1.    Долоон голтой МАХН

Улс төрийн хамгийн харгис дэглэм фашизм, коммунизмыг булшилсан явдал XXI зууны хүн төрөлхтний гайхамшигт ололт байв. Энэ хоёр дэглэмээс соёлт улс, үндэстэн татгалзаж, зарим улс оронд  ийм дэглэмийг түүний үүр уурхай болсон улс төрийн байгууллагыг, нэр ус, бэлгэ тэмдэг, туг далбаа, сүлд дуулалтай нь үүрд дахин хэрэглэхгүй байх хууль хүртэл гаргажээ. Коммунист дэглэмийг Ленин, Сталин нар Орос оронд анх их аллагаар хэрэгжүүлж, зэргэлдээх ядуу Монголд  бас л хядлагаар эхлүүлж тулган хүлээлгэж  туршсан байдаг. 1990 оны ардчилсан хувьсгалаар л бидний нүд нээгдэж, МАХН гэдэг чинь алан хядагч, өмч хураагч харгис дэглэм байсан байна гэдгийг хагас хугас ойлгож, МАХН-аас салахын түүс болж байв. Үнэндээ МАХН-ынхан дотооддоо бол Миний МАХН, манай МАХН гэдэг болохоос биш гадаадад явахдаа энэ нэрнээсээ ичээд салах  шалтаг хайсаар байв. Тэгээд л МАХН-ыг булшлах аянд гарсан. Ардчилсан хувьсгал хийгчид МАХН-ыг устгаж өмч хөрөнгийг нь хурааж булшлах байсан боловч гүйцээлгүй үлдээчихсэн. Анхны оролдлого нь энэ байв. Дараа нь МАХН-ын удирдлагууд нь өөрсдөө МАХН-ыг устгах оролдлого ил далд удаа дараа хийж байсан. Ялангуяа  Н.Энхбаяр МАХН-ын дарга Ерөнхий сайд байхдаа нам нэрээ өөрчлөөд бүртгүүлсэн тохиолдолд“МАХН гэдэг нэрийг дахин 24 жил хэрэглэж болохгүй” гэж хуулийн төсөл хийчихгээд тэр үеийн Ерөнхийлөгч байсан Н.Багабандид баригдчихваа. УИХ-ын чуулганы нээлт дээр Н.Багабанди “Миний намын нэрийг хэрэглэж болохгүйгээр 24 жил шоронд хийх гэлээ, ийм  чөтгөр шуламын санаа хаанаасаа гардаг байнаа гэж ирээд л зад авав. МАХН-ын голыг Н.Энхбаяр тэр үед самарч, амьтай төдий үлдээсэн. Харин өнгөрсөн жил МАХН-ынхан өөрсдөө их хурлаа хийж  голыг нь бүүр таслах шиг болсон. Ингээд МАХН гэдэг улс төрийн хар хүчин Монголын  нийгмийн хөрснөөс үүрд зайллаа гэж бодсонсон. Зөвлөлтийн хараат байдлаас, коммунист дэглэмээс монголчууд ангижирлаа гэж санасан юм. Гэтэл МАХН-ын дарга байхдаа МАХН-ынхаа голыг таслах гээд явж байсан нөгөө нөхөр чинь МАХН-ынхаа нэрэнд хайртай хүн болоод заргалдаадахсан чинь заргаа авчихваа. Үхүүлээд л байхад эргээд босоод ирдэг, гол нь тасардаггүй амьтныг  долоон голтой амьтан гэж ярьдаг биз дээ. МАХН үнэхээр долоон голтой юм аа. Уг нь МАХН булшлагдсан юмсан. Дээд шүүх булш ухаж гаргаж ирлээ. Дээд шүүх гэмт хэрэг хийлээ дээ. Нөгөө МАХН амилаад ирвэл яанаа. Булшнаас гарч ирсэн энэ амьтан урьд цагийн МАХН биш өш хонзон өвөрлөсөн чөтгөр болон босч ирнэ.  Манай хамгийн дээд талын шүүхийн шийдвэр,  үнэхээр эвгүй шийдвэр. Зүйрлэвээс Герман улсын Дээд шүүх хэзээ ч Гитлерийн үндэсний социалист намыг сэргээн эрх зүйн хувьд зөвшөөрч, улс төрийн үйл ажиллагаа явуулах шийд гаргахгүй. Фашизмын яргалалд сүйрсэн ард түмэн нь зөвшөөрөхгүй. МАХН гэдэг амьд байгаасай, зуугаас дээш наслаасай гэж хүсэх улс төрийн байгууллага биш гэдгийг Монголын ард түмний цус, нулимс гэрчилнэ. Гэвч МАХН долоон голтой гэдгээ харуулсаар байна.   

2.    МАХН БИШ МАХНУУД

Үндсэн хуулийн Цэцээс дээгүүр, Дээд шүүхийн босгож ирсэн улс төрийн энэ байгууллага нэг харахад, даргыг нь харвал МАХН мөн ч юм шиг, гишүүдийг нь харахаар МАХН биш ч юм шиг. Би МАХН, Би МАХН-д хайртай гэж энд тэндээс цуглаж ирсэн баахан хар шувуу орлилдох шиг.  Жинхэнэ МАХН бол намуудын бүртгэлийн нэгд байх ёстой. Гэтэл МАХН биш МАХН-ыг дээд шүүх, шинэ нам гэж  бүртгэсэн байх юм. Бас МАН-ынхан энэ бол МАХН биш гэж их л цэрвэж, цочино. Улсын бүртгэлийн ерөнхий газраас Н.Энхбаярын МАХН, Монголын Алдарт хувьсгалчдын нам гэсэн  /МАХН/ гэсэн нэрийг нэр авсан гэж дуулдсан. Бас жинхэнэ МАХН-ын бүртгэл гэрчилгээ Д.Идэвхтэнгийн нэр дээр бий гэж  мэдээлэв. Энэ чинь юу болоод байна. МАХН биш МАХН-ууд МАХН нэрийг авах гэж  яг ноход яс булаалдах шиг архиралдана.  Хэрвээ ирэх сонгуульд МАХН гэж товчлон бичүүлээд 20 гаруй нам орж холион бантан хийж мэдэхээр боллоо. МАХН1, МАХН2, МАХН13 гэж дугаар өгдөг юм уу, яадаг юм билээ. Эсвэл жинхэнэ МАХН, хулхи МАХН гэдэг юмуу. Юу ч гэсэн сонгогчдын толгойг эргүүлэхгүйгээр болгоосой билээ. Тэд ард түмнийг МАХН гэдэг дөрвөн үсэг нүдэн дээр харагдвал л саналаа өгнө гэж басан доромжилж байна. Нэг муу аж ахуйн нэгжийн нэрийг л давхардуулахгүй гэж бүртгэлийнхэн яаж аашилж аягладаг билээ. Ард иргэдийг заримыг нь айлгаж, заримыг нь баярлуулж байдаг улс төрийн хамгийн харгис дэглэм МАХН нэрийг журамлаж болмоор юм. Н.Энхбаяр ганцаараа улс төрийн хүчин юм гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга.  2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хорсол заналтайгаар өрсөлдөж төрийн тэргүүний суудалд дахин морилох санааг тэр өвөрлөж л яваа. Тэр чадна. Яагаад гэвэл санасан бүхэндээ хүрч, сарвайсан бүхнээ авдгийг харууллаа. МАХН биш МАХН-ууд яах вэ. Харин жинхэнэ МАХН-ыг хэзээ ч өндийлгөж болохгүй.