өндөр барилгууд шигээ өргөмжилсөн улсууд байх.
Нийслэлийн Засаг дарга нар дураараа дургихдаа архитекторч, хот төлөвлөгчдийн амыг барих найдвартай арга хэрэглэдэг нь тэдэнд хүртээх. Өмнөх үеийн архитекторч ахмадууд Сүхбаатарын талбайгаас урагшаа Богд уул, Зайсан толгой харагдах учиртай гэхчлэн сургаж эхлэхэд ээлж дараалан гавьяат цолоос гадна энд тэнд газар өгсний дараа тэд хотыг яаж нягтруулах, хаана ямар сул газар байгааг ховлодог хүмүүс болж хувирсан билээ. Архитекторуудын эвлэл бол байгууллагаараа хүртдэг. Тэд арваад жилийн өмнө Сүхбаатарын талбайн зүүн талд, хэвлэх үйлдвэрийн дараачийн газрыг авч дөрвөн давхар байшин барьж орсноо төдөлгүй ХАС банкинд зарчихсан билээ. Одоо Сэлбэ голын эрэг дээр дараачийн ордонгоо босгож буй. Бүр нийслэлийн хүүхэд залуучуудын ордныг зүүн талаас нь таглаад. Тэдний өөрсдийн зурсан ерөнхий төлөвлөгөөнд огт тусаагүй барилга. Энэ бол монголын архитекторууд нийлээд хүртэж байгаа авлига маягийн юм.
Манай сэтгүүлчдийг худалдагдаж барьдаг гэж шүүмжилдэг. Тэр үнэн. Гэхдээ бид архитекторууд гэсэн ханьтай. Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн 2020 он хүртэл ерөнхий төлөвлөгөө, энэ тэр хавийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гэж хана дүүргэсэн өнгөт шугам зураг, картонон макетуудыг хүмүүс үзээд “энэ байшин хэвээрээ байна ш дээ … пөөх, ийм гоё барилга баригдах юм байна…” гэж шуугилдахыг зөндөө харсан. Үнэхээр ухаантай төлөвлөсөн байдаг. Төрийн ордон тэр хавьдаа хамгийн өндөр сүрлэг хэвээрээ, Сүхбаатарын талбайн эргэн тойрон, тэр тусмаа хэвлэх үйлдвэрийн байшин янзандаа, харин зүүн урдуур үргэлжилсэн цав цагаан урт барилга (гэхдээ нарыг халхалсан 10-20 давхар биш) Дуурын театраас хүндэтгэлтэйгээр зайгаа барьсан, дараа нь хотын шинэ төв баруун тийш, Сонгинохайрхан руу нүүж хотын захиргаа тэнд суурьшсан, иймээс “Хангарьд” ордон гэж байхгүй, “Шангри-ла”, унжсан хэл шиг шилэн барилга огт үгүй, Гандангийн дэнж гэж тэр чигээрээ түүх, соёлын цогцолбор… Тэгэж хөөргөж байгаад нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар, хэсэгчилсэн ерөнхийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулчихдаг байжээ. Өнөөдөр тэс өөр, шаваарч ёрдойсон хот болж байгааг харахад монголын архитекторууд хотын толгойд гарсан хүмүүсийн өмнөөс залилан хийж өгдөг хүмүүс шиг бодогддог шүү.
2012.10.13
Өөрийгөө хүндэлдэг бүх хотод түүхэн төв гэж байдаг ажээ. Түүхийн төв ч гэж болно. Тэр тусмаа улсын нийслэлд. Олон арав, хэдэн зуун жилийн өмнөх дүр төрхийг хэвээр хадгалсан барилга байшин, гудамж талбай бүхий хэсэг гэсэн үг.
Тэгвэл Улаанбаатар хотын түүхэн төв хаана байна? Мэдээж Сүхбаатарын талбай, түүний эргэн тойрон. Нар зөв тойрвоос Дуурийн театр, Төв шуудан, Б.Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн ба баримтат кино театр, хотын захиргаа, Үйлдвэрчний төв зөвлөл, Засгийн газрын ордон, Улсын хэвлэлийн комбинат. Гадагшлаад Бага тойруу дотор Улсын төв музей, шилэн дэлгүүр, 5-р сургууль, орон сууцнууд, шуудангийн 46-р салбар, хуучин Пионерийн ордон, урдаа усан оргилууртай 25-р цэцэрлэг, Бямбын Ринчингийн амьдарч байсан хоёр давхар, МУИС-ын хичээлийн байрууд, Хятад сургууль, “Залуучууд” зочид буудал, Спортын төв ордон, Багшийн дээд, “Улаанбаатар” зочид буудал. Жаахан цаашаагаа Арслантай гүүр, Санхүүгийн техникум. Энхтайвны гудамж руу ороод явчихлаа. Баруун тийш зүглэвэл Гадаад яам, Ленин клуб, урагш эргээд Сталины номын сан, Залуучуудын ордон буюу Драмын театр, Хүүхдийн парк, Энхтайвны гүүр, “Баянгол” зочид буудал, Энхтайвны гудамжин руу буцаж дахин баруун зүгт эргэвэл 40, 50 мянгат, хоёр талаар эгнэсэн “Аман хуур” дээр баригдаж гардаг дөрвөн давхрууд, “Ард” кино театр, 23-р сургууль, Хүнсний 20, “Туул” ресторан, Урт цагаан, Улсын их дэлгүүр, цаашаагаа зүүн дөрвөн зам хүртэл хөндлөн тууш эгнэсэн байрнууд … Барилга, байшин болгон түүх.
Харин өнөөдөр хотынхоо түүхийг хадгалсан бүтэн гудамж байтугай гудамжны тасархай ч Улаанбаатарт үлдсэнгүй. Завсар болгонд ямар нэг барилга чихсэн, тэгэхдээ заавал хааж дарсан өндөр барилгууд байх. Ядахдаа ганц нэг хуучин барилгыг өм цөм үлдээвэл барав гэтэл бүгдийнх нь ханыг цөмлөөд шинэ ч биш хуучин ч биш болгочихжээ. Нэр нь таних тэмдэг болсон Арслантай гүүрийг энэ зун зассаны дараа арслан нь алга.
“Нураагаад шинийг барина”. Энэ бол сүйтгэн байгуулагчдын уриа. Саяхан Ерөнхий сайд Спортын төв ордныг золтой буулгачихаагүй. Саяхан АН-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамныхан МАН-ын “Чандмань” төв рүү довтолж америкаас тиранозаурус батаар ирэхлээр байрлуулах ганц байр гэж үзжээ. Зөв санаа, гэхдээ энэ нь Улсын төв музейг буулгахын цондон, өмнөх эрх баригчдын далд төлөвлөгөөний үргэлжлэл гэх юм. Энэ хоёр намд ялгаа алга. Улаанбаатарт 70 жил болсон улсын их дээд сургуулиудыг хотоос хөөж эхлээд Налайхад, дараа нь Багануурт аваачиж цөлөх тэнэг төлөвлөгөө хэрэгжвэл Их сургууль, багшийн дээдийн байрнууд юу болохов? Зуун жилийн өмнө нэг давхраар босч байсан Улсын хэвлэлийн комбинатын барилгыг “Улаанбаатар таймс” нэрээр хулгайлаад балгас болгов. Гадаад яамны зүүн талд байсан шовгор оройт байхгүй. “Цогт тайж” киноны зураг авч 1980-аад онд улсын филармони байрлаж байсан ахмадын холбооны байрыг балмадаар нураасан. Бүр сүүлдээ гадаадынхан сүйтгэлцдэг болов. Тухайлбал, Нэгдсэн Үндэстний байгууллага Герман элчингийн дэргэдэх нэгэн сайхан барилгыг үгүй хийж тусаллаа.
“Нурах аюултай”. Энэ бол сүйтгэн байгуулагчдын залилдаг ганц арга. Гандангийн дэнж дээр торойдог байсан Хүүхдийн больницын гурван давхар цагаан барилгыг 1990-ээд оны төгсгөлөөр өдөртөө багтаж нурна гэж оношлоод эмч нарыг цагаан халаад, чагнууртай нь хөөж гаргаад хувьчлангуут нурах нь лав зуун жилээр хойшилж одоо Монголын үндэсний дээд сургуулийн хэдэн мянган оюутан хөлөөрөө балбаад балбаад ганхуулж ч дөнгөхгүй байна. Шинэхэн жишээ гэвэл хуучин гэмтлийн барилгыг хорин жил ганц олигтой будаг түрхэхгүй навсайлгаад өнгөрсөн хавар хүчээр нүүлгэн хоосолж байж санаа амарсан билээ. Нөгөөдөх нь нурах шинж алга. Засчихвал нурахгүй.
Одоогоос тав, зургаан жилийн өмнө хотын дарга нар дөч, тавин мянгатын барилгууд төдөн баллын газар хөдөлбөр төдөн хувь нь баталгаатай нурна гэж баахан сүржигнэж, гэхдээ удахгүй буулгаж 10, 20 давхар барилга барьж оршин суугчдыг оруулахаар шийдсэнээ зарлаж байсныг санаж байна уу? “Авзага трэйд” мэтийн зарим компанитай тохиролцож нураан байгуулах зураг төсөл хүртэл зохиолгосон. Гэвч 40,50 мянгатынхан, тус тусмаа Энхтайвны өргөн чөлөөг тэр чигээр нь худалдаа, үйлчилгээ гудамж болгосон бизнес эрхлэгчид эндээс хэзээ ч холдохгүйг мэдэнгүүтээ таг дуугүй болжээ. Өнөөдөр тэр “аврагчид” хаачив аа? Хөөе?
Түүхэн барилгыг нураахгүй ч дэргэдэх орон зайг нь булаадаг, тэр нь заавал өндөр барилга байж навтайлгадаг хорлонтой арга дэлгэрлээ. Хуучны барилга бүрийг тойроод харгалзагч шиг юмнууд гозойдог болжээ. Театруудыг хар. Цоо шинэ жишээ гэвэл Улсын төв номын сангийн хоёр бөөрөнд шилэн барилгуудыг наагаад хавчуулж орхив. Сүүлчийн найдвар бол шашин, түүх соёлын дурсгалт Гандан, Богд хааны музей гэх мэт байхсан. Даанч Гандангийн дэнж харагдахаа больсон, Богд хааны музей бүслэгдээд бараг дуусч байгаа.
Улаанбаатарын барилга, хот байгуулалтын түүх 20-р зууны эхээр эхэлжээ. Харин бид 100 жилээр ухрааж байх шиг. Манай нийслэл Бээжин, Сингапур, Хонконг, Хөх хот, Эрээн гээд өмнийн хотууд шиг тэнгэр баганадсан барилгуудтай, гэхдээ түүхгүй болж байна. Шавар байшингууд чигжсэн, загасчны тосгон, колонийн төв байсан учраас хуучнаа нураасан ч харамсахааргүй тэр хотууд шиг.
2012.10.15
1951 оны 5-р сард Москвагийн ойролцоох Мытищи хотноо зөвлөлтийн уран барималч Сергей Меркуровын загвараар цутгаж авчраад 1954 оны 11-р сарын 26-ны өдөр Улаанбаатарт босгосон Владимир Ильич Лениний хүрэл хөшөөг тавин найман жилийн дараа, 2012 оны 10-р сарын 14-ны өдөр буулгалаа. Үүний тулд бяцхан цуглаан зарлаж нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хөшөөний урд зогсоод нүглийг нь хорь шахам минутын турш дуудаж өгсөн болно.
Хөшөөг оосорлоод кранаар бага зэрэг өргөж тавцангаас нь сулласан байснаа зугуухан доошлуулж машины тэвшинд хүргэхэд босоогоороо тэгш зогсож өгөхгүй гөжөөд байсан тул арга буюу бүр газарт буулган хэвтүүлээд дахин уяж бэхлэн өргөөд ачиж одсон энэ хөшөөг 400 мянган төгрөгөөс эхлэн дуудлагаар худалдана, гэхдээ “Гацуурт” ХХК-ийн Л.Чинбат авах юм гэлцэнэ.
Магадгүй. 1970 онд манай уран барималч Л.Дашдэлэг бүтээж Ленин клубын цэцэрлэгт байрлаж байгаад 1990-ээд оны эхээр туугдсан өөр нэг хүрэл Ленинийг “Тэрэлж” зочид буудлынхаа ард нууцалсхийж зогсоосонтойгоо ижилсүүлэх биз.
Хөшөөг буулгах тухай нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрт “суурь бэхэлгээ нь муудсан учраас” гэжээ. Шал худлаа. Энэ бол хүчтэй нь дийлдэг хорвоо. Нийслэлд Ардчилсан нам ялсан учраас хүссэнээ хийсэн хэрэг. Хэрвээ хүч тэнцээд зөвшилцсөн бол хөшөө өнөөдөр зогсож л байна. Ямар ч эргэлзээгүй. Харин нэгэнт буучихсан юм чинь хотынхоо төвийн цэцэрлэгт Ленингүй Улаанбаатартаа дасах хэрэгтэй болж байна. 20-р зууны Монгол Улсын нийслэлийн жижиг боловч содон билэг тэмдэг ийнхүү ариллаа. Бага зэрэг харамсалтай. Ази тивд цор ганц үлдсэн Лениний хөшөө гэдэг нь үнэн бол жаахан азнаад жуулчдыг хачирхуулж хэдэн төгрөг олох байсан уу?
Өнгөрчихсөн түүхэнд дүн тавих, босч ирээд хариу барьж чадахгүй нэгэнтэй тооцоо бодох, амьгүй хөшөөг буулгах яахав. Одоо хууль зөрчсөн барилгуудыг буулгах, цаашилбал эрх мэдэлтнүүдийн сэмээрхэн өгч авалцсан газрын зөвшөөрлийг цуцлах бэрх ажлаа хотын дарга нар жинхэнээсээ эхлэх шинжтэй болоод явчихлаа. Өчигдөр сайхан сургуулилт болж өнгөрөв.
Bi kommynist za
Bi kommynist za
Зочин
Зочин
Зочин
Батый
Зочин
Зочин
Зочин
Зочин
ygaanaa
Зочин
Unshigch
Boldmaa Avga
xuduunii zolbinguud duugaa tat
Зочин
а
ж
yoooo
зочин
Зочин
Тулга Б
Хотын иргэн
Зочин
Зочин
zochin
Дэндүү Дэндэв
Дэндүү Дэндэв
Зочин
Dd
Зочин
Ninjin
Hmm
БАЯНАА
хаалганыхаа зургаа хоймороо л тахь
Зочин
hotiin irgen
delgermaa
khuyag
Зочин
Зочин
Brayan
GALAA LONDON
БАТ-ҮХҮҮЛ
Зочин
Зочин
Зочин
RE
Odko
Bavaasan
ganaa
Ogi
Зочин
Ардчилагч
Bek
Зочин
Canada-s
d temuujin
d temuujin
d temuujin
d temuujin
d temuujin
teneg
soliotoi yum
soliotoi yum
зөв
комт
УБ
тэнэг
Uuchlaarai
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
saruul
Зочин
Зочин
Зочин
Зочин
Umxii oros
Зочин
Зочин
Зочин
a
Зочин
0000
SU
Зочин
Зочин
БАЛЧИР ХҮҮ
Зочин
Зочин
Зочин
Zochin
ulaan kommunist
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин