“Ярилцъя” буланд маань өнөөдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа уригдсан юм. Түүний яриа сэтгэлд хургачихаад хэдэн өдөр гарахгүй байв. Уншигч танд бас л ямар нэгэн хүчтэй нөлөө үзүүлэх вий. Үнэн, халуун болгон ер нь тэгдэг шүү дээ. 

-МАН-ын 10-аад Засаг дарга шалгагдаж байна. Адилхан АН-ын Засаг даргыг шалгах хэрэгтэй, жишээ нь  Өмнөговийн Бадраа гэж дур зоргоороо туйлсан нөхөр байна. Энэ хүн бол заавал шалгагдах ёстой гэмтэн гэсэн сурталчилгаа хэсэг явлаа л даа. Таныг онилсон ийм яриа яагаад ингэж барин тавин яригдах болов оо?

-Ерөнхийдөө сонгууль дөхөхөөр иймэрхүү уур амьсгал ордог гэдгийг та ч мэднэ, би ч мэднэ шүү дээ.

-Тийм л дээ. Нэг талыг барьсан, шууд татаж барьцалдсан яриа гэдэг нь тэртээ тэргүй танигдаж байна. Гэхдээ энэ төвшинд хүртэл сонгогдож хэлэгдэхээр таныг хэвлэлийнхэн бид сонирхож сонжих нь зүйн хэрэг шүү дээ?

-Сонгуулиас сонгуулийн хооронд л, дөрвөн жилийн мөчлөгөөр л манай монголчууд амьдардаг болчихоод байгаа. Нэгэнт улс орныг нөмөрсөн ийм уур амьсгал хэт хавтгайрчихсан энэ үед би өөрөө өөрийгөө яриад, өөрийгөө өмөрөөд, би ийм цагаан, ариухан, ингэж хийж бүтээж байгаа, тэгж байгаа гэж ярих сонирхол алга.

-Юутай ч уулзсаных, цээжээ уудалж сайхан ярилцахад буруу нь юу байхав. Хоёулаа жаахан яръя гэж бодож байна?

-Нэгэнт та ингэж байгаа бол ярьж бололгүй яахав. Би гэхдээ сонин хэвлэлээр гараад давхиад байх хүсэлтэй хүн биш. Тэр талын туршлага ч муутай шүү. Зүгээр ганц зүйлийг хэлэхэд Өмнөговьд өмнө нь олон л дарга нар байсан байх. Ямар ч байсан бүрэн эрхийнхээ хугацаанд цахилгаан станц бариулсан, махны  үйлдвэр бариулсан, урлаг спортын том цогцолбор бариулж байгаа, 120 айлын орон сууц барьсан, 20-иод километр зам тавьсан нь хэд бол. Өөр бусад ажлуудыг ч бид хийсэн. Би зөвхөн Даланзадгадад хийгдсэн ажлыг ярьж байгаа юм шүү. Бусад сумдад хийгдсэн ажлууд орон нутгийн төсвийн мөнгөөр хийгдсэн. Давтан хэлэхэд энэ бол би биш бидний хийсэн ажил юм. Ийм ажил хийсэн засаг дарга бол тийм олон байхгүй биз дээ гэж зарим хүмүүс надад урам өгч л байдаг юм. Дэндүү бас нэгнийгээ юм хийх гээд оролдож байхад нөгөө талаас нь харлуулах гэж зүтгэж байгаа нь манайхны ёс зүйн хоцрогдол л юм даа.

-Ер нь хяналт шалгалтын газруудаас дуудагдаад, шалгагдаад байгаа юм байна уу?


-Дуудагдаад шалгагдаад байгаа юм алга. Бадраа төсвийн мөнгө хөрөнгө рүү хуруу гараа явуулж гэнэ. Идсэн уусан байна гээд хуулийн байгууллагын зүгээс дуудаад шалгасан юм байхгүй. Энэ дээр бол ард иргэдийг төөрөлдүүлээд, яахав. Миний өөрийнхөө хэмжээнд авсан мэдээллээр бол Өмнөговьд санаархсан улс төрийн хүчний зарим нэг хүмүүс энэ албан тушаалыг ямар ч үнээр хамаагүй авахын тулд элдэв зохисгүй ажиллагаа явуулж байх шиг байна. Бадраа гэж энэ  нөхрийн хийсэн бүтээсэн болгоныг харлуулах зорилгоор зохион байгуулалттай хэдэн хүмүүс ажиллаж байгаа. Тэднийг энэ удаа нэр усыг нь хэлээд яахав. Өөрийхөө хэмжээнд бол би мэдээлэл авсан. Ард түмний тархийг тийм башир юмаар угаагаад зорьсон зорилгодоо хүрнэ гэж бодож байвал хэтэрхий гэнэн хэрэг болох биз дээ. Өмнөговьд ганц тоосгоны булан бариагүй хүмүүс өнөөдөр гэнэт зохиомлоор санаа зовоод уналаа.  Улс төр хийж сүрхий юм ярьж байгаад, хүний хийсэн бүтээсэн болгоныг  харлуулж байгаад, өөрсдөө улс төрийн төвцанд гарч ирнэ гэж байгаа бол тийм юм байхгүй гэж би шууд хэлнэ.

-Завханы нэг нөхөр суучихсан хэвлэлийн бага хурал хийж байхыг харсан. Тэр саяны ажлуудын нэг хэсэг үү. Өөр юм байна уу?

-Хүн бол хорвоо дээр алдаа оноо янз янзын юмтай л амьдардаг. Өндөг шиг цагаан тагтаа гэж өөрийгөө би магтахгүй. Намайг бол янз янзаар хэлсэн, энд тэндгүй ярьсан. Би тэвчээртэй өнгөрөөсөн. Тэртэй тэргүй ард иргэд мэдэж байгаа юм чинь тэр болгонд хариу тайлбар хийж яах юм. Харин ч тэд дэндүү хүнийг гүтгэсэндээ, дэндүү хүн доромжилсондоо одоо дотроо ичиж зовж байгаа байх. Эргээд ард иргэд нь  яагаад хийж бүтээгээд явж байгаа хүнийг ингэдэг юм бол гээд өмгөөлж хамгаалж байна. Монголчууд бие биенээ өмөөрдөг. Нөгөө нөхдүүд маань өөрсдийн хийсэн зүйлээсээ болоод эвгүй л байдалд орж байх шиг байна. Дэндүү муухай улс төр болж байна даа л гэж бодоод орхиод байсан чинь саяын өөрийн чинь ярьж байгаа хэвлэлийн бага хурлыг хийсэн. “Өмнөговь аймгийн иргэд Засаг даргынхаа санхүүгийн булхайтай үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ” гэж ирээд зарласан. Таны асуусан хүмүүсийн нэг нь болохоор Өмнөговь аймагт ажиллаж амьдарч байсан, хуучнаар МХЗЭ-ийн хороо гэж байхад улс төрийн алба билүү албан тушаал хашиж байгаад, хэдэн жил сураггүй байж байгаад гарч ирж байгаа хүн. Харин гэр бүлийн хүн нь аймагт нэлээд олон жил цэцэрлэгийн эрхлэгч байсан. Хуучнаар МАХН-аас нэр дэвшээд аймгийн төвийн сумын даргаар хорин хэд хоног ажилласан юм. Тэгээд залилангийн хэрэгт ороод гурван жилийн ял авч шоронд орсон Дорлиг гэж Завханы нөхөр л дөө. Хүнийг муулж болно, доромжилж болно. Гэхдээ энэ арай хэтэрч байгаа юм уу даа гэж бодож байна. 

-Би сая танай нутгаар явлаа. Хүмүүсээс асууж үзсэн. Жаахан  эгдүүцэж, дургүй хүлээж авч дээ гэж анзаарсан.  Манайтай ямар ч хамаагүй хүн, дээр нь ямар ч мэдээлэлгүй, улс төрийн захиалгаар ийм бохир юм хийлээ гэцгээж байна лээ?

-Өмнөговийн иргэд маш дургүйцсэн. Хүмүүс бас ийм юмнд таагүй ханддаг, залхдаг болсон байна.

-Аймгийн төвөөр зөндөө явж үзлээ. Төвийн гэрэлтүүлэг, зам, ялангуяа тэр шинэ станц, баригдаж байгаа орон сууц гээд том ажлуудыг хийжээ. Бүгдэнгээр нь явлаа. Дөрвөн жилийн хугацаанд ийм бүтээн байгуулалт хийсэн аймаг үнэхээр байхгүй болов уу гэж бодсон ?

-Баярлалаа.

-Гэхдээ орон нутгийн хөрөнгө оруулалтаар тэдэн хувийг нь хийсэн гэх энд тэнд сонсогддоггүй нэг гоё зүйл байнаа. Энэ талаар  ойлголттой болмоор байна. Бас танай аймагт иргэддээ “хувь хишиг” гэж олгосон. Энийг бол би сэтгүүлч хүнийхээ хувьд таашаадаггүй. Энэ ямар хуулийн хүрээнд болсон үйл явц вэ. Танайхан бол дэлхийд гайхагдаж байгаа баялгийн эзэд. Тэрэндээ дулдуйдаад бас л нөгөө иргэдийг халамжаар угждаг бодлогыг цэцэглүүлэхэд  хувь нэмэр оруулчихав уу даа?

-Ер нь бол Өмнөговь аймаг гэдэг газрыг эхлээд их зөв ойлгох ёстой. Өмнөновь бол өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг аймаг. Улсаас татаас авдаггүй цөөн аймгийн нэг. Өнгөрсөн 2011 оноор жишээ аваад ярихад бид нар улсын төвсийн тухай хуулийн өмнө хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн. 60,9 тэрбум төгрөгийг улсдаа төвлөрүүлсэн. Жижиг Тавантолгой гэж хүмүүс сүүлийн үед их ярьдаг болсныг мэдэж байгаа байх. Жижиг Тавантолгой хувьцаат компанийн 51 хувь нь Өмнөговь аймгийн орон нутгийн өмч байдаг юм. Тухайн уурхайн нэг жилдээ  олсон ашгийн 51 хувь нь Өмнөговь аймагт ногдож байдаг гэсэн үг. Уул уурхайн салбар сүүлийн жилд эрчимтэй хөгжиж байна. Өөрөөр хэлбэл Өмнөговьчууд бид  маш их азтай улсууд. Ийм учраас бид улсад төвлөрүүлчихээд үлдсэн хөрөнгөө аймгийн ИТХ-аар ярина, зарим шаардлагатай үед тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулаад, энийг нь нутгийн хишиг хөтөлбөртөө хэрэглэе, үүгээр нь бүтээн байгуулалтын ажлуудаа хийе гэж ярьж хэлэлцээд шийдвэрүүдээ гаргадаг. Өнгөрсөн онд бол 80 жилийн ой ч тохиосон. Баярлах, наадах цэнгэхдээ гол нь биш их зүйлийг хийж бүтээе гэсэн сэтгэлээр Өмнөговьчууд ажилласан учраас 20 гаруй тэрбум төгрөгний бүтээн байгуулалтын ажлыг хийж чадсан. Улсдаа хөрөнгөө төвлөрүүлсэн. Нутгийнхаа хишгийг тараасан.

-Нутгийн хишиг гэхээр л уур хүрээд явчих юм. Гэхдээ энэ атаархал биш шүү?


-Бүр сэтгэлийн гүний үгээ хэлэхэд нэг талаасаа өөртэй чинь бас санал нэг байгаа юм. Ингээд л бэлэн юм өгөөд байж үнэхээр болохгүй. Би бол энэ талын шүүмжлэлээр зөндөө л балбуулж байна. Тусгай нэг улс байгуулах гээд байгаа юм уу, Өмнөговь гэдэг вант улс байгуулах гээд байна уу, тэр Бадраа гэдэг нөхөр ер нь юу хийгээд байна гэсэн энэ яриа бол их яригдсан. Би тайлбарлая.  Монгол улс Оюутолгой, Тавантолгой хоёрыг ашиглаад бүх иргэддээ хувьцаа өгнө гээд ярьчихсан. Нэг нь саяыг өгнө гэхээр, нөгөө нь сая таван зууг өгнө гээд намууд нь амлаад  явсан. Нэгэнт сонгуулиар улс төрийн хүчнүүд нь амласан учраас бид Тавантолгойгоос олж байгаа ашгаасаа нутгийнхаа иргэдэд нутгийн хишиг өгч болох юм байнаа гэж шийдвэрлэсэн. Тавантолгойгоос нийт монголчууд ашиг хүртэж байгаа юм бол тэнд  агаар, шороо, тоосжилт тэр уурхайн эрчимтэй хөгжлийг дагаж гарч ирсэн сөрөг бүх юм бол зөвхөн Өмнөговьчуудад хүрч байгаа байхгүй юу. Энэ эрсдлийн хажууд аж төрж байгаа, өөрсдөө эзэн нь болж төрсөн тэр нутгийнханд яагаад нутгийн хишиг олгож болохгүй гэж. Зарим нь шүүмжлээд л байгаа. Бадраа чи  Тавантолгойн ашгийг ганцаараа тараахгүй шүү. Нөхөр минь, бид бүгд авах ёстой шүү гэж  Хөвсгөлийн , Хэнтийн нөхдүүд  яриад л одоо бүгдээрээ л Тавантолгойд санаа зовоод байдаг болсон шүү дээ. Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулах, монголчуудад хувьцаа тараах Тавантолгой чинь өөр тусдаа төсөл шүү дээ. Наана нь 49 хувь нь хувийн төлөөлөлтэй, 51 хувь нь орон нутгийн төлөөлөлтэй тэр Тавантолгойн асуудал дээрээ бид ярьж байгаа юм. Өмнөговьчуудын эрүүл мэндэд нөлөөлж байна, байгаль орчин сүйдэж байна. Мал аж ахуй, малчдын хувьд маш хүндрэлтэй учраас, тэр сөрөг үр дагаварыг Өмнөговьчууд амсч байгаа учраас  ИТХ-ын тогтоол гараад, энийг хэрэгжүүл гэсэн учраас би хэрэгжүүлэх гээд л явж байгаа юм. Би тэрнээс зөрөх боломж байхгүй. Нэг үе бид нар чинь их шоологддог байсан шүү дээ. Говьд хүн болж төрөхөөр хангайд бух болж төр ч гэж хэлэгддэг байлаа. Говь гэдэг бол үнэхээр хүн амьдрахад хэцүү газар гэж сурталчилдаг байлаа. “Говийн ганц айл” гээд л Ш.Гүрбазар чинь нэвтрүүлэг зарлаад л, бараг эрчүүдгүй шахам хэдэн хүүхнүүд байдаг орон нутаг юм шиг ойлголт бий болгоод л аягүй хэцүү хэлэгддэг байсан. Говь руу хүмүүс хошуурдаггүй ийм цаг үе бидний амьдралд байсан. Тэгтэл баялаг сайхан говь үүцээ дэлгээд ирэнгүүт хүн болгон говьд хайртай болоод, хаа хамаагүй нөхдүүд миний говь шүү гээд давхилдаж байна. Говьд хүн болохоор хангайд бух болж төр гэсэнд нь ч бид гомдоогүй. Жилийн дөрвөн улиралд эргэлтгүй хаврынхаа шуурганд нүдүүлээд хар бор царайлаад л бүх тавилангаараа эндээ л байсан. Тийм болохоор говийнхноо арай давуу эрхтэй байж болох юм болов уу гээд дөрвөн жилд нэг удаа 500 мянган төгрөг өгчихье гэж л шийдсэн.  

-Та ч уяраах гэж байна шүү. Одоо хэдийг өгчихөөд байгаа юм бэ?

-Одоо 300 мянган төгрөг өгчихөөд байна. 300 гэдэг чинь үндсэндээ 15-16 тэрбум төгрөг болчихоод байгаа байхгүй юу. Тэрүүгээр хэрвээ юм хийсэн бол мөн ч их юм хийж бүтээх байсан даа гэж дотроо бол зарим үед боддог. Энийгээ нуухгүй. Өнөөдөр 20 гаруй тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийчихээд бид сууж байна. Тэгэхэд тэр 15 тэрбумаар нэлээн их юм хийх байсан нь мэдээж шүү дээ. Тэрэн дээр бол харамсах юм бодогдоно. Гэхдээ иргэдийн хувьд  яг цагаан сарын өмнө юм уу, найман сард хүүхэд цугладаг үед нь тавьдаг учраас иргэдэд маш их хэрэг болж байгаа нь ч үнэн.

-Иргэд маань тэрийгээ юм болгож чадаж байна уу?

-21 мянган төгрөгөөр хүн архи авч ууна. 200 мянган төгрөгөөр архи аваад уучихгүй. 21-ээр юу ч хийе гэсэн болохгүй шүү дээ. Минийх хэрэгтэй, чинийх хэрэггүй гэж байгаа юм биш. Гэхдээ та нар минь өрхийнхөө орлогыг нэмэгдүүлэхдээ хэрэглээрэй дээ гэж хүмүүст их захиж хэлж байгаа. Говьд хүн болж төрсний чинь бахархал гэж хүлээж аваарай гэж би хэлдэг. Цагаан сарын өмнө 50 мянган төгрөг тараачихад есөн ам бүлтэй өрх 450 мянган төгрөг аваад сайн шинэлсэн байна. Энэ жилийн хувьд бид 200 мянган төгрөг өгсөн. Тэгэхэд есөн ам бүлтэй өрх нэг сая найман зуун мянган төгрөг авсан. Гэр дүүрэн хүүхэд бужигнасан есөн ам бүлтэй айл нэг сая найман зуун мянган төгрөг аваад тэнгэрээс хишиг авсан юм шиг баярлаж байна. Гэхдээ бодлогын хувьд энэ бол буруу гэдэгтэй бид санал нэг байгаа. Бид ний нуугүй л хэлнэ. Бид дараа сонгуульд орохдоо амлахгүй. Одоо амласнаа л биелүүлж байгаа юм шүү гэж. Ийм байдлаар л нутгийн хишгийг хэрэгжүүлсэн.

-Өмнө нь танайх 40 гаруй мянган хүн амтай байсан. Одоо хэд болж байна. Нүүдэл их чиглэсэн бололтой юм?

-Өнөөдөр суурин хүн ам 53 мянга гарчихлаа. Зүгээр хөдөлгөөнт хүн амтайгаа нийлбэл 61 мянга гарч байна.

-Үндсэн хуулиа дагаад ирсэн болгоныг аваад л байх уу?

-Монгол хүн монгол нутагтаа хаана ч амьдрах эрхтэй. Үндсэн хуулиндаа заачихсан. Өмнөговь бол сая нэг зуун жаран таван мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Өөрөөр хэлбэл Монголын хамгийн том газар нутагтай аймаг. Хамгийн цөөхөн хүнтэй гэдэг байсан. Одоо хүний тоо өсч байна. Хангайн аймгууд нутгаараа бага хэрнээ хүн ам нь зуу гаруй мянга ч байх нь бий. Манай хамгийн хол сум 316 километрт байна, хамгийн ойрхон сум 26 километрт байна.

-Бид уул уурхай дээр суурилсан эдийн засаг, газрын баялаг дээр суурилсан хөгжил гэж их ярьж байгаа. Энэ цаг үед танай нутгаас дэлхийн чихийг дэлдийлгэсэн гайхалтай баялаг нээгдсэн. Гэвч биднийг өдий хүртэл тэтгэж ирсэн  мал аж ахуй маань энд ер нь ямар төвшинд очсон бэ?

-МАА бол байдаг төвшиндөө л байгаа. Юм урагшилж байдаг байтал яагаад байдаг төвшиндөө байна гэх байх. Нөгөө зуд, ган гачигаас болоод мал нэмэгддэг, хоргоддог. Ингээд байдаг төвшиндөө байгаад байна. Тоо талаасаа яривал шүү дээ. Ханбогд, Цогцэций, Баян-Овоо, Гурвантэс гээд уул уурхай эрчимтэй хөгжчихсөн сумдуудыг яривал мал аж ахуй хөгжсөн гэж болохгүй. Яагаад гэхээр бэлчээрийн хомсдолд орчихсон. Тэнд үргэлжилсэн урт цувааны зам байна. Тоос шороо байгаль орчин гээд ярих юм бол зовлон байна. Тэр битгий хэл мал гаргаад идэхээр дүүрэн шороо уушгаар нь чихээтэй байна гэнэ. Уул уурхайн сөрөг юм мал аж ахуйн салбарт үнэхээр нөлөөлсөн. Монголчууд хэзээнээсээ малтайгаа ноцолдож явсан учраас яаж ийгээд л аргалаад өнөөдөр авч яваад байна. Цаашдаа бол зайлшгүй төрийн бодлого хэрэгтэй. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй.

-Танай аймагт явж байгаад нэг өндөр хувьтай сайхан мэдээ сонссон. Ажилд орох хүсэлт гаргасан хүмүүсийнхээ 70 хувийг бид ажлын байраар хангасан гэж нэг залуу ярилаа?


-Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой. Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой ч гэдэг юм уу, Энержи Ресурс гээд энэ олон компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа учраас эдгээр компаниудтай орон нутгийн засаг захиргаа ажиллаж байгаа. Санамж бичгээ байгуулаад харилцан ойлголцоод явж байна. Өмнөговийн давуу тал энэ. Тэнд бол ажлын байр гарч байгаа. Тэдний ажлын хувцас, хоол ундыг хийх ажлыг нь ч юм уу бас жижиг хоршоод гарч ирээд ярьж тохироод авч байна. Хөгжиж байгаа бүс нутаг учраас барилга байшингууд баригдаад ирнэ. Тэгэхээр барилгын ажилд хүмүүс ороод ирнэ. Энэ мэтээр бол бидэнд давуу тал бий болж л байна.

-Би Оюутолгойг оролдохоор очсон айхтар нөхөр биш л дээ. Гэхдээ монголчууд бид энэ толгойнуудаа бас судалж байгаа. Тэгэх ч эрхтэй. Ажилчдын бүртгэл бол байдаг гэнээ. Орон нутгаас тэр тэр гээд тэдэн хүн ажилд авсан гээд. Гэтэл тэнд одоогийн байдлаар 6000 хятад ажилчин байна. Нөгөө орон нутгийн ажилтай болсон нөхөр харин ажилладаггүй. Очиж цалингаа авчихаад л яваад байдаг. Ажиллуулдаггүй. Энэ үнэхээр гутамшигтай явдал биш гэж үү?


-Энэ асуудал Оюутолгой компани дээр бол яригдсан. Хуулийнхаа дагуу журмаа бариад л ажиллах ёстой. Монгол ажилчид гадны ажилчдын харьцуулсан тоо байх ёстой шүү дээ. Тодорхой хувиар гадны иргэд 10 хувь нь байна гэдэг ч юм уу. Гэтэл одоо гадаадаас авч байгаа ажиллах хүч нь олон болчихоод монголчууд нь цөөн болоод, нөгөө журмаа зөрчөөд эхэллээ шүү гэх мэдээ бидэнд ч бас ирсэн. Гэрээ ёсоор нэг хүний илүү гарсан ажлын байранд сая гаруй төгрөг төлөх байхгүй юу. Энэ мөнгөнөөс татгалзаад хэдэн монгол хүн авч бүртгэчихээд нэг хүнд нь 350 мянган төгрөг өгч байгаа тохиолдол бол гарсан. Та нар гэртээ л сууж бай. Тэдэнд ирж цалингаа аваарай гэдэг гэж байгаа. 

-Наадах чинь монголыг сульдааж байгаа, доромжилж байгаа хамгийн бохир бодлого?

-Тэр битгий хэл тэнд ажиллаж байгаа эмэгтэй хүн ямар хүнд нөхцөлд, усан дунд, ямар дарамтанд ажиллаж  байгаа талаар ч юм дуулддаг.

-Телевизээр бол мөрөөдлөө биелүүлж, өнгөтэй мөнгөтэй болж байгаа сайхан л гэр бүлүүд гаргаж яриулаад байдаг. Газар дээр нь очиход бол бараг хятадад явж байгаа юм шиг сэтгэгдэл төрөхөөр юмнууд их гэнэ. Манай нэг том даргыг очиход том автобусаар хятадаар бичсэн самбаруудаа хаагаад зогсоочихож байна гэнэ лээ. Гэхдээ бид нэг хөдөлсөн галт тэргээ буцаж зогсоох гээд байгаа юм биш. Энэ сэтгэл түгшээсэн асуудлуудыг яаж шийдвэрлэх юм бэ. Олборлогч нар бол юмаа аваад л явдаг. Тэр цагт яг овоолсон шороон  дээр нь үлдэх улс та нар шүү дээ. Ингэхэд энэ нөхдүүд та нарын харьцаа ямар байна вэ?

-Ер нь бол Оюутолгой компанийн хувьд Монгол улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээгээ хийчихсэн. “МАК” бол хийчихсэн. Энэ том том компаниуд чинь тогтвортой байдлын гэрээ хийчихсэн гэдэг утгаараа, Засгийн газартай харьцана уу, гэхээс аймаг орон нутагтай харилцаа муу шүү дээ. Энэ асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нэлээн ярьсан. Сүүлдээ дээгүүр албан тушаалын улс нь  “Чи юугаа хийгээд байдаг юм бэ, яагаад байдаг юм бэ” гээд гаднын компаниудыг шүүмжиллээ гээд нүд рүү хуруугаа хийчих гээд байдаг. Ер нь бас үнэхээр монгол хүнийхээ хувьд, заавал Засаг дарга гэдэг утгаараа биш зүгээр Өмнөговь аймгийн иргэн, тэнд төрж өссөн хүнийхээ хувьд түмэн л зовлон тээж яваа шүү дээ. Би хувь иргэнийхээ хувьд компаниудад шүүмжлэлтэй хандаж болно биз дээ. Үнэхээр гаднын компаниуд бидний юмыг ашиглаж байгаа юм бол нүх үлдээхгүй, том том хотыг байгуулах ёстой. Иргэдийг нь ажилтай байлгах ёстой, сайхан байлгах ёстой. Энэ тал дээр бол үнэхээр хангалтгүй ажиллаж байна гэж би хэлнэ.

-Эрдэнэтээс хэд дахин том орд нээгдчихлээ л гэдэг. Оросууд  бидэнд бүхэл бүтэн хот суурин барьж өгсөн. Эрдэнэт гэдэг газар биднийг өдий хүртэл тэжээлээ. Танд Эрдэнэт шиг амьдрал, Эрдэнэт шиг үүх түүх үлдэнэ гэсэн итгэл найдвар байдаг уу?

-Байхгүй. Бид зөндөө ярьж байгаа, зөндөө хэлж байгаа. Зүгээр л нэг монгол гэр барьж амьдарсаар л байна бид өнөөдөр. Нэгдсэн нэг бодлоготой байх хэрэгтэй. Бид нар зарим нэг компаниудад сумын төв дээр орон сууцны хороолол, сургууль цэцэрглэгээ барь гэдэг. Харин нэг зүйлийг хэлэхэд үндэсний компаниудын хувьд бол би “Энержи Ресурс”-ийг  сургууль, цэцэрлэг, цахилгаан станц, ажилчдын орон сууц энэ тэр дээр орон нутагтай хамтраад санаачлагатай ажиллаж байна гэж хэлнэ. Тэнд сургууль байгуулчихлаа. Цэцэрлэг байгуулчихлаа. Энийгээ цааш нь томсгоод орон нутагтай хамтраад бүр цогцолбор барих гээд энэ 2012 оны хичээлийн жил гэхэд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр ашиглалтад оруулъя, 2012 онд хагас мөнгийг нь, 2013 онд хагас мөнгийг нь өгье гээд санамж бичигт гарын үсэг зурчихсан явж байна. Тэгээд зам харгуй тавьж байна гээд гэрэл гэгээтэй бүтээн байгуулалт хийж байна. Тэгэхэд наадуул нь өнөөдөр яригдаад л байна, яригдаад л байна. Замаа ч тавьсан юм байхгүй. Ялангуяа Оюутолгой. 

-Төрийн юм удаан яваад хувийн юм гялалзаад байдаг явдал ч үзэж дассан кино болж дээ?

-Тийм юм ч байна.

-Танайх зам бол сайхан байна. Гэрэлтүүлэг сайхан байна. Аймгийн төвд зөндөө юмнууд хийгджээ. Яагаад хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилдаггүй юм бэ. Манайхан чинь жорлон барьсан ч тууз хайчлаад л гараад байдаг шүү дээ. Гишүүдийн тань зүгээс туслалцаа ямархуу байдаг юм бэ?

-Орон нутгийн төсвийн хөрөнгөөр юмнууд хийгдэж л байгаа. Урагшилж л байна. Яахав орон нутагтаа ийм юм хийе гээд дээгүүр доогуур хөөцөлдөөд, улсын төсөвт юм суулгахаар явж байгаа юм байлгүй л яахав. Тэр хоёрыг үгүйсгэхгүй. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа юмыг орон нутагтаа ИТХ-аараа шийдвэрлээд, тэгээд үүрэг даалгавар авснаараа Засаг дарга тамгын газартайгаа, бусад холбогдох албан тушаалтнуудтайгаа нийлээд бидний л хийсэн ажил. Миний нэг зарчим байдаг. Цаг хугацаа бүгдийг харуулна гэж би итгэдэг. Тэртэй тэргүй Өмнөговийн иргэд харж байна. Хэн юу хийгээд байна, хэн юу хийхгүй байна гэдгийг харж байгаа учраас нэг юм хйичихээд л би юм хийсэн шүү гээд цээж дэлдээд хашгираад байх бодол байгаагүй. Цаг хугацаа харуулна.  Би дөрвөн жилийнхээ тайланг удахгүй тавих гэж байгаа.

-Танайхан эмнэлгээ шинэчилж байгаа юм байна лээ. Энэ ч чухал ажил шүү?

-Засгийн газрын тогтоолоор говийн бүсийн эмчилгээ оношлогооны төв байгуулагдаж байгаа юм. Би багш хүн л  дээ. Даланзадгад сумын төвд 514 цэцэрлэгийн насны хүүхэд цэцэрлэгт хүмүүжих бололцоогүй байна. Хүүхдээ цэцэрлэгт явуулж чадахгүй юм чинь зайлшгүй хэн нэг нь харж таарна. Зарим нь гэр орондоо цоожилно. Тэрнээс болж хүүхдийн амь нас, эрүүл мэндэд муугаар нөлөөлөх юм гарч ирнэ. Тэр бяцхан хүүхдүүд ийм байхад бид нар хажуугаар нь дуугүй өнгөрөөд байж болохгүй. Цэцэрлэг барих хэрэгтэй байна. Улсын төсвийн хөрөнгөөр баригдах байсан цэцэрлэг нь энэ жил тендер будилсан гээд баригдаагүй. Орон нутгийн төсвөөр 175 ортой барьж байна. Цэцэрлэг сургууль бол цаашдаа өшөө ч барих хэрэгтэй.

-Аль компани гэсэн бэ, танай бүтээн байгуулалтанд нэлээн оролцдог гэнэ?

-Барилгын “Аж контракшн” гээд компани бий. Анх манай аймагт ХААН банкны барилгыг барьсан. Энэ копмани бол манай томоохон бүтээн байгуулалтанд оролцож байгаа. Хамгийн гол нь чанартай ажил хийдэг .

-Ажнай групптэй холбоотой компани юм уу?

-Үгүй.  

-Нээрээ өнгөрсөн зун танай аймгийн ой болсон бил үү. Их гоё зохион байгуулж байна гэж яригдсан?

-Өмнөговь аймгийн 80 жилийн ойн бичлэг монгол телевизэд хадгалагдаж байгаа. Та үзэж болно. Аймгийнхаа 80 жилийг маш сайхан хийе гэж бид зорьсон. Зарим хүмүүс 80 жилийнхээ ойн нээлтийг мөн ч сайхан хийлээ гэж урам өгч байсан. Зарим хүмүүс нь бол шүүмжилж л байсан. Нээлт нь тэмээн жин яваад, МУГЖ Т.Ариунаа тэмээ уначихсан “Талын монгол айл” дуугаа дуулаад эхэлж байгаа юм. Дараа нь би шүүмжлүүлсэн шүү дээ. Үргүй зардал их гаргаж байна. Хэн ч тэмээ унаад дуулаад явж чадна гэж. (инээв)

-Хөгжилтэй юм. Таныг нэг цахилгаан станцтай холбож их гөвлөө. Хоёр цахилгаан станцыг би очиж үзлээ л дээ. Улсын комиссд аваагүй байхад нь нөхөр Бадраа дураара ажиллуулчихсан гээд байгаа юм аа даа?

-Ямар ч хамаагүй үнээр энэ Өмнөговийн эрхийг авах гэсэн гартаа ганц ч тоосго барьж, аймгийн бүтээн байгуулалтын төлөө юу ч хийгээгүй хэдэн тооны хүмүүс байдаг юм. Энэ улсуудын л хийж байгаа ажил. 2000 онд ашиглалтанд орсон Даланзадгадын дулааны цахилгаан станц 10 жил Өмнөговьчуудыг зовоосон. Дандаа гэрэлгүй, дандаа л байж байгаад тасарна. Говийнхон чинь их сайхан сэтгэлтэй улсууд шүү дээ. Гэрэл хичнээн унтарч байхад  уурлахгүй. Миний хүү цаанаас лаа аваад өг дөө. Нөгөө гэрэл унтарчихлаа. Болохгүй л байгаа юм байлгүй дээ гэж хэлдэг улс. 10 жил ийм байгаад ирэхээр улсууд уурладаг, бухимддаг болж ирсэн. Тэгэхээр чинь бид яах ёстой юм бэ. Энэ аймгийг удирдаж байж дуугүй суугаад байх юм уу. Хоёрдугаарт, Өмнөговь аймгийн хэрэглээ бол асар их нэмэгдчихжээ. Өнөөдөр 6 меговаттын дулааны станцтай гээд байж байдаг, хэрэглээ 7 меговатт гараад явчихсан байдаг. Яагаад ч хэрэглээгээ хангаж дийлэхээ больчихсон учраас нэг юм хэрэгтэй гэдгийг монгол хүн ойлгоно шүү дээ. Ийм учраас зайлшгүй нэг цахилгаан станц хэрэгтэй юм байна гээд хурлаараа оруулаад хөрөнгө мөнгөө батлуулаад хийсэн. Ингээд туршилтын хугацаа хийгдэх гэж байтал нөгөө  станцын нэг турбо нь байхгүй болчихсон. 72 цаг ажиллуулаад, туршаад, буцаад тэд засвараа хийлгэж байгаад комиссд хүлээлгэж өгөх гэж байгаа станцыг чинь бид өө болоогүй, хүлээж л байя гээд сууж байвал Даланзадгад хот хөлдөх байсан. Тэгээд  гурван талаасаа ярьж байгаад, гурвалсан гэрээ хийж байгаад ажиллуулсан.  Тамгын газар захиалагч нь байсан, нэг гүйцэтгэгч компани, нэг нь Даланзалгад хотын дулааны цахилгаан станц ингэж гэрээ хийгээд шийдсэн. Энэ станцыг л зүтгүүлээд Даланзадгадыг дүн өвлөөр хөлдөөхгүй авч гарсан. Иргэдээ хагас дутуу гэрэлтэй байлгасан. Тэгээд одоо болтол хүлээлгэж өгөөгүй байна шүү дээ. Яагаад гэхээр ажиллуулаад байгаа юм чинь.Харин сая бол хүчээр зогсоосон. Улсын комисст хүлээлгэж өгье . Бид ингэж элдвээр үзэж байгаад юмаа хийсэн л гэж ойлгож байгаа. Улс төрийн хүчнүүд бол хэрэггүй юм хийчихсэн ч юм шиг, тэр битгий хэл хүнд үед нь хэрэг болсон станцыг бараг тэр цахилгаан станцыг ашиглалтанд оруулах гээд хуучин цахилгаан станцтайгаа холбоод тэрнээсээ болоод хуучин цахилгаан станцын нэг юмыг шатаагаад ингээд улсад өдий төдий сая төгрөгний хохирол учруулчихжээ гээд шалгуулж байгаа юм хүртэл гарч байгаа байхгүй юу. Өөрсдөө юу ч хийж байгаагүй нөхдүүд, юм хийж байгаа хүмүүсийг оролдоод байдаг ямар учиртай юм бэ. Ямар сонин болчихсон юм бэ. Би үнэхээр гайхаж байгаа юм. Би хүүхдүүддээ хэлдэг юм. Би Засаг даргынхаа ажлыг өгчихөөд ном бичиж болох юм байна. Дөрвөн жил Засаг дарга хийхэд надад ийм ийм юм тохиолдож байсан юм байна гэдэг ном болгоод гаргана гэж.

-Та юуны багш вэ?

-Математикийн.

-Манай говийнхон хамгийн хүн чанарынхаа хувьд гайхагдаж хүндлэгдэж явдаг улсууд. Сүүлийн үед хуучин говийнхон биш болсон гэж яригдах юм. Тэгэхээр говийнхны тэр хуучин зан чанарт өөрчлөлт орсон гэж үнэн үү?

-Орсон. Ерөөсөө говийнхныг ярьдаг байлаа шүү дээ. Чимиддорж агсны “Малчин” шүлэгт гардаг даа. “Цоож цуургагүй айл малчин танайх” гээд. Одоо бол тэр замаар чинь олон мянган машин явж байгаа. Гэрээ цоожилдог болсон шүү дээ. Яагаад цоожилдог болсон гэхээр зүгээр мөрөөрөө явахгүй, юмыг нь авч явчихаад байдаг. Цогтцэций суманд ямар болчихсон байна. Хэчнээн ч хүн явж ирж байдаг юм. Янз янзын гэмт хэрэг нэмэгдээд ирсэн. Тэгэхээр тэнд байгаа хүмүүс чинь сэрэмжлэхээс яах юм бэ. Энэ байдлаасаа болж байна. Хоёрдугаарт, зах зээл гэдэгюм чинь хүнийг эвдээд байна шүү дээ. Ерөөсөө л таван төгрөг олохын тулд хүн чанараа жаахан гээх шинж ажиглагдаж байж болно. Дараагийн нэг юм нь улс төр шүү дээ.  Би нэг юм хэлье л дээ. Гэр хорооллын дундуур зам тавьчихсан чинь хашаанд ойрхон стандартын бус зам гэж дайрч байгаа юм. Тэр битгий хэл гадны нэг нөхөр арван хэдэн километр зам тавина гэсэн зам нь хаана байгаа юм бэ, тэрийг хийх гээд авсан мөнгө нь хаана байгаа юм бэ гээд  телевизээр гарсан л даа. Тэр хүн Өмнөговьд байхгүй хүн чинь замыг яаж мэдэх юм бэ. Тэр хүн барьсан замыг маань өөрөө Өмнөговьд очоод үзэх хэрэгтэй. Улаанбаатарт суучихаад худлаа гүжирдээд байж болдог юм уу.

-Даланзадгад Эрдэнэт шиг сайхан хот болох л байх. Харин танай хот төлөвлөлтөн дээр алдсан юмнууд байх шигээ. Танайх бол нутгийн удирдлагын ордон гэж ямар ч аймагт үзээгүй сайхан ордон барьжээ. Нэг тааламжгүй санагдсан юм нь хажуу талд нь МАН-ын байр, нөгөө талд нь зочид буудал барьж байх юм. Энэ шийдлүүд архиктеторын нэгдсэн бодлогоор явж байгаа юу?

-Энэ барилгын газрын асуудал нь надаас өмнө шийдэгдчихсэн юм. Үнэхээр эвгүй харагдаж байгаа нь үнэн. МАН-ын байрыг нутгийн удирдлагын ордны хажууд барина гэдгийг надаас өмнө эрх барьж байсан хүмүүс шийдээд өгчихсөн байсан. Би гарч ирээд, улстөржөөд л газрыг нь хурааж аваад л, хүчингүй болгоод л байх нь зохисгүй явдал. Би хоёрын хооронд хэрүүл шуугианаас хол байхыг боддог. Ер нь бид цаашдаа улс төржөөд байдгаа зогсоомоор байна. Тэгэхгүй бол ингээд л хэдүүлээ янз янз болоод явдаг. Монголчууд цөөхөн. Талцаад хэрэлдээд байвал улс орон маань л хөгжихгүй шүү дээ.

-“Ажнай” корпораци гэж том айл байна. Харин нутагтаа хэр тусалдаг юм бол? 

-Яг хувь хүнийхээ хувьд бол өнөө маргаашаа харсан хөнгөн юм хийхгүй. Ер нь нэлээн алсыг хардаг хүн шүү. Өмнөговийнхоо төлөө юм хийх санаа зорилго ихтэй. Ганц Өмнөговийг ч биш, ганц Тавантолгойг ч биш, монголыг дэлхийн зах зээл дээр ингэж гаргаж, ингэж хөгжүүлэх юмсан гэсэн холын бодлого тээж явдаг хүнийх нь хувьд би үнэлж явдаг.

-Д.Бат-эрдэнэ “Монгол- 999” гэж эв нэгдлийн том проект хийсэн л дээ. Агуулгын хувьд чухал төсөл. Даанч улс төр нь явуулсангүй. Х.Бадамсүрэн гишүүн маань ер нь нутагтаа юу хийв ээ?

-Би товчхон л хариулна. Яагаад гэвэл энэ өөрөө улс төрийн эмзэг сэдэв. Сонгууль дөхчихсөн байх үед Өмнөговьчуудын өмнөөс ганцхан хүн төлөөлж дүгнэх нь зохисгүй. Энэ юм хийгээгүй шүү, энэ нь хийчихсэн шүү гээд. Ямар ч байсан Өмнөговьчууд энэ хоёр гишүүнд тавих дүнгээ тавих байх.

-Гишүүдийн тэрбум ямар ажил болов?

-Ц.Баярсайхан гишүүний хувьд мөнгөө 175 хүүхдийн цэцэрлэг байгуулахад оруулсан. Х.Бадамбүрэн гишүүний хувьд бол багуудын төвүүдийг бариулъя гэсэн. Гол цөм нь энэ.

-Та Даланзадгаддаа мод тарьж байгаа юм байна. Ногоон улс төр, ногоон бүтээн байгуулалт гэсэн энэ төсөл аха сайгүй л явж байна. Харин танай хөрс хэр хүлээж авдаг вэ?

-Хөрс маш сайн хүлээж авдаг. Говьд ургахгүй юм гэж байдаггүй. Бүгд л ургана. Ганцхан гачлантай юм ус л байдаг. Тийм ч учраас уул уурхайн салбар эрчимтэй хөгжөөд, том том уурхайнууд үйлдвэрүүд баригдаад ирэхээр говийнхон усаа л харамлаж байгаа. Гүний усыг маань битгий аваач ээ. Одоо бидний нүдэн дээр өдий төдий булаг ширгэчихээд байхад газрын гүний минь усыг аваад хэрэглэчих юм бол говь чинь юу ч үгүй элсэн цөл болох гээд байна шүү дээ гэдэг юм.

-Нөгөө алдартай улаан нуур ширгэчихсэн байхыг үзээд  харамссан?

-Ширгэсэн.

-Буцааж амьдруулах бололцоо юу байна?

-Өвөрхангайн Онгийн голын эх дээр нь алтны уурхай нээгээд, усыг нь хааж боогоод сүйдэллээ шүү дээ. Тэгээд манай руу Улаан нууранд цутгадаг  энэ гол ширгэчихээр дагаад нуур маань үндсэндээ ширгээд дууслаа. Хоёр жилийн өмнө Улаан нууранд ус ирж баяр хөөр болж байсан одоо сураггүй.

-Говийн бас нэг гоё бахархал бол заг гэдэг. Заг маань хэр байгаа вэ?

-Говьчууд маань загаа бас дэндүү их түлдэг байлаа шүү дээ. Тэгээд нүүрс түлдэг болсноос хойш больсон. Заг гэдэг бол үнэхээр гайхамшигтай эд. Маш хатуу, тэгсэн ч хагалаад л түлдэг. Тэгсэн мөртлөө цэцэглэдэг. Загийн шугуйд чинь тэмээтэй хүн харагддаггүй юм шүү дээ.

-Загийг тусгайлан суулгаж үржүүлж байгаа гэв үү?

-Загийг тарьж байгаа шүү дээ. Говьд ус л байвал ургахгүй юм байхгүй. Миний багш, яруу найрагч  Э.Хархүү загийг  үзээд “Чулуун сарнай” гэж зүйрлэж хэлсэн байдаг. Тэгэхээр заг бол говийн чулуун сарнай л юм даа.

-Та хэдэн жил нутагтаа ажиллаж байна, эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Би Өмнөговь аймгийн Даланзадгад хотод төрсөн. Миний аав бол Өмнөговь аймгийн Хүрмэн сумын хүн, ээж  Өмнөговь аймгийн Номгон сумынх. Миний аав Өмнөговь аймгийн хуучнаар АИХ-ын депутатын гүйцэтгэх захиргаа гэж байх үед аймгийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар 20 гаруй жил ажилласан. Нутгийнхандаа Гарваа дарга гэж хүндлэгддэг Бадамгарав гэж хүн байсан юм. Миний ээж бол соёлын салбарт монтажчин хийдэг байсан. Тийм сайхан хоёр хүнээс долоон хүүхэд гарсны  тав дахь би. Таван хүү хоёр охинтой айл байсан. Яагаад Даланзадгадад юм хийх гээд сайн муу хэлэгдээд явдаг маань учигтай, учиртай юм шүү дээ. Зарим хүмүүс хэлдэг юм. Больчих, зүгээр ширээний ард суугаад байж бай. Ингэж зүтгээд муулаад байх утгагүй юм гэдэг. Би больж болохгүй байхгүй юу. Ялангуяа Даланзадгад хотод би төрж өссөн. Сайхан аав ээжтэйгээ инээж дуулж явсан, уйлж гомдож явсан, энэ нутагтаа насаараа мьдарч яваа хүн. Миний бүх дурдатгалууд Даланзадгад хоттой холбоотой. Тийм учраас эрх мэдэлтэй байх энэ үедээ өсөж төрсөн энэ нутагтаа юм хийх хэрэгтэй гэж боддог. Энэ хотод чинь ногоо тарих хэрэгтэй, байшин барих хэрэгтэй, бусад хүмүүс Өмнөговьд очихоороо бахархаж ярьдаг, өдөр шөнө хоёр ялгагдахгүй тийм сайхан хот болгоё гэж мөрөөддөг. Би гурван сайхан ууландаа өглөө болгон босч залбирдаг юм.  

-Багш гэдэг алдар бол насан туршийн алдар. Одоо Бадраа багш гэж нэрлэгдэхээ больсон уу?

-Бадраа дарга л гэдэг болчихож. Миний ажиллаж байсан сургуулийнхан бол одоо хүртэл намайг захирал гэдэг юм. Би боловсролын байгууллагад 23 жил ажилласан байдаг юм. 13 жил нь захирал хийсэн. 10 жил багшлахдаа бага ангийн багш, тэгээд курсын математикийн багш, тэгээд УБДС төгсөөд математикийн багш байсан. 20 хүрээгүй насандаа бага ангийн багш болсон, дараа нь математикийн багш, тэгээд бас нэг долоо хоног хичээлийн эрхлэгч хийсэн байдаг юм. Энэ нөхөр гайгүй болох нь уу дээ гээд хичээлийн эрхлэгч болгосон байсан чинь манай сургуулийн захирал шилжээд шууд захирал болсон. Өмнөговь аймгийн Баяндалай суманд хоёр жил сумын Засаг дарга хийсэн. Аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Сургуулиараа  би хонхны баяраар очдог юм. Сэтгэл огшихгүй байна гэж байхгүй. Тийм үед сургууль дээрээ ирээд суух юм сан, багшаа хийх юмсан гэдэг бодол  бодогддог. Заримдаа ерөөсөө амар тайван, хэнээс  ч хараат биш явах нь зүгээр юм уу даа гэж ч бодох үе байдаг. Улс төржилтөөс үнэхээр залхаж байна.

-Танай үеийнхний зам аажимхан өгссөн байдаг. Одоо бол лифтээр л өгсөх гээд байдаг болж дээ?

-Өнөөдрийн тогтолцоо юм уу даа. Шууд л цонхыг нь хагалж орж ирээд дарга даамал болох гэдэг болж.

-Таныг Өмнөговьд бараг байдаггүй, Зайсанд л байдаг, онгоцоор нисч ирчихээд явчидаг  л нөхөр байдаг гэсэн нэг мэдээлэл сайтуудаар харагдаж байсан?

-Ажил төрөл, амин хувийн асуудлаар хагас бүтэн сайнд ч юм уу хүн  юм чинь явна биз дээ. (инээв) Би Өмнөговиос явахгүй. Зарим улсууд хот орон руу орж амьдардаг. Би бол явахгүй. Сайхан ээж аавыгаа би Гурвансайхан уулынхаа зүүн энгэрт хөдөөлүүлсэн юм. Тэр хоёр минь байна. Өглөө болгон харж байдаг Гурвансайхан уул маань байна. Би Далангийнхаа голоос салаад явчих бодолгүй байдаг. Олон хоногоор гадагшаа дотогшоо явах би дургүй. Би жаахан жожигдуу хүн л дээ. Архи уухгүй, тамхинаас гараад хоёр гурван жил болж байна. Тэгэхээр айл хэсээд наргиж дарвиад явдаггүй. Ээжийндээ очиж цай уудаг байлаа. Ээж маань өөд болоод гурван жил болж байна. Хэдэн дүү нар маань байна. Хааяа орж гарна. Өөр газраар яваад байдаггүй. 

-Битгий гомдоорой, та жаахан ааширхуу юу?

-Гайгүй байсан чинь сүүлийн үед янз янзаар хэлүүлээд жаахан бухимдуу болоод байх шиг байна. (инээв)

-Та тамхинаас яаж гарсан бэ?

-Би уушиг жаахан муутай. Тэгтэл миний зээ саяхан төрсөн юм. Зээгээ үнсэж байх гэж тамхинаас гарлаа.

-Гоё юм аа. Хүмүүс өвөө болохоороо амьдралдаа тохиолдсон онцгой явдал гэж ярих юм. Өвөө болох үнэхээр онцгой мэдрэмж үү?

-Би ерөөсөө хоёр хүүхэдтэй. Хүү охин хоёртой. Тэр хоёр маань том болчихсон. Миний охины хүүхэд төрлөө. Би охиноо их эрхлүүлдэг байсан. Хүүгээ ч эрхлүүлнэ. Тэгэхэд би өнөө хайртай охиноо бол за яахав, ирж байна уу, явж байна уу нэг их сүр болохгүй маягтай болж хувирсан шүү. Аа, тэр бяцхан амьтнаас бол ер нь салахгүй санаатай. Миний хүүгийн хоёр хөөрхөн ач охин байгаа. Зээ хүү бол бид хоёртой л хамт байдаг. Ерөөсөө бид хоёрын хүүхэд.

-Амьдралд нэг л  өөр ариун гэгээн агаар орж ирдэг юм шиг байгаа юм. Гэхдээ тэр нөхдүүдэд өөрийнхөө хүүхдээс илүү хайртай болдог гэсэн үнэхээр үнэн үү?

-Үнэн. Би өөрийгөө гайхаад байгаа юм. Тэр хүүхэд урдаас сарваганаад гараад ирэхэд би ертөнцийн жаргалыг одог. Ерөөсөө тэр хүүхэд л сайн сайхан байвал миний дарга байна уу, цэрэг байна уу, муу хэлэгдэж, есөн шид болж байна уу бүгд сонин биш. Би бол тэр нөхрийн хажууд хэн ч биш. Хайрыг  минь татсан тэр хэдэн амьтныхаа төлөө л үлдсэн жаахан амьдралаа зориулна гэж би бодож байгаа.

-Ёстой гоё байна. Ингэхэд ер нь сэтгэлдээ жаргалтай амьдрал л амар амгалан амьдрал юм аа даа?

-Ер нь л тэр шүү дээ. Би гэхдээ үргэлж л бас ямар нэгнийг бодож дотроо шаналах гээд байдаг талдаа. Хашаануудаа эмхлээд сайхан барьчих юм сан. Гэр хороололд амьдарч байгаа энэ улсуудыг орон сууцанд оруулчих юм сан. Гэрийнхэндээ ярьдаг байхгүй. Намайг бага байхад л энэ айл хашаанд байсан юм. Одоо өнөөдөр  үр хүүхэд нь өсөөд ч бас л аавынхаа хажууд гэр бариад нөгөө хашаандаа, бас л худгаасаа усаа түрээд л ингээд амьдарч байх юм. Яая даа гэж. Одоо түрүүчээсээ бид буцна шүү дээ. Амьдрал ийм маягаар л үргэлжлээд  ингээд яваад байх юм уу. Баялагтай нь үнэн юм бол орон сууцжуулна гэдэг тэр ажлыг хийх хэрэгтэй байхгүй юу. Засгийн газар санаачлаад хийж л байна. Үүнийг үгүйсгэх юм байхгүй. “100 мянган айлын орон сууц” гээд л явж байна. Яг цагаа тулаад очихоор иргэд гацчихдаг. Нөгөө барьцаан дээрээ гацчихдаг, нөгөө урьдчилгаа мөнгөн дээрээ гацчихдаг. Тэгээд хэзээ бид энэ үе дамжсан хашааны амьдралыг халах юм бэ. Гадны өндөр хөгжсөн орнууд дандаа л лизинг, түрээс байдаг. Байшин, машин. Барьдаг утас нь хүртэл тийм байна шүү дээ. Тэгээд л ажлаа хийж байгаад л төллөө. Манайхан тийм юм байхгүй. Ерөөсөө л өр шир, хэрүүл хараал муу юманд дарагдаж явсаар байгаад, гайгүй сайхан амьдрах юм сан даа гэж бодсоор яваад  тэрэндээ хүрч чадсан юм байхгүй яваад өгдөг. Тэгээд зогсохгүй амьд сэрүүн байхад нь есөн шидээр хэлж хэлчихээд яваад өгөхөөр нь гайгүй сайн хүн байсан шүү дээ хөөрхий минь гэсхийгээд өнгөрдөг юм бол нийтлэг болчихоод байна шүү дээ. Чанар нь муудаад л. Хүмүүс үнэхээр ядарч байна. Хүмүүсийн амьдрал хэцүү байна. Хүүхдүүд хүртэл хэнд буруутай юм бэ. Сүүлийн үед архинаас болоод хүүхдүүд хохирч байна . Засаг дарга болонгуутаа  энэ архитай тэмцээд өгнө гээд сүрхий юм боллоо. Долоо хоногийн лхагва гарагт Өмнөговийн хэмжээнд архи зарахыг хориглоно гээд захирамж гаргачихсан. Зарим нь их сайхан хүлээж авсан. Нэг өдөр ч гэсэн архигүй, ашгүй дээ гээд. Зарим нь гурав дахь өдрийг Бадраагийн хар өдөр гэдэг болсон. Яагаад ганцхан өдөр ч гэсэн өрх гэр жаргалтай, согтуу нөхөр ирж авгай хүүхдээ орилуулдаггүй, байж болдоггүй юм.  Би ингэж бодож байгаад бүр тушаал гаргасан юм.

-Уул уурхайгаас орж байгаа юмаа монголдоо наах юм сан даа?

-Олборлогч нар бол аваад л орхичихно шүү дээ. Үнэхээр л монголчуудад хайртай байгаа юм бол одоо орон сууцыг бариад л өг л дөө. Өмнөговь аймаг 15-16 мянган өрхтэй . Одоо эмч нарын 50 айлын орон сууц, багш нарын 50 айлын орон сууц барьж байна. Манайх чинь хоёр боомттой. Цаашаа гараад яг монголын хилээр гарлаа хар зам. Тэгээд л барилга, буудал, хоолны газар. Зарим улсуудыг харж байхад хятад мөн ч хөгжчихсөн юм аа, манайх гэж хэрэг алга гэж муулсаар эргэж ирж байдаг. Үнэхээр хоёр өөр зөрүүтэй хөгжил байгаа нь үнэн. Гэхдээ тэднийг харж өөрсдийгөө муулаад яах юм бэ. Үнэхээр их гүрний дээрэнгүй үзэл гэдэг  нэг далд юм бол мэдрэгддэг. Та харвал дотроос чинь юм өгсөөд л ирнэ дээ. Хилээр монголчуудаар гурил будааг нь үүрүүлээд гаргаж байна шүү дээ. Нэг хүнд нэг гурил, нэг будаа л өгнө. Үүрээд гар гэж байна. Тэр хүн амьдрахын эрхэнд өнөөдөр хоёр настай хүүхдээ хилийн боомтон дээр дагуулж оччихоод энэ нөхөрт будаа, гурил хэрэгтэй гэж хэлээд авч байна шүү дээ. Ингэж дээрэлхүүлж амьдарч болохгүй биз дээ. Тэгсэн мөртлөө гарч байгаа нүүрсийг нь авна. Өнөөдөр хятадууд монголоос гарч байгаа нүүрсийг мөрөөрөө ч авчихгүй дүүрэн байна, дундуур байна, тэгвэл манайх ингэнэ шүү тэгэнэ шүү гэсэн авираа тулгаад л байж байна.

-Нээрээ том машины тэвшээр тэгш ачсан нүүрсийг заавал овоол гэж шаардаж байна гэсэн. Өмнөговийнхон ярьж байна лээ?

-Тийм. Тэгэхээр бодолтой л ажиллаж амьдарцгаая л даа. Хоорондоо зодолдож, ноцолдож, бие биенээ хараар булж, нулимж байдгаа болих цаг болжээ. Бид ухаантай баймаар байна.  

Тийм ээ...бид дотроо бодолтой, дороо суурьтай, ухаалаг, нуруулаг баймаар байна.
 
Бадамгаравын Бадраа гэж энэ эрхмийн яг байгаа нь энэ. Өөр ямар нэгэн далд дүр түүнд байхгүй. Хэнээс ч айж бэмбийхгүй, хэлэхээ хэлж, хийхээ хийж, ажилласан шиг ажиллаж, амьдарсан шиг амьдарч яваа голдоо нартай, дотроо хүчтэй монгол эр хүн.  Сүүлийн үед уригдаж байгаа зочдоос маань нэг зүйл нэвт үнэртэж байна. Тэр нь улс төржилтөөс залхсан, улс орноо бодож, нэгдэж нягтрахыг уриалсан чин сэтгэл. Хүмүүсийн голд энэ үнэхээр оржээ. Тэр үзэл, тэр омогшил, тэр залхалт их л юмыг сануулан хэлж байна даа.