-АРДЧИЛСАН НАМ САЙН АЖИЛЛАСАНГҮЙ. ЭСРЭГЭЭРЭЭ АРДЫН НАМ ХОЖЛОО-

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай ярилцлаа.

-Та бол АН-ын генсекээр хамгийн олон жил ажилласан. Намын дарга, Засгийн газрын гишүүний албыг ч хамгийн олон удаа хашсан. Ерөнхий сайдын тамга атгасан зэргээр Н.Алтанхуяг гэдэг нэр нэгэн цагт АН-ын тэргүүн шугаманд явдаг байлаа. Гэвч бие дааж УИХ-ын гишүүн болсноосоо хойш магадгүй АН-ын хамгийн сул гишүүн нь Та болчих шиг боллоо?

-За яах вэ?, дотор нь байгаа хүний хувьд харахад янз янзын шалтаг шалтгаан байх шиг байна. Гэхдээ би гэдэг хүн өөрийн байр сууриндаа бат зогсдог, зогссоор ч ирсэн. Эрх биш бусдаас илүү туршлага нь байна. Намд ч, Засгийн газарт ч, УИХ-д ч олон жил ажиллалаа. Асуудлынхаа багцааг ерөнхийд нь ойлгоно. Уг нь түүнийгээ байнга илэрхийлээд яваа юм. УИХ дахь намын Бүлэгт байгаа хэцүү асуудал руу нарийн сайн орж чадахгүй л байна. Угаасаа хэцүү шүү дээ. Асуудлыг бүгдийг нь ойлгоно ч гэж юу байх вэ? Тиймэрхүү тал байдаг байх. Миний л бодол шүү. Манай залуучууд бага зэрэг Ардын Намын бодлогод хөтлөгдсөн юм хийгээд гэж харагдаад байгаа юм. Их буруу л байгаа юм.

-Яг ямар бодлогод нь хөтлөгдсөн гэж...?

-Нам гэдэг өөрийн гэсэн бодлоготой. Тэр нь нөгөө намынхтай нийлж, зөрж болно. Харин хүний, өөр намын гаргасан бодлогыг дагаж болохгүй. Хамгийн тод жишээ нь, сонгуулийн тойрог. Тойрог гэдэг тоглоом биш байхгүй юу. Хэрхэн, яаж байгуулахаасаа маш чухал. Үүнийг нам дээрээ сайхан хэлэлцүүлэг хийж давуу, сул талыг нь ярьж, намын биш улсын эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёстой юм. Мандатын тоо нь таарч байгаа эсэхээс эхэлнэ. 

Нэг мандатад ногдох сонгогчийн тоо гэсэн ойлголт байдаг. Жишээ нь, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт гэхэд бусдаас хамаагүй цөөхөн сонгогчоор хоёр хүнийг хаах нь. 

-Эдгээр дүүрэгт өрсөлдсөн нэр дэвшигч 20 мянга орчим хүний саналаар ялалт байгуулсан байдаг?

-Ийм юмаа ярих хэрэгтэй байсан юм. Тэгэхдээ хоёр биш нэг мандаттай байхаар тусгадаг ч юм уу. Зарчмаа барих ёстой. Тэрийг хэрхэн томъёолох юм гэхээр нэг мандатад ногдох сонгогчийн санал нь 40 мянга гэсэн байдлаар хуваарилалтаа хийх байсан. Түүнээс манай дэмжлэг илүү байгаа учраас мандатыг нэмье, бага байдгаас нь хасах байдлаар хуваарилах ёсгүй. Үүнд Ардчилсан Нам сайн ажилласангүй. Эсрэгээрээ Ардын Нам хожлоо.

-Сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар байгуулах асуудалд УИХ-ын гишүүд хэр мэдээлэлтэй байсан юм. Ч.Хүрэлбаатар сайд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр санал гаргасныг УИХ-ын даргын зүгээс дэмжсэн нь цаашаагаа явах шиг болсон. Удаа ч үгүй парламентад суудалтай гурван намын дарга зөвшилцөж, санамж бичиг байгуулснаа зарласан шүү дээ?

-Урьдчилж бэлтгэгдсэн үйл ажиллагаа гэж ойлгогдоно. 

-Таны хувьд огт мэдээлэлгүй байсан хэрэг үү?

-Ямар ч мэдээлэл байгаагүй ээ. Сонгуулийн өмнө тойргийг янз бүр болгодог, аль эрх барьж байгаа нам нь өөрсдөдөө ашигтай, боломж олгох байдлаар байгуулдаг нь нууц юм биш шүү дээ. Тойргийн хуваарилалтыг бүсчилсэн байдлаар хийсэн нь тийм учиртай.

-Улс орны хөгжлийн бодлогыг том зургаараа харвал бүсчилсэн тойрог байгуулах нь хамгийн оновчтой шийдэл гэдэг. Тойрог шүтсэн төсөв, жалга довны үзлээс салах зэргээр дараа нь гарах үр дагавар нь чухал юм биш үү?

-Өнгөцхөн харвал тийм. Гэхдээ гурван өөр төсөвтэй аймгийг нэг тойрог болгоход том ялгаа гарахгүй. Хэрвээ үнэхээр том тойрог болгоё гэвэл засаг захиргааны, аймгийнхаа хуваарийг дагаж байгуулж болохгүй. Энэ зарчмаа ойлголцох ёстой юм. 

-Таныхаар яана гэж?

-Энгийнээр хэлэхэд Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн зарим сумд нь нөгөө тойрог руугаа орно. Нэг мандатад ногдох сонгогчийн тоо нь хэд байхыг гаргах байдлаар бүсчлэлээ тогтооно гэсэн үг. Тэгэхгүйгээр өөр хоорондоо давхацсан байдлаар бүсчлэх нь өмнөхөөсөө ялгарахгүй адилхан болчихоод байгаа юм. Ховдод атманддаг нөхөр л атмандана. Увсыг нөхдүүд мөнгөө нийлүүлээд явна. Нэг аймагт гарах шаансгүй болсон хүн нөгөөхөөс нь санал авах зэргээр их л нарийн ухаан бодож хийлээ.

-Нэгээс нь авч чадахгүй саналыг нөгөөхөөр нь нөхнө гэж хэлээд байна уу?

-Миний харж байгаа өнцөг нь тэр. МАН судалгаа, тооцоо хийхгүйгээр, Ч.Хүрэлбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр нь дагаж шуурдаг институц биш. Өчнөөн ажиллаж, судалгаа хийсэн байж таараа. Жижиглэвэл яах уу? Эсвэл хуучнаар нь буюу нэг тойрог олон мандаттайгаар явбал яах бол? гэх мэтээр олон хувилбараар үзсэн байх. Нэг аймаг, тойрогт үзсээр байгаад гул, дул болсон хүн зөндөө байгаа байлгүй дээ. Арай шинэлэг байхын тулд хоёр, гурван аймаг нэмээд явсныг үгүйсгэхгүй. Би зүгээр тааж байна шүү. Гэхдээ их удаан хугацаанд бэлтгэж хийсэн асуудлыг АН дотроо сайн ярихгүйгээр, хэлэлцүүлэг хийхгүйгээр шууд дагасан нь буруу.

-Цаад шалтгаан нь юу юм бол?

-Ганцхан жишээ хэлэхэд ийм юм. Уг нь аливаа асуудлын хүрээнд нам өөрийн бодлогоо гаргах ёстой. Зөвхөн хэн ялах, хаана тойрог зураг тухай биш шүү. Хүний эрх зөрчигдөж байгаа асуудлаар. Хувийн өмч алга болж Төрийнх нь данхайж байгаа асуудлаар. Ард түмний ахуй амьжиргаа уламж муудсан. Дундаж давхарга бий болгох асуудал яасан зэргээр АН бодлогоо гаргаж, хатуу ажиллах ёстой юм.

-Жишээ нь, Таны хамгийн их хөнддөг дундаж давхаргыг бий болгох асуудал магадгүй сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулсны дараагаас хөндөгдөж эхлэхгүй юү?

-Дундаж давхаргыг бий болгох нь сонгуулийн тойргоос хамаарах зүйл биш. 

-Монгол Улсыг бүхэлд нь бүсчилсэн байдлаар хөгжүүлэх хөрс суурийг тавих талаас нь асуугаад байгаа юм. Тэр хэрээрээ эдийн засгийн хүртээмж нь тэгш байдлаар иргэдэд хүрнэ?

-Тэр ч дээ, зүгээр л лоозон доо. Манай Засгийн газрын үед яалаа? Бүсчилсэн хөгжил гэж яриагүй байхад нийслэлтэй бүх аймгийн төвийг холбох асуудлыг хөндөж байсан биз. Тэгэхээр өөр асуудал. Дундаж давхаргыг бий болгох талаар тухайн үедээ АН яаж тодорхойлж байсан гэхээр “Ажилтай, орлоготой Монгол хүн” гэж томъёолсон. Ажилтай, орлоготой болгоно. Цалин нэртэй мөнгийг нь амьжиргаанд нь хүрэлцээтэй болгоё л гэсэн. Үүнийг яаж хэрэгжүүлдэг юм. Цалинг нь нэмнэ. Олигтой нэмж чадахгүй бол тухайн өрхөөс гардаг зардлыг багасгах хэрэгтэй. Ипотекийн зээлийн хүү 17 хувь байсныг найм болгож бууруулсан нь ийм учиртай. Сард 700 мянган төгрөг төлдөг байсан айл хүүг нь бууруулснаар 350 мянгыг төлнө. 350 мянга нь Танайд үлдэж байгаа биз, Гандөл өө. Нүүрс тн нь 200 мянга гэж тооцвол таван тн нь сая төгрөг болно. 80 мянга болгож бууруулснаар 400 мянгаар өвөлжинө. 600 мянга нь тэр айлд үлдэнэ. Дундаж давхаргыг бий болгоно гэдэг цэвэр бодлогын асуудал. 

Бид эдийн засгийн хоосон өсөлтийн тухай ярьдаг. 2008, 2009, 2010 оны үед Оюу Толгойн хөрөнгө оруулалт орж ирснээр эдийн засаг салам өслөө гэж байсан. Тэгсэн мөртлөө гаднаас баахан мөнгө зээлээд 1.5 сая төгрөгийг иргэдэд тараасан. Нэг ёсондоо “Чингис” бондтой тэнцэх хэмжээний өр “үйлдвэрлэсэн”. Тэгэхээр бодлогын асуудал маш чухал.

-Ц.ЭЛБЭГДОРЖ ТУХАЙН ҮЕД НЭГ САЙН ЮМ ХИЙСЭН-

-Гаднаас өр “үйлдвэрлэх”-д Таны хувь нэмэр, Танай Засгийн газрын “гавьяа” бас байгаа?

-Өрийг ингэж харах хэрэгтэй. Манайхыг Засгийн эрх авахад 1.5 сая төгрөгийг иргэдэд тараах эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд “Чалько”-гоос 350, Оюу Толгойгоос 250 нийт 600 сая ам.долларын өр тавьсан. Монголбанкнаас ч мөнгө авсан. Ерөнхий сайд болохдоо 1.5 тэрбум ам.долларын өртэй айлыг хүлээж авсан. Яаж цаашаа амьдрах уу? гэдэг асуулт тулгарсан. Тиймээс ерөөсөө л 1.5 тэрбум ам.долларын бонд босгож бүтээн байгуулалтаа хийж гэж үзсэн. Өр дарахад зориулаагүй гэсэн үг. “Чалько”-д тавьсан 350 сая ам.долларын өр гэхэд хэдэн Засгийн газар дамжин төлөгдөж дуусав?

-Дөрвөөс тав...?

-С.Батболдынх авсан, Н.Алтанхуягийнх төлж эхэлсэн. Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбатын үед төлсөн. Бараг У.Хүрэлсүхийн үед дууссан. Мөнгийг нь аваад идчихсэн л байхгүй юу. Нүүрс нь байгаа ч олборлосноо шууд “Чалько”-д өгөх тохироо л явсан.

-Ирээдүйгээсээ олборлох нүүрсээ барьцаалж, асар хатуу заалттай гэрээ байгуулсан?

-Тийм л байхгүй юу. Ардын Нам одоо ямар хэрэгт орсон гэхээр өөдөө шидсэн чулуу нь өөрийнх нь толгой дээр буучихаад байна. 2016 онд сонгуульд орохдоо Монгол Улсын нэг иргэн 15 сая төгрөгийн өртэй боллоо. АН ийм өр өвлүүллээ гэсэн. Тэгсэн өнөөдөр нэг иргэн 35 сая төгрөгийн өртэй болсон байна. Найман жил эрх барихдаа нэмээд 20 сая төгрөгийн өр “үйлдвэрлэсэн” байна. Үүнийг хэлэхээр сандралдаад л, пи-ар хийгээд эхэлдэг. Үнэнээс хэн ч бултаж чадахгүй. Өнөөдөр Монголын нийт өрийг нэг хүнд хуваахаар үнэхээр л 35 сая төгрөг гараад байгаа юмыг яах юм. Үнэн юмыг үнэнээр нь хэлж сурмаар байна. Худлыг худал гэж хэлмээр байна. Хүмүүсийн тархийг угаадаг, буруу юмыг зөв гэж ойлгуулж байна. Түүндээ асар их мөнгө хаяхаар дуугүй болно. Эсрэг үг хэлэх хүнгүй болно. Эсвэл дийлдэхгүйг нь шоронд хийнэ.

-Таныг Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд “Эрдэнэс Тавантолгой”-гоос төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ нь хэр байсан юм?

-Нүүрсээ олборлоё гэхээр ухсан бүгдийг нь өрөнд өгөхөөр болсон. Ганц ч ам.доллар, юани олох боломжгүй байсан үе. Тэгэхээр нь “Чингис” бондоос 200 сая ам.долларын санхүүжилт гаргаад нөгөө талыг нь ухсан юм. Тэгж байж хэдэн доллар олсон. Л.Энэбиш захирлын үеэс нэг талыг нь ухаад эхэлсэн ч хамгийн харамсалтай нь тэр бүгдийг “Чалько”-д өгөх гэрээтэй байсан юм. Үнэндээ 1.5 тэрбум ам.долларын өрийг манай Засгийн газарт өвлүүлсэн. Огт ярьдаггүй л байсан болохоос. Зөвхөн 1.5 саяыг тараасных нь өр “Чингис” бондтой тэнцэх хэмжээтэй л байсан байхгүй юу. Тэрийг нь ганцхан манай Засгийн газар төлөөгүй. Олон Засгийн газар дамжсан нь тийм учиртай. Ийм л хортой. Оюу Толгой 250 сая ам.долларын өрийг ч төлж байгаа шүү дээ. Гэхдээ бондоос аваагүй. Ц.Элбэгдорж тухайн үед нэг сайн юм хийсэн. Би бас хүний сайн юмыг сайнаар нь хэлнэ. 

-Тэр нь юу гэж?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан. Тэгэхдээ “Чингис” бондын мөнгөнөөс нэг ч төгрөгийг халамжид зарцуулахгүй байх тухай. Төсвийн цоорхой нөхөхгүйгээр цэвэр бүтээн байгуулалтад зарцуулна гэж байж бонд босгосон түүхтэй. Түүнээс хойш гурван “Чингис” бондтой дүйх хэмжээний мөнгө зээлсэн байна. Юу хийсэн юм. Сонсох нь ээ нефть боловсруулах үйлдвэр рүү лав тэрбум ам.доллар нь орсон юм шиг байна лээ. Тэгээд босоогүй байна. Тиймээс 4.5 тэрбум ам.долларын зээлээр юу хийснээ эд нар тайлбарлах хэрэгтэй.

-ТЭГВЭЛ БИ АСУУЯ-

-Хууль тогтоогчийн хувьд авлигын хэргээр дагнасан шүүх байгуулах төсөлд ямар байр суурьтай яваа бэ? УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлсэн ч хэлэлцэж амжилгүй явсаар намрын чуулганыг хаах юм шиг байна?

-Нэгдүгээрт, авлигаар дагнасан шүүх байгуулах нь эргээд шүүх засаглалаа нураана. Маш муу учраас дэмжихгүй. Хоёрдугаарт, мөрдөх байгууллага буюу АТГ, цагдаа нэг удирдлагатай. Тэр дотроо нэг намын удирдлагатай. Прокурор нь бас нэг удирдлагатай. Дарга нь юу гэнэ, прокурорууд бүгд гүйцэтгэнэ. АТГ-ын дарга юу гэнэ мөн адилхан. Цаана нь шүүх байгууллага нь овоо тусдаа байхад дахиад авлигаар дагнасныг байгуулахаар “Хонгил” үүснэ. Зовлонг нь мэдэх хүн учраас дэмжихгүй. Бясаагаа алах гэж байгаад байшингаа шатаах юм болох вий. Шүүхийн тогтолцоогоо бүтэн нураагаад хаях вий гэсэн байдлаар болгоомжилж байгаа юм.

-Хөгжлийн банк, нүүрсний хулгайд холбогдох хэргийг прокуророос шүүх рүү шилжүүлэхээр гацдаг, гацаадаг нөлөөлөл байсаар байгаа нь авлигаар дагнасан шүүх байгуулах зам руу түлхэхээс өөр сонголтгүй болголоо гэж ярих хэсэг байна?

-Тэгвэл би асууя. Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллага нь тухайн хэрэг үнэн гэдгийг яаж мэдэж байгаа юм.

-Мэдээж баримтад үндэслэнэ?

-Хөгжлийн банкны хэрэгт 80 гаруй хүнийг багцлаад оруулахад шүүхээс тал хувийг нь ямар ч холбогдолгүй гэж шийдвэрлэлээ. Тиймээс л авлигын шүүх байгуулж болохгүй. Үндсэндээ “Хонгил” үүсгэнэ. Хууль хяналтын байгууллага нь алдаа гаргасан бол яах юм. Захиалгаар ажилласан бол яах вэ? Муу ч, сайн ч баримтыг ил тод харуулах байдлаар шүүх хуралдаан нээлттэй явсанд баярлаж байгаа юм. Тэгээгүй бол мөнгө идсэн байна гээд алх цохиод дуусна. 1990 оны хувьсгалаар Монгол Улс ардчиллыг сонгосон гол шалтгаан нь хүний эрх, хувийн өмчийг дээдэлсэн, хэн овсгоо самбаатай хөдөлмөрлөсөн нь орлого олох боломжийг бүрдүүлэхэд оршиж байсан.

Нийгэмд шударга ёсыг тогтоодог газар нь хууль хяналтын байгууллага. Нэн түрүүнд мөрдөх байгууллагуудаа зөв болгох хэрэгтэй. Нэг хүний удирдлага, захиалгаар явдаггүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Прокурорын байгууллага нь ч мөн адил. Дарга нь “Тэг” гэдэг болбол тэр хүнийг хэлмэгдүүлэхэд ойрхон болно. Харин түүнээс аль болох болгоомжилсон бүтцийг хуульдаа шингээх нь ардчилсан тогтолцоо руугаа явах алхам. 

-Хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт Та багтсан бил үү?

-Тийм ээ, Ардын Намынхантай хамтарч ажилласан. Зовлонг нь сайн мэдэх учраас тэрийгээ ч сайн хэлж өгсөн. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай буюу процессын хууль байна. Яавал баривчлах юм. Ямар тохиолдолд сунгах юм. Шүүхийн шийдвэр яагаад гарах, хүний эрх хамгаалагдах ёстой юм зэргээр маш олон талаас нь ярьж байна. Ц.Мөнх-Оргил гишүүн Ажлын хэсгийг ахалж байгаа. Миний хувьд Хөгжлийн банкны асуудлаас үүдэж шүүх танхимд гурван сар суусан болохоор өмгөөлөгчдийг хүндэлдэг болсон.

Хүний эрхийн талаасаа асуудлаа мэдэрч, зөв ярьдаг юм билээ. Тиймээс Өмгөөлөгчдийн холбооноос энэ хуулийн төсөлд дэмжлэг хүссэн. Процессын хуулийн болохгүй заалт нь юу байна. Хүний эрхийн зөрчил нь хаана гараад байгааг тодруулахад анхнаасаа мөрдөх байгууллагад өмгөөлөгч хэн ч биш болсон байна. Тэгэхээр үйлчлүүлж байгаа хүнийхээ хэргийн материалтай нэгэн зэрэг танилцаад явдаг байдлаар өөрчлөлт оруулах асуудлыг хөндсөн.

-Х.Тэмүүжин сайдын үед шүүхийн шинэтгэлийг анх удаа зоригтой эхлүүлсэн. Гэтэл 2015 оноос заалт бүрээрээ Цэцэд очиж унаснаар тэрхүү шинэтгэл бүхэлдээ нурсан байх аа?

-Х.Тэмүүжинг Хуулийн сайд үед хийсэн шүүх байгууллагын шинэтгэлийг мэдээж хоёр жилийн хугацаанд бүрэн хийж амжихгүй. Намайг Ерөнхий сайдаас унагааж, Засгийн газар огцорсны дараа шинээр томилсон Хуулийн сайд нь тэрхүү үзэл баримтлалыг бараг ойлгоогүй байх гэж боддог юм. Ойлгосон ч жижиг өнцгөөр харсан. Түүний дараагийн сайд нь ч адилхан хандаж явсаар шүүхийн шинэтгэл жонхуу болсон. Ойрын жишээ нь, Тахарын албыг татан буулгасан. Юмыг бүтэн зургаар нь харахгүй байгаагийн гай нь тэр. Хоёрдугаарт, Монголын нийгэмд шинэчлэл хийхэд хэцүү. Ер нь шинэчлэлд нийгэмд байтугай хувь хүн дургүй байдаг гэсэн. Энэ Н.Алтанхуяг ямар өвчтэй юм. Зүв зүгээр болоод байгаа юмыг өөрчилж, шинэчилье гээд байх юм гэж эсэргүүцдэг нь хүний инстинкт байхгүй юу. Болохгүй байгаа юманд улстөрч биш мэргэжлийн улсууд нь дүн шинжилгээ хийж байж өөрчлөлт оруулах ёстой юм. Түүнээс нэг өглөө сэрээд “За энэ хуулийг өөрчлилье” гэж болохгүй. 

-Хөгжлийн банканд хамаарах шүүхийн шийдвэрт прокуророос эсэргүүцэл бичсэн байна лээ. Та мэдсэн л байх?

-Прокурор өөрийнхөө зөв гэж үзэж байгаа хэлбэр нь. Гол нь тэдний зөв гэж үзсэн зүйл нь шүүхийн анхан шатанд нотлогдохгүй байна гэж шийдвэрлэсэн. Энэ нь өөрөө ардчилсан процесс. Хэрвээ авлигын шүүх байсан бол тэнд хэдхэн хүн ажиллана. Бид цөөхүүлээ. 10 хүнтэй нь танил байхад тэд шууд алх цохиод гаргачихвал яах юм. Энд хэн нэгэн хүн амиа хамгаалах гээд байгаа юм биш ээ.

1990 оноос хойш Монголын улс төрд явсан хүний хувьд хэлэдэх ардчилсан тогтолцоогоо л эвдэхгүй байх юмсан. 10 хүний аманд орж үхэхгүй байх юмсан. Эсрэгээрээ анхан шатанд байгаа хэд байдаг юм? 200, 300 хүнээр тараагаад шийдэх ёстой. Хөгжлийн банкны хэргийн практикаас харахад олон хүнд хамаарах хэргийг багцална гэдэг байж болохгүй. Гурван сарын турш ямар ч хамааралгүй хүмүүсийн асуудлаар хамт суугаад сонсоно гэдэг арай биш юм билээ. Хэтэрхий улс төрийн өнгө аяс оруулах гээд л.

-БИ БОЛ ЭРГЭЛЗДЭГ Л ЮМ-

-Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед Ахлах зөвлөхөөр ажиллаж байсан гэдгээр нь холбож асууя. Монголын улс төрд “Шударга бусын хонгил” бий боллоо гэж зарлаж, тэмцэхээ мэдэгдэж байсан хүн нь Та. Гэтэл өмнөх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд Монгол Улс хэд хэдэн улс төрийн хоригдолтой болж үзлээ. Гурван ч Ерөнхий сайд, ялангуяа АН-ын шанг таталцаж явсан улстөрчид шүүхээс ял сонссон. Хуулийн сайд асан Х.Нямбаатар ч “Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхраас шүүгч нар хэнд, хэдэн жилийн ял өгөх үүрэг даалгавар авдаг ёсыг бид халж чадсан” гээд чуулганы индрээс мэдэгдэж явсан шүү дээ?

-Би бол эргэлздэг л юм. Хэрвээ Төрийн ордны гурван давхараас чиглэл өгдөг байсан юм бол Х.Нямбаатар хотын дарга болоод явдаг нь яаж байгаа юм. Үнэхээр шударга ёсыг тогтоох итгэл үнэмшил нь байсан юм бол яагаад Хууль зүйн сайдын ажлыг хаяад явав. Нэг үе үнэхээр тэгдэг юм биш байгаа гэж боддог байсан уу? гэвэл тийм. Гэхдээ одоо итгэхээ больсон. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр богино хугацаанд ажилласан.

-Бараг хоёр жил?

-Хоёр жил хүрээгүй ээ. Мэдээж олон асуудлаар Ерөнхийлөгчтэй санал нийлдэг байсан. Заримд нь санал нийлэхгүй. Гэдэг нь зарим асуудлаар зөвлөхөд түүнийг нь Ерөнхийлөгч хүлээж авахгүй байж болно гэсэн үг. Би өөрөө юм хийвэл хийсэн шиг хийдэг. Хийхгүй бол больё гэдэг хүн. Сүүлдээ цаг үрэхийн нэмэр гээд Зөвлөхийн ажлаа өгсөн. Гэхдээ тэр үед, тэдэнтэй хамт суугаад шүүх тойрсон “Хонгил”-ын тухай бол ярьдаггүй байсан.

-“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам”-ын Н.Удаанжаргал нарыг бол Ерөнхийлөгчийн өрөөнд байнга сууж байдаг байсан тухай яриа сая болж өнгөрдөг “Нүүрсний сонсгол”-ын үеэр багагүй явлаа. Үнэхээр тийм асуудал байсан хэрэг үү?

-Би тэр нарийн процессыг мэдэхгүй. Тэр үед нь байгаа ч үгүй. Байсан ч оролцохгүй. Аж ахуйн юманд оролцох угаасаа дургүй. Жил хэртээ ажиллаад явсан шалтгаан нь ч тийм. Уг нь бид олон төрлийн шинэчлэл ярьж байсан юм. Заримыг нь хийсэн. Бас нэг зовлон бий нь хуучин тавигдсан хууль хяналтын байгууллагаас олон саад учруулсан.

-Гэхдээ хууль, шүүхийн байгууллагын удирдлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр томилж, чөлөөлөх асуудлыг парламентад оруулж, батлуулсан удаатай?

-Сольсон, сольсон. Солихдоо Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав санал нийлж байж өөрчлөх түх хуулийг гаргаж хэрэгжүүлсэн. 

-Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай уулзаж байгаа юу?

-Хааяа уулзана аа. 

-АН-ын дарга нь Л.Гантөмөр ч албан бусаар Х.Баттулгын нөлөө нь жин дарах болсоор удаж байна. Нийслэлийн АН-ын даргыг авлаа. Ардчилсан Залуучуудын холбооны удирдлагыг ч аваад удаагүй байна?

-Намд хэн нөлөөтэй байх нь надад чухал биш. Хэн юу хийж чадах нь чухал. Үнэхээр Монголын нийгэмд хэрэгтэй байж чадах уу? Дундаж давхрагыг босгоход зоригтой ажил хийх үү? Зүгээр Ардын Намыг шүүмжлээд суухдаа биш. Би яагаад дуугараад байдаг юм гэхээр тухайн асуудлыг нь хийж байсан учраас. Түүнээс “Чи тэгээд хийж байхгүй яасан юм” гэж хэлнэ биз дээ. Би бол мэргэжлийн хүмүүсийг нь ажиллуулдаг. МАН болохоор дандаа цүнх баригчдаар дүүргэсэн болохоор дампуурч байна. Ялгаа нь тэр. 

-Хэн хийж чадахтай нь хамтарна гэж байна. Гэхдээ Х.Баттулгатай ч, Л.Гантөмөртэй ч нэг танхимд ажиллаж байсан, намын даргын хувьд зангидаж явсан хүн хэн нь хэн бэ? гэдгийг хэнээр ч заалгахгүйгээр гадарлахтайгаа шүү дээ?

-Нэг жишээ хэлье. 17 хувийн хүүтэй ипотекийн зээлийг найм болгож бууруулах асуудлаар бид 30 хэдэн удаа хуралдсан байдаг юм. Ажлын хэсгийн түвшинд. Тийм давтамжтай хуралдаж байж найман хувь дээр тогтсон. Юм мэддэг, чаддаг хүмүүстэй ажиллахад бодит үр дүн нь ингэж гардаг. Түүнээс үүрэгдэнэ гэдэг шиг тэнэг юм Монголд байхгүй. Цаашаа очоод нураана.

-2000 оны сонгуулийн дараахан бие дааж сонгогдсон Л.Гүндалайг дэд даргаараа томилж байснаас бусад үед АН-д ийм албан тушаал байдаггүй байлаа. Намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн хоёрхон албан тушаал хадгалагдаж ирсэн. Харин өнөөдрийн АН нэг Тэргүүн дэд, 15 дэд даргатайгаар үйл ажиллагаа явуулж байгаа хэр оновчтой шийдэл юм. Бодлого зангидах, шийдвэр гаргах талаасаа хэтэрхий нүсэр бүтэц биш үү?

-Хоёр дэд даргатай байсан юм. АН-ын хувьд 2016, 2017 оноос хойш их ч зовлон үзлээ. Ардын Нам ч манайхаар нэлээд тоглох шиг боллоо. Янз бүрийн ашиг сонирхлын хүрээнд дотор нь хагаралтай юм шиг болгосон. Тамгыг нь хүртэл хоёр болгосон. Үүнийг би ил тод хэлж ирсэн. Түүнээс АН-ынхан өөр хоорондоо хэл амаа олж ядсан юм байхгүй. Явж, явж тамганы асуудлыг Ардын Нам шийдлээ. Ийм хэцүү нөхцөлд 15 дэд даргатай боллоо. Хоёр байхад болохгүй байсан байгаа юм биз. Нарийн ширийн зовлонг нь мэдэхгүй байна.

-Дотоод зөрчил нь ил явдаг, удирдлагаа нээлттэй шүүмжилдэг нь АН-ыг МАН-аас ялгаатай харагдуулдаг шалтгаан. 2017 оноос эхэлсэн зовлон нь дуусгавар болох тийшээ орсноор нэг даргатай, нэг тамгатай ч боллоо. Гэхдээ эвлэрүүлж, нягтруулж байна гээд удирдлагын бүтцээ механик хуваарилалтын зарчмаар чиглүүлэх нь зөв үү л гэж асуух гээд байгаа юм?

-Намын даргаар зургаан жил ажилласан хүний хувьд хэлэхэд зовлон ихтэй ажил юм аа, Гандөл өө. Одоогийн нөхцөл байдлыг нь сайн мэдэхгүй байна. Хажуунаас нь харахад шүүмжлэх юм байдаг л даа. Гэхдээ яг дотроо ямар зовлонтой байгаа хэн мэдэх вэ. Зохион байгуулалтаар их оролдвол нээх урагшаа явдаггүй юм. Гол нь жоохон зориг зүрхтэй ард түмнийхээ төлөө дуугараад өгөөч ээ. УИХ дахь намын бүлэг нь эрх мэдлээ хэрэгжүүлээд ажиллаач ээ л гэдгийг хэлж байгаа юм.

-ЭНЭ ОЛОН ЮМ ЯРЬДАГ ХАШРААЯ ГЭЭД ГУРВАН САР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ШҮҮХ ХУРАЛД СУУЛГАЛАА-

-Таны хувьд намынхаа үйл ажиллагаанд хэр оролцоотой яваа юм?

-Тэгмээр байна, ингэмээр байна гээд байвал их үглээ нөхөр л болно. Түүний оронд УИХ-д өөрийн байр суурийг илэрхийлээд явдаг. Миний хэлж байгаа үг 100 хувь үнэн биш ч саналаа л хэлдэг. Сүүлдээ олон яриад ирэхээр Ардын Намынхан намайг занадаг болсон юм. Энэ олон юм ярьдаг хашраая гээд гурван сар Хөгжлийн банкны шүүх хуралд суулгалаа шүү дээ. 

-Та тэгээд хаширч байх юм уу?

-Үг хэлэх эрх чөлөө өөрөө маш их үнэ цэнэтэй. Монголын нийгэм үнэн хэлдэг нэгнийг занадаг болсон байна. Эд нар болохоор хатуу үг ойлгоод байгаа юм. Тийм үг хэлдэг хүнийг занаж, шоронд хийдэг, Хөгжлийн банкны шүүх хуралд гурван сар суулгадаг нь буруу. Хожим ойлгоно оо. Одоо бол наадахаа түр дуугүй болгоодох гэж байна. Маш буруу арга барил.

Манай Засгийн газар гарч ирээд иргэдээ сонсох “11-11” төвийг анх байгуулсан. Чи удирдагч хүн бол дарангуйлагч биш улс орон, ард түмэнд юу болж байгааг заавал мэдэрч байх ёстой. Бүгдийг нь сонс гэсэн үг биш. Ямар ч байсан үгийг нь сонсож, анализ хийж байх хэрэгтэй. Миний арга барил угаасаа тийм. Шүүмжилсэн болгоны өөдөөс өрвөлзөөд байж болохгүй. Яагаад гэхээр хэн нэгний бодож, төлөвлөж, хийж байгаа зүйл алдаатай байж болно. Тэрийг нь засъя гэж байна. Манайд болохоор дарга шийдвэр гаргадаг. Бүгдийг мэддэг юм шиг аашилж байна. Нэг юманд аягүй дургүй хүрдэг юм. Тэр дарга тэгж үүрэгдэв гээд ярьдаг боллоо. Солиорч байгаа юм шүү. Үүрэгдээд бүтдэг ажил гэж үнэндээ байхгүй шүү. 

Монголын нийгэмд өнөөдөр юу дутагдаж байна. Юмыг хийх арга замыг сайн мэддэггүй. Япон гэхэд менежмент нь төгсөрчихсөн. Шийдвэр гарлаа тас гээд л бууна. Эсрэгээрээ манайд ярьж, ярьж шийдвэр гаргалаа гэхэд өөр газарт очоод нурдаг. Чөтгөр нь детальдаа гэдэг шиг. Юмыг хэрэгжүүлэхдээ очоод нураадаг.

Миний арга барил өөр. Санаа, оноо байвал зөвлөлддөг. Тэр байтугай Засгийн газрын хуралдааны үеэр хоёроос гурван сайд санал нийлэхгүй бол хэлэлцэх асуудлыг хойшлуулдаг. Хүчиндэж гаргаж яах юм. Тодорхой өдөр товлоод мэргэжлийн хүмүүсээ урьдаг. Бидэнд дутагдаж байгаа гол асуудал нь харилцан яриа, бусдыгаа сонсохгүй байна. Нэг үеэ бодоход салбараа мэддэг, санаа зовдог, асуудлыг шийдэх шийдлийг олж хардаг хэсэг нь олон болсон байна. Х.Тэмүүжин сайд гэхэд салбарынхаа үзэл баримталыг сайн хардаг хүн. Тийм хүмүүсээ сонсох ёстой. Болдог бол хийлгэх ёстой. Яах вэ, Х.Тэмүүжин бид хоёр хийж яваад “онхолдчихсон” юм. “Онхолдсон” ч гэж онхолдуулсан юм.

-Хууль эрх зүйн орчноо сайжруулах, хариуцлагын тогтолцоог чангаруулъя гэхээр нийгэм нь өөрөө “дөжирчихлөө” шүү дээ. Өмнө нь 100 сая төгрөг их санагддаг байсан бол өнөөдөр тэрбум биш бүр их наядаар хэмжигдэх хулгайн тухай ярьдаг боллоо?

-Хүмүүсийн итгэл алдарчихсан байхгүй юу. Ерөөсөө л бүгдийг нь хусдаг юм байна гэдгийг нийгмээрээ мэддэг боллоо. “Ногоон автобус”-ны хэрэг гэхэд арай л хэтэрлээ. Нүүрсний бас адилхан.

-2020 оны сонгуулиар Та намаасаа биш бие дааж өрсөлдсөн. Энэ удаагийн сонгуульд нэр дэвших үү?

-Дэвшинэ. Дэвшихдээ намаасаа нэр дэвшинэ. Уг нь энэ намыг үүсгэн байгуулсан хүмүүсийг нэг нь би. Гэтэл 2020 онд намаас хасчихсан юм. Тиймээс бие даасан.

-Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг болох нь гэх яриа улс төрийн хүрээлэлд яваад эхэллээ. Энэ нь хэр бодитой вэ?

-Надтай ярихгүй байж дарга болгоод байх юм.

-Ярилцсанд баярлалаа.

UZEG.INFO