Цаг хугацаа гэж айхтар хүчин зүйл байх юм даа. Хорвоог хүнтэй юутай нь сорьж байдаг. Энэ том хүчин зүйл том хүний том чанарыг улам л тодруулж товойлгож байдаг шигээ жижиг хүнийг улам л жижиглэж тоглодог юм байна.

Жишээ нь, М.Энхсайханыг ямар хэмжээний соёлтой, ямар хэмжээний ёс суртахуунтай лидер болохыг бидэнд яаж харуулав. Ингэж чимээгүй манддаг лидер үнэхээр ховор. Цаг хугацаа түүнийг улам л хүчирхэгжүүлж байна.

Жишээ нь, Ч.Улааныг ямар шуналтай, ямар ичгүүргүй хүн болохыг биднийг алмайртал харуулав. Ийм аймшигтай улстөрч үнэхээр олон биш. Цаг хугацаа түүнийг улам л шившиглэж, улам л улаанд нь гаргаж байна. Нэг долоо хоногт нэг хүн хоёр албан тушаал авч байсан ийм тохиолдол Монголын төрд урьд өмнө нь гарч байгаагүй байх. Улаан л улайдаггүйгээрээ хүсэл шуналын гайхамшгийг ийнхүү үзүүлэв. Парламентын засаглалтай орны парламентын дэд дарга болж хариад шөнө нь чамлаж хононгуутаа өглөө нь гүйж ирээд л Сангийн сайдын тамгыг замаас нь булаагаад л авч байгаа хүнийг өөрөөр юу гэж хэлэх юм.

МАХН-МҮАН-ын эвсэлд оногдсон сайдын суудлын квот дээр хоёр нам тохиролцож чадахгүй олон хоног ярилцаж хэлэлцжээ. МҮАН нь оногдсон дөрвөн сайдын суудлаа хоёр хоёроор нь тэнцүүхэн хувааж авахыг санал болгосон байна. Энэ бол хамгийн шударга байр суурь. Гэвч Улаан тэргүүтэй МАХН-ын нөхөд урдаас нь үгүй ээ, бид гурвыг нь авна. Танай намд нэг л суудал өгнө гэж дайрчээ. Уг нь сонгуульд хамтарч орсон учраас амжилт нь хамтынх байх ёстой. Гэвч улаандаа гарсан Улаан тэргүүтнүүд албан тушаал руу улангасан дайрч, хамтын амжилтыг нь өмчлөөд өвөртөө хийчих нь тэр. Уг нь Улаан МАХН-ынхныг гэрээ барих гэж тэнд ядарч зүдэрч байх үед энд Засгийн газраас гарч явсан АН-ынхны оронд шургах гээд нойргүй гүйж явсан хүн. Энэ бол дөнгөж өчигдөрхөн болсон явдал. Өнөөдөр харин Улаан алтан жорлонд сууж байна. Ийм хүнийг аймаар гэхгүй бол өөр хэнийг аймаар гэх юм. Албан тушаалын төлөө бол юу ч хийхээс буцахгүй гэдгээ ард түмний өмнө нүүр байтугай юмыг нь улайтал ингэж харуулж байгаа хүнийг өөрөөр дүгнэх арга алга.

Ийм увайгүй юмтай нүүр тулсан МҮАН улам л буулт хийж байна. МҮАН-ын дарга М.Энхсайхан намынхандаа МАХН-ын бүх ааш аягийг хүлээж ав гэж хэлжээ. Ингээд МАХН эвсэлдээ ногдсон дөрвөн сайдын суудлын гурвыг нь хүчирхийлэн авав. Уг нь М.Энхсайханыг Сангийн сайд болчихоосой гэсэн хүлээлт нийгэмд байлаа. Ийм эмзэг, хүнд хэцүү нөхцөлд бүрэлдсэн эвслийн Засгийн газарт М.Энхсайхан шиг лидер орж ирсэн бол үнэхээр хэрэгтэй байсан. М.Энхсайханы нэр нүүр бол том зиндааны нэр нүүр. Гэвч энэ нэр төрийг ашиглах боломж өнөөгийн засагт олдсонгүй. Намдаа оногдсон ганц яаманд тэр өөрөө очихоос татгалзжээ. Нэг нь долоо хоногт хоёр албан тушаал аван улайрч байхад нөгөө нь хоёр удаа улс төрийн том соёл үзүүлэн ухарч ямар хэмжээний хувь хүн, ямар төвшний ёс суртахуунтай улстөрч болохоо харуулав. Үнэхээр жишгийн хоёр туйл гэж үүнийг л хэлэх байх.       
 
М.Энхсайхан өөрийг нь дагаж намаасаа гараад өдий хүртэл хамт яваа М.Сономпилд хүндэтгэл үзүүлж байна. Талийгаач ах М.Чимэдцэрэнгээс нь хойш М.Сономпилд нөмөр болж яваа нь М.Энхсайхан. Энэ бол хүний сайхан чанар. М.Энхсайхан Н.Энхбаяртай ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байлаа. Гэвч энэ өрсөлдөөний дараа тэр өстөн болж үлдээгүй. Харин ч эсрэгээрээ Н.Энхбаярын мандал бадралын үед биш уналтынх нь үед очиж нөхөрлөв. М.Энхсайхан бол саяны хүнд үед нь Н.Энхбаярт липт биш юм гэхэд шүхэр болж өгсөн. Гэвч тэр сонгуульд эвслээсээ жагсаалтад ч ороогүй. Бас л ухарсан. Түүнээс өөр хүн байсан бол эвслийн жагсаалтад нэгд биш ч хоёрт бичигдэх дархан эрхээ бусдад тавьж өгөхгүй байх байсан. Харин тэр тавьж өгчихөөд хаа хамаагүй тойрогт очиж өрсөлдсөн. Ч.Улаан бол ханилж явсан нөхрөө шоронд ороход танихгүй л гэж хэлдэг хүн. Ч.Улаан бол намаа ч хаяна, ламаа ч хаяна. Ч.Улаан Н.Энхбаярын нөмөрт насаараа явчихаад намаасаа “хөөгдөөд” явахад нь дагаагүй. Сонгуульд орж амар хялбар аргаар парламентад хөл тавих эж л сүүлд очиж нийлсэн. Одоо Н.Энхбаяр шоронд Ч.Улаан ордонд улам л том зүсэм хүртээд гүйж явна. М.Энхсайхан Н.Энхбаярыг яллагдахдаа тулан хүндэрч байгаа энэ үед өндөр хүндэтгэл үзүүлэн бүх эрх ашгаас  өөрийгөө татаж байна. Үнэхээр жишгийн хоёр туйл байгаа биз.