Эцгийгээ хүү нь алж гэнэ. Согтуу нөхөр нь эхнэрээ хутгалж алж гэнэ. Бяцхан жаалууд архи ууж нас барж гэнэ. Тэр жаалын ээж нь архичин гэнэ. Согтуу жолооч хүүхэд дайрч алж гэнэ. Ээжийгээ согтуудаа аймшигтайгаар хороож гэнэ. Өдөр бүр эцэс төгсгөлгүй архинаас үүдэлтэй, согтуугийн балгаар үйлдсэн  сэтгэл сэрхийлгэм гэмт хэргийн аймшигт мэдээллүүд сонстож байна.

Эцгийгээ алсан арван тавтай хүүгийн тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа гарсны дараа манай редакц руу нэгэн хүн утас цохиж” Нэг ч гэсэн архичинг хорвоогоос явуулсан нэхийтэй хүүг  баатар цолоор шагная” гэлээ. Арай ч дэндэнэ ээ.  Тэр магадгүй “Хаврын хүмүүс”-ийн нэг байх.  Цэцэг ногоо хөрснөөсөө өндийж, ичигсэд хөдлөх цагаар нэг иймэрхүү хөөрсөн хүмүүс  хаа сайгүй болчихдог юм. Гэхдээ түүний үгэнд архичныг үзэн ядах сэтгэл байгааг харин  ойлгож болох.   

Эцгийгээ алсан үрийг шагнах нь байтугай шийтгэх хэрэгтэй.  Энэ бол аймшигт нүгэл. Гэвч  архинаас болж үрээ, ханиа амьдын тамд унагаж, амьд үхдэл болгожээ, тэр эр.   Монголд ийм айл зөндөө.

Зарим  нь айл гэрийн өрхийн тэргүүн болсон ч  өөрөө ажил хийхгүй мөртлөө  амьдрах гэж өөрийг нь тэжээж яваа эхнэрээ, өсч өндийж, амьдралыг  зах зухаас нь гадарлах болсон хүүхдүүдээ архичин эцэг нь байнга зовоож байжээ. Эхнэр хүүхдээ тэсвэрлэхийн аргагүй болтол хорон үгээр утдаг байж. Залуу байхдаа эхнэрээ барьж зодоод байсан гэнэ. Хөвгүүд нь том болсон болохоор барьж балбахаа байсан ч тэсэхийн аргагүй муухай үгээрээ тэднийг байнга сийчдэг байж.  Ингээд хүү тэсвэрлэж дийлсэнгүй.     Эцэг нь үхэж, хүү нь шоронд явахдаа тултал сүйрэлд хүрсэн айл ганц эднийх биш. Олон айл архины балгаар гэрт байдаг архичныхаа балгаар там шиг амьдралыг өнгөрүүлж байгаа.  Бид мэднэ дээ. Танайд   биш гэхэд хамаатан садан, танил найз нөхөд чинь архинаас болж зовж байгааг хардаг.



Тэсч тэвчихийн аргагүй болоод л тэр хүү хутга шүүрсэн байх. Хүүдээ алуулсан тэр эр өмнө нь шорон оронд орж явсан нэгэн гэнэ. Гарч ирээд олигтой ажил төрөл хийсэнгүй архи ууж л явж ирсэн бололтой.  Ирээд зүгээр байхгүй, ар гэрийнхээ тарчлаадаг байж.  Арван хэдхэн настай жаахан  хүү энэ зовлон дэндүү их санагджээ. Гэрийнхээ хойморыг дүүргэн, үрийнхээ инээхийг харж, ханийнхаа хайрыг амсч дүнхийн суух насандаа аав нь аав шиг байж чадсангүйнхээ үйлийн үрэндээ унаж, үрийнхээ гарт амь үрэгдлээ. Хорвоо гэдэг хатуудаа хатуу. 

Хөвүүд нь эхийнхээ зүрхийг зүсэн архи уун, агсам тавьж, адаг сүүлд нь шоронд явна. Ингэж эхийгээ  амьдаар нь тамлана. Хөөрхий ээж нь архичин, алуурчин байсан ч эцсийн амьсгалаа  тасартал энэрэх сэтгэлгүй үрээ гэсээр дуусдаг. Нуган үр төрүүллээ гэж баярлаж явсан ээж нь насны эцэст үрийнхээ тарьсан зовлонд тарчилсаар хорвоог орхиж байна.

Ийм бараан мэдээ сонсоод нийгэм цочирдохоо болтол аймшигт хэргүүд гарсаар байна. Эцгээ алсан хүүг өмөөрөх гэсэнгүй. Ертөнц дээр ганц амьдрахдаа хүнээс илүү  биш байлаа гэхэд хүнтэй адил амьдарч болох байлаа. Архи хэмээх гашуун хар усанд  толгойгоо мэдүүлсэн эцэг нь харин энэ бүхний суурийг тавьжээ. Үхэгсэдийн хойноос муу үг унагадаггүй монгол зан бий ч архи гэдэг гашуун хар ус Монгол Улсыг тэр чигт нь сүйрүүлж, нялх хүүхдийг алуурчин болгочихлоо. Тэр өөрөө хүүгийнхээ гарт амиа алдаад зогссонгүй, хүүгээ алуурчин болгож насаар нь амьдралыг нь бараан сүүдрээр хучаад явчихлаа.

 Хар тамхи татсан хүмүүсийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг. Хатуу ял оноодог. Архи гэдэг хөлгүй далай Монголын эмгэнэл болж, Монгол Улс тэр далайд нялх жаахан хүүхдээсээ эхлээд ная гарсан нь ч живж байна. Архин далайн энэ их эргүүлэг улс орныг ч сүйрэл рүү нь хөтөлж байна.

Манай сонин руу ная гарсан буурай ирж хандаж байлаа. “Нас дээр гарсан хойноо аяга цай хуваах хүнтэй боллоо гээд баярлаж суусан биш энэ хүний гарт үрэгдэх нь” гээд явж байсан удаатай. Эхнэр нь архи уудаг болоод удаж байгаа аж. Энэ дүр зураг Монголын айл өрх бүрт нүүрлэлээ.

Гэр бүлээ ийм архичид амьд үхдэл болгож, үр хүүхдээ үзэн ядах сэтгэлээр дүүргэжээ.  Архичин  хүн аль  хэдийнэ ар гэрийнхнээ амьдаар нь  алчихсан байдаг. Гэр бүл гэдэг нийгмийн үндэс. Нэг айлын өнгө төрх нийгмийн өнгө төрхийг илтгэж байгаа юм.

Увайгүй архичид эрүүл хүмүүсийг гудамжинд  айлгаж, охид хүүхнүүдийн хормой хотыг татаж чангаах бол байдаг л үзэгдэл мэт болжээ. Бүсгүй дэмий л ичиж, эвгүйрхэхээс  түүний эрх зөрчигдөж байгааг хэн ч тоохгүй.

Архичид  улс төрчдийн увайгүй хэрүүл хоёр улс оронд нүүрлэж байна. Архичид нь гэр бүлээ сүйрүүлж, улс төрчид нь улс орныг сүйрүүлж байна. Тэд нийгмийг үзэн ядах сэтгэлгээтэй болгож байна. 

Улс төрчид нь өөрөө идэж уудаг хэрнээ ичүүргүйгээр нөгөө нэгийгээ  зүхнэ. Үнэн хэрэгтээ хэрээ хэрээнийхээ харыг гайхна, хулгайч хулгайчийг бариарай гэдэг шиг л тэд жүжиглэх нь тарчлаантай.  Адилхан идэгсэдийн хэнийг нь сайн, хэнийг нь муу гэх юм.

Энэ бүх тарчлаан нийгмийг тэр аяар нь амьдралд итгэх итгэлгүй болгож  байсхийгээд л хүмүүс амиа хорлох болж  арван хэдтэй жаахан хүүхдүүд хүртэл амиа хорлох нь энгийн юм шиг болжээ.

Цэрэгт явах эр хүн, гал асаах бэр байхгүй болох нь, энэ янзаараа. Монголоо аваръя гэвэл архинаас л салж амармаар байна.  Төр нь төр шиг байж архины эсрэг томоохон бодлого боловсруулах хэрэгтэй болжээ. Түүнээс биш  хорин нэгэн мянга хэмээх архины мөнгөөр  иргэдээ хордуулаад суух нь эмгэнэл шүү, эмгэнэл.