Та хэзээ нэгэн цагт ийм асуулттай тулгарч байсан уу? Хүүхэд чинь хичээлээсээ урамгүйхэн ирж, багш нь таны хүүхдийг “толгой муутай юм аа, хэтэрхий удаан ойлгож байна”, эсвэл “хүүхэд чинь даалгавраа хийхгүй байна, ангийнхнаасаа хоцорч байна шүү” хэмээн төвөгшөөж байсан уу? Тэр үед танд ямар бодол төрдөг байсан бэ?

Ихэнх эцэг эхчүүдийн хувьд ажлаасаа оройтож ирээд /Монголын нөхцөлд айл гэр нэг хүний орлогоор амьдрах боломжгүй учраас эхнэр, нөхөр хоёр хоёулаа зэрэг ажиллах шаардлага гардаг. Дээр нь өглөө, оройн замын түгжрэлийг тооцвол та эртдээ л оройн 20.00 цагаас нааш гэрийн бараа харахгүй л болов уу/ хүүхдийнхээ хичээлийг шалгана, өдөр сургууль дээр нь юу болсон тухай асууж, шалгаана гэдэг өдрийн од шиг ховор болсон зүйл. Ихэнх тохиолдолд сургууль,багш нарт нь найдаад орхидог. Түүнээсээ болоод тийм засварын мөнгө, ийм дугуйлангийн төлбөр, багш тийм юм авчраарай гэсэн гэхэд нь бушуухан шиг өгөхийн түүс болдог ч дараа нь үр дүнг нь төдийлөн хайхардаг ч үгүй байх.

Ингээд нэг л мэдэхэд танай хүүхэд хичээлдээ идэвхигүй, сурах хүсэлгүй нэгэн болж, компьютер тоглоом, адал явдалт кино хоёроор өвчилсөн байх вий. Тэр үед та хүүхдээ яаж ч загнаж занчаад нэмэргүй, өөрөө тусалъя гэхнээ ч чадахгүй. Аргаа барахдаа өдөр өнжүүлэхэд явуулж, багш хөлслөн хичээл заалгалаа ч гэсэн үр дүн нь хүүхэд бүрт харилцан адилгүй тусдаг. Яагаад гэвэл хүүхдийн ой тогтоолт, логик дүгнэлт хийх чадвар харилцан адилгүй шүү дээ.

Тэгвэл хүүхдийг сурах сонирхолгүй, сургуульдаа дургүй болгож байгаа шалтгаан нь юу вэ? Энэ тухай Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн /БМДИ/ багш нар ингэж ярьж байна.

-Төрөлхөөсөө авьяасгүй хүүхэд гэж байдаггүй. Хүүхэд болгон өөр өөрийн авьяас чадвартай төрдөг. Нэг хэсэг нь дуулж бүжиглэх авьяастай байхад нэг хэсэг нь уран яруу унших, цээжлэх авьяастай байдаг. Нэг хэсэг нь зурах, сийлэх авьяастай байхад өөр нэг хэсэг нь бусдыгаа уриалан дагуулах удирдагчийн авьяастай төрдөг гэх мэтчилэн. Гагцхүү тэр авьяасыг нь нээн илрүүлэх нь багш хүний үүрэг, бас багшийн авьяас чадвар юм гэж.

Гэвч өнөөдөр манай сургалтын систем ямар байгаа билээ. Хүүхдийг сургуульд орохоос нь эхлээд хэрэгтэй хэрэггүй, сонирхолтой сонирхолгүй баахан юм цээжлүүлдэг. Тэгээд цээжилсэн зүйлийг нь буцааж шалгах замаар үнэлгээ өгдөг. Бүх хүүхдэд тавьж байгаа шаардлага, үнэлж байгаа шалгуур нь яг адилхан. Гэтэл хүүхэд гэдэг нэг хэвэнд цутгасан машин биш шүү дээ. Аливаа зүйлд суралцах хурд, ой тогтоолт, хүсэл сонирхол бүгд өөр өөр. Энэ нь тэд нэг нь нэгнээсээ сайн, муу гэсэн үг биш шүү дээ, зүгээр л бие биеэсээ өөр. Үүнд нь тохирсон сургалтын арга зүй манайд байхгүйгээс болоод хүүхдүүд дургүй зүйлээ, эсвэл сонирхолгүй хичээлээ хийх гэж нуруугаа хавтайтал суун эцэстээ хичээл сургуульдаа ч дургүй болдог. Харин багш нар тэр хүүхдүүдийг өөрт бий болсон “энэ бол сурлага муутай хүүхэд” гэдэг субьектив хандлагаар зөнд нь орхиод хичээлдээ гайгүй цөөн тооны хүүхдүүдтэй хичээллэж эхэлдэг.

Үнэндээ бол авьаясгүй хүүхэд гэж хэзээ ч байдаггүй. Харин авьяасаа нээж чадаагүй хүүхэд л гэж байдаг. Тиймээс хүүхдүүдийн авьяасыг нээх, хөгжүүлэх үүрэг нь багшид ирж байгаа юм. Харин үүний тулд багш хүн өөрөө багшлах авьяастай, хүүхэдтэй ажиллах хүсэл эрмэлзэлтэй, мэргэжилдээ дур сонирхолтой байх ёстой.

Нэг онигоо байдаг даа. Сургууль төгссөн залуухан багш хичээл орж байгаад ширээгээ дэрлэн унтаж байгаа оюутныг хараад хажуугийнх нь оюутанд “Наад нөхрөө сэрээгээч” гэхэд “Уучлаарай багш аа, унтуулснаараа та сэрээчих үү” гэдэг.
Багшийн мэргэжлийн ур чадвар чухам үүнд л байдаг. Зургаан настай хүүхдэд “Адуу бол туурайтан амьтан. Адууны үр төлийг унага гэдэг” гэхээс илүү “Унаж байгаа морио явуулахын тулд “чуу” гэж хэлэх хэрэгтэй” гэвэл хүүхэд хамаагүй хурдан тогтооно. Хүүхэд өөрт ойлгомжтой, өөрт нь хамаатай, амьдрал дээр туршиж болохуйц мэдлэгийг илүү хурдан тогтоодог. Өөрөөр хэлбэл, “сурах” гэдэг нь хоосон цээжлэх биш, шинэ юмыг ойлгож хүлээж аван аливаа зүйлийг илүү сайн аргаар хийнэ гэсэн үг. Үүний тулд багшийн хүүхдэд зааж буй мэдлэгээ заавал ч үгүй амьдрал дээр туршиж, бодитоор үзүүлж, баталж нотолж байх ёстой. Товчхондоо ярих биш, үзүүлэх ёстой гэсэн үг. Яг л физикийн хичээл дээр хийдэг туршилт шиг. Энэ бол манай боловсролын систем, багш нарыг заах аргад нэвтрүүлэх ёстой шинэ стандарт. Гэхдээ мэдээж энэ цоо шинэ зүйл биш. Өмнө нь ч тийм туршлага байсан, харин багш бүхэн үүнийг хийж чаддаггүй л байсан болохоос биш.

Одоогоос найман сарын өмнө Боловсрол, шинжлэх ухааны сайд Лу.Гантөмөр сургалтын энэ шинэ арга зүйн тухай “Боловсролын системд өнөөг хүртэл хэрэглэгдэж байсан мэдээлэл дамжуулдаг системийг эвдэж, мэдээллийг мэдлэг болгож авдаг, ухаалаг шийдвэр гаргаж чаддаг хүн болж төлөвших энэ процесс өөрөө цоо шинэ арга зүйг шаардаж байна. Хамгийн эхний оролцогч нь багш нар маань байна. Багш заана гэж дайрахаасаа илүү тухайн хүүхдийг сурахад нь тусалдаг туслагч, сайн нөхөр, сайн хамтрагч болох ёстой. Хуучин цагт багш самбар дээр бичээд, хүүхдүүд түүнийг нь хуулж аваад гардаг байсан. Одооноос самбар дээр бичдэг цагаа аль болох багасгаж, хүүхдүүдийнхээ оролцоог нэмэгдүүлнэ. Хүүхдүүд тухайн хичээл дээр үзэж байгаа сэдэв, мэдэж байгаа даалгавраа олон талаас нь дүгнэдэг, мэтгэлцдэг, хүүхдүүдийн оролцоог бий болгосон сургалтын орчинг бүрдүүлэх юм” хэмээн ярьж байсан.



Одоо энэ ажил ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хүрээнд хийгдээд эхэлчихсэн байна. БШУЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /БМДИ/ энэ оны эхнээс бүх аймаг, нийслэлийн бүх багш нарт сургалтын энэ шинэ арга зүйгаар давтан сургалт явуулж байгаа. Хамгийн сүүлийн сургалтын энэ сард Хөвсгөл аймагт явуулсан. Сургагч багш нарыг нь өнгөрөгч намраас эхлэн Багш хөгжлийн төв дээр бэлтгэж, уг төвийн хажууд “багшийн багш” гээд 105 багш бэлтгэн зөвлөх баг ажиллуулж байна. Өөрөөр хэлбэл, энэ намраас эхлэн улсын хэмжээнд бүх багш нараа арга зүй, технологийн шинэ системд шилжүүлнэ гэсэн үг.
 Нэг танил маань ярьж байсан юм. Хүүхдээ гайгүй сургуульд оруулъя гээд хүмүүсээс сураглаж байж улсын тэргүүний, алдар гавьяатай нэг багшийн ангид хөөцөлдөж байж орууллаа. Гэтэл хүүхдийн маань сурлага сайжирсангүй. Харин анги даасан багшид төлдөг татаас л нэмэгдлээ. Долоо хоног болгон эцэг эхчүүдээс мөнгө татаж, баахан үзүүлэн таниулах материал, самбар бэлтгэдэг юм байна. Гэтэл түүнийгээ ангийнхаа хүүхдүүдэд хичээл заахад биш, дарга захирлууддаа тайлагнаж, ажлаа үнэлүүлдэг. Яам, тамгын газрынхан тэр үзүүлэнгээр нь уг багшийн ажлыг дүгнэж, гавьяа шагнал өгдөг юм билээ гэж.

Үнэхээр аль ч сургуулиар орсон үүднийх нь самбар дээр “Хотын тэргүүний багш “тэр”, Сургуулийн шилдэг сурагч “тэр” гэсэн улаан пайзтай зургууд ярайж байдаг. Тухайн сургуулийн нэр хүнд, сайн мууг ч үүгээр хэмждэг байв. Гэвч энэ нь багш, сурагчдын дунд ялгаварлалыг бий болгож, боловсролын чанарт сөргөөр нөлөөлдөг гэдгийг БМДИ-ийнхэн хэлж байна. Хүүхдийг багаас нь “чи бол сайн сурагч”, “чи муу” хэмээн ялгаа зааг тогтоох нь тэдний өөртөө итгэх итгэлийг үгүй хийж, сурах идэвхийг алга болгодог аж. Тэр нь сургууль төгссөн хойно амьдрал дээр ч гэсэн үл мөрөө үлдээдэг. Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн багаангийн сурагчдын дунд олимпиад явуулахыг хориглосон нь ч үүнтэй холбоотой. Тиймээс багшид хүүхэд нэг бүр адилхан, харин тэдний авьяас, сонирхлыг нээн хөгжүүлэх нь багшийн үүрэг, ажлын ур чадвараас шалтгаална. Үүнийг хүүхэд төвтэй буюу “хүүхэд нэг бүрт хандсан сургалт” гээд байгаа юм.

Харин багшийн ажлын үр дүнг боловсруулсан конспект, үзүүлэнгээр биш, тухайн ангийн сурагчдын сурлагын чанар, хүүхдийн хөгжлөөр үнэлж цэгнэх учиртай. Одоогийнх шиг дүүргийн, хотын, улсын тэргүүний багш гэдэг үнэнэлт, түүний төлөөх өрсөлдөөн байхгүй болно оо гэсэн үг. Энэ нь сургуулиудын дундах ялгаварлалыг байхгүй болгох юм. Хэний хүүхдэд сайн багш, хэний хүүхэд хүүхдэд муу багш хичээл орох ёстой гэх вэ. Багш бүхэн чадвартай сайн, сургууль нэг бүр чанартай байх ёстой шүү дээ. Энэ бол боловсролын салбарт тавигдаж байгаа шинэ шаардлага. БШУЯ-ны харьяа  БМДИ-ээс ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд жилийн турш явуулсан сургалт ч үүнд чиглэсэн. Сургалтын гол зорилго ердөө багш өөрөө хүүхдэд сурахад нь тулгарч байгаа бэрхшээлийг өөрийн биеэр туулж, түүний үндсэн дээр багшлах арга зүйгээ сурагчдад илүү хялбар дөтөөр өөрчлөхөд байсан гэж болно. Багш нарын сургалтын гарын авлага нь “Яаж сурч сурах тухай” нэртэй, зурагтай ном. Энэ ном дээр багш нар өөрсдийнх нь сурагчдад өгч байгаа мэдээлэл мэдлэг болж чадаж байна уу, эсвэл дарамт болж байна уу гэдгээр өөрсөд дээрээ туршилт хийсэн юм. Маш олон багш “Би ийм зүйлийг огт анзаарахгүйгээр яаж багшийн ажлыг ийм олон жил хийсэн юм бэ” гэсэн харамсалд хүрсэн. Өөр дээрээ туршилт хийнэ, түүнийхээ үр дүнг үнэнээр нь мэдэрнэ гэдэг хатуухан шүү дээ.