Спортыг ард түмнүүдийн эв нэгдлийн баяр мэтээр сурталддаг боловч үнэн хэрэгтээ улс гүрнийхээ сүр хүчийг үзүүлэх цусгүй тулаан л болдог. Польш, Украин хоёрт болж буй “Евро 2012” тэмцээнд оролцож буй улсууд хоорондоо “дайтах”-аас гадна зарим тамирчныг алаг үзэж мэдэхээр байна.  

Оршил  


Бахархал. Далан жилийн өмнөх үйл явдлыг найруулагч ийм маягаар дэлгэцнээ харуулжээ. Зургийг киноноос таслан авлаа. 1962 онд энэ түүхээр бүтээсэн Гуравдугаар үе (Третий тайм) киног хойтон жил нь 32 сая хүн үзсэн тооцоо гарч тухайн жилдээ орлогоороо зургадугаарт бичигдсэн байна.

Оросын найруулагч Андрей Малюковын Тулаан (Матч) уран сайхны киног Украинд гаргахыг хориглов. Украиныг эзэлсэн фашистууд, нутгийн ардтай 1942 онд хөлбөмбөгөөр халз тулаад, эцэст нь фашистууд өрсөлдөгчөө буудаж хороосон гашуун түүх (Үндэстний ТОЙМ сэтгүүлийн №119-өөс үзнэ үү)-ээс сэдэвлэсэн юм байж. Украины таван ч ТББ хамтраад “түүхийг гуйвуулсан, үндэстнийг доромжилсон кино дэлгэцэнд гарах гэж байгаад харамсаж” буйгаа илэрхийлсэн захидал Соёлын сайд Михиал Кулиняка эрхэмд хаяглажээ. Ингээд асуудал босч мэргэжлийн агентлаг уг бүтээлд главлит (улс төрийн шүүлт) хийсэн байна. Комиссын гишүүн Ярослав Подгора-Гвяздовский “Украины Кино бүтээлийн хуулийн 16 заалтаас зургааг нь зөрчсөн учир театрт үзүүлэх магадлал бага” гэсэн ч удалгүй насны хязгаар тавиад нийтэд толилуулахаар болсон юм. “Евро 2012”-ыг нутагтаа зохиож буй украинчуудын үндсэрхэг үзэл жилээс жилд чангарч яваа. Тусгаар тогтноод удаагүй Украин, эзэнт гүрнээ задалдсандаа одоо ч харамсдаг Орос хоёрт яриа бий бий. Тулаан тойрсон шуугиан дэлхий нийтээрээ хүсэн хүлээсэн тэмцээний оршил болсон байж ч мэднэ. Хас тэмдэгтэй улаан далбааны наана эгнэн жагссан фашист тамирчид нэгэн зэрэг баруун гараа өргөн “Зиг! Хайль!” хэмээн уухай хадаагаад талбайд гарч ирнэ. Тулаан киноны хэсэг.

Арьсны үзлийн алаг бөмбөг

Британийн BBC сувгийн “Панорама” нэвтрүүлгийн сурвалжлагч Крис Рожерс Харьковын “Металлист” цэнгэлдэхээс бэлтгэсэн сурвалжлага тавдугаар сарын 28-нд гарлаа. Цэнгэлдэхэд цугласан залуус багаа талбайд гарч ирэх бараанаар “Зиг! Хайль!” хэмээн нэгэн дуугаар хадааж гарав. Далан жилийн өмнөхийг бодвол илүү уран гоё басхүү сүрлэг дэглэсэн энэ жүжиг 1940-өөд оны Киевийн Динамо багийнханд ямар сонстох байсан бол?! Удаа дараа ялагдсандаа өсөрхөн өвөг эцгийг нь буудсан нөхрийн уриаг сэтгэлээсээ дуудах залуу “Гитлер хар арьстнууд, жүүдүүдийг залхаан цээрлүүлдэг байсан” гэдэг тайлбар өгөх аж. Тэгээд харь арьст тоглогчид гарч ирэхэд сармагчин адил үүхлэв. Сүүлийн жилүүдэд украинчуудын дунд жүүдийн эсрэг үзэл газар авч, ази оюутнуудыг зодсон хэрэг үе үе дуулддаг болсон.

Крис Рожерсийн сурвалжлага баян болжээ. Түүний дуранд хоёр багийн хөгжөөн дэмжигчид хоорондоо гөвөлцөж байгаа сайхан дүрс багтсан байна. Улаан фанат гэдгээ ингэж цусаараа нотлох нь тэдний хувьд баатарлал. Жалга довны үзэл юм даа. Нэгнийхээ намалдгийг дэлбийтэл нээсэн талууд удалгүй нийлж аваад тэнд суугаа ази оюутнуудыг балбаж гарлаа. Өчүүхэн сэтгэлгээ нь тэлэн жалга довноосоо хальж үндэсний ухамсар нь сэргэж байгаа хэрэг бололтой. Славян бус зүстэй хэнийг ч болов ингэж шоглох нь хэвийн үзэгдэл гэнэ.

Крис уг бичлэгээ Английн шигшээгийн ахмад асан Сол Кэмпбеллд үзүүлээд сэтгэгдлийг нь сонслоо. Лондонгийн “Тоттенхэм”, “Арсенал”, “Портсмут” багуудын нэрийн өмнөөс зүлэг ногоон талбайд гарч явсан Сол Кэмпбелл бол өнгөт арьстан. Бичлэгийн дараа мань эр шуудхан “Евро 2012-ыг гэртээ зурагтаар үзээрэй. Осолтой юмаар оролдоод хэрэггүй шүү. Австай ч эргэж ирж мэдэх юм байна” гэлээ. Харин Украины Дотоод хэргийн сайд Владимир Ковригин дээрх ёсолгоог “Фашист ёсолгоо биш ээ, зүгээр л өрсөлдөгч багийнхаа зүг гараа өргөсөн” гэж тайлбарлав. Гэхдээ л бичлэгээс “Зиг! Хайль!” гэж сонстоод байгаа юм даа. Улаан цагаан худлаа ярьдаг хүн л улстөрч болдог шүү дээ. 


Гутамшиг. Металлистын цэнгэлдэхийн бичлэгээс энэ дүрсийг тасдан авлаа. Арьсны үзлээр өвчилсөн хоёр оронд “Евро 2012” болж байгаад зарим хүмүүс эмзэглэж байгаа юм. Гэхдээ FIFA-ийн тэргүүн аль ч газар үндсэрхэг үзэлтнүүд байдаг гэж тайвшруулж байна. 

Оросууд Варшавын төв цэцэрлэгт хөгжөөн дэмжигчдийнхээ хуаранг байгуулахаар төлөвлөсөн ч Польшийн албаны хүний ятгалгаар байр саванд орохоор болжээ. Бас л нөгөө үндэсний үзэл хана туурга шаардсан нь гарцааагүй. Оросын шигшээ баг Варшавын “Бристоль” зочид буудалд буух үеэр нутгийн олон зурагт хуудас, уриа лоозонтой угтав. Хоёр жилийн өмнө Смоленскт онгоц сүйрсэн огноон дор “Тэд сураггүй болсон, бид хойноос нь залбирсаар” гэж бичсэнээс гадна талийгаач Ерөнхийлөгч Качиньскигийнхаа хөргийг барьцгаасан байлаа. Дээр нь Оросын хөлбөмбөгийн холбоонд түрээслүүлсэн Варшав хотын Torwar спорт комплекст Смоленкст нас барагсдын будаалгыг хийсэн байжээ. Үүнийг олж мэдсэн оросууд “Русский дом” төв байгуулах санаагаа орхисон юм. Зургадугаар сарын 12-нд А хэсэгт багтсан Орос, Польшийн шигшээ талбайд тулна. Талбайд биш юмаа гэхэд цэнгэлдэхийн гадна цус гарч мэдэх нь!

Улс төрийн алаг бөмбөг

Зарим орны тэргүүн Ю.Тимошенкод ял оноосны учир Украинд очиж шигшээ багийнхаа тоглолтыг үзэхгүй гэж мэдэгдсэн. “Евро 2012”-ыг Польшид зохион байгуулах захирал Адам Олькович “Би хөлбөмбөгийн хүн, хөлбөмбөгийг улс төртэй хутгамааргүй байна. Ирэхгүй гэж мэдэгдсэн улстөрчид ирэхгүй бол тэр л биз” гэжээ. Уул нь тэр хэдэн улстөрчтэй улстөрчгүй түмний наадам болдгоороо болно. Гэхдээ дэлхий даяарыг татдаг энэ тоглоомд улс төр ихээ эртнээс гүн хутгалдчихсан. Өнгөт хувьсгалаар төрсөн баатар, барууныг баримтлагч Ю.Тимошенког Ерөнхий сайд байхад Украин “Евро 2012”-ыг зохион байгуулах эрх авсан бол үзэсгэлэнт улстөрчөөр шалтагласан улс орнууд бүгд НАТО-ийн бүрэлдэхүүнд багтдаг. Харин Украин энэ цэрэг-улс төрийн холбоонд элсэх ээлжээ хүлээж байгаа билээ. Европ тивд  ганцаардахгүй геополитик барьдаг оросууд хэвлэл мэдээллээр Украин Оросоос холдвол буруу замаар будаа тээнэ гэж бичих болсоор удсан.

Төмөр хөшиг нурснаас хойш НАТО Оросыг бүслэхээр шамдсан бөгөөд Украин элсчихвэл ОХУ урд талаараа НАТО-той шууд хиллэнэ. СССР-ийн бүрэлдэхүүнд байсан орнуудын нэг адил Украинд ч Оросын эсрэг үзэл соёолчихсон ч дэлбээгээ хараахан нээж амжаагүй байгаа. Дүн өвлөөр байгалийн хийн цоргоо хаадаг Оросын царь В.Путин оны эхээр иргэний нисэхийн компаниудыг өөрийнхөө хөгжөөн дэмжигчдийг үнэгүй зөөвөрлөх “санал гаргасан”-ыг “Аэрофлот”, “Трансаэро” хоёр дэмжсэн билээ. “Хүний олон хүнээ барьдаг” болохоор яаж ийгээд аваачаад хаячихвал яаж ч мэдэх хулигаануудаараа хүч нэмэх гэсэн мэт харагдана. Түүхийн асар их өстэй польшууд Оросын хөгжөөн дэмжигчдийг мэдээж шоглоно. Үүнд ч бас бэлтгэл хэрэгтэй. Мэргэжилтнүүд Оросын шигээ багийг гялалзсан амжилт үзүүлнэ гэж тооцохгүй байгаа ч Оросын царь албатуудаа хүний нутагт шоглуулаад зогсоосой гэж бодоогүй биз.  

Нэг л мэдэхэд улс төрийн агуулгагүй хөлбөмбөгийн томоохон тэмцээн ховор болчихсон байна. 1998 оны Украин-Орос хоёрын тоглолтоор украинчууд “тусгаар улс болсон, биеэ аваад явчихаж дөнгөнө” гэдгээ батлах асар том үүрэг хүлээсэн гэж Футбол сэтгүүлийн редактор Артем Франков дүгнэжээ. Харин Украины шигшээгийн түлхүүр тоглогч Андрей Шевченко “Хөлбөмбөг бол хөлбөмбөг, улс төр бол улс төр” гэж сэтгүүлчид ярьсан байна. Гэвч багууд уран гоёмсог тоглолтоор өрсөлдөж, хоёр талын хөгжөөн дэмжигчид бие биенээ хүндэлдэг байсан цаг хэзээний ард хоцорсон. Одоогийн цэнгэлдэх эрүүл бус улаан фанатуудын тэнэг хийрхэл, спортын бус авир аашаар л дүүрчихсэн билээ. Ер нь аль ч спорт улс төр, үндсэрхэг үзлийн өнгө аясгүй л бол спорт биш харагдаад байх боллоо.

Сонгуулийн алаг бөмбөг

Эрх мэдлийн төлөө амиа өгөхөд бэлэн хүмүүс хөл доор нь алаг бөмбөг хэвтэж байвал анзаарч харахгүй. Харин юунд ашиглаж болохыг нь сайн мэднэ. Монголын телевизүүд олон улсын чанартай тэмцээн наадмыг шууд дамжуулах эрх авах болсноор өөртөө таарсан жишиг үнэтэй ч болоод байж. Гэтэл “Евро 2012” УИХ-ын сонгуультай давхацсаны балгаар мөнгөтэй улстөрч өнөөх үнийг нь суга өсгөж орхилоо. Дараа дараагийн тоглолтуудыг дамжуулах эрхийн үнэ энэ жишгээр нэмэгдээд ирэхээр цөөн үзэгчтэй, дээр нь телевизэд реклам өгдөг хэдхэн компанитай монголчууд эрх худалдаж авахад бэрх болно. Яая гэхэв, түүнд эрх мэдэл л чухал юм хойно. Ганц тэр ч бус түүний төрлүүд ч ETV, TV9 хоёрын дэлгэцээр чихцэлдэх нь тодорхой боллоо. “Евро 2012”-ын нээлтийг шууд дажуулах үеэр АН-аас Ч.Сайханбилэг “Олуулаа” нэвтрүүлэгтэйгээ дээрх хоёр сувагт морилов. Гэтэл МАН-ын дарга С.Батболд Богдын музейн хойно барьсан шар айрагны асарт тууз хайчлан “Евро 2012”-ын нээлтийг хийлээ. Польш, Украин хоёрын ерөнхий сайд нар манай хүний самбаанд атаархах байх даа. Харин манай улстөрчид гал гарсан тоглолтын дундуур галзуу юм шиг битгий ороод ирээсэй гэж залбиръя. Тоглолтын завсарлагаар энэ хэд маань дэлгэц дүүрэн гараад ирлээ гэхэд хэдэн цагаар шар айраг гүзээлсэн улсууд давсагаа суллахаар босно гэдгийг тооцохгүй л тэнэг улс даа, энэ улстөрчид.