Бид бурхангүйн замаар замнасан цаг мөчөөсөө эхлэн нүглийг цээрлэлгүй, намын хувьсгалт дайчин ухамсраар үйлдэж гарчээ. Бурхангүйн үзлийн тогоонд монголчууд 70 жил чанагдаад нүгэл гэдгийг мэдрэх чадвараа эгүрт алдсан юм. Шашныг хүйс тэмтрэгч хувьсгалын хөлд чирэгдэж, цустай хутгалдсандаа үхэр мэт улангассан монголчууд-бидний нийтээр үйлдсэн нүгэл хуримтлагдсаар нүглийн далай үүсгэжээ гэвэл дургүйцэх хүн ч бий, зөвшөөрөх хүн ч бас бий. Аймшигт улаан Оросын авираар манай хувьсгалчдын 70 жил тарьсан лай ланчгийг өдгөө үр хүүхэд минь эдлэж явна.

Түүх соёлоо заавал мушгин үгүйсгэдэг, өвгө дээдсээ заавал басаж доромжилдог, урьд нь энэ газар шороонд огт төрж байгаагүй цоо шинэ монгол хүн бий болгох гэсэн тахалд гэмтсэн бид балчир наснаас биеэ тоосон хоосон амьтад болжээ. “Ойлгохыг бүү хичээ! Гагцхүү шүт!” гэсэн лам багшийн гэнэн ч юм шиг сурган хүмүүжүүлэх ухааны анхны мэдэгдхүүнээр хар нялхдаа дан ганц өрөвч сэтгэлийн энгийн дадалд оюун ухаанаа эзэмдүүлээд, дараа нь шат шатаар бясалгал хийж, бурхны гүн ухаанд яргадаг байж. Тэгсэн бол бид өдгөө лам биш юмаа гэхэд бүгд энэрэнгүй өрөвч сэтгэлтэй, бусдад буян үйлдэх ёс заншилтай, нүгэлгүй орлогоор амьдрах шүтлэгтэй, нийлмэл санаа, нэгдсэн хүчээр эх орноо хөгжүүлэх зарчимтай, гадныханд эелдэг, жаргал зовлонгийн учир шалтгааныг танин мэдэх хүсэлтэй, шинжлэх ухааныг эзэмших тэмүүлэлтэй иргэд болох байжээ. Харанхуй ч гэсэн өрөвч сэтгэлтэй байвал энэ чинь бага юм биш.

Заяаныхаа жинхэнэ цэвэр монгол онолыг эндээс хайх юм биш үү? Яриад эрээд буй нөгөө үндэсний үзэл, үндэсний бахархал, тэр ч бүү хэл, үндэсний омогшил гээд байгаа чинь энүүхэн хавьд оршиж буй юм биш биз?  Бурхны номд гэгээрч, түүгээр өөрийгөө жолоодож чадсан хүмүүний зовлон хөнгөн, үхэл нь айдас бус болдог гэсэн. Тийм зэрэгт  хүрч гэгээрэх төрмөл увидсыг минь бурхангүйчүүд биднээс огтлоод хаячихжээ. Бидний үеийнхэн ийм эмгэнэлт хувь заяатай улс. Бид хичнээн шүтэх гээд бурхны сургаалд жинхэнээр итгэх буянгүй болчихсон хүмүүс. Ёс суртхууны эмгэгтэй, оюуны хатингаршилтай амьтад болжээ. Бурхангүй хүний зүрхнээс аллага архидалт янхандалт луйвар хулгай бадрамтгай байдгийг бид эдлэж явна. Бурхангүй хүн уур хилэн үзэн ядалтаа барьж чадахгүй. Учир нь түүнд өрөвч сэтгэлийн орон зай нь хоосон онгойж л байхгүй юу даа.  

Бурхан хувилгаан биш. Бурхны ном ид шид бус, зөв амьдрах сургаалуудын нэг. Мэргэ төлөг, арга чаргад сохроор итгэж, юу ч бүтээхгүй, зөвхөн эрхи имэрч, лам багшаа сохроор шүтээд, хүлцэнгүй номхон залбирч суу гэсэн сургаал бурхан багш айлдаагүй. Бурхан үхээнц байх номлол тулгадаг гэсэн хорон санааг Монголд зориудаар тараасан. Нүгэлгүй орлогоор амьдрахыг бурхны сургаал номлодог. Ухаанаа шавхаж, хөлсөө дуслуулж байж өөрийн хар биеэр олсон орлогыг нүгэлгүй орлого гэнэ. Хулгай луйвар, бэлэнчлэх сэтгэлгээ, тэгш бус хуваарь, лазан залхуу, ашиг завшаан, заль мэх бүгд нүгэл. Нүгэл шингэсэн орлого бурхны номд харш. Тэгвэл нүгэл шүглэсэн орлогоор өдгөө бялуурч тансаглаж яваа нь хэд билээ? Бурхан шашны сургаалыг үнэгүйдүүлсэн хоёр чарлава Монголын түүхэнд гарчээ. 

Нэгдэх чарлава нь, монгол лам нар. Бурхан шашныг Монголд анх залж авчирсан суут лам нараас хойш урт хугацаанд жалга довын сүм хийдийн лам хувраг дэндүү олширч, зөв амьдрахын тулд өөрийгөө дайчлан гэгээрч, нийгмээ зөв амьдруулахын төлөө шахамдуулан ариусгах үүрэгтэй бурхны сургаалыг мөнөөх жалга довын түмэн гэлэн өөртөө ашиг олох хэрэгсэл болгон гуйвуулж бузарлав. Ид шидээр засал хийх, сөрөг заслаар хорлох гэх мэт заль мэх болгон гуйвуулж, бурхны үнэт сургаал харанхуй Монголд луйвар болж хүчижсэн нь юутай гутамшиг вэ? Бусдын цусыг сорогч хувалз олон зуун жил бурхны дүрд жүжиглэжээ. Лам нарын булхай шашны жинхэнэ ариун сургаалыг сүжигтэн олонд хүртээсэнгүй. Монголд бурхны шашин бөөгийн ид шид гэгч солиоролтой хутгалдаж, хөгийн дампуу дүвчигнөл бүдүүлэг олныг бүр арчаагүй мал болгов. Одоо ч манай лам нар өөрсдийгөө гай барцад аргалагч ид шидтэн хэмээн дүвчигнэж, мухар сүсэгтэн олныг мэхэлсээр буй. Монгол шүтлэгтэн шашин гэдгийг ид шид хэмээн ойлгож, бусдыг хорлосон нүглээ бурхнаар арилгуулах гэж явна. Бурхнаа тэгж нүгэлд унагаж яаж зүрхлэнэ вэ. Шашныг гуйвуулсан хуурамч хуваргуудыг сохроор шүтсэнээс уул усандаа мөргө. Ядаж хал балгүй. Эртний түвд хэлээр дүнгэнүүлэх тарнийн утгыг хэн ч ойлгохгүй. Түүнийг ойлгодог лам ч ховор. Ойлголооч тэнд тийм суут ухаан байхгүй. Зүгээр л нэг ерөөл магтаал төдий юм байдаг. Шашны гүн ухаан бол огт өөр агуу сургаал билээ. 

Хоёр дахь чарлава нь, улаан Оросын монгол Намзасаг. Бурхны сургаал бол хар тамхи хэмээн сүм дуган бурхан тахил судар номоо галдаад, энэ харгислалаа зөвтгөхийн тулд өнгөрсөн зуунд маш их хүч гаргаж, маш их хөрөнгө үрсэн. Монгол лам нарын бантагнуулсан шарын шашин дампуураад бараг онолгүй, гэнэхэн домог, бүдүүлэг зан үйлд торж байв. Эрүүл ухаантан итгэхийн аргагүй гэнэн тэнэг ид шидэд тулгууласан шарын шашны монгол хувилбар коммунист үзэлд арчаагүй сөхөрсөн. Үүний улбаа нь одоо ч бурхан шашныг “идэж уух эдлэж хэрэглэх баялгаа бүү бүтээ” гэж номлодог бурангуй шашин гэж дамшиглах хүн цөөнгүй. “Аль болох зөв амьдрахын тулд нийтээр шаргуу зүтгэж, нүгэлгүй орлого бүтээ” гэдэг бурхны сургаал бол буяны үйлс. Нүгэлгүй орлогоор амьдрах олны зүтгэл бол хөгжлийн зүтгүүр. Үүнийг идэвхгүй үзэл гэхэд дэндүү дэгсдэнэ. Бурхан буян үйлдэхийг ямагт эрхэмлэдэг. Буян заавал идэвх зүтгэлээр арвиждаг. Арвижсан буян гэдэг наад зах нь дэд бүтэц мөн биз дээ. Цахилгаан гаргах, онгоц бүтээхийг Христ зөвшөөрч, Будда зөвшөөрөөгүй гэсэн ухуулга өдгөө ч бий. Зовлонгийн шалтгааныг хааж, жаргалын үүдийг нээх нь идэвхгүй зарчим яав ч биш гэдэг нь барин тавин тодорхой харагдаж байна.

Энэ хоёр зэтгэрээс гайтаад бид нэгд, жинхэнэ бурхныхаа шашныг огт мэдэхгүй, бурхан шашны дүрээр мэхлэгч хуурамч лам нарын заль мэхэнд хууртаад, шашны номд гэгээрсэн шүтлэгтэн бус, мухар шүтлэгт мунхарсан тэнэгүүд болж хувирсан аж. Хоёрт, бурхан шашныг устгах зорилготой шашингүйн ухуулгад итгэснээр бурхан тахилаа шатаагаад оронд нь улаан Оросыг шүтдэг бурхангүйчүүд болсны лайгаа бид одоо ч эдэлсээр явна. 

Буддаг голоод Христэд орсон нэг залуу шүтлэгтэн надад “Бурхны шашнаар явсан Түвд Монгол хоёр хоцрогдож хаягдсан. Христээр явсан өмнөд Солонгос хөгжсөн учир бурхны харанхуй шашныг хаяж, христэд орох зөв” гэж сайрхав. Түвд Монголын хоцрогдол газар зүй, цаг уур, цөөн буурай хүн ам гэх олон шалтгаантай. Бурхны шашин хүн бүрийг гэгээр гэж номлодог. Гэгээрэл хөгжилд хөтлөнө гэж үздэг. Сүм хийдийн үүрэг бол бүх нийтийг шамбалд илгээх гэж дүвчигнэх бус, бүх нийтийг зөв амьдрах ухаанд төлөвшүүлэхэд оршино. Зөв амьдарна гэдэг юу гэсэн ойлголт вэ? Чанартай хоол унд, хувцас хунар, төрийн зөв тогтолцоо, ухаалаг хууль, шударга өрсөлдөөн, гэгээрэл, өндөр зэрэглэлийн орон сууц, зам тээвэр, байгальд халгүй үйлвэрлэл энэ бүгд зөв амьдрал. Гагцхүү гэгээрсэн нийгэм ийм хөгжилд хүрч буй. Будда ингэж амьдрахыг хориогүй.
 
Ямар ч гэсэн мухар сүжгийг нь далимдуулан өргөл барьц авах нь бурхны номоор хамгийн том нүгэл гэдгийг хаана хаанаа мэдэж авъя. Ганданд хэд гурван цаасны өргөл өргөхдөө намайг сайн сайхан болгоод аль гэж гуйгаад хэрэггүй. Гандан таныг сайн сайхан болгож чадахгүй. Таны сайн сайхан явах Танаас өөрөөс чинь шалтгаална. Таны өргөл барьц бурхны гүн ухаанд олныг гэгээрүүлэх сүм хийдийн буяны үйлсийн зардал болох ёстой. Тэгэхээр Та нийт иргэдийн сэтгэлийн ариусалд, нийт иргэдийн араншингийн зөөлрөлд, нийт иргэдийн нүгэлгүй орлогоор амьдрахад, нийт иргэдийн баялаг бүтээхэд өөрийгөө хандив өргөлөө гэж бод. Энэ чинь хамгийн шударга хамгийн энэрэнгүй буян мөн. Аллага архидалт янхандалт хулгай луйврыг увайгүйгээр үйлддэг хэрцгий догшин авирын өмнө бид мөхөсдөв. Бадарч буй нисванисийг лам хуваргууд бурхны зөөлөн сургаалаар номхруулж магадгүй гэсэн горьдлого нийгмийн хүлээлт болжээ. Хуваргуудын энэ буянлаг үйлсэд олны өргөл барьц маш чухал хандив буюу санхүүжилт болох учиртай. Өргөл барьц чинь чухамхүү зөв юманд очсон учир ач буян нь танд эргэж тусна гэж итгээд сэтгэлээ ариусагчих. Зөв ард түмний үсрэнгүй хөгжил танд өгөөжөө хайрлана. Энэ чинь таны өргөсөн буян буцаад ирж буй хэрэг. Далай лам бол бурхны сургаалд гэгээрсэн шүтлэгтэн болохоос тэр бээр бурхан, тэр ч бүү хэл, Монголын жалга болгонд төрдөг хувилгаан, ид шидтэн, бөө удган биш. Эдүгээ орчин үеийн залуус шинжлэх ухааныг эзэмшсэн, шинэ технологи нээгч, эх орондоо асар их баялаг бүтээгч буянтан агаад бурхан шашныг ХIV далай лам Данзанжамцын хэмжээнд ухаарсан иргэн болохыг хичээгтүн. Мухар шүтлэгтэн хуурамч хувилгаанд мөргөх гэж замдаа тээглэсэн буурай нарыг дайрч унаган, дээгүүр нь гишиглэн, хуурамч хувилгааны биенд духаа хүргэж мөргөснөө аз заяатайд тооцож олзуурхана. Гэгээрсэн шүтлэгтэн хэзээ ч тэгэхгүй. Мухар шүтлэгтэн хуурамч ламын хоол гэдгээ ухаар. Бурхны шашин хэзээ ч ажил бүү хий, ном бүү сур, ядуу зүдүү амьдар, усанд бүү ор, балиар заваан яв, бүү хөгжиж дэвж гэж мунхруулаагүй. Олны өргөл барьцаар сүм хийдүүд мухар шүтлэгтнээ гэгээрсэн шүтлэгтэнд хувиргаж чадваас эх орон минь яасан сайхан ариусах бол. Ажил хэрэг минь яасан сайхан бүтэх бол. Үүнээс илүү буян гэж баймгүй яа хуваргууд минь. Бурхны жинхэнэ сургаалыг олохгүй төөрч будилсан мухар шүтлэгтэн олон шавь нартаа зөв зам мөрийг олоход нь туслаач гэж хуваргуудаас гуйя.