ХБНГУ-д төрийн дээд хэмжээний айлчлал болох тухай сураг оны өм­нөөс л сонсогдож байсан. Энэ хугацаанд урилга илгээсэн төрийн тэргүүн нь солигдсоныг эс тооц­вол айлчлалын хөтөл­бөрт өөрчлөлт ороогүй байна.

Ажлын хэсгийнхний  аль эрт боловсруулсан төлөвлөгөөг уншиж бай­хад “…Эрхэм төлөөлөг­чид 2012 оны гуравду­гаар сарын 30-ны баа­сан гаригийн 11 цаг 04 минутад Адлон зочид буудал руу хөдөлнө. 11.10-д хү­рэл­цэн ирнэ…” гэхчлэн болох гэж байгаа үйл явдлыг болоод өнгөрсөн мэт нарийвчлалтай зааж зуржээ. Германчуудын цаг яс барь­даг талаар учирсан болгон л ярьц­гаадаг. Мэдээж тэр хуваа­рийнхаа дагуу айлчлал болоод өнгөрлөө. Үйл явдлыг ажиглаж байхад  одоо цаг дээр буй герман хүн байн байн бугуйн цаг руугаа хялалзаж, тэвдээд дэгдээд байсан юм ерөөс анзаа­рагдахгүй. Тайван уужуухан, зарим­даа ч бүр назгайраад байна уу даа гэмээр. Сүүлд эргээд санахад болдог юм болох хугацаандаа яг л болоод өнгөрсөн байх нь хамгийн гайхал­тай.



Наймаачин хүн сохор зоосыг ч голохгүй сэгсэрч байж мөнгө хуримт­луулах даллага үйлддэг шиг тэд хугацааг нэгэн баялгаа болгож хүндэтгэнэ. Элбэг дэлбэг зав өөртөө гаргахын тулд л цагтай харьцдаг аж. Өөрөөр хэлбэл цагт хавчигдах биш хүссэн хугацаагаа л тэмдэглэж буй хэрэг юм. Хангалттай хугацаа гэдэг чинь хармай дүүрэн мөнгөтэй адил юм. Даанч орой болчихлоо, уг нь эртний л тэгдэг байж, маргааш болохоос гэсэн шүүрс алдалтгүй амьдрал эндээс уншигдана.

Монгол-Германы “ах дүүгийн найрамдал” өнөөдөр улам хөгжихөд хэдэн бутархай минутны хугацаа орж буй нь өмнө нь суурь сайтайнх ажээ. Хоёр орон түүхийн эрин зуу­наар хэмжигдэх урт хугацаанд ихэнх­дээ хоорондоо гэмгүй харьцаж байсан намтар байна. Дэлхийн II дайны үеийн зурвасхан он жилүү­дийг эс тооцвол. Одоо тэр дайны ялагч, ялагдагч гэж байхгүй, үүссэн өрнө­сөн бурууг нэг хоёр оронд тохохоо больсон, дэлхийн хэмжээ­ний гамшиг болоод өнгөрсөн. “Ажил явдал” 1945 оноор дуусгавар болсон тул шинэ Германыг өнгөрсөн дайн­тай холбож байн байн тэр муухай дур­сам­жийг нь сөхөхөө больцгоосон билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын парламентын танхимд үг хэлэхдээ хоёр орны хамтын ажил­лагааны найрсаг явсан үеүдийг эргэж дурссан юм.

Бүр өнгөрсөн зууны эхэн үед Герман гаралтай Барон Унгерн хэмээх цэргийн зүтгэлтэн Богд хаант Монгол Улсын тусгаар тогтнолыг эргүүлэн авчралцаж тухайн үеийн төрийн хамгийн том шагналыг хүр­тэж байсан түүх ч өнөөдөр бодит байдлаар бичигдэх болсон. Ардын хувьсгалын эхний жилүүдэд Д.Нацаг­­дорж нарын манай шилдэг сэхээтнүүд давын өмнө “Хээрийн галуу нисэн үл хүрэх…” энэ орныг зорьж эрдэм боловсрол эзэмшиж байсан нь хөрш орнуудыг гайхшралд оруулж явжээ. Хожим дайны дараа социалист лагераар далим­дуулан БНАГУ-тай хамгийн түрүүнд найз болоод авчихсан мөн л ирж очиж суралцаж, техник техно­логийг нь эзэмшиж Монголоор дүүрэн герман хэлтнүүд бий болсон нь илт анзаарагддаг байв. Хүн амын  хам­гийн олон хувь нь герман хэл мэддэг гадаад орон гэвэл өнөөдөр Мон­голыг л хэлэх байх.

Хувь заяа ба цаг үе биднийг дандаа аль хүчирхэг улс оронтой холбосоор ирсэн уламжлал үргэл­жилж байна. Энэ цаг үеийн нөлөө бүхий гүрний нэг бол яах аргагүй Холбооны Герман мөн. 16 Бүгд Найрамдах Улсаас бүрд­сэн 80 гаран сая хүн амтай, Европын Хол­бооны улсуудын гол ачааг үүрч яваа бодлого тодорхойлогч орон. Цагтаа 15 БНУ-аас бүрдэж байсан ЗХУ задраад одоо дөнгөж 100 гаран сая хүн амтай ОХУ болчихсон яваа. Зөвхөн энэ тооноос харахад Орос Герман хоёрын өндөр намын харь­цаа одоо нэг их ялгагдаад байх юм байхгүй. Хүн амын амьдрал, боловс­ролоос эхлээд хөл бөмбөг тоглохдоо хүртэл лаг, бүх үзүү­лэлт нь өндөр стандартад хүр­чих­сэн хөгжил АНУ, БНХАУ-д ч бай­даг­гүй. Гэхдээ хөгжил дорой ядарсан улсад өмөг түшиг болох газар Герман биш. Хүний хүнийг байтугай өөрийнхөө үр хүүх­дийг 18 нас хүрэхээр нь гэрээсээ хөөгөөд явуулчихаас сийхгүй хүйтэн сэтгэл бий. Тийм учраас бид тэдэнд ямар хэрэгтэй болов гэдгийг ямагт бодох хэрэг гарч таарна. Манай зарим нөхөд эд­нийг зад панаал­даж юм салгачих санаатай гэнэн хөөргөн хандах гээд байдаг. Гадаад улс төр биз­несийн салбар их өөрчлөгджээ. Өнөө цаг үе харилцан ашиг, түүнийг дагасан хариуцлагатай байдал найз нөх­дийн үерхлийн хугацааг уртасгах боллоо. Төрийн дээд хэмжээнд харилцан айл­чилс­ны хэргийг үзэж чадах эсэх нь хувийн компа­ниудын ажил үйлсээс их хамаа­рах болов уу. Германтай цуг ажиллахаар гэрээ хийж буй ху­вийн хэвшлийнхэн хариуцлага­тай байж сурах хичээл заалгах боллоо. Эндээс улс орон даяар хариуцлага халдварлаж ядахнээ цаг барьж сурчихвал Герман Монголын найрамдал мандана.

Хамтдаа нүүрс нэрж шингэн түлш гаргацгаая гэж тохиролцоод байна. Энэ талаар олон ажил төлөвлөжээ. Санамж бичиг гэсэн албан нэр томьёотой гэрээнүү­дэд Монголын Засгийн газрыг төлөөлж дэд сайд хатагтай Гарам­­­жав олонтаа гарын үсгээ мутарласан. Санамж гэхээрээ арай өөр зэрэглэлийн гэрээ бо­лол­той. 

Хэнтэй яаж харьцахаа хэнээр ч заалгахгүй хүчирхэг гүрэн Гер­ман өнөөдөр талын монголчуу­дыг хүндэтгэлийн хамгийн дээд зэрэглэлээрээ тосон авч, үдэн мордуулсан нь олон улсын хэм­жээнд дуулиантай үйл явдал боллоо. Германы хувьд энэ жил­дээ өөр улс орны төрийн тэргүү­нийг ийнхүү дээд хэмжээнд хү­лээн авахгүй гэж байна. Бид тэдэнд гэнэт хэрэг болчихсон гэдгээсээ илүү хоёр орон угаасаа найрамдалт харьцаатай явсан ард түмнүүд гэдгийг илэрхийлж буй нь сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа. Ерөнхийлөгч болон бусад зорчиг­чид сууж яваа манай МИАТ-ийн Боинг онгоцыг агаарт дөнгөж Поль­шийн хил давмагц өөдөөс байл­дааны дөрвөн аймаар онгоц тосон дундаа хийн Берлин орон ортол хамгаалал­тан­даа авсан нь цон­хоор хараг­даж байв. Хас тэмдгээс арай өөр нэмэх тэмдэг хэлбэртэй томоо эмблем бөөрөндөө зурсан, дот­роо хоёрхон хүн суусан сө­нөөгч онгоцнууд яг хажууд зэрэг­цэн яваа нь  сүрлэг. Онгоц буу­дал­даа буухад хүндэт харуул жагсан, мотоцикль­той хамгаалал­тууд ярайн, их буу­гаар 21 удаа ёслолын буудлага үйлд­сэний дараа Ерөн­хийлөгчийг хүлээн авлаа. Эрхэм зочдыг Бер­лин хотын төв рүү залах явцдаа тэр хавийн бүх замын хөдөлгөөнийг хаан цагдаа нар хамгаалалтанд гарчээ. Гудамжаар дүүрэн Мон­голын дал­баа намираас­тай. Ойрд болоогүй ийм сүрлэг ёслолыг Бер­лин хотын иргэд сониучлан харц­гааж зарим нь тагтан дээрээ овоо­рон зураг хөргийг нь авч харагдана. Гэнэтийн түгжрэлд орсон машины жолооч нар ч ер ундууцсан шинж­гүй цон­хоо онгойлгон юу болоод байгааг гайхсан бололтой ангайц­гаана. Эдний хүндэт харуул “Эрхэм Ерөн­хийлөгчийн амрыг эрье” гэж мэн­дэлдэггүй, ойрхон ойрхон алхаж, гараа тэрүүхэн дороо хагас хаяж явдаг онцлогтой юм билээ. Бид зочдоо хүндэтгэн хөдөө гарч морь бөх, малчин айл үзүүлдэгтэй төстэй хөтөлбөр төлөвлөжээ. Айлчлалын хоёр дахь өдөр зочдыг галт тэргэнд суулган хойшоо Балтийн тэнгисийн эрэг Эльба мөрний адаг дахь Ханбург хотыг үзүүлсэн юм. Берли­ний галт тэрэгний вокзал бол хүн төрөлхт­ний энэ зуунд хийгдсэн өндөр өртөгтэй цөөхөн бүтээн байгуу­лалтын нэгд тооцогддог. Дээшээ доошоо, хажуу тийшээ зэргэцүүлэн өчнөөн төмөр замууд барьж түүгээр хурдны ачааны янз бүрийн вагонууд зогсоо зайгүй сүлжилдсэн газар. Эндээс хаа байсан Ханбург руу сүн хийтэл хоёрхон цаг чавх­даад очиход тэнд мөн л дэлхийд алдартай Европын усан боомтын гол зангилаа лугшиж харагдана. Далайд гардаг том том хөлөг онго­цон дээр контейнер давхарлан ачсан нь чүдэнзний хайрцагнууд шиг өчүүхэн хараг­дана. Орон сууцны угсармал хороол­лууд юм болов уу гээд харсан чинь дандаа хөлөг онгоц­нууд. Халимыг арал байна гэж андуураад гал түлчихдэг Синдбад далайчны үлгэр шиг л юм. Хөтөч дэлхийн хамгийн том онгоц, Тита­никаас ч том онгоц дөнгөж Авст­ралиас ирээд одоо буцаж явна гэж заав. Түүний урт нь 300 метр гэв үү. Тэр том саваар дүүрэн нүүрс ачиж ирээд энд юүлэхэд жаахан удаан л явах болохоос гойд зардал ордоггүй гэнэ. Танайхаас уул уур­хайн хүдэр зөөхөд яаж ийгээд ойрхон далайн эрэгт дөхүүлэх л чухал. Тэрнээс цааших тээврийн хувьд иймэрхүү том онгоцоор хэдхэн бөөндөөд л Ханбургад аваад ирнэ гэж байна. Тэгээд Ханбургийн боомтоор орж ирсэн бараа хаа хүрч эцсийн бүтээг­дэхүүн болдгийг үзүүллээ. Эндээс мөн л ланжгар бүтэцтэй төмөр замаар Германы баруун хойд зүгийн Бель­гитэй залгаа Умард Райн муж улс руу гол төлөв ачигд­даг аж. Гер­маны нутаг дээгүүр Райн ба Эльба гэх хоёр том мөрөн умар тийш далай руу урсдаг. Үүний Райн мөрний адагт хамаг том үйлд­вэ­рийн хотууд, хүн ам нь нягт шигүү амь­­дардгаараа онцлог. Далайн тээвэр уг нь Райнаар орж ирэх нь ойр боловч замдаа Голландад гаа­лийн татвар төлөх хэрэг гардаг биз.

Ханбургийг сонирхуулсны дараа тусгай үүргийн нисэх онгоц гаргаж Умарт Райн-Вээст палин муж улсын Даэсэлдоорп хот руу  аялуулав. А.Меркель зэрэг төрийн томцуул гадаад явахдаа унадаг мангар том онгоцоо гаргаж өгчээ. Ноднин А.Меркель энэ онгоцоороо Буянт-Ухаад буух гэсэн чинь тал­бай нь даахгүй цөмөрчих байх гээд арай жижгэвтэр онгоцоор унаагаа юүлсэн гэсэн. Онгоцны талаас урагш нь тусгай зориулалтын тан­химуудтай. Агаарт нисч яваа атлаа зочид буудалд тухалсан мэт  юм бүхэнтэй. Унтаж болно, усанд орно, мөн том зааланд цуглараад хурал хийдэг танхим хүртэл байна. Ер нь их хүнд жинтэй бололтой. Бууж суухдаа лүгхийн юм мөргө­чихөж байгаа юм шиг.

Даэсэлдоорп дахь нүүрс бо­ловс­руулах болон гангийн үйлд­вэртэй танилцлаа. Төмрийн хүдэр, нүүрс хоёрыг тойроод дагалдах өчнөөн үйлдвэр барих ёстой аж. Тэдгээр үйлдвэрүүд нь нэг нэгний­хээ араас сундлаастай хаа ч хүрч дуусч байгаа юм бүү мэд. Машин­тай яваад байхад барагдахгүй турба яндан болсон тусгай зориу­лалтын байгууламжууд ярайна. Австралиас ачиж ирсэн нүүрсээ  бууз жигнэж байгаа юм шиг том саванд хийгээд дороос нь гал өрдөнө. Тэгэхээр дотор нь байсан ус болон бусад хэрэггүй бодисууд ангижирч борцлогдож байна. Тэр нь нөгөө коксжсон нүүрс гээч аж. Энэ яаж дахиж шатдаг юм гэмээр хөнгөхөөн божийсон бор юм гар­гаж авчээ. Манай Монголын уур­хайд зарим тохиолдолд ийм бол­чих­сон бэлнээрээ дарагдаастай байдаг учраас анхаарал татаад байгаа. Хэт халуун градуст хүрэ­хийн тулд зөвхөн коксжсон нүүрс өрдөх шаардлагатай. Төмрийг өндөр температурт ширээлж байж хамгийн сайн ган гаргаж авдаг. Коксын үйлдвэрийг залгаад ган­гийн үйлдвэр үргэлжилнэ. Үйлд­вэрийн хашаанд төмрийг хэвлээд барилгын хавтан шиг хэлбэрт оруу­лан зөнд нь өрчихжээ. Үйлдвэр дотор ороход том том тогоо­нуу­даар дүүрэн төмөр хоол аятай буцалж байх юм. Тэрнээсээ өөр сав руу юүлэх процесс нь халуун там гээч ийм байдаг болов уу гэмээр. Эндээс цааш яваад байвал бүр зүү тэвний үйлдвэр хүртэл бий гэсэн. 18 сая хүн амьдардаг энэ мужийнх­ны хоёрхон хувь нь хөдөө мал тариалан эрхэлж бусдынхаа хоол хүнсийг даадаг. Үлдсэн нь бүг­дээрээ аж үйлдвэр дээр  байдаггүй. Хүнд үйлдвэрийн салбарт нийт ажиллагсдын хорь орчим хувь нь л харьяалагддаг аж. Үйлдвэрүүд улам механикжиж цаашид энэ хувь буурна гэж байна. Оронд нь үйлд­вэр тойрсон үйлчилгээний төрөл бүрийн хөнгөн аятайхан ажлын байрууд гарчээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэр­гүү­тэй эрхэм зочид үйлдвэртэй товч танилцсаны дараа ойролцоох эртний сайхан шилтгээнд саатаж ёслолын арга хэмжээнд оролцож, үдийн зоогоо бариад нөгөө мундаг онгоцондоо суун буцаад Берлиний зүг нислээ. Тэд биднийг хөдөө аваачаад морь, бөх уралдуулахын оронд хамгийн мундаг үйлдвэр бүтээн байгуулалтаа танилцуул­лаа. Харин орой нь хотод ирээд өөрсдийн дагуулж авчирсан Со гавьяат, Болд төрийн соёрхолт нарынхаа концертыг үзэцгээв.

Үйлдвэржилт, эцсийн бүтээг­дэхүүн гаргаж авах ажиллагаа нь заваан юм уу, дутуу хагас үйлдвэр барьчих юм бол байгаль орчинг баллаад хаячиж мэдмээр санагд­сан. Тэгэхээр Монгол, Германы хамтарсан технологи нь нүсэр том төсөл яригдаж байгаа аж. Зөвхөн ТЭЗҮ-ийг боловсруулж зурах зар­дал гэхэд л талийж өгөх бололтой. Ажлын байр гэж ярьдаг байсан бол одоо жинхэнэ ажил ч ундрах нь дээ. Хүссэн юм хүзүүгээр татах үед ажлаас зугтаж шившиг болохгүй байх нь чухал. Дор хаяж долоо, найман жил уйгагүй хөдөлмөр­лөсний дараа үйлдвэрүүд босч эцсийн бүтээгдэхүүн гарч ашиг орлого яригдана. Хятадын хил дээр нүүрсний ченж хийсэн шиг хялбар амьдрах арга зам цаашид ингээд хаагдвал манай ирээдүйд нэн хэрэгтэйсэн.

Германтай гүнзгий нөхөрлөс­нөөр бидний амьдралын хэвшилд их өөрчлөлт гарч магадгүй. Хам­гийн наад талын жишээ гэхэд 00-д орохынхоо өмнө тэд эхлээд гараа угааж байхад бид гараад нэг их цэвэрч царайлан крант нээгээд зогсож байх юм даа.