Сүүлийн үед Монголын улстөрд нэрийн тоглоом моодонд орлоо. Энэ магадгүй нөгөө залуу ардчиллын давах ёстой сорил, тусах ёстой өвчнүүдийнх нь нэг байх. Нааштай хэлбэл энэ үзэгдэл Монголд олон намын систем бодитой оршин байгааг харуулж буй хэрэг. Нөгөө талаас үзвэл Азийн, шилжилтийн үед байгаа орнуудад түгээмэл ажиглагддаг богино настай намуудын эрин үе ирснийг харуулж байна.  

ХКН, МАН, СХН-аас гадна Англи, АНУ зэрэг дэлхийн хүчирхэг гүрнүүд, дайсны хөлд орж байгаагүй улсуудад урт настай, удаан жаргалтай намууд ноёрхдог. Хэдийгээр хараат улсын эрх баригч авч МАХН бас л урт настай намын тоонд ордгийн учир нь XX зуунд Монголчууд ялагдаж байсангүй 1939, 1945 онд зүүн хязгаарт, 1948 онд баруун хязгаарын дайнд ялсан. Тиймээс урт настай байхаас яахав, гэвч ялагдашгүй намын нэрийг сольчихоор, түүнийг нь өөр хүн эзэмшихээр яах вэ?

Аливаа үзэл санааны төлөө бичдэг нийтлэлчдэд нэг зовлон байдаг. Жишээ нь МАХН-ыг гол яснаасаа үзэн ядагчид байдаг даа. Гэтэл МАН нэрээ сольж МАХН шинээр бий болохоор алийг нь “үзэн ядахаа” мэдэхээ байчихаж байгаа юм. Дээр нь ҮШН нэрээ солиод МҮАН болохоор тэднийг баалах хэрэгтэй болно оо доо, ардчиллынх юм чинь. Тэгтэл энэ баалалт нь эргээд үзэн яддаг МАН-ыгаа магтаж буй мэт болчихож байна. Ийм эргүүлэг энэ ороо бусгаа цагт олонтаа тохиолдоно, цаашдаа. Хүн тавлах юм биш, би өөрөө ч иймэрхүү эргүүлэгт олон орж байна. Тиймээс өнөөгийн улстөрийн үйл явц ирээдүйд ямар үр дүнд хүргэхийг таамаглах гээд үзье. Иймэрхүү шинжилгээ заавал биелэх ёстой, биелэхгүй бол бичсэн хүн тэнэг гэж боддог хүмүүс байна. Гэвч тэгэх албагүй, улстөрийн ажиглагч, шинжээчид бурхан ч биш, биелэхгүй бол биелсэн болгоод зарладаг коммунист намын үзэл суртлын хэлтсийнхэн ч биш. Хорвоо өөрөө “тийм, үгүй” хоёртын систем учраас наад зах нь 50 хувийн магадлалтай. Тэгээд задлаад явахаар юу болох вэ?

2013

Ерөнхийлөгч 2013 онд сонгуульд ялахын тулд Н.Энхбаярт МАХН-ын нэрийг өгүүлсэн гэх таамгийг олон шинжээч хэлж байв. Гэвч үүнийг арай өргөн утгаар авч үзье. Зөвхөн МАХН дээр бус арай өргөсгөөд “МАХН-МҮАН” гэсэн эвсэл дээр фокуслая. Ийм нөхцөлд Ц.Элбэгдорж Н.Энхбаярт нэрийг нь өгүүлснээрээ өөртөө урхи бэлтгэснээс ялгаа юун. ҮШН нэрээ өөрчилж МҮАН болсноор аюулын үүл хуралдаж эхэлнэ.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас бол одоогийн Ерөнхийлөгч гарцаагүй дэвшинэ. Өөр ялах хувилбар байхгүй. Ц.Элбэгдорж МАХН-ын нэрийг өгүүлснээр Н.Энхбаяр зэрэгцэж дэвшээд С.Баярын саналыг хувааж гарцаагүй ялах стратеги байж болно гэж үзвэл.

Харин МАН-аас хэн бэ? С.Баяр. Өнөөдөртөө номер нэг кадр. Ялах хамгийн өндөр магадлалтай. Гэтэл М.Энхсайхан намынхаа нэрийг МҮАН болгоод улстөрийн тоглоомонд ороод ирмэгц нөхцөл байдал 100 хувь эргэчихэж байна. Бодоод үзье. МАН-ынхан С.Баяр, Н.Энхбаяр нарын санал хуваагдаж Ц.Элбэгдорж ялна гэж үзвэл өөр сонголт хайх болно. Өөрөөр хэлбэл М.Энхболдыг дэвшүүлэх хувилбар бий. Яагаад М.Энхболд гэж? Одоохондоо МАН-аас Н.Энхбаяртай хамгийн сайн ойлголцож байгаа нь М.Энхболд. Тэр элдэв өгүүлэл тавьж шалчигналгүй 2009 оны сонгуульд Н.Энхбаярыг бүх хүчээрээ дэмжсэн юм.

Сүүлийн үед буурь суурьтай хэвлэлүүд Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нарыг “уулзуулж” байна. Тэгээд энэ хоёр шууд уулзах боломж бий юу? гэж асуухаар байдал нэг л биш байгаа биз. Улстөр бол тоглоом гэж хөнгөн бодсон ч гэсэн. У.Хүрэлсүх Ховдод хамт зуу татаж байхдаа “Би Энхбаяртай үхсэн ч уулзахгүй” гэж хэлсэн гэж МАН-ынхан батална. Тэгэхээр энэ хоёрыг хэн нэг нь зуучилж уулзуулах ёстой. МАН-д ийм боломжтой нүүртэй хүн бол М.Энхболд. Чухамдаа уулзалт хоёр биш гурван хүнийх байсан, тэгээгүй бол “дуэль” л хийх гээгүй юм бол юу гэж Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёр уулзах вэ дээ.

Иймээс М.Энхболд дэвшээд Н.Энхбаяртай хэлэлцэн тохироод МАХН-МҮАН-ын эвслээс өөр хүнийг тухайлбал М.Энхсайханыг дэвшүүлчихвэл яах вэ? Н.Энхбаяр үнэндээ МАН-тай тэрсэлдэх сонирхол байхгүй, хэтэрхий хүчтэй дайсныг өдөх аюултай. МАХН бол Н.Энхбаярын хувьд МАН-аас бүрмөсөн салсан гэсэн үг биш, харин МАН дахь нөлөөгөө хадгалах оролдлого. Тэрээр 2009 онд өөрийг нь унагасан С.Баярыг 2013 онд нэг чадчих санаатай бол яах вэ? Түүнийгээ ч ил хэлсэн юм билээ. Ер нь сүүлийн гурван ч Ерөнхийлөгчийн сонгуулийн гол стратеги нэг иймэрхүү л байдалтай эхлэлтэй явагдсан.

Тиймээс МАН С.Баярыг татаж М.Энхболдыг дэвшүүлбэл яах вэ? Хувилбар шууд 180 хэм эргэж, гуравдагчаас МҮАН-ын М.Энхсайханыг хуваагчаар орж ирвэл жинхэнэ хүнд тулаан болох биш үү? Бодит байдлыг харъя. М.Энхболд өнөөдөр намын дарга болохыг огт сонирхохгүй байна. Намын дарга, Ерөнхий сайдыг хийж үзээгүй биш, ер нь юу дутуу үлдээсэн гэж буцаж зүтгэх вэ дээ гэжээ. Харин Сү.Батболдын Засгийн газрыг унагаад, У.Хүрэлсүхийг намын даргаар тавьчихвал 2013 онд дэвших боломжоо нам дотроо олж авна.  Ингэхийн учир нь ердөө С.Баярын дэвших боломжийг л хааж байгаа юм. С.Баяр намаа Сү.Батболдод үлдээсэн, харин Сү.Батболд Ерөнхий сайдын хариуд Ерөнхийлөгч “өгч” болно. Харин Сү.Батболд уначихвал юугаа ч өгөх билээ. Чухамдаа иймэрхүү өгөө, аваанд Ерөнхий сайдын сэнтий бол хавчуурга төдий юм, харин намын даргын суудал гол нь.

Сүүлийн үед эрх баригч МАН-ын жинхэнэ лидер нь М.Энхболд болон тодорч байна. Түүний дэмжлэгээр У.Хүрэлсүх байр сууриа богино хугацаанд бэхжүүлж чаджээ. Өнөөдөр МАН-ын жинхэнэ удирдагч бол У.Хүрэлсүх гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрч, Сү.Батболд шиг үлбэгэр, сул хүнээр удирдуулж сонгуульд орохгүй, ялагдана гэж ил тод ярьдаг болжээ. Сү.Батболдын Засгийн газар унавал Ерөнхий сайд У.Хүрэлсүх болно. Тэр үлбэгэр сул дорой Сү.Батболдын шийдэмгий бусаас болж амлалт биелсэнгүй гэсэн шалтгаар Засгийн газрын ажлыг эрчимжүүлж, амлалтаа биелүүлэхийн төлөө улайран зүтгэнэ. Харин УИХ-ын даргаар М.Энхболд очно. АН-ыг Засгийн газраас хөөж, дангаар засаглахын төлөө зүтгэнэ. Хэрэв энэ хоймсон холбоо Н.Энхбаяртай гурамсалбал шууд утгаараа С.Баяр, Сү.Батболдын эсрэг эргэнэ, алсдаа Ц.Элбэгдоржийн эсрэг эргэнэ.

Чухам иймээс МАХН ба МҮАН-ын эвсэл бол аргүй түүз л гэсэн үг. Өөрөөр хэлбэл хоёр талтай түүз, хааш нь харуулж тавихаас их зүйл шалтгаална. Ингэж үзвэл МАХН-ын нэрийг өгөх ба өргөтгөх ажлын алсын уяа Ц.Элбэгдоржийн гарт бус М.Энхболдын гарт байж болох бус уу?

Чухам ийм учраас Н.Энхбаярыг намнаж байсан МАН-ын үзэлд суртлын машин Сү.Батболд намын эрх мэдлээ авах гэж шахалт үзүүлсэн цагаас С.Баяр, Сү.Батболдын эсрэг эргэж, эцэстээ атомын станцын төслийг зогсоосноор түр мотороо хөргөж байх шиг. Энэ машины хөдөлгүүр асвал дараа нь хэн байх нь дэндүү ойлгомжтой бус уу?

Ижил нэрийн олз


Яагаад сүүлийн үед ижил нэр тийм өндөр ач холбогдолтой байна вэ? Ц.Шинэбаярын мэдэгдсэнээр МАХН 25 мянган гишүүнтэй болжээ. Гишүүдийн 15 хувь гэсэн үг. Ц.Шинэбаярын ХаМХ Нам /ХМХ гэж товчлохоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг үгийг хэвшсэн товчлол болох гээд байгаа тул ингэж товчлохоос өөр аргагүйг ойлгоно уу/ 1600 гишүүн татвал 1 хувь гэсэн үг. Ингэхээр бодат байдалд МАН гурав хуваагджээ.

Энэ хуваагдал илүү ноцтой нь намын дэмжигчдийн хатуу електорал суурийг задлаж байгаад оршино. Жинхэнэ гишүүд гэдэг нэг өөр, дэмжигч гишүүд гэдэг бас өөр ойлголт. 2008 оны сонгуульд намуудын нэр хүнд шалдаа хүрч унаад орсон авч “задгай” 50 гаруй хувьд найдаж орсон улстөрийн бусад хүчнүүд, хөдөлгөөнүүд бутниргүүлсэн юм. Өөрөөр хэлбэл намын суурь бат бөх нэгдэлтэй байж, үүнийг бүр муугаар бодоход намын идэвхтэй гишүүд сонгуулийн луйвар булхайг ямар ч аюулгүй нөхцөлд итгэлтэй хийжээ.

Ардчилсан хүчин 1996, 2004 оноос бусад сонгуульд ялагдаж байжээ. Харин ялсан тохиолдол бүрт “Ардчилсан хүчний суурийг” нэгтгэсэн байв. Тиймээс сонгуульд оролцох гол нөхцөл ялах, ялагдах нь хатуу электораль сууриас хамаардаг болохоос дэмжигч, сонгогчдоос үл хамаардаг юм байна гэсэн дүгнэлт гарч байна. Тиймээс 2012 онд МАН ялагдах гол шалтгаан нь хатуу суурь задарсанд л оршиж байна. Энэ бол дотуур цус алдалт шиг аюултай нөлөөтэй. МА/Х/Н ийм байдалд орсон цор ганц тохиолдол нь Ардчилсан хувьсгалын дараа МАХН-аас Сэргэн мандлын болон зарим нам тасарсан нь Ардчилсан хүчинтэй эвссэнээр 1996 онд ялагдаж байв. Н.Багабанди Н.Энхбаярын эсрэг ажилласан 2004 онд тэнцэж байв. Тиймээс судалгаагаар хөөсөрсөн 40, 50 хувийн дэмжлэг бол ямагт худал заасан байдаг. Туршлагатай улстөрчид, пиарчид сууриа л хардаг болохоос судалгааг бүхэлд нь хардаггүй, итгэдэггүй, харин ийм өндөр дүнг зүгээр л манипуляцид ашигладаг.

Ялалтандаа итгэчихээд байгаа АН дээр ч бас ийм сүүдэр тусаж байна. ҮШН МҮАН болсноор суурийг эвдэж чадах юм. Аймаг сум бүрт таван нам нэгдэхэд тамгаа дурсгал болгон хадгалаад үлдсэн МҮАН-ын “үүрдийн дарга” нар бий. Тэд МҮАН нь эргэн бий болсонд баярлахаар барахгүй намаа олигархжиж, соцдекүүдийн гарт орсонд дургүйцэж байгаагаа илчилж болно. Алтан гадсанд цовдлуулсан хөөрхий либерал, үндэсний үзэлт нам нь өөр газраас соёолсонд баярлахаас ч яахав. Ямар ч тохиолдолд хуваагдал 15 хувь хүрдэг теорем үйлчилбэл МҮАН АН-ын сууриас мөн л 15 хувийг хагалаад явчихна.

Ингээд энгийн тооцоо хийхэд 76 гишүүний 15 хувийг гаргах хэрэгтэй болох нь. Жаахан нарийвчилбал МАХН-ын 15+МҮАН-ын 15=30 гэж гарахгүй, гэхдээ парламентын 15 хувь болж шингэнэ гэсэн үг. Энэ бол 11,2 гишүүн их буулаа гэхэд бүлэг гэсэн үг. 2004 оны сонгуулийн дүн иймэрхүү гарч байсан. Жишвэл “Эх орон” нам АН-тай эвсэж хатуу суурин дээр нь гарснаас гадна Ерөнхийлөгч Н.Багабандийг дэмжигч МАХН-ын суурь бэхжүүлснээр 7 гишүүнтэй болж байсан юм шүү.

Энэ юуг хэлж байна вэ? гэвэл МАХН-МҮАН-ын эвсэл парламентад гарцаагүй суудал авна, хэрэв парламентад суудалтай болбол 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сценари С.Баяр, М.Энхболдын хэн нь дэвшсэнээс шалтгаалж эсрэг тэсрэг үр дүнтэй гарна л гэсэн үг юм.

Тогтолцоо ба тоглоом

Баабарын “Зүгээр л анализ хийж байгаа юм шүү” өгүүллийн гаргалгаануудаас ганцханыг нь арай өөрөөр харах хэрэгтэй болов уу. Н.Энхбаяр МАН-ыг ялагдуулахыг хүсэж байгаа ба ялагдсан МАН-д нэр төртэй эргэн ирж хаан суудалд суухыг мөрөөдөж байгаа гэж үзжээ. Н.Энхбаяр гэхдээ АН-ыг ялуулах хүсэлгүй юм. Хэрэв Н.Энхбаяр МАН-ыг ялагдуулбал намдаа нэгмөсөн дайсан болно. МАН бүх алдаагаа Н.Энхбаярт чихэж удирдагчид нь нэр цэвэр үлдэхийг хичээнэ. МАН бол гайхалтай өсөрхүү хүч, тиймээс Н.Энхбаярыг үзэн ядах кампанит ажлын бай болно. Харин МАНАН-гийн хэн нь ч олонх биш болоод тулчихсан нөхцөлд л Н.Энхбаяр үнэ цэнэтэй хүн болно. Тиймээс Н.Энхбаяр бас АН-ыг бүү ялаасай гэж бодож байна. Аль алиныг нь ялуулахгүйн тулд тэр эвслээ маш хүчтэй шаантаг маягаар парламентад шургуулахын төлөө үхэн зүтгэхээс аргагүй.

Өөрөөр хэлбэл МАН, АН-ын алинтай ч нэгдэж болох, аль нэгдсэн нь Засгийн эрхийг авах боломжтой болсон нөхцөлд Н.Энхбаярын үнэ тэнгэрт хадна. Гагцхүү ийм нөхцөлд л тэр МАН-д нэр төртэй буцан очих юм. Маш бага магадлалтай ч ийм л болов уу? Ийм үед Н.Энхбаяр хэзээ ч барьцгүй АН-тай хамтрах сонголт хийхгүй, ингэвэл улстөрийн хувьд бүрмөсөн сүйрнэ. Бүр М.Энхсайхантай эвссэн байлаа ч. Тиймээс тэрээр МАН-аас С.Баярын үлдэгдлийг бүрмөсөн цэвэрлэсэн нөхцөлд л хамтрах санал гаргана. Ингэж л тэр буцаад хаан болно. Өөрөөр хэлбэл хамтарсны золионд МАН дахь С.Баярын бүлэглэлийг бүрмөсөн дарж, М.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвшиж таарах нь. Хэрэв та өмнөх олон гаргалгаанд будлиагүй бол “цагираг битүүрлээ”.

Хэрэв МАН-тай хамтарвал М.Энхсайханыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж М.Энхболдыг Ерөнхийлөгчид ялуулахын төлөө зүтгэх ба У.Хүрэлсүх Ерөнхий сайд, өөрөө УИХ-ын дарга байх боломжтой. Яг ийм тохироо өнөөгийн улстөрийн тоглолтын хүрэх абсолют зорилго болж байна. Харж л байя. Харин үүнд сонгуулийн тогтолцоо нөлөөлөх үү? Ямар системээр 2012 оны сонгууль явах вэ? Энэ талаар дараагийн өгүүлэлдээ тодорхой бичихийг хичээе. Хэрэв улстөрийн үйл явцыг бодитой харъя гэвэл тайзыг биш  бус хөшигний арыг харах хэрэгтэй. Хэдий тайзны үйл явцыг шимтэн үзэгчдэд үнэмшилгүй авч эцэстээ жүжиг хөшигний ард яаж төлөвлөснөөр төгсдөг.