Сонгуулийн өмнө Ардчилсан нам урьд урьдаасаа илүү эв нэгдэлтэй байна. Уг нь энэ олон фракцтай нам өмнөхөөсөө илүү үймж сүйд болно гэж өрсөлдөгчид нь харж байсан. Гэтэл бүр эсрэгээр “Монгол хүн-2020” хөтөлбөрөө боловсруулахад бүх фракцынхан нь оролцоод санаа оноогоо ярьж, намын мөрийн хөтөлбөртөө тусгах зүйлээ тохироод, зорилго нь ойлгомжтой, ширээ тойроод сууж байна лээ. Өнгөрсөн Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар ч Ардчилсан нам дангаараа сонгуульд оролцоно гэж дуу нэгтэй баталж байгаа юм. Тэд “Бид нэг цул байж сонгуульд орвол ялна” гэдгээ ясандаа тултал ойлгочихож. Жагсаалтад ч фракцуудын төлөөллүүдээс жигдхэн оруулж өгсөн байгаа нь ажиглагдсан. Энэ нь МАН-аас их ялгаатай  харагдаад байгаа юм.



МАН-д албан ёсны фракц төрнө гэдэг ойлголт угаас байхгүй. Хэн нэгэнтэй хамааралтай, сэм хуйвалдаж, тохирох бүлэглэлүүд бий ч үүнийгээ ил байлгахаас үхтлээ айцгаадаг. Үүний нэг жишээ нь намынхаа болохгүй, бүтэхгүйг шүүмжилсэн Ч.Улаан, Д.Тэрбишдагва тэргүүтнийг “Соёмбо” нэртэй фракц байгуулах сургаар яаж хандлаа. Угаас тэднийг үзэл бодлоо илэрхийлэхэд нь энэ мэт хүлээж авахгүй ад шоо үзээд байхаар  нөгөөдүүл нь арга ядаад өөр нам руу явцгаалаа. Араас нь “Манай нам цэвэрлэгдлээ” гэж намын ерөнхий нарийн бичгийн дарга нь хэлээд сууж байх жишээний. Ингээд л сэвтсэн нам нь хагарч, бутраад эхэлж байгаа юм. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нам доторх иймэрхүү асуудлыг ухаанаар залж, эв нэгдлээ хадгалж ирэв. Асуудалд тууштай шударга, эвийг эрхэмлэсний ачаар нам дотор үүсч байсан олон асуудлыг эмхэнд оруулж чадаж байна.

МАН-д өмнө нь “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” хэмээх албан ёсны жигүүр байсан ч мөн л цавчаад хаясан. Хариуд нь юу болов гэвэл нөгөөдүүл нь МАХН  болоод явчихлаа. Нөгөө л коммунист зангаараа өөрөөсөө өөр хүний үзэл бодлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй, бүгд бие биенийхээ идсэн уусан, авсан өгснийг андахгүй учраас эрх мэдэлтэй нь эрх мэдэлгүйгээ барьцаалдаг ийм л байдал үүсээд байгаа юм.

Ер нь дэлхийн жишгээр бол фракцуудыг хүлээн зөвшөөрч байж нам оршин тогтнодог аж. Энэ нь эрүүл байгаагийн шинж. Нам дотор ч хэсэг бүлгээрээ санаа бодол нийлвэл эвлэлдэн нэгдэх эрхтэй. Энэ эрхээ эдэлж л байгаа хэрэг. Нэг байгууллага, анги хамт олонд ч үзэл бодол, сонирхол, өөр олон зүйлээрээ нэгдэж анд найз болцгоох нь бий. Тэд зовлон, жаргалаа хуваалцдаг. Алдаа оноогоо шүүдэг. Биесийнхээ хүсэл сонирхлыг нь сонсдог. Нэгийгээ өмгөөлж хамгаалдаг, дэмждэг. Энэ нь  нэг их хааж боогоод байх зүйл биш, жам ёсных. Фракц бол нам доторх  ийм л үзэгдэл. АН-ын  удирдлагууд  фракцын дарга нартайгаа ярилцаад л асуудлаа шийдээд болж байна. Чингэс хааны үед ч аравт, зуут, мянгат, түмт гэж цэрэг, засаг захиргааны нэгжтэй  байсан. Тэглээ гээд задарч бутраагүй, нэг гар дор зангидагдаад болоод байсан байгаа юм. Чингэс хаан тэр олон мянган цэргийнхээ нэг бүрийнх нь үгийг сонсоно гээд хэдэн мянгаар нь жагсаагаад дуудна гэж байхгүй. Тэдний дундаасаа лидер нь болсон, тэднийгээ төлөөлж чаддаг жанжин, өрлөг, мянгат,  түмтийн ноёдтой л харьцдаг юм байгаа биз дээ. Орчин үеийн улс төрийн намынхаар бол намын дарга фракцуудын удирдагатайгаа  уулзаж цаадуулынх нь  санаа оноог давхар сонсож байгаатай л адил юм уу даа. Жишээ нь Н.Алтанхуяг “Алтан гадас”-ынхаа учрыг өөрөө олчих биз. Тэрээр МоАХ-тай тохирохын тулд Х.Баттулгатай, МҮДН–тай ойлголцохын  тулд Р.Амаржаргалтай, “Мөнх тэнгэр”-тэй ярихын тулд Б.Батбаатартай, “Шонхор”-ыг мэдэхийн тулд З.Энхболдтой уулзахад л хангалттай ш дээ. Энэ тав бол АН-д зарлагдсан албан ёсны фракц. Харин Зүүн хойд ази, Нэг ардчилал, Кроун албан ёсоор зарлагдаагүй ч фракцад тооцогдоод явдаг. Энэ мэтчилэн найман фракцтайгаа учраа олоод эвтэй найртай явж болдог л юм байна. Сонгууль хаяанд ирчихээд байхад МАН шиг сэвтэж, хагаралгүй, энэ л янзаараа байвал ялалтын хөгжим эгшиглэж л таараа.