...Би бол вирус. Хараахан нэр усгүй. Ухаан ороод хартал вирус болоод төрчхөж. Ажаад байхад вирус гэдэг нь бие даан амьдрах чадваргүй сул дорой эд бололтой юм. Тэр ч бүү хэл амьд биет үү, амьгүй бодис уу гэдэг нь ч ойлгомжгүй.

Гэхдээ надад нөмөр түшиг болдог эзэн гэж байх аж. Түүнийг амьтан гэж дуудах юм. Манай удмынхан амжилттай оршин тогтноод яваа нь гарцаа байхгүй эзний маань л ач. Үргэлж талархаж явууштай. Хорлож гэмтээнэ гэж санахын ч хэрэггүй. Биен дотор нь хэсэгхээн зай эзлээд, тодорхой хэмжээнд тоо толгойгоо өсгөөд илүүгээ гадагш нь гаргаад байж байхад л бидэнд хангалттай. Тиймээс эзэнд төвөг бололгүйхэн шиг, гэм хоргүйгээсээ сонгож өсгөөд явах минь. Эсрэгээрээ бүр бидний чадварыг ашиглаад эзэн маань улам хүчирхэг болбол түүнээс дээд хувь зохиол гэж үгүй (Хувьслын явцдаа вирусны тусламжтайгаар шинэ чадвартай болсон амьтны төрөл зүйл байдаг нь тогтоогдсон байдаг. Мөн, олон төрлийн вирусүүд хүний арьс болон гэдэсний бактериудтай хамтран амьдардаг ба, хүний эрүүл мэндийг тэтгэх нэг тулгуур нь болдог гэдэг).

Гэснээс, сүүлийн үед эзний бие чилээрхүү байна. Энд тэндгүй өвчинд баригдаж, бидний байгалийн дайсан болох дархлааны эсүүд нь ч нэг л сороо алга. Ямартай ч амьд байгаль дээр энэ амьтан маань хэт олшроод асуудал тариад байгаа сурагтай. Тэгтэл хаанаас ч юм нэгэн хоолой сонсогдов.

- Сул доройтнуудыг алж болно шүү…

Би гайхаж орхив. Эзнээ ална гэж юу гэсэн үг вэ? Хичнээн ч өвдөж доройтдог бай, яаж ийгээд ч болов эзэнтэйгээ хамтдаа амьдран үргэлжлэх аргагүй юм гэж үү? Хоолой цааш өгүүлэв.

- Вирус минь! Наадахыг чинь төөрөгдөл гэдэг юм. Амьд байгальд хууль байдаг. Чи ч бас хуулийн дор амьдарч байна. Сул доройтнууд үржин олширвол юу болно гэж бодно? Амьтад ургамлаар хооллон амьдардаг. Ургамал энэ ертөнцийн бодисын эргэлтийг тэтгэж, түүний ачаар амьтай бүхэн зэрэгцэн оршдог. Харин ургамал эрүүлээр дахин төлжихийн тулд амьтанд идүүлж, хоол боловсруулах сувгаар нь дамжин өнгөрөх шаардлагатай. Ингэж байж экосистемийн өсөлтийг удирддаг фосфорын хүчил, кали болон бичил биетийн тасралтгүй хуваарилалт хийгээд нийлүүлэлт хэрэгждэг. Ялангуяа дэлхийн эх газрын 40%-ийг эзэлдэг хуурай болон хагас хуурай бүсэд эрүүл хүчирхэг амьтад хээр талаар нь сүрэглэн бэлчихгүй бол бага багаар цөлжилт тэлэх аюултай. Вирус чамд байгалийн нарийн тэнцвэрийг нураах эрх байхгүй. Тиймээс байгалийн хуулинд захирагд!


Заа за, ойлголоо. Өдийг хүртэл эзэндээ аль болох төвөг болохгүйхэн шиг явж ирсэн боловч сүүлийн үед эзэн бүр тамирдаж ядраад, яавал төвөг болох нь ч ойлгомжгүй боллоо. Өөрийнхөө чадах хэрээр олон янз болон хувирч (мутацад орж), байгалийн тэнцвэрт тус болохын төлөө хичээе дээ.

Яг тэр зуур эзэн маань бөөн бөөнөөрөө үхээд өгөв. Сонсох нь ээ, хүн гэдэг төрөл зүйлд тэжээгдэн амьдардаг мал нэртэй амьтан байсан юм гэнэ. Тэрхүү эзний маань эзэн гэж хэлж болохуйц хүн гээч амьтан ойг хяраад амьтан үржүүлдэг оромж байгуулж, түүндээ амьтдыг дүүрэн чихэж байгаад янз бүрийн эм тариа шахдаг байсан бололтой. Тэрнээс болоод л эзэн маань сульдсан учиртай байх нь. Түүнээс гадна манай удмынхан ч бас одоо нэгэнт нэгдмэл биш болж. Сүүлийн үеийн хүүхдүүд маань эцэг эхээсээ тэс өөр төрхтэй болсон. Яажшуухан эндээс мултаръя даа байз… Нээрэн тийм, ерөөсөө тэр хүн ч гэнэ үү тэр лүү нь шургаад үзье хө.

Ёстой оножээ, хүний бие чинь ямар тухтай юм бэ. Саад болох юм юу ч алга. Энэ амьтан манай хуучин эзнээс ч сул дорой дог шүү. Шинэ эзнээ алах нь онцгүй ч гэлээ, байгалийн хоолойг нэгэнт сонссоныг ч хэлэх үү, тэгээд ч энэ хүн гээч амьтан овоо муур гар байна. Үхээд үхээд дуусахгүй олуулаа ч юм. Бас биднийг ханиаж найтаахаар дамжин халдварладгийг мэдмэгцээ хоорондоо зай барьж тархалтыг зогсоох гэж оролдож байна. Тийм бол хэсэг жаахан дарвичхад мөхчих вий гэж айх шаардлагагүй бололтой. Хэсэг зуур ч болов дэлхийг захирах ямар байдгийг амтлаад авъя байз. Хүн гар мухардан аргаа барвал бид ч бас шинэ эзний ёсоор хүндлэл үзүүлж, эв найртайгаар цаашид хамтран амьдарна аа. Бидэнд анх удаагаа нэр хайрласан шинэ эзэн минь!.

Тэгтэл дахиад байгалийн хоолой сонсогдов.

- Зүйтэй!. Хүн ч, амьтан ч, ургамал ч бүгд адилхан амьтай. Бичил биетүүд бол бүр тэдгээрийн дээд өвөг болох амьд биет. Вирус та нарын үүрэг даалгавар одоо ч хэвээрээ. Та нар эрт балрын үеэс яг л ингэж амьтдын хувьслыг тэтгэж ирсэн гол баатрууд шүү дээ. Үнэндээ наад хүн гэдэг амьтны геномыг угсрах үед ч бас та нарын өвөг эцгүүд янз бүрийн генийн цуваа нийлүүлж өгч аль байдгаараа тусалсан байдаг юм.

Хүн, амьтан хоёуланд нь халдах чадвартай шинэ төрлийн халдварт өвчин төрж гарах түгээмэл сценарийг вирусийн өнцгөөс харж, хүний хэлэнд буулгавал нэг иймэрхүү байх болов уу. Тэд бол алуурчид ч биш, хорлон сүйтгэгчид ч биш. Тэд бол экосистем дотор өөрийн гэсэн тов тодорхой үүрэг ролийг хариуцан оршдог, дэлхийн амьд байгалийг тэтгэгч эгэл даруухан гишүүд юм. Тэднийг үймээн дэгдээхэд хүргэдэг суурь шалтгаан хаанаас гардаг гэж бодно?

Олон вирус амьтдын амьсгалын эрхтэн болон хоол боловсруулах эрхтнээс ялгаран гадагшилдаг. Тэгж гадагшилсан вируснууд хаана очиж зогсдог юм бол? Яг хөл доорх амьд байгалийн хөрсөнд. Татах хүчтэй дэлхий дээр гарцаагүй очиж таардаг хөрсний гадарга дээр юу өрнөдөг болохыг микро түвшинд өнгийн харъя.


Өнгөн хөрсний бүтэц

Хөрсний гадаргын дөнгөж хэдэн 10хан см хэсгийн өнгөн хэсэгт, амьтад урт удаан сар жилийг элээн байж далайгаас хуурай газарт гарч ирэн хувьссан тэр механизм хадгалагдан бий. Анхдагч дэлхийг асар хүчтэй хэт ягаан туяа шардаг байснаас болоод ямар ч амьд биет бие даан хуурай газарт гарч чаддаггүй байж. Амьд биетийн өлгий нутаг байсан далайн орчныг яаж ийгээд хуурай газарт бий болгохын төлөө ургамлууд даруй 500 сая жилийн турш газрын гадаргыг бүрхэн байж усны хагалбарыг сөрж, агаар мандлын найрлага хийгээд усны эргэлттэй уялдуулсан хэлбэрээр өнөөгийн өнгөн хөрсний механизмыг бий болгожээ. Ургамлууд өнгөн хөрсөөр дамжуулан бүхий л хуурай газрын амьд биетийн анхдагч тэжээлийн эх үүсвэр болох органик бодисыг агаар, ус, нарны гэрэл мөн органик биш бодисуудаас нийлэгжүүлэн үйлдвэрлэж, тэр нь цаашаагаа улам олон төрлийн молекул нэгдлүүд болон өнгөн хөрсөнд буцаж ирдэг. Ингэж янз бүрийн орчны өөрчлөлтөөс хамгаалан зохицох чадвар биохимийн олон төрөлт шинжид тулгуурлан хөрсөнд бий болдог (ялангуяа хагас хуурай бүсэд, гадаргын дөнгөж хэдэн мм хэсгийн төлөв байдал нь тэрхүү хөрсний ус шингээх чанарт ихээр нөлөөлж, түүгээр хөрсний үйл ажиллагаа хэрхэх нь тодорхойлогддог).

Өнгөн хөрс нь бойжсон цогц орчинд аливаа нэг өвчин тийм ч амархан тархахгүй. Өнгөн хөрсний физик болон химийн шинж чанарын нөлөөнөөс болж юун түрүүнд ихэнх өвчин үүсгэгчид тэндээ шингэж үлдэнэ. Хот газрын жаахан салхинд дэгдээд барагтай бол буцаж буудаггүй ургамлын тоосонцорууд хүртэл, ойд бол чийглэг хөвсгөр хөрсөнд нь тээглэн шингэж агаарыг цэврээр нь хадгална. Хөрсөн дотор тоогүй олон бичил биетүүд байдаг ба тэдгээрээс үйлдвэрлэгдэн гарах өндөр био идэвхит химийн бодисуудын нөлөөнд өртсөнөөр өвчин үүсгэгчид нүд ирмэхийн зуур өрсөлдөөн хийгээд хамтын амьдралын олон давхар торон хэлхээнд татагдан орно. Ургамлын олон төрөлт шинж тодорхой хэмжээг даваад ирмэгц бичил организмын олон төрөлт шинж тоймгүй ихээр нэмэгдэж, тэдний сансрын тоо шиг олон генүүд нэгэн цогц систем болон ажилладаг болох нь тогтоогдсон. Тэр байтугай тэрхүү цогц системийг зангидан чиглүүлэх оркестрын удирдаачийн үүргийг гүйцэтгэхэд ургамал болоод бичил биетүүдтэй хамтран амьдардаг олон тооны вирусүүд нэн чухал болох нь саяхнаас тодорхой болоод байгаа.

Эндээс та нэгэнт ойлгосон болов уу. Вирусүүд ган болон пластик гэх мэт химийн хувьд харьцангуй тогтвортой, мөн бусад биологийн үйл ажиллагаа бараг үгүй хиймэл материал дээр (бусад бичил биетүүдийн тэжээл болохуйц органик бодис бараг үгүй орчин), эсвэл орон зайд тархан шингэрэх боломжгүй битүү орчинд нам температур дор байвал өөрийн талстлаг физик шинжээ ашиглан урт хугацаанд оршин байх хандлагатай байдаг. Харин нарны гэрэл болон ус тэргүүтний хими физик нөлөөнд мэдрэг микро хөрсний орчинд, эсвэл бусад амьд биетүүдтэй харилцан нөлөөнд байх тохиолдолд бол тийм ч айхаар зүйл биш. Вирус гэдэг бол нуклейн хүчлийг хэдэн тооны уурагтай хамт хальсанд (envelope) боосон төдий туйлын энгийн бүтэцтэй биет. Хүнээр зүйрлэвэл бороо шуурга нүдэж, араатан махчид хөлхөлдсөн эзгүй ууланд нимгэн хувцастай хээрийн буудал хийх дайны аюултай нөхцөлд байдаг гэсэн үг (Одоогийн байдлаар хоолны хордлогын шалтгаан болдог норовирус зэрэг хамгийн тогтвортой вирусээс авхуулаад хүний биед орогнодог ямар ч вирус хөрсөнд үржсэн тохиолдол гараагүй. Харин хөрсөн дотор бол төрөл бүрийн ургамал, амьтан, бактериудтай хамтран амьдардаг вирусүүд тоймгүй олон төрлөөр байдаг ба, хөрсний төрөл бүрийн үйл ажиллагааг нөхцөлдүүлж байдаг. Хөрсөнд урт хугацаанд тогтвортой оршин байж чаддаг нь tobacco mosaic вирус зэрэг ургамалтай нягт хамтран хувьссан вирусүүд байдаг бөгөөд, тэдний орогнох муж нь хүнээс хамаагүй хол).

Цаашлаад, эрүүл өнгөн хөрс ба түүнд суурилах бичил биетүүдийн олон төрөлт шинж нь хүний дархлааны системийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай суурь нөхцөл болдог. Вирус халдварлах зам болох бидний арьс болон салст бүрхэвчинд агуулагддаг байнгын бактериуд уул шугамандаа бол олон төрөлт хөрсний бактериудтай холилдож байж эрүүлждэг. Нэг ёсондоо дархлааны систем гэдэг бол гаднаас зохистой хэмжээний байнгын халдлага байснаар сая хэвийн үйл ажилллагаагаа хадгалж байдаг учиртай.

Эсрэгээрээ амьд байгаль болох олон төрөлт эсрэг төрөгчүүд (antigen) байхгүй ариутгасан цэвэр орчин, эсвэл тэгж ариутган цэвэрлэх зориулалттай эмийн бодисын нөлөөгөөр арьс болон гэдэсний бактерийн олон төрөлт шинж ноцтой багассан нөхцөлд дархлааны систем дотроосоо нурж, төрөл бүрийн үрэвсэл харшил үүсгэдэг болох нь тодорхой болсон.

Гэрэл ч байхгүй битүү орчинд шамбааралдан шахагдсан малын дархлаа стрессийн нөлөөгөөр унаж, бактерийн халдвараас сэргийлэх нэрийдлээр их хэмжээний антибиотикууд ашиглагддаг. Аанай л дүүрэн хүнтэй автобусанд шахцалдсаны гайгаар ханиадны эм уухдаа тулдагтай нэгэн адил. Энэ байдал нь, микро ертөнцөд асар олон тооны вирус болон бактериуд уул шугамандаа бий болох ёстой нэгэн цогц амьд биет мэт зохион байгуулалтад орж чадалгүй, аль аль нь орогногч эзэндээ өвчин таригч болж төвөг учруулсан зөрчилтэй нөхцөл байдлыг эм тариагаар нухчин дарж буй дүр зураг юм. Ийм үед шаардлагатай арга хэмжээ нь буруутан руу давшлах бус, харин буруутан төрөн гарахааргүй орчин тийш нөхцөл байдлыг шилжүүлэх нь чухал.

Иймд халдвар авсан хүн болон бусад халдвар тээгч амьтдаас зай барьж, өөр бусад олон төрлийн бичил биетээр баялаг хөрс бүхий орчинд өөрийгөө аваачих хэрэгтэй. Тэгснээр өөрийн дархлааны хэвийн ажиллагааг дэмжин дотоод хамгаалалтаа сайжруулахын зэрэгцээ, вирус мэтийн өвчин үүсгэгчдийг өөртөө наалдуулан зохицуулдаг гадаад хамгаалалт ч бас болно. Энэ бол бидний хийж чадах хүрээн дотор экологийн хувьд хамгийн өндөр үр дүн найдах боломжтой халдварын эсрэг арга хэмжээ юм. Иймэрхүү фундаменталь цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой аж төрөх хэлбэр гэвэл, байгальд ээлтэйгээр хувийн хэрэгцээнд хувьдаа үйлдвэрлэсэн хүнс болон олон төрлийн байгалийн инергийн эх үүсвэрээр хангагдаж, мэдээлэл харилцааны технологиор хоорондоо холбогдсон тархмал орон нутаг хэлбэрийн бүтэц байж болно.

Эрүүл өнгөн хөрс, тэгээд түүнийг тэтгэх амьтан ургамал бүхий орчин. Үүнийг хамгийн бага зардлаар өндөр түвшинд хадгалж явахад шаардагдах шимэгч болон халдварт бичил биетүүд. Энэ бүх мөчлөг тэнцвэрийг хүний бүтээлч үйл ажиллагааны цөмд буцаан авчрахаас өөр суурь шийдэл гэж үгүй юм.

Мутацад орохдоо хурдан RNA вирусын эсрэг эмчилгээний эм болон вакцин зохион бүтээх нь үнэндээ цаг зуурын аргацаалтаас хэтэрдэггүй. Жил бүр мутацлагдан дэлгэрдэг томуугийн эсрэг дуусдаггүй тэмцэл бол шинж тэмдгийн эсрэг эмчилгээ ба вирус хоёрын хамаарлын илрэл. Тэр ч байтугай туршилт лабораторийн орчин гээч юм өөрөө чухамхүү их хэмжээний өндөр нягтрал бүхий мал үржүүлгийн газарт дөхөхүйц эрүүл бус хаалттай орчинг бүрдүүлж, байгаль дээр учрах боломжгүй амьтад хоорондын өвчин үүсгэгчдийг шилжүүлэн суулгах туршилтын гайгаар сармагчны ДОХ вирус зэрэг шинэ төрлийн вирус төрүүлж орхисон тохиолдол ч бий. Мөн сүүлийн үеийн түүхэнд хамгийн аймшигтайгаар тархсан испани ханиадыг дайны шугам дээрх бохир бөгөөд шигүү оковны амьдралаас үүдэлтэй гэдэг ба, дайнд хүмүүс үхэж эхэлснээс болоод вирусний хорыг биен дотор сулруулах боломж алдагдаж, үр дүнд нь вирусны хөнөөлт шинж эрс нэмэгдсэн байх гэж тааварладаг.

Алив асуудлыг төдийг хүртлэх дэвсгэр нөхцлөөс нь салгаж аваад зөвхөн шинж тэмдэгийн эсрэг арга хэмжээ авдаг соёл бүхий иргэншилд хандаж зайлшгүйгээр огцом тархалттай вирус үүсч тогтворгүй байдлыг өдөөх чиглэлд экосистем загварчлагдсан байдаг. Тэгээд тэр нь зөвхөн вирус гэдэг цар хүрээгээр ч хязгаарлагдахгүй. Амьд байгалийн олон төрөлт шинж дордож, тоо толгойн нягтрал ихэссэнээс үүдэн царцаанууд сүргийн амьтан болон хувьсаж, тариалангийн талбайг үй олноор цөлмөж орхидог нүүдлийн сүргийн огцом өөрчлөлтийн механизм ч бас зарчмын хувьд нийтлэг үзэгдэл.

Цаг зуурын гажуудал хийгээд эмх замбараагүйдлийг даван гарч, вирусүүд бусад амьтадтай өргөн хүрээний хамтын нэгдэл үүсгэн тогтож, экосистемийн төрөл бүрийн үйлчилгээг тэтгэх гишүүний хувиар эрүүл зөв үйл ажиллагаа явуулдаг болгохын тулд, хөрс ба далай зэрэг нээлттэй систем дэхь вирусийн олон төрлийн үүрэг ролийг нарийвчлан судлах шаардлагатай.

Өдийг хүртэл олон 10 жилийн турш амьд байгалийн олон төрөлт шинж ямар чухал зүйл болох талаар хашгирсаар ирлээ. Даанч өмнөө байгаа хоолоо идэх гээд хэн ч тоож сонссонгүй. Их бага баячууд гарч ирсэн ч мөн л тэдэнд сонсох чих байсангүй. Амьд байгалийн олон төрөлт шинж гээчийг буяны ажил юм уу эсвэл хуучинсаг хоббитой хольж хутгаж, жинхэнэ утгаараа хүн төрөлхтний түүхэн асуудал гэдэг талаас нь авч үзэх шаардлага ямагт эдийн засаг мэтийн доор орж, дээр нь хэтэрхий ээдрээтэй учраас шууд арга хэмжээ авах боломжгүй гэгдэн дандаа хойш тавигдсаар ирсэн.

COVID-19 бол хүн төрөлхтөн нийтээрээ хойш нь тавьж ирсэн асуудлыг санамсаргүйгээр ил гарган харуулж буй төдий үзэгдэл. Түүний мессежийг хэр гүнзгий ухан ойлгож хүлээж авах нь хүн төрөлхтний оюуны царааг хэмжих шалгалт болоод байна. Олон дэлгүүр хоршоод хаалгаа барьж, хил гааль хаагдаж, хайртай хүнээ сүүлчийн замд гарахад нь хамт байлцаж чадаагүй байлаа ч, бидэнд анзаарахгүй өнгөрч болохгүй зүйл бий.

Бүхий л амь төрөн гарсан эх ундарга болох амьд байгалийн олон төрөлт шинж. Яагаад ч юм ганц төрлийн амьтан механикаар хувилан үржих төдийгөөр оршин тогтнож чадаагүй, энэ ертөнцийн суурь зарчим, амь заяагдан амьдран орших бүхэнд тулгагдсан даалгавар. Яагаад өдий дайны олон амьтад шаардлагатай юм бэ? Яагаад хэрэггүй амьтан гэж нэгээхэн ч байдаггүй юм бол? Хүний тархиар ч танин мэдэж үл гүйцэх, их өгөгдлөөр (bigdata) ч бүрэн базаж үл чадах тэдгээр хязгааргүй нэмэгдэх хувь чанаруудыг мега олон төрөлт шинж (megadiversity) гэж нэрлэе.

Өнөөг хүртэл олон төрөлт шинж хаа холын ямар нэг ирээдүйд хандан хашгирах төдий л байж. Харин өнөөдөр хэн бүхэн бие сэтгэлээрээ мэдэрч байна. Бидний яг одоо гэнэт эрчимтэйгээр алдаж буй зүйлс: айдас, өвдөлт, мөнгө, 00-н цаас, инээмсэглэл, тэгээд бас итгэл найдвар. Энэ бүгдийг үг дуугаралгүй дороос тулсаар ирсэн нь энэхүү мега олон төрөлт шинж байж.

Дэлхийн хэмжээний цар тахал газар бүр шинэ боломжийг ч бас давхар төрүүлж байна. Капиталист өрсөлдөөний түр зуурын завсарлага. Хүмүүсийн эв нэгдэлд суурилсан цаг хугацаа, соёл уламжлал, бүтээлч чанарын хуваалцал. Хүнсний хэрэгцээгээ хувьдаа хангах тухай дахин эргэцүүлэл ба орон нутгийн газар тариаланд хандах дэмжлэг. Нийгмийн эзмэг хэсгийг хамгаалах болон глобал дайныг зогсоох уриалга.

COVID-19 төрөн гарч ирсэн шалтгаан, магад түүний цаана иргэншил байгаль хоёрыг дахин ойртуулах шинэ түлхүүр нуугдаж байж ч мэдэх юм.


эх сурвалж