Энэ арлыг зорьсон зорчсон монгол хүн өнөө цагт бол ёстой тоогоо алдсан даа. Энэ арлыг, энэ орныг мэднэ гэж цэц булаалдах монгол хүнтэй бишгүйдээ нэг таарч  явлаа. Гэлээ гээд жирийн монголчуудтайгаа хуваалцсан нь тун цөөхөн. Миний үзсэнийг үзсэн байлаа ч утга учрыг нь тайлж тайлбарласан нь бac л цөөхөн. Ийшээ түмэнтээ зорчдог ч санаа өгөхөөс нааш очиж үзээгүй байж мэдэх газар бас байж болно. Тиймүүдийг нь энд толилуулахыг хичээлээ.


Алдарт харубан (“чулуун өвгөн”) энд харагдаж байна. Тольхарубан гэж ч нэрлэдэг. Галт уулын хайлсан чулуугаар (лав, эсвэл базальт гэдэг) хийсэн хөшөө бол эндхийн гол символ нь юм билээ. Хаа л бол хаа ийм хөшөө тэр арал дээр байнга тааралдаж байлаа.Тэр харубаны толгой дээрхи малгайн хэсэг нэг л биш ээ. Юуг ч илэрхийлэх гээд байгаа юм, юутай ч адилхан юм. Та таагаарай!


Бэлэг дурсгал болгоод өнгө будгаар ялгаад хийчихсэн харубанууд (“чулуун өвгөн”) энд харагдаж байна. Тэр харубан болгоны ам өөр өөр дүрсийг илэрхийлж байгаа. Ийм сувенир олон монгол айлын сервант шүүгээнд байдаг болсон байх даа, одоо. Лав манай Улаанбаатар дахь гэрт хэд хэдээрээ бий.


Өвөртөө гахай тэврээд зогсож байгаа эр эм чулуун хөшөөнүүд. Бүгд инээмсэглэж байна. Тэр харубаны (“чулуун өвгөн”) толгой дээр дахиад өөр нэг жижиг харубан асаад гараад ирж. Эмээ нар нь толгой нүцгэн, эсвэл толгой дээрээ үсээ овоолсон байдалтай бүтээгдэж.


Тэр арлын бас нэг бэлгэдэл, нэрийн хуудас энэ байна. Дэлхий дээрхи хамгийн том дун. “Хамгийн том” гэж егөөдөж хэлж байна. Энэ бол далайгаас гаргаж авсан амьд дун биш л дээ, дунд зориулсан хөшөө юм. Гэхдээ гайхамшигтай адилхан хийсэн. Тэр хужир шүү, замагтай хэсэг нь хүртэл.


Нөгөө галт уулын лав олон зуун сая жилийн дараа далайн усанд цохиулсаар хатаад байж байгаа нь энэ гэнэ. Нэг хэлбэрийн, өрөөд тавьчихсан юм шиг, хүний гараар бүтсэн юм шиг тас хар чулуулгууд. Далайн давсанд цайрсан хэсэг нь сааралтаж харагдана. Тэр арлын эрэг бүхэлдээ ийм чулуулгаар хүрээлэгдсэн байх аж.


Арлын газрын зураг энэ байна. Бид энд баахан саатаж сайтар судалж авлаа. Энэ бол тэр орны хамгийн том арал нь, хамгийн жижиг муж нь, уртаашаа хоёр хоттой. Хятад ханзаар бичсэнээр бол арлын нэр нь “арал”, “муж” гэсэн хоёр утга илэрхийлнэ.


Тэр арлын бас нэг бэлгэдэл, нэрийн хуудас энэ байна. Дэлхий дээр Данийн Копенхагенд лусын дагины ганц хөшөө байдаг гэж бодож явсан чинь лав хоёр дахь нь энэ арал дээр байж байхтай бид таарлаа. Бас л галт уулын хайлсан чулуугаар бүтээсэн хөшөө аж.


Тэр арлын бас нэг нэрийн хуудас энэ байна. Цэвэр усны хүрхрээ өтгөн саглагар модон дотроос урсаад бууж ирж байна. Рашаан, эрүүл мэндэд сайн гээд ууж байгаа харагдах юм. Адис авах, усанд нь зоосон мөнгө хаях бол ердийн үзэгдэл байх аж. Би тэр наана зураг авч бичлэг хийгээд зогсож байна. Өдөржингөө юм үзэж аялсан бидэнд орой нар жаргахын өмнөх хүрхрээ сэрүү татаад, алжаал тайлаад нэн сайхан байлаа.


Тэр арал дээрхи хамгийн том буддын сүм гэж бидэнд танилцуулав. Хөтөч маань сүүл рүүгээ ам нь халаад Азид томдоо ордог гэх шахуу юм яриадхав. Үнэхээр дотор нь ороод үзэхэд олон давхар танхим, тавцан, манай Мэгжид Жанрайсаг бурхнаас дутахгүй өндөр нэг Будда бурхан заларч байдаг шүү.  


Европт Квельпарт нэрээрээ алдаршсан энэ арлын галт уул унтаад байж байгаа нь энэ. “Халласан” гэх нэртэй эл уул болтэр арлын төдийгүй тэр орны хамгийн өндөр нь, 1950 метртэй аж. Халуун орны зөөлөн дулаан уур амьсгал, далайн их чийг нь энэ уулыг нүцгэн хадан цохио хэвээр нь байлгаагүй ажээ. Тэгээд ч байгалийн энэ их гайхамшиг нь дэлхийн өвийн санд бүртгэгдэж ЮНЕСКО-гийн хамгаалалтад орсон дархан цаазат газар ажээ.


Зорьж очсон аяллын маань гол учрыг хэлж өгөх зураг энэ байна. Энэ гэрэлтэж байгаа жижиг цэгэн тэмдэглэгээ, тэр дор хойгийг ороож очсон бололтой аяллын маршрутын тэмдэглэгээ бол анх миний гарчигласан тэр утгыг илэрхийлж буй хэрэг. Монгол цэргийн довтолгоон, түүнийг эсэргүүцэн тосч байлдсан түүхэн газрууд, тэр далайгаар тойрч явсан маршрут бол монголын тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд явсан, десант буулгасан газрууд ажээ.  


Миний цаана харагдаж байгаа нь хана дүүрэн тосон будгийн лут зураг. ХIII зууны ширүүн байлдаан. Солонгос зураачийн бүтээлийг өөлөх эрх надад байхгүй. Гэвч аль нь монгол, аль нь солонгос, аль нь арлынх, аль нь түрэмгийлэгч юм бэ гэж гайхав. Учрыг нь тайлах санаатай үзээд үзээд хэнийг нь ч таньсангүй. Тэр үед энэ арал маань солонгосчуудынх байгаагүй бололтой. Ийшээ “Корё-Монголын 10 000 цэрэг 160 хөлөг онгоцоор атаклав” гэх тайлбар явж байх юм.


Нөгөө тулалдааны хэсэг харагдаж байна. Би бүр камераа тулгах шахам авсан зураг. Цаанаас наашаа дайрч байгаа нь монголчууд юм болов уу гэж таав. 1270 онд энэ арал дээр монголын байлдан дагуулагчдын эсрэг бослого дэгдсэн юм билээ. “Самбёльчхо бослого” гэж түүхнээ нэрлэдэг. Босогчид эхлээд ялжээ.


Монголчуудыг хөөж гаргаад гурван жил болж байтал эх газраас (хойгоос) Корё-Монголын цэрэг довтолж босогчдыг дарсан байгаа юм. Нөгөө том зургийн нэг хэсгийг би тулгах шахам татсан зураг энэ байна. Үхэх сэхэхээ үзэж байгаа эх оронч зураг харагдаж байна.


1273 онд “Самбёльчхо” дарагдаж, 1300 гаруй босогч амьдраараа олзлогджээ.  Монголчууд эргэлтгүйгээр энэ арлыг эрхшээлдээ авлаа. Тэр наана мөргөж залбирч амь гуйж байгаа нь босогчид, довцог дээр морин дээрээ алсыг харан ташаа тулан таахалзаж байгаа нь монгол жанжид юм болов уу гэж ойлголоо.


Олзлогдсон босогчдоор ажил хийлгэж байна. Булчин шөрмөс нь чангарсан яасан ч сүрлэг эрс вэ гэж бодохоор. Монголчууд бас л довцог дээр алсыг хараан зааж  зааварлан байгаа зураг бололтой.  


Энэ арлыг манай өвөг дээдэс Япон руу хийх аян дайныхаа түшиц газар, цэргийн бааз болгож байсан түүхийг энэ музейгээс үзэж болно. Монголын эзэнт гүрний тэнгисийн цэргийн флот энэ арал дээрээс босчээ. 1273-1294 онд арлыг монголчууд захирч байснаа хэлэлцээ хийсний дүнд Корё хаант улсад шилжүүлсэн гэсэн бичээс тэнд байна лээ. Хэлэлцээ хийж шилжүүлээд байхдаа ч яахав дээ гэж би бодлоо. Учир нь Корёгийн хаан нь Хубилай хааны ганц хүргэн, Бээжинд Хубилай хааны дэргэд тавнан байхдаа ганц охин Хутагбэхтэй нь гэрлэсэн бүрэн монголжсон нөхөр шүү дээ. Энэ арал 1367 он хүртэл монголчуудын хяналтад байж байгаад Монголын Юань гүрэн мөхсөний дараа 1374 онд Корё хаант улсад эргэлтгүй шилжсэн байдаг юм билээ.


Тийшээ очихдоо энэ музейд монголчуудын бичиж үлдээсэн сэтгэгдлийг жаазлаад  энд тавьжээ. Эзэд нь одоо үзэж байгаа бол үзээсэй ч гэж би хэргээр патиардаж авлаа. Энд лав Галбадрах, Ломбо, Пүрэвдорж гэсэн татлаган бичиг харагдаж байна.


Дарьсүрэн, Маам, өөр ганц нэг хүний үлдээсэн сэтгэгдэл, ерөөл магтаал энд байна. Би эрдэмтэн зохиолч араб судлаач Д.Маам гуайг юм болов уу гэж таалаа. Хоёр Солонгосыг нэгдэхийг ерөөсөн, айхтар улс төржсөн, бас бэлгэ дэмбэрэлтэй нэг абзац тэр дор байна.  


Эзэд нь, тэдний үр хүүхэд энэ зургийг үзэж байгаа бол түүх хуучирдаггүй юм байна гэдгийг мэдрэх шиг болох биз ээ. Танихаас археологич эрдэмтэн Баяр гуайн гарын үсэг байна.  Би энд гэрч болгож хэсэг хүний сэтгэгдлийг татаж авсан юм биш шүү. Тийшээ зорчдог монголчууддаа санаа өгч байгаа хэрэг. Мөнгө нь багтаж ядсан манай зарим нөхөд гадаадад очихлоороо шөнөжин наргиад, хөзөр биллиарданд хамаг алтан цагаа алдаад, казинод мөнгөө мултлуулаад ирдэг дээ. Тэр нөхөд ганц удаа ч болов энэ түүхэн музейд саатаад, ядаж дайраад гараарай гэж ухуулж ятгаж байгаа хэрэг шүү дээ.

Тэр арлын түүхэн нэрийн хуудас болсон тариачны оромж (байшин барилга гэхэд ахдах гээд байна л даа) энэ байна. Мэдээж одоо бол ийм шавар амбаарт (урц гэлтэй биш) суухгүй л дээ. Саяхныг хүртэл ийм цонхгүй амбаартаа чихцэлдэн сууж, эхийн эрхт ёс ноёлж байсан юм гэнэ лээ. Бүр 1990-ээд оныг хүргэсэн гэв үү дээ?


Энэ их учиртай зураг. Тариачин айлд зочлохдоо авсан юм. Сууц нь орчин үеийн тохилог юм билээ. Түүнийг би энд сонирхуулах гээгүй. Хэргээр энэ зургийг тавилаа. Та сайн ажигла. Наад хар гахай, өвс сүрэл, цаана нь гахайн байр юм уу гэмээр нэг хар нүх харагдаж байгаа биз дээ? Гахайн байр нь биш юм л даа. Тэр бол энэ айлын жорлон юм гэнээ. Саяхан болтол жорлон нь байсныг засаг захиргаанаас хүчээр хориглосон гэж хэлж байна лээ. Ийм оцгор юман дээр гарч л задгай хүндэрдэг байж л дээ, гэрийн эзэд. Хөөрхий тэжээвэр гахай нь тосч аваад  хооллочихно. Гахайных нь тэжээл тэгээд л боллоо. Огиудас чинь хүрч мэднэ. Ийм яриа сонссон хүн лав хэд хоногтоо (мартталаа) гахайн мах, өөх, хиам идэж чаддагүй юм билээ шүү.


Энэ бол бидний буусан зочид буудлын усан бассейн, усан парк. Энэ арлын хамгийн супер буудал нь юм гэсэн. Монголчууд ч бишгүйдээ нэг буугаа биз дээ. Тэр цаана далайн наад эрэг дээр салхин тээрэм байна. Ажилладаг тээрэм биш л дээ. Бэлгэдэл, буудлын зочдод зориулсан эд, дотор нь бэлэг дурсгалын дэлгүүр бий. Очиж очиж Нидерланд яахлаараа энэ аралтай холбогдов оо гэж сонирхлоо. Энэ бол яах аргагүй Нидерландын үндэсний бэлгэдэг, нэрийн хуудас болдог усан тээрэм харагдаж байна. Учир нь энэ арлыг европчуудаас дачууд анхлан олж нээгээд европынхонд таниулсан, тэр ч бүү хэл нидерландын далайчны анх хөлөглөж очсон далбаат онгоц хүртэл хадгалагдаж байна лээ.


Нөгөө буудал маань орой харанхуйд ийм гоё харагдах юм билээ. Галт наадам гэж нэрлэдэг гэв үү дээ, гэрэл, гал хоёроор ёстой наадаж өгнө дөө. Салхин тээрмийг гэрэлтүүлсэн, наад усан бассейнээс гэрэлтэж байгаа зэргийг би 10-р давхрынхаа тагтан дээрээс ингэж татаж авлаа.


Нөгөө шөнө олон өнгийн гэрэл галаар гэрэлтээд байсан газар маань өглөө наран мандахын өмнө ингэж харагдаж байна. Галт уулын нөгөө лав чулуугаар суурь хийсэн буудлын нэг хэсэг харагдаж байна. Үлгэрийн ертөнц юм шиг энэ сайхан байшин, далай, чийглэг агаарыг мартаж үл чадна.


Арал маань тэр чигээрээ ботаникийн цэцэрлэг, ой тайга, хад асга, хүрхрээ, парк. Азидаа томдоо ордог Ёмижи хэмээх ботаникийн цэцэрлэг энэ жижиг арал дээр байна. Бонсай–парк гэж улсдаа ганц нь бас энд байна. Африкийн музей гэж цагаа нөхцөөх нэг сайхан газар энд байна. Цайны музей, эрүүл мэнд–сексийн музей, шоколадны музей, далайн гахайн (далайн хав, сармагчин ч тоглуулна) усан цирк гээд сонин сонин үзмэр бий. Энэ бол Бонсай-паркийн нэгээхэн хэсэг нь.


Энэ арал маань Согвипхо, Чэжү гэсэн хоёр хоттой. Хот ч гэж дээ, манай Улаанбаатарын дэргэд хот гэхээргүй. Доорхи зураг дээр хотынх нь ерөнхий төрх харагдаж байна. Өндөр барилгагүй, өргөн чөлөөгүй даруухан хот. Тээр цаана далайн усанд бараантсан хар зурвас харагдаж байгаа байх. Тэр бол далайн ус татармагц хуурай газрыг нь шороо чулуугаар дүүргэж шинэ газар гаргаж авч байгаа, нэг ёсондоо хуурай нутаг дэвсгэрээ тэлж байгаа хэрэг гэж хөтөч маань ярьж байна лээ.