Сүүлийн үед дээдсийн хүрээнд “зангарга” гэж их ярих болов. Зангаргатай, зангаргагүй нөхөр гэж хэн нэг том амьтан айлдсанаас үүдэж энэ үг доошоо хадны цуурай мэт давтагдаж, моод болох шинжтэй. Том даргын үг моод болох нь элбэг бөгөөд энэ бол бялдуучдын хийдэг ажил. Өндөр албан тушаалын томилгоотой холбогдож зангарга гэгч энэ заниг үг анх гарч ирснийг анзаарсан уу. “Зангарга” гэхээр надад бол орчин үеийн шинжлэх ухаанд нэвтэрхий, гадаад олон хэлэнд ус цас шиг, уян хатан, ухаалаг, ХХI зууны лидер байх нь гэж санаанд огт буухгүй байгаа юм. Зангарга гэхээр надад юуны түрүү коммунист зангарга гэж буусныг нуугаад яахав. Коммунист зангарга ямар байх вэ гэвэл хүнд сурталтай, ард түмнийг басамжлан захиргаадагч байж таарна. Зангарга хэмээх үгний утгыг үнэндээ би мэдэхгүй байна. Үгийн үндэс нь “зан” гэвэл “зангарга” гэдэг нь ямар нэгэн “зан гаргах” гэсэн утга илэрхийлэх ч юм шиг. Эрдэмтэд л мэдэх байх. “Хүндрэл” гэх үгийг томчууд их хэрэглэдэг болсноос болж “бэрхшээл” гэх үг сонсогдохоо бараг больсон. Зангарга их тарах цартай. Утгыг нь зөв хэрэглэвэл тарах нь буруугүй л дээ.  

Одоогийн залууст, өнгөрөгч зууны биднээс нэг базаахгүй зан өвлөгдсөн нь харамсалтай. Биднээс хойч үедээ өвлүүлэх ажил хэрэгч бизнес овсгоо, мөнгө үржүүлэх, амьдралаа өөд татаж баяжих туршлага гэж балдуушаг нь байхав. Биднээс дуурайх юм гэвэл албан тушаал эрх мэдэл нэр төр хөөцөлдөх л байх. Эдүгээ ажиглаж суухад орчин үеийн залуус бүгд л даргад дурлах юм. Хөөрхийс минь аавынхаа, өвөөгийнхөө зангаргыг л дуурайгаад байх шиг. Бизнес эрхлэхийг хавчаад, төрийн албан хаагчдын цалинг нэмж, орон сууцаар хангаж, хүүхдийг нь сургуульд үнэгүй сургах хууль үйлчлээд байхаар арга ч үгүй биз. 



Дэвших сайхан ч буух хэцүү. Ю.Цэдэнбалын эмгэнэлт төгсгөлийг санаж явахад илүүдэхгүй. Хэдий чинээ өндрөөс бууна, төдий чинээ эмгэнэлтэй байх нь мэдээж. Удирдаж явснаас бус удирдуулж явж огт үзээгүй дарга гэнэт цэрэг болж дасахгүй нэг хэсэгтээ ихэрхдэг. Бууж өгөхгүй гэж шил зааж буй юм уу хаашаа юм бэ. Ялангуяа удирдлаганд нь явсан цэрэг, өөрийг нь удирдах дарга болчихвол бүр шаналах нь ойлгомжтой. Цэрэгтээ загнуулаад зарагдана гэж бодохоос өөрийгөө үзэшгүй муухайгаар доромжлуулж байна хэмээн гутарч бас ичиж нэрэлхэнэ. Тэгээд яах учраа олохгүй, мунхаг нэг нь тэнэгээр томордог. Санаа нь хямдхан бууж өгөх ёсгүй зангаргаа үзүүлж буй нь тэр. Ийм инээдэмтэй зан өнөөдөртөө ноёлж байна. Маргааш болоход арилна буй зээ. Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай гээд өтгөс минь дүгнэчихсэн нь яасан ч ухаантай улс байгаа вэ.

Дандаа олонх байж дасчихсан нам цөөнх болмогц хуучин зангаргаа сангалзаад хуралдаа суухгүй гэж гэдийв. Удамшилт зангарга ба олонхоороо ямагт дийлдэг байсан омогшил нь тавирч өгөөгүйгээс цээжин дотор нь харамсал битүү бугшиж, ходоодны нь мухарт хонзон хуржээ. Нохой барьж сурсан нохойн зангарга гаргаад байх шиг. Дур зоргоороо үнгэж байсан муусайн шороотой цөөнхүүд нь Төр Засаг жолоодно гээд хөл нь газар хүрэхгүй онгирох юутай доромжлол бэ. Эдүгээ МАН-ын гаргаж буй зангаргыг нөлөөтэй шилний цаанаас харвал  ийм л байна. Шид голдуу буусан даргаас гарна уу гэхээс дэвшсэн цэргээс барагтай гарахгүй. Дэвшсэндээ хөөрсөн цэрэг янз бүрийн шид гаргахаас нэрэлхэнэ. Буусан дарга тунирхуу байхад дэвшсэн цэрэг хулчгардуу хүлээцтэй байдаг сан. Гэвч цөөнхүүд маань бүгд сайд болох гэж оочерлоод, хэрүүл зодоондоо тулаад, эцэст нь яамны тоог нэмж, сайд нараа олшруулж, нэр нүүрээ барах янзтай. Монголчууд бид даанч найдваргүй улс. Яамдынхаа хуучин орон тоог өсгөхгүй, яс баримтлахгүй аваас цаана чинь “зангарга” хэлээ билүүдээд жигтэйхэн. 

МАН, АН хоёр хоёул хууль зөрчөөгүй юм бол УИХ-ын чуулган яагаад гацаад байна. Хууль зөрчигдөөгүй нөхцөлд гацаа үүсэх учиргүй баймаар. Гацаад буй нь үнэн үү? Үнэн! Чи хууль зөрчсөн, би хууль зөрчөөгүй. Үүнийг чинь нягтлаад зөв хариугий нь гаргачих хууль, эрх зүйн орчин Монголд өдий хүртэл бүрэлдээгүй юм гэж үү? 22 жил хууль зохиож суусан парламент үхсэн элэнцгээ хийгээ вэ? Хоёр намын хоосон маргааныг хуулиар нь ялгаад өгөх үүрэгтэй ҮХЦ, УДШ яагаад өдий хүртэл чимээгүй сууна. Зангаргатай намаас айгаад байна уу, залуу намаас жийрхээд байна уу? Эсвэл ерөөс зөрчигдсөн хууль гэж нэг ч байхгүй байхад төр засгийн ажлыг гацаах гэсэн ганцхан зангаргаар ард түмнээ дамшиглаад байна уу.

“УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон”. “69 гишүүний 45 нь УИХ-ын даргыг сонгосон тул хууль зөрчөөгүй”. “Өвөрхангайн хоёр гишүүний асуудлаар зөвшөлцөж даруй шийдэхээс нааш хуралд суухгүй”. “Үүнийг шүүх шийдэхээс биш, УИХ хутгалдвал хууль зөрчигдөнө”. “Сонгуулийн хэдэн тойрогт гар тооллого явуулна”. “Сонгуулийн хуулиар тойргуудад дахин гар тооллого явуулахыг намууд толгой мэдэн шийдэх заалт байхгүй”... Төр Засгийг гацаагаад буй маргаан ердөө энэ. МАН-ын зангаргатай гишүүн Н.Энхболд айлдаж байна: “Намууд бие биедээ хүндэтгэлтэй хандах улстөрийн соёлын зөрүү харагдаж байна л даа. (Бидний соёл хамаагүй илүү харагдаж байна гэсэн үг. Юун ч даруу бус юм билээ дээ. Ц.Д) Манай нам УИХ-д 40 гаруй суудалтай байхдаа УИХ-д 25 суудалтай байсан АН-ыг урьж, хамтарсан Засгийн газрыг байгуулж ажилласан. Ингэхдээ АН-ыг бөөрөлхөх тухай огт ярьж байгаагүй” гэж биеэ магтжээ. “Өглөөний сонин” 2012-08-07.

Үнэлэхүй олонх болсон нам сайндаа цөөнхийг хамтрая гэж уриагүй. 5 залуу буудчихаад, Ц.Нямдоржийн жороор СЕХ-ны дарга асан Баттулгын бантагнуулсан сонгуулийн луйвар булхайг эсэргүүцсэн олон нийтийн давалгаанаас айхдаа цөөнхийг энэ талаар амаа хамхахыг хүссэндээ хамтарсан Засаг байгуулъя гэж гуйсан. Урьсан биш, гуйсан. Их зант яравгар атаман С.Баярын хоолойд хутаг, хондлойд жад тулснаас болж амиа авч гарах арга хэрэглэсэн нь олонд ил дол болдгоо болсон хойно одоо ингэж зөвтгөж, тэр ч бүү хэл сайрхаж яриад шившиг. МАН-ыг сонгосон хүн амын 40 гаруй хувь бүгдээрээ та нарын чуулганд суухгүй зангарга гаргаж буйг дэмжиж байгаа эсхийг яаж тогтоох юм бэ. 40 орчим хувь чинь бүгд та нарыг чуулган гацаалаа гэж буруутгаж байгаа ч юм билүү. Тал нь та нарыг өөгшүүлээд, тал нь эсэргүүцээд ч байгаа юм билүү, хэн мэдлээ. Бүх хүн амын 40 гаруй хувийн өмнөөс ингэж мэдэмхийрч худал ярих нь улстөрийн соёл яавч биш, эрхэм гишүүн Н.Энхболд оо. Та манай сургуулийн төгсөгч юм гэсэн. Москва хотын нэр хүнд бүхий дээд сургуулийн бүтээгдхүүн ардчиллын зуунд ингэж ярьж буйд төгссөн сургуулийнхаа өмнөөс миний бие харамсаж байна.

Маний үед намын өмнө хууль хүчгүйдэх ерийн үзэгдэл төдийгүй энэ тухай хэн ч сөхөхгүй, нийгэм анзаарахгүй өнгөрөх нь социализм хэвийн явагдаж буйн баталгаа байлаа. Эдүгээ намын зангаргын инерц тийхнээрээ Төр Засгийг гацааж буй нь Монголд ардчилал боловсрох яагаа ч үгүйг харуулав.

2012-08-09