Бид Лондон орохоор Женевээс Британийн EasyJet агаарын компанийн онгоцоор ганц цаг хүрэхгүй маш хурдан нислээ. Лутон нисэх буудалд (London Luton Airport) газардлаа. Хотоосоо үлэмж зайтай юм. Шавь Б.Чинүүхэйгээрээ угтуулж түүний машинаар давхисаар Лондонд очиход өвлийн жихүүн салхи угтлаа. Эхнэр хүүгийн хамт хуучин оноо үдэж шинэ оноо угтахаар яваа миний хувьд бол гарчигт өгүүлсэн тэр “Лондонгийн нүд” гээч дээр гарч үзэх, түүхт энэ хотын түүх дурсгал музейд зочлох хөтөлбөртэй явж очлоо.
Зорьж очсон “Лондонгийн нүд” (“London Eye”) гэдгийнхээ орой дээрээс үдээс хойш нар жаргахын өмнөхөн Лондон хотыг ингэж тольдлоо. Темза (Thames) мөрний хөвөөн дээр Лондонгийн Ламбет дүүрэгт босгосон дэлхийн хамгийн өндрүүдийн нэг алсыг харагчийг “Лондонгийн нүд” хэмээн британичууд өөрсдөө нэрлэжээ. Нийтэд танил болсон эртний нэгэн барилга энд харагдаж байна. Энэ бол Их Британийн парламентын ордон. Вестминстерийн ордон гэж албан ёсоор нэрлэгддэг. Наад урт гүүр нь мөн Вестминстерийн гэх нэртэй. Нар жаргаж байгаа тэнгэрийн өнгө, гэрэл сүүдэр ордны хоёр талын цамхгийн цаана гайхалтай харагдаж байлаа.
Нийтэд танил болсон эртний нэгэн барилга энэ зураг дээр байна. Темза (Thames) мөрөн дээгүүр босгосон цамхагт гүүр буюу Tower Bridge. Би энэ зургийг Темза мөрнөөр аялж явахдаа хөлөг онгоцноос авсан юм. Энэ гүүрийг 1886-1894 онд барьж босгосон, хоёр цамхгийнхаа хооронд 244 метр урттай, цамхагууд нь 65 метр өндөр. Энэ цамхагт гүүр бол Лондон хотын нэрийн хуудас нь болж иржээ. 1960-аад оны сүүлчээр францын “Фантомас” киног үзэхдээ энэ гүүр, тэр Вестминстерийн ордон гэдгийг анхлан хүүхэд насандаа тархиндаа суулгачихаад үзэхсэн гэж би мөн ч их мөрөөддөг байж билээ.
Эргээд нөгөө “Лондонгийн нүд” дээрээ гаръя. Ойролцоогоор 45 давхар байшингийн орой дээр байна гэж төсөөл (135 метр), Лондон хот бараг тэр чигээрээ гарын алган дээр байгаа юм шиг. Алсыг харагчийн цамхаг эргэсээр аажмаар дээшилж орой дээр нь гараад өмнөх кабин – бөмбөлөг рүүгээ харахад ийм байна. Тэд орой дээрээс ялимгүй уруудаж яваа. Хэдхэн секундын дараа бид тэр өндрийн зайд очно. Би энд кабин–капсул гэдгийг кабин–бөмбөлөг гэж болхидуу буулгаж байна. Эсвэл өндгөн бүхээг ч гэсэн болох. Өндөг хэлбэртэй шилэн кабин юм уу даа.
Бидний араас орой руу нь дөхөж яваа арын кабин–бөмбөлөг энэ байна. Тэр аварга дугуй цамхагт ийм кабин 32 дүүжлээстэй байх агаад “32” гэдэг тоо нь зүгээр ч нэг тоо биш, Лондон хотын 32 дүүрэг, дагуул хотын нийлбэр тооны бэлгэдэл гэнэ. Нэг кабин нь 25 хүртэл хүн багтаах ба дангаараа 10 тонн жинтэй.
Өндгөн шилэн кабин маань секундэд 26 сантиметрээр (багцаагаар цагт 0.9 километр) урагшилдаг, нэг аялал (нэг тойрохыг хэлж байна) 30 орчим минут үргэлжилдэг гэхэд жилдээ 3.5 сая зочныг зугаацуулдаг тоо гардаг байна. Дэвэн дэлхийн олон хэлийн тэр 3.5 сая зочны нэг нь болох миний хүү шилэн бүхээгийн хаалганы бариулаас зуураад зогсож байгаа нь энэ.
Кабин–бөмбөлөгөөс авсан бас нэг зураг. Анхлан Британийн парламентын байшинг үзүүлж байсан бол энэ нь мөрөнг гатлахгүйгээр нөгөө эргийн замын нөгөө талын хэсэг харагдаж байгаа нь энэ. Алдарт Британийн музейг тээр цаана энэ олон барилга дундаас олж харж болно.
Темза мөрөн дээгүүрхи метроны гүүр. Энэ бол нөгөө цамхагт Tower гүүрийн наад талд байгаа орчин үеийн гүүр юм. Waterloo Bridge хэмээх нэртэй энэ гүүрээс цаашаа гурван ч гүүр өнгөрч байж 4 дэх нь болох нөгөөх цамхагт гүүр рүү очно.
Энэ бол бид алсыг харагчид дөнгөж суугаад өгсөж байхдаа Темза мөрний наад эрэгт орших хотын хэсгийг авсан зураг байна. Лондонгийн Ламбет дүүрэг дэх бизнесийн төв – энэ хавийг Ватерлоо Ийст (Waterloo East) дүүрэг гэнэ.
“Лондонгийн нүд”-нээс бууж ирээд Вестминстерийн гүүрэн дээр “Лондонгийн нүд”-ээр фон хийж авахуулсан зураг байна. Тэр нүд маань энд бүхлээрээ багтах шиг боллоо. Бид “нүд”-нээс бууж ирээд хөлөг онгоцоор Tower Bridge рүү аяллаа.
Нөгөө алдартүүхт Tower Bridge гэх цамхагт гүүрээ наад цэлэлзсэн мөрөн, хөлөг онгоцууд, цаад тэнгэрийн хаяа, үүлстэй нь хослуулан наад талын London Bridge гүүрэн дээрээс ингэж буулгалаа.
Tower Bridge дээгүүр явж байхдаа нөгөө 65 метр өндөр цамхаг, хоёр цамхгийн холбоосыг оруулан нар, үүлс, хөх тэнгэрийг хослуулан ингэж татаж авлаа. Нар жаргахын өмнөх үе. Үдийн 15.00 цаг гэхэд л өвөл Лондонд нар жаргаж эхэлнэ. 16.00 цагт харуй бүрий болно.
Tower Bridge-ийг “Tower” гэж овоглох болсон нь тэр босгосон хоёр цамхагтаа биш юм. Лондон Тауэр буюу “Her Majesty"s Royal Palace and Fortress– Tower of London” гэдэг түүхт цайзтай холбогдож тэр нэр гарч иржээ. Тэртээ 900 жилийн тэртээ энэ цайзыг босгохдоо нэр хүндтэй эрхмүүдийг (дээд ангиллын хоригдол гэдэг байж) хорьж шийтгэдэг шорон болгож барьжээ. Энэ тухай Майн Ридийн “Цагаан бээлий” романаас багадаа уншиж байсан маань ер санаанаас гардаггүй юм. Тэгээд тэр Тауэр нь ямар гээч юм байдаг бол хэмээн эрэлхийлж байсансан. Эдүгээ тэр нь Хааны ордны нэг музей, зарим хэсэг нь зочдын буудал болжээ. Би энд өвлийн жин хүйтнээр мөсөн гулгуур, наана нь нов ногооноороо өвөлжиж буй зүлгийг харьцуулж авсан хэрэг.
Алдарт “Big Ben” энэ байна.Вестминстер хэмээх ордонд зочлохын өмнөхөн ордны хашаан дотор энэ зургийг татууллаа. Ордны зүүн талын цамхаг (“Big Ben”гэж нэрлэдэг) дээрхи түүхэн цагийг оруулахын тулд зургийг дороос нь авахаас аргагүй. Энэ ордонд хөл тавьсан монгол хүн тийм ч олон биш тул би хэргээр түүхээс нь таниулж байна. Анхлан энэ газар дээр бүр 1000 жилийн тэртээ 1042онд анхны ордныг Хаан Эдвардад зориулж босгосон юмсанж. Тэгээд 45 жилийн дараа Вестминстер–холл гэгч сүрлэг танхимыг байгуулж, XIII зуун гэхэд анхны парламентаа энд хуралдуулсан түүхтэй ажээ.
Вестминстерийн ордонд урьж зочлуулсан нөхөр маань энд надтай зогсож байна. Британийн парламентын гишүүн, Хөдөлмөрийн намын зүтгэлтэн энэ найз маань Монголд тун ч элэгтэй нэгэн дээ. Монголд байнга зочилдог, олон ч монгол найзтай. Монгол танилууд нь эрхбиш энэ нийтлэлийг үзэж байгаа байх. Тэрээр Лондонд суугаа Элчин сайд Б.Алтангэрэлийн сайн нөхөр, тэр шугамаараа шинэ оны яг босгон дээр (31-нд) биднийг ордондоо урьсан юм.
Вестминстерийн ордны гол танхимын наад талын чөлөөнд байх энэ халтартсан хана, энэ үлгэрийн баримал хоёр их учиртай эд гэнээ. Хэргээр халтартуулдаг юм байна. Парламентын хоёр танхимын хурал чуулганд оролцож байгаа депутат бүхэн энэ хананд хүрч гараараа адис авсаар байгаад хэдэн зууныг (ядаж хэдэн арван жил байлгүй дээ) элээгээд, арчиж цэвэрлэлгүй явсаар өнөөг хүрсэн гэж британийн парламентач найз маань хэлэв.
Вестминстерийн ордонд зочилсон монголын төлөөлөгчид гарч ирээд Темза мөрний эрэг дээрхи парламентын зоогийн газарт зогсоцгоож байна.Биднийг урьж зочилсон Элчин сайд Б.Алтангэрэл анд маань тэр дунд нь зогсож байна. Британийн парламентын хуралдааны гол хоёр танхимд гэрэл зураг авч болохгүй тул “бид гарч ирээд” гэж бичлээ. Ногоон савхин бүрээстэй урт урт сандлууд дээр эгнэн суусан гишүүд ширүүн маргалдаж байдаг даа, зурагтаар. Тэр бол доод танхим буюу Нийтийн танхимын хуралдаан нь. Бид тэр танхимд нь зөндөө удсан. Ерөнхий сайдынх нь индэр болох дөрвөлжин хайрцаг дээр ч тохойлдож үзлээ. Спикерийн сандал (сэнтий гэвэл арай ахдах байх) нь хэдэн зууныг элээсэн гэв ээ. Бараг манай гариг дээрхи хамгийн өндөр настай сандал гэх шахуу юм дуулдаадахлаа. Улаан савхин бүрээстэй, гэхдээ зурагтаар нэг их харуулаад байдаггүй, арай чамин өөр нэг танхим байна. Тэр нь Лордын буюу дээд танхим нь. Тэнд ч бид баахан саатлаа.
Энэ бол бас нэг түүхэн хөшөө. Гэхдээ урлагийн бүтээлийн хувьд лут эд. Алберт мемориал нэртэй цогцолборын нэг хэсэг нь. Манай ЭСЯ-ны хойхнотой орших Кенсингтон цэцэрлэгт хүрээлэнд(KensingtonGardens) байрлажээ. Хатан хаан Виктория өөрийн хань хунтайж Албертдаа зориулж босгожээ. Нөхөр нь хижиг өвчнөөр 1861 онд нас нөгчсөнд харуусаж энэ хөшөөг 1875 онд бариулжээ. Тэр цаана алтан оройт эмжээрт суварга дотор Албертын алтан шаргал суугаа баримал бий.
Алберт мемориалын эсрэг талд зам гараад ийм нэг дугуй ордон бий. Энэ бол түүхэнд тэмдэглэгдсэн Royal Albert Hall of Arts and Sciencesгэдэг нь. Хатан хаан Виктория ханьдаа зориулж босгосон бас нэгэн том цогцолбор. 1871 онд энэ театрт анхны концерт тавигдсан ба Хатан хаан мэгшин уйлаад үг хэлж чадахгүй байхад нь хүү Эдвард нь өмнөөс үг хэлж театрыг нээжээ. Хожмоо ХХ зуунд дэлхийн алдартай рок-поп хамтлаг, дуучид энд ирж тоглосоор байгаад энэ театрыг бүр ч их алдаршуулжээ. 1964 онд Beatles, 1969 онд Deep Purple, Pink Floyd, 1971 онд Creedence Clearwater Revival, 1977 онд Abba, 1992 онд Genesis гээд хөвөрч өгнө дөө. Бүрсүүлд 2006 онд Billy Preston гоцлон дуулаад, Eric Clapton, Dhani Harrison (Харрисоны хүү нь) нар гоцло нгитардаад, Ringo Starr, Paul McCartney нар оролцоод, алдарт Phill Collins бөмбө рцохиод Харрисоны дурсгалд зориулж My Sweet Lord-ыг (30 гаруй хөгжимчин оролцсон том симфони оркестр) энэ танхимд дуулсан билээ. Тэр түүхэн театрын гадна би зогсож байгаа нь энэ.
Энд шал өөр агуулгатай нэг явдал болж байна. Лондонд байнга болж байдаг цуглаан жагсаалаас ялгаатай нь гэвэл айхтар улс төржсөн, олон улсжсан. Манай ЭСЯ-наас хэдхэн алхмын зайтай, Хай стрийтэд (High Street Kensington), Израилийн ЭСЯ-ны гадна палестиныг дэмжигчид цуглаад байгаа нь энэ. Бүрий болж байхад тэр цагдаа нарын хүрэмнээс эгэл бус нэгэн нион гэрэл цацраад байхаар нь би саваагүйтээд энэ зургийг авчихсан юм.
Лондон хотын (энэ улсын) нэрийн хуудас нь болж ирсэн цагдаагийн дуулгыг миний хүү өмсөөд зогсож байгаа нь энэ. Цаана нь мөн л нэрийн хуудас болдог хоёр давхар улаан автобус хоёр гурваараа зогсож байна. Би ахуйн талаас нь нэрийн хуудасгэж нэрлэж байна. Цаана нь Лондонд хаяагүй байх телефон утасны улаан путка, шуудангийн улаан төмөр хайрцаг, бөмбөгөр хар такси гээд бий.
Төрийн далбаа маань 1969 оны намар энэ хотод энэ байшин дээр манджээ. Энэ бол Лондонгийн Кенсингтон район дахь (court гэдэг нь талбай гэсэн утгатай) манай ЭСЯ-ны байр. Албан ёсны хаяг нь: 7-8 Kensington Court, London, W8 5DL United Kingdom.
Энэ бол бас нэг түүхэн хөшөө. Гэхдээ урлагийн бүтээлд орохгүй, түүхэн эрдэмтний баримал. Шинжлэх ухаан–Байгалийн түүхийн музейн гол танхмын шатны аман дээр буй эрдэмтэн биологч, их аялагч ЧарльзРобертДарвины хөшөө.Энэ хөшөөг үзүүлсэн нь нэг талаасаа танин мэдэхүйн, нөгөө талаасаа мэдээллийн чанартай.
Дээрхи хөшөө, мөн энэ үлэг гүрвэлийн яс бүхий том танхимыг үзүүлсэн нь яагаад мэдээллийн чанартай гэж? Учир нь Лондонд Монгол Улсын ЭСЯ-тай тун ойрхон, алхахад 10 минут хүрэхгүй газар энэ чухал музей үнэ төлбөргүй хаалга нь нээлттэй байж байна шүү гэдгийг тийшээ зорчдог, зорчих монголчууддаа мэдээлж буй хэрэг. Яг зэргэлдээ нь, байгалийн түүхийн музейтэй харалдаань Шинжлэх ухааны музей, хэдхэн алхаад Хатан хаан Виктория, хунтайж Алберт нарын музей бий. Бүгд төлбөргүй, бараг өдөр бүр нээлттэй шүү!