Малчин “эвдрэв”
Жаахан мангардуу хүнийг магтаж хөөргөж байгаад хөлс хүчгүй зарцалж болдог л шиг юм. Гэвч, малчид “мангар” биш боловч мангар дүр эсгэн, хорон хорон үйлдлүүдээ мангараасаа болсон аятай харуулна. “Учир мэдэхгүй малчин ард”-ын дүрд айхтар ухаалгаар тоглоно.
Малчид ба түүний “дайснууд”-2
Малчин “эвдрэв”
Үргэлжлэл. Түрүүч нь http://baabar.mn/article/malchid-ba-tuunii-daisnuud
Хоёр. Худал хуурмагийн эсрэг худал хуурмаг
Монголчууд мянганы турш хэнээс үл хамааран, хэнд ч үл ялархан малаа маллаж иржээ. Энэ бүхнийг хүнтэй юутай хээтэй нь эвдсэн үйл явц 1959 онд болсон юм. Хэнд ч хохирол учруулалгүйгээр малаа өсгөн амьдарч байсан тэдний өмч хөрөнгийг шүүхийн ямар ч шийдвэргүйгээр хураан авлаа. Говь хангайн бүсийн онцлогоос хамаарч нэг айлд (нэг хүнд биш) 75-50 толгой малыг амины өмчид үлдээн, илүү гарч өсөх тоолонд хураан авахаар журамласан аж. Энэ 75-50 толгой нь “Богийн толгойд шилжүүлсэн” гэх тооцоолол тул бод мал(үхэр, тэмээ, адуу) дээр очихоороо эрс цөөрнө.
Нэгэнт өмчгүй болсон малчид хот суурин руу идэвхтэй нүүж эхлэв. Гэтэл эзнээс нь хураан авсан малыг хэн нэгэн хариулах ёстой байдаг. Хувийн өмчгүй нийгмийн давуу талыг харуулахаар малыг нийгэмчлээдэхсэн чинь харах эзэнгүй баахан малтай үлдэх дөхсөн байна (1960-аад онд ганц, хоёрхон жилийн дотор Улаанбаатарын хүн ам 2 дахин нэмэгдсэн байдаг). Ингээд яаралтай хариу арга хэмжээ авч, шилжилт хөдөлгөөнийг хатуу хязгаарлах болов. Хөдөөнөөс нүүж очоод хотын албан ёсны иргэн болж амжаагүй айлуудыг буцаан нүүлгэх кампанит ажлыг 1970-аад оны сүүлч хүртэл хэд хэдэн удаа хийлээ. Эдгээр айлуудын гэрийн гадаа ачааны хоосон машин зогсоох ба сул зогссон цаг бүрээр торгууль төлөхөөр дарамталсан аж. Ингээд, дааж давшгүй өрөнд унахгүйн тулд яаралтай ачаалаад “ цэцэглэн хөгжиж байгаа социалист хөдөө” нутгийг зорино доо.
Нийслэлийн иргэдийн гэрийг шөнөөр “нэгжин” хөдөөний хүн нуугдаж байгаа эсэхийг шалгаж, тийм“хэрэгтэн” илэрвэл дагуулж аваачин түр саатуулаад орон нутаг руу ачуулна. Энэ эргүүлийг Цагдан сэргийлэхгазраас ОСГХ (Орон сууц, гудамжны хороо), “ЦСБТОН бригад”(Цагдан сэргийлэх байгууллагад туслах олон нийтийн бригад хэмээх иргэний шинжтэй сайн дурын цагдаа) хамтран хийх тул “Хороо хорины эргүүл” нэртэй. Улаан даавуу ханцуйдаа хадсан хэдэн хүн шөнө дөлөөр, хэдийд ч ирээд ирээд хаалга нүдсэн хамаагүй, нээж өгөөд хамаг байдгаа үзүүлэх үүрэгтэй.
Сонин болгож ярихад, одоогийн энэ өөрсдийгээ эх оронч моронч гээд хүн дарамталдаг гаруудын эмээ өвөө гэмээр, ЦСБТОНБ гэсэн тэмдэг зүүсэн лайнууд байв аа. Одоогийн хэт эх орончдийн өөдөөс үг хэлэхээр “Хужаа” болчих гээд зовлонтой байдагаа даа. Яг тэрэн шиг, тэр улаан ханцуйтай хэнээтнүүдийн өмнөөс эсэргүүцэхээр “Ахмад үеэ хүндэлдэггүй, социалист хууль ёсыг дээдэлдэг шударга иргэний зүй ёсны шаардлагыг эсэргүүцсэн” асуудалд унана. Манай Завханд л гэхэд Лэгжэ(билүү?) гэж цуутай “ЦБСТОН”-ч авгай байх. Кино үзэхээр ирсэн хүний хувцасны нэг товч дутуу байвал оруулахгүй хөөгөөд явцуулна... Саяхан даа, наяад онд Ленин клуб (Одоогийн Санктпетрбург төв)-ын гадаа үүдэнд зогсоод, Монгол хүн санаандгүй тийшээ орох гээд ирвэл хөөдөг нэг шар өвгөн байж билээ. За энэ ч яахав.
Малчид ийнхүү сонголтгүй боллоо. Малаа хураалгаад зогсохгүй, даапаалж байгаа аятай хураалгасан малаа өөр маллаж, алдаж асгавал төлөх үүрэгтэй болов. (Улс нийгмийн өмчийг гэмтээж үрэгдүүлбэл үнийг нь гурав нугалан төлүүлдэг журам байсныг мэдэх нэг нь мэдэж байгаа)
Өнөөгийн хүмүүст яаж тайлбарламаар юм бэ дээ, хэрвээ чиний машиныг улс хурааж аваад “Манай эх орон хөгжихөд хэрэгтэй байна” гэсэн гэвэл ямар вэ. Улмаар тэр машинаа чи өөрөө жолоодон улсын таксичнаар ажиллах үүрэгтэй ба нэгэнт улсын өмч болсон машинаа эвдэлбэл үнийг нь гурав нугалан төлж нийгмээ хохиролгүй болгоно. Бас машинаа дураараа унаад байхгүй ээ, өглөө бүр хаанаас хаа хүрэхээ тэмдэглүүлсэн “замын хуудас” хэмээх зөвшөөрөл авч гарах ба нэлээн тулгаж тавьсан “орлогын төлөвлөгөө”-г биелүүлэх үүрэгтэй. Тэр үеийн гол лоозонгийн нэг нь “Төлөвлөгөө бол хууль, түүнийг биелүүлэх нь нэр төрийн хэрэг” гэж байсан тул зүтгээд л байх хэрэгтэй. Цалин тогтмол боловч төлөвлөгөө тасалбал хасагдана, харин давуулбал нэмэгдэхгүй. Төлөвлөгөө давуулж сайн ажиллаад байвал чамд мөнгөбиш гоё баярын бичиг өгнө. Бүр их давуулбал аймаг хотод болох гоё хуралд төлөөлөгчөөр явуулна. Бүрээсээ ч аймаар их ажил хийгээд байвал тэр гоё хурал дээр, олон том дарга нарын өмнө үг хэлүүлж урамшуулна. Нэг иймэрхүүгээр төсөөлж болно.
Малчдад үлдээсэн гэх 50 толгой бог нь бас яг өөрийн өмч гэхэд хэцүү. Малын тоо хүйсэнд тааруулан улсын санал болгосон үнээр зарах мах, сүүний “албан журмын ногдол”хэмээх “татгалзах эрхгүй санал” тулгаж тавина өгнө. Даалгаврыг дутуу биелүүлбэл шийтгэлтэй. Энэ үүргийг биелүүлэхийн “Загасчны морь усгүй” гэгчээр “малчны гэрт сүүтэй цайгүй”цаг байсан л юм даа.
Ингэлээ гээд үхэлтэй биш, зохицон амьдрах хэрэгтэй болов. Худал хуурмаг, шударга бустай зохицон амьдрахын тулд өөрөө яаралтай худал хуурмаг, шударга бус “болох” ёстой. Өвөг дээдэс “Сохрын газар сохор, доголонгийн газар доголон” болж яв хэмээн сургасныг хэлэх үү? Ингээд, шинэ орчинд зохицон амьдрах төрөлхийн зөнтэй малчид тоглоомын дүрмийг дорхноо нь ойлгосон төдийгүй,төртэйгээ чадамгай тоглогч болон хувирлаа.
Зөвшөөрсөн хэмжээнээс илүү гарсан малыг дахин дахин хураасны хойно мөнөөх “50 толгой” бол өсдөг ч үгүй, хорогддог ч төмөр сүрэг болов. Хариутай бол бариутай гэгчээр нийгмийн малыг ч бас нэг их өсгөөд байхгүй. Дутаачихгүй байгаа нь их юм гэсэн байдлаар хандана. Лав л хориод жил "Жил бүр 9,5 сая төл бойжуулан малаа 24 сая болгох" зорилт тавиад бүтээгүй юм даг.
Улсын мал сүрэгт зүс үгүй тул хоттой хониныхоо хамгийн шилдэг сайн хэсгийг “амины”-хаар тооцно. Үүнийг анзаарсан засаг төрөөс нэгдлийн малыг ээмэгжүүлээд, үхсэн тохиолдолд ээмэг бүхий чихээр гэрчлэн акт тогтоодог болсон ч амжилт олсонгүй. Сүүлдээ, алж идсэн малынхаа чихийг арьсанд нь үлдээгээд, малын эмчээр акт тогтоолгодог “ёс" маягийн зүйл болж үлдсэн дээ.
Хэрвээ алдарт малчин болж янз бүрийн хурал чуулганд явах нь гоё санагдвал аминыхаа малаар нөхөн өсгөж болно. Улс нийгэм гуайд тоо л байхаас биш, малын зүс байх биш. Улмаар сум орноороо нийлж, нэгийнхээ малыг “өсгөн” аймаг сумын аварга болгох энүүхэнд. Хэн ч эгдүүцэн гайхахгүй. Одоо ч гэсэнаймаг сумаас ньаварга бөхөө байг гэхэд “гавъяат” төрөхөд л бөөн баяр болдог шүү дээ.
Улмаар дэглэмийнхээ сул талуудыг шинээр илрүүлэн тоглолт хийх болов. Социалист нийгмийн давуу тал нь хэнийг ч гадуурхан орхидоггүй бөгөөд хоцорсон нэгнээ хамт олны дунд хүмүүжүүлэн авдаг, социализм байгуулж байгаа БНМАУ-д хүмүүждэггүй хүн гэж байх ёсгүй аж. Социалист өмчийг хамгаалсан ган бат дүрэм журмыг энэ сиймхийгээр хийдүүлж сурав. Мал сүргээ үхүүлсэн малчдыг “хамт олны хурлаар хэлэлцээд түүнийг хүмүүжүүлэхээр үлдээх” ба өр ширийг нь хүчингүй болгоно. Гол нь хэн ч хохирохгүйгээс гадна хөрөнгийг нь булаагаад нэгдлийн хамжлага аятай болгосон засгаас хариугаа авах ч шиг.
Мал сүрэг бол БНМАУ-ын гол баялаг ба түүнийг хамгаалах нь иргэн бүрийн үүрэг аж. Иймээс цас зуд тохиолдоход улсаараа түүнтэй тэмцэхээр босно. Төвөөс туслах малчин илгээх ба мөнгө төгрөг хуримтлуулах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлнэ. Их төлөв хонь малыг зургаар нь таньдаг хүмүүсийн оёсон элгэвч нэмнээ хэрэг болохоосоо илүү хог тарих боловч цаад кампанит ажил нь их чухал. Хотынхны амсаж ч үзээгүй Швейцарь хуурай сүүг хүртэл төл мал тэжээхэд зориулан түгээнэ.
Жаахан мангардуу хүнийг магтаж хөөргөж байгаад хөлс хүчгүй зарцалж болдог л шиг юм. Гэвч, малчид “мангар” биш боловч мангар дүр эсгэн, хорон хорон үйлдлүүдээ мангараасаа болсон аятай харуулна. “Учир мэдэхгүй малчин ард”-ын дүрд айхтар ухаалгаар тоглоно.
Харилцан хууралцах энэ ертөнцөд малчдыг магтсан, хөдөө амьдрахыгуриалсан дуу шүлэг зохиовол онцгой үнэлэгдэнэ. “Хөдөө мөн ч сайхан байгаа даа, хоёулаа явъя аа хонгор минь” гэж гоё дуу мэдэх үү? Яг ч бас хоёуланг нь явуулдаггүй байсан юм аа. Их, дээд сургууль төгссөн эхнэр нөхөр хоёрыг “Улсын зардлаар болосвсол эзэмшсэн учраас эх орны аль хэрэгцээт газар очих ёстой” гээд хаа хамаагүй газар салган хуваарилна. Очихгүй бол торгуулиас эхлээд шийтгэлтэй.
Нэг талаас шүүхийн тогтоолгүйгээр нутаг заагдагсад, нөгөө талаас нь хот шилжих байтугаа мал хариулахаас татгалзах боломжгүй хоригдогсдоос хөдөө бүрдэж байв. Тэгсэн атлаа улсын хамгийн “хүндэт” хүмүүс. Тэднийг байнгын бус ажиллагаатай парламентад олноор нь сонгох ба Ардын Их хурлын орлогч даргаар нь нэг хоньчин заавал томилогдоно. Сургууль соёлд явахад “Малчны хүүхэд” гэдэг нь хүндэтгэх шалтгаан болох ба бүүр сансрын нисгэгч хүртэл шалгаруулахад “Малчны хүүхдийг нь явуул” гэж Бал дарга өөрөө үүрэгдэнэ. Гэвч, заримдаа улс төрийн алдаа гаргасан Ц.Лоохууз мэтийн “эсэргүү” нараа хөдөө малчнаар цөлж, ариун газрынхаа нэрийг бас баастана аа.
Харин манай малчид энэхүү хүндэт үзүүлэн, нэр төрийн аквариум болсон улс төрчдийн цөллөгт төрсөн газраа нутаг заагдаж байхдаа олон “эрдэм”сурав.
Худал хуурмагийн дэглэмд төрөөсөө дутахгүй тоглолт хийнэ. Малыг нь юу юугүй үрэн таран хийчихгүй ч нэг их өсгөхгүй. Өсчихвөл өөрсөнд л лай биз дээ, нэг айл 500 хонь хариулдаг байсан бол 800-1000 болоод ирвэл малчин л зовно. Нэгдлийн малыг 25 сая толгойд хүргэх гэж улсаараа мачийгаад бараагүй юмсан. Гэтэл малаа аминдаа авангуутаа гуравхан жилийн дотор 30 сая, гучин жилийн дотор 70 сая болгоод хаяж байгаа юм даа.
Нэгдэлжих хөдөлгөөн ялж, малчид албан ёсоор жаргаж эхэлсний 30 жилийн ойг 1989 онд тэмдэглэх гэж байтал Ардчилсан хувьсгал гараад соцалист систем өөрөө нурлаа. Удсан ч үгүй нэгдэл тарав.
Нэгдэл тараад... мал ахуйгаа аминдаа аваад жинхэнэ эрх чөлөөтэй учирсан боловч нэгэнт дассан олон сайхан юмаа орхих нэн хайран.
Эрхбиш улс орон хөгжин дэвжихийн хэрээр малын бүх өвс тэжээл, мал эмнэлэг, тарилга туулгыг улс хариуцаж иржээ. Өөрсдөө бэлгэдлийн байдалтай хадланг их төлөв цаасан дээр хураах боловч яг зуд турхан болбол улсаас тэжээл буулгаад өгнө. Гэтэл хувийн малыг зөвхөн эзэн нь хариуцах болчихоод байдаг.
Цаашдаа, зөвхөн малыг нь аминд өгөөд бусдыг нь хэвээр үлдээх арга тал юу байна. Нэгдэлжсний гучаад жилд мянганы уламжлалтай монгол малчдын сэтгэхүй үндсээрээ өөрчлөгдөж, төрөөс халамжлахгүй бол өөрөө мал сүргээ өсгөж, эрүүлжүүлж чадахгүй, үгүйдээ л ингэх хүсэлгүй, ийм үүрэг угаасаа бидэнд байхгүй гэж үздэг хэсэг хүмүүс болон хувирсан байв.
Ямар ч байсан малчдын эрх ашгийг төлөөлсөн сум-нэгдлийн дарга нараас үлэмлэхүй олонхинь бүрдэж байсан Ардын Их Хурал ардчилсан шинэ Үндсэн хууль батлахдаа “ мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт оруулж амжив. Яаж хэрэгжих нь бүү мэд боловч “Өмч нь хувийнх, хамгаалалт нь улсынх”байх тухай нэг л зүйл ойлгогдож байв. Илүү тодорхой хэлбэл “өмч нь хувийнх, хариуцлага нь улс үндэстнийх”. Малчид ийнхүү, өмчөө булаалган, улсын хамжлага болж хохирсон давхрагаас агшин зуур үсрэлт хийжтөр нь малчдынхаа хамжлага ч юм уу гэмээр хачин тогтолцоо руу ороод ирэх нь тэр ...
Үргэлжлэл бий.