Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, дипломат албаны ахмад ажилтан, профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.

-    Та сүүлийн үед уран бүтээлийн ажил руу түлхүү орж байгаа гэсэн. Гэхдээ дипломатын ажлаа орхиогүй биз дээ?

Би 2008-2012 онд Монгол Улсаас АНБЕУ-д суух, Кувейт Улс, Саудын Араб, Иранд хавсран суух, мөн Арабын бүлэг орнуудтай хоёр талын харилцааг хавсран хариуцах Элчин сайдаар нийт 4.2 жил ажилласан. Эдүгээ ч Улаанбаатараасаа Ираныг хавсран суух Элчин сайдаар ажиллаж байна. Намайг Каирт анх очиход Египетээс гадна Араб, Африкийн 14 улс орныг хавсран суух Элчин сайдаар ажиллахаар хуваарьтай байсан. Дараа нь өөрчлөгдөж, Араб, Африкийн зарим улс тэр жагсаалтаас хасагдаж, харин Иран нэмэгдсэн.



-    Саяхан Хятадын төрийн тэргүүн ирээд явлаа. Энэ сард Владимир Путин манайд айлчилна. Хоёр хөрш, их гүрнүүдийн эрх баригчид ийм ойрхон хугацаанд айлчилж байгааг маш том боломж гэж манайхан харж байна. Таны бодлыг сонсъё?

Эдгээр айлчлал манайд ихээхэн ач холбогдолтой. Ач холбогдол гэдгийг би улстөрийн талаас нь хэлж байгаа юм. Энэ хоёр том гүрний тэргүүнүүд Монгол Улсыг хүндэтгэж, ойрхон хугацаанд айлчилж байгаа нь дэлхий дахин биднийг харж буй үнэлэмжийг өсгөсөн хэрэг. Үүнийг манай Ерөнхийлөгч, диломатчдын чармайлт, зүтгэлээр бүтэж буй ажил гэж ойлгож болно.
Мэдээж энэ айлчлал дэлхий дахин, тэр дундаа барууны анхаарлыг маш их татаж байгаа. Гурван улсын харилцааг тун анхааралтай ажиглах нь тодорхой. Энэ хэрээр бидний нэр хүнд олон улсад өсч байгаа юм.

-    Орос, Европын харилцааны өнөөгийн байдал Төв Азид эдийн засгийн  том боломж авч ирнэ гэцгээж байна?

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Европ Оросын эсрэг хориг тавьж, Оросын баруун гарц хумигдахтай зэрэгцэн Төв Ази, Монгол Улс түүнээс нь ашиг олох мэтээр ярьж, бичиж байна. Гэтэл энэ байдлыг зөвхөн ашгийн талаас дүгнэж, ойлгож болохгүй. Угаас Монгол, Оросын харилцаа зөв голдиролдоо ороод, нэгэнт төлөвшсөн. Бид л бараа таваараа гаргаж чадах юм бол Орос гэдэг том зах зээл. Хятад ч ялгаагүй. Манай хоёр талд дэлхийн том зах зээлүүд бий. Тэгэхээр бидэнд боломж хэзээд байсан ба чухам үүнийг өнгөрсөн 24 жилд ашиглаж чадсан уу, үгүй юү гэдгээ эргэн харж дүгнэх ёстой.

Үгүй ядаж мал 50 саяд хүрлээ гэх хэрнээ мал эмнэлэг, ариун цэврийн наад захын стандартыг хэрэгжүүлж чадаж байгаа бил үү. Монгол мал өвчингүй, эрүүл байвал Оросоор тогтохгүй олон улс орон авах саналаа гаргасан даа. Миний мэдэхийн Арабын орнууд Монголоос мах авах талаар олон удаа ярьсан. Гол нь ариун цэврийн баталгааг шаарддаг.
Манайхан одоо их гэнэн төсөөлөлтэй байна. Орос баруунаас тусгаарлагдаад ирэхээр бараа таваарыг нь бид хангах юм шиг ойлгох юм. Гэтэл энэ том гүрэн хариу хориг тавихдаа дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж байгаа. Оросын ард түмэн ажилсаг хөдөлмөрч, лав л хүнс хоолоор дутаж өлсгөлөнд нэрвэгдэнэ гэж байхгүй.

-    Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд цаашид холбоогоо хадгалж чадах болов уу?

Энэ бол эвсэл. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 12 улс энд гишүүнчлэлтэй байсан. ЗХУ гэдэг маань 15 бүгд найрамдах улсаас бүрдсэн холбооны улс байсан юм. Гэтэл ЗХУ задарсны дараа бие биеэ нөхсөн, дэндүү их хамааралтай эдийн засагтай улс орнуудад асуудал тулгарч, яаж эвсэх вэ, цаашид хэрхэн хөгжих вэ гэдгийг хэлэлцсэний дараа ТУХН болж гарч ирсэн. Анх 11 улс гишүүнчлэлтэй байсан. Балтийн тэнгисийн эрэг дэх Эстони, Латви, Литва гурав эхнээсээ элсэхгүй гэдгээ илэрхийлж. Гүрж тэр үед ороогүй байгаад хожим элссэн. Энэ эвсэл 1991 оноос явсаар өнөөдрийг хүрчээ. Одоо бол энэ эвсэл оршин тогтнож байна гэхэд тун хэцүү. Худалдаа, эдийн засаг, нийгмийн харилцаа, цаашилбал аюулгүй байдлаа хангах механизмыг \ОДКБ\ гаргаж ирсэн. Хамтын аюулгүй байдлын гэрээ байгууллага. Сүүлдээ энэ эвслийг төгс төгөлдөр ажилласангүй, татан буулгая зэргийг 2005-2006 онд гаргаж эхэлцгээсэн. Дотроос нь өөр эвслүүд бий болсон. Ингээд 2008 оны Орос, Гүржийн байлдааны үеэр Гүрж улс бүрэлдэхүүнээс албан ёсоор гарсан. Энэ онд Дорнод Украин дахь асуудлаас болж Киев энэ эвслээс гарна гэдгээ зарласан. Ингээд бараг оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй боллоо. Харин тэр дотроо хүчирхэг эдийн засагтай Орос, Казахстан, Беларус нийлж Гаалийн холбоо, Евразийн эдийн засгийн холбоог байгуулж байна. Араасаа Киргизстан, Арменыг аваад тавуулаа нийлж ТУХН-ийг цааш өөр байдлаар авч үлдэх гэсэн асуудал. Гэхдээ энэ нь ирээдүй цагийн асуудал юм.

-    Таныг Египетэд ажиллаж байхад Тахрирын хувьсгал гэх дэлхийг донсолгосон үйл явдал болсон. Арабын хаврыг нүдээр харж, мэдэрсэн хүний хувьд энэ түүхэн үйл явдлыг хэрхэн дүгнэсэн бэ?

Их хувь заяа гэнэ үү, юу гэж ч нэрлэсэн хүн болгон тулгараад байдаггүй ховор агшин гэж хэлж болно. Эртний түүхт Миср оронд би түүхэн цаг үед нь алба хаших хувь тохиосон. “Түүхэн” гэдэг үг нь Египет оронд 2011 онд өрнөсөн, өрнөх нь бүү хэл донсолгосон, улмаар Египетээр дамжаад нийт Ойрхи Дорнодын бүс нутагт хүчтэй  нөлөөлсөн түүхэн тэр их хувьсгалт үйл явцын амьд гэрч болсныгоо би шууд хэлж байгаа юм. Төр засгийнхаа, эрх баригч дэглэмийнхээ эсрэг ард түмэн, түүний залуу үе боссон тэмцлийн түүх бол энэ орны хувьд, энэ ард түмний хувьд жирийн зүйл огт байгаагүй. Үнэндээ бол миний яг нүдэн дээр тэр орны залуу үе түүхийг бүтээсэн юм. Египечүүд үнэхээр том сорилтын ард гарсан. Тэр хэд хоногийн жагсаал цуглаан, бослого тэмцлийг харж байхад энэ орны аугаа том, жин нөлөөг бүр ч ихээр мэдэрсэн. Тэр үед Тунист болсон үйл явдал, мөн Йеменд эхэлж байсан бослого тэмцэл бол Египетийн дэргэд бол юу ч биш юм байна. Харьцуулах юм ердөө ч алга. Сонирхол татахаар зүйл ердөө ч биш хэмээн тэр хэд хоногийн бүхий л үйл явдлыг нүд салгалгүй харж ажиж, дүгнэж цэгнэсэн хүний өнцгөөс би тэгж дүгнэсэн дээ.  Ийм лут оронд, ийм түүхэн цаг үед нь Элчин сайдаар ажиллах хувь хүн бүрт тохиохгүй хэмээн би өөртөө бэлгэшээсэн дээ.

-    Тэр үеэр Египетэд байсан монголчууд бүгд эсэн мэнд гарсан. Энэ бүхнийг яаж зохицуулав?

Тэр арван хэд хоногт монгол иргэдээ аюул осолгүйгээр нүүлгэн шилжүүлэх талаар урьд өмнө манай дипломат алба хэрэгжүүлж байгаагүй операцыг хэрэгжүүлэх үүрэг надад ногдож байсан. Тэр үеийн Ерөнхий сайд С.Батболд ГХЯ-нд үүрэг өгч Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах, Каир дахь монгол иргэдийн аюулгүй байдлыг анхаарах, тэднийг Каир болон Египетийн бусад хотоос нүүлгэн шилжүүлэх ажиллагааг яаралтай зохион байгуулах болсныг Улаанбаатараас надад мэдэгдсэн. Элчин сайдын яамаа хэрхэн хамгаалах, дүрвэхэд бэлтгэх, Төрийн далбаагаа мандуулсаар байх эсэх дээр санал асуусан. Би хариуд нь өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллая. Ямар ч нөхцөлд ЭСЯ-аа хамгаалаад үлдэе, Төрийн далбаагаа мандуулсаар байя. Харин иргэдээ яаралтай гаргая гэлээ. Монголоос иргэдээ хамгаалах талаар ажлын маш тодорхой үүрэг чиглэл надад өгсөн. Манайхны гэр бүлийг болон монголчуудыг Кувейт рүү нүүлгэн шилжүүлүүлэхээр mt;ynaн талтай ярилцаж байгаа гэсэн. Энэ ажиллагааг хэрэгжүүлж гурван үе шаттай яаралтай арга хэмжээг манай ЭСЯ авсан. Эхлээд ЭСЯ-ныхаа гэр бүлийнхнийг Кувейт руу нэгдүгээр сарын 30-нд яаралтай гаргаж, дараа нь курсэд суралцаж байсан 14 дипломатчдаа хоёрдуаар сарын 2-нд гаргаж чадсан. Монгол оюутнуудыг гэр бүлтэй нь нийт 30 гаруй хүн Турк руу 3-нд нүүлгэн шилжүүлсэн. Гэхдээ энэ гурван үе шаттай ажиллагаанд манай улсаас ганц ч төгрөг зарцуулаагүй. Каир дахь Элчин сайд нарын дотно нөхөрлөл, харилцан итгэлцэлд тулгуурлан би болон манай консулын овсгоо самбаагаар бүтээсэн ажил. Ийнхүү Засгийн газраас өгсөн үүргийг биелүүлсэн. Хүнд нөхцөлд ийнхүү шуурхай ажилласанд талархсан захидлыг Гадаад харилцааны сайдаас ирүүлж, мөн ГХЯ-ны Хүндэт өргөмжлөлөөр ЭСЯ-ны ажилтнуудыг шагнаж, Элчин сайдын шагналыг Ерөнхий сайд өөрөө биечлэн надад гардуулсан болно.

-    Арабын орнуудтай бид аль түвшинд харилцаж байгаа вэ? Монгол Улсын хөгжилд нэмэр үзүүлэхүйц харилцаа тогтож чадсан уу?

Соёл хүмүүнлэгийн салбарын харилцааг нэлээд идэвхжүүлсэн. Боловсролын салбарт МУИС болон Каирын Их сургууль, ХААИС болон Мансура их сургууль, МУБИС болон Миср Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хооронд шууд харилцаа тогтоож хамтран ажиллах эхлэл тавигдсан. Эдгээр зургаан их сургуулийн хооронд хамтран ажиллах эрх зүйн баримт бичгүүд солилцоод МУИС, Каирын Их сургууль хооронд байгуулах Санамж бичигт хоёр их сургуулийн ректорууд урьдчилан гарын үсэг зурсан. Мэдээллийн технологийн үндэсний парк Египетийн цахим технологийн “Smart Village” компанитай, мөн Монгол Улсын Үндэсний номын сан Александрия хотын Александрина Номын сан тус тус хамтран ажиллахаар болж протокол байгуулах шатандаа байна.Каир дахь Египетийн музейг манай Байгалийн түүхийн болон Үндэсний түүхийн музейтэй ажил хэргийн шугамаар холбох асуудлыг эхлүүлсэн. Хавсран сууж байсан бусад орнуудтай хоёр талын харилцааг шинэ шатанд гаргах талаар чармайн ажилласан. Үүнд Монгол-Иран, Монгол-Йордан, Монгол-Ливаны идэвхтэй харилцааны эхлэл тавигдсан. Ялангуяа араб хэл, араб судлалын оюутны тэтгэлэг олох асуудлыг тавьж шуурхайлан хөөцөлдсөний дүнд  их сургуулийн бакалаврын 12 тэтгэлэг хөөцөлдөж бүтээсэн. Тэр дагуу Эмиратын их сургуульд лав долоо, Катарын их сургуульд нэг оюутан суралцсан. Монгол хөвгүүдийг Арабын орнуудад суралцуулах талаар санаачилгатай ажилласныг манай ГХЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохих ёсоор үнэлсэн. Ливан, Иорданд Монгол Улсын Өргөмжит консулаар боломжийн хоёр хүн олж томилуулсан, тэр хоёр ч хоёр орны харилцааг урагшлуулах талаар их зүйл хийнэ гэж итгэж байгаа, эхлүүлсэн ажлууд бий. Иорданд анх удаа монгол хоёр залуу их сургуульд суралцаж байна.

-    Персийн булангийн орнуудын хувьд баялгаараа хөгжиж чадсан хамгийн тод жишээ. Манай улс тэндээс шууд авч хэрэгжүүлэх туршлагууд бий. Яг энэ чиглэлээр хийсэн ажил бий юү?

Эх орны хишиг гэж манайд нэг хэсэг их шуугисан даа. Тэгвэл эх ороны хишгийг байгалийн баялгаасаа бүрдүүлээд ард иргэддээ хуваарилдаг туршлага Персийн булангийн Арабын улсуудад яг байна. Тэр баялаг нь ямар эрдэс баялаг болох, ямар аргаар олборлодог, хэр нөөцтай, хамгийн гол нь ямар дэд бүтцээр дамжин дэлхийн зах зээлд гардаг гээд харьцуулбал манай Монгол ба Персийн булангийн Арабын улсуудын хооронд газар тэнгэр шиг их зөрүү гараад ирнэ. Тэнд нефть, заримд нь байгалийн хий байна. Олборлох өртөг нь хямд, цооног хоолой хоёр байхад л дэд бүтэц нь босоод ирж байна. Тэнд эх газарт түгжигдсэн улс байхгүй, бүгд далайд гарцтай, энэ нь дэлхийн зах зээлд чөлөөтэй гарах хамгийн том (магадгүй амин чухал нь)  боломж нь. Олборлоход хямд төсөр, байгаль орчныг бужигнуулахгүй, далайгаар шууд тээвэрлэдэг түүхий эд тэнд байна. Олсон ашиг нь хуримтлал болж банкинд байршихдаа илүү дөт, тэгээд ч дэлхийн эрчим хүчний нөөцийн ихэнхи нь тэр хэдхэн улсад байгаа хэрэг шүү дээ. Тэгвэл манайд  яг үүний эсрэгээр, хөрсөн дор чулуун нүүрс, зэс, бусад үнэт метал байна. Олборлоё гэвэл уурхай зайлшгүй, маш том нүсэр барилга байгууламж, асар их өртөг бүхий дэд бүтэц хэрэгтэй. Байгаль орчны эрсдэл байнга дагаастай.  Магадгүй амин чухал нь гэх тэр боломж (далайд гарц) манайд алга. Хэрэв олборлоод, эсвэл олборлон өөрөө боловсруулаад дэлхийн зах зээлд гаръя гэхэд заавал хоёр хөршөөр дамжиж таарна. Иймд хоёр хөршийн тавих болзол нөхцлүүд амин чухал хүчин зүйл нь болоод явчихна. Өөрөөр хэлбэл Персийн булангийн Арабын улсуудтай харьцуулах аваас олсон ашиг нь хуримтлал болж банкинд байрших үйл явц үлэмж хугацаа шаардах ба тэр хүртлээ багагүй зовлон туулна гэсэн үг.

-    Яг тодорхой жишээгээр тайлбарлахгүй юу?

Катар Улсыг жишээлж үзье. Энэ жижиг улсад дэлхийн шатдаг хийн нөөцийн 15 гаран хувь нь хадгалагддаг. Тэр утгаараа сая хүрэхгүй хүн амтай, 11 мянган хавтгай дөрвөлжин км бүхий элсэн цөлийн энэ жижигхэн улс  орчин үеийн ертөнцөд эрчим хүчний томхон гигант болох зорилтыг тавьсан, зорилгодоо ч хүрсэн байна. Бараг саяхан хүртэл сувд далайгаас шүүрддэг энэ хавьдаа хамгийн ядуу нь гэх улс байж. 1940-өөд оноос нефть хий олборлож эхлээд 1971 онд тусгаар тогтнолоо зарласны дараахнаас бүс нутгийн хамгийн баян улс болж чаджээ. Нефть, хийгээс олсон орлого (нийт орлогын 80 хувь) нь нийгмийн хамгамж руугаа шилжмэгц нийгмээрээ баяжин, улсаас дааж үнэгүй олгох, эдлүүлэх бараа үйлчилгээ ч олширсон байна. Үндсэн хүн ам нь оршин суугаа гадаадын хөлсний ажилчдаасаа цөөн, яг одоо орон сууцжуулах, барилгажуулах их ажил өрнөж буй тул гадаадын барилгачид маш олноороо ажиллаж байгаа дүр зураг харагддаг байв. Нэгэнтээ байгалийн асар их хийн дээр суугаагийнх ОПЕК-той төстэй (Нефть экспортолодог орнуудын байгууллага) байгууллага байгуулах замаар дэлхийн ба бүс нутгийн бодлогод жин нөлөөгөө нэмэгдүүлэхийг Катар зорьж байна. ОПЕК нь нефтийн үнийг өсгөж, буулгадаг бол харин тэр шинэ байгууллага нь 20-30 жил байгалийн хийн үнийг тогтвортой барих зорилготой гэж Катарын Эмир ярьж байв.

-    Кувейт гээд бараг диваажин болсон улс байна?

Кувейт Улс бол манайханд харьцангуй танил. Нефтийн нөөцөөр дэлхийд дээгүүрт орох  жижиг улс, байршлын хувьд манайтай адил гэж Гадаад хэргийн сайд нь зүйрлүүлэн ярихыг би сонсож байсан. Нөлөө бүх том том хөршүүдтэй, эх газраар Саудын Араб, Ирактай, далайгаар Ирантай хиллэдэг, стратегийн байршилтай. Экспортын нийт орлогын 90 хувийг ганц нефть нь бүрдүүлдэг. Манайхны хийж эхлэх гэж байсан тэр эх орны хишиг гэдгийг арабын ертөнцөд хамгийн түрүүн туршсан (үндэсний баялгийг хуваарилахад бүх кувейтчууд тэгш эрхтэй гэж хуульчилсан),  эдийн засаг нь чухамдаа “Нефтийн эдийн засаг” нэрэндээ яг зохицох, ДНБ-ий 75 хувийг улсын секторт бүтээдэг тийм нэгэн улс байна. Нефтийн орлогоосоо “Нөөцийн ерөнхий сан” гэдгийг байгуулж, тэндээсээ хөрөнгө оруулалт хийдэг, “Ирээдүй хойч үеийнхэндээ зориулсан сан”-гаа эндээс санхүүжүүлдэг гээд манайхны сургамж авмаар зүйл олон. Кувейтын жишгээр бол, манайхны Эх орны хишиг санг бий болгохдоо учрах бүх эрсдэлийг урьдчилан тооцох үндсэн дээр хязгааргүй их мөнгөн хуримтлал эхлэн бий болгоод төр нь түүнийгээ хатуу хянаж, түүнээсээ хөрөнгө оруулалтын эх сурвалж (хөрөнгө оруулалтын орлого) гаргах, үндэсний бизнесийг дэмжих, гадаадад байршуулах, хөрөнгийн бирж босгох хэрэгтэй, харин иргэдэд хүртээх санг хойч үедээ гэдгээр тусгай сангаар тусад нь, бараа ажил үйлчилгээг төр даах замаар тусдаа хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй гэж Кувейтын нэг эдийн засагч надад ярьж байлаа. Харин тэр ярианд иргэддээ бэлэн мөнгө шууд тараах тухай ганц ч үг цухалзаагүй.

Эмиратын туршлага. Анхандаа загас агнуур, сувд шүүрддэг явуувтар улс байснаа 1950-иад онд нефть нээгдэн,  олборлон баяжсаар хосгүй хөгжлийг бүтээж, нефтийн экспортыг эрүүлийг хамгаалах, боловсрол, үндэсний дэд бүтцийн хөгжил рүү шууд чиглүүлж чадсанаараа алдаршсан. Хүн амын амьдралын чанар булангийн орнууд дотроо хамгийн дээгүүр нь. Эдийн засаг нь дөрвөн гол онцлогтой: төрийн маш гүнзгий оролцоо, нефтийн орлогын хэт хамаарал, баялаг тансаг амьдралаа илтгэх их эрмэлзэл, холбооны улсын гишүүн – вант улсуудын эдийн засгийн бодлогыг хооронд нь зохицуулдаггүй,  чөлөөтэй тавьсан зэрэг нь ийм их амжилтад хүргэсэн хэмээн ярьдаг юм билээ.

-    Монгол Улсын хөгжлийн хурд ер нь хэр байгаа бол. 24 жилийн хугацаанд хэр их хөгжиж чадсан гэж үзэж байна?

Үнэндээ зах зээлд шилжих манай үйл явц 24 жил гэж тооцоод үзэхэд удаан байна. “Азийн бар” улсууд 10-15 жилд хөл дээрээ аль хэдийнэ босч, хөгжлийнхөө хурдны замд орсон байдаг юм билээ. Гэтэл бид 24 гол төлөв худалдаа л хийлээ. Улс үндэстнээрээ “худалдаачин үндэстэн” гэж хэлэгдэх хэмжээнд. Чанаргүй, хортойг нь дуудах хэрнээ Эрээнээс бараа хүнс 24 жил зөөлөө. Одоо энэ голдирлоосоо гарах хэрэгтэй. Томхон бүтээн байгуулалт руу орох хэрэгтэй. Аж амьдрал, ажил төрлөө XXI зууны даяаршсан, мэдээлжсэн, нээлттэй, ширүүн өрсөлдөөний шаардлагад нийцүүлж өөрчлөх хэрэгтэй. Ер нь энэ 24 жилээс ажвал манай улс руу гадаадын томхон хөрөнгө оруулалт яг Монголыг зориод онилоод орж ирээгүй шүү дээ. Ихэнхи нь л манай түүхий эд дээр дэд бүтцээ босгоод, манайханд ажлын байр гаргаж өгөөд, бүтээгдэхүүнээ хоёр том хөршийн зах зээл  рүү гаргах, тийм л зорилгоор хөрөнгө оруулалт орж байгаа.

-    Уул уурхай хөгжлийн гол тулгуур мөн. Гэхдээ эдийн засгийг төрөлжүүлэх хэрэгтэй гэдэг дээр бүгд санал нийлж байгаа хэр нь төдийлөн амжилттай хэрэгжүүлж чадахгүй байгаа. Өнөөдөр уул уурхайгаас монголчууд аль салбараа хөгжүүлэх хэрэгтэй вэ?

Монголчуудын хувьд байгалийн баялаг руугаа хэт их орохгүйгээр мөнгө босгох өөр нэг арга байна. Монгол хүний оюун тархи үүнд хүрэлцэнэ. Ерөөсөө Монгол мэт жижиг улс оронд хөдөө аж ахуй, аж үйлдвэр төдийлөн чухал биш  хөрөнгийн бирж, банкаар суурилсан үйлчилгээний салбар л чухал, хурдан ч хөгжинө, ашгаа ч хурдан өгнө гэж америкийн эдийн засгийн доктор миний найз Бетанкур ярьж байсан. Оросын Дорнод Сибирь, Хойд ба Зүүн хойд Хятадын зах зээлд гарах найдвартай гарц бол Stock Exchange (Хөрөнгийн бирж), банкны үйлчилгээ үзүүлж яагаад болохгүй гэж. Уругвайн туршлага гэдгийг яагаад ч юм судалж болмоор. Тэр мөн л гуравхан сая хүн амтай, Бразил, Аргентин гэсэн хоёрхон хөрштэй. Уругвайд  төв банкнаас гадна 20 гаруй банк, гадаад гүйлгээ эрхэлдэг санхүүгийн зургаан институци ажиллаж байгаа, энэ тоо манайхаас хол даваагүй. Харин банкууд дахь бэлэн мөнгөний 40 хувь нь хоёр хөрш болоод АНУ, Европын баяуудын байршуулсан мөнгө, тэгэхдээ 80 хувь нь ам.доллараар гэх мэт ялгаа байна. Хүн ам тутамд ногдох банкны активын хэмжээгээр энэ улс Латин Америктаа толгой цохиж, бүс нутгийнхаа банкуудын активын нэлээдийг хянадаг. Бодоожоор Орос, Хятадын том машстаб дээр ярихад бидний хувьд бодитой биш. Тэртэй тэргүй манай банкууд активын хэмжээгээрээ Орос, Хятадын банкуудтай уралдах бололцоо байхгүй учраас энэ хоёрын эсрэг тавих хамгийн сайн арга бол мэдээллийн чөлөөт урсгал  болох хөрөнгийн бирж болно. Үүгээрээ ядаж Дорнод Сибирь, Өвөр Монголын хооронд бирж, капиталын хуримтлалын сүлжээ үүсгэж, тэдний мөнгө санхүүг зөв зувчуулж, бирждээ байршуулж, үнийн зөрүүгээр ашиг олж болохгүй гэж үү. Дэлхийн том биржүүдтэй шууд холбогдсон энэ салбар маань бүс нутаг дахь тэдний хавсарга брокер диллер нь болоосой гээд  зориод үз л дээ.

  Эх сурвалж: Манайхан одоо их гэнэн төсөөлөлтэй байна, “Insider”, September 2014/ Issue 5

http://toimsetguul.mn