Гаргаж ирээд л бөөн камерийн дунд нулина лээ. Торыг нь тойроод бөөн хүн харж байхад хээвнэг сексдчихдэг амьтны хүрээлэнгийн дорго морго шиг санагдсан. Ер нь яагаад шанаадаж орхив оо. Юунаас болж ийм юм болов? Үүнийг Түдэв гуайн стилээр бодож үзий. Таамаг шүү. Зөвхөн таамаг.

Хүрэл уруу татагдав уу?

“Энд тэндгүй бие биенээ нударгалцаад байхаар чинь хүүхэд тэхгүй яахын” гэх нэгэн байхад, “Шал худлаа. Уруу татсан гэвэл наадах чинь өөрөө л уруу татах хүүхэд” гэх нөгөө нь ч байна.

Эх орноос болов уу?


Энэ бүхэн ерөөсөө эх орныхоо төлөө цохилох зүрхнээс болсон. Тэд эх орныхоо төлөө “түй май!” гэж, эх орныхоо төлөө заамдалцаж, эх орныхоо төлөө шанаадлаа. Эх орныхоо төлөө годройтон унасныг ч бид харлаа.

Салаавчнаас болов уу?

Салаавч шүү дээ. Нөгөө Самбуу гуайгаар эхэлж Шинээгээр дамжаад The III дээр зогссон эд. Баяраа энэ удаа буухиаллаа. Хүрэл эхлээд тайван, гүндүүгүй сууж байтал гэнэт нүдэнд нь салаавч харагдаж дотроо “би ямар цагдаа юу, би ямар тусгайгийн нусгайнууд уу, би ямар Энхбаярын эмч үү, би ямар юу юу?” гэж цухалдан бодсоноор өөрийн эрхгүй тийм үйлдэл хийхэд хүрсэн байж мэднэ. Тиймээ, Баяраа буруу хүндээ салаавч гаргаж байгаад хуйхлуулах шахлаа. Эхлээд толинд харж сургуулилах байсан юм. Хэр харагдах нь уу гэж. Монгол салаавч ер нь нас тогтсон, толгой томтой хүнд байхдаа л нүдэнд дулаахан, харьцангуй жижиг харагддаг байна. Тэхээр Баяраагийн салаавч лав лантуу шиг юм байсан байж таараа. Өөрөөсөө том салаавч гаргачаад савчаад байхаар чинь хэний ч дургүй хүрнэ шд.

Спикерээс болов уу?

Хүрэл уг нь, “Өнөөдөр ярина гэснээ л ярина” гэж хэгжүүрхсэн спикерт л дургүй нь хүрсэн болуу. Гэвч тийм том алх атгачихаад сууж байгаа хүнээс жийрхэхдээ нэг гараараа нөгөө гараа барин эргэн тойрноо харж эхэлж. Яр тэр үед мань Баяраа салаавч гаргаж үзээд, тэрийгээ сонирхоод сууж байхдаа түүний нүдэнд олзлогдож орхижээ. Баяраа, “Миний салаавч ч бас байнаа байна...” гэж бодохын сацуу гэв гэнэт чихэнд нь нэлээн доод өнгөөр “чамтай хоюулханаа баймаар байна” гэсэн дуу сонсдох нь тэр.

Баяраагийн хэлсэн үгнээс болов уу?


Баяраа, “Чи бол шоронд байхад л таарах хүн” гэж хэлсэн нь Хүрэлийн тэвчээрийн утсыг таслаад хаячихсан байж мэднэ. Уг нь шорон бол Хүрэл шиг эрд асуудал биш. Гол нь Баяраагийн үг түүнд “чи The III-тайгаа л нэг агаараар амьсгалж байхдаа таарсан амьтан” гэж сонсогдсон болуу гэж тааж байна. Арай ч дээ, Баяраа. Энэ хүн, хүн мөн үү?

Баяраагаас өөрөөс нь болов уу?


Хүрэлийн яриагаар бол тэр гарангуутаа Хүрэлийг боож алах шахсан гэнэ. Бичлэг дээр бол Баяраа тэгэх ч янзтай гарч яваа харагдсан. За тэгээд Хүрэл Баяраад боолгоод, хамаг өнгөрүүлсэн амьдрал нь нүднийх нь урдуур харагдах үест эцсийн арга хэмжээ авч баруун гараараа хулхин дунд нь нударгалж амьд гарсан байна.

Баяраагийн гэнэн цайлганаас болов уу?


Харин Баяраа бол Хүрэлийг “Гараад эр хүн шиг ярьчий” гэхэд нь хуушууранд даах нь гэж бодоод л дагаж гарсан аж. Тэгээд цэцэг өгөх байх даа гэж бодтол харин шанаа өгдөг байгаа. Баяраа гомдож хуулийн дагуу асуудлыг шийдүүлэхээр болов. “Шанаадна гээгүй байж гэнэт шанаадчихдаа яадын. Энэ цэрэгт явсан хүмүүс ямар аймар юм бэ..” гэж нүүрээ даран доош сууж уйлсан гэж барин тавин ярих ч хүн байна.

Цэргийн албанаас болов уу?

Тиймээ, Хүрэл амьсгаа нэлээн дээртэй “Би бол цэргийн алба хаасан эр хүн” гэсэн нь шанаадсан шалтгаанаа хэлэв гэж ойлгосон. Цэргийн алба хаасан хүний ариун үйлсийн нэг бол яах аргагүй шанаадах явдал ба ер нь шанаадах үүрэгтэй ч улс болох нь тодорхой боллоо. Цэргийн алба байхад одоо баахан боксын секц хичээллүүлж цаг барах хэрэг байна уу гүй юу? Бодоцгооё.

Хүрэлээс өөрөөс нь болов уу?

Хүрэлийн тэвчээрийн утас гитарын нэгдүгээр утаснаас ч нарийхан хэрнээ тасрахдаа харин 5-р утаснаас ч дориун гуяддаг болохыг монголчууд бүгдээрээ л харлаа, үзлээ. Түүний яриагаар бол түүнд өөрт нь ямар ч асуудал байхгүй бөгөөд гагцхүү намыг нь муухай хэлсэн учир тэссэнгүй гэсэн. “Гүэ энэ муу хүүхдэд тэр нам гэгч мам нь мөн ч их лай болох нь дээ” гэх хөгшид ч таарч байна.

Төрийн эргэлт байв уу?

Тэрээр мөн “Цаашид ч ер нь тэвчих арга алга” гэсэн нь маргаашнаас АН-ын гишүүд яана даа гэсэн бодол төрүүлж байна. “Одоо АН-ын Эрдэнэ, Тулга 2-оос өөр их хурлын танхимд орж ирэх зүрхтэй адгуус ч байхгүй. Тэхээр одоо МАН олонх болсон гэж мэд. Ингээд төр эргэчихэж байгаа нь энэ” гэх мэдэмхий хүн ч мэр сэр байна.

Замын эвдрэлээс болов уу?

Энэ замын олон нүх чинь хүнийг тухтай ч юмыг нь бодуулкуу, бодсон ч “За а ө-нөө дө дө дөр юу-у-у хэ-лэ-лэл-ц цц” гэж сэгсрээд байхаар чинь хүний уур хүрэх нь хэр шд. Хэн ч гэсэн тэр их түгжрээнээс залхахдаа, “Ёооё нэг өвчигнөж салаавч гаргахгүй бол олонх болсноо мэдрэхгүй, олигтой жаргахгүй байшдээ” гэх юм уу, “Энэ зам алах нь ээ, энэ маягаараа бол ч би өнөөдөр нэг хүнийг шанаадий шүү” ч гэдэг юм уу, гү ер нь юу эс бодогдох вэ. Замаа хурдан янзалмаар юм.

АН олонх болсоноос болов уу?

Тэд яг л 100 тоглоомтой плэйстэйшн авхуулцан хүүхэд шиг хөөрч, чуулганы танхимд бараг л өдөр болгон тавиад байгаа сурагтай. “Олуулаа нь бид! Эрхтэй нь бид! Ярих нь ч бид!” гэсээр нэлээн хэд хоногийг ардаа хийгээд байтал “Тэгвэл нударгатай нь бид!” гээд л ганцхан шаачихлаа даа өнөөдөр. АН яг л үүр барьж орох гээд мартчихдаг шар шувуу шиг, ирэх сонгуулиар цөөнх болж магадгүйгээ таг мартчихаж.

МАН цөөнх болсоноос болов уу?

Асуудал яагаад ч юм өөрсдөөс нь асуухгүйгээр шийдэгдээд байгааг харсан МАН “Ёстой үзээгүй юмаа үзэж байна, хэзээ хийсэн үйлийн үр вэ!” гэж хоолой нь зангирч, цээжээ урж суугаа. Төрөлхийн олонхи байсан цагаан яст нам. Тэд толгой толгойгоо нийлүүлэн гунигийн дуу гингэнүүлнэ.

Тоорой бандийгаа байхад
Торгоны сайныг эдэллээ
Тоорой бандиасаа хойш
Тостой даавуу ч олдсонгүй ээ....

Хүнийг ийм эмзэг байхад нь тэр Баяраа тэгж болохгүй л дээ. Цаашаа ухаарч амьдрах байгаа. Олонх ч байсан цөөнх ч байсан Хүрэл Хүрэлээрээ л байдгийг мэддэггүй мал юм байх даа (Мандухай цэцэн хатан киноны Иштөмөр тайжийн үг шүү. Би хэлж байгаа ч юм биш).

Төрийн ордон нээлттэй болсноос болов уу?

АН ард түмэндээ засгийн  ордныг нээлттэй болгож оноо авчихангуут МАН, “Тэгвэл бид өөрсдийгөө ч нээлттэй байлгаж чадна” гэж шийдсэн нь энэ байх. Үнэн бол маргаашнаас бүүр ч илэн далангүй юмнууд харах нь. Уйдах шинж алгаа.

Одоо сайхан тэр хоёр гар барьж эвлэрээд нэг сайхан караокэдох л газар. Харин юунаас болж зодоо цохио хийснийг нь ахиад бодоё. Цаашаа имй юм гаргуулахгүйн төлөө дор бүрнээ л сэргийлий.