Ялгаа
Ичгүүр сонжууртай үйлдэл хийж олонд жигшигдэхийг монгол хүн шившиг гэдэг юм. Шившиг болох шиг адгийн зүйл үгүй. Олонд шившиг, элэг доог болж, хөгөө хөлдөө чирч явсан дор шууд үхчих нь хамаагүй дээр гэдэг философийг амьдралдаа мөрдлөг болгодог ард түмэн бол уг нь монголчууд. Бусдын өмнө нэрээ барж, “баастсан” дор ясаа хугалчихаад өвдөж шаналахын хэцүүг тэсвэрлэж суухыг эрхэмд үздэг ёс суртахуун бол биднийх.
2010 онд Япон улсын Хууль зүйн сайд Янагида албанаасаа огцорч, улмаар Парламентад хэзээ ч сонгогдох нүүргүй болсон юм. Уг нь түүн шиг нэр хүндтэй улстөрч байсангүй. Тэрбээр өөртөө хэт эрдэж, омогшоод нэгэн удаа “Хууль зүйн сайдын алба хялбархан. Тодорхой нэг хэргийг онцлоод байхын шаардлагагүй. Хуульд үндэслэн ерөнхийд нь ханддаг байхад л болоод явчихдаг” гэсэн утгатай мэдэгдэл хийснээсээ болоод олон нийтийн зэвүүцлийг төрүүлчихсэн юм. Япончууд түүнийг хамгийн шударга байх ёстой Хууль зүйн сайдаар ажиллах ёс суртахуунгүй хүн гэж үзээд улмаар огцруулсан бөгөөд мань эр ч тухайн үед хэлсэн үгнийхээ төлөө албаа хаших эрхгүй гэдгээ олон нийтэд мэдэгдэж, хэдэнтээ бөхийн уйлан байж өршөөл хүсч байсан. Түүнд хариуцлага хүлээх ухамсар байсан нь нулимс дуслуулан буруугаа хүлээж байснаас нь харагддаг.
хандсан гэх үндэслэлээр албан тушаалаас нь огцруулахаар
хуралдсаны дараа 2012.05.02
Алдаа хийсэн ч түүнийгээ ухамсарлах ёс суртахуунтай улстөрчидтэй байдгаараа тэд биднээс ялгаатай юм даа. Тэгвэл яг үүнтэй адил төстэй үйл явдал Монголд өрнөсөн ч үр дүн нь тэс өөр байсан билээ. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэгэнтээ Янагидагаас ч илүү эрдэж “Хуулийг орондоо хэвтэж байхдаа ч засчихдаг” хэмээн бардамнасан төдийгүй “... Намайг зайлуулах гэвэл алж байж л зорилгодоо хүрнэ шүү” гэдэг үгийг хүртэл хэлж чадсан нэгэн. Хариуцсан салбарынх нь хүрээнд улс орныг тэр чигт нь нойргүй хонуулсан үйл явдал өрнөж байхад “...Би унтаж байлаа. Юу ч мэдсэнгүй” хэмээн хээвнэг ярьж чадсан хүн гагцхүү Ц.Нямдорж байлаа.
Япончуудын ёс суртахууны хэм хэмжүүрээр бол тэрбээр огцрох нь бүү хэл юм болох байсан биз ээ. Ялгаа гэдэг ийм ажээ. Энд харьцуулсан жишээнд ганцхан Хууль зүйн сайдын нэрийг дурдахдаа түүнтэй адил ёс суртахуунтай олон олон сайд, түшээдийн төлөөлөл болгосноо өчсү. Нэг эрхэм хариуцлагаа ухамсарлан өршөөл эрж бөхийн ахуйд нөгөө эрхэм бахтайяа инээд алдан хэнэг ч үгүй суухын ялгаа их ажээ. Монголд хууль алаг үйлчилдгийн шалтгаан, учир энд бий. Эцэст нь өгүүлэхэд ёс суртахуунтай байна гэдэг өөрийн өмнө болоод бусдын өмнө хүлээсэн хариуцлагаа мэддэг бас мэдэрдэг байх явдал гэдэг. Үүнийгээ мэддэг бас мэдэрдэг хүн хэзээ ч шившигт унадаггүй билээ.