З.Энхболд: Амьдрал өөрөө нэг бол МАН-тай нэгдэж урагшаа явах, нөгөө бол МАХН-тай эвсэх гэсэн хоёрхон сонголт үлдээсэн
Манай “Ярилцъя” булангийн энэ өдрийн зочин УИХ-ын дарга З.ЭНХБОЛД.

Түүний яриа уншигч та бүхний таалалд нийцнэ гэдэгт итгэлтэй байна.
-Юуны өмнө бидний олон жилийн танил, Монголын ард түмний мэддэг улстөрч УИХ-ын дарга болсонд баяр хүргэе. Манай урилгыг хүлээн авсанд мөн талархаж байна?
-Баярлалаа.
-УИХ-ын үе үеийн дарга нартай уулзаж ярилцаж байлаа. Та өмнөх спикерүүдээс өөрийнхөө хувийн баялгаар, үнэ цэнээр юугаараа илүү давуу вэ. Юугаараа илүү онцгой, содон бэ?
-Нэгдүгээрт, би хамгийн залуу нь байх.
-Та хэдэн оных билээ?
-46 настай. 1966 оны морь жилтэй хүн л дээ.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших насандаа ирчихсэн байгаа юм байна?
-Нэг нас өнгөрчихсөн байгаа. За тэгээд, насны онцлог ажил дээр гарч ирэх байх л гэж бодож байна. Өмнөх спикерүүд настай улс байсан, байгаа юмыг байгаагаар нь үргэлжлүүлдэг байсан. Сайн, муугийн тухай яриагүй шүү. Миний харж байгаагаар өөрчлөх юм нэлээд их байгаа. Би долоон жил гишүүн байлаа. Нөхөн сонгуулийн маргаанаас болоод найман жил болж чадаагүй. Энэ долоон жилд ажигласнаар УИХ илүү сайн ажиллах бололцоотой. Тэрийг л гаргана гэж бодож байна.
-Тань шиг шийдэмгий улстөрчийн хувьд бөөрөнхий л хариулт байна. Нас гэдэг бол хүн болгоны нүдэн дээр ил байгаа л зүйл. Би танаас арай содон хариулт ирнэ гэж бодож байсан юм?
-Хуучин явж байсан юмыг хуучнаар нь үргэлжлүүлэхгүй, өөрчлөх юм их байна аа л гэж байгаа юм. Гэхдээ ганц миний бодлоор болохгүй шүү дээ. Би бол 76 гишүүний л нэг. Хурал удирддагаараа л ялгаатай. Тэгэхээр би өөрийнхөө харж байгаа зүйлийг 75 хүндээ ойлгуулж байж урагшаа хамт явна. Түүнээс биш, би агентлагийн дарга биш байхгүй юу. Агентлагийн дарга бол тодорхой шийдвэрийг гаргаад хариуцлага хүлээж болдог. Тэрэнтэй нь санал нийлэхгүй хүнийг халаад цаашаагаа явж болдог. Хуулиараа захиргаадалтын албан тушаал. Миний хувьд бол тийм биш. Энэ 75 хүнийг өөрийн бодлогод итгүүлж чадвал урагшаа явна. Одоогийн 76 өөрөө урьд өмнөхөөсөө их ялгаатай бүрдсэн. Нэгдүгээрт, олонхи байхгүй, хоёрдугаарт, МАН-аас сонгогдсон 25 гишүүн хүчтэй сөрөг хүчин болж байгаа. Тэр нь өөрөө УИХ-ын ажилд нөлөөлөөд эхэлчихсэн байгаа. Өөрсдийнх нь буруу үйл ажиллагаанаас болж бүлэгтэй болох эсэх нь эргэлзээтэй болчихсон ийм л байдалтай байгаа болохоос.
-Ер нь бол спикер бол хүн хувийн зан чанарынхаа хувьд сөргөлдөгч, өөрөөр хэлбэл гал асаадаг хурц зантай хүн байх нь зохимжтой юу, үгүй юү гэдэг асуудал улс төрийн ажиглагчдын дунд яригддаг. Ялангуяа Ц.Нямдоржийг УИХ-ын дарга болоход энэ сэдэв яригдаж байсан . Тань дээр ч гэсэн сөхөгдөж л байна. Та бол зүгээр нэг зам шагайгаад, урсаад явдаг улстөрч биш. Зан чанарын хувьд анхаараарай гэсэн зөвлөгөө танд дотнын хүмүүсээс тань ирж байна уу?
-Мэдээж ирж байгаа. Би яагаад агентлагийн даргатай харьцуулж үзээд байна гэхээр тэнд захиргаадалт ажилладаг систем байхгүй юу. Харин энд бол ажиллахгүй. Тийм учраас энэ ажлынхаа онцлогт таарсан байдлаар ажиллахаас өөр аргагүй. Хувийн зан чанар бол хоёр, гуравдугаар зэргийн асуудал ш дээ.
-Та яг үнэмлэхүй парламентаар сонгогдсон спикер мөн үү?
-Би бол Үндсэн хуулийн дагуу сонгогдсон УИХ-ын дарга.
-Үндсэн хууль зөрчлөө, хууль бус гэсэн асуудлыг улс төр л гэж харж байна уу?
-Ойрын зайны улс төр. Хямдхан улс төр. Хэрвээ тэгж үзэж байгаа бол МАН хуралд орж ирэх ёсгүй шүү дээ. МАН хуралд ороод Ерөнхий сайдын сонгуульд санал өгөөд явж байгаа нь УИХ-ын дарга Үндсэн хуулийн дагуу сонгогджээ гэсэн үг. Үндсэн хууль дээр хамгийн ахмад гишүүн тамга өгөхгүй бол УИХ-ын дарга болохгүй гэсэн заалт байхгүй л дээ. Хамгийн ахмад гишүүн гэдэг бол хууль биш, журам байсан. УИХ-ын даргыг баталдаг Дэгийн тухай журам байсан. С.Ламбаа гишүүн хурал удирдаад явж байсан 2008 оны түүх байж л байгаа шүү дээ. Энэ бол зан үйлийн шинжтэй л зүйл юм. Эсвэл хамгийн залуу нь ч хурал удирдаж болно ш дээ. Үүнээс болоод хууль зөрчигдөх асуудал угаасаа байхгүй. Хамгийн ахмад нь тэгвэл эмнэлэгт хүргэгдвэл яах юм. Хэн нэгэн хүн л хурал удирдаж ёслолыг хийнэ. Ахмад гишүүн хурал удирдана гэдэг нь тэр хүнд Үндсэн хуулиар олгосон эрх биш байхгүй юу.
-Тэр ч яахав, ингэхэд таны хэмжээний улстөрч ид насандаа жаахан уйтгартай албан тушаалд очлоо гэж бодогдож байна уу?
-Ер нь бол надад засагт орж ажиллаад засч залруулж, реформ хийх хүсэл бол байсан. Хувь хүний хүсэл. Гэхдээ хүссэнээр болдоггүй хорвоод бид амьдарч байгаа. Байгаа байдалдаа зохицохоос өөр аргагүй. Тэгэхээр Засгийн газрын хийх гэж байгаа реформ дээр УИХ хамгийн том дэмжигч нь байна. УИХ-аас өөр дэмжигч бол байхгүй. Яагаад гэвэл тэр олон давхардсан хууль, хэн ч хариуцлага хүлээдэггүй механизм энэ тэр бол бүгд УИХ-аас гаргасан хуулиуд дотор өөрт нь сууж байгаа. Энэ ээдрээг тайлж өгч, хүнд ойлгомжтой, хэн ямар хариуцлага хүлээх нь тодорхой маш ойлгомжтой зүйл болгохын тулд хуулиудаа өөрчилж өгөх шаардлагатай. ТЭЦ V баригдсан уу, баригдаагүй юу. Баригдаагүй бол хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг тодорхой байх шаардлагатай. Эхнээсээ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл орж ирж байна. Тэрийг батлахаас л реформын үндсэн суурь тавигдана.
-Та бол өвөрхангайнхныг төлөөлж хоёр удаа УИХ-д сонгогдож ажилласан хүн. Энэ жил яагаад тийшээ яваагүй вэ?
-Өвөрхангай аймаг сонгуулийн хууль өөрчлөгдсөнөөр дөрвөн гишүүн сонгогддог байснаа больж, хоёр гишүүн сонгодог болж байгаа. Гэтэл Өвөрхангай аймагт АН-аас гурван гишүүнтэй байсан. Тэгэхээр нэг гишүүн нэр дэвших боломжгүй болсон. Тэгээд өвөрхангайнхан, бид гурав хоорондоо ярьж байгаад, намын дарга оролцож байгаад намайг жагсаалтад оруулахаар шийдсэн. Жагсаалтад оруулдгийн цаана тодорхой ажил хувиарласан байсан. Энэ удаагийн УИХ, нийслэлийн сонгуулийн хуулийг санаачлахад, гаргахад бүлгээсээ төлөөлж би хамгийн идэвхтэй ажилласан. Энэ удаагийн хуультай холбоотой техник технологийн шинэчлэлийн бүх ажлуудтай их холбоотой байсан. Санал тоолох машин, хурууны хээ гээд бүгд сүүлийн хоёр гурван жилийн ажил. Дээр нь сонгуулийн хуулиар маш их өөрчлөлт орсон. Хязгаарлалтууд, хасдаг, зөрчлүүд дээр гээд тоочвол зөндөө юм бий. Ийм чиглэлийн юмыг хариуцаж хотод байх нь зүйтэй юм аа. Анхнаасаа хийсэн ажлаа дуусгаж, сонгуулийн дүн гартал хотод бай гэдэг ийм шаардлага тавигдсан учраас жагсаалтад орсон. Цэвэр ажил хэргийн холбогдолтой шийдвэр. Би жишээ нь тойрогт очвол гарах л байсан гэж манай аймгийнхан хэлж байгаа. Надад хаана дэвших нь сонин биш байсан.
-Одоо улс төрийн гацааны дунд бас нэг сэдэв болоод таны төлөөлж байсан тойргийн асуудал яригдаж байна л даа. Тэнд яг юу болсон юм бэ. Талууд бүгд өөр өөрсдийнхөөрөө тайлбарлацгааж байна. Хоёр нам хоёулаа л гомдолтой, луйвардуулчихсан гэж байна?
-Тэрийг шүүх л ялгаж салгана. Тийм учраас шүүхийн шийдвэр хүлээж байгаа. Шүүхийн шийдвэрт бид бол итгэх үүрэгтэй. Хуулиар. Шүүх буруу шийдлээ гэж үзэхэд давж заалдах эрх нь үргэлж гомдолтой талд нь байж байгаа. Үндсэн хуулиар шүүх засаглал, хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал гээд хуваачихсан. Энэ гурав бие биеийнхээ ажилд оролцохыг хориглочихсон байгаа. Тийм учраас би шүүхийн шийдвэрийн зөв буруу гэдгийг мэдэхгүй. Ямар ч гэсэн шүүхийн шийдвэрээр Өвөрхангайн хоёр гишүүний асуудал шийдэгдэж, аль нэг намын хоёр нь орж ирж гишүүн л болох ёстой.
-Би тантай олон ярилцаж байсан. Өнөөдөр таныг УИХ-ын дарга болчихлоо гээд эмээж, бэргэмээргүй байна. Тэгэхээр таныг хүндэтгэж үзэхийг хүсч байна. Улс төрийн хүрээнийхэн дунд тэнэж яваа нэг яриа байна. Өвөрхангайн тойргийг бужигнуулсан тэр Т.Хасбаатар гэдэг залууг таны хүн гэх юм. Г.Батхүү, Д.Зоригт хоёрыг унагахад түүгээр дамжуулж Женко Баттулга та хоёрыг нэлээдгүй “ажилласан” гэх мэдээ бий. Та үүнд тайлбар өгөхгүй юү?
-Тийм юм ерөөсөө байхгүй. Өвөрхангай аймгийн намын дарга Хишигсүрэн ажлаа муу хийдэг. Одоо ч гэсэн муу хийж байгаа. Хишигсүрэнг солих талаар Г.Батхүү гишүүн, Д.Зоригт гишүүн бид гурав хэд хэдэн удаа уулзаж ярилцсан. Тэгээд ямар дүнэлтэд хүрсэн гэхээр хотоос эрч хүчтэй, аймгийн намын хороог аваад явчих залуу хүн аваачиж дарга болгоё гэж тохирсон. Хэд хэдэн хувилбараар яригдсан. Батаа эмчийн хүү яригдаж байсан. Залуучуудын холбооны дарга А.Мөнхбат яригдаж байсан. Сүүлд нь Т.Хасбаатар нэмж орж ирсэн.Бид гурав бол нэг л шаадлага тавьсан. Хотоос нүүнэ шүү. Аймагтаа очиж амьдарна. Аймгийн намын дарга гэдэг бол орон нутгийн сонгуульд ялалт байгуулаад аймгийн дарга болох, иргэдийн хуралд олонхи болох ийм л зорилготой хүн байх ёстой. Тэр шалгуурыг тавьсан. Батаа эмчийн хүүхэд би явахгүй гэсэн. А.Мөнхбат хөдөө явахгүй гэсэн. Ганцхан Т.Хасбаатар хөдөө явна гэсэн. Тэгээд л дарга болсон хүн байгаа юм. Би ганцаараа авачиж дарга болгоогүй. Бүгдээрээ мэдэж байсан. Гэхдээ сонгууль эхлэхийн өмнө хоорондоо тохиролцохгүй зүйл нь их болсон юм байна лээ. Нээлт хийсэн өдрийн орой Т.Хасбаатарыг даргаас нь сольсон байдаг юм. Буцаад Хишигсүрэн нь болсон байдаг юм. Ердөө 51:49-өөр л энэ хоёр дарга солигдож, нэг нь даргаа больж байсан. Нөгөөх нь дөнгөн данган хоёр гуравхан хүний саналын илүүгээр л буцаж дарга болсон юм билээ. Энэ бол аймгийн намын дотоод асуудал л даа.
-Тэгээд л Т.Хасбаатар нь намынхаа эсрэг ажиллачихсан юм биш үү?
-Г.Батхүү, Д.Зоригт хоёрын асуудалд энэ үйл явдал сөргөөр нөлөөлсөн үү гэвэл нөлөөлсөн. Энэ бол Г.Батхүү, Д.Зоригт хоёрын УИХ-ын сонгуулийн хуулийг зөрчихгүй гэсэн байр сууриас л үүдэлтэй юм. УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчид ухуулагчдадаа мөнгө өгч болохгүй юм байна аа. Ухуулагчийг сайн дурын үндсэн дээр ажиллана гээд хууль гарчихсан. Гэтэл ухуулагчид чинь ядаж зардалтай байх ёстой. Унааны мөнгө, хоолны зардалтай байх ёстой. Наад мөнгөө нам өөрөө өгөөч ээ гэсэн ийм л зүйл ярьсан юм байна лээ. Тэрнээс биш хууль зөрчөөд л, тэр нь илрээд л байсан тийм юм огт байхгүй. Хэрэв тэгсэн бол Өвөрхангай аймгийн сонгуулийн хороо тэрийг буруу гэж үзэх ёстой шүү дээ. Харин ч эсрэгээр сүүлдээ ухуулагч нарт унаа хоолны мөнгөнд өдрийн 10 мянган төгрөг гаргаж өгөхийг СЕХ зөвшөөрсөн байдаг юм. Тэгэхээр энэ Т.Хасбаатарын ярьж байгаа юм бол учир утгагүй, өрсөлдөгчид тусласан тийм зүйл болсон учраас Т.Хасбаатарыг даргаас нь чөлөөлсөн, намаас нь хөөсөн ийм л зүйл болсон. Түүнээс биш өөр холбоо байхгүй.
-Зөвшилцөл хоёр том хүчний дунд явагдаж байна. Энэ үйл явцад ахиц байна уу, байхгүй юу?
-Би бол ахицтай байгаа гэж бодож байна. МАН бол янз бүрийн шаардлага хэд хэдийг тавьсан. Шаардлагууд бүгдээрээ хуулийн дагуу шийдэгдэх ёстой шаардлага байсан. Жишээ нь, сонгуулийн машинаа шалгая гэсэн. Энэ шаардлагыг АН хүлээж авсан. Шалгая аа, дараа дараагийн сонгуулиуд явагдна. Тийм учраас шалгая. Саяын сонгуулийн хуулийн үлдэгдэл саналын хуудас байгаа юм. Нөгөө 10 хувийг илүү хэвлэдэг шүү дээ.
-Тийм?
-Тэр үлдэгдэл саналын хуудсыг хураагаад авчихсан байгаа юм. Тэрийгээ тавьж байгаад нэг цэргийн ангийн цэргүүдийг ч юм уу, нэг их сургуулийн 500-1000 оюутныг зааланд оруулж байгаад бөглүүлээд машинаа шалгачихъя гэж байгаа. Маш энгийн ажиллагаа.
-Маргаантай байгаа тойргууд дээр энэ туршилтыг хийчихэж болдоггүй юм уу?
-Сонгуулийн хуулиар бол хаагдчихсан байгаа юм. Яагаад гэвэл машины тооллого эцсийнх. Машин зөв буруу тоолж уу гэдгийг шалгахаас биш машины тоолсныг гараар тоолоод дүнг нь өөрчлөөд байхыг энэ Сонгуулийн хууль өөрөө хаасан байгаа. Сонгуулийн хуулийг хэлэлцэж байсан, сонгуулийн хуулийг баталж байх үеийн сонин хэвлэл, протокол үзэх юм бол миний хэлсэн энэ утгаар л хууль гарсан байдаг юм.
-Таны хэлж байгаа энэ аргачлалаар шалгах дээр хоёр нам санал нэдсэн юм уу?
-АН-ын хувьд бол тэгж ойлгож байгаа.
-Нөгөөдүүл бол маргаантай тойргууд дээр машинаа шалгаж үзье гэж байгаа юу?
-Тойрог дээр гэж хэлж байгаа. Тэр нь хуулиар хаалттай юм. Ийм л ойлголтын зөрүү байгаа. Хоёрдугаарт, Өвөрхангайн хоёр хүнээ оруулж ир гэдэг шаардлага тавьсан. Бид бол наадах чинь шүүхийн асуудал. Шүүх өөрөө яаж шийдэх нь вэ, тэрийг нь харъя гэдэг. Тэгээд л бидний тавьсан шаардлагыг та нар сонгуулийн машиндаа итгэх итгэлтэй холбож байгаа бол бид хүлээж авъя гээд л хуралдаа орсон.
-Энийг та ахиц гэж үзэж байгаа юм байна, тийм үү?
-Энэ бол ахиц мөн.
-Бүлэг байгуулах асуудал нь юу болж байна?
-Тэрэн дээр бол 24 цагийн хууль байгаа. Дэгийн тухай хууль. Тэр хуулийг өөрчилсөн тохиолдолд бүлэгтэй болох боломж нь нээгднэ. Би өөрөө хууль зөрчиж тэрийг унших бололцоогүй болчихсон. Хэрвээ тэрийг мөрдөхгүй бол 24 цагийн хуулийг хийх хэрэггүй л дээ.
-Парламент ард түмний сонголтоор бүрэлддэг бүтэц болохоор янз бүрээр л бүрэлдэх юм. Гэхдээ бидний мөрөөдөлд нэг л зүйл байдаг. Мэргэшсэн парламенттай болох юмсан, сонгуулиас сонгуулийн хооронд улам мэргэшээсэй гэсэн. Та бол олон жил улс төрд явж байгаа хүн. Ямархуу парламент бүрэлдчихлээ гэж харж байна. Хүн дотроо нэг гутардаг шүү дээ. Тийм мэдрэмж төрөх юм уу. Өмнө нь хар захын эзэн орж ирээд л цамнаж байсан бол солигдоод шоронгийн хянагч байсан шахуу хүн орж ирээд л, шүүх цагдаагийн нармай нээгээд тууж явна гэх мэт элдэв юм яригдаж байна л даа?
-Тангараг өргөөд гараад ирэхэд телевизийн сэтгүүлч асууж байсан. Өчигдөр талбай дээр жагсаал хийж явсан хүн өнөөдөр гишүүн болчих юм. Парламент чинь чанарын хувьд улам муудаад байгаа юм биш үү гэж. Муудсан сайдсаныг би шүүхгүй шүү дээ. Энэ бол зүгээр л ард түмний сонголт. Бид ардчилсан улсад амьдарч байгаа. Сонгуулиа явуулдгаараа явууллаа. Сонгуулийн үр дүнд хэсэг улс гараад ирлээ. Яагаад гэвэл ийм л хуультай. Ардчилал хамгийн сайн тогтолцоо биш. Гэхдээ хүн төрөлхтөн ардчиллаас илүү сайныг бодож олоогүй. Өчигдрийн лекц дээр ярьж байгаа биз дээ. Наад хүмүүс чинь ардчилсан сонгуулиар гараад ирлээ. Ийм л их хурал дөрвөн жил ажиллана. Энийг хэн ч өөрчилж чадахгүй.
-Тийм ард түмэн байгаа юм чинь ийм л төр гарч ирнэ шүү гэж үү?
-Биш ээ. Тийм л сонгууль явагдсан, ийм л улсууд гарч ирсэн. Бид энийг сайн муу гэж дүгнэх эрх байхгүй.
-Та их өөдрөг үзэлтэй хүн юм. Би бол таныг багагүй гутарч байгаа байх гэж бодож байлаа. МАХН гэдэг энэ хүчинтэй хар үгээр хэлэхэд та нар 20 жил “байлдсан”. Гоё томъёолоод хэлж болно л доо. Гэхдээ л тэдэнтэй засгийн эрхийн төлөө тасралтгүй тэмцэлдсэн. Нарийвчлаад хэлбэл бараг нэг том хар хүчин шиг үздэг байсан Н.Энхбаярынхаа тарьсан хортой цэцгийг тэврэх болно гэдэг ядаж дотоод сэтгэлдээ хүлээн зөвшөөрөхөд хүнд үйл явц мөн үү?
-Амьдрал өөрөө нэг бол МАН-тай нэгдэж урагшаа явах, нэг бол МАХН-тай нэгдэж явах гэсэн хоёрхон л сонголт үлдээсэн шүү дээ.
-Муу, муугийн муу хоёроос л сонголт хийх болгосон гэж үү?
-Сонгогчдын бидэнд өгсөн мандат бол ердөө л энэ. Бид бол АН-ын цаашид хийх реформд тус болох хэсгийг л сонгосон. МАН бол яагаад ч сонголт биш байсан. Яагаад гэвэл тэр реформыг хамгийн хийлгэхгүй байх сонирхолтой улс төрийн хүчин байгаа юм. Улс төрөөс хол байх ёстой төрийн албан хаагчдын орон зайд улс төрийн хүмүүсээ аваачаад суулгачихсан. Тэрийгээ халуулахгүйн төлөө үхтлээ тэмцдэг. Хамгийн наад захын жишээ Л.Амарсанаа байгаа юм. Иргэний бүртгэлийн алба бол энэ сонгуулиар хамгийн муу ажилласан газар. Сонгуульд олон байгууллага оролцож байгаа. Олон арван мянган хүн оролцож байгаа. Иргэний бүтгэл сонгуулийн луйврыг таслан зогсоох биш, улам явуулах ажлыг хийсэн. Ийм Л.Амарсанаа шиг улсуудаас салахад МАН саад болох байсан. АН бол ухамсартай сонголт хийсэн. Тэр урд нь сайн муу байсан нь бол дараагийн ажил болчихоод байгаа юм. Ирээдүйд хийх ажилд хэн саад болохгүй вэ гэдгээр л сонголт хийсэн.
-Угаасаа танаас өөр ингэж хариулах бололцоотой хүн танай нам дотор байхгүй шүү дээ. Бусад нь бүгд хамт инээлдэж явсан?
-Байгаа байх аа. Чи бүх хүнтэй яриагүй л байгаа байх.
-Байнгын хороодын асуудлыг тойрсон шүүмжлэл хүчтэй өрнөж байна. Арай ч хэтэрч байна гэх юм?
-АН мөрийн хөтөлбөртөө Өргөдөл гомдлын байнгын хороо байгуулна гэж амлалт авсан. Ийм амлалт хэзээ хэрэгждэг вэ гэхээр УИХ-ын анхдугаар чуулганаар УИХ-ын бүтэц байгуулагдахад энийгээ баталгаажуулж авах ёстой. Тэрнийхээ дагуу л хуулиа өөрчилсөн. 76 гишүүнийг хоёроор үржүүлээд долоод хуваахад 21 гэдэг тоо гардаг юм. Одоо 76 гишүүнийг хоёроор үржүүлээд наймд хуваахад 19 гэсэн тоо гарч байгаа. 21-тэй байхад УИХ-ын байнгын хорооны ирц 11-ээр бүрддэг байсан. Ирц бүрдэх бодит ирц гэдэг бол хоёр өөр л дөө. 11-тэй байхад зургаан хүнээр шийдвэр гардаг байсан. Одоо 19-тэй болоход ялгаагүй зургаан хүнээр шийдвэр гарч байгаа юм. Олонхи нь 10 хүнээр ирц бүрдүүлээд явна. Энд ямар нэгэн зарчмын ялгаа бол байхгүй. Нэг байнгын хороо нэмж байгуулснаас өөр гамшиг бол болоогүй. Яг л хуучин шигээ байгаа.
-Өргөдөл гомдлын байнгын хороо бол үнэхээр чухал. Эндээс парламентын хөгжилд авчрах хамгийн гол дэвшлийг та манай уншигчдад хэлэхгүй юү?
-Энэ байнгын хорооны даргыг удахгүй томилно. Байнгын хороо бол бүрэлдчихсэн байгаа. Хурлаа хийгээд хуулиудад бас өөрчлөлт орно. Үнэхээр сонгогчид юунд санаа нь зовж байна. Юуг өөрчлөөсэй гэж бодож байна. Тэр хүсэл зоригт УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаа нийцэж байна уу, үгүй юү гэдэг дээр л дүн тавина. Тэрнээс биш Өргөдлийн байнгын хороотой болчихсон, байр хүссэн өргөдөлд за гэж хариулаад л, хүүхдээ сургуульд оруул гэхээр нь за гэдэг тийм байнгын хороо биш гэдгийг хаа хаанаа бас ойлгох хэрэгтэй.
-Таны телевизээр өгсөн ярилцлагыг үзсэн?
-Ганцхан ярилцлага өгсөн.
-Сөрөг хүчний шүүмжлэлээс авах юм бага байдаг гэж та хэлсэн. Та энэ үгээ тайлбарлахгүй юу. Та нар олон жил цөөнх явсан. Цөөнх байхдаа хашгирч байсан тэр бүхэн дотор чинь ч бас авах юм юу ч байгаагүй юу?
-Би авах юм бага байдаг гэж хэлээгүй. Авах гээх аль аль нь байдаг л гэж хэлсэн байх. Авах гээх. Яг одоогийн МАН гэдэг цөөнхийн сүүлийн нэг сар явуулсан дотор бол авах юм байгаагүй. Ийм л юм байгаа юм. Цаашдаа энэ цөөнхийг үр бүтээлтэй цөөнх болох байх аа гэж найдаж байгаа.
-УИХ-ын дарга аль нэг гишүүнийг сугалж авч шүүмжлэх хэцүү байх. Хэдийгээр хуулиар хориогүй ч гэсэн?
-Шүүмжлэх шүүмжлэхгүй гэдгээсээ илүү шинэ гишүүд их орж ирж байна. Шинэ гишүүдэд УИХ гэдэг байгууллага ингэж ажилладаг юм аа гэдэг мэдээллийг өгч чиглүүлэх нь их чухал байгаа. Америкийн конгресст бол шинэ гишүүнийг freshman нэгдүгээр курсын оюутан гэж нэрлээд маш их сургалт явдаг юм байна лээ. Үүн шиг шинэ гишүүдийг түргэн зүгшрүүлмээр байгаа юм. Тэр үүргийг би жишээ нь гүйцэтгэж байна. Энэ бол шүүмжлэл биш л дээ. Энэ чинь ингэж явдаг юм аа, ингэх ёстой гээд тйлбарлаж байгаа. Аа, тийм үү гээд гишүүд ойлгоод л гарч байгаа.
-Шинэ гишүүдэд үзүүлэх халамж анхаарал ч яахав. Хуучин шинэ гэлтгүй хэн нэгийг нь сугалан шүүмжилж, үгээр “зодох” нь спикерийн хувьд ямар вэ л гээд байгаа юм. Жишээлбэл, Ц.Нямдоржийг телевизийн ярилцлагад орохдоо шүүмжилснийг тань асууж байна л даа?
-Ц.Нямдорж намайг шүүмжилж болно. Би Ц.Нямдоржид УИХ-ын дэгийн тухай хуульд захирагдахыг шаардах л эрхтэй.
-Та шүүмжилж, дургүйцлээ илэрхийлэх шиг л болсон. Муухай харагдаж байна гэх мэтээр...?
-Ер нь бол УИХ-ын танхимд хараал ерөөл хэлэх муухай.
-Үндсэн юмаа хойш тавьж дандаа явган хэрүүл хийж байдаг л парламент байгаад байх юм даа. Бүгдээрээ л тал талаасаа ярзалзсан, уралцсан хэрүүл хийж байдаг?
-Тэрнээсээ салаад л зорилго руугаа л явах ёстой юм.
-Хэдийгээр таны эрх үүрэгт хамаарахгүй ч гэсэн Засгийн газрын бүтцийн тухай асууж сонирхмоор байна. Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлээр танхимаа бүрдүүлэх боломж хомс л харагдаад байх юм. Үнэхээр Засгийн газрыг парламентын гаднаас бүрдүүлэх бололцоо байгаа юу. Та юу гэж бодож байна?
-Өнөөдөр бол байхгүй. Бүгдийг нь дотроос бас бүрдүүлж болохгүй. Тийм учраас энэ хоёрын дундаас л томилгоо явагдах байх гэж найдаж байгаа. Яамдын тоог нэмсэн хууль өргөн баригдсан. Гэхдээ 13 агентлаг алга болж байгаа.
-Яамдын хэмжээний нүсэр бүтэцтэй агентлагуудыг буулгах зөв л дөө?
-Ер нь яамнаасаа том болчихсон шүү дээ. 43 агентлаг дээр нэмэх нь 11 яамтай гэдэг чинь үндсэндээ 54 “яам”-тай байсан гэсэн үг л дээ. Энэ 54 “яам”-наас одоо үлдэж байгаа нь 25 дээр нэмэх нь 15 гэхээр цомхотгол бол нэлээн явагдана. 600 хүн цомхотголд орох нь. Одоо энэ яам шиг агентлагуудаас шүү дээ. Тэгэхээр төрийн том занхайсан аппарат бол багасч байгаа. Сөрөг хүчин бас л судалгаагүй юм ярьж байна лээ. 20 яам, 40 сайд, 40 дэд сайд ч гэх шиг. Тийм юм болоогүй. Одоо өргөн баригдсан хуулийн төсөл олон нийтэд нээлттэй болж байгаа. Сэтгүүлчид байнгын хороодын хуралдаан, чуулганы хуралдаан сурвалжлахдаа бүх мэдээллийг авах эрх тань нээгдсэн.
-Сүүлийн найман жил Монгол Улсад реформ огт хийгдээгүй гэж та хэлсэн. Манай улстөрчид том сэдвээр хүчтэй, цочир мэдэгдэл хийж нийгэмд дохио өгдөггүй л дээ. Ихэнхдээ явган улс төр хийж, тэрийгээ тойрч тайлбар хийн жижиг шоу хийж амьдардаг. Тийм болохоор таны энэ үг гэрлийн хурдаар чихэнд ирлээ. Таны сүүлийн дөрвөн жил баримталсан байр суурь, хийсэн улс төрийг би бол жишээ нь мэдэж байгаа. Олон нийт тэр бүр нарийн мэдэхгүй. Мэдэхгүй учраас эд нар чинь хэдхэн сарын өмнө хамтраад л гүйгээд байсан биз дээ. Хамтарч байж л хөдөлгөлөө гээд байсан тэр төслүүд нь тэгвэл юу байсан юм бэ гэж гайхаж байна. Салахдаа ч бүгдээрээ том л дүн тавьцгааж байсан шүү дээ. Цаашдаа төрийн залгамжлал дээр өнгөрсөндөө дандаа дунд, дундаас доош дүн тавиад булаад булаад яваад байх юм уу гэж л гайхаад байх шиг байна?
-2012 оны сонгуульд орохдоо АН 2000 оноос хойш явсан арван хэдэн жилээ дүгнэсэн. Тэгээд энэ энэ юм нь болж байна аа, энэ энэ юм нь болохгүй байнаа, энийг бид үргэлжлүүлнэ, энийг бид засна гэсэн мөрийн хөтөлбөртэй орсон. Тэрийг дэмжиж хамгийн олон суудалтай болгосон. Энэ нь өөрөө монголчуудын олонхи нь энэ замаар яваасай гэж мандат өгсөн гэсэн үг. Жишээ нь, Төрийн албаны зөвлөл гэдэг байгууллага байна. Ерөөсөө л арын хаалгаар хамаатан саднаа ажилд авдаг систем болчихсон. Энийг устга гэсэн. Энийг устгана.
-Үнэхээр ардын хүүхдүүд ажилд ороход бэрх болчихсон л доо?
-Мэргэжлийн хяналт гэж бизнест хамгийн их дарамт учруулдаг газар болчихсон. Энийг татан буулгана. Хяналтуудыг салбаруудад нь өгнө. Хууль зүй дотоод хэргийн яам гэхэд хуулиа мартаад хэтэрхий дотоод хэргээ анхаараад байна. Энийг Хууль зүйн яам болгоно гэсэн. Ард түмэн дэмжсэн. Тийм учраас Хууль зүйн яам болгож өөрчилнө. Үүнтэй холбодуулж функцууд нь өөрчлөгднө. Бид бол Монголын төрийг дөрвөн жил авч явах мандатаа өнөөдөр бодож байгаа юм биш. Сүүлийн хоёр жилийн турш бүх аймгаараа явж, ард түмээсээ асуусан. Тэгж байж мөрийн хөтөлбөрөө гаргасан. Тэр мөрийн хөтөлбөрийг ард түмэн дэмжсэн. Одоо энийгээ хэрэгжүүлэх ажилдаа л орж байгаа. Шинэ юм бодож олоогүй. Хэрвээ хуучин юм нь соногчдод таалагдаж байсан бол бид олонхи болохгүй. Таалагдахгүй байсан. Засвар хийгээсэй гэж хүссэн учраас энэ засварыг хийх үүргийг бид нарт өгсөн.
-Улс төрийн атаархал төрүүлдэггүй улстөрч бол хэн ч биш гэж та хэлсэн. Өнөөдөр та улс төрийн замналынхаа альхан үед явна вэ. Би С.Баяраас таны улс төрийн цаг хэд болж байна вэ гэж нэг удаа асууж байсан юм. Энэ утгаар л танд тавьж байна?
-Би атаархлын тухай үг хэлээгүй дээ.
-Хэлсэн?
-Та миний үгнүүдийг өөрийнхөө хүсэлд тааруулж хувиргаад байх шиг байх юм.
-Улс төрийн атаархал төрүүлдэггүй хүн бол хэн ч биш гэж та хэлсэн л дээ?
-Тийм үү. Ер нь бол парламентын засаглалтай улс байгаа. Зарим хүний хувьд би УИХ-ын дарга л болох ёстой, Ерөнхийлөгч болох ёстой гэсэн зорилго тээж явдаг байж магадгүй. Миний хувьд миний нэрийн өмнө юу гэж бичигдэх нь хоёрдугаар зэргийн асуудал байгаа. Бодож байгаа юмаа хийх, тэрэндээ Их Хурлын олон гишүүнийг итгүүлэх, тэгээд өөрчлөлт гарч байх нь илүү чухал. 1996 онд биТөрийн өмчийн хорооны дарга болсон. Тэрнээс өмнө энэ өмч хувьчлалын нэр бол шалан дээр унасан байсан. Өө, ах дүү хамаатан саднаараа хувааж авдаг л юм байна лээ л гэж хэлэгддэг. Хэн яаж өмчтэй болсныг хэн ч мэддэггүй. Нууцаар хийгддэг байсан. Энийг би зүгээр л ил болгочихсон. Үүнд МАН-ынхан маш дургүй байсан. Өмч хөрөнгө идсэн гэж сүүлийн арван хэдэн жил ярилаа. Хуулийн байгууллагаар өчнөөн шалгуулсан. Юм байдаггүй. Яагаад гэвэл бүх юмыг л ил болгочихсон. Миний үлдээсэн өв энэ. Үүнээс хойш Төрийн өмчийн хороо бол бүх юм нь ил явдаг л байгууллага болчихсон байгаа. Би хүнээс хамаардаг юм байдаггүй гэдгийн эсрэг байдаг. Хүнээс бол хамаарна аа. Жишээ нь, надаас энэ өмч хувьчлалын процесс бол хамаарсан. Миний үед орон сууцны хувьчлал явсан. Байгаа хүнд нь үнэгүй өгч байсан.
-Танай намынханд өмч нэлээн түлхүү олдсон гэдэг болохоос таныг нэг их “хулгайч” гэж үздэггүй байх?
-Би ч намынхандаа илүү өгөх бололцоогүй байсан. Яагаад гэвэл зааланд хүн цуглуулж байгаад л ил тодоор зарчихдаг байсан. Тийм учраас бол аливаа хардлага сэрдлэг утгаа алддаг гэдгийг энэ МАН-ынхны сүүлийн хэдэн жил явуулж байгаа пиар нотолсон. Ердөө пиар явуулахаас өөр юмгүй болж хоцорсон. Яагаад гэвэл урьд нь байсан шиг өмч хувьчлалыг явуулаагүй. Би өөрчлөлт хийсэн.
-Төрийн өмчийн хороог ер нь үүргээ биелүүлчихсэн байгууллага гэж үзэж болно биз дээ?
-Үүргээ биелүүлсэн. Одоо хэдэн том аж ахуйн нэгж л үлдсэн. Урьд нь бол мянган аж ахуйн нэгж л байсан.
-Та тэр үеийн ажилдаа сайн дүн тавьдаг юм байна?
-Зөвхөн би биш. Ард түмэн сайн дүн тавьж байгаа. Гурван удаа УИХ-ын гишүүн болгож байгаа. Сонгууль болгоноор илэрдэг хар пиарыг эс тооцвол Монголын ард түмэн олонхи нь өмч хувьчлалд эерэг дүн тавьж байна л гэсэн үг. Тэгэхээр өөрчлөлт хийх нь л миний хувьд нэг номерын зорилт болохоос Энхболд ямар албан тушаалтай байна гэдэг бол хоёр, гуравдугаар зэргийн асуудал. Албан тушаал бол энэ өөрчлөлтийг манлайлах боломжийг л надад олгож байгаа юм.
-Тэгэхээр өсөлтийн дүр зураг л гарч ирж байна гэсэн үг биз дээ?
-Би бол урьд нь УИХ-ын гишүүн байсан. УИХ-ын дарга болсноороо ажил явуулах боломж л надад илүү олдож байгаа юм.
-Та Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг байгууллагын гишүүн боллоо. Иргэн хүний үндсэн шинж нарийн ширийн үйл явцыг анзаарахгүй ч гэсэн үргэлж эх орондоо санаа зовж байдаг нь юм шиг байгаа юм. Үндэсний аюулгүй байдал алдагдлаа л гээд байдаг. Яг юуг хэлээд байгаагаа мэддэггүй. Ингэхэд нэг намын гишүүдээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бүрддэг юм уу. Үүнтэй холбоотой ямар нэгэн хуулийн хориг байдаг уу?
-Хуулийн заалт байхгүй. Аюулгүйн зөвлөлд УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ордог. Санал өгөх эрхгүйгээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга суудаг юм. Ер нь туйлшрах юм бол үндэсний аюулгүй байдалтай холбоогүй асуудал байхгүй. Тэгсэн мөртлөө бүх асуудлыг шийдэх тийм боломжгүй. Хуулиар өөрт нь олгосон хэдэн тодорхой асуудлуудтай ийм л байгууллага. Ажлаа уялдуулах механизм л юм даа. Үндсэн хуулиар олгогдсон хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын ялгаа заагууд байгаа. Тэнд аюулгүй байдалтай холбоотой асуудлууд хэлбэрээ олж байдаг ийм л байгууллага. Анх удаа АН-аас гурвуулаа ажиллах болж байгаа.Урьд нь бол зарим үед Хувьсгалт нам тэр чигээрээ бүрдүүлж, зарим үед холимог болж байдаг байсан.
-Сангийн сайд хэн болох гэж байгаа вэ?
-Сангийн сайдыг гэрээгээр эвсэлд өгсөн байгаа. Эвсэл өөрөө шийднэ.
-АН-ыг багагүй хал үзсэн, түүнийхээ хэрээр хүчирхэгжсэн нам гэж боддог байлаа. Гэтэл Сангийнхаа яамыг хүнд өгчихөөд сууж байдаг. Авдраа айлд өгчихсөн нам ялагддаг шүү дээ. Жишээлбэл, сая МАН авдраа айлд байлгаж байгаад ялагдаж байгаа биз дээ. Амьдралыг зөвхөн онол биш өөр олон зүйл баян болгож байдаг шүү дээ. Тэр утгаар л сонирхож тавьж байгаа асуулт юм?
-Бид эвсэлдээ итгэж найдаж байгаагийн л хэлбэр л дээ. Эвсэл бол ялгаагүй л Монголын ард түмний сонгосон улс төрийн хүчин. Тэр хүчин бидэнтэй хамтарч ажиллаж хариуцлага хүлээнэ. Дөрвөн жил хамт байна гэж орж ирж байгаа бол ийм хэмжээний итгэлцэл байх ёстой гэж үзэж байгаа.
-Танай эвслийн хувь заяаг янз бүрээр л таамаглацгааж байна. Шууд асуухад Н.Энхбаяр гэдэг хүнтэй холбоотой янз бүрийн шахалт та бүхний дунд байна уу?
-Эвслийн гэрээн дотор МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүхийн асуудал ороогүй. Оруулах ч боломжгүй. Бид хуулиас дээгүүр гэрээ хийж, хуулиас дээгүүр зөвшилцөл хийж болохгүй. Тэрийгээ бүгд ойлгож байгаа. Энэ хоёр бол тусдаа асуудал. Тусдаа шийдэгдээд явна.
-АН манай даргын асуудал дээр байр сууриа илэрхийлэх ёстой гэдэг мэдэгдлийг МАХН-МҮАН-ын эвслийн зүгээс хийсэн. Энэ тэгээд юу юм?
-Тийм асуудал ярьсан.
-Энэ бол хамгийн зарчимгүй улс төрийг санал болгож байгаа явдал биз дээ?
-АН-ын бүлэг ийм юм байж болохгүй гэж үзэж байгаа.
-Ерөнхийдөө энэ удаагийн эвслийг нэлээн хэврэг эвсэл гэж ажиглагчид үзэж байгаа. Үүнээс ч бололцоотой нөхцөлд эвсч байгаад л бутардаг шүү дээ. Цаасан дээр анх бүгд л аз жаргалын гэрээ зурдаг. Гэрээг бат бөх гэдэгт та хэр итгэлтэй байгаа вэ?
-2008 оны сонгуулийн дараа МАХН, АН-ын эвслийг бас бүгд л тэгж хэлж байсан. Тэгээд басгурван жил гаруй ажилласан л даа. Ер нь бол энэ нь нураад уначихаасай, тэгээд манайхтай эвсээсэй гэдэг юмыг МАН-ынхан маш их ярьж байгаа шүүдээ. Тэгж болохгүй байгаа шалтгааныг би ярилцлагынхаа эхэнд хэлчихсэн. Энэ нийгэм чинь өөрчлөгдөх ёстой. Одоогийн байгаа юм чинь болохгүй байна. Өөрчлөлт хий гэдэг дүн тавьчихаад байна шүү дээ. Тийм дүн авчихаад АН,МАХН-МҮАН-ын эвсэл хоёр энэ ажлаа хийж чадахгүй бол дахиад л ялагдана шүү дээ. Тийм учраас ажлаа хийхийн төлөө бий болсон эвсэл учраас хийж л таарах байх. МАН бол үргэлж энэ нь нурж унаад бидэнтэй эвсээсэй гэдэг мөрөөдөлтэйгөөр янз бүрийн юм зохион байгуулах байх. Тэгэхээр зэрэг тэр юманд авталгүйгээр зорилгодоо хүрэх л чухал. Ард түмний хүсч мөрөөдөж байгаа зорилго энэ дөрвөн жилд биелэх л ёстой. Өөр илүү зорилго бол энэ эвсэлд байхгүй шүү дээ. Энүүгээрээ ахиад 2016 онд ахиад дүнгээ тавиулна. Сонгуулиар явдаг ардчилсан системийг сонгосны хамгийн энгийн зүйл бол энэ шүү дээ. Тэгээд нэг завин дээр суучихсан байгаа. Завиа усанд автуулж болохгүй. Дүнгээ цуг тавиулна.
-Тийм нуруутай, туйлбартай улстөрчид хамтрагчид дотор тань хэр олон байгаа юм бол доо?
-Одоо тэгж явахаас өөр аргагүй.
-Таны улс төрийн амьдралд нэг цоо шинэ үе эхэлж байна. Энэ амьдралдаа хэр дасч байна. Өндөр зэрэглэлийн хамгаалалт, машины дохио, Их тэнгэр гээд... Энэ бүхэнд дасч байна уу?
-Би энийгээ бас хялбаршуулъя гэдэг хууль өөрөө санаачлахаар болж байгаа. Энэ бол нүсэр юм байна. Замын хөдөлгөөнд бага саад болдог. Их тэнгэр, ордон ч гэдэг юм уу ийм хамгаалалттай бүсэд ороод ирчихсэн бол энэ нь өөрөө бас хялбархан. Хүн амьтан нь цөөхөн баймаар байна. УИХ-ын даргаас илүү хамгаалалт хэрэгтэй хоёр хүн байгаа юм. Дээд шүүхийн дарга, Ерөнхий прокурор хоёр. Үнэхээр аюулгүй байдалд нь аюул занал учирч болзошгүй хоёр албан тушаалтан. Энэ хоёр хүнийг нэмж оруулах иймэрхүү зүйлүүд бодож байгаа. Би бол 76 гишүүний л нэг. Тийм учраас энэ хамгаалалт хялбархан байх ёстой гэж үзэж байгаа.
-Хувийн амьдралд тань хөндлөнгийн нөлөө орж ирээд байгаа болохоор дургүй байгаа байх л даа. Нүдний үзүүрт хүмүүс энд тэнд бүртгэнээд байх төвөгтэй юм уу?
-Харагддаггүй ш дээ. (инээв)
-Баярлалаа. Бидний яриа богино хугацаанд өрнөсөн ч асуух гэсэн асуултуудаа бараг л асуулаа. Урьд нь хэвлэл мэдээлэлд хамгийн нээлттэй ханддаг байсан хүн жаахан өөрчлөгдсөн юм шиг. Гэхдээ танд амжилт хүсье?
-Урьд нь би санал тавьсан бүх сэтгүүлчид хийгээд хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй ханддаг байсан. Одоо бол ажил үүргийн хуваарьт маань багагүй өөрчлөлт орсон болохоор болохгүй байна. Тийм болохоор л сонгуулиас хойш анх удаа сонинд ярилцлага өгч байна. Ийм л байна. Харин эсрэгээрээ УИХ-ын үйл ажиллагаа илүү нээлттэй болох байх.