НЕФТЬ НЭВТ ОЛГОЙДОЖ ГЭНЭТ БАЯЖСАН КУВЕЙТ
Манай хотын дарга болон бусад төлөөлөгчдөд америк загварын цоо шинэ ”Кадиллак” маркийн машинууд гаргаж, хамгаалалтдаа аван дээд хэмжээнд хүндэтгэл үзүүлж байна.
Мэр Шейхэд зургаан насны морь бэлэглэв
Дөрөвдүгээр сарын 25-ны даваа гаригт хотын дарга Г.Мөнхбаяр, Шейх Али нарын албан уулзалт боллоо. Кувейт улс нь Эль-Кувейт гэдэг ганцхан хотоос бүрддэг хот улс юм. Тэгэхээр хотын Шейх бол төрийн өндөрлөгүүдийн нэг гэсэн үг.
Манай хотын дарга болон бусад төлөөлөгчдөд америк загварын цоо шинэ "Кадиллак" маркийн машинууд гаргаж, хамгаалалтдаа аван дээд хэмжээнд хүндэтгэл үзүүлж байна. Арга хэмжээ ингээд зогссонгүй. Эрхэм дээд Амир Шейх Сабах өөрөө Мөнхбаяр даргыг дүүтэйгээ хамт тосч угтан хүндэтгэл үзүүллээ. Одоо 82 настай өвгөн хааны орыг дүү нь залгамжлах гэж байгаа бөгөөд хотын гудамж талбай болгонд ах дүү хоёрын хөргийг сонгууль болох гэж буй мэт өлгөжээ. Болсон, болох гэж байгаа ах дүү хоёр Амир алсын хараатай асуудал дээр хамтдаа байдаг бололтой. Хаан баргийн хүнийг өргөөндөө хүлээж авдаггүй юм, энэ удаа тэгсэнгүй гэж Сайраан сайд олзуурхангуй байв. Тухайн оронд суугаа Элчин сайдын нэр нөлөө ямар хэмжээнд байгааг илэрхийлдэг болохоор үүнд элчингийнхэн их ач холбогдол өгдөг аж.
Кувейтчүүдийн хүлээн авалт, хүндэтгэлийн зоогийн жаягт санаа авууштай нэг хэлбэр байна. Тэд зочдоо хүлээлгийн танхимд оруулаад цай уунгаа хамаг ажлаа ярьж тохирчихно. Дараа нь зоог барина. Зоог дээр хундага өргөж, ёслолын хуурай үг урсгаж манжлахгүй. Зүгээр л дэмий ярингаа хоолоо идчихээд тарна. Яагаад гэхээр тэнд архи байхгүй юм чинь. Энэ их аятайхан санагдсан.
Амир манай мэрт хандан "Би өөрийгөө танай хотын иргэн гэж үздэг шүү. Миний хашаа байшин ч тэнд байгаа..." гэсэн нь ихэд дотно мэт сонсогдож байв. Ер нь кувейтчүүд хэзээ нэгэн цагт газрын тос нь дуусахын багцаанд эндээ элсэн дотроо байсаар л байх уу гэдэг бол асуудал. Тос бол барагдах баялаг. Тосгүй бол тэднийг Америк нь, хэл шашин нэгт Иран, Ирак нь эвээлдээ авах уу. Мөн л асуудал. Жаал хөрөнгөө хатуу эд болгож өвөртлөөд Богд уулын энгэрийг бараадах нь хэт нь өлзийтэй гэж боддог ч байж магадгүй. Нефтьгүй бол энэ хувхай цөл нь үхтэл харамлах эх орон л лав биш дэг ээ. Амирын хэлсэн үгийн учир жанцан энэ л байсан болов уу гэж таалаа.
Кувейтийн сан гэдэг байгууллагаас бидэнд их тусламж үзүүлсэн. Мөн хөнгөлөлттэй зээл хэд л бол хэдийг гар татахгүй өгч байна. Хойд чиглэлийн хар замуудын ихэнх зардлыг, тэр жилийн зудын тусламж, одоо парламентын ордонг, нэмээд хүүхдийн эмнэлгийг кувейтчүүдийн хөрөнгөөр барих гэж байна. Цаашид ч амлалт үргэлжилж байгаа бөгөөд яг яалгамаар байна тодорхой бичээд ир л гэх юм. Тийм болохоор очсон айлчлал бүр амжилттай, ирсэн урилга болгон хаялгатай.
Энд очсон оройдоо буудлагын тир дээр бай буудацгаав. Спортын ихэнх төрөлд амжилт гаргадаггүй залхуу кувейтчүүд ядаж буудаж сурахаар шулуудсан бололтой. Мөнгөөр зодож байгаад энэ өртөг өндөртэй спортын төрлийн байр савыг бараг дэлхийд байхгүй хэмжээнд тохижуулж бэлджээ. Нисэж яваа тавгийг бууддаг сонирхолтой төрлийг анх удаа харахаар барах уу буудаж үзлээ. Ёстой зугаатай эд юм. Хоёр амтай шувууны бууг ориг сумаар нь сумлаад нисч яваа галуу унагааж буй мэт буудацгаана. Тэр их үнэтэй цайтай сумыг хайр найргүй хэрэглэж байж сая буудах дөр суудаг аж.
О.Гүндэгмаагийн олимпод өрсөлддөг хийн гар буу ч байна. Хажууд нь сум нь овоолоостой. Ямар ч сайн гар буу хэд буудахаар заавал нэг гацдаг юм байна шүү. Бээжингийн олимпод Гүндэгмаа буугаа гацаагаад хоёрт орсон нь тийм ховор азгүй явдал биш юм байна. Буудлагын сайн тамирчинтай танай оронд тусална, энд ирж бэлтгэл хийж болно л гэж байна.
Дараа нь ус дахин цэвэршүүлдэг байгууламжаа үзүүлэв. Хотын жорлонгууд муу усны трубагаар урссаар хотын баруун хаяанд ирэх нь манайтай төстэй. Ирсэн усны дээр хөвж байгаа тослог эдийг нь хамаад дараа дараагийн шат дамжлагаар шүүгдсээр байгаад тунгалаг ус гаргаад авчээ. Зуун литр усны 85 хувийг нь салгаж авч тунгалагшуулдаг нэлээд сүүлийн үеийн төхөөрөмж аж. Үүнийг гадаадын нэг хувийн компани оруулж ирсэн агаад хорин жилийн дотор усаа эргүүлж зараад ашгаа авч ханахаараа улсад үнэгүй хүлээлгэж өгнө гэж байв. Хичнээн цэвэрхэн ч угшил нь жорлонгийнх болохоор ууж болохгүй. Гэхдээ хэрэглэх салбар мундахгүй. Усны хомсдол түгшүүр зарлаж байгаа одоо цагт манай хотод хэрэгтэй эд байна гэж Г.Мөнхбаяр дарга үүнийг анхааралдаа авав. Манайхан бохироо дахиж ашиглалгүй Туул гол руу шууд асгачихдаг. Ингэх нь байгаль орчинд үзүүлж буй гэмт үйлдэл гэж үздэг.
Кувейтийн амьтны хүрээлэнд орж үзэв. Гаднаасаа бол нэг том байшин. Доторхийг нь хад асга зөөж авчраад тохижуулсан. Тэгээд хурц чийдэн асааж гэрэлтүүлээд энэ оронд амьдардаг амьтдыг тэжээжээ. Цөлд амьдардаг амьтан гэхээр хилэнцэт аалз, оготно, могой, гүрвэл, алагдаахай байдаг юм байна. Алагдаахайг цөлийн жижигхэн кенгеру гээд зориуд сонирхуулах гэтэл "Өө наадхыг чинь алагдаахай гэдэг юм. Манайд зөндөө бий" гээд урмыг нь хугалчихав. Хадан завсар хярсан зэрлэг муурнууд тэр байна гээд гүйтэл "Аа мануул уу. Тийм л байна" гэчихлээ. Ингээд цөлийн хэсгээс гарч далайн амьтан руу оров. Тэр нь харин ам ангайлгах сонин хачин ихтэй. Асар том аквариум дотор акул загас бүр таргалчихсан сэлж ядна. Усны хувцастай хүн дотор нь хөвж аманд нь загас аваачиж өгөхөд идэхгүй цамаархаад л. Яагаад ч юм энэ аквариум дахь амьдрал кувейтчүүд өөрсөдтэй нь их төстэй санагдсан. Далайдаа бол есөн шидийн амьтастай элсэн дээрээ бол гүрвэлээс өөр гойд амьтангүй газар юм.
Энэ оронд ажиллаж амьдардаг ганц монгол айл бий. Тэр бол онгоцны нисгэгч Б.Ганбаатарынх. Саяхнаас Элчин сайдын яамтай болж Сайраан гуайнх, элчингийн нарийн бичгийн дарга Д.Бямбадорж нарын гурван залуу гэр бүл нэмэгдэж ирсэн. Ганбаатар нисгэгчтэй жаал ярилцав. Тэрээр Завхан аймгийн Сонгино сумын уугуул. Багаасаа л нисгэгч болохыг мөрөөддөг байсан. Хожим нисгэгч болсон хойноо гадаадын нислэгийн компанид ажилд орох шалгуурт өөрийгөө сорьсон гэнэ. Шалгалтдаа тэнцээд хэд хэдэн оронд онгоц жолоодох эрхтэй болсон ч Кувейтийг сонгожээ. Кувейтийг яагаад сонгосны учраа дэлгэрэнгүй тайлбарласангүй. Ганбаатарын эцэг нь урьд өмнө хэдэн кувейттэй шонхронд явж байгаад сайн танилцсан гэж байна. Бодвол тэр шугамаараа харилцаа холбоо нь өргөжиж энд амьдрах шалтгаан гарсан байх. Түүний ажилладаг компани нь улсын буюу хааны мэдлийнх болохоор орлого алдагдал нь тогтвортой. Нислэгийнхээ тоогоор боломжийн цалинтай гээд тоог нь хэлсэнгүй. Одоо энд ирээд найман жил болж байгаа. Хойтонгоос нутаг руугаа бүрмөсөн буцна гэнэ. Нутгаа их санадаг. Жил болгон амралтаараа Монгол явдаг. Эхнэр нь Кувейтэд багш хийдэг. Хүүхдүүд нь оюутан болоод гадаадын оронд суугаа. Онгоцоо бариад Кувейтийн Эмирийг суулгаад Монголдоо ирж байсан. Ерөнхийлөгч Н.Энхбаяр ч манай онгоцоор үйлчлүүлсэн. Би эндээс гадаадын 28 орон руу нисдэг. Харин хөрш Ирак руу л нисдэггүй. Ганбаатар шиг легионер нисгэгч монгол хүн өөр хоёр байдаг ба тэр нь Шанхайд онгоц барьж байгаа гэв. Аравийн Рамадан сар хэмээх шашны ёслол болдог тухай Ганбаатар ярьсан юм. Энэ сараараа лалын шашинтангууд бүтэн сарын турш өдөр ус ч уухгүй гүрийгээд нар жаргахаар хооллодог гэнэ. Тэр сар нь заримдаа зун тохиовол өдрийн уртад аравичууд өлөн явцгааж бөөн уур уцаар болсон юмнууд л байна. Энэ сараар манай нисгэгчид бүр балардаг. Баруун тийшээ нисэхээр хэзээ ч онгоцонд нар жаргахгүй. Тэгээд газардахаар нь өглөө болж байдаг. Ингээд 24 түүнээс олон цаг нартай, рамадантай хамт ажиллачихлаар хэцүүднэ биз дээ. Сүүлдээ Аллахтай ярилцаж тохирсон юм байлгүй хоолоо иддэг болсон. Харин дараа нь нөхөж өлсөхөөр боллоо гэцгээсэн шүү...
Аравийн хойгт Чингэс ирээгүй. Харин түүний ач хүү Хулагү хааныг аравичууд их сайн мэддэг. Байлдан дагуулагчид газраас тос олборлон нум сумны үзүүрт түрхэж ороогоод балгад руу хэрэм давуулан харваж шатаадаг байсан гэдэг. Түүнийгээ элсний нэвт тос хэмээсэн нь одоо эдний олборлоод буй нефтийг хэлсэн бололтой. Хулагүгийнхан хэдэн үе удмаараа энэ бүс нутгийг захирч яваандаа өөрсдөө лалын шашинтан болоод ууссан гэдэг. Хүлэг хааны тухай баримт арави хэл дээр багагүй үлдсэн нь манай түүхтэй ч холбоотой. Бидний үгийг буюу бид тэднээс зээлсэн нь үл мэдэгдэх "Аав, ах, саван, дэвтэр..." гэх мэт адил үгнүүд яриан дотор нь байсгээд л орж ирэх юм. Арави хэлний мэргэжлийн хэдэн сайхан монгол залуус энд элчингийн ажилтнаар ирсэн байна. Тэд томилолтын хугацаандаа олон сайхан орчуулга хийнэ биз ээ.
Иргэн баян бол улс баян гэдэг. Сайхан баян орон юм аа. Нэг баяныд нь ортол хүлээлгийн танхим нь манай спортын заал шиг уужим агаад хивс дэвсчээ. "Иранчууд гараар нэхсэн энэ хивсийг авах гээд очтол нэг сая гээд байсан. За ч гэлгүй үгүй ч гэлгүй яваад жилийн дараа эргээд очтол харин зарчихаж. Хаана зарсныг нь сурагласаар арай гэж Канадаас олж хоёр хагасаар авлаа шүү. Ер нь перс хивс удах тусам үнэ ордог эд байгаа юм аа, аргагүй" гээд кувейт баян даага шүдлэнгийн наймаа хийсэн аятай ярьж сууна. Нэг муу хуучин шалны хивс хоёр сая таван зуун мянган доллар болдог л юм байх даа. Гаднаа хичнээн тэмээ ба шонхортойгоороо уралддаг гэсэн. Ганц бөхтэй тэмээ гаднаа хэдийг уячихсан бол чөмөгтэй эрд тооцогдож авгай нь болох хүүхний тоо нэмэгдэнэ. Гэхдээ дөрвөөс илүү авгай авахыг хуулиар тас хорьсон гэдэг шүү.
Эль-Кувейт хот
DR UROLOGIST
Зочин
a
Зочин
*****w w w COMPUTERSHOP M N ******АНУ гаас оруулж
Зочин
AUS
www.inder.mn
Зочин
zochin
Үнэт зүйлээ гээсэн сэтгэлээр бичжээ
*****w w w COMPUTERSHOP M N ******АНУ гаас оруулж
Зочин
Зочин
Зочин
Зочин
Bayarkhuu
Зочин
Зочин
baatar
Зочин