Сонгуулиас хойш өрнөсөн улс төрийн хэрүүл шуугиантай амьдрал амсхийх шинж алга. Мэдээж нэгэн шинэ мөчлөгөө эхэлж буй улс төрийн амьдралаас яахин амсхийлт, амралтыг хүсэх билээ. Эцэс төгсгөл нь хаа яваа нь мэдэгдэхгүй энэ их хэрүүл тэмцэл, үл ойлголцлоос нь өөрийн эрхгүй  нийгэм залхаж эхэллээ.

Юутай ч шинэ Засгийн газар ард түмний адармаатай сонголтын буурин дээр, улс төрийн ээдрээтэй нөхцөл байдлын дунд “мэндэлж” байна . Монголын ард түмний хамгийн их итгэл хүлээлгэсэн хоёр том улс төрийн хүчин энэ удаа голын хоёр эрэг дээр гарч сууснаар улс төрд тооцоолшгүй олон хүндрэлүүдийг авчирлаа. Тэдний сөргөлдөөн жам ёсоор дундын тоглогчдод өгөөш болж, МАХН-ын эвсэл хэмээх жижиг бүлэглэлд орон зай олгосноор сонгогчдын хамгийн олон мандат атгуулсан АН санаачлагаа хэлбэрийн төдий гартаа атгаж, өрөөсөн хөлтэй сандал дээр сандайлан шинэ зовлон эдэлж эхэллээ. Хөөрхий АН дөнгөж саяхан сугадалцсан МАХН-ын эвсэл гэх мангаанууддаа Сангийн яамаа “алдаад” зогсохгүй амттайхан хачир болгож  Эрүүл мэндийн яам сэлтээ “бэлгэлчихээд” наашаа харан инээж, цаашаа харан уйлж байна.

АН-ын МАХН-ын эвсэлтэй хийсэн гэрээнд шүүхээр шүүгдэж буй Н.Энхбаярын асуудлын талаар ямар нэгэн наймаа тусгагдаагүй ч шууд утгаар уг эвслийн удирдлага “Ганц худаг”-т байрлаад байна. Бүх зүйл тэндээс зөөлнөөр хэлэхэд тулгагдаж, хатуугаар хэлбэл шахаж шаардагдаж байгаа нь нэгэнт ил болжээ. Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан шийдвэрээр Н.Энхбаяр эрүүл мэндийн шалтгааны улмаас шоронгийн ялаас чөлөөлөгдөж, түр гэрийн хорионд улс төр хийх бололцоотой болох нэгэн том гарц байгаа юм байна. Тийм учраас МАХН-ын эвслийнхэн Дотоод хэргийн яам гэсэн шинэ яамыг үүсгэх гэж лобби хийжээ. Тэр төлөвлөгөө бүтэлгүйтсэн ч Эрүүл мэндийн яамыг авахаар улайран дайрсаар санасандаа хүрч буй бололтой. Дотоод хэргийн яам гэж байгуулах нь ийн боломжгүй болж, Х.Тэмүүжинтэй хамтарсан шийдвэр гаргах найдлагагүй учраас тэд өөр гарц хайн бухимдацгааж байгаа юм байна.

Сангийн яамыг О.Чулуунбат биш М.Энхсайханд өгөх болсон гэсэн нь ч цуцлагдаж байгаа гэх мэдээ чих дэлсэж байна. Хэрэв энэ үнэн бол МАХН-ын гэх эвсэл дотор МҮАН гэх харьцангуй цэвэр нэртэй улс төрийн нам байх хэрэг юун билээ. Ёс жудаг, хүн чанар гэж энэ амьдралд жаахан ч гэсэн байдаг бол мөрөө заалгаж, нэрээ чимж ирсэн МҮАН-даа МАХН-ын намаас намын хооронд нүүдэллэж явдаг дотоодын цагаачид арай хэрээс хэтэрсэн дарангуйлал үзүүлж байх шиг. Юм цагаандаа гарна гэж үүнийг л хэлдэг бус уу.

Ийнхүү улс төрийн хэт даварсан бүлэглэл буруу сэхэж идсэн уусан, балласан талласан, орон шоронгийн асуудалтай зүдэрч явахад нь ирж хань нөмөр, хана түшиг болсон М.Энхсайханыг намтай юутай нь жижиглэж байна. Гэвч М.Энхсайханы МҮАН улс төрийн соёл заан МАХН-ыхнаас гуйж нэг үзэн, аргадаж нэг үзэн аргаа барсаар. Тэд уг нь парламентад орж ирсэн эвсэл дотроо илүү олон суудалтай төдийгүй илүү улс төрийн туршлагатай, илүү нэр хүндтэй гишүүдтэй. Л.Цогийг жишээ нь З.Баянсэлэнгэтэй яаж жиших юм. Г.Уянгын туулсан, ирсэн замнал, олон түмнээс олсон нэр төрийг О.Баасанхүүгийнхтэй яаж дүйцүүлэх юм. Ийм харьцангуй бүтэцтэй эвсэл атал нэг нэгэндээ яаж ийм байж болшгүй тулгалт хийж болдгийг ажиглагчид шагшин гайхацгааж байгаа юм.  

Томилгооны эхэнд ассан гал С.Баярцогтыг чиглэв

УИХ-ын дэд даргаар С.Баярцогтыг сонгосон асуудал сөрөг хүчнийхний хүчтэй шүүмжлэлтэй нүүр тулав. Хүчтэй эсэргүүцэл, халуухан шүүмжлэл, зэрэг  бол парламентаар хэлцэгддэг томилгоонуудын үед байдаг л зүйл, болдог л үйл явдал. Энэ утгаараа сүртэй юм биш. Ялангуяа С.Баярцогт шиг лидерийн хувьд тэгтэл атираад байх юм биш сэн. Тэр дандаа л ийм зүйлтэй тулгарч ирсэн шүү дээ. Үнэндээ бол Их Хурлын дэд дарга мэтийн дунд эрэмблэлийн албан тушаал С.Баярцогтод хэрэггүй. Тэр татгалзаад, чуулганыг орхисон бол бүр ч илүү зохих улс төр байж болох байсан юм. С.Баярцогт өнөөдрийн холион бантан болсон парламентад сул гишүүн байж үлдээд дөрвөн жил торойгоод алхчихад муухай юм юу ч байхгүй. Гэвч манайд даргаас татгалздаг хүн гэж алга болжээ. Орон л онгойвол очоод л толгойгоо чихчихдэг  тааруу жишиг өнөөгийн улс төрийн соёлыг тодорхойлж байна. Өмнөх жилүүдэд ялангуяа эвссэн бүх тохиолдолд тэр хэлэлцээрийн буюу зөвшилцлийн улс төрийг манлайлж ирсэн. Түүнийхээ хариуд бүх төрд нүүртэй, бүх үед эрх мэдэлтэй үлддэг хэмээн чичлүүлж, хардлага сэрдлэгээр балбуулж ирсэн ч үүргээ хангалттай биелүүлж чаддагаараа үнэлэгдсэн улстөрч. Өнөөдөр “Оюутолгой”-гоор загнуулах бол түүнд шударга бусаар очиж буй ял юм. “Оюутолгой” төсөл Монголыг дэлхийн анхааралд аваачсан төсөл. Энэ төслийн үр дүн гавъяа ч болсон, ял ч болсон С.Баярцогт тэргүүн эгнээнд үүрэх хүний нэг мөн үү гэвэл мөн. Гэхдээ түүхэн дүн нь тавигдах хараахан болоогүй байна. Харин тухайн үед энэхүү төслийн сурталчилгаан дээр ажиллаж, мөнгөн урамшуулал хүртэн даналзаж байсан бөөн бөөн сэтгүүлчид нь хаачсан бэ. Тэд нь дэмжиж ажилласан энэ төслийнхөө хувь заяанд анхаарлаа хандуулахгүй юм уу. Яагаад С.Баярцогт ганцаараа баалуулаад байна вэ гэсэн асуултыг хөндлөнгөөс тавьмаар санагдана.

Баярцогт...Баярцогт гэсэн шүүмжлэл магадгүй үзэн ядалт болтол ойрын үед хөвөрч байна. Дөнгөж саяхан нэг гэрт суугаад засаглаж байсан “нөхөд”-дөө түүний хувийн зүгээс гаргаж буй ааш авир, үзүүлж буй аяг зан олон нийтийн дургүйцлийг өдөөж буй бололтой. Монгол хүн усанд унасан нохойг өшиглөх дургүй. Тэр үндсэн сэтгэл зүй л түүнийг чиглэсэн шүүмжлэлд голлож байх шиг . Өчигдөр хамтдаа хоймор найрлаж суусан хүн өнөөдөр хоолны чөлөө санал болгон хээхэлзэж, орж гарахыг нь заан ам хэл билүүдээд байх тийм ч гоё харагдахгүй байгаа нь үнэн. Уг нь иймэрхүү гавихгүй “интертаймент”-ийг гайгүйхэн үзүүлээд явчих дур нь гозолзсон шинэхэн гишүүд хавь ойроор нь дүүрэн байгаа сан. Манай Баярцогт бол ийм алиа шоутай шоугүй бүх талаараа  Баян цогт шүү дээ. Гэхдээ улс төрд энэ байтугай л юм болдог. Баярцогт тэглээ Нямдорж ингэлээ гээд шагшираад байх хэрэггүй. Парламент дээр хэрэлдэх байтугай гутлаа тайлаад шидэлцэж л байдаг, барьцалдаад зодолдож л байдаг. Дэлхийн парламентуудаар юу эс болж байдаг билээ. 

Ийнхүү Баярцогтын асуудлаас улбаалсан маргаан сөрөг хүчнийг хуралдаан хаяхад хүргэв. Хичнээн шүүмжилсэн ч сөрөг хүчнийхэн түүнийг дэмжсэн санал өгснөөр харин ч тэр бусдаасаа илүү агуулгатай хувиар Их Хурлын дэд дарга болсон. Үүний дараа Ч.Сайханбилэгийн асуудал орж ирмэгц таагүй уур амьсгал улам идэвхжиж цөөнх   завсарлага хүсэв. “Бүлэггүй учраас завсарлага авах эрхгүй” гэсэн хариу сонсон уурссан тэд “Би энэ наадмыг үзэхгүй ээ” гэж ширэв татсаар асраас бууж оддог хатан шиг л танхимаас гарцгаав. Ингэснээр шинэ Засгийн газрын 13 сайд сөрөг хүчингүй, улс төрийн агуулгаараа дутуу дулимаг орчинд  батлагдацгаав.  Мэдээж сөрөг хүчингүй нөхцөлд яаж хар цагаан дуугүй гараа өргөөд байхав хэлбэрийн төдий санал шүүмжлэлүүд бага сага явсан. 

Н.Алтанхуягийн танхимыг хэн хэн түшилцэх вэ?

Н.Алтанхуяг өмнөх Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар ажиллаж байлаа. Өөрөө ажиллаж үзээд энэ албыг төдийлөн чухал биш алба гэж үзсэн үү, Тэргүүн шадрын эрхлэх хүрээний агентлагууд дотроос стретегийн ашиг хонжоо намдаа авчирч, түүхэн үүргээ гүйцэтгэчихсэн үү энэхүү албан тушаалыг delet  хийв.  Ер нь албан тушаалыг delet  л ийгээд байвал зүгээр. Энэ утгаараа аятайхан л харагдаж байна. Харин шадар сайдыг МАХН-ын эвсэлд хуваарилжээ. Энэ суудал МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвад очно.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга буюу энэхүү зовлонтой эвслийн үед төр барих яггүй хүнд үед гүйцэтгэх засаглалын гал тогоог гараараа барьж байдаг амаргүй албанд   Ч.Сайханбилэг зүтгэнэ. Энэ алба түүнд аль ч талаараа зохино.
Харин Гадаад харилцааны сайдаар эрхэм гишүүн Л.Болд томилогдлоо. Улсын Бага Хурлын гишүүнээс эхлэн энэ төрд мөрөө гаргаж яваа хүмүүсийн нэг бол яах аргагүй Л.Болд. Түүнийг хамгийн зохисон яамандаа ирлээ гэж ажиглагчид үзэж байна. Өмнөх  Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажиллахдаа ч тэр лидер гэдгээ баталсан. Тийм болохоор түүнийг гороолоод байх юм хаа хаанаа байхгүй. Харин үүсгэн байгуулсан “Бодь” группээр нь дамжуулж түүнийг АН-ыг түшиж тулж явдаг эдийн засгийн хөшүүрэг гэж харах цонх дэлгээтэй байдаг. Гэвч энэ тал нь  түүний хувьд хамгийн ил болсон, улс төрд авч яваа бодитой хүч нь. Ингэж үзэгдэх нь Л.Болдын хувьд  нууж нугдайгаад байх юм биш.
   
УИХ-ын хамгийн гал татдаг, сөргөлддөг гишүүдийн нэг бол Х.Тэмүүжин. Түүнийг намынхан нь 100 хувийн саналаар Хууль зүйн сайдаар томилов. Одоо түүнд хонзогнолгүй, өшөө авалтгүй, намын даалгаваргүй монгол төрийн дагшин байдлыг эрхэмлэсэн шударга улс төр хийх бас нэгэн шинэ үе ирж байна.  Тэрбээр чуулганы хоймроос гэмт хэргийн орчин нөхцөл өмнөхөөс хавьгүй өөр болоод энэ цаг үед тохирсон мөрдөх алба, хэв журам сахиулах албадыг байгуулахаа амлалаа.  Эдийн засгийн том хэргээс бусдыг шиншлэхээ байсан баян данагар эрүүгийн алба толгой дээр нь зайдалсан, хэв журам сахиулах алба шалны алчуур шиг тэр дор хэвтэж байдаг өнөөгийн нөхцөлд тэр амаргүй амлалт авав. Сайд нар солигдох эл хуль энэ чөлөөнөөр сумын цагдаагийн албаны эрүүгийн албаны дарга нь хэв журмынхаа ноолгор бор цагдаа нарыг жагсааж байгаад л шүдийг нь хуга цохиж байдаг, сумын цагдаагийн дарга наадмын өдөр иргэнээ барьж аваад зодож байдаг цадиггүй явдлуудыг тэр хазаарлах биз ээ. 

Энэ салбар бол монголын хүнд хүчир болгоныг нуруун дээрээ үүрч ирсэн салбар билээ. Тэр тусмаа залуу сайдыг олон түмэн монголын улс төрийн тогоонд дүрэлзэн байж, тэсч үлдэн байж, орших шиг оршиж ирсэн хүчирхэг шазруун Цэндийн Нямдоржтой жишнэ. Ц.Нямдорж бол дээшээ ноцдог гал ч доошоо хайрладаг, хайрлагддаг, энэ салбарын зүрхэнд гүн гүнзгий үлдсэн  удирдагч. Тэр бол хэн ч яаж ч хэмлээд үгүйсгэхэд хэцүү, цаг хугацааны хийгээд улс төрийн бүхий л утгаар хэмжүүлчихсэн лидер. Ийм улстөрчтэй харьцуулагдан шалгагдах тохиол түүнд иржээ. Одоо ЦЕГ-ын дарга солигдоно. Б.Билигт томилогдоно гэсэн бор шувуу өдөр шөнөгүй нисч байна. Манайхан томилогдох өндөр магадлалтай хүнийг угтаж бор шувуу нисгэж байгаад зайлуулдаг, замаас нь түлхэж гаргадаг хоронд гаршсан. Тэр жишгээр оруулчихгүй бол Б.Билэгт сайн томилгоо.Билэгт бол очсон, ажилласан газар болгоноосоо сайн нэртэй ирдэг хүн. Тагнуулаас ч, Радио телевизээс ч хаанаас нь ч лавласан түүнийг барагтай хүмүүс өөлдөггүй нь хувийн чанар, үнэт зүйлсээрээ хэн болохынх нь нотолгоо юм.  

Сайд болоход нь тал нутгийн зон олон хамгийн их талархан хүлээж авах нэгэн эрхэм явж явж сая нэг сайдын тамга гардлаа. Тэр бол эрхэм гишүүн Ц.Баярсайхан. Ц.Баярсайхан бол монгол орны тал нутгийнхны, говийнхны түшигтэй дулаан эрсийн идеал юм. Хувь хүнийх нь нуруулаг, нөмөрлөг, аяны замд  түшиг байж чадах дотно чанар энэ түшээгээс нэвт шувт мэдрэгдэж байдаг.  Тэрбээр энэ Засгийн газарт  Барилга, хот байгуулалтын сайдын албыг хаших нь. Тэр чадна.

Харин Батлан хамгаалахын сайдад  Д.Бат-Эрдэнийг 95 хувийн саналаар томиллоо. Асуух, санал хэлэх хүн гараагүй нь сонин. Бүгдээрээ “Ажнай” группын ажилтнууд нь юм шиг чив чимээгүй ярс хийлгэж байгаа нь томилогдож байгаа хүндээ жаахан үнэ хүндгүй бууна лээ. Мөнгөний бараа байтугай үнэрээр л дагждаг Төр тогтвол  хэцүү л санагдана. Түүн шиг соц нийгмийн үеийн Орост сургууль дүүргэсэн боловсон хүчин энэ намд захаас аван, замаас татан байгаа. Гэхдээ Д.Бат-эрдэнэ Батлан хамгаалахын салбарыг аваад явчих биз дээ.

АН-ын олон түмний дунд хамгийн нэр цэвэр явдаг гишүүдийн нэг бол Л.Гантөмөр. Тэр шинэ засагт Боловсрол, шинжлэх ухааны сайдын албыг эрхэлнэ. Гишүүний хувьд энэ эрхэм үлгэр жишээ байж ирсэн. Сайдын хувьд ч тийм байх биз ээ.


 
МУ-ын Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж парламентын гаднаас Засгийн газрын танхимд орж буй ганц хүн  А.Гансүх болов. Тэр Зам, тээврийн салбарыг толгойлно.  Өмнөх танхимд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажилласан туршлага нь түүнд итгэл хүлээлгэх гол үндэс болсон байх. 

Шинэ Засгийн газарт хөл тавьсан анхны эмэгтэй сайд эрхэм гишүүн Ц.Оюунгэрэл боллоо. Энэ хатагтай Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар ажиллана. Ц.Оюунгэрэл энэ албанд түүртэхгүй. Улс төрд явсан бүхий л замналдаа тэр түүртэж явсангүй. Тэгэхээр түүнд итгэх эсэх тухай яриа байхгүй билээ. 

Уул уурхайн төслүүд давалгаалсан өмнөх он жилүүдэд тэрслүү үзэлтэн явсан” Бридж” группын эзэн Д.Ганхуяг 97,2 хувийн саналаар Уул уурхайн сайд боллоо. Энэ бол маш сонин шийдвэр. Ашигт малтмалын хууль бус лицензүүдийг цуцлах, лицензийн наймааг таслах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зэрэг шууд бусаар хэлчихэд булаах талах, бөөн бөөн хэл ам дагуулах аймаар ажлыг  намынхан нь түүнд даалгалаа. 

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамыг 92,3 хувийн саналаар  сайд Х.Баттулга толгойлохоор болов. Түрүүчийн хамтарсан Засгийн газарт Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байсан  тэрбээр төмөр зам, барилга байшин, зам харгуй тойрсон ажлуудаас ийнхүү холбирон өвс хадлан, тариа ногоо, мал хуй гэсэн түүний хувьд шинэ салбарт хөл тавив. Эндээс дэлхийд хөл тавих том бизнесийг босгох л түүний үндсэн үүрэг. Махаа яаж дэлхийд гаргах юм, тариалангийнхаа хөгжлийг яаж илүү шат ахиулах юм, хувийн өмч нь атлаа хуулиараа монголын өмч шүү гээд өвс тэжээл нэхээд эрхэлчихдэг малчидтай яаж харилцах юм гээд өдий төдий сонин ажилтай тэр одоо зууралдана.  

Хөдөлмөрийн яамыг өнгөрсөн дөрвөн жил хөдөө хөхөрсөн Я.Санжмятав авлаа. УИХ-д хоёр удаа сонгогдон ажилласан, байнгын хороо толгойлж явсан, аймгийн Засаг дарга  хийсэн Я.Санжмятав биеийн амрыг хардаггүй хүн. Тэр шаггүй ажиллачих биз дээ. 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар элдвийг үзсэн С.Эрдэнэ маань томилогдов. Хал үзэж халуун чулуу долоосон хүн гэж түүнийг л хэлэх байх. Баахан партизанаа чирч авчраад төрийн албыг  халаа сэлгээгээр бужигнуулчихгүй л бол бусдаар тэр хэний ч хүүгээс дутахгүй.  

Эдийн засгийн хөгжлийн сайдын албыг  “Фортуна” Н.Батбаяр хаших болжээ.  Тэр энэ албанд гуйж биш гуядаж ирсэн. Ёс суртахууныхаа хувьд өмнөх засагт сөрөг хүчинтэй найрсаж явсан нөхдүүдийнхээ дэргэд тэр ингэж ааглах эрхтэй. Гэхдээ түүний мөрөөдөл арай өөр яам байсан байж магад. 

Ийнхүү шинэ  Засгийн газар үндсэндээ бүрдлээ. ИЗНН-аас Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд тодроно. С.Оюун, С.Дэмбэрэл нар намынхаа удирдах байгууллагын хурал дээр шударгаар өрсөлдөж ялсан нь сайдаар орж ирнэ. Энэ бол сайн жишиг. Хэн нь ч орж ирсэн эл яамыг өлхөн аваад явчих сэхээтнүүд гэж ажиглагчид үзэж байна.

МАХН-ын эвсэлд Шадар сайд, Эрчим хүчний яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яамд ногдсон. Тэдгээрт Д.Тэрбишдагва, М.Энхсайхан, Н.Удвал,  М.Сономпил нарын нэр яригдаж байгаа ч дотроо учраа олохгүй гацаатай байна.  Засгийн газрын 25 хувийг бүрдүүлэх тус эвслийнхэн дотроо  үл ойлголцолтой байгаа юм. МАХН нь орон шоронд хоригдон шалгагдаж байгаа даргаараа барьцаалж Монголын төрөөс хуулиас давсан зөвшилцөл хүсч байгаагаас гадна эвсэж орж ирсэн МҮАН-даа ердөө 30-хан хувийн эрх мэдэл өгнө хэмээн шахаж эхэлжээ. Энэ бол гадагшаа үзүүлж буй соёлоороо улс төрийн хүчнийхээ хувьд  Монголын төрд дэндүү зарчимгүй улс төр санал болгож байгаа эрээ цээргүй явдал. Дотогшоо гаргаж буй чанараараа ханилж яваа нөхөр рүүгээ хүйтэн салхи үлээлгэж буй дэндүү хүнлэг бус явдал.

Одоо мань Н.Алтанхуяг тар нь ийм амархан танигдаж байгаа нөхдүүдтэй цаашаа яаж алхана даа л гэж санааширч яваа байх. Энэ төрийн зовлон ингээд албан ёсоор эхэлвээ....