Улс орны түүхээс эхлээд дууг хүртэл гуйвуулдаг хэцүү цаг байждээ. Бидний мэдхээр “Улаан тугийг мандуулаад, улсын сүрийг бадруулаад гэдэг хувьсгалт дуу байдагдаа. Гэтэл тэр дуу 1910-аад оны үед зохиогдсон ба “Ногоон тугийг мандуулаад Ноёдын сүрийг бадруулаад, Шар тугийг мандуулаад Шашны сүрийг бадруулаад гэсэн үгтэй байсан ба  ноёдын намын сүр сүлд, шашны намын цэргүүдийн хийморь уриа дуудлага болж байсан юм билээ. 

Ардын хувьсгалын яруу алдарт их ой гэж сүр бадруулан тэмдэглэж нааддаг  долдугаар сарын 11-д юу болсон юм бэ. Түүхийг үнэнээр нь бичих шаардлага иржээ. 1921 оны долдугаар сарын 11-нд  Манзушир хутагт Цэрэндоржийн тэргүүлсэн шашны Засгийн газар унаж, Д.Бодоогоор ахлуулсан МАН-ын анхны хууль ёсны Засгийн газар хэлэлцээгээр байгуулагдсан байна. Хууль ёсны Засгийн газар гэхийн учир нь 1921 оны гуравдугаар сарын 1-нд Оросын МНРП /Монгольская Народная Револю­цион­ная Партия/ нам Хиагт хотноо хууль бус тоглоомын Засгийн газар байгуулан Д.Чагдаржаваар толгойлуулсныг түүхчид сайн бичсэн. Харин манай түүх гуйвуулан зохиогчид Д.Бодоогийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг мэддэг ч, олон нийтэд үнэнээр нь мэдээлдэггүй. 1911 оны үндэсний хувьсгалын гол хөдөлгөгч хүч нь Монголын Чингэс хааны алтан ургийнхан буюу жинхэнэ угсаа залгамжилсан ноёдууд /Ноёдын бүлэглэл буюу ноёдын нам ногоон тугтай/, Бас нөгөө гол хүч нь шарын шашны эрдэм номтой эх оронч лам нар байжээ /Шашны бүлэглэл буюу шашны нам шар тугтай/. Энэ хоёр гол бүлэглэл нэгдэн Монгол улсад үндэсний хувьсгал ялж 1911 онд Богд Жавзандамба хэмээх төвд лам бүх Монголын хаан ширээнд суусан гэдэгтэй түүхчид нэг байр сууринд хүрч чадаж байна. 1921 оны долдугаар сарын 5-11-ний өдрүүдэд Ерөнхий сайд Д.Бодоо, эзэн хаан Богд Жавзандамбатай гурван удаа, Ерөнхий сайд Манзушир хутагт Цэрэндоржтой нэг удаа уулзан шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг ярьж тохирсон байдаг. Д.Бодоо хэдийгээр Ардын намын тамгыг сийлж өвөртлөсөн ч гэсэн Богдтой багш шавийн барилдлагатай, шашны төлөөлөгч байсан төдийгүй 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцон “Монголын сонин бичиг”-ийг Харбинд гаргаж байсан туршлагатай улс төрч. Ардын намыг анх байгуулж байсан тэр үеийн улс төрчдөөс Д.Чагдаржав Богдын анхны Засгийн газрын үед дотоод яаманд ажиллаж Европоор хүртэл явж байсан мөн л “догь толгой”. /Б.Шумяцкий Коминтерний удирдлагад Монголын хувьсгалчдыг нэг бүрчлэн танилцуулахдаа Д.Бодоог Богдын хүн, өндөр боловсролтой, итгэж болохгүй. Харин Д.Чагдаржавыг мөн Богдын хүн, “догь толгой” гэж  бичиж  байв /Г.Д/. Монгол Ардын намын анхны долоогоос 1911 оны үндэсний хувьсгалд оролцсон нь Д.Бодоо, Д.Чандаржав хоёр байсан юм. Д.Бодоо Ардын намын анхны Ерөнхий сайд гэдгийгээ бүүр 1921 оны гуравдугаар сарын 20 гэхэд л мэдсэн төдийгүй, хэрвээ улаан имперлистүүдэд зэвсгийн хүчээр эзлэгдвэл Д.Бодоог Ерөнхий сайд болгоод азаа үзэх Богд хааны улс төрийн бодлогын хамгийн сайн хувилбар байсан байж магадгүй. 1921 оны гуравдугаар сарын 1-нд болсон Д.Чагдаржаваар толгойлуулсан түр Засгийн газрын хурал буюу Зөвлөлтийн тоглоомын Засгийн газар байгуулах хурал дээр Д.Чагдаржавыг Ерөнхий сайдаар тавих гэхэд тэрээр түр Засгийн газар гэдэг чинь юу гэж байгаа юм, Бодоог иртэл би байх хэрэг үү гэж хэлсэн нь, мөн Д.Сүхбаатараас Бодоог түр Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулахгүй бол болохгүй гэж зүтгэж байгаад Д.Бодоо өөрөө байхгүй ч гэсэн гадаад хэргийн сайдаар ичнээ баталсан нь протоколд тэмдэглэгдсэн байна. Мөн Д.Бодоо Ерөнхий сайдаар батлагдаагүй байхдаа буюу 1921 оны долдугаар сарын 11-нээс өмнө бичсэн захидал, явуулсан бичиг, бичсэн тэмдэглэлдээ хүртэл ЕРӨНХИЙ САЙД Д.БОДОО, ЕРӨНХИЙ САЙД ХЭМЭЭГЧ Д.БОДОО гэж гарын үсгээ зурсан нь Д.Бодоо албан тушаалыг хүссэндээ биш Ардын нам хэрвээ ялах юм бол Д.Бодоог Ерөнхий сайд болгоно гэсэн тохиролцоог Богдтой ч, Ардын намын нөхөдтэйгээ ч тохиролцсон хэрэг гэхээс өөрөөр тайлах аргагүй юм. 1921 оны долдугаар сарын 11-нд байгуулагдсан

Д.Бодоогийн засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн:
1.Ерөнхий сайд ба Гадаад яамны тэргүүн сайдад Их шавийн Д.Бодоо.\ МАН\
2.Дотоод яамны тэргүүн сайд, нэгэн оронд их шавийн да лам Пунцагдорж.
 3.Дэд сайд нэгэн оронд, буриад гүн Цэвээн Жамсрано.
4. Эрхэлсэн түшмэл Сэцэн хан аймгийн эрх гүн Пунцагдалайнамжилын хошууны түшмэл Догсом.
5.Ёслолыг удирдагч түшмэлд, Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин ван Жамбалдоржийн хошууны бэйс Гомбосүрэн
6. Гадаад яамны дэд сайд нэгэн оронд Сэцэн хан аймгийн үнэн сүжигт  Илдэн ван Доржпаламын хошууны гүн Жигмэддорж
7.Эрхэлсэн түшмэлд, Их шавийн хичээнгүй бэйс Цэрэндорж
8.Цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд бүх цэргийн жанжинд Сүхбаатар.\ МНРП\
9.Дэд жанжинд Сайн ноёнхан аймгийн хатан баатар ван Магсаржав.
10.Эрхэлсэн түшмэлд Сэцэн хан аймгийн Чин ачит ван Тогтохын хошууны бэйс Гомбо-Идшин,
11.Сангийн яамны тэргүүн сайдад Данзан. \МАН\
12.Дэд сайд нэгэн оронд Их шавийн гүн Жамъян
13. Эрхэлсэн түшмэлд буриад гүн Цэдэн-Иш
14.Шүүх яамны тэргүүн сайдад Их шавийн бэйл Магсаржав хурц.
15.Дэд сайдад. Сайн ноёнхан аймгийн Батсүхийн хошууны гүн Тогтох.
16.Эрхэлсэн түшмэлд мөн аймгийн Ёст бэйс Чүлтэм агсаны хошууны Дагвасамбуу.
17.Шадар сайдад Да лам Пунцагдорж, Эрдэнэ ван Намсрай, Сэцэн ван Гүрсоронзонгомбосүрэн, Дайчин жонон ван Цогбадрах, Баатар ван Базарваань, Гүн Дэндэв нарыг томилжээ*.
18.Мөн энэ өдөр Богд хааны  Ардын засагтай хамтран ажиллах шадар сайдад Дамбын Чагдаржавыг\ МАН\ ажилла гэж лүндэн буулгасан /зарлигдсан/ байна.
Д.Бодоогийн Засгийн газарт МАН-аас С.Данзан. Д.Бодоо, Д.Чагдаржав. МНРП намаас Д.Сүхбаатар нар орсон бол Х.Чойбалсан Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж чадаагүй байна.

 Танхимын бусад гишүүд ньЧингэсийн угсааны удам дамжсан нөлөө бүхий  хэргэм зэрэгтэй ноёдыг  Засгийн газарт багтааснаар зургаан дэд сайд Д.Чагдаржавыг нэмэхээр долоон дэд сайдтай өвөрмөц Засгийн газар байгуулагджээ. Засгийн газрын бүрэлдэхүүнд ногоон туг**ийг мандуулсан ноёдын нам, шар туг**ийг мандуулсан шашны нам давамгайлсан нь коминтерний цуст алуурчдын дургүйг хүргэж, эзлэн түрэмгийлэгч улаан имперлизмын их аллагыг түргэтгэсэн байж магадгүй юм. Бодоогийн засгийн газрын бүрэлдэхүүнийг тэр үеийн аймгаар нь хуваавал, Түшээт хаан аймаг их шавиас бараг 80 хувь нь, Үлдсэн хорин хувьд Сэцэн хан аймаг, Сайн ноён хаан аймгийн зэрэг хэргэм өндөр язгуурын ноёд багтсан байна. Зэрэг хэргэмгүй нь Бодоо,Данзан, Чагдаржав, Сүхбаатар нар байсан бололтой. Хуучин Засгийн газрын тэргүүн Манзушир хутагт Цэрэндорж огцрох өргөдлөө өгсөн бол Цэрэндоржийн Засгийн газрын цэргийн  яамны сайд, бүх цэргийн жанжин, Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны Лувсанцэвээн тэргүүн /Түүхэнд Цэвээн тэргүүн гэж тэмдэглэгддэг, 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд гол үүрэг гүйцэтгэсэн, Ардын намыг дэмжигч төдийгүй Борон Их хүрээг гамингуудаас чөлөөлөхөд  Монгол цэргийг удирдсан, Богдыг гамингийн шоронгоос гаргаж, Манзуширын хийдэд үүрч аваачиж байсан төр цэргийн нэрт зүтгэлтэн . Г.Д/-ийг  албан тушаалгүй үлдээснээр барахгүй түүний оронд Д.Сүхбаатар томилогджээ. Цэвээн тэргүүн нь хожмоо хамтран зүтгэгч Д.Бодоо, Д.Чагдаржав нарынхаа хамт баригдаж, хамт нэг жалганд  буудуулсан түүхтэй. Түүх үнэнээрээ бичигдэх цаг ирвэл 1921 оны долдугаар сарын 11-ний өдөр үнэндээ юу ч болоогүй. Болсон үйл явдал нь гэвэл ийм бүрэлдэхүүнтэй МАН-ын анхны Засгийн газар буюу Д.Бодоогийн  тэргүүлсэн, Богдтой хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Хэлэлцээгээр байгуулагдсан Засгийн газрын тэргүүн Д.Бодоод энэ өдөр олон яамд тамга, тэмдгээ хүлээлгэн өгсөн. Энэ өдөр Д.Сүхбаатарын дагуулан хүрээнд орж ирсэн улаан цэргүүд хүрээний ардуудад зориулан нэг үзүүлэх сургууль маягийн юм болсон  өөр юм болоогүй юм билээ. Үүнээс хойш хувьсгалт улаан цэргийн баяр буюу ард түмэн цэргийн наадам гэж тэмдэглэж байсан байх юм. Борон Хүрээнд байсан гамин цэргүүдийг бут цохин үлдсэнийг нь Хиагт руу хөөчихсөн, Борон өөрөө Хүрээг чөлөөлж  төвхнүүлж өгөөд цэргээ аваад яваад өгсөн, Хүрээг чөлөөлсөн Цэвээн тэргүүний Монгол цэргийг тараагаад гэр гэрт нь буцаачихсан болхоор юун хувьсгал, байлдаан, чөлөөлөлт байх билээ. Богд хааны ордны хамгаалалт төвдийн 100- аад цэрэг байсанаас өөр юу болох вэ.   Д.Сүхбаатар ч гэсэн хувь Монгол хүний хувьд Богдыг хэмжээт эрхтэй хаан байхыг зөвшөөрч Богд хаанд  их буу бэлэглэж байсан баримт байна. Д.Бодоо, Д.Чагдаржав, Цэвээн тэргүүн нарыг зохиомол хэрэг тулган яаравчлан барьж алаагүй бол 1922 онд багтан Монгол улс хаант засагтай, хоёр танхимтай парламенттай, Үндсэн хуультай улс орон болох байлаа. Түүхийн эгзэг гэдэг энэ. Зөвлөлт улс, улаан  цэргийн хүчээр түрэмгийлэн эзлэж коммунист дэглэм тулган хүлээлгэсэн нь бас л энэ өдөр. Долдугаар сарын 11 нд юу ч болоогүй атал бид юунд нь Ардын хувьсгалын яруу алдарт ой гэж баярладаг байна.
-----------------------------------------------------------------------------
*Бодоогийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Н.Магсаржав. Монгол Улсын шинэ түүх. УБ. 1994. 218- 219 дэх талаас авав.

** Улаан туг дууны үгийн талаар сэтгүүлч А.Баатархуяг ярьж өгөв. Мөн туг бол тухайн бүлэглэлийн бэлэг тэмдэг бараг намын гишүүн батлахны үүргийг гүйцэтгэсэн байж магадгүй юм. Түүхчид Ноёдын нам, Шашны нам гэж бичдэгч одоог хүртэл тамга тэмдэг олдоогүй байна.