Интерсексийн тухайд яг нарийн сайн хэлж мэдэхгүй. Би байтугай хэн ч мэдэхгүй. Нарийн тодорхойлсон асуудал ч биш. Ноднин жишээ нь Өмнөд Африкийн гүйлтийн тамирчин Симонитой холбоотойгоор энэ асуудал дэлхий даяар маш их шуугиулсан. Дэлхийн аваргын тэмцээнд Өмнөд Африкийн хүүхэн түрүүлснээс болж эм биш, эр гэж баахан маргалдсан.

Гомо, лесбигээс манин гэдэг нь эрс ялгаатай. Бидний ойлгодог гомо юм уу, лесби гэдэг бол ген нь ч бай, бэлэг эрхтэн бүх юм нь эр нь эрээрээ, эм нь эмээрээ байдаг. Гэхдээ толгойд нь эр хүнд нь эм хүний сэтгэлгээ, эм хүний толгойд эр хүний сэтгэлгээ орсон байх жишээтэй. Гэтэл тэрнээс их асуудалтай сексийн өөр хэлбэрүүд байдаг. Интерсекс буюу монголчуудын манин гэж хэлдэг, анагаахын нэр томъёогоор бол гермафродитын хувьд сонирхолтой. Генийг нь үзвэл ХУ эр юм уу ХХ гээд эм хэвээрээ байдаг мөртлөө эр эм бэлэг эрхтэн аль аль нь нэг хүнд байдаг. Ийм бүлэг өөрчлөлтийг нийлүүлээд дээр үеэс манин гэдэг. Би буруу ярьж байж магадгүй, нэг жишээ татъя. Энэ бол миний хувийн бодол шүү. Майдарын ч юм уу, Буддын зарим баримлуудыг харахад эр, эмийн дундуур хийсэн байдаг.

Японд жишээ нь сэтгэхүйн хувьд ийм үзэгдлүүд шинээр бий болж байгаа. Саяхны судалгаагаар залуучуудын 60-70 хувь нь хамт амьдарч байгаа мөртлөө сексийн хувьд бараг байхгүйтэй адил сонирхохоо больсон. Хувцаслахаараа эр, эм нь мэдэгдэхгүй, биеэ авч яваа байдал нь ялгагдахгүй болсон байдаг. Гэтэл энэ үзэгдэл дээр үед ч байсан. Маш алдартай гермафродит гээд эртний Грекийн баримал байна. Хөхтэй, тэгсэн мөртлөө эр хүний эрхтэнтэй. Тэгэхээр тэр үед ч гэсэн манинг ойлгож чадахгүй байсан. Гэхдээ энэ бол нэг л юм байдаг юм биш олон хэлбэртэй. Бага байхдаа хос бэлэг эрхтэнтэй байгаад, том болохоороо сэтгэцээ дагаад мэс засал хийлгэж аль нэг хүйсийг нь сонгох тохиолдол гардаг. Тайланд, Японыг сая жишээ авч, орчин үеийн хүний сэтгэхүй хэрхэн өөрчлөгдөж байгааг ярьсан. Тэнд ч гэсэн интерсексийг культын хэмжээнд авчирч тавиад, бэлгэдэл болгосон тохиолдлууд байдаг.

Энэ нь эхийн хэвлийд ураг бүрэлдэх үед ийм биологийн алдаа гарч байна гэсэн үг үү?


Яг энэ интерсексийн биологийн биеийн хувьд тийм байгаа. Анх үр тогтохдоо л эр үү, эм үү гэдэг нь тогтоогдоно. Өөрөөр хэлбэл өндгөн эсэн дээр нэг бол Х, нэг бол У сперматозоид орно. Энэ үр тогтсон нэг эсээс дөрвөн сартай ураг хүрэхэд бүх эд эрхтэн бүрэлддэг. Тэр хооронд гаднаас нь харахад эр, эм нь мэдэгддэггүй. Эхлээд яг эм бэлэг эрхтэнтэй юм шиг байж байгаад, аяндаа тэр нь буцаж нийлээд, хэлүү шиг юм нь томроод пенис болж хөгждөг, төмсөг дотроосоо гарч ирээд буудаг. Эмэгтэй хүний бэлгийн хөгжил эр хүний дайраад өнгөрдөг доод зам гэж байгаа юм биш. Ерөнхийдөө л ийм замаар явчихдаг юм. Тэр хөгжлийн дундаа зогссон үзэгдлүүд байдаг болов уу гэсэн эрдэмтдийн таамаг байдаг.

Эхийн ууж хэрэглэж байсан эм бас урагт нөлөөлөх үү?

Ялангуяа орчин үед янз бүрийн эм бэлдмэл уух болсон, эсвэл гормон ихтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх, хоол хүнсэнд гормон их агуулагдах болсон. Эмэгтэй хүнд ч гэсэн эр бэлгийн гормон байдаг. Эрэгтэй хүнд бас эм гормон байдаг. Нарийндаа бол эмэгтэй хүний гоо үзэсгэлэн эр бэлгийн гормон нь хэр их, гэхдээ зохистой байна гэдгээр тодорхойлогддог. Тэгж байж нүд нь том, хөмсөг нь гоё, хөх нь том байдаг.

Тэрийг монголчууд сайн гүү соёотой, сайхан хүүхэн сахалтай гэж хэлсэн байдаг. Ер нь эмэгтэй хүн тестостеронтой буюу сахал ургуулдаг эр гормонтой байж сайхан хүүхэн болдог байх нь. Тэгэхээр зарим үед магадгүй эхийнх нь биед байгаа гормоны зохицуулга алдагдсан байж болно. Орчин үед хамгийн аюултай нь бидний хэрэглээний юмс маш их гормонтой болж байгаа. Бүх шампуньд эр бэлгийн гормон ихээр агуулсан байдаг. Европын гол мөрнүүдийг судлахад шампунийн үйлдвэртэй ойрхон зарим голд загас жараахайных нь 60-70, бүр 90 хувь нь манин болчихсон байснаас болоод жараахайгаа үлдээж чадахгүй үхсэн байсан. Зөвхөн шампуньд ч биш, хүүхнүүдийн хэрэглэдэг бүх л төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнд гормон байдаг.

Манин хүн сексийн үед эр ч болж чаддаг, эм ч болж чаддаг гэж ярьдаг юм билээ. Гэтэл сая таны ярьснаар бол эрхтэн дандаа дутуу байдаг юм шиг байна. Тэгэхээр тэгж хувирч чадах уу?

Хэрэв аль аль бэлэг эрхтнийх нь хөгжил дутуу бол эр ч, эм ч болж чадахгүй. Дахиад хэлэхэд, энэ өвчин биш. Маш их зүйл ойлгогдохгүй байгаа. Биднийхтэй төсгүй эрхтнүүдийг хийчихсэн. Гэтэл аль нь ч бишээс авахуулаад аль аль нь байж чадах тохиолдол байдаг. Хэрэв ийм байгаад эмэгтэй болохыг хүсвэл эр бэлэг эрхтнээ авахуулаад, хөх хийлгээд, эм гормон ууж эхэлнэ. Хоёр бэлэгэрхтэнтэйгээ үлдвэл асуултад гардаг шиг эр ч, эм ч болж болно. Энэ бол хувь хүний сонголт. Манайд ер нь төрөлхийн гажгуудын өөрчлөлт бага байдаг. Яагаад гэхээр, монголчууд 1950- иад он хүртэл Европынхны ярьдгаар спартан амьдралаар амьдарч байсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн хүчтэй чадалтай, амьд гарч чадсан нь үлддэг, сул дорой бусад нь үхдэг.

Монголд манин хүн харьцангуй цөөн байсан учраас хүмүүс мэддэг байсан. Гомо тэр, манин хэн гээд бүр нэрийг нь хүртэл сайн мэддэг шүү дээ.