1992 оны гуравдугаар сар. Кёкүшюзан тэргүүтэй зургаан монгол хөвүүн сүмогийн дэвжээн дээр гарснаар монголчууд сүмог шимтэн үзэж, дээд зиндаа, их аварга гэх зэрэг үгсийг хэлцэх болсон билээ. Эдний нэг Кёкүшюзан Д.Батбаяр 2007 он хүртэл макүүчид 54 башё барилдахдаа сүмо бөхөд байдаг 88 мэхнээс 42-ыг нь хийж Waza no depaado буюу монголоор “мэхний их дэлгүүр” гэсэн содон нэр авсан билээ.
Харамсалтай нь, энэ удаад түүний тухай бус Кёкүшюзантай зэрэг шахуу, Монголын улс төрийн дээд зиндаад дэвшиж бас л “мэхний их дэлгүүр” болсон нэгний тухай өгүүлэх гэсэн юм.
Шок

2004 оны зургадугаар сарын 27. УИХ-ын сонгуулийн санал хураалт дууслаа. СЕХ сонгуулийн дүнг албан ёсоор зарлаж чадахгүй удав. Тэд "Сонгуулийн ирц 76,4 хувь байлаа.Урьдчилсан байдлаар МАХН 37, «Эх орон-Ардчилал» эвсэл 35, БНН нэг суудал авч, гурван бие даан нэр дэвшигч ялсан бололтой. Гэхдээ зарим тойргийн дүн нэлээд маргаантай байна” хэмээн мэдээлжээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн нар сандралдаж "сонгуулийн урьдчилсан дүнг хүлээн зөвшөөрөхгүй" гэж яаран мэдэгдэв. Гэвч МАХН 37 биш 36 суудал л авчээ.

“Мэхний их дэлгүүр” 72 суудалтай жаалж байсан намын амжилтыг унагаж, “тавин хувиа ч хийсэнгүй”. Намдаа асуугдах ял, хийсэн хэргүүдийг нь сөхөх өрсөлдөгчийн эрмэлзэл Н.Энхбаярыг гүнзгий шоконд оруулж, цаашид хэрхэх тухайгаа ултай бодоход хүргэжээ. Тэр уснаас хуурай гарах, улс төр дэх амьдралаа уртасгах, хамгийн гол нь, Ерөнхийлөгчийн сэнтийд баараггүй хүрэх зорилго бүхий цуврал сценариа бэлтгэж, 2009 он хүртэл үргэлжлүүлэхээр шийдэв. Түүний бүтээсэн олон ангит “савангийн дуурийн" ихэнхийг бид үзэж, амсаад дүгнэж цэгнэхтэйгээ болоод байна.

Дурсамж

Үндэсний удирдагч дээд зиндаанд орж ирснээсээ хойш Ардчилсан холбоо эвслийн гурван ч Засгийн газрыг цуппаридаж унаган, туршлагажсан нэгэн тул шинэдэх зовлон амссангүй. С.Баярыг Ерөнхий сайдаар томилох тухай асуудал хэлцэх үед Ц.Нямдорж “Монгол Улсын Засгийн газар хүчгүй болоод 10 жилийн нүүр үзэж байна. Энэ ойг бид хэзээ тэмдэглэх юм, бүү мэд. Засгаараа тоглож жүжиглэсээр байгаад засгийг сулруулсан, улс төрийн намуудыг ч сулруулсан” гэж мэдэгдсэн нь чухамдаа “мэхний их дэлгүүр”-ийг зүхсэн үгс байсан юм. Ц.Нямдорж үндэсний удирдагчийг нэг бус удаа илчилж байгаа билээ. Тэгэхээр 10 жилийн турш хийсэн улс төрд хийсэн мэхнүүдийг нь нэхэн санацгаая.

1997 он. Н.Энхбаяр "башё” эхэлсэн хойно УИХ-д нөхөн сонгуулиар орж ирмэгцээ л М.Энхсайханы Засгийн газрыг огцруулах шаардлага тавьсан. Тэр цагт МҮАН дүрэмдээ “намын дарга нь Ерөнхий сайд байна” гэж заалт оруулсныг овжин ашигласан ухааны юм. Ингээд тэр М.Энхсайханыг зайлж гуд татах мэхээр унагалаа.

1998 он. Жил хүрэхгүй хугацааны дараа тэр Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулахаар хөөцөлдөж эхлэв. Шалтгаан нь банкны салбарыг эрүүлжүүлж эхэлснээр Ху намынхны хийсэн хуудуутай ажилбарууд илэрч эхэлсэнд буй. Энэ удаа барьцгүй түлхэж гаргах мэхээр унагалаа.

Бөөн юм болж болж, Ж.Наранцацралтын Засгийн газрыг байгуулав. Талийгаач авлигатай тэмцэх чиглэлд дорвитой алхам хийж эхлэснээр бас л унахад хүрчээ. МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Энхмандах авлига авснаа улайж, намын дарга Н.Энхбаяр нартай 20 мянган ам.долларыг Унгарт хувааж авснаа хүлээснээр авлигын том хэрэг тодорч байсан юм. Н.Энхбаяр сандран Б.Энхмандахыг суллуулахаар хөөцөлдөхийн хамт Ж.Наранцацралтын Засгийн газрыг зайлж унагах ажил эрчимжлээ.

1999 оны долдугаар сарын 15- нд УИХ-ын чуулган дээр МАХН-ын бүлгийн ахлагч Н.Энхбаяр: "- Та бүхний сонорт нэгэн ноцтой баримтыг хүргэх гэж байна. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ж.Наранцацралтаас 1999 оны нэгдүгээр сарын 19-нд ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Ю.Д.Маслюховт он, сар нь засвартай нэгэн захиа явуулжээ. Энэ захиаг Ерөнхий сайд маш яаруу, нууцаар хийсэн бололтой. Энэ захиа "Эрдэнэт"-ийг 240 мянган ам.доллараар худалдаад Монголд оногдох хувиа худалдахад та нар чимээгүй байна шүү гэсэн утгатай байна” гэв. Үүнээс олигтой шалтаг олдсонгүй. “Энэ намайг авлигын хэргээр шоронд хийчих гээд байгаа юм" гэлтэй ч биш.

Дараа нь Н.Энхбаяр нар Ж.Наранцацралтыг хоргоож, "Ерөнхийлөгч Багабанди энэ захидлыг бичүүлсэн" гээд хэлчихвэл огцруулахгүй гэж хүртэл тулгасан байна. Захидал Ерөнхий сайдыг огцруулахад хангалттай баримт болж чадахгүйд хүрэхэд Н.Энхбаяр дараагийн хувилбартаа шилжин танхимын сайд нараар нь огцрох өргөдөл бичүүллээ. Энэ мэхээ хожим нь хоёр ч удаа ашигласан юм.

Дараагийн мэх. Их эвслийн Засгийн газар

2004 он. Н.Энхбаярын “уран бүтээлийн анд” М.Энхсайхан тэр цагт Ардчилсан намын дарга, "Эх орон –Ардчилал" эвслийн сонгуулийн штабын дарга байсан бөгөөд нам болоод эвслийн удирдлагатай зөвлөж, хэлцэлгүйгээр дур мэдэн “эвсч засаглахыг ард түмэн биднээс шаардаж байна” хэмээн мэдэгдсэн нь Н.Энхбаярт мухардлаас гарах гарц гэж үнэмшигджээ. Мухардал нь юунд байв.

Судлаач Д.Ганхуяг МАХН 2000-2004 онд дураараа дургиж байхдаа “Элдэв төрлийн чуулга уулзалтууд, “Алтан сарнай” наадам, үндэсний удирдагчийг 30 төрлөөр оны шилдгээр тодруулах наадам, хамгийн гол нь сонгууль зэрэг арга хэмжээгээр татварын мөнгийг ёстой нэг ховх сордог байлаа. Залуучуудын нэрээр хадгаламж, зээлийн хоршоо байгуулж, мөнгө угаахын зэрэгцээ тэдний ХЗХ -ноос намдаа хандив авдаг гэмт хэргийн пирамид тогтоожээ” гэж бичсэн нь Н.Энхбаярын далд түгшүүрийн үндэс байсан юм. Хэрвээ засаглал дахь нөлөөгөө алдах л юм бол торны цаана суух нь гэсэн айдастаа хөтлөгдсөн Н.Энхбаяр эвслийн Засгийн газар байгуулах санааг яаран зөвшөөрчээ. Ингэхдээ тэр давхар санаа өвөрлөж байсан нь 2005 оны Ерөнхийлөгчийн сонгууль байлаа. Намын амжилтыг бууруулсан гэмийг Д.Идэвхтэнд тохоод, Р.Гончигдоржийн нэрийг татуулаад “хүчгүй маэгэшира” М.Энхсайхантай тулна. Намд нь М.Энхсайханыг дэмжихгүй байх хангалттай шалтгаан бий болгоно. Угсраа олон мэх төлөвлөжээ. Тэгээд эхнээс нь хийв.

Юуны өмнө Т.Очирхүү, Г.Занданшатар нараар "Их эвслийн" гэх нэртэй Засгийн газрыг шинээр байгуулан МАХН-"Эх орон-Ардчилал" эвсэл хамтран засаглах болсон тухай мэдээлэл хийлгэв. Тэр цагт "Эв эеийн Засгийн газар", "Эвслийн Засгийн газар", тэр ч байтугай Израилын жишгээр "Аргагүй байдлын Засгийн газар" ч гэж нэрлэх санал гарч байсан гэнэ.

Их эвслийн Засгийн газрын ажиллах журмыг боловсруулах ажлын хэсгийн гол тохироо нь хоёр хоёр жилээр ээлжлэн Ерөнхий сайдаа томилох байлаа.

2004 оны наймдугаар сарын 20-нд 36 суудалтай МАХН, 34 суудалтай “Эх орон-Ардчилал” эвсэл хамтарсан Засгийн газрыг байгуулж, эхний хоёр жилийн Ерөнхий сайдаар Ц.Элбэгдoржийг томилов.

Ц.Элбэгдoржийн Засгийн газар нийгмийн хөгжлийг боомилж буй авлигын эсрэг шаргуу тэмцсэн.Тэрээр 2005 оны дөрөвдүгээр сарын 8-нд УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр "Бид авлигын учир шалтгаан, эхийг мэдэж, тогтоон авлигыг бульдозeрдoнo" гэж мэдэгдэв. Удалгүй эхний бульдозер хөдлөхөд Гаалийн Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан Х.Баатар болон бусад албан тушаалтанд холбогдох авлигын хэрэг ил гарлаа.

Х.Баатар бол авлига гаарч байсны нэг л илрэл байсан билээ. МАХН-ын дарга асан М.Энхболд тэр цагт "Өнөөдөр" сонинд(2006 оны IX сарын 21) өгсөн ярилцлага үүнийг давхар нотолно.

“М.Энхболд: - Гаалийн даргаар ажиллаж байсан Баатараас сонгуулийн сурталчилгаанд хандив мөнгө авсан гэдэг тэр тодорхойлолт бичгийг манай намын нарийн бичгийн дарга хийж өгсөн юм билээ.

Өнөөдөр: - Уучлаарай, хэн хийж өгсөн гэнэ ээ?

М.Энхболд: - Ё.Отгонбаяр... Би ийм бичиг хийж өгснийг нь мэдээгүй. Надтай ярьж зөвлөөгүй. Отгонбаяр бол надаас өмнө намын удирдлагын бүрэлдэхүүнд орж ажилласан хүн. Тэгэхээр энэ бичиг тодорхойлолтын тухайд өөрөө ярьж тайлбарлах байх аа"

Х.Баатар ч намдаа 100 гаруй сая төгрөгийн “хандив өргөж байснаа” хүлээсэн бөгөөд МАХН-ын удирдлагууд С.Баяр, Ё.Отгонбаяр нар шоронд очиж түүнтэй зөвлөлдсөн байна. Энэ талаар УИХ-ын чуулганы дээр Э.Бат-Үүл асуулга тавьж, нотолсон хариулт авч байсныг уншигчид санаж байгаа байх аа.

Ц.Элбэгдoржийн Засгийн газрын үед авлигатай тэмцэх чиглэлд бодитой алхам хийсний хүчинд Монгол улс АНУ-ын Мянганы хөгжлийн сангаас анх удаа 230 сая ам.долларын тусламж авах эрхийг олж авсан билээ. Одоо энэ мөнгийг “би авч өглөө шүү” гэх маягийн сурталчилгаа хийгээд яваа үндэсний удирдагч тэр цагт Х.Баатарыг баривчилсанд маш их цочирдон авлигыг бульдозердогчийг хугацаанаас нь өмнө унагах сценарийг яаран боловсруулсан юм. Бульдозер чигээрээ явсаар түүний өргөө хүрэх нь тодорхой байсан хэрэг. Тэгэхээр С.Баяр, Ё.Отгонбаяр нар шорон луу биеэрээ очсон нь түүний даалгавар байсан бололтой. Н.Энхбаяр тэднийг шоронгоос эргэж ирэнгүүт л Элбэгээг унагах ажиллагааг эхлүүлсэн байна.

Өмнөхөн нь МАХН-Ардчилсан намтай нэг чухал тохироо хийснийг сануулъя. 2005 оны наймдугаар сард болсон УИХ-ын 65 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАХН ялахын тулд Ц.Элбэгдоржид улс төрийн шахалт үзүүлж "Нэрээ татахгүй бол Их эвслийн Засгийн газрыг унагана" хэмээн тэд заналхийлсэн юм. “Хаан сонголт"-оо авч үлдэхийн тулд Ц.Элбэгдорж тулгалтыг хүлээн авээ. М.Энхболд сонгогчдын 77.8 хувийн үнэмлэхүй санал авав. Ийм үр дүнд хүрэх гэж л МАХН, Ардчилсан намтай Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг хугацаагаа нь дуустал ажиллах нөхцөлийг хангахаар тохирсон юм.

Гэвч Х.Баатарын хэргээс хойш МАХН аашаа хувирган засгийг оролдож эхэлсэн нь Н.Энхбаярын дэглэсэн дараагийн үзэгдлийн угтвар байсан юм.

Дархан мэх. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар

Үндэсний удирдагч дараагийн үзэгдлийн голлон үйлдэгчээр М.Энхсайхан, Б.Эрдэнэбат, М.Энхболд нарыг сонгов. Тэдний албан тушаалын хэнээ нь үзэгдлийг төлөвлөсний дагуу явуулах боломж олгоно гэдгийг тэр сайтар тооцжээ.

2005 оны 12 дугаар сарын 20–нд М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар хавсайдан “Эх орон–Ардчилал" эвслийг тараалаа. Сценари ёсоор бол энэ нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг эрх зүйн чадамжгүй болгох учиртай.

Н.Энхбаяр сурснаараа давхар мэх хийж, 2006 оны нэгдүгээр сарын 11-нд МАХH-ын Удирдах Зөвлөл Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргаж, Засгийн газарт буй гишүүддээ огцрох өргөдлөө өгөхийг тушаав. 2006 оны нэгдүгээр сарын 13-нд Их эвслийн Засгийн газрыг УИХ дахь МАХH-ын гишүүд, Ардчилсан намаас урвасан дөрвөн гишүүний хамтаар огцрууллаа.

М.Энхболдын үед МАХН хэмээх нүсэр аппарат санхүүжилтийн хүндрэлд орж, үйл ажиллагааг нэг удирдлагаар хангах чадамжаа алдсан байна. Шалтгаан нь Н.Энхбаяр Ерөнхийлөгч болмогцоо намынхаа санхүүжилтийн гол цөм, дорвитой хандивлагчдаа дагуулаад гарсанд буй.

М.Энхболд санхүүгийн хүндрэлд орсон, улс төрийн туршлага дутмаг байдал болон хувь хүнийхээ харилцааны чадвар зэргээсээ шалтгаалаад намдаа нөлөөгүй шахам байсан учир арга буюу эзнийхээ эсрэг сэтгэл хуримтлуулж эхэлсэн байна. Н.Энхбаяр түүнийг намын дарга болгосон нь алс хэтийн төлөвлөлттэй, сайтар боловсруулсан сценари байсныг тэр зах зухаас нь ойлгожээ.

Тэжээсэн бяруу тэрэг эвдэх үлгэр болчихоод байгаа М.Энхболдыг Ц.Нямдорж өөгшүүлээд, хажуугаар нь “Ерөнхийлөгчийн засаглалыг би амь насаараа эсэргүүцнэ” ч гэх шиг зүйлс яриад явсан. Ц.Нямдорж УИХ-ын даргын албан тушаалаа “Ерөнхий редакторын” алба гэж андуурч байсан нь Н.Энхбаярт өгөөш болжээ. Түүнийг унагах ажлын гол дүрд ҮХЦ-ийн дарга Ж.Бямбадорж тоглов. “Шударга ёсны төлөө найзыгаа ч алахаас сийхгүй уужим сэтгэлтний” дүр түүнд зохиогүй ч нүдээ аньж байгаад “үстэж унаган” мэхийг гүйцэлдүүлсэн.

Унасан хүн ууртай. Ц.Нямдорж, М.Энхболд нар Үндсэн хуулийн цэц дэх М.Энхсайханы гар хөл П.Очирбатаар дамжуулан Засгийн Газрын гишүүн болсон УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулах асуудалд санал өгөх эрхтэй болгож дөнгөжээ. Н.Энхбаяр туйлын хүнд байдалд оров.

"Мэхний их дэлгүүр" даруй өрөлтөө өөрчилж “Элсний 13” хэмээх масс үзэгдэл найруулав. Засгийн газрыг огцруулах тооны төлөөлөл байхгүй байсан болохоор дархан мэхдээ хувилбар оруулж, МАХН-ын даргаас нь ховхлох юм.

Хариуг нь Д.Одбаяр, М.Сономпил зэрэг Н.Энхбаярын Засгийн газар дахь төлөөллийг "Ми 8"-ын хэрэгт холбогдуулан огцруулах заналхийллээр өглөө. М.Энхболдын гэнэн нь ихдэж, Ц.Нямдоржийн муйхар нь хэтэрснээс тэд үндэсний удирдагчийг “хэцүү байдалд” оруулж чадлаа гэж итгэжээ. Тоглоом дуусах яагаа ч үгүйг “Мэхний их дэлгүүр” л мэдэж байсан юм.

Сүүлчийн мэх. Муу ёрын Засгийн газар 666

13 хэмээх тооноос Ц.Нямдорж сэжиглэж, ширвээж байсан ч “Элсний 13” гэдэг мэх яалт ч үгүй үр дүнгээ өгч, МАХН-ын Бага хурал, улмаар ХХV их хурлыг хуралдуулав. Долоо хоног навс хуралдсан ХХV их хурлын эцсийн зорилго нь Н.Энхбаяр, М.Энхболд хоёрын хэн нь хүчтэйг мэдрүүлэх байсан юм.

Үндэсний удирдагч М.Энхболдыг төөрөгдүүлэн, хүлээлтэд оруулснаар цаг хожиж, улмаар С.Баярыг ховсдож, өөрийн болгоод МАХН-ын даргаар тавив. Энэ башёд “Намын даргыг Ерөнхий сайдаас салгана” гэж анхаарлыг нь сарниулах шинэ мэх орж ирлээ. Америк явахынхаа өмнө М.Энхболдод “Эцсийн мөчид би чамайг л дэмжинэ” гэж хоосон найдлага төрүүлэхээ "мэхний их дэлгүүр" мартсангүй. Харин нисэхийн өмнө С.Баярт “Элсний-13"-аар дамжуулан манай хүмүүс чамайг дэмжинэ. Ерөнхий сайд болсныхоо дараа харин хүн шиг байгаарай” гэж захиж амжжээ.

М.Энхболд гэнэдэж, арга хэмжээ авалгүй суусаар цаг дуусахад л дархан зайлах мэхэнд унаснаа мэдэж хоолой нь зангирав. Далайн чанадаас даамай мэх иржээ. Сурсан юм гэдэг аргагүй л өөр. Сэхээ ороход нь Ерөнхий сайд ч үгүй, намын дарга ч үгүй болгосон байжээ.

С.Баяр Н.Энхбаярын халуун дэмжлэг – 666(!?) төлөөлөгчийн олонхийн саналаар ялснаар Сатаны увидсыг олов. Бүгдийн толгойд С.Баяр Засгийн газраа яаж байгуулах юм болоо гэсэн оньсого эргэлдэнэ. Хариу нь Н.Энхбаярын толгойд л байгаа.

Тодорхой болсон нэг зүйл бий. Тэр муу ёр 666 - Засгийн газарт өөрийн хүмүүсээ ахиухан шургуулна. С.Баяр үгэнд орохгүй бол жолоодох тооны хүмүүс тэнд байх ёстой.

С.Баяр XXV их хурлынхаа үеэр “Ирэх сонгуульд хариуцлагаа дангаараа үүрэхийн тулд М.Энхболдын Засгийн газрыг огцруулж байна" гэж ярьснаасаа буцаж байна. Тэр жижиг намуудтай эвсч Засгийн газраа байгуулаад өөрт ирэх хариуцлагыг тэдэн лүү чихэхээр төлөвлөсөн.

БНН-тай эвсэж болох ч Б.Жаргалсайхан яагаа ч үгүй эрт даам гарч, гурван сайд нэхээд байгаа. Л.Гүндалай сээхэлзэх хэдий ч гайнаас цаашгүй. М.Энхсайхан мөлхөнө. Үндэсний удирдагчаас ханд өгөөгүй, зааварчилга ирээгүй болохоор зүгээр суухаар зүлгэж сууя гэхдээ М.Энхсайхан Ардчилсан нам дахь албан тушаалд нугасгүй этгээдүүдийг шордож үзэв.

Тэдний мэхэнд удаа дараа унаж хаширсан Ардчилсан нам энэ удаа тэсч үлдлээ. Гэвч … эцсийн дүгнэлт хийхэд эрт байна.

Нийтлэлч Баабар саяхан “манай нийгэм нэг л хүнээс хамаарч байна” гэсэн нь улс төр дэх "мэхний их дэлгүүр"-ийг л хэлсэн хэрэг. Түүний мэхэнд нийтээрээ унадаг монголчууд Засгийн газар байгуулагдахыг хүлээх зуур савангийн дуурь триллер болон хувирч байна.

"Мэхний их дэлгүүр" дээд зиндааны улс төрд үзэж байхдаа таван Засгийн газрыг сүйрүүлжээ. Ийм амжилт дэлхийд ч ховорхон буй заа.