(“2220”-ийн босгонд ивэх үг)

Цагийн урагшлал буюу угсаатны учир

Христийг мэндлэхээс 234 жилийн өмнө Модун шаньюй төржээ. Одоогийн ойлголтоор бол тухайн үеийн Холбооны улсын төрийн тэргүүний их хатны ууган хөвгүүн болж мэндэлсэн юм. Түүний амьдарсан цаг үед тал нутгийн нүүдэлчин аймгууд нэгдэл, задралын их эргүүлэг дотор байлаа. Урт удаан хугацааны энэ эргүүлэг дотор аймаг улс хэрхэн тогтнох учиртайг хүннүчүүд нэгэнт тогтоогоод, энэ аймагт аль хэдийн угсаатан бий болчихсон байсан цаг. Язгууртнууд үүссэнээр тэднийг хүрээлсэн нүүдэлчин аймгуудын нэгдэл үүсч, улмаар угсаатан бүрэлдэхэд нөлөөлсөн гэж түүхчид үздэг. Гэхдээ энэ үйл явц бол Хүннү гүрэн байгуулагдахаас хамаагүй өмнө эхэлсэн урт удаан хугацааны үйл явц гэдгийг хэлэх хэрэгтэй. П.К.Козлов нар бүр 1924 онд малтсан Ноён уулын оршуулгын газрын 12 булшны зарим нь язгууртных бөгөөд зургадугаар булш нь л гэхэд МЭӨ 13 дугаар зуунд насан өөд болсон Вузульуоруоди хэмээх тэргүүлэгчийнх гэж тогтоосон байдаг. Энэ бол Модунаас даруй 1100 жилийн өмнө гэсэн үг. Тэр үед л булшинд бугын дүрст зээгт наамал бүхий ширмэл ширдэг, алтан чимэглэлүүд, торго, хятад  хийцийн чий будагтай эдлэлүүд хийснээс үзвэл хүннү болон хань үндэстнүүдийн худалдаа, арилжааны уламжлал тийм хугацаагаар урагшилж яригдана гэсэн үг.

Түүхч П.Дэлгэржаргал Хүннүгийн төрийн түүхийг,
1.Аймгийн холбоо, анхны төр улсын үе (МЭӨ 209 он хүртэлх үе)
2.Хүннү гүрний үе (МЭӨ 209 оноос МЭ II зууны дунд хүртэлх үе)
3.Хүннү нар задарч, бусдын нутагт төр улсаа байгуулсан үе (МЭ II зууны II хагасаас МЭ V зуун) гэж үечилжээ.

Түүнийхээр бол хүннүчүүд төр байгуулсан түүх МЭӨ 209 оноос өмнө тохиож байгаа юм. Энэ онд ор суусан Модун ганцаараа шаньюй байсан юм биш, түүний эцэг Түмэн ч бас шаньюй байсан нь хятад сурвалжид тэмдэглэгдэж үлдсэн. Доктор П.Дэлгэржаргал “Сурвалжид тэмдэглэгдсэн анхны шаньюй Түмэн боловч түүнээс нэлээд өмнө Хүннүчүүд “шаньюй” өргөмжлөх болсон төдийгүй “шаньюй”-гийн угсаа залгамжлах ёс нэлээд нарийн тогтсон байжээ” гэж бичжээ. Тэр энэ дүгнэлтийг Түмэн, Модун хоёрын домгоос үндэслэн хийсэн байна.

Түмэн, Модун хоёр буюу бараан домог

Монгол хүн бүхний мэдэх энэ домог Хүннү гүрний тухай бидний мэдэх цорын ганц мэдлэг ч байж мэдэх юм. Манай эриний эхэн үед амьдарч байсан сайхан сэтгэлт хятад бичээч Сыма Цянь бидний дээдсийн түүхийг домоглосон анхны сурвалжийг үйлдэн үлдээсэн байдаг. Умардын нүүдэлчдийн эсрэг Хань династийн явуулж байсан ажиллагаанд саад учруулсан хэргээр шийтгүүлж тайган болсон тэрээр түүх бичлэгийн хүрээг ордны хананаас гадагш гаргасан түүхэн гавъяатай. Тэр гавьяа нь дээдсийнхээ түүхийг хэлүүлж хоцорсон бидний хувьд ч үнэ цэнэтэй. Түүний бичсэнээр “Модун шаньюй эцгээ хөнөөж, хаан орыг хүчлэн авсан” гэсэн ойлголттой болоод, хоёр мянганы цаадтайх тэр цаг үеийг бид энэ ойлголттойгоо л тэнсдэг.

Сыма Цяний өгүүлсэн домогт, “Түмэн шаньюйгийн орыг их хатны ууган хүү Модун залгамжлах ёстой байжээ. Гэтэл Түмэн шаньюй хайртай бага хатнаасаа төрсөн хөвгүүнээр өөрийгөө залгамжлуулах хүсэлтэй байсан учир Модуныг зайлуулахаар шийдэн, Юэчжи нарт барьцаанд явуулаад, түүнийг хорлох зорилгоор Юэчжийг гэнэт довтолжээ. Гэтэл Модун тэдний сайн морийг хулгайлан унаж буцаж ирэхэд Түмэн түүний эрэлхэг зоригтойг таашаан түмтийн дарга болгов. Модун дуут сум хийгээд, морьт цэргүүдээ морин дээрээс нум харвахад сургаж, "Дуут сумыг харвасан зүг рүү цөм харвагтун, харваагүй хүний толгойг авна" гэж тушаажээ. Модун шувуу, араатан агнахаар явахдаа дуут сум харвасан зүг сумаа харваагүй хүний толгойг авч байлаа. Удалгүй Модун сайн морио дуут сумаар харвахад бараа бологчдын зарим нь харваж, зарим нь харвасангүй. Тэр харваагүй хүний толгойг авав. Модун жаахан азнаж байгаад хайрт гэргийгээ харвахад бараа бологчдын зарим нь маш айн, харваж зүрхлээгүй. Модун бас л тэдний толгойг авсан. Дахиад бас анд явж байхдаа шаньюйн сайн морь руу дуут сумаа тавихад бараа бологчид нь цөм харважээ. Ингээд Модун бараа бологчдоо ашиглаж болохыг мэдсэн. Хожим нь Модун эцгээ даган ан хийж явахдаа дуут сумаа Түмэн рүү харвахад бараа бологчид нь цөм Түмэн шаньюйг харвасан юм. Чингээд Модун хойд эх, дүү, өөрт нь захирагдах гээгүй түшмэдийг цөмийг алаад өөрөө шаньюй болов” гэжээ.

Хятад түүхч түүх бичлэгт шинэ өнгө аяс оруулж ирсэн нь домгийн сурвалж байсан юм. Домогт үнэн худлын зааг харилцан адилгүй ч хоёр шаньюйгийн адал явдалд түүхийн материал бишгүй бий.

Арай ч дээ буюу албан бус тайлбар

Юэчжи бол тухайн үеийн хамгийн хүчирхэгжсэн аймгийн холбоодын нэг байсан бөгөөд иран хэлт, түрэг үндэстэн байжээ. Хүннү хаан хөвгүүнээ тэдэнд барьцаалсан нь чухамдаа энхийн хэлэлцээ байсан гэж ойлгогддог. Хаан хөвгүүн байгаа цагт Хүннү тэдний улсыг үл довтлох аж. Энэ мэт дипломат харилцаа тэр цагийн төрт улсуудын хооронд бишгүй хийгдэж байсныг Сыма Цянь олонтаа тэмдэглэсэн бий. Түүнчлэн Хүннү улсад хаан ор залгамжлах тусгай жаяг дүрэм байсныг домгоос мэдэж болно. Ууган хөвгүүн ор залгах эрэмбэтэй агаад шаньюй амьд сэрүүн цагт их, бага хөвгүүд баруун, зүүн түмнийг захиран суух ван хэргэмтнүүд байдаг байж. Түмэн хүүгээ эргэж ирэхэд “түүний эрэлхэг зоригтойг таашаан түмтийн дарга болгов” гэсэн нь мөнхүү язгууртны ёсыг өгүүлсэн хэрэг гэж түүхчид дүгнэжээ.

Эш баримтыг судлан үзвэл Түмэнд ч, Модунд ч тус тусын үйлийг хийхийн учир шалтгаан байгаа юу гэмээр. Монголч эрдэмтэн Л.Н.Гумилевийн 1964 онд хэвлүүлсэн “Хүннү” номд буй Төв Азийн МЭӨ 700 оны үеийн газрын зургаас үзвэл Хүннү нар говийн өмнөд хэсгээр амьдарч байжээ.
Хүннү аймаг Зонхилогч овгийн удирдлагад оршин тогтнож байсан өвөг монгол үндэстнүүд МЭӨ 700 оны орчим говь цөлийн урд талд амьдарч байжээ. Лев Николаевич Гумилев. “Хүннү” 1964. Москва

 Түүхийн сурвалжид өгүүлснээр, умардын нүүдэлчдийн довтолгооноос хамгаалахын тулд хятадууд МЭӨ 4 зууны үеэс хэрэм бэхлэлт барьж эхэлсэн юм. Хань династийн анхны эзэн хаан МЭӨ 221 оны орчимд тэдгээр хэрмүүдийг нийлүүлэхийг тушаасан байна. Түмэн газрын Цагаан хэрэм энэ шийдвэрээр бий болсон хэдий ч нүүдэлчдийн довтолгооноос бүрэн хамгаалж чадахгүй байв. Арга буюу эзэн хаан шадар жанжин Мэнг Тяныг цэрэглэн илгээжээ. Түмэн шаньюй тэнцвэргүй хүчээр Мэнг Тянтай байлдаж, МЭӨ 214 онд маш хүнд ялагдал хүлээсэн байдаг. Өмнөд нутгаа алдсан шаньюй арагш ухарч, говийн хойд талд гарсан байна. Энэ нь өнөөгийн төв халхын нутаг.

Асар их хохирол амссан Түмэнд сэхээ авч, өндийн босох хугацаа хэрэгтэй байлаа. Үүний учир тэр бусад аймгуудын элдэв өдөөн хатгалгыг тэвчин, огтхон ч дайн байлдаан хийгээгүй бололтой. Харин омголон, зоримог, залуу ханхүү Модун доромжлолыг үл тэвчин, дайтахыг эрмэлзэж байв. Байр суурины энэ зөрчилдөөн хоёр шаньюйг эвдрэлцэхэд хүргэсэн байж болохыг үгүйсгэмгүй.

Модун шаньюй манайх буюу угсаа гарвалаа хэлэлцэх үү?

Түмэн шаньюй сюйляньти хэмээх дээд овгийн эрхэм байв. Модунаас өмнө шаньюйн ясанд хуянь, сюйбу, цюлинь лан зэрэг овгууд оролцдог байсан бол түүнээс хойш зөвхөн сюйляньти овгийнхон хаанчлах болжээ. Чухам энэ угсаат язгууртнууд өвөг монгол үндэстний үр сад бөгөөд сүүлийн үеийн генетикийн судалгаагаар Хүннүгийн удамшлын цөмыг хадгалж буй хүмүүс бол төв Халхын монголчууд гэдгийг тогтоосон байна. Доктор Б.Түмэн энэ талаар, “Хүннү нарын антропологи хэв шинжид орон нутгийн ялгаа ажиглагдаагүй бөгөөд нийт олдворууд Умард Азийн монгол төрхтний антропологи хэв шинжтэй байгаа юм. Харьцуулсан судалгааны үр дүнд тулгуурлан орчин үеийн монголчуудын антропологи хэв шинж хүннүгийн үед бүрэлдсэн болон хүннү нар монголчуудын гарал үүслийн цөм болохыг тогтоосон” гэжээ. Хэрлэн мөрний сав газар дахь Ноён уулын болон Хануйн голын савын Гол модны оршуулгын газрын дагуул булшнуудаас голдуу залуу хүмүүсийн шарил гарсан гэлцдэг. Дунд хэмжээний нэгэн булшнаас 50 орчим насны эрэгтэй хүний хүний яс олдсон ба тэдгээр нь нэлээн бадриун бөгөөд 1.7 метр орчим өндөртэй, монгол төрхтэй хүмүүс байсныг Монгол-Францын хамтарсан экспедицийнхэн тэмдэглэн үлдээсэн байна. Ер Хүннү нарын тухай судалгаанд хоёр үндсэн эх сурвалж хэрэглэгддэгийн нэг нь хятад хэлний сурвалжууд, нөгөө нь булшнууд. Булшнууд тэр үеийн нийгмийн гишүүдийн эрэмбэ дарааг маш тодорхой илэрхийлж өгдгөөрөө ач холбогдолтой.

Дээрхийг дурдахын учир нь сүүлийн үед түрэг угсаатнууд Хүннү гүрнийг булаалдах нь илэрхий нэмэгдсэнийг сануулах гэснийх. Казахстан, Киргистан улсууд Хүннүгийн 2220 жилийн ойг аль хэдийнээс өргөн тэмдэглэж эхэлснийг ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Эртний түүх, сурвалж судлалын салбарын эрхлэгч, доктор С.Өлзийбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна лээ. Зохиолч, сэтгүүлч Б.Галаарид Туркууд энэ онд зэвсэгт хүчнийхээ 2220 жилийн ойг хийх юм гэнэ гэж хуучилсан. Эртний Хятадын сурвалжид сюйляньти овгийг Хятадын анхны улс болох Сяхоу буюу Домгийн улсын Чуньвей хэмээгчийн удам гэж тэмдэглэсэн нь ч байдаг. Бидний өвгөдийг Хятадаас гаралтай гэж мэлзэж байсан нь тэр.

Түүхч эрдэмтэн Б.Сүхбаатар Хүннү нар өвөг монгол хэлтэй, монгол угсааны аймгууд байсныг үндсэндээ бүрэн нотолсон гэж мэргэжилтнүүд үнэлдэг юм билээ. Хүннүгийн холбоонд олон аймгууд байсан хэдий ч зонхилогчид нь монгол угсаатнууд байсан юм. Рашпунцаг 1775 оны үед дуусгасан “Болор эрхи” бүтээлдээ “хүннүчүүд Монголчуудын өвөг дээдэс мөн” гэсэн бол Ерөнхний сайд асан А.Амар 1934 онд хэвлүүлсэн “Монголчуудын түүх” номондоо “хүннүчүүд монгол гаралтай гэдэгтэй маргах нь утгагүй” гэжээ. Хэдийгээр судалгаа шинжилгээ Хүннүчүүдийн угсаа гарвалыг бидэнд улам бүр ойртуулж байгаа ч соёл, бичиг үсэг, түүх, иргэншил, холбоо харилцаа, ураг барилдлагын зэрэг олон сэжмээр өөр өөр үндэстэн ястнуудтай гүн гүнзгий холбогдсоор байгааг нь хэрэгсэхгүй орхиж бас болохгүй.

Модуны шинэтгэл буюу эртний төрийн тогтолцоо

Модун МЭӨ 209 онд шаньюй залгамжлан 174 он хүртэл ор суухдаа Хүннүгийн төрийг хөгжлийнх нь оргилд хүргэсэн юм. Энэ тухай Сыма Цянь, “Модунаас эхлэн Хүннү хамгийн хүчирхэг том болж, умар зүгийн харь угсаатныг цөмийг захирч, өмнө зүг Хятадтай мөр зэрэгцэх улс болсон” хэмээн бичжээ. Нүүдэлчин нийгмийнхээ харилцааг улам нарийвчлан гүнзгийрүүлэхдээ тэр тал нутгийн дэг журмыг бий болгосон юм. Хууль дүрмийг чанд сахиулж, худалдаа арилжааг өргөжүүлэн, төр ба бөө мөргөлийн зан үйлийг ёс горимд оруулж, бүх хүннүчүүдийг эр, эмгүй цэргийн хэрэгт татсан байна. Улсаа гурван хэсэгт хувааж, төвийн хэсгийг өөрөө захиран, цэргийн зохион байгуулалтаа аравтын системд оруулжээ. Хөрш зэргэлдээ аймгийн холбоодтой албан дипломат харилцааг үүсгэн, эв эе хийгээд эвдрэлээ хэлэлцэж эхлэв. МНӨ 135 онд Хятадын аялагч Жан Цяны хийсэн зураглалыг Л.Н.Гумилев өмнө өгүүлсэн номонд мөн хавсаргасан юм. Энэ зургаас Хүннүгийн газар нутаг асар том болсон нь харагдаж байна.






Хүннү гүрэн Хөрш зэргэлдээ аймаг, улсуудыг эрхшээсэн хүннү нар өдгөө сонгодог болтлоо хэлбэржсэн нүүдэлчдийн төрт ёсны уламжлалыг Ази дахиаа үүтгэн эхлүүлсэн юм. Энэ хүчирхэг гүрний хил хязгаар МЭӨ 135 оны үед ийм болсон байв. Лев Николаевич Гумилев. “Хүннү” 1964. Москва

Тэрээр Хань улсад илгээсэн захидалдаа, “Баруун сянь ванг шийтгэж баруун зүг
 Юэчжи нарын эсрэг илгээв. Тэнгэрийн ивээлээр цэрэг, дарга нарын лагшин тунгалаг, агт морь тарган тул надад Юэчжи нарыг устган буулгаж авах завшаан олдов. Би Лоуфань, Үсүнь, Хүзе болон тэдний 26 эзэмшлийг номхотгоод, бүгд Хүннүд дагаар оров. Ийнхүү нум татагч бүх ард түмэн нэгэн гэр бүл болов” гэж омгорхсон нь Ханийг өөрийг нь ч эмээлгэн чичрүүлэх зорилготой байсан байж мэдэх. Байнга шахуу уулгалах Хүннү нарын довтолгооноос болж туйлдсан Хань Улс МЭӨ 198 онд тэднийг өөртэйгөө эн чацуу улс мөн гэж хүлээн зөвшөөрөв. Лю бан хуандий зарлигтаа, “Цагаан хэрэмнээс хойших нум агсагчдын улс нь шаньюйн зарлиг дагаж, Цагаан хэрэмнээс урагших түшмэдийн бүс, малгай өмсөгчид суудаг орон нь харин над захирагдана... Хань улс, Хүннү улс хоёр бол мөр зэрэгцэх, хүчирхэг хөрш улсууд юм” хэмээж, элч заран, хааны угсааны гүнжийг шаньюйд хатан болгон өгч, жил бүр тухайлсан хэмжээний торго, торгон бараа, дарс, тутарга, хүнсний зүйл бэлэглэх болсноо илтгэж байв. Үүнээс Хүннү, Хань улсуудын хил Цагаан хэрмээр тогтсоныг мэдэж болох юм. Энэ мэтээр хүннүчүүд Дорнод Ху буюу Дунху нар болон Юэчжи нартай хилийн заагийг нарийвчлан тогтоогоод, хил хамгаалах отгийг суулгаж байснаар барахгүй газар нутгийн дэвсгэр зураг хүртэл үйлдсэн байсныг нь Ханийн хуандий хулгайлуулж аваачсан тухай сонирхол татам баримт ч бий. Газар нутаг бол Хүннү улсын үндэс байсан гэдгийг бид бишгүйдээ л сонссон. Энэ учир шалтгаанаар Дунхуг доройтуулсан домог Алунгоогийн эв нэгдлийн сургаалиас ч илүү сургамжтай санагддаг.

Чухамхүү түүхийн энэ л зурвас үеэ бид хүн төрөлхтний эртний төрүүдийн нэг гэж нэрлээд, энэ онд 2220 хүрсэн гэх нас тогтоогоод байгаа. Энэ бол асар урт, манай эринээс ч урт хугацаа. Өдөр бүрийн, хором мөч тутмын түүх өрнөсөн он жилүүд. Гэвч өнөөдөр “Төв Азийн хээр талын түүхийн хамгийн бүрхэг хуудас” хэмээн Хүннү гүрнийг товчхон тодорхойлсоор байгаа. Бөмбөрцгийн энгэр цээжийг бүхэлд нь эрхшээн 300 гаруй жил оршин тогтносон, өнөө хэр үр удам, гал голомт нь хэвээр байгаа үндэстний түүх, соёл аль эрт мөхөж устсан ацтек, маяачуудынхаас ч бага судлагдсан байгааг юу ч гэмээр юм бэ дээ.