Сайн дурынхан. Өдгөө шинжлэх ухаан төрөлжин хэдэн арван мянгад хүрсэн ба тодорхой нээлтэнд хүрэх явдал нь хэдэн мянган эрдэмтдийн хамтын чармайлтын үр дүн болжээ. Нобелийн нэг шагналтны ард түүнийг энэ амжилтанд хүргэсэн 40 мянган эрдэмтэн зогсож байдаг гэсэн тооцоо бий. Иймээс Архимед шиг усанд орж байснаа гэнэт “эврика” гэж орилон гүйх шалтаг өнөөдөр олдохоо больжээ. Ломоносов голлох арваад шинжлэх ухааны салбарт ажиллаж олон арван ШБОС бүтээсэн гэдэг, өдгөө ийм универсализм огтоос бололцоогүй. Юутай ч шинжлэх ухаан сонирхогч сайн дурын уран сайханчдад ямар ч нүх үлдээгүй. Өнөөгийн шинжлэх ухаан асар их хөрөнгө мөнгө, технологийн дэвшил, нарийн методлоги, өндөр мэрэгшил шаардана.

Математик сонирхогч залуу хүн бүр Фермагийн теоремыг батлахаас ажлаа эхэлдэг. Энэ ч яахав харахад амар юм шиг болохоор нь бүгд л оролддог. Үүнтэй төстэй, тухайлбал Паскалийн гурвалжин маягийн наргиантай юмыг хэн ч тоо үржүүлж хувааж суугаад олчиж болно. Ухаан нь гутлынхаа размерийг хоёроор үржүүлээд сууцныхаа талбайг гаргаж ирэх ба үүнээсээ хоёр дахин язгуур гаргахад пи тогтмол гараад ирж байх жишээтэй. Ингээд л хоорон дахь холбоосыг нь хайж эхлэх ба хамгийн хачирхалтай нь олж орхино. Нээлт хийхэд аймаар хялбар байгаа биз? Тухайн шинжлэх ухаанд системтэй сургалтаар дамжин очоогүй бол юун амжилт гаргах байтугай баримжааг нь авч чадахгүй. Гутлын размер 38 байна гэдэг юуг ч эс өгүүлнэ. Метрийн системээр энэ нь 25, англи тооллоор 6 болж орхино. Хоёроор үржүүлэхээр гэрийн чинь талбай гарч байгаа нь энэнд ямар хамаа байна? Тэр квадратыг футээр, эсвэл тохойгоор хэмжвэл шал өөр үр дүн гарна. Гэтэл энэ бүхэн зөвхөн аравтын систем. Хэрэв өдгөө тоон системд хэрэглэдэг хоёртын системээр тооцвол дахиад л шал өмнөө болно. Пи, фи гэх мэтийн физик тогтмолуудаас гадна шинжлэх ухаанд өөр олон тогтмолууд бий. Үүний мөн чанар амьд организмтай ямар ч холбоогүй.

Өнөөдөр анагаах ухаан урьд хэзээ ч байгаагүй туйлдаа хүртэл хөгжжээ. Энд тэндээс элдэв ургамал бодис нийлүүлж цуглуулаад хорт хавдар, ДОХ зэргийг эмчлэх бололцоогүй. Анагаах ухаан ийм тохиолдлын шинжтэй үеэ хэдийнээ өнгөрөөсөн. Хорт хавдар гэхэд л өөрийн гентэй, уурагтай, сэрэх орчинтой болох нь тогтоогдсон. Энэ өвчинтэй тэмцэх асуудал молекуляр биологи, генетик, генийн инженерийн асуудал болсон. Хүний тусах янз бүрийн өвчний тэн хагас нь шинжлэх ухааны аргаар, үлдсэн хагас нь хүний өөрийнх нь сэтгэл санаагаар эмчлэгддэг гэдэг юм билээ. Иймээс элдэв бариач, үзмэрч, ид шидтэнийг бүрэн үгүйсгэх аргагүй. Тэд ид шидээр гэхээсээ өвчтөний сэтгэл зүйд сайн нөлөөлснөөр эмчлэх тохиолдол элбэг. Гэхдээ үүндээ эрдээд элдэв хор хөнөөлтэй бодис, аргачлал, хорхой шавьж руу орж хорлоод хаях нь илүү элбэг харагдана. Ангинад сайн гээд хүүхдэд адууны гуур идүүлээд хоолойгоор нь нэг хорхой үүрлүүлчихсэн тохиолдол саяхан гарч байх жишээтэй.

Нийгмийн шинжлэх ухааныг дураараа тайлбарлаж болдог, барих барьцгүй, худлаа дэлссэн ч баригддаггүй юм шигээр ойлгох хандлага сайн дурынханд их тархжээ. Гэтэл нийгмийн амьдрал нь дэндүү олон оролт гаралттайдаа л яг таг тогтоож болдоггүй гачлантай. Туршилтаар баталж болдоггүй зовлонтой. Фашизм, нацизм, коммунизм зэрэг балмад туршилт шинжлэх ухаанд хувь нэмэр оруулахаасаа илүүтэй хүн төрлөхтөнд гамшиг зовлон авч ирдэг.  Хэдийгээр тоо томшгүй оролт гаралттай ч гэсэн нийгмийн ухаан нь өөрийн судалхуун, предмет, методлоги, гаргалгаа, логиктой шинжлэх ухаан мөн. Харин ч тодорхой шинжлэх ухааныг бодвол илүү хүнд гэж хэлж болохуйц зүйл юм. Тухайлбал үгийн гарал зүй судалдаг этомологи гэх ухаан байна. Дуртай үгээ дураараа тайлбарлаж хүн болгон чадах учраас Америк гэдэг бол “амь эрэг” гэсэн монгол үгнээс гаралтай гээд залахад хэсэгтээ л хэн ч юу ч гэж чадахгүй. Гэхдээ үүнийг судалж тогтооно гэдэг тийм амар зүйл биш. Тухайн нэршил үүссэн байх маш өргөн талбар бий, цаг хугацаа орон зай зэрэг дэндүү  олон хүчин зүйл бас нөлөөлнө. Ингэхээр бодсон шиг амар юм биш л дээ. Тогтоочихсон ч хүлээн зөвшөөрөгдөх нь тодорхой шинжлэх ухааныхаас илүү хэцүү. Нэг л үгэндээ шинжлэх ухаанд сонирхогчдын зай завсар байхгүй. Сонирхогч гэж шинжлэх ухаанд суралцагч болон түүнийг түгээгчийг хэлээгүй, цоо шинээр нээлт хийгээд хаядаг хорхойсогчийг хэлж буй хэрэг. Түүхийн баримтад буй ганц үг авиа олон түүнээ хөгжүүлж бүхэл бүтэн салбар ухаан үүсгэчихсэн яваа сайн дурын уран сайханч “сартваахи” мөн ч олширч дээ. Бишгүйдээ л нэг хүний толгой дээр алим унасан. Бүгдийнх нь толгой дээр булдруу л үлдээсэн бол, чухам Ньютоны толгой дээр унасан алим л бүх ертөнцийн таталцлын хуулийг нээжээ. Харин Ньютон сайн дурын уран сайханч биш, гоц мэргэжилтэн байсан юм шүү.

Луйварчид. Эйнштайн бол өнөө үеийн домог. Эйнштайн ингээд хэлчихсэн гэвэл бараг хууль. Хүн болгон түүний Е=mc2 томъёог таньдаг, харин цөөхөн хүн ойлгодог. Энэ алдартай томъёог нээлтээс нь хойш 103 жилийн дараа, ердөө сая л нарийн тооцооллын аргаар баталлаа. Кваркууд массын ердөө 5 хувийг эзэлдэг. Үлдсэн 95 хувь нь хаачив? Эгэл бөөмсийн нэг болох глюон массгүй байдаг, гэрлийн хурдаар хөдөлдөг. Эндээс масс энергид шилждэг гэсэн алдарт томъёоллын төчнөөн хэмжээний энерги гаргаж авахын тулд аль хэр массыг хэрэглэх вэ гэдгийг нарийн тооцоолуураар нягтлан тогтоожээ. Ингэхээр Эйнштайн бол хэн хүний өөрийгөө зөвтгөхөд ишлээд явдаг амар хоол биш нь харагдаж байна.

Бичиг үсэгт бүрэн тайлагдсан нь эргэлзээтэй ердийн луйварчид болон сэтгэцийн өвчтөнүүдэд аугаа эрдэмтэн хамгийн их ишлэгддэг. Энергийн тухай, ид шидийнх нь тухай манайд бөө, лам, мэргэч зурхайч нар хамгийн их ярьдаг боллоо. Гэтэл энерги гэдэг бол шинжлэх ухааны цэгцтэй ойлголт. Энергийг шинжлэх ухаан тултал нь тайлаагүй л явна. Термоденамикийн гуравдугаар хууль физик үү, гүн ухаан уу? Эйнштайний харьцангуй онолыг ч Нобелийн хороо физикийн нээлт гэж хэлэхээс айж, түүнд фотоны гаралтын нээлтэд нь шагнал өгөөд салахын түүс болсон. Хайзэнбэргийн тодорхойгүйн зарчим яг физикийн нээлт мөн үү? Шрөдэнгэрийн элетрон долгионлог тэгштгэл аугаа ч, түүний амьдралын тухай томъёолол нь хамгийн их цочирдуулам үг байв. Мэрэг төлгөөр олсон тэр мөнгөөрөө ядахнаа хүзүүгээ угаачихад яана даа гэж бодмоор хагас бичиг үсэгтэй луйварчдад энэ дэлхийн хамгийн аугаа оюунуудын эргэлзэж байгаа зүйлс тун ч энгийн, нэвт мэдээд авчихсан таниулга нь байх юм.

Гүрэм хийж, хараал талбиж, мэргэлж төлөглөхөд Эйнштайн ямар хамаа байнаа? Буддизмыг шинжлэх ухаан гэж Эйнштайн хэзээ ч хэлээгүй. Угаасаа биш юм чинь.  Шашин бол нэг талаасаа гүн ухаан. Шашин болгон ертөнцийн мөн чанарыг тайлбарладаг. Харин ихэнх шашинууд асуудалд эцсийн хариу өгч мухарладаг. Энэ нь шинжлэх ухааны шинэ нээлттэй зөрчилдөх нь элбэг. Ертөнцийг Бурхан долоо хоногт бүтээсэн тухай Иудын шашин анх номолжээ. Эндээс 7 гариг, 7 хоног гэх ойлголт гарч. Гэтэл Галиллэй Бархасвадийн 4 дагуул нээж орхисон нь 7 эрхэсийг шууд 11 болгож “хууль”-ийг эргэлзээнд оруулсан учир инквизатороор орох шалтгаан нь болжээ. Эсвэл Дарвины байгалийн шалгарал, ялангуяа хүн бичнээс үүссэн тухай таамаглал олон шашны урьд өмнөх тайлбарт хүнд цохилт болжээ. Алив юмс үзэгдэлд эцсийн тайлбар өгөөгүй, өөрөөр хэлбэл хувиран өөрчлөгдөж мөнх орших ертөнцийн тухай сургадаг буддизм шинжлэх ухааны ямар ч нээлтэнд хязгаар тавиагүйгээрээ саад болдоггүй. Догма байхгүй шашин. Орчлонгийн хязгааргүйн тухай ч Буддын сургаал нь өнөөгийн нээгдсэн хар нүх болон их тэсрэлт, бүх ертөнцийн нэгээс нөгөөд шилжих үзэгдлийг философи утгаар нь зөвшөөрөхөд урьдын тайлбартайгаа зөрчилддөггүй аж. Эйнштэйн буддизмыг чухам энэ утгаар нь үнэлсэн. Гэхдээ энэ бол гүрэм хийж хараал үйлдэн бусдын мөнгийг хувхайлж суудаг бичиг үсэггүй лам нарт ямар ч хүртээлгүй. 

Манай луйварчдын хүн мунхруулж мөнгө саахад ашигладаг бас нэг нэр томъёо бол ген юм. УИХ-ын гишүүн нэгний сонгуулийн магтаалд “удам сайтай унага юм, уураг сайтай ген юм” гэж өнөө мунхагаа хошгируулсан байна билээ. Ийм нэрэндээ ч зохисон морь л доо. Гэтэл ген бол тодорхой молекулуудаас бүрдсэн биет, шинжлэх ухааны тодорхой ойлголт. Энерги, ген гэх мэтийн анхдагч тодорхойлолтыг нь дунд сургуульд заадаг ч, таарсан нийгэмдээ шинжлэх ухааны ойлголтууд луйвар булхай хийх сайхан багаж болжээ. Анагаах ухаан, одон орон, түүх ч бүр тамтгаа алдсан. Астрологи буюу зурхай нь юутай ч шинжлэх ухаан биш. Дундад зууны балай харанхуй үед астрологи амьтны толгой эргүүлж мөнгө хийхэд ашиглагдаж байсан авч хэдийнээ үеэ өнгөрөөсөн. Харин манайд ид хүчээ авч байдаг! XXI зуун гарчихаад байхад бид дор хаяж 600-700 жилийн сэтгэлгээний хоцрогдолтой харайлгаж явах шив. Тийм жилтэй мэнгэтэй хүмүүс бушуухан тэр сүмд очиж ном уншуулж заслага хийлгэхгүй бол одоохон үхэх гээд байна гэх маягийн зар сонингоор нэг. Үүнээ мөн л шинжлэх ухаанжуулж тайлбарлана.

Монгол хэмээх бие даасан үндэстэн буй болоод их бодож л хоёр мянган жил болж байгаа. Үүнээс цааших ямар ч баримт алга. Англи, орос, испани үндэстэн буй болоод мянган жил болоогүйтэй харьцуулж ч болно, хятад, жүүд, энэтхэг гэсэн 4-5 мянганы урт настай үндэстэнтэй харьцуулбал бас өөр дүгнэлт гарна. Тэгэхээр Бурхан байдаг юм гэж бодоход буй болоогүй монголчуудад 10 мянган жилийн өмнө юугаа захисан байдаг байна? Захисан юм гэж бодоход хаана тэр баримт нь байна?  Урьд нь манайд огт байгаагүй шинжлэх ухааны олон салбар дөнгөж үүсэнгүүтээ мэргэжлийн хүний гэхээсээ луйварчдын гарт орж орлогын хаалга болсны нэг нь социологи юм. Өрнө дорно хаана ч гэсэн сенсаци тарих гэсэн элдэв марзан таамаглал, мунхруулга ховор биш. Зарим нь учиргүй олон хувь хэвлэгдэж борлогдоно. Ялангуяа Нострадамусыг тайлж уншсан тухай ч юм уу эсвэл зурхайн мэрэгийн талаар. Иймэрхүү зүйл зугаа гаргахад зориулагдсан байдаг. Харин энэ нь манайд Англи, Америкийн суут эрдэмтэдийн нээлт, хөдөлшгүй үнэн маягаар орж ирнэ. Үүнийг мөн л голдуу луйврын зорилгоор нэвтрүүлэгч дамжуулагчид нийгэмд хэдийнээ байраа эзэлжээ.

Сүрдүүлэг рэкетээр мөнгө түүгчид геологи, уул уурхай, олон улсын худалдаа, жишиг стандартын талаар давгүй “шинжлэх ухаанжсан”, чих хуурч унамаар юм орилж хашгичих нь галзуугийн больницод ороод ирэв үү гэмээр. Арилжааны зорилгод ч шинжлэх ухаан мөн л нохойд барьдаг мод. Зэрэмдэг хүний нүүр харуулаад нэг тос түрхчихээр шаазан шиг болж байна гэнээ. Тураах, нүүр биеийн гажиг засах элдэв тос түрхлэг, эм тан цаашлаад хорт хавдар элэгний церроз гээд эмчлэхгүй юмгүй. Хүн малласан ийм рекламыг эрүүл газар бол хуулиар хориглодог юм шүү дээ. Зэрэгцээд сүлжээний бизнес гэгч бөөн “шинжлэх ухаан”! Энэ эмийг хийгээд Нобелийн шагнал авцгаасан л гэнэ. Нобель, Гиннэссийн ном гэж нэг хүн сүрдүүлдэг юм гараад ирж. 

Шинжлэх ухааны нэр баригчдад тоо шиг хамаагүй юм байхгүй. Гэтэл тоо л юмны үндсэн баримжааг өгнө. Амьдрал үүсээд 3.6 тэрбум жил, диназавр сөнөөд 65 сая жил болж байгаатай харьцуулахад хомо сапенс гэх ухаант хүн буй болсон ганцхан 100 мянган жил өчүүхэн бага хугацаа. Бүх хүний уугуул үүссэн цэг төв Африк. Бүх хүн төрлөхтөн тэндээс нүүж ирсэн, очсон. Хүн төрлөхтөн нэг гарал угшилтай. Заримыг нь тухайлан онцолж тэнгэр бурхан ивээсэн юм хаана ч байхгүй. Хүмүүс хоорондоо чөлөөтэй нэвтрэлцэх хэл буй болоод ердөө 15-20 мянган жил болжээ. Үндэстэн үүнээс хавьгүй хойно буй болсон. Энэ мэтчилэн шинжлэх ухаан аль хэдийнээ учрыг нь олоод тайлбарлачихсан энгийн үнэнг уул нь дунд сургуулийн программаар ойлгуулдаг юмсан. Луйварчид эдгээр баримжаа авч болохуйц тоонуудыг юу юу болгон донгосч явдагийг анзаараарай л даа.

Үргэлжлэл бий
2008.11.24