Ёс суртахууны тулгуур багана
Хүний мөс чанар муудлаа, хүн хүнийгээ бараа таваар мэт үздэг болж, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахаа больж, хүний мөн чанар үгүй болж бүтээгч биш хэрэглэгч хүн буй болжээ гэх.
Хүний мөс чанар муудлаа, хүн хүнийгээ бараа таваар мэт үздэг болж, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахаа больж, хүний мөн чанар үгүй болж бүтээгч биш хэрэглэгч хүн буй болжээ гэх. Ийм яриа төдийгүй ойлголт манайд сүүлийн 20 жил маш түгээмэл болсон юм. Үнэндээ ийм ойлголт үнэлэмж хүн төрлөхтний бүхий л соёл иргэншлийг дагажээ. Нийгмийн байгууламжаас үл хамаараад. Гагцхүү нацизм, коммунизм, фашизм зэрэг нийгэмчлэгдсэн нийгмүүдэд л суртал нэвтрүүлгийн зорилгоор өөрсдийгөө “хүн хүндээ нөхөр” болсон тухай ярьж бусад газрыг “хэрэглэгчийн нийгэм” гэж харааж байсан.
Капитализмын мөн чанарыг “хүний мөн чанарыг муутгахад зориулагдсан нийгэм” гэх үзэл хангалттай тархмал юм. Одоо ч Өрнөдөд ийм хандлага ойлголт шүүмж хааяа өрнөдөг. “Капитализмд мөнгө гол үүрэгтэй, магадгүй шийдвэрлэх эцсийн үүрэгтэй, үнэндээ хүний үнэлэмж гэж огт байдаггүй” - гэсэн туйлширсан шүүмж ч олон дэмжигчтэй. Чухам ийм шүүмж олон хүний үзэл бодол болон хувирсан учраас хүмүүнлэг бус энэ нийгмийг түлхэн унагах, нийгэмчлэгдсэн нийгэм байгуулах үзэл бодол XIX зууны Европын сэхээтнүүдийн дунд газар авчээ. Загварыг нь олон суутан, сэтгэгч, гүн ухаантан тус тусынхаараа бодон олж, зураглаж, хүрэх арга замыг нь тодорхойлжээ. “Хувьсгалыг оюунтнууд бодож олдог, фанатикууд хэрэгжүүлдэг, адаг шаарууд үр дүнг нь хүртдэг” гэсэн Бисмаркын үг үнэн болохыг л эцэст нь баталсан даа. Харин нийгэмчлэгдсэн нийгэм байгуулах туршилт болгон хүний түүхэнд тохиосон хамгийн том эмгэнэл болж, хүний эсрэг байж болох бүхнийг үйлджээ.
Тэгвэл Чөлөөт зах зээлийн илэрхий давуу талуудыг харцгаая. Хүний иргэншил анх үүсэхээсээ нэг хэсэг нь нөгөөгөө дарлан мөлжиж боолчилдог тогтолцоон дээр буй болсон. Энэ нь нэн эртний Мизопотам, Шар мөрөн, Нил мөрний анхны иргэншлүүдээс эхлээд XVII зуун хүртэл нийтдээ 6 мянган жил үргэлжилжээ. Байдал Евроазиас алслагдмал Инк, Маяагийн иргэншилд ч адил байсан. Чухам чөлөөт зах зээл л хүнийг чөлөөлж, нийгэм болон хуулийн өмнөх тэгш эрхийг нь тунхагласан. Капитализм бол чөлөөт иргэдийн нийгэм. Хоёрдугаарт чөлөөт зах зээл нь хэн нэгний зурсан зургаар гэхээсээ нийгмийн хөгжлийн бодит эволюцийн үр дүн юм. Мэдээж энд суут оюунтуудын таамаглал, мөрөөдөл, төсөөлөл урд нь байсныг үгүйсгээгүй. Иймээс капитализм бол зохиомол биш, жамын нийгэм мөн. Гуравдугаарт чөлөөт арилжааны нийгэм. Иймээс хүний цаад мөн чанартай таарч байдаг. Үүнийг ялангуяа Адам Смит уг сурвалжаар нь тодорхойлсон. Дөрөвдүгээрт чөлөөт зах зээл нь эрх чөлөөний нийгэм. Тавдугаарт нэгэнт эрх чөлөөт иргэдийн зөвшлийн нийгэм учраас өөрийг нь тогтолцоо болон мөн чанарынх нь хувьд шүүмжлэх ямар ч шүүмжийг чөлөөтэй байлгадаг тул өөрөө өөрийгөө засан сайжруулах дотоод бололцоотой аж.
Капитализм нь хүний нийт түүхтэй харьцуулбал тун залуу нийгмийн тогтоц юм. Иймдээ ч маш олон уламжлалт зан заншил, ойлголт, бүтцийг эвдсэн боловч өөрийн нийтлэг шинэ норм хэм хэмжээг тогтоон уламжлал болгож байгаа. Харин энэ нь ерөөс хүний гэх мөн чанарт харшилж байна уу? Хүний моралийн эсрэг нийгэм мөн үү? Монтэскью, Смит гээд олон оюунтан капитализм болон зах зээлийн нийгмийг хүний моралийг эвдэн сүйтгэхгүй, харин ч бэхжүүлж улам баяжуулна гэж итгэл төгс сургаж байв. 200 жилийн өмнө Самүэль Рикар хэлэхдээ “Арилжаа нь хүмүүсийг бие биенийх нь өмнө үүрэг хариуцлагатай болгож өгдөг. Арилжааны ертөнцөд л хүн илүү сэтгэдэг, үйлдэлдээ хариуцлага хүлээдэг, хэлсэндээ хүрдэг. Хувь хүн ийм нийгэмд улам их амжилт олохын тулд улам ухаалаг, илүү шудрага байхыг хичээж алдаанаас аль болох зайлсхийнэ. Үгүйдээ л тэд арилжигчиддаа дайсагнасан сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд зан чанарын хувьд илүү эелдэг, найрсаг байх гэж хичээнэ”.
Олон хүн моралийг хариу харахгүй буянлаг, өгөөмөр, тусархаг байхаар хэмждэг тул хариу тус, ирээдүйн ашгаа харсан сайн санааны үйлсийг арилжааны шинжтэй учраас моральгүй гэж үздэг. Ц.Доржготовын нэгэн өгүүллэгт хожим диваажинд очихын тулд өнөөдөр буян хурааж байгаа ламыг шүүмжилсэн байдаг. Ёс суртахууныг ингэж Кант маягаар хэмжих нь нэг талаас дэндүү доголдолтой. Энэ нь хүний цаад мөн чанараас хөндийрсөн хэт өрөөсгөл дүгнэлт юм. Хүн мэдээж илүү цалин мөнгийг нь харж ажилд ордог. Гэхдээ удах тусмаа компани, албан газар, эрхэлж буй ажилдаа дуртай болон илүү цагаар ажиллах, сайн дураараа аль нэг зүйлийг ямар ч шан хөлсгүй хийх нь тун энгийн үзэгдэл. Энийг хүнийрхэхгүй байх, өөриймсөг загнах гэж бид ярьдаг. Хэрэв та найзаасаа юм өргөлцөөд өгөөч гэж гуйхад хариуд нь маргааш гэрийг нь цэвэрлэж өгөхийг шаардвал нөхөрлөл ингээд тасарлаа гэсэн үг. Хальтирч унасан хүнийг түшиж босгоод шороо тоосыг нь гөвж өгөнгүүт урдаас тооцоо хийгээд мөнгө сарвайвал олон хүн шууд уурлана.
Бидний гурван үеэрээ туулсан нийгмийн үнэлэмж, моралийн хэмжүүр үнэндээ нэг талаас нь харахад маш хүмүүнлэг юм шиг мөртөө нөгөө талаас нь харахад хүний мөн чанараас дэндүү ангид, тэр утгаараа маш хүмүүнлэг бус ойлголт байж. Хувь хүний аз жаргалыг хамт олны баяр хөөрөөр орлуулах гэсэн туршилт нь сүүлдээ эмгэнэл болж дууссан юм. Хүн бол цаад мөн чанараараа өөрийгөө юун түрүүн боддог байгалийн бодгал. Нөгөө талаасаа сүрэглэж хамтарч биенийхээ дэмээр болдог нийгмийн амьтан. Үүний нэг талыг нь бүрэн үгүйсгэсэн албадлагын нийгэм нь үнэн хэрэгтээ хувийн тун ч өчүүхэн гэж хэлж болохуйц жижиг эрх ашгийн төлөө бусдын ямар ч үнэ цэнэтэй нийтлэг эрх ашгийг хорлон сүйтгэхэд бэлэн шинэ төрлийн моральтан гарч ирж байгаа юм. Тэд тэрхүү өчүүхэн эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд нийгмийн хамгийн том гэгдэх эрх ашгийг барьж аван хамгаалах бамбай болгодог хоёр нүүртэн. Чухам ийм хүмүүс л эх орон, ард түмэн, анги нийгмийн төлөө, гэрэлт ирээдүйн төлөө, хүн төрлөхтний аз жаргалын төлөө сая сая гэмгүй хүний амийг хохироож, айл болгоны, хувь хүн болгоны хувь заяагаар наадсан билээ.
Өдгөө жилд хагас сая монголчууд хилийн дээс алхаж байна. Эдний олон нь уламжлалт зах зээлийн орнуудаар очиж урт богино хугацаагаар ажиглалт хийж байгаа. Мэдээж тэнд хөдөлбөл хөлс гэсэн зарчим үйлчлэнэ. Үйлдэл болгоны төлөө мөнгө төлнө. Мөнгөгүй бол амьдралгүй. Гарсан ч орсон ч мөнгө. Эндээс гарах дүгнэлт: мөнгө бүхнийг шийднэ. Харин энэхүү хамаг юмаа мөнгөөр зарчихдаг юм шиг арилжааны нийгмийн цаана ёс суртахууны ямар том тулгуур, хариуцлагын ямар том багана байгааг олж хардаг нь цөөн. Энэхүү том моралийг авч яваа шашин, хууль, уламжлал, зан заншил, хэв маяг, ухамсар, хариуцлага, гэр бүл, нөхөрлөл, хайр гэх асар олон зүйл нь дайраад өнгөрөх “нийгэмжсэн хүний үлдэнгэрт” тэр болгон харагддаггүй, харагдсан ч ойлгогдоггүй. Иймдээ ч ардчилал, эрх чөлөө, чөлөөт худалдаа, зах зээл, тэгш эрх, шудрага ёс гэсэн хүн төрлөхтний хөгжлийн явцад олсон хамгийн ариун нандин зарчим эд мөнгөөр амархан арилжиж борлогддог бараа таваар шиг ойлгогдох аж. Иймээс манай нийгэм дахь ёс суртахууны гэнэтийн хурдацтай уналт нь ардчилал зах зээлийн тогтолцооноос болсон хэрэг биш, тогтолцоог буруу ойлгосон нийгмийн сэтгэлгээнээс үүдэлтэй. Эрх чөлөөг – зодох, танхайрах, тэгш эрхийг – увайгүй жудаггүй загнах, хувийн эрх ашиг гэдгийг – хулгайлах шамшигдуулах хэмжээнд ойлгодгоос манай нийгмийн нэг хэсэг нь үүнд ардчилал, зах зээлийг буруутгадаг бол нөгөө хэсэг нь үүнийг шууд утгаар нь ойлгон найгүй загнадаг. Гурав дахь хэсэг нь нийгмийн энэ төөрөгдлийг ашиглан шудрага үнэнийг тогтоогчоор идэвхийлэн ажиллаж буй дүр гарган олны төлөө гэх мөртөө олон түмнийг хохироох замаар хувийн эрх ашгаа гүйцэлдүүлдэг, үүнд нь ч буруу ойлголттой нийгэм маань амархан автдаг. Магадгүй энэ нь шилжилтийн нэг гамшиг биз. Шилжилт гэдэг харьцангуй ойлголт, иймээс тогтсон нийгмийн тогтсон ёс суртахуунд хүрэхийн тулд хэд хэдэн үеийг элээх шаардлагатай ч байж болох.
Нийгмийн хөгжлийн явцад буй болсон нэг том ололт бол хувь хүний эрх ашгийг нийгмийн бусад ямар ч эрх ашгаас дээгүүр тавьсан явдал билээ. Энэ санаа Монгол улсын шинэ Үндсэн хуульд хуульчлагдан тусаад даруй 17 жил болж байна. Улсын, үндэстний, дэлхийн, хотын, компаний гээд ангилбал үй түмэн эрх ашиг бий. Энэ дотроос ганцхан хувь хүний, магадгүй дараа нь өрх гэрийн эрх ашиг гэдэг л барьцтай, бодитой, ойлгомжтой зүйл байдаг. Бусад “том” эрх ашгууд цаг хугацаа орон зайнаас гадна хэн тодорхойлж байгаагаас хамаараад яаж ч хувирч болдог субъектив шинж чанартай тул “том” эрх ашгийн төлөө үй олон бодит хувийн эрх ашгууд сүйтгэгддэг. Хүн болгонд хувийн эрх ашиг байдаг учраас хэн нь ч үүнийхээ төлөө нөгөөгийнхөө хувийн эрх ашгийг хохироож болохгүй. Энэхүү хувийн эрх ашгийн цаад мөн чанар, логик, утга учир чухам энд бий. Ингэхээр асуудалд тухайн хүн хувийн эрх ашгаа бодсон талаас нь биш бусдын эрх ашгийг хохироосон талаас нь авч үзэх учиртай. Хэдийгээр хувийн эрх ашиг хамгийн том нь гэж хуульчилсан боловч үүнийг бид маш муухай зүйл гэж үздэг. Мэдээж бурхад биш хүн юм болохоор хувийн эрх ашгийнхаа төлөө үхэн хатдаг боловч энийгээ маш их нууна. Муухай гээд ойлгочихсон учраас. Ингэхээр л үүнээ далдлах хамгийн сайхан нуувчаар эх орон, ард түмэн хэмээх лоозонг сонгон нохойд барьдаг мод болгоно. Муу тал нь юу вэ? Хувийн эрх ашиг хамгийн том, хамгийн ариун гэдгийг хүлээн зөвшөөрвөл энэ нь ганц хүний биш 2.6 сая хүн тус бүрт хамаарах учир бусдыг хохироохгүй гэсэн санаа нь ил тод болно. 2.6 сая хүний эрх ашгийг бөөндөж хамгаална гэхээр хамгаалагч эх орончийнхоос бусдынх нь ихэнхдээ хохирно.
Яахаараа бид хүн алчихсан эрүүгийн гэмт хэрэгтнийг хувийн эрх ашгаа бодсон гэж ялладаггүй мөртөө авилга авсан төрийн зүтгэлтнийг хувийн эрх ашгаа нийгмийхээс дээгүүр тавьсан гэж шүүмжилдэг юм бэ? Энэ хоёр хэрэг бусдын эрх ашигт халдсанаараа яг ижил агуулгатай. Харин ч авилгач нь алуурчнаа бодвол илүү олон хүний хувийн эрх ашигт зэрэг халдсан байна шүү дээ. Авилгаа байг гэхэд ард түмэн эх орны нэрийн өмнөөс нийгмийн баялгийг хайр гамгүй үрэн таран хийх, ашиггүй хөрөнгө оруулалт, үр дүнгүй халамж зэрэг нь эрх мэдэлтний зүгээс бусдын эрх ашгийг хохироож байгаа үйлдэл гэдгийг бид ойлгодог болтол, цаашлаад татварт өгдөг мөнгөнийхөө араас “хувийн эрх ашгийн” үүднээс хянадаг, харамладаг, үглэж яншдаг болтол бас л өдий байна. Мах цавчигч, мэс засалч хоёрын ялгааг урлаг гэдэг. Мөн бусдын эрх ашгийг үл хөндөх, бусдын эрх ашгийн төлөө “чөмгөө дундартал зүтгэх” хоёрын ялгааг олж харж чаддаг байх нь ч бас л урлаг. Үүнд юутай ч удаан хугацаагаар суралцдаг бололтой. Ямартай ч гүн ухаантан Нассау Сэниорын үгийг ишилж энэ өгүүллийг төгсгөе: “Баялаг хайж, мөнгө эргэлдүүлнэ гэдэг нь ёс суртахуунаа дээшлүүлэх аугаа их булаг руу хүн төрлөхтөн хамтаараа тэмүүлнэ гэсэн үг”.
2009.3.30