Монгол хэлний тайлбар толь
Монгол хэлний “толь” гэсэн үг юунаас үүссэнийг мэдэхгүй. Дүрс хардаг шилэн толь гэсэн үгтэй дүйцүүлж элдвийг лавладаг номыг толь гэсэн болов уу, эсвэл эсрэгээр үү? Толигор гэж үг бий, үүнээс үүдээд дүрс хардагийг толь гэж нэрлэх болсон байх магадлалтай.
Монгол хэлний “толь” гэсэн үг юунаас үүссэнийг мэдэхгүй. Дүрс хардаг шилэн толь гэсэн үгтэй дүйцүүлж элдвийг лавладаг номыг толь гэсэн болов уу, эсвэл эсрэгээр үү? Толигор гэж үг бий, үүнээс үүдээд дүрс хардагийг толь гэж нэрлэх болсон байх магадлалтай. Юутай ч дөнгөж сая Сингапурт хэвлэгдээд ирсэн Монгол хэлний зурагт тайлбар толь-д “ТОЛЬ – Гэрэл ойлгож дүрс буцаан харуулах зориулалттай, өнгөлсөн шилэн гадаргуу” гэж тайлбарлаад зургийг нь тавьжээ. Үүнтэй адил нэрлэгддэг лавлагааны цаасан номыг ялгахын тулд “толь бичиг” гэх авч амьдралд товчхоноор “толь” л гэдэг. “Толь бичгийг толь бичигт тайлбарлахдаа “ТОЛЬ – Үгсийг цэгцлэн толгойлж товч мэдээлэл, тайлбар хийсэн ном. Нэрээр болон сэдвээр толгойлдог. Хэлний ба нэвтэрхий хэмээн хоёр үндсэн зарчимд тулгуурлана. Компютэр технологи хөгжсөний дүнд цахим болон онлайн толь сүүлийн үед бас буй болжээ”.
Монголчууд түүхийн явцдаа олон ягкын толь бүтээжээ. Таван зүйлийн үсгээр хавсрагасан манж толь зэрэг хэлний толиноос гадна, Гучин зургаат, Хорин нэгт гээд тайлбар толиуд бий. Ялангуяа төвдийн буддизм нэвтэрснээс хойш төвд, энэтхэг, хятадын толь зүйн соёл хүчтэй нэвтэрчорчуулахаас гадна өөрсдөө ч үйлдэх болов. Үүний оргил нь болох Ганжуур, Данжуур зэрэг Буддизмын нэвтэрхий толийг Лигдэн хааны үед олон ботиор хэвлэсэн явдал билээ. Ганжуур бол үгийг тайлбар гэсэн төвд үг ба энэхүү 108 ботид шашин, гүн ухаан, түүх, логик, анагаах, хэлзүй гэх мэтийн асуудлыг хамруулжээ. Тодотгол гэсэн утгатай Данжуур хэмээх 225 боть ном нь Ганжуурын тайлбар тодотгол юм. Энэ аварга бүтээлийг монгол хэлнээ орчуулахын өмнө нэршил, дараалал, логик зэргээ монгол хэлнээ цэгцлэн нэг мөр болгохын тулд Мэргэд гарахын орон хэмээх хэлний толийг монгол эрдэмдэт бүтээсэн байна.
Орчин үеийн өрнөдийн хэлбэрээр монгол толь зохиох ажлыг анхлан оросууд хийж эхэлсэн бололтой. XIX зууны эцсээр гарсан Франц-Орос-Монгол толь, 1934 онд хэвлэгдсэн Бурятско-Руский словарь, 1957 онд Шведэд хэвлэгдсэн Англи-Монгол, Монгол-Англи толь зэрэг нь анхдагч бололтой. Дамдинсүрэнгийн Орос Монгол толь, Лувсандэндэвийн Монгол Орос толь нь орчин цагийн монголчуудын бүтээсэн эхний хоёр хэлний толь юм. Үүний зэрэгцээ Гадаад үгийн, Эсрэг утгата үгийн, Хүний нэрийн, Өвөрмөц хэллэгийн гэх мэт нэлээд бүтээл гарчээ. 1990 оноос хойш хоёр хэлний маш олон төрлийн хэлний толь зохиогдон хэвлэгджээ. Урьд нь англи, хятад, орос хэлний монгол толь л байсан бол эдүүгээ түрэг, япон, солонгос, франц, герман гэх мэт хэл болгоны толь зохиогдсон байна. Үүнээс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Оксфордын Англи Монгол толь, Коллинзын Англи Монгол толь, Коллинзын Орос Монгол толь, Лангэншайдтын Герман Монгол толь нь олон улсын жишигт хүрсэн бүтээл юм.
Шинэ үеийн сэдэвчилсэн толь буюу нэвтэрхий толь бүтээх санаа анхлан 1970 онд гарч эхний редакцид 200 орчим эрдэмтэдийг хамруулан Төв номын сангийн өмнө Сталины хөшөөг бүчээд бүгдээр зургаа авахуулж байсан нь гэрэл зурагт үлджээ. Энэ толь арай гэж гуч гаруй жилийн дараа хоёр боть болон гарахдаа оролцож байсан нэгэн албан тушаалтны зохиол бүтээл болж хэвлэгдсэн юм. Улсын асар их мөнгө шингээсэн энэ ном одоо үеийн байтугай хэдэн зуун жилийн өмнөх толины шаардлагыг ч хангах аргагүй. Энэ хооронд Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь хэл үггүй гарч хэд дахин хэвлэгдсэн. 2010 онд Британника нэвтэрхий толины монгол хувилбар найман ботиор хэвлэгдсэн нь монгол хэлээр гарсан жишгийн бүтээл болж чадсан. Энэ нэвтэрхий тольд Монголын түүх, газарзүй, хүмүүс, соёл, урлаг, засаг захиргаа зэргийг багтаасан гурван мянга орчим толгой үг оруулснаар анхны иж бүрэн монгол дэлгэрэнгүй нэвтэрхий толь болж чадлаа.
Монгол хэлний орчин цагийн тайлбар толь бүтээх анхны оролдлогыг Шагж хийсэн юм. Харин хожим жараад оны үед Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар толь нь өнөө үеийн шаардлага хангахуйц дажгүй бүтээл болсон ба түүнээс хойш хагас зууны турш өнөө хүртэл бараг энэ төрлийн бараг цор ганц хэрэглэгдэхүүн болсоор явна.
Олон улсад зурагт номоороо алдартай QA International компанитай хамтран Өврийн зурагт монгол-англи толь, Таван хэлний зурагт толь, Халаасны зурагт монгол-англи, монгол-орос, монгол–солонгос, монгол-хятад толь номуудыг хэвлүүлсэн НЭПКО хэвлэлийн газрын хамт олон бид энэ удаад Монгол хэлний тайлбар толь хэмээх бүтээлийг уншигч танаа өргөн барьж байна.
Толины үндэс нь QA International компанийн Visual Dictionary with Definitions бөгөөд Британника хэвлэлийн компаний тайлбар сэлтэт тулгуурлав. 6,000 гаруй өнгөт зураг дээр 20,000 гаруй үгийг монгол болон англиар хадмалдан бичиж, доор нь монгол тайлбарыг нь хавсаргасан болно. Ийнхүү толь ашиглагч тухайн зүйлийнхээ зураг дүрсийг үзэн таньж монгол, англиар нэршлийг нь тогтоохын зэрэгцээ тайлбарыг нь уншиж утга учрыг нь улам тодруулах ач холбогдолтой юм. Тиймээс энэхүү толийг нэршлийн, улмаар нэвтэрхий толийн чанартай монгол хэлний тайлбар толь гэж үзэж болох билээ.
Монгол нэршлийн сан болон тайлбарыг хэлний мэргэжилтэн, янз бүрийн салбарын эрдэмтэн судлаач, түүнчлэн жирийн ард иргэд оролцон бүрдүүллээ. Ийм учраас тус толь мэргэжлийн явцуу хүрээний нэр томьёо гэхээс илүүтэйгээр бичгийн болон ярианы хэлэнд гарч буй хөгжил дэвшил, шинэ үзэгдлийн гэрч болж байна. Энэхүү толь бичигт биднийг хүрээлэн буй бодит шинж чанартай эд юмс тусгагдсан бөгөөд хүнийг өнөөгийн технологийн эрин үеийн иж бүрдлийн нэгээхэн хэсэг гэж харуулах зорилготой юм.
Нийтэд хүртээлтэй байлгах үүднээс ойлгомжтой зохиогдсон уг толь бичиг хүн бүрийн хэрэгцээг хангахуйц, энгийнээс эхлээд нарийн мэргэжлийн нэр томьёог хүртэл товч тодорхой илэрхийлэн тайлбарласан онцлогтой. Түүнчлэн үл мэдэх ухагдахууныг эрж хайх, ижил төстэй үгийг харьцуулах, дэлгэрэнгүй тайлбарыг үзэх, нэмэлт материалтай танилцах зэрэг олон боломжийг багтаасан давуу талтай.
Мэдээллийн багтаамжийн хувьд энгийнээс нарийн руу, хийсвэрээс тодорхой руу гүнзгийрэх байдлаар бүлэг-дэдбүлэг-гарчиг-зураг-нэршил-тайлбар гэсэн зарчмаар зохиогджээ. Алс огторгуйн галактик, атомын цахилгаан станцаас авахуулаад оёдлын зүү, сэрээний шүд хүртэл бүхий л сэдвийг хамарсан 17 бүлэгтэй. Тэдгээр бүлгээ тухай бүр дэд бүлгүүдэд, жишээлбэл, дэлхий гэсэн бүлгийг хамаарал бүхий газарзүй, геологи, хэмжилзүй, хүрээлэн байгаа орчин гэх мэтээр хуваасан болно. Зарим амьтан, ургамлыг бие эрхтэнээр нь, машин тоног төхөөрөмжийг эд ангиудаар нь, спортын төрлийг багийн болон талбайн зохион байгуулалтаар нь ширхэгчлэн задлан тайлбарлаж, тус бүрийн онцлог шинжийг өнгөт зургаар тодорхой гаргасан тул танин мэдэхүйн асар их ач холбогдолтой юм. Толинд байгаа өнгөт зураг нь тухайн биет, юм үзэгдлийг нарийвчлан үзүүлж, гол шинж тэмдгүүдийг тод томруун харуулна.
Ердийн тайлбар толинд жишээ нь “Хундага” гэсэн үг нэг л байх ба үүнийгээ алив архи дарсыг уухад хэрэглэх сав гэж тайлбарлана. Тэгвэл энэ толинд 15 янзын хундага зурагтайгаа тайлбартайгаа буй. Бүргүнд дарсны хундага – Голчлон бүргүнд дарсанд зориулсан урт иштэй хундага. Дарсыг дээд зэргээр исэлдүүлэх үүднээс өргөн амсартай байдаг. Бордоны хундага – Бордо дарс уухад зориулсан алтанзул цэцгийн хэлбэртэй хундага. Сэнгэнэсэн үнэрийг нь тогтоох үүднээс амсар хэсгээрээ яльгүй нарийссан байдаг. Гэх мэт. Эсвэл 24 янз зах зурагтайгаа буйд: Коларэт зах – Даашинзны захыг чимэх хуниастай эсвэл нугаларсан тансаг даавуу. Хэлбэр нь үеэс үед хувиран өөрчлөгдөж ирсэн. Битүү зах - Өндөр босоо нугалмал зах. Голдуу хүзүү барьсан байх бөгөөд товч болон цахилгаан байхгүй. Ердийн суудлын машины гадаад хэлбэрийг 30 орчим хэсэгт, дотоод хэсгийг мөн 30 хэсэгт, моторыг тусад нь 30 хэсэгт хуваагаад ямар үүрэг зориулттайг нь товчхан зурагтайгаар тайлбарлажээ. Үүнээ цаашлуулаад дугуй, хяналтын самбар, сандал зэргиийг задлан тайлбарласан ба зөвхөн шил арчигчийг гэхэд туузан хаймар, арчигч хаймар, бэхлэгч, пүрш, гар, эргэгч холбоос гэж задлан тус бүрийн үүргийг ганц ганц өгүүлбэрээр тайлбарлажээ. Дэлгүүр, эмнэлэг, уурхай, спортын цогцолбор зэргийг нарийвчлан задалж тайлбарлахад ямар их олон салаа гарна гэж санана. Толийг Сингапурт хэвлүүлсэн, туйлын өнгө үзэмжтэй, нийт мянга орчим хуудастай, нөр их хөдөлмөр орсон, өдгөө Монголдоо өөр хувилбар үгүй цор ганц бүтээл. Толь зохиоход олон мэргэжлийн хүмүүс оролцсон ч ерөнхийд нь базан цэгцэлсэн Ерөнхий редактор нь Доржпаламын Хүрэлхүү хэмээх залуу болой. Ийм дэлгэрэнгүй танин мэдэхүйн лавлагаа нь айл бүрд байж, хүүхэд хөгшидгүй сонирхсон, хэрэг болсон зүйлээ зурагаар дамжуулан тайлбарлуулж үзэж харж байх нь мэргэжлийн талаасаа ч, амьдралын өнөөгийн шаардлагаас ч, ерөөс эргэн тойрноо таньж ухаарах талаасаа ч хэрэгтэй дээ, хэрэгтэй. Хийсэн бүтээлээ борлуулах гэж рекламдах нэг хэрэг, нийтээрээ улам илүү танин мэдэж оюунаа тэлэх, аль болох бага омгойтдог болж соёлжих нь бүр чухал тустай хэрэг.
2015.7.2