Дэлхий ертөнц хурдтай өөрчлөгдөж байна. Өчигдрийн мэдлэг, дүгнэлт өнөөдөр өөрчлөгдөж байгаа энэ ертөнцийн өнгө аяст зохицон амьдрахын тулд тасралтгүй сурч, судалж байх шаардлагатай цаг үед бид амьдарч байна. Нөгөө талаас мэдээллийн далайд живж зүг чигээ алдахгүйн тулд тэр их мэдээллийг өөрийн болгоод авах  суурь мэдлэг хүнд хэрэгтэй. Үүнийг төрийн жишээн дээр буулгаж хэлбэл тогтсон ой санамж, мэдээллийг тасралтгүй авах, эмхэлж цэгцлэх чадвар, бас тийм бэлэн систем хэрэгтэй гэсэн үг. Ийм чадавхгүйгээр сэтгэл хөдлөлөөр гаргасан хууль, байгуулсан гэрээ хэлэлцээр гээд олон шийдвэр улс орныг яаж үймүүлдгийг нотлох жишээ Монголоор дүүрэн.

Хүний дундаршгүй оюун санааны потенциалыг нээж ашиглах, түүнээ улс, нийгмийн хөгжил дэвшилд зориулах боломжийг нээж чадсан орон бол АНУ. Энэ улсад шинжлэх ухааны суурь судалгаанаас гадна нийгмийн амьдралд байнгын дүн шинжилгээ хийсэн оюуны үнэ цэнэтэй бүтээгдэхүүнийг тасралтгүй үйлдвэрлэж, төр бизнес сонирхсон хэнийг боловч хангах чадавхтай хэдэн зуун мянган тинк танк бүтэц ажилладаг. Америкчуудын хувьд аливаа үйл явдлын талаарх түүхэн сургамж, тинк танк байгууллагуудын эсрэг тэсрэг дүгнэлтүүдийг үнэлж цэгнэхгүйгээр аливаа томоохон шийдвэр гаргана гэдэг санаанд багтахгүй зүйл. Тэгэхээр дэлхийн хамгийн супер гүрэн хэвээр байгаа АНУ-ын хүч чадлыг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйл нь том эдийн засаг, цэрэг зэвсгээс нь илүүтэйгээр энэ бүхнийг буй болгож чадсан мэдлэг мэдээллийг үнэлэх, эрэмбэлэх, харьцуулах, үнэлж цэгнэх дуусч дундрахгүй нөөц бололцоонд нь байгаа гэж хэлбэл хилсдэхгүй. Үүнийг олон улс судлалд “soft power” буюу “зөөлөн хүч” гэж нэрийддэг.



Эдийн засгийнхаа цар хүрээ, дэлхийн хэмжээн дэх улс төрийн жин нөлөөгөөрөө АНУ-ын араас нэхэж яваа Хятад гэхэд энэ үзүүлэлтээр тэднийг гүйцтэл доод тал нь хагас зууны асуудал байж магадгүй. Гүйцэх зорилго тавиад зүтгэлээ гэхэд шүү дээ. Материаллаг баялагийг богино хугацаанд бүтээчихэж болдог бол нийгмийн оюун санааны бүтээн байгуулалт гэдэг хугацаа хэрэгтэй, наад зах нь хүний бүтэн үе үеэр ялгарч хэмжигддэг зүйл л дээ.

Монгол бол дэлхийн хоёр их гүрний дунд оршдог цөөн хүн амтай орон. Монголчууд хэзээнээсээ цөөхүүлээ байсан ч дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт гүрнийг байгуулж, хүний хэдэн үеийг хамарсан урт хугацаанд PAX MONGOLICA хэмээн нэрдэгдэх тогтвортой дэлхийн дэг журмыг тогтоож, өнөөг хүртэл их хөршүүддээ уусчихгүй амьдарч ирсэний цаана зэр зэвсэг, хөрөнгө мөнгөний хүч бус, монголчуудын оюун санааны хүч оршиж буй. Чингис хаан хурдан морь, зэр зэвсгийн хүчийг “зөөлөн хүчтэй” зохицуулж ашиглаж чадаж байсны гавьяа. “Их Засаг” хууль, шашны хүлцэл, хөрш орнуудаас залагдан ирж Монголын төрд хүчээ өгч байсан мэргэд гээд… Их Монгол улсын түүхийг тодотгох олон баримт тухайн үеийн монголчуудын амжилтыг тайлбарлах чухал эх сурвалж болдог.

Бид эдийн засаг, зэр зэвсгээр хөршүүдтэйгээ өрсөлдөх, өөрийгөө хамгаалах чадавх сул. Харин оюунаараа дутахгүй байх бололцоотой. Хичээвэл шүү дээ. Харин өнөөдөр шиг хуруувчин чинээ тархиныхаа багтаамжаар дур зоргоор төр барьж тоглодог бөхчүүд, захын боссуудаар дүүрсэн Их хурал, Засгийн газартай байвал энэ тухай горьдох ч хэрэггүй. Сонгууль маш чухал л даа, дивтаат болох аягүй гоё л доо, гэхдээ эх орны тусгаар тогтнол аюулгүй байдалтай харьцуулж үзэх юм бол уг нь жижигхэн эрх ашиг шүү дээ. Жижиг эрх ашигаараа томыгоо цохиж унагадаг нь бидний жишиг болсон авир юм даа. Шалбарчихсан шанаагаа даран шүүх эмнэлэг рүү гүйж Үндсэн хууль, үндэсний эрх ашиг хэрхэн хохирсныг мөнөөх шанаагаараа батлах гэж орилж цамнаж байхаар хулгай хийсэн олон арван сая доллароо авсан эзэнд нь буцааж өгөөд энэ орныг гадны сонирхогч субъектийн дарамтаас чөлөөлөөд өгвөл чухам эх оронч санаачлага болох гээд байгаа юм л даа.

Дотроо эдийн засгаа зөв залах, нийгмээ хүчирхийлэлгүй амгалан тайван байлгах гээд олон чухал асуудал бидэнд байна. Гэхдээ их гүрнүүдийн сонирхлын уулзварт байдаг манайх шиг орны хувь заяадотоод байдлаас дутуугүйгээр гадаад орчин нөхцлөөс хамаардаг. Магадгүй гадаад нөхцөл нь дотоод байдлаа тодорхойлдог ч байж болох. “Чи улс төрийг сонирхохгүй байлаа ч улс төр чамаар оролдох л болно” гэдэг дүрэм олон улсын улс төрд, тэр дундын жижиг орнуудын хувьд хатуу үйлчилдэг. Монгол шиг жижиг орон гадаад орчиндоо нөлөөлөх чадвар бага байдаг нь түгээмэл боловч өөр  рүүгээ хандсан сонирхлыг залж чиглүүлж, түүнээсээ хожоо гаргаж, өөрийгөө хамгаалж байх боломж түүхийн аль ч үед байсаар ирсэн. Өнөөдөр Сингапур хэмээх хүн амын талаас илүү нь хятад үндэстнээс бүрддэг жижигхэн хот улс хэрхэн олон улсын харилцааны бие даасан тоглогч байж, Америк, Хятад хэмээх хоёр аваргын хоорондын харилцааны дүүжин тэнцвэр дээр чадварлаг тоглож, дэлхийд нэр хүндтэй оршихуйн жишээ болж байгааг хар л даа.

Бидэнд чухамдаа ийм нүүдэл хийх чадвар тун хэрэгтэй. Ийм чадвар яаж буй болдгийг дээрхи Америкийн жишээн дээр хэлсэн билээ. Чухал үүрэгтэй ийм бүтэц тогтолцоо манайд 1990 оноос өмнө огт байгаагүй юм. ЗХУКН-ын даалгавар, МАХН-ын улс төрийн товчооны шийдвэр байхад хэн тэр бүхэнтэй тэрсэлдэх билээ.

Ерэн он гарсаар өнөөдөр ч бүтэц, сэтгэлгээгээ социализмын үеийнхээрээ хэвээр хадгалсаар байгаа ШУА-ийн бүтцээс гадуурхи гадаад бодлого, аюулгүй байдал судлах зорилготой анхны тинк танк маягийн бүтэц үүссэн нь одоогийн Стратегийн судалгааны хүрээлэн юм. Улс бүхэнд байдаг энэ чиглэлийн судалгаа, гадаад бодлого, аюулгүй байдал ойлгодог, сонирхдог, судалдаг хамтлаг энэ жижигхэн байгууллагыг тойрч буй болсоор 20 жилийн хугацаа өнгөрч байна. “Аюулгүй байдал судлал” гэдэг Монголд байгаагүй салбар хөгжиж эхлээд ийм хугацаа өнгөрч байна гэсэн үг л дээ. Хорин жилд энэ байгууллагаас төрийн бодлого, гадаад харилцаанд нэмэр болох чамгүй зүйл хийсэн. Гэхдээ хамгийн гол нь ийм хүний нөөц, мэргэжлийн судлаачдыг бэлтгэж, тэднийг чадавхжуулж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлж өгч байгаа нь л ирээдүйд хандсан хамгийн том өгөөж юм. Учир нь байгууллагаасбиш, хүмүүсээс ухаан төрдөг.

Ерээд оны дунд үеэс Стратегийн судалгааны хүрээлэнгээр овоглогдож олонд танил болж ирсэн судлаачдын нэг М.Батчимэгийн арав гаруй жилийн хугацаанд гаргасан судалгааны өгүүлэл, бүтээлүүдийн түүвэр Шатрын өрөг дэх Монгол нэртэй ном хэвлэгдэн гарч байгаатай холбогдуулан судалгааны байгууллага, судлаачдын талаар энд өгүүлж байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн стратеги судалгааны хамгийн том босс, нэрт зүтгэлтэн-эрдэмтэн Збигнев Бжэжински Монголд айлчлаад Батчимэгтэй ярихдаа “Шатрын их хөлгийн хаахна нь Монгол орон явна?” гэж асуусан юм. Евроази, тэр дундаа Дунд болон Төв Ази нь дэлхийн хүчний тэнцвэрийн хамгийн эмзэг мөртөө шийдвэрлэх стратегийн бүс нутаг болох тухай тэрээр Шатрын их хөлөг хэмээх шуугиан тарьсан номдоо бичсэн юм. Энэ ном хэдэн жилийн өмнө Ц.Гомбосүрэн гуайн орчуулгаар хэвлэгдэн дороо борлогдож дууссан. Шатрын өрөг дэх Монгол хэмээх энэ түүвэр нь Батчимэгээс Бжэжинскид өгч буй хариулт гэж ойлгож байна. Стратегийн судалгааны хүрээлэнд, мөн аюулгүй байдал, гадаад бодлогын салбарт ойрхон явж ирсэн хүний хувьд М.Батчимэгийн ном нэг талаас өнгөрсөн арав гаруй жилийн олон улсын харилцааны түүх, нөгөө талаас аюулгүй байдал судлалын үүсэл хөгжлийн замнал, түүхийг өөрийн эрхгүй санагдуулж байна.

2012.3.26