АНУ-ын нийслэлийг зорьсон зорчсон монгол хүн өнөө цагт бол зөндөө олон болоо  биз дээ. Гэлээ гээд жирийн монголчуудтайгаа хуваалцсан нь бас л хуруу дарам цөөхөн. Вашингтон дахь “Хүйтэн дайн”-аас улбаатай хөшөө дурсгалууд өнөөгийн өнцгөөс нэг өөрөөр харагдах байх. Харин өмнөх коммунист нийгэмд бол огт өөрөөр харагдана. Хэрэв ийшээ очлоо л бол До яам анаж байгаад эрүү-улс төрийн хэрэгт унагахаар тийм гачлантай түүхийг энд үзүүлэх зурагнууд бас хэлж өгөх болно. Энд зохиогчийн үзүүлэх гэрэл зураг бол тийшээ очиж үзээгүй монгол уншигчиддаа сонирхуулж буй мэдээлэл, үзсэн харсанаа хуваалцаж буй хэлбэр. “Сайн хүн явснаа, муу хүн идсэнээ” гэдэг дээ – baabar.mn



Цэрэг–эх оронч агуулгатай олон арван хөшөө дурсгалтай танилцахаар Ням гаригийн нарлаг өглөө бид мордлоо. Биднийг манай шавь А.Ананд газарчлан авч  явлаа. Потомак гол дээгүүрх гүүрээр гармагц л цаад баруун эрэг нь Вашингтон хот биш юм байна.Бид нийслэлээс гараад Виржиниа муж улс руу оржээ. Хэсэг давхиад  Арлингтон хэмээх газар хүрлээ. Тэнд дайнд амь эрсэдсэн цэрэг эрсийн болон улс төрчдийн дурсгалын газар байх агаад тэнд биднийг энэ лут хөшөө угтлаа. Зорьж очсон хөшөө маань энэ байна.



Тэнгисийн явган цэргийн дурсгалын сүрлэг хөшөө. “ИвоЖима” гэсэн хачин нэртэй. Дэлхийн II дайны төгсгөл үед Японы ИвоЖима хэмээх арлын төлөө ширүүн тулалдаан болоход америкийн олон зуун дайчид амь үрэгдсэн ба тэр арлын төвд Сурибачи хэмээх толгодын оройдАмерикийн далбааг мандуулснаар тэр байлдаан америкчуудын ялалтаар төгсчээ. Хөшөөн дээрхи энэ далбааг хэсэг азнаад сольж байдаг юм болов уу, биет даавуун далбаа байх аж.Хөшөөний суурь тавцанг тойруулан бичсэн сийлбэрээр бол энэ хөшөө нь гагц японы эсрэг дайнд үрэгдсэн америк дайчдад бус ерөөсөө харийн нутагт (Солонгос, Вьетнам, Ливан гэх мэт) амь эрсэдсэн нийт тэнгисийн явган цэргүүдэд зориулагджээ.



Бид Арлингтонд хэсэг саатаад эргээд  Вашингтон хотын төв рүү орлоо. Потомак голын наад эрэг дагуу“Линкольны Мемориал” гэж байх ба тийшээ очихын тулд төв зам дээр машинаа орхиод том цэцэрлэг рүү явгаар орлоо. Эхлээд энэ сүрлэг хөшөө дурсгал зочдыг угтах аж. Хар гранитаар өнгөлсөн  75 метр урт хана байна. Хоёр талаасаа өндөрссөөр голдоо 3 метр өндөртэй. 1957-1975 онд Вьетнам, Лаос, Камбож зэрэг Энэтхэг-Хятадын хойгийн орнуудад амь эрсэдсэн америк цэргүүдийн нэрсийг хар чулуун дээр сийлжээ. Одоогоор 58 256 цэрэг эрсийн нэрс бичигдээд байгаа ба нэр үл мэдэгдэх дайчдын нэрс тодорвол нэмэгдэнэ гэнэ.  



Вьетнамын дайны ахмад дайчдын дурсгалын хөшөө үргэлжилж байна. Нөгөө Хар гранитан урт хананы харалдаа ийм гурван цэрэг зогсож байна. The Three Soldiers буюу The Three Servicemen гэх энэ хүрэл хөшөөг 1984 онд босгожээ. Цагаан арьст, хар арьст, латин гаралтай гурван үндэстний цэргээр Вьетнамын дайнд яваад амиа алдсан нийт цэргүүдээ төлөөлүүлсэн бололтой. Харийн нутагт, Вьетнамд аллага үйлдэж явсныг нь(коммунист үзэл суртлын өнцгөөс авч үзвэл) эх орныхоо төлөө амиа өргөсөн мэт хүндэтгэж нандигнаж байх аж.



Зорьж очсон дурсгалын нэг том цогцолбор энэ байна. Би шавь А.Анандтайгаа, тэрээр Вашингтон дахь манай Элчин сайдын яаманд алба хашдаг залуу дипломатч. АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольнд зориулж босгосон. Энэ цагаан  гантиг хөшөө, энэ сүрлэг цагаан байшингаар эрх чөлөөг бэлгэдсэн, АНУ-ын иргэний дайнаар (1861—1865 он) боолчлолыг халсан түүхэн гавьяаг нь  мөнхжүүлсэн ажээ.  



“Линкольны Мемориал”-аас гараад шатаар уруудан баруун тийшээ эргээд хэсэг явтал шөнө зүүдэнд ормоор баахан цэргийн саарал хөшөө цувран байх юм. Хээр  талд эрэлд яваа цэргүүд юм болов уу, бүгд дуулгатай, борооны цувтай, сайн л тогтож ажихгүй бол нэг загварын цэргүүд алхаж явах ...  



АНУ, Өмнөд Солонгосын бяцхан далбаа, “Та нарыг хэзээ ч үл мартана!” гэх бичээс зэргээс цувран яваа энэ олон цэрэг эрс болбаас  Солонгосын дайнд (1950-1953 он) амиа өргөгсөд болох нь тодорхой боллоо. Өмнө нь Вьетнамын дайны ахмад дайчдын дурсгалын хөшөөг нэг дор гурван цэрэг байгаагаар харж байсан бол энэ удаа Солонгост очоод амиа алдсан цэргүүдийг ногоон талд цувран яваагаар босгосон нь уран барилгын бас нэг ид шид гэлтэй.



Вьетнамын дайны ахмад дайчдын нэрс хар гранитан урт ханан дээр сийлээстэй байсан бол Солонгост амь эрсэдсэн америк цэргүүдийн нэрсийг бус дүрсийгэнд  харж болох аж. Уран зургийн бус, фото зургийн ид шидийг энд үзүүлжээ гэж бодлоо. Хар гантиган дээр тэр олон хүний дүрсийг яаж сүүдэртүүлж буулгав аа?



Солонгост амь эрсэдсэн америк цэргийн дурсгалын цогцолборыг дуусгаад цаашаа зам дагаад хэсэг алхлаа. “Линкольны Мемориал”-аасВашингтонышовгор харандаан монумент руу чиглүүлж барьсан усан сангийн баруун эргээр алхсаар ийм олон босоо дөрвөлжин хөшөөнүүд рүү хүрлээ. Дугуй хэлбэртэй тойруулж босгосон 50 ийм дөрвөлжин хөшөө байна. Хөшөө болгоны ханан дээр АНУ-ын нэг муж улсын нэр байна.



Энэ бол дэлхийн II дайнд амь эрсэдсэн хагас сая америк цэргүүдийг цогцолбор хөшөө (хөшөөнүүдийн цогцолбор ч гэсэн болох).  АНУ-ын бүх муж улсаас тэр дайн хөвгүүдийнх нь амийг авч оджээ. Зуны цагт бол энэ голын том тойрогт усан оргилуур ус цацруулаад их сайхан байдаг гэлцэх юм. Цаашаа зам гараад товцог өгсвөл Жорж Вашингтонышовгор харандаан хөшөө рүү очих болох аж. Энэ “харандаан хөшөө” энэ удаа ажилласангүй, учир нь газар хөдлөлтөөр цууралт үүсч хаалттай, засвартай байгаа гэв.



Дэлхийн II дайнд амь эрсэдсэн америк цэргүүдийн дурсгалын цогцолборыг үзэж саатаад бидбаруун гар тийш эргэлээ. Усан сангийн баруун эрэг дагаж алхсаар ийм хөшөөн дээр ирлээ. Вьетнамын дайны дурсгалын гурав дахь хэсэг нь энэ байна. 1993 онд хөшөөг босгохдоо Вьетнамын дайнд амиа өргөсөн америк бүсгүйчүүдийг энэ гурваар төлөөлүүлжээ.  Гурван сувилагч бүсгүй, шархтай нэг цэрэг байна. 1) Нэрс бүхий урт хар хана, 2) Гурван арьстны цэрэг, 3) Энэ гурван сувилагч гээд гурван өөр хөшөөнөөс энэ цогцолбор бүрдэх ажээ.



Цэрэг дайны агуулгагүй ийм нэг сүрлэг хөшөө Цагаан ордноос тун холгүй байх аж. Цагаан ордны баганат гол хаалганаас зүүн урагшаа 200 метр газарт, цэцэрлэгт хүрээлэн дотор ийм хөшөө байна. Хэн юунд зориулж хэзээ босгосныг уншигчид тааж олоорой. Би л лав нэрс ус, хаягийг нь тодруулж амжсангүй.



Гаднахи хөшөөгөө энэ хүргээд түр азная. Одоо доторхи хөшөө рүү орж сонирхоё. АНУ-ын Конгрессын сүрлэг цагаан ордон (Капитоли ордон) руу ормогц хамгийн доод давхарт ийм нэг хөшөө угтлаа. Яг ийм хөшөөг бид Хавайд (Хонолулу хот) үзсэн юм. Түүний копи нь энэ байна. Хавайн арлуудыг нэгтгэсэн анхны хаан Камехамехаг Вашингтонд ийнхүү хүндлэн дээдэлдэг ажээ.



Капитоли ордоны галарей хэмээх том танхимд ийм олон хөшөө зэрэгцэн буй. Энэ заал, түүний харалдаа танхимд АНУ-ын түүхэнд нэрээ мөнхөлсөн улс төрч, цэргийн жанжин олон хүний хөшөө баримал, уран зураг байна.



Америкийн түүхийн үндэсний музейн гол 2 дугаар давхрын баруун буланд наашаа харсан энэ хөшөөгөөр Олимпийн уулан дахь Зевс бурханыг бэлгэджээ. Энэ давхарт “Америк амьдрал” гэсэн булан бий. Ухаан нь 2500 жилийн тэртээ Олимпийн уулнаас цууриатсан эрх чөлөөний тунхаг америкчуудыг бүтээсэн гэх бэлгэдлээр энэ хөшөөг босгосон бололтой.  



Энэ хөшөө бол лааны тосоор хийсэн түүхэн хүний баримал. Вашингтон дахь  МадамТюссомузейд энэ үзмэртэй танилцаж болно. АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Томас Жефферсонтой миний хүү гар барин мэндчилж байна. Цаана нь наашаа хараад сууж байгаа нь АНУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч Жон Адамс.



Томас Жефферсоны дурсгалын цогцолбор дотор. Энэ хөшөөг шилээр товойлгон   хийж цаанаас нь гэрэлтүүлжээ. Уран барилгын өвөрмөц, тэр бүр тохиолдоод байдаггүй хөшөөг хүү бид хоёр сонирхлоо.



Томас Жефферсоны дурсгалын цогцолбор цасан хунгар дундаас Потомак голын наад эрэг дээрээс нь ингэж харагдлаа. Тэнгэр, үүлс, нарны ёлтгор туяа хослоод Вашингтон хот тэр чигтээ цасанд дарсан 2010 оны хавар энэ зургийг миний охин татсаныг энд би хэргээр оруулж сонирхуулж байна.



Томас Жефферсоны хүрэл хөшөө 1947 онд энд сүндэрлэжээ. Хөшөөг тойруулан олон хана багана босгожээ. Ханан дээр энэ хүний туурвисан тусгаар тогтнолын тунхагийг сийлжээ. Пөмбөгөр оройн дээрхи хээ, ханын чимэг, доошоо хоёр давхар үзмэр, бэлэг дурсгалын дэлгүүр гээд энд саатаж үзэх юм бишгүй бий. Хүүгийн зогсож байгаа шатаар уруудаад шууд голын хөвөөн дээр очно. Тэндээс орой наран жаргаж байгаа үеийн энэ пөмбөгөр оройт цагаан суварга, нарны гэрэлд сүүмэлзэх сүрлэг хөшөө гайхалтай харагдана даа.



Энэ бол саран дээр анх хөл тавьсан америкий алдарт сансрын нисэгчдийн хөшөө. МадамТюссомузейд байгаа үзмэр. Дашрамд сонирхуулахад АНУ-ын нийслэлд очиход энэ бүх музей, хөшөө дурсгал үнэ төлбөргүй, харин энэ МадамТюссол төлбөртэй, учир нь лааны тосон баримлын үйлдвэрлэлийг дэмжих мөнгө гэж үздэг юм билээ.