2024.06.25.

Эхлээд хэдэн тоо. 2024 оны УИХ-ын сонгуульд 19 нам, хоёр эвслийн 1298, бие даагч 42, нийт 1340 хүн нэр дэвшжээ. Сүрдмээр олон. Гэхдээ сонгогч бүр зөвхөн өөрийн оршин суугаа тойрогтоо сонголт хийнэ. Би өөрийн сонголтоор улс орны хувь заяаг шийдэх, хөгжлийн шинэ замд гаргах, дэлхийн III дайнаас сэргийлж барих санаа оноо байхгүй, байлаа ч чадахгүй. Зөвхөн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг нэгтгэсэн 10-р тойрогт нэр дэвшсэн 19 нам, эвслийн 93 нэр дэвшигчээс зургааг, бас аль нэг нам, эвслийг цаанаа жагсаасан хүмүүсийн хамт нэрээр нь сонгоно.  

Хэнийг сонгох нь хүн тус бүрийн хувийн хэрэг боловч учиртай. Тодорхой хэсэг нь “шийдчихсэн хүмүүс” буюу тухайн намын үнэнч гишүүн, дэмжигч, ах дүү, найз нөхөд нь, нутаг усныхан, бас мөнгө авсан ухуулагчид байна. Тэд тэндээ. Бусад нь “сонгуулийн боловсрол”-тойгоо харуулж нэр дэвшигчдийн намтар, сурталчилгаа, намуудын мөрийн хөтөлбөрийг судалж харьцуулах ёстой гэдэг. Амаар дуртайгаа бурж, цаасан дээр хүссэнээ сийрүүлж болдог учраас төгс шалгуур огт биш.  

Миний хувьд тухайн нэр дэвшигчийн “дагнасан сэдэв” миний санаанд нийцэж, түүгээрээ туйлбартай явсан тэр чинээгээр би саналаа өгнө. Энэ удаад тэд Ховдод биш, бас Хан-Уулд ч бус, чухам манай Чингэлтэй, Сүхбаатарт нэр дэвшиж байгаа бол Улаанбаатар хотын төлөвлөлт хяналтаас гарч, газрын авлига, цэцэглэж, хэт төвлөрөл, түгжрэл эх захаа алдаж, бас XX зууны түүхэн дүр төрхийг сүйтгэж байхад тэр нөхөр, эсвэл хатагтай юу хийж суув?

2016 оны УИХ-ын сонгуулиар Чингэлтэй дүүрэгт Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ө.Энхтүвшин, Д.Ганболд, Сүхбаатар дүүрэгт Багануур Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, Ц.Цогзолмаа, 2020 онд Чингэлтэй дүүрэгт Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Сүхбаатар дүүрэгт Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг нар ээлж дараалан гараад юу ч хийгээгүй учраас энэ тойргоос “тойрохоо" зуруулсан хүмүүс юм.

Одоо 2024 оны сонгуульд нэр дэвшсэн хэдийг шалгая.  

Монгол Ардын Намаас,

1. УИХ-ын гишүүн, сайд Н.Учрал. Одоо болно оо, зогс, амраагаач гэж хэлтэл сурталчилгаа явуулж буй. 2016 оноос хойш Сонгинохайрхан дүүргээс хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод төсвөөс мөнгө салгаж сургууль цэцэрлэг барих ажлыг тасралтгүй хийсэн ч нийслэлийн хамгийн олон хүнтэй энэ дүүргийн тулгуур асуудлууд шийдэгдээгүй атал хаяж хотын төвийг барааджээ. Тэд биднийг (сонгогчдоо) сонгодог болсон байна. Сүүлийн хэдэн сард Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд маань “Малчин” нэртэй хувийн телевизээрээ сонгуулийн элдэв сурталчилгааг хахаж цацталаа амжуулсан билээ.  

2. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл
2000-аад оны эхээр хөдөөнөөс хотод ирж сургууль төгсөөд шууд нам дагаж намирсаар байгаад нийслэлийн хамгийн жижиг дүүрэгт эзэн сууж чадсан ганц гавъяатай. Дүүргийнх нь нутаг дэвсгэрт бүтэн жаран оршсон, Улаанбаатар хотын уран барилгын дурсгал, орон зайн тэмдэг болсон Урт цагааныг буулгахад Засаг дарга, бас нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд ганц асуулт тавих зүрх зориг хүрээгүй. Түүнд хотын түүх, ой санамжийн тухай ойлголт, ядахдаа хүүхэд насны дурсамж байгаагүй, харин зөвхөн намын сахилга байжээ. Манайд огт хэрэггүй нөхөр.

3. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
Энэ тойргоос “тойрохыг" нь зурчихлаа. Дэвэн дэлхийн том юм ярих дуртай энэ дипломатчид манай дүүрэг, хороо чамлагддаг юм шиг байгаа юм.

4. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
Чингэлтэй дүүргийг тохинуулчихлаа, танай Сүхбаатар хэрэг алга гэж даналзаж харагдав. 2019 онд дүүргийнх нь нутаг дэвсгэрт, Төрийн ордны хажууд Байгалийн түүхийн музейг нурааж байхад ганц үг дуугаарна уу гэхэд нүүрээ буруулсан учраас дахин сонгогдохгүй байх болзлоо хэдийнэ хангасан.

5. О.Батнайрамдал
Ховдоос ирээд хотод үлдэхгүй шууд Харвард руу явчихсан болоод ч тэр үү нийслэлийн түүхэн төв, түгжрэл, газрын наймааны талаар хэзээ ч бодож үзээгүй санагдсан. Энд нэр дэвшсэн хэрнээ хотыг биш Харвардыг яриад, эрдэм боловсролоо сайрхаад салдаггүй ээ.    

6. Г.Дашням
Улс төрд гайгүй залуу тодрох нь гэж бодтол хэдхэн өдрийн өмнө ил болсон бичлэгээр, баян таргандаа эрдсэн, дээрэлхүү, овлигогүй, эрх мэдэлд хүрвэл яаж ч мэдэх аюултай этгээд гэдгийг мэдэж авлаа.

Ардчилсан Намаас,

1. Ч.Өнөрбаяр

Хааяа газарт бууж ардчилал, хүний эрхийн талаар цоглог яриагаа багасгаад Улаанбаатарын асуудал, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг, Их тойруу, Бага тойруу, хот төлөвлөлтийн гэдэг үгсийг илүү олон хэлж, яг юу хийхээ 1,2,3 гээд дугаарлаад ярьдаг болбол сонгохсон.

2. И.Мөнхжаргал

Энэ нөхөр нийслэлийн төвийг багтаасан хоёр дүүрэгт нэр дэвшсэнээ мэдэж байгаа юу? Эргэн тойрны нөхдүүд нь сэрээгээч ээ!

3. Х.Болормаа

Манай дүүргийн Засаг даргаар найман жил ажилласан энэ эмэгтэйтэй газар, барилгын асуудлаар нэг биш удаа уулзалдаж байсан. Хэлж ярьсан нь бүрэн биелээгүй ч хичээснийг бодоод санал өгч магадгүй. Муу сайн ч таньдаг “чөтгөр”

4. Д.Бадарсан

Энэ Болормаагаас өмнө дүүргийн Засаг дарга байсан гэдэг. Зөвхөн сонгууль дөхмөгц цухуйгаад далд ордог. Одоо ил гардаг ээлж нь. Нийслэлийн ИТХ-д хаагуур юу амалж сонгогдсоныг бүү мэд, тэгээд ч ганц ч чухал асуудал шийдэж өгөөгүй, санаачлага гаргаагүй, сөрөг хүчин хэрнээ Урт цагааны асуудлаар амаа тас жимийсээр унтарсан нөхөр.  

5. Ц.Баатархүү

“Газрын эзэн тэрбумтан” хөдөлгөөн, өндөр барилга нэмж бариулахгүй, хууль зөрчсөнийг буулгана гэх зэргээр найдвар төрүүлж магадгүй амлалт хэлсэн цор ганцын нэр дэвшигч. Саналаа өгч магадгүй шүү.

6. О.Баасанхүү

Нам ба тойргийг бохирдсон бээлий мэт сольдог энэ нөхрийг мэдээж үгүй.

Даанч миний тойргийн шалгуурууд улс төрийн хувьд зугаа төдий, би яаж ч тонгочоод тэртээ тэргүй МАН ба АН-ын сэтэртэй дээрх нэр дэвшигчдийн олонхи сонгогдоно гэдгийг хүлээн зөвшөөрнө, гэхдээ миний хэлсэн үгс худлаа биш.

ХҮН намаас,

Ялалтын баярын бэлтгэлдээ орсон, бүр Засгийн газраа байгуулж амжсан ХҮН намынхны дунд Улаанбаатар хотоор “дагнасан асуудалтай” хүн харагдаагүй тул нэрлэхгүй. Харин “Гэрэгэ системз”-ийн үүсгэн байгуулагч, төрийн үйлчилгээний цахим машинуудын эхлэлийг тавьсан Ц.Эрдэнэбат дажгүй гэж бодоод өнгөрөв.

Бусад жижиг, бичил, ганц хүний намуудын нэр дэвшигчдийн зураг хөргийг шинжихэд бүгд мистер, мисс, намтрыг нь харахлаар мэдлэг боловсролоо багтааж ядсан, сайн хүмүүс гэдэгт эргэлзэх юм алга. Харин манай дүүрэгт яг юу хийж чадах хүмүүс вэ гэдгийг олж харсангүй. Хоёрын зэрэг танил харагдавч саналаа өгөөд сонгуулчих юм шиг илүү дутуу юм бичээд яахав. Нэлээд нь тэртээ тэргүй сонгогдохгүй хувь заяатайгаа бүрэн эвлэрсэн, яахав олимпийн зарчмаар оролцож далимд нь гоё дээл хувцас, хэдэн сайхан зураг, насан туршийн дурсамжтай хоцрохоор шийдсэн хүмүүс байх. Нобель, Оскарын номинант гэдэг шиг УИХ-д нэр дэвшигч байсан гэхлээр манийхаа хажууд тасраад явчихаж байгаа юм...

Ганц мэддэг маань “Буян”-гын Жаргалсайхан, гэхдээ түүний олон тэрбумын өр, зээлээ төлсөн баталгаа, бас Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Хангай” зочид буудлын барилгыг сэргээн босгож ажилд оруулсныг нүдээр үзэж байж шийднэ шүү.

Намын жагсаалтын тухай.

Наанаа бол нэг намын нэр, харин цаана нь 1,2,3 ... гээд ярайтал жагссан хүмүүсийг сонгох тухай асуудал юм. “Их гурав” буюу гурван намын жагсаалт бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд хүнээ байршуулсан (бүдүүлгээр хэлбэл, чихсэн) “гуяа дагуулсан хүзүү”, хэн нэгнийг дээш доош хөдөлгөж шийтгэсэн, найдваргүйг мэдсээр байж даапаалсан нь илт харагдана.  

МАН

Жагсаалтын хамгийн эхэнд хот төлөвлөлтийн инженерийг бичжээ. Улаанбаатарын тулгамдсан асуудал – хот төлөвлөлтийн алдаа, завхрал, хэт төвлөрөл, түгжрэл, агаарын бохирдолтой тэмцэхийн тулд мэргэжлийн хүмүүсийг оруулсан гэнэ. Яг үнэндээ манай хот төлөвлөлтийн баримт бичиг, ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын бичиг баримтууд эхлдээ зөв зүйтэй хийгддэг, ганцхүү түүнийг эрээ цээргүй зөрчдөг, эвддэг, газрын авлигад живүүллсэн учраас ийм болсон. Тэгэхээр Г.Лувсанжамцын оронд цагдаагийн эсвэл АТГ-ын мөрдөн байцаагчийг төрийн албанаас нь татгалзуулж байгаад зоовол жинхэнэ шийдэл болох байжээ.

Миний хувьд 9,16,17 дахь гурван нэр дэвшигчийг зөв хүмүүс гэж бодсон, харин тэднийг урдуур хойгуур, дундуурх, хэрэгтэй хэрэггүй нөхдүүдтэй хамт сонгох болно.

Энэ сонгуульд МАН ялалт байгуулна гэж хамаг судлаач, шинжээч, үзмэрчид хэлж буй. Бүхэл бүтэн найман жил төрийн эрхийг үнэмлэхүй барьсан энэ нам одоогийн болж бүтэхгүй байгаа, муу муухай бүхний бурууг дэвэн галавын Ц.Элбэгдорж руу, Ардчилсан Нам руу, тэгэхдээ АН-аас дэвшиж сонгогдоод 2017-2021 он хүртэл ажилласан Ерөнхийлөгч Баттулгыг хасаад тохож чадсаныг Л.Оюун-Эрдэнийн пиарын гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг ...

АН

Жагсаалтынхаа нэгдүгээрт намын дарга өөрийгөө бичихлээр өөдгүй бөгөөд хулчгар харагддаг юм байна. Хэрвээ Лу.Гантөмөр Ардчилсан намын амжилтанд итгэлтэй, жишээлбэл 30-40 хувийн санал авна гэж эцсээ хүртэл тэмцэх байсан бол өөрийгөө жагсаалтын ядахдаа 20, арга ядвал 15 дотор бичүүлэх байсан юм.

Одоо тэрбээр баталгаатай сонгогдоно. АН-ын үлдэгдлүүд, ойр дотнын хүмүүс, БЗС-аас хэдэн арав биш хэдэн зуун мянган доллар авч суралцсан охин, хүргэн нь элбээд УИХ-ын гишүүн болгоно. Дотроо үе үе инээд хүрдэг байх даа.

Жагсаалтын 27-д бичигдсэн Б.Ган-Очир, 33-т бичигдсэн М.Чимэддорж, 34-т бичигдсэн Б.Ундраа гэх зэрэг хэд хэдэн нэр дэвшигч таалагдсан, харамсалтай нь тэдэнд найдвар байхгүй биз.

Гэхдээ могой хэд тасраад ... гэдэг шиг АН улс төрийн хоёрдогч хүчин болох байх, араас нь Ц.Элбэгдорж ба Х.Баттулгын хоёр бүлэг хүмүүс гарч арсалдана. Ардчилсан Намынхан сонгуулийн бус үед “женко”-гоо муулах үндсэн ажилтай, харин сонгууль болохоор толгой дээрээ залдаг, цаадах нь улс төрд санасандаа хүрч сарвайснаа авч чаддаг тийм хачирхалтай нам болчихлоо.  

ХҮН нам

Намын дарга Т.Доржханд жагсаалтын эхэнд заларч буй. Уул шугамандаа 10 хавьд бичсэн бол эр хүн шиг харагдах байлаа. Тэгсэн хэрнээ Засаг байгуулах олон санал авна гэдэгтээ итгэлтэй, бүр кабинетийн гишүүдээ томилчихсон.

Жагсаалтад 6-д бичигдсэн Б.Мөнхсоёл, 7-гийн Д.Гантулга (тэтгэврийн шинэчлэлийг хийж чадмаар санагддаг), 13 дахь Д.Үүрцайх, 16 дахь О.Сийлэгмаа (Боловсролын зээлийн сангийн шүгэл үлээгч) гурвыг бодоод энэ намыг сонгож магадгүй. Бусдыг сайн муугийн алинаар ч мэдэхгүй.

Иргэний зориг, ногоон нам

Хориод жилийн өмнө УИХ-д төлөөлөлтэй, бүхэл бүтэн яамыг эзэмшиж явсан, харин өнөөдөр үндэс угшил, билэг тэмдэг болсон С.Зоригийн хэргийн тойрсон элдэв асуудлаар мэдэгдэл ч гаргаж чадахгүй хулчийсан нам хэнд хэрэгтэй юм бол?  

Ингээд миний сонголт дуусав.

Хэзээ нэгэн цагт бид юуны төлөө ба эсрэг зогсдог, түүнийгээ хийж чадах, чадахгүйг нь мэддэг учраас итгэж найдаж болох тийм хүмүүсээ өөрсдөө урьж сонгодог ардчиллын арга механизм хэрэгтэй гэж боддог.

Хэрвээ тэгвэл 2024 оны УИХ-ын сонгуулийн жагсаалт, тойргоос үл хамааран Баянгол дүүрэг нэр дэвшсан ХҮН намын Ж.Золжаргал (инженер), Сонгинохайрханд бужигнуулж яваа АН-ын Ц.Уянга (Байгалийн түүхийн музейн барилгыг хамгаалж хэдэн сар тэмцсэнийг нь би үнэлдэг, харамсалтай нь буруу намтай холбогдож “элийрээд” явчихсан ), Баянзүрх дүүрэгт дэвшсэн ХҮН намын П.Наранбаяр, жагсаалтын П.Ганзориг, Д.Гантулга  (нийслэлийн ИТХ-ын хурал дээр хот төлөвлөлт, Урт цагаан, үерийн хамгаалалтын асуудлаар эрх баригч олонхитой чадлаараа тэмцэж дуу хоолойгоо хүргэж чадсан) гурав, бас  “Тэнгэр” ТВ мэтгэлцээнээс олж мэдсэн Үндэсний эвслийн О.Батхүү (хуульч), Шинэ эвслийн Ан.Бархүү нарыг тойрогтоо урих байсан юм.